Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 126

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар,

хохирогч С.Баярмагнай,

гэрч Д.Энхболд,

шүүгдэгч Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Сэртэв овогт Нямгэрэлийн Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080235 дугаартай хэргийг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд тус шүүхийн шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журамд зааснаар 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газарзүй-биологийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 22-2 тоотод түр оршин суух, /Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннарангийн 13-146 тоотод оршин суух бүртгэлтэй/,

урьд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1425 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар  тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн ПА83060418 дугаартай, Сэртэв овогт Нямгэрэлийн Энхбаярт нь:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/ -яллагдагч Н.Энхбаяр нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны орой Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” амралтын газарт амарч байхдаа хамт ажилладаг С.Баярмагнайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар нүүрэн тус газар цохиж биед нь эрүүний няцрал цус хуралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Энхбаяр нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны орой Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” амралтын газарт ажлынхаа хамт олонтой амарч байхдаа архи ууж согтуурсан үедээ С.Баярмагнайтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар нүүрэн тус газар цохиж биед нь эрүүний ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэсэн үйл баримт болжээ.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Энхбаярын өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай ажлын 10 хүн манай нутгийн хүний гэрт амрахаар очсон. Би нээлт эхлэхэд ямар нэгэн асуудал гаргахгүй, архи хэтрүүлж уухгүй, тоглож наадаад өнгөрөөе гэж хэлсэн. Намайг дэлгүүүр яваад ирэхэд Ганбаатар, Баярмангай ах хоёр зодолсон байсан. Би Баярмагнай ахыг цохьсон. Баримтаар нэхэмжилж байгаа мөнгийг шүүхийн шийдвэрийн дараа төлнө ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Баярмагнайгийн өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хамт ажилладаг хүмүүсийн хамт зугаалахаар Энхбаярын таньдаг айлд очсон. 21 цагийн орчим цохиулж, эрүү хугарсан байсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Би хэн намайг цохисныг мэдээгүй, Энхболд надад чамайг Энхбаяр цохьсон гэдгийг хэлсэн. Би эмч дуудаад өгөөч гэхэд эмч дуудах хүн байгаагүй тул хоёр хүүхэд рүүгээ ярьж эмч дуудсан. Манай хоёр хүүхэд зодооны талаар асуухад Ганбаатар би цохьсон гэж хэлсэн байсан. Маргааш нь цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө Ганбаатар би цохиогүй гэж мэдүүлсэн байсан. Шүүгдэгч ганцхан намайг цохиогүй, Доржлхагвыг мөн цохьсон ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Энхболдын өгсөн: “... Уурхайгаас ирээд 10 хүн салхинд гарахаар ярилцаад “Болор” амралтын оролцоо Энхбаярын таньдаг айл руу явахаар болсон. Нэг хүний 40.000 төгрөг хурааж, 3 машинтай явсан. Энхбаяр найз хүүхний хамт миний машинд сууж явсан. Баярмагнай өөр машинд суусан. Амралтын газраа очиж архи ууцгаагаад зарим хүмүүс тасарч, зарим нь нэлээн согтуу байсан. Манай ажлын залуу 10.000 төгрөг гаргаад “үүн дээр нэмж архи авч ууя” гэсэн. Хүмүүс согтуу байсан тул би мөнгө гаргаад жалга гарч, 5 шил архи аваад ирэхэд Ганбат Баярмагнайг хөөгөөд гүйж явсан. Ганбат Энхбаярт “Магнай ах намайг шилээр цохьчихлоо” гэж хэлсэн. Бид нар “боль” гэж хэлээд гэрт орсон. Намайг гэрээс гарахад Гантогтох Ганбатын араас барьсан байхад Баярмагнай Ганбатыг нэг удаа шанаадсан. Гэрийн баруун талд 3 машины хамгийн цаад талд миний машин байсан. Би нээх уугаагүй болохоор цаг, бөгж хоёроо машиндаа хийгээд эргээд явж байхад Энхбаяр Баярмагнайг цохиж унагаад яваад өгсөн. Баярмагнай шоконд орсон байдалтай, дөрвөн хөллөж суугаад шүлсээ хаяхад цус гарч байсан. Би Баярмагнайд “чамайг Энхбаяр цохьчихлоо” гэж хэлээд Энхбаярын араас явахад гэрийн урд талд Доржлхагва ухаангүй унасан байсан. Намайг гэрт ороход Энхбаяр юу ч болоогүй юм шиг найз хүүхнийхээ хажууд сууж байсан. Доржлхагва гэрт орж ирээд хүнд цохиулсан гэдгээ мэдэхгүй байсан. Араас нь Баярмагнай ах орж ирсэн. Би Баярмагнай ахад хувин авч өгөхөд түүний амнаас цустай шүлс гарч байсан. Энхбаярын эхнэр “Магнай ахын эрүү үүрсэн байна” гэж хэлэхэд Энхбаяр “цохьсон хүнийг хэн мэдэх юм бэ” гэж хэлсэн. Баярмагнай ах хүүхдүүд рүүгээ утсаар яриад дуудсан. Энхбаяр энэ үед гадаа гарчаад гэрт нэг ч удаа орж ирээгүй. Баярмагнай ахын хоёр хүүхэд нэлээн удаж байгаад ирсэн. Ганбат “би Баярмагнайг цохьсон” гэж хэлээд Баярмагнай ахын хоёр хүүхэд Ганбатыг аваад явсан. Өглөө нь Ганбат буцаад хүрээд ирсэн. Тэгээд үлдсэн хүмүүс архи ууцгааж байх үед Энхбаяр Ганбатад “би чамд мөнгө өгнө өө” гэж хэлж байсан. Тэр өдрөө архи ууж, тогооны хорхог хийж идээд хоносон. Маргааш нь дахин архи уугаад очсон айлаасаа хөөгдсөн. Миний машинд Энхбаяр, Ганбат нар сууж явахдаа Энхбаяр “хөгшин кобронууд нэг цохилт даахгүй” гэж ярьж байсан. Улаанбаатар хот ороод Энхбаярыг Хайлааст руу хүргэж өгөхөд Энхбаяр Ганбатыг “хамт архи ууя” гэхэд Ганбат “миний бие даахгүй байна” гэж хариулсан. Маргааш нь Ганбат эрүүл болоод над руу утасдаад “энэ хэрэг их хүнд ялтай юм байна, би болилоо” гэж хэлсэн. Би Магнай ахыг эргэе гээд ажлаараа бөөндөө явсан ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч С..Баярмагнайгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “... Намайг эмнэлэгт хэвтэж байхад 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Энхболд, Ганбат хоёр эргэж ирсэн. Тухайн үед чамайг Энхбаяр цохьсон гэж Энхболд надад хэлсэн. Би юм ярьж чадахгүй байсан учир цаасан дээр Энхболдоос “Энхбаяр намайг цохьсон нь үнэн үү” гэж бичиж асуухад үнэн, би өөрийнхөө нүдээр харсан гэж бичиж харуулсан. Би Энхбаяртай уулзаж асуухад би цохиогүй гэхээр нь нөгөө бичгээ харуулахад ямар нэг зүйл дуугараагүй, төлбөрийг чинь барагдуулж өгнө гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

- хохирогч С.Баярмагнайгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “... Гэрч Энхболд надад хэлэхдээ таныг Энхбаяр цохиод ухаан алдуулсан шүү гэж хэлсэн. Ганбат намайг цохиж, зодож, миний биед гэмтэл учруулсан нэг ч зүйл байхгүй...” гэх  мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

- хохирогч С.Баярмагнайгийн 2018 оны 03  дугаар сарын 29-ний өдөр өгсөн “... Ганбат өөрөө хэлсэн болохоор би тэгж бодсон. Нөгөөдөр нь буюу 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цуг явсан манай ажлын жолооч Энхболдтой уулзахад гэрийн зүүн хойно талд чамайг Энхбаяр цохиж унагасан шүү гэж хэлсэн. Тэгээд би Ганбат биш Энхбаяр намайг зодсон гэж бодож байна. Баримтаар 1.100.000 төгрөгийн зардал гарсан, дээрээс нь 2 шүд унасан, 1 имплант шүд нь 2.700.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Энхболдын 2018 оны 04  дүгээр сарын 27-ны өдөр өгсөн “... Баярмагнайг ээлжийн ахлах Энхбаяр араас нь гүйж очоод баруун хажуугаас нь цохиж унагаж байгаа харагдсан. Баярмагнай дөрвөн хөллөөд сөгдөөд уначихсан, доошоо хараад амнаас нь цусархаг зүйл гарчихсан байсан. Би очиж чамайг сая Энхбаяр цохисон шүү гэж хэлчихээд гэр рүү орох гээд эргэтэл зам дээр Баярмагнайгаас 4-5 метрийн зайд Доржлхагва газар уначихсан хажуугаараа хараад хэвтэж байсан. Тэгээд би гэрт ороод сууж байтал Баярмагнай амнаас нь цус гарчихсан ярьж чадахгүй ёолоод гэрийн баруун урд талын орон дээр сууж хүүхдүүд рүүгээ утсаар яриад “аав нь зодуулчихлаа ирээд ав” гэж арай гэж хэлсэн. Доржлхагвыг Энхбаяр цохиж унагахад хөлөө эвгүй дараад уначихаар нь би очиж хөлийг нь зассан гэж Таван толгой дээр очсон хойно хэд хоногийн дараа Гантогтох хэлсэн. Тэгэхээр Доржлхагвыг Энхбаяр цохиж унагахыг Гантогтох харсан. Доржлхагвыг гэрт орж ирэхэд нь би “сая чамайг Энхбаяр гадаа цохиж унагасан юм уу” гэхэд “би мэдээгүй ш дээ тийм үү” гэж байсан. Тэр үед Доржлхагвын эрүүн доогуур хөхөрсөн байхаар нь хэлсэн чинь зургийг нь авчих гээд надаар зургийг нь авахуулсан. Харин одоо устчихсан байгаа. Нийллэгний мөнгө бариулсангүй гэж өс санаж цохьсон гэж бодож байна. Анх хотоос гарахдаа 0.75 литрийн үнэтэй ЭКС нэртэй архи 2 шилийг авсан. Амралтын газар очоод Энхбаяр нэг шил ЭКС архийг нь хүнд өгнө гэж аваад торонд хийгээд тавьчихаар нь Баярмагнай “юу гэж үнэтэй архи хүнд өгдөг юм, өөрсдөө хэрэглэнэ” гээд буцаагаад авчихсан. Баярмагнай мөнгийг нь зарцуулсан болохоор тийм, тийм зүйлүүдэд дургүй нь хүрсэн байх. Тэрэлжийн гүүр хавьцаа явахдаа хөгшин клюказууд ганц цохилтын ая даахгүй байж олон юм яриад байсан. Тэр үедээ согтуу байсан үнэнээ хэллээ гэж бодсон. Машинд хамтран амьдрагч Хишгээ, Ганбат нар цуг явсан. Бас Энхбаяр Ганбатад “би чамд мөнгө өгнө” гээд байн байн хэлээд байсан. Хотод ирснээс хойш 2-3 хоногийн дараа Ганбат руу би залгаж “та нар Энхбаяртай уулзаж ярилц, согтуудаа чи цохьсон гэж хэлээ биз дээ, мөн Баярмагнайтай очиж уулз, учраа ол” гэхэд “би согтуудаа солиорчихож, энэ хэрэг өндөр ялтай гэж байна, Энхбаяр ахлах надад мөнгө өгнө гэж байна, би хүний өмнөөс хэрэг хүлээхгүй” гэж ярьсан. Хэрэв Баярмагнай Ганбатад цохиулж гэмтсэн байсан бол мэдэгдэнэ. Харин Энхбаяр тэр 2-ын муудалцсан байдлыг ашиглаж хүнгүй газар Баярмагнайг цохиж байгаад надад харагдчихсан. Мөн тэр орой Энхбаяр Ганбатад “чи өөрийгөө цохиод Баярмагнайг цохьсон болгочих” гэж хэлсэн гээд хэд хоногийн дараа уурхай дээр очсон хойно Ганбат надад ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч С.Ганбатын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн “... Би Энхбаяр Баярмагнай ахыг цохиж байгааг харсан. Ямар ч байсан нүүр, эрүү орчим нь цохиж байгаа харагдсан. Гэрийн баруун хойд хэсэгт Доржлхагва газар уначихсан байсан. Баярмагнайг Энхбаяр цохиод унагасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 46 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Доржлхагвын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “...Юу болсон талаар Гантогтохоос асуухад “би тухайн үед согтуу гадаа явж байгаад Энхбаяр луу ойртоод очиход Энхбаяр цохиод та газар унасан” гэж хэлсэн. Би тухайн үед цохисон эсэхийг ерөөсөө  мэдээгүй. Тэгээд Баярмагнайгийн эрүү хугарсан гээд дараа нь бид нар очиж эргэхэд Баярмагнайгийн эрүүг Энхбаяр цохьсон, цохихыг нь Энхболд харсан гээд яриад байсан. Эрүү нь бага зэрэг хөхөрсөн байсан өөр гэмтээгүй байсан. Надад гомдол санал байхгүй, уурхай дээр байхад Энхбаяр над дээр ирээд би таныг цохьсон гээд уучлалт гуйсан. Би тухайн үед “зүгээрээ харин Баярмагнай дээр очоод уучлалт гуй тэрнээс чинь болоод өөр хүн хэлмэгдээд явж байна, та нар бөөнөөрөө уулзаж асуудлаа шийд” гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 48 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Л.Гантогтохын 2018 оны 04 дүгээр 30-ны өдөр өгсөн “... Доржлхагвын нүүрэн тус газар нь Энхбаяр цохиж унагачихаад яваад өгсөн. Доржлхагва ах хөлөө эвгүй дараад уначихаар нь би очиж босгох гээд дийлэлгүй хөл гарыг нь тэгшилж орхиод гэрийн урдуур тойроод очтол Баярмагнай ах эрүүгээ барьчихсан сууж байсан. Би “яасан” гэж асуухад “эрүү болохоо байчихлаа, хугарчихсан юм шиг байна” гэхээр нь “шүд ам чинь зүгээр үү, харъя” гэхэд “өвдөөд байна” гээд харуулаагүй. Тэгэхээр нь би түшиж босгоод гэрт оруулсан. Гэрт ороод Доржлхагва ахад “таныг Энхбаяр яагаад цохьчихсон юм бэ, таныг цохиулаад унахыг би харсан” гэхэд “мэдэхгүй, намайг цохьсон юм уу” гэж байсан. Тэр үед Доржлхагвын эрүүний доор нь хөхөрсөн харагдаж байсан. Баярмагнайг хэн нэгэн хүн цохихыг би хараагүй. Гэхдээ миний бодлоор Энхбаярыг цохьсон гэж бодож байна. Энхбаяраас өөр Баярмагнайг цохьчихоор хүн байгаагүй. Ганбатыг “чи хэргийг даа, би бүх мөнгийг төлнө, хохирлыг барагдуулна, одоо 100.000 төгрөг авах уу” гэж Энхбаяр хэлсэн гэж Энхболд сүүлд уурхай дээр ирсэн хойноо ярьж байсан. Доржлхагвыг цохихын өмнө юм уу дараа нь маш богино хугацаанд Баярмагнайг цохиж унагасан гэж бодож байна. Цаг хугацааны хувьд таарч байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2017 оны 06 дугаар сарын 19-ний № 8053 дугаартай  

1. С.Баярмагнайгийн биед эрүүний ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрхи гэмтэл нь мохоо  зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

 3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар тал/

Хохирогчийн өвчиний түүх, эрүүний хугарлын зураг /хх-ийн 118-123 дугаар тал/,

Хохирогчийн Н.Энхболдтой бичгээр харьцсан тэмдэглэл /хх-ийн 124 дүгээр тал/,

            Н.Энхбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар тал/,

            Н.Энхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95 дугаар тал/,

            Н.Энхбаярын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 99-101, 103-104, 107, 108-115 дугаар тал/,

            Хохирлын баримтууд /хх-ийн 125-230 дугаар тал/ зэрэг болно.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтуудыг судалж дүгнэхэд Н.Энхбаяр нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны орой Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” амралтын газар ажлынхантайгаа амарч байхдаа архи ууж согтуурсан үедээ С.Баярмагнайтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт цохиж биед нь эрүүний ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэхдээ Н.Энхбаярын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон тул түүнийг ялаас чөлөөлж, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд баримтаар учирсан хохирол 1.094.664 төгрөгийг шүүгдэгч Н.Энхбаяр 3 сарын хугацаанд төлөхөө илэрхийлсэн тул гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Баярмагнай нотлох баримтаа бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дугаар зүйл, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэртэв овогт Нямгэрэлийн Энхбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн   1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Н.Энхбаярын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Н.Энхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч С.Баярмагнай нь нотлох баримтаа бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  зааснаар Н.Энхбаяраас 1.094.664 /нэг сая ерин дөрвөн мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулан 3 /гурав/ сарын хугацаанд хохирогч Н.Баярмагнайд олгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Энхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЛУВСАНДОРЖ