| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2026/0475/З |
| Дугаар | 128/ШШ2026/0622 |
| Огноо | 2026-06-23 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2026/0622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Х м” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч
Маргааны төрөл: “2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч******* ******* дугаар шийтгэлийн хуудсаар Х м ХХК-ийг 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “Х м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо: ““Х м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д*******гийн Э /РД:/ би Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч эрх бүхий албан тушаалтан Д.Ч******* 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудаст Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 зүйлд заасны дагуу гомдол гаргаж байна.
Тус шийтгэлийн хуудаст “Х м” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.5 зүйлийн 8-д зааснаар 20,000,000 /Хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
“Х м” XXK бол миний төрсөн охин Л Бгийн компани бөгөөд миний охин гадагшаа БНСУ-руу явж ажиллах болоод надад итгэмжлэл өгөөд явсан байсан.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э би 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн дүү Д*******гийн Тыг зуурдаар алдаад удалгүй 4 сарын дараа 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хүн болох Д Жыг алдаж маш хүнд байдалд орж, цаашид энэхүү дэлгүүрийг ганцаараа ажиллуулах боломжгүй болсон байсан тул бусдад түр түрээслүүлсэн байсан юм.
Гэтэл түрээслэгч Б.Б насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан зөрчилд холбогдож Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11-т зааснаар 500,000 төгрөгөөр торгож олсон орлого 4,080,250 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн боловч сүүлд нь “Х м” ХХК-ийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Д.Э би одоо 68 настай, тэтгэвэрт байдаг. Тус дэлгүүрийг нөхөр, дүүгийн хамт ажиллуулж байсан бөгөөд тэднийгээ алдсанаас хойш хүчрэхгүй болсон. Түүнээс гадна нөхрөө нас барсны дараа өөрийн тэтгэврийн зээлийг авч нөхрийнхөө тэтгэврийн зээлийг төлсөн бөгөөд би 2028 он хүртэл тэтгэвэр авахааргүй байгаа юм.
Мөн би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банкнаас 150,000,000 төгрөгийн зээл авсан боловч одоог хүртэл төлж чадаагүй байна. Миний бие дахин тус дэлгүүрийг бусдад түрээслүүлэхгүй, дахин зөрчил гаргахгүй.
Мөн дээрх “Х м” ХХК-г түрээсэлж байсан Б.Бгийн торгуульд төлсөн 500,000 төгрөг болон олсон орлого 4,080,250 төгрөгийг хасаж торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х м” ХХК-ийн захирал нь Л.Б. Тусгай зөвшөөрөл нь Л.Б гэх хүний нэр дээр байгаа. Харин бусдад 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр бусдад шилжүүлсэн гэрээгээр Д.Э гэх хүний үйлдэл байгаа. Өөрөөр хэлбэл, Д.Э болон н.Б нар түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээ хэрэгт авагдсан. 2022 онд “Х м” ХХК-ийн захирал Л.Б нь Д.Э 2 жилийн хугацаатай олгосон бөгөөд уг итгэмжлэлд ямар нэгэн байдлаар бусдад түрээслэх асуудлыг дурдаагүй. Харин 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Х м” ХХК-ийн захирал Л.Б Д.Э олгосон итгэмжлэлд “Х м” ХХК болон татварын газарт төлөөлөн тодорхойлолт, лавлагаа гаргуулах, хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөлийг сунгуулах, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах гэх эрхийг олгосон. Түрээсийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан бөгөөд итгэмжлэлээр олгогдсон эрх олгогдсоноос даруй 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл, итгэмжлэлийн хугацаа 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дууссан байсан. Д.Э нь бусдад дур мэдэн түрээслүүлсэн нь хувийн шалтгаантай байсан. Тухайлбал 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Д.Эийн төрсөн дүү Д.Т нас барсан байдаг. Харин үүнээс хойш 4 сарын дараа түүний нөхөр н.Ж нас барсан. Нөхрийгөө нас барснаас хойш 4 сарын дараа түрээсийн гэрээг байгуулсан. Тухайн объектыг яагаад түрээсэлсэн талаар асуухад, би хуулийг мэдэхгүй байсан гэж хариулсан. Мөн 2020 онд өөрт байгаа бүх хөрөнгийг барьцаалж 60 сарын хугацаатай 150 сая төгрөгийн зээл авсан. Сард эргэн төлөлт нь 4 сая 100 мянган төгрөг болдог. Ганцаараа төлж чадахгүй байсан учраас зээл авсан. Миний буруу гэх зүйлийг хэлдэг. Гэтэл хууль эрх зүйн мэдлэггүйгээс болоод ямар ч буруугүй өөрийн охиныг төлбөрт унагасан учраас гомдол гаргаж байгаа” гэжээ.
Хариуцагч Д.Ч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ч би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс харьяаллын дагуу шилжиж ирсэн тус дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х м” ХХК-тай холбоотой зөрчилд НХХААГ-159 бүртгэлийн дугаар аван эхлүүлсэн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Л.Б нь эрүүл мэндийн шалтгааны улмаас яаралтай эмнэлэгт хэвтсэн тул орлон ажиллах хуваарийн дагуу улсын ахлах байцаагч Д.Ч шилжүүлж байна гэсэн удирдлагаас шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс 30ёб4/2079 дугаартай албан бичгээр ирүүлсэн Сүхбаатар дүүргийн 11 хороо Х хотхоны нэр бүхий дэлгүүр насанд хүрээгүй хүүхдүүдэд архи согтууруулах ундааны зүйл худалдсан гэх мэдээллийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 47 минутад хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн Б.Б Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдсан зөрчил илэрч, түрээслэгч иргэн Б.Бд зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, согтууруулах ундаа худалдсан гэх зөрчлийн материалтай танилцуулсан, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгахгүй дахин архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан тул архи худалдаж эхэлсэн өдрөөс хойш нийт 4.080.250 төгрөгийн согтууруулах ундаа худалдан борлуулсан хууль бусаар олсон орлого тооцож Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дахь заалтаар тус иргэнд 500000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж прокурорт хүргүүлсэн.
Иргэн Б.Б үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигч Д.Ээй ******* дугаартай түрээсийн гэрээ хийсэн, ТЗ03/203 дугаартай Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй “Х м” ХХК-ний захирал Л.Бтэй гэрээ хийгээгүй байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дахь заалтаар иргэн Б.Бд шийтгэл ноогдуулах шалтгаан болсон.
Тус хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Р.Э******* хянаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Д.Ч******* 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан №******* дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт Хүн, хуулийн этгээдийн Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад буюу түрээслэгчдэд шилжүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасан зөрчил үйлдсэн ... талаар бичиж, шийдвэрлэх хэсэгт ... Хүн, хуулийн этгээдийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасны дагуу шийтгэл оногдуулж, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах асуудлыг шийдвэрлэж өөрчлөлт оруулахаар шинэ захиргааны акт гаргах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэхээр прокурорын 41 дугаартай дүгнэлт бичиж 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байсан.
Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дахь заалтаар иргэн Б.Бд №******* дугаартай шийтгэл ноогдуулсан талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 542 тоотоор хариу тайлбар хүргүүлсэн.
2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0572 дугаартай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн 11-д Түдгэлзүүлсэн хугацаанд хариуцагч прокурорын дүгнэлтэд дурдсанаар ... шийтгэлийн хуудасны олсон хэсэгт хүн хуулийн этгээдийн Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад буюу түрээслэгчдэд шилжүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасан зөрчил үйлдсэн ... талаар бичиж, шийдвэрлэх хэсэгт ... Хүн, хуулийн этгээдийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасны дагуу шийтгэл оногдуулж, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах асуудлыг шийдвэрлэж.. өөрчлөлтийг хийж шийтгэлийн хуудсыг дахин гаргах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан.
Иймээс Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч миний бие Нийслэлийн прокурорын газраас гаргасан 41 дугаартай прокурорын дүгнэлт, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2025/0572 дугаартай шийдвэр, мөн нэхэмжлэл гаргасан Д******* овогтой Э нь “Х м” ХХК-ийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч тул дээрх гурван асуудлыг үндэслэн 6.5 дугаар зүйлийн 8 дахь заалтаар “Х м” ХХК-д шийтгэл ноогдуулж ажилласан.
Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг /151.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн 151.3-т заасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн шаардлага хангасан хуулийн этгээдэд Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгоно/ зөвхөн хуулийн этгээдэд олгодог тул хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй байна.
Бичиг баримтуудад шалгалт хийхэд үйлчилгээний зориулалттай Ү-******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ эзэмшигч Д.Э нь иргэн Б.Б******* хийсэн ******* дугаартай түрээсийн гэрээтэй боловч Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах ТЗ03/203 дугаартай тусгай зөвшөөрөл нь “Х м” ХХК-ийн нэр дээр гарсан, “Х м” ХХК-ийн захирал Л.Б, 0685 бүртгэлийн дугаартай итгэмжлэл нь “Х м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Э болох нь тогтоогдож байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч “Х м” ХХК нь “Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч******* 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлага гаргасан байна.
Шүүх дараахь үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч******* 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №******* дугаар шийтгэлийн хуудсаар “Х м” ХХК-ийг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад буюу түрээслэгчид шилжүүлсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу 20,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
2. Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8-д “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлийг бэлэглэх, худалдах, барьцаалах, түрээслэх зэргээр бусдад шилжүүлэх болон энэ хуульд зааснаас бусад тохиолдолд үйл ажиллагаа явуулах байршлыг өөрчлөхийг хориглоно” гэж заасан байна.
3. Гомдол гаргагч “Х м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь шүүхэд гаргасан гомдолдоо ““Х м” ХХК бол миний төрсөн охин Л Бгийн компани бөгөөд миний охин гадагшаа БНСУ-руу явж ажиллах болоод надад итгэмжлэл өгөөд явсан байсан” гэж бичсэн байна.
4. Дээрх байдлаар гомдолдоо бичсэнээс үзэхэд, бодит амьдрал дээр согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх боломжийг “Х м” ХХК-ийн захирал Л.Б нь төрсөн эх Д.Э олгосон болох нь тогтоогдож байна.
5. Иймд “тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд “Х м” ХХК-ийн захирал Л.Бгийн оролцоо байхгүй, Л.Бгийн ээж Д.Э нь тус компанийн захирал Л.Бд хэлэлгүйгээр, мэдэгдэлгүйгээр “Х м” ХХК-ийн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн тул хуулийн этгээдийг буюу компаниар нь биш иргэнээр нь иргэн Д.Э******* торгох ёстой байсан” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
6. 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр олгосон 03/203 дугаартай Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс үзэхэд, тус тусгай зөвшөөрлийг “Х м” ХХК-д олгосон байх тул хуулийн этгээдэд буюу “Х м” ХХК-д 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Үүнээс үзэхэд, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг “Х м” ХХК-д олгосон байх тул компаниар нь биш иргэнээр нь иргэн Д.Э******* торгох ёстой байсан” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбар мөн үндэслэлгүй.
8. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл нь төрийн хяналтад зайлшгүй байх шаардлагатай онцлог төрлийн харилцаа бөгөөд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар тусгай зөвшөөрлийг худалдах, барьцаалах, түрээслэх зэргээр бусдад шилжүүлэхийг хориглосон байх тул Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч******* 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №******* дугаар шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч******* 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч “Х м” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ