Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/02175

 

 

 

 

 

 

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх 

цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/01959 дугаар шийдвэртэй,

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлттэй,

 

Х.Үүрцайхыг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хэргийг

 

Гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Үүрцайх Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг. Архинд донтох 3 дугаар зэрэгтэй болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн наркологийн эмчийн дүгнэлтээр нотлогдож байна. Иймд Х.Үүрцайхыг Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу материалыг бүрдүүлж хүргүүлэв гэжээ.

 

Гуравдагч этгээд Х.Үүрцайх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архины албадан эмчилгээнд явахгүй. Чехийн визэнд орох гэж байгаа. Архинаас гарах хүсэлтэй гэжээ.

 

Шүүх: Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дах хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Хатанбаатарын Үүрцайх /РД: ЧА79062500/-г архины албадан эмчилгээнд явуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан, тухайн этгээдийг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Х.Үүрцайх би гурван хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Одоо гурван хүүхдийг минь харж хандах хүнгүй, амьдрахад хэцүү байна. Би гурван хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдардаг. Түрээсийн мөнгөө өгч чадалгүй албадан эмчилгээнд ирсэн. Одоо хүүхдүүд маань орох оронгүй гудамжинд гарах гээд хүнд хэцүү байна. Миний орлого гэж юм байхгүй. Хүүхдийн 20 000 төгрөг, тэжээгчээ алдсаны 155 000 төгрөгөөр амьдралаа залгуулдаг. Ийм учраас гурван хүүхдийг минь бодоод хугацаанаас минь өмнө гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ гэж заажээ.

 

Х.Үүрцайх нь согтууруулах ундаа байнга хэрэглэж танхайрсан, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр нийт 45 удаагийн зөрчил гаргаж байсан нь хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн мэдээллийн сангийн бүртгэлээр тогтоогдож байна. /хх-ийн 5-12 дугаар тал/

 

Түүнчлэн Сүхбаатар дүүрэг дэх Эрүүл мэндийн төвийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлтээр Х.Үүрцайхыг архинд донтох өвчний III дугаар зэрэгтэй болохыг тогтоожээ. /хх-ийн 24 дүгээр тал/

 

Иймд Х.Үүрцайхыг албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн Цагдаагийн байгууллагын хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасантай нийцсэн байна.

 

Х.Үүрцайх нь давж заалдах гомдолдоо өрх толгойлон амьдардаг, хүүхэд харах хүнгүй гэх боловч энэхүү гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/01959 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Х.Үүрцайхын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ