| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0108/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэн,
шүүгдэгч Б.Бат-Ирээдүй нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Булгадар овогт Буянмөнхийн Бат-Ирээдүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080221 дугаартай хэргийг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд тус шүүхийн шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журамд зааснаар 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гурван зул бадамлахуй” ХХК-д худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 2-189 тоотод түр оршин суудаг /Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 15 дугаар гудамж 14 тоотод оршин суух бүртгэлтэй/, ял шийтгэлгүй, регистрийн ОЮ96121235 дугаартай, Булгадар овогт Буянмөнхийн Бат-Ирээдүй нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ -Б.Бат-Ирээдүй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө 00 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” клуб баарны үүд орчимын гаднах талбайд иргэн Н.Энхбаатарыг эхнэртээ агсам тавьж зодлоо гэж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар маргалдан зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан,
Б.Бат-Ирээдүй нь эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт шалгагдаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрч Э.Халиун, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрч Ө.Энхтөр, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрч Т.Мөнгөнтуяа нарыг ятгаж гэрч нарт хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Бат-Ирээдүй нь 2017 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” клубэд ороод сууж байхад нь хамт ажилладаг З.Мөнхтуяа гэх эмэгтэйд үл таних эрэгтэй хүн дарс авч өгөхөд нөхөр Н.Энхбаатар нь хардаж “М” клубын гадна талд зодоод байхаар нь салгах гэж баруун мөрнөөс нь татахад баруун хөлөнд нь тээглэн газарт унахад дээрээс нь гараараа цохиж биед нь тархины баруун дух, чамархай, зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархин эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
-эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт шалгагдаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрч Э.Халиун, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрч Ө.Энхтөр, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрч Т.Мөнгөнтуяа нарыг ятгаж “ тухайн өдөр болсон үйл явдлыг хараагүй, тамхи татчихаад ирэхэд зодоон болоод дуусчихсан байсан гээд мэдүүлээд өгөөч ” гэж гэрч нарт хууль бусаар нөлөөлөх гэсэн үйл баримтууд болжээ.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бат-Ирээдүйн өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ажлынхантайгаа хамт “М” клубэд орсон. Манай ажлынхан сууж байтал Мөнхтуяа эгчид нэг танихгүй эрэгтэй дарс авч өгсөн. Түүнээс болж З.Мөнхтуяа эгч, Н.Энхбаатар ах хоёр маргалдан улмаар зодолдож эхлэсэн. З.Мөнхтуяа эгчийг цохиод байхаар нь би очиж болиулах гэтэл намайг гараараа хамар руу нэг удаа цохьсон. Тэгээд салаад явж байтал ажлынханыг Н.Энхбаатар ах зодоод байхаар нь би буцаж очоод хохирогч Н.Энхбаатарыг хавирч унагаагаад зүүн нүдний хэсэг рүү нь нэг удаа, хөлөөрөө дагз руу нь хоёр удаа өшиглөсөн. Тэгээд маргааш өдөр нь Н.Энхбаатар ахаас уучлалт гуйхаар гэрт нь очтол охин нь аав ээж хоёр ирээгүй байна гэсэн. Хэд хоногийн дараагаар З.Мөнхтуяа эгч надад Н.Энхбаатар ахыг хагалгаанд орохоор болсныг надад хэлсэн. Тэр тухай сонсоод надад байсан 5 сарын цалин болох 300,000 төгрөгөө бүхэлд нь өгсөн. Хагалгааны дараа 5,000,000 төгрөгийг надаас нэхэмжилсэн. Тэр үед би мөнгөний боломжгүй байсан тул хохирол 5,000,000 төгрөгийг барагдуулж чадаагүй. Хохирогч Н.Энхбаатар ахаас уучлалт гуйсан төдийгүй төлбөрийг цалингаасаа бага багаар барагдуулахаа илэрхийлсэн. Би хохирогч Н.Энхбаатар ахыг зодсон үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Түүний дараагаар цагдаад мэдүүлэг өгсөн. Би айсандаа гэрч нар болох Ө.Энхтөр, Э.Халиун, Т.Мөнгөнтуяа нартай очиж уулзаад “хараагүй гээд хэлээд өгөөч” гэж гуйсан. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийг ийм асуудалд оруулсандаа харамсаж байна. Уучлалт гуйж байна... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Энхбаатарын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “... 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эхнэрийн маань төрсөн өдөр болоод найзууд ажлынхан нь ирж бүгдээрээ Алтанговь гэдэг газарт суусан. Тэндээсээ 00 цагийн үед эхнэрийн найзууд болох Ганаа, Оогоо, Түлхүүр, Гэрлээ, Амараа нартай “М” клубэд орсон. Тэнд манай эхнэрийн ажлын газрын хүмүүс орж ирээд 2 ширхэг пиво авч өгсөн. Согтсон болохоор тэрнээс хойш болсон явдлыг санахгүй байгаа. Өглөө гэртээ сэрсэнээ санаж байна. Босоод хартал зүүн талын нүд хөхөрөөд хавдсан, толгой өвдөөд байхаар нь юу болсон талаар асуухад би эхнэртэйгээ маргалдсан юм билээ. Тэгэхэд эхнэрийн ажлын газрын Бат-Ирээдүй гэх залуу дундуур орж салгах гэж байгаад надтай муудалцсан юм шиг байна лээ. Хүмүүсийн ярьж байгаагаар би тэр залуугийн хамар луу нэг удаа цохьсон гэсэн. Тэгээд тэр залуу намайг цохьсон гэж хэлэхээр нь тоогоогүй орхисон. Түүнээс хойш толгой өвдөөд хоол унд ууж, идэж чадахгүй болохоор нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэмтэл согог үндэсний төвд үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор, тархиндаа гэмтэл авсан байна гэсэн. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хагалгаанд орсон. Одоо эмчилгээний төлбөрөө төлүүлмээр байна. Гомдолтой байна…” гэх мэдүүлэг/ хх-ийн 14-17 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч З.Мөнхтуяагийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “... 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр миний төрсөн өдөр болоод Алтанговьд ажлын хамт олон болон найзуудтайгаа тэмдэглэсэн. Тэндээсээ 00 цагийн үед найз Отгонцэцэг, Отгонтуяа, Гэрлээ, Амараа, Алтантүлхүүр, түүний нөхөр Ганхуяг, манай нөхөр Энхбаатар нарын хамт гараад “М” клубэд орсон. Тэнд ууж байхад манай хамаатны ах тааралдаад нэг шил дарс авч өгсөн. Авсан архи, пиво ууж байгаад босоод бүжиглэж байтал хамт ажилладаг Бат-Ирээдүй, Халиунаа, Төрөө, Туяа, Отгон нар орж ирж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа. Нэг санахад би Халиунаатай хамт “М” клубын гадаа уйлчихсан, манай нөхөр газар цементэн дээр хэвтэж байсан. Хамт явсан хүмүүс Бат-Ирээдүйг хориод байгаа бололтой зогсож байсан. Дараа нь автобусны буудал дээр бүгдээрээ цуглараад харьцгаасан. Тэр үед манай нөхрийн зүүн талын нүд хөхөрчихсөн харагдсан, өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Дараа нь найзуудаасаа сонсоход би нөхөртэйгөө муудалцаад нөхөр намайг цохьсон гэсэн. Тэгэхээр нь намайг өмөөрөөд манай нөхрийг зодсон гэсэн. Бат-Ирээдүй өөрөө тухайн үед нэг цохьтол газар саваад уначихсан, тэгэхээр нь дээрээс 2-3 удаа өшиглөсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Бат-Ирээдүйн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн “... Энхбаатар ахыг газарт биеийнхээ баруун хэсгээр уначихсан толгой нь цемент дээр хүрээгүй зайтай байх үед зүүн хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон. Толгойны ард дагз хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Э.Халиунаагийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн “... Бат-Ирээдүй Энхбаатар ахыг нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиод хавирч унагаагаад хөлөөрөө толгой хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Дараа нь гараараа толгой хэсэгт нь 2-3 удаа цохихоор нь бид нарыг салгах үед дахин толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Гантулгын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “... 2017 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Мөнхтуяагийн төрсөн өдрийг тэмдэглээд шөнө нь найз Отгонцэцэгийн гэрт очиж бүгдээрээ хоночихоод өглөө нь 10 цаг өнгөрч байхад бүгдээрээ Туул гол руу гарцгаасан. Тэгэхэд Энхбаатарын нүд нь хавдчихсан толгой өвдөөд байна гээд бараг явтлаа унтсан. Тэнд очоод хоорондоо маргалдсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ө.Энхтөрийн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “... Бат-Ирээдүй дайрсаар байгаад Энхбаатар ахын нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиод хавирч унагаад унаж байх явцад нь нэг удаа толгой хэсэгт нь өшиглөсөн. Тэр үед Энхбаатар ах доошоо дөрвөн хөллөсөн байдалтай газарт унасан байхад нь Бат-Ирээдүй толгойных нь ар дагз хэсэг рүү нь 3-4 удаа гараараа хүчтэй цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Т.Мөнгөнтуяагийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “... Энхбаатар ах эхнэртэйгээ хардаад байсан залуутайгаа уулзана гээд гарахаар нь араас нь Бат-Ирээдүй, Энхтөр, Халиунаа бид гурав салгах гээд гарсан. Тэгсэн чинь Мөнхтуяа эгч нөхөртэйгээ муудалцаад байхаар нь Бат-Ирээдүй өмөөрөөд “та болиоч эмэгтэй хүнийг төрсөн өдрөөр нь зүгээр байлгахгүй” гэхэд нөхөр нь “чи манай эхнэрийг өмөөрдөг хэн бэ, түрүүнээс хойш өмөөрөөд байх юм” гээд нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон. Гэтэл Бат-Ирээдүй Энхбаатар ахыг зөрүүлж цохиод газарт унагаагаад дээрээс нь дарж байгаад нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиод толгой хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Отгонтуяагийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн “... Найз Мөнхтуяагийн төрсөн өдрөөр “М” клубэд ороод ууж, бүжиглэж байгаад явцгаах болоод гарахад Мөнхтуяагийн нөхөр Энхбаатар нь баарны үүдэнд автобусны буудлын тэнд зүүн талын нүд нь хавдчихсан орилоод зогсож байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Э.Амартүвшингийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “... Бат-Ирээдүй Энхбаатарыг хавирч унагаахад биеийнхээ баруун хэсгээр цементэн дээр савж унахад дээрээс нь Бат-Ирээдүй баруун гараараа нүүр хэсэгт нь олон удаа цохьсон. Тэгээд салгах үед баруун хөлөөрөө толгой хэсэгт нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Даваагэрэлийн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “... Энхбаатарын нүд нь хавдчихсан байсан. Толгой өвдөөд байна гээд доошоо тонгойгоод суугаад байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Т.Отгонцэцэгийн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “...Энхбаатарын зүүн нүд нь хавдчихсан байсан. Өөрөө толгой өвдөөд толгой өвдөөд гээд доошоо хараад суугаад байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Урангоогийн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “... Энхбаатар ах, Мөнхтуяа эгч 2 манайд ирэхэд Энхбаатар ахын нүд нь хөхөрчихсөн цонхигор царайлчихсан, толгойных нь хажуу талаар улаан судал гүйчихсэн байхаар нь гайхаад асуухад зүгээр зүгээр гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч С.Баасанхүүгийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн “... Бат-Ирээдүй нь манайд амьдарч байхдаа дуу цөөтэй, үг дуугардаггүй, томоотой хүүхэд байсан. Багаасаа эмээ, өвөөгийнхөө гар дээр өсөж хүмүүжсэн, ээж нь сонсголын бэрхшээлтэй группэд байдаг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №321 дугаартай
1. Н.Энхбаатарын биед тархины баруун дух, чамархай, зулайн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа тархин эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна ..." гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 85 дугаар тал),
Шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр тал /,
Хохирогчийн гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн талаарх өвчний түүх түүнтэй холбоотой баримтууд /хх-ийн 86-87, 121-131 дүгээр тал/,
Эрүүгийн хэрэг нэгтгэсэн тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол түүнтэй холбоотой баримтууд/хх-194-196/
Б.Бат-Ирээдүйн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 162 дугаар тал/,
Б.Бат-Ирээдүйн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 дугаар тал/,
Б.Бат-Ирээдүйн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 164-183 дугаар тал/
Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 186 дугаар тал/,
Б.Бат-Ирээдүйн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 151-154 дүгээр тал/,
Б.Бат-Ирээдүй цэргийн хугацаат жинхэнэ алба хаасан батлах /хх-ийн 191 дүгээр тал/,
Хохиролын баримт /хх-ийн 158-160 дугаар тал/ зэрэг болно.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтуудыг судалж дүгнэхэд Б.Бат-Ирээдүй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө 00 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” клубын гаднах талбайд иргэн Н.Энхбаатарыг “эхнэртээ агсам тавьж зодлоо” гэх шалтгаанаар эхнэрийг нь өмөөрч баруун мөрнөөс нь татахад баруун хөлөнд нь тээглэн газарт унахад дээрээс нь гараараа цохиж биед нь тархины баруун дух, чамархай, зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархин эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэхдээ шүүгдэгч Б.Бат-Ирээдүй нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөрсөн, хохирогч Н.Энхбаатарт хагалгааны зардалд 300.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэм хорын хохиролд нэхэмжилсэн 1.328.137 төгрөг нийт 1.628.137 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, харин цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлт, шүүгдэгч нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдог болох нь банкны хуулгаар нотлогдож байгаа, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн, харин цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Харин Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Бат-Ирээдүйг эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт шалгагдаж байхдаа “тухайн өдөр болсон үйл явдлыг хараагүй гээд мэдүүлээд өгөөч ” гэж гэрч нарт хууль бусаар нөлөөлсөн, ятгасан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль зүйн шаардлагад нийцэхгүй байна.
Учир нь: -Шүүгдэгч Б.Бат-Ирээдүй нь гэрч Ө.Энхтөр, Э.Халиун, Т.Мөнгөнтуяа нарыг “ тухайн өдөр болсон үйл явдлыг хараагүй, тамхи татчихаад ирэхэд зодоон болоод дуусчихсан байсан” гээд мэдүүлээд өгөөч гэж гуйсны дагуу гэрч нар нь “тухайн өдөр болсон явдлыг хараагүй” гэж мэдүүлэг өгснөөр хохирогч Н.Энхбаатарын эрх ашиг нь хөндөгдөж, эрх зүйн байдал дээрдсэн эсхүл доордон хохирч байгаа хүний хууль ёсны эрх ашиг сонирхол, эрх, эрх чөлөөнд хохирол, хор уршиг учирсан талаарх нотлох баримт энэ хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүний энэ үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж шүүх үзлээ.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Булгадар овогт Буянмөнхийн Бат-Ирээдүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Булгадар овогт Буянмөнхийн Бат-Ирээдүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Булгадар овогт Буянмөнхийн Бат-Ирээдүйг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Буянмөнхийн Бат-Ирээдүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бат-Ирээдүйд оногдуулсан торгох ялыг 3 ( гурав ) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Бат-Ирээдүй нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.Бат-Ирээдүй нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч Н.Энхбаатар “гомдол саналгүй” гэсэн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.Бат-Ирээдүйд оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Бат-Ирээдүйд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ