Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/11

 

 

 

 

 

    2024           12              24                                       2025/ДШМ/11

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэл,

хохирогч Ү.У, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг,

хохирогч Г.Бын өмгөөлөгч Д.Ариунзориг,

хохирогч Э.С, Р.Э,

хохирогч О.Ш, Д.Ч,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Мөнхбат, Б.Батцэнгэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/893 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Мгийн болон шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Мөнхбат нарын хамтран гаргасан, мөн түүний өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан тус тус давж заалдах гомдлуудаар Б.Мд холбогдох эрүүгийн 2011 00236 0382 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.М нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Р.Эыг “1 сарын хугацаатай 18 хувийн хүүтэй зээлье" гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 811 дүгээр салбараас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 40.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөгийг буюу нийт 60.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

хохирогч Б.Мг “зээл чөлөөлөх гэж байгаа, 10 хувийн хүүтэй тооцож буцааж өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 100.000.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны Хүүхдийн 100 салбараас 60.000.000 төгрөгийг буюу нийт 160.000.000 төгрөг шилжүүлэн аваад 50.000.000 төгрөгийг буцаан төлж, үлдэгдэл 110.000.000 төгрөгийг төлөлгүй залилсан,

хохирогч И.Мыг “тендерийн баталгаанд байршуулна, өдрийн 1 хувиар хүү бодоод 7 хоногийн дотор буцааж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотын банкны салбараас 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

хохирогч Б.Цийг “зээл чөлөөлж, бизнес эрхэлж байгаа, 10.000.000 төгрөгийн хүү 1.061.000 төгрөг болно” гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны Энхтайван салбараас 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын өдөр 04-ний өдөр 15.000.000 төгрөгийг буюу нийт 20.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авснаас 6.076.000 төгрөгийг төлж, үлдэх 13.924.000 төгрөгийг төлөлгүй залилсан,

хохирогч Ү.Уийг “өндөр хүүтэй, богино хугацаатай мөнгө зээлнэ” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 13.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 19.000.000 төгрөгийг буюу нийт 32.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн аваад 10.000.000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 22.000.000 төгрөгийг төлөлгүй залилсан,

хохирогч Э.Сыг “авах гэж байгаа зээл дээрээ нэмээд 100.000.000 төгрөгийн зээл аваад өг, мөнгийг чинь 10 хувийн хүүтэй өсгөөд өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Цамбагаравт байрлах Голомт банкны салбараас 90.000.000 төгрөгийг бэлнээр, 5.000.000 төгрөгийг дансаар, 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар буюу нийт 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хохирогч Г.Быг “визний баталгаа болон дансны тодорхойлолт гаргахад ашиглана, 10 хувийн хүүтэй зээлнэ” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 70.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн аваад, 28.000.000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 42.000.000 төгрөгийг төлөлгүй залилсан,

хохирогч Д.Чыг “мөнгө байршуулж, барьцаа сулладаг, өдрийн 0.55-1 хувийн хүүтэй өсгөж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Макс Молл” худалдааны төвд байхад нь 7 удаагийн гүйлгээгээр 120.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, 10.000.000 төгрөгийг буцаан төлж үлдэх 110.000.000 төгрөгийг төлөлгүй залилсан,

хохирогч О.Шийг “1-3 сарын хугацаатай байраа барьцаанд тавиад зээл аваад өг, шагналд нь байранд чинь засвар хийж өгье” гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, “Гранд плаза” худалдааны төвийн зогсоолд “Номин юнион” ХЗХ-оос зээлж авсан 35.000.000 төгрөгийг нь бэлнээр шилжүүлэн авч залилсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Мыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Мд 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 136 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Мын хүүхэд 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн М.М-д асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоолгох асуудлыг шийдвэрлэхийг харьяа дүүргийн буюу Баянзүрх дүүргийн Засаг дарга, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас нийт 516.107.855 төгрөг гаргуулж, хохирогч Ү.Ут 22.000.000 төгрөг, хохирогч Р.Эд 60.000.000 төгрөг, хохирогч Б.Мд 110.000.000 төгрөг, хохирогч И.Мт 10.000.000 төгрөг, хохирогч Э.Ст 100.000.000 төгрөг, хохирогч Г.Бт 42.000.000 төгрөг, хохирогч Д.Чад 110.000.000 төгрөг, хохирогч О.Шт 48.183.855 төгрөг, хохирогч Цид 13.924.000 төгрөг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунсанаагийн 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №02 дугаартай тогтоолоор ... сууцыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэргийн хохирлыг төлж барагдуулах зорилгоор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тогтоолын 40 дүгээр нүүрний 27-29 дүгээр мөрөнд шүүгдэгч Б.Мын мэдүүлэгт “Хохирогч Б.М, И.М нараас мөнгө авсан үйлдэлтэй маргахгүй, хохирлыг төлөхөө илэрхийлж байна” гэж мэдүүлсэн боловч тухайн хохирлыг хэрхэн яаж төлөхийг тодорхой илэрхийлээгүй, эд хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирсон хохирогч миний хувийн эрх зүйн байдал, ашиг сонирхлыг зөрчиж, төлбөрийг төлнө гэх мэтээр сэтгэл санааны шаналал үүсгэж тохуурхан худал мэдүүлж байна.

Дээрх тогтоолоор Б.Мыг гэм буруутайд тооцон Б.М надад учирсан 110.000.000 төгрөгийн хохирлыг бүхэлд нь олгохоор шийдвэрлэн 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн ч хохирогч надад учирсан хохирлыг төлөх хангалттай хугацаа байсан ч Б.М нь сайн дураар бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх сэдэлгүй, зөвхөн ял шийтгэлээ эдэлж хохирогч бид нарт учирсан хохирлыг барагдуулахгүй байх зальхай арга хэрэглэж байна. Мөн Б.М нь шүүхийн шийдвэрийг сонсмогц инээж зүй бусаар аашилж гэм буруудаа гэмшээгүй, хохирогч биднээр тохуурхаж байгаа тул тухайн ялын хэмжээг нэмэгдүүлэх, учирсан бодит хохирлыг нэн даруй барагдуулах арга хэмжээ авхуулах саналтай байна.

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруудаа гэмшээгүй, хохирогч бидэнд сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж биднийг тохуурхан доромжилж байгаа тул оногдуулсан шийтгэлийг чангаруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Яллаж байгаа хэргийн талаар: Прокурорын хяналтад байхдаа Р.Нгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Р.Н надтай гэр бүлийн найзуудын холбоотой байсан ба надад маш их хэмжээний мөнгөний өглөгтэй юм.

Гэтэл уг хэрэгт Р.Н нь “Бид гэр бүлийн найзуудын холбоотой байсан ба надад их хэмжээний мөнгөний буюу 100.000.000 төгрөг өгч, авлагаа эргүүлэн авч чадахгүй байна” гэх өгүүлэлтэй хэрэг хэрэгсэхгүй болж дараах үйлдлүүд нэгтгэгдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлүүлсэн.

Р.Н нь надад 140.000.000 төгрөгийн өглөгтэй бөгөөд мөн хохирогч гэх хүмүүст маш их хэмжээний өглөгтэй. Тухайн өглөгүүдийг өгөхгүйн тулд зохиомол байдал үүсгэн, өөрийнхөө өглөгтэй хүмүүсийг над дээр гомдол гаргуулж, мөн миний эргэн тойрны хүмүүстэй холбогдож миний эсрэг турхиран намайг мөнгө залилсан, та бүгдийг бас залилж байгаа гэж итгүүлж, улмаар энэ хэрэг, маргаан эхэлсэн.

Өмнө нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал болох үед миний бие Р.Нд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан боловч эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан.

Уг иргэний маргаан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/00987 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01101 дүгээр магадлалтай, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2022/00951 дүгээр тогтоолтойгоор миний бие Р.Нд өглөгтэй биш авлагатай болох нь тогтоогдсон.

Гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст худал мэдүүлэг өгч, хуурамч нотлох баримтаар намайг өндөр ялтай гэмт хэрэгт гүтгэсэн гэж шалгуулсан боловч гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.

Р.Н нь өөрийн төрсөн дүү Р.Э /хохирогч/-г эхнэртэй болж байгаа учир байрны зээл авмаар байна гээд надаас зөвлөгөө авч бичиг баримт бүрдүүлж байрны зээл, машин, гражийн зээлүүдийг нь авч өгч байсан. Гэвч 2019 онд Р.Н ажилгүй боллоо гэх үед нь хүлээцтэй байж тэвчсэний эцэст би өөрөө ийм байдалтай, мөнгөө авч чадахгүй, дээрээс нь Р.Нгийн өглөгтэй хүмүүсийн өргөдөл, гомдол, мэдүүлгээр яллагдаад байж байна. Хуульч хүний ёс зүйгүйгээр, мөн өөрийн их сургуулийн найз болох хуульч мэргэжилтэн Э.С /хохирогч/-тай үгсэн нэгдэж миний эргэн тойрны хүмүүсийг айлган сүрдүүлж, дарамталж, уулзалт зохион байгуулж эхэлсэн. Энэ хэргийн хохирогч болох Э.С, түүний эхнэр Б.Э нар надад 180.000.000 төгрөгийн өглөгтэй. Одоогоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байна. Р.Нгийн хамааралтай хүмүүс байгаа ба тухайн хохирогч гэх хүмүүстэй нүүрэлдэн байцаалт өгөх хүсэлтэй гэж мөрдөгчид удаа дараа хэлсэн боловч хүлээж аваагүй.

Прокурорын яллах дүгнэлтэд намайг хүмүүсээс авсан эд хөрөнгө, мөнгийг бүгдийг болон заримыг буцааж өгөхгүй гэдэг санаа зорилготой, тухайн эд хөрөнгийг авахаас өмнө үүсдэг гэж дүгнэсэн нь ямар баримт нотолгоог үндэслэсэн нь тодорхойгүй, таамаглал төдий байгаа нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт байна. Зарим хохирогч нарыг ямар ч үндэслэл нотолгоогүй зөвхөн залилах гэмт хэргийн хуульд заасан шинжийг хуулан бичсэн байгаад гомдолтой байна.

Юуны өмнө танихгүй хохирогч гэх хүмүүстэй урьд нь хаана, хэзээ танилцаж, хэрхэн харилцаж байсныг ямар баримтаар тогтоогоод “урьдын харилцааны явцад бий болсон итгэл”-ийг нь ашигласан гэж үзсэн нь туйлын эргэлзээтэй, худал дүгнэлт байна.

Р.Н, Э.С нарын ятгалга, явуулгаар надад залилуулсан тухай зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэг үндэслэлтэй эсэхийг огт шалгахгүй, мэдүүлгийн зөрүүг гаргах ажиллагаа хийхгүй, эх сурвалж нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, зөвхөн мэдүүлэгт үндэслэж яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Танихгүй хүний тухайд ямар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэж үзэх вэ. Харин таньж мэдэх найз нөхөд байсан хүмүүсийн тухайд тэд миний нэр хүнд, надад итгэдэг итгэлийг би яаж урвуулан ашигласан болох, тэд надад яг юу хийлгэх гэж, юу санал болгосныг би хэрэгжүүлээгүй, хийгээгүй, итгэл найдварыг нь хэрхэн хөсөрдүүлж, өөртөө ямар ашигтай байдал үүсгэсэн бэ гэдгийг ямар баримтаар нотолсоноо тодорхой дурдаагүй байна.

Мэдүүлэг өгсөн хохирогч, гэрч нар надад өгсөн гэх мөнгөө хэдийд, хаана, яаж өгсөнөө, хэрхэн тухайн мөнгөө бий болгосноо, өөрт нь байсан эсэх эх сурвалжийг зааж чадахгүй, мэдүүлгүүд нь зөрүүтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж яллах дүгнэлтэд нотлох баримтаар зааж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Залилах гэмт хэргийг “яаж” үйлдсэнийг яллах дүгнэлтэд тодорхой заагаагүй нь огт ойлгомжгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй, залилах гэмт хэргийн шинжид огт тохирохгүй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх ноцтой зөрчигдсөн.

Хүний эрх ноцтой зөрчигдсөн гэдэгт хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хаасан, хязгаарласан, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, нөхцөлийг хүндрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүйн улмаас хилсээр ял шийтгүүлж, эрх зүйн байдлыг дордуулсан зэрэг үр дагаварт хүргэсэн зөрчлийг ойлгохоор заасан байна.

Түүнчлэн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар тогтоолоор бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлыг тодорхойлсон.

Таних, танихгүй хохирогч нарын талаар анхан шатны шүүх үндэслэлээ тайлбарлаагүй болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй гэх зарим цагаатгах нотлох баримтыг шүүх хэрхэн няцаан үгүйсгэсэн талаараа дүгнэлт хийгээгүй орхигдуулсан явдал нь шүүгдэгч миний үйлдсэн гэх гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, гэм бурууг эргэлзээгүйгээр нотолсон гэж үзэхэд хангалтгүй.

Хэт яллах талыг баримталж хэргийг шалгаж, шүүсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн гэм буруу, хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт хууль ёсны байх үндсэн шаардлагыг хангаагүйд гомдолтой байна.

1. Хохирогч Э.С, түүний эхнэр Б.Э.

Э.С бид хоёрын дансаар өндөр дүнтэй гүйлгээ огт хийгдэж байгаагүй. Харин эхнэр Б.Эын дансаар их хэмжээний гүйлгээ хийгддэг байсан ба би 180.000.000 төгрөгийн авлагатай юм. Э.С 116.000.000 төгрөг залилуулсан гэж гомдол гаргасан. Прокурорын яллах дүгнэлтэд 100.000.000 гэж бичигдсэн байна. 16.000.000 яасан нь тодорхой бус байна. Э.С нь надад 100.000.000 өгсөн гэх хэрэгт түүний эхнэр бид хоёрын дансны хуулга, тооцоо нийлсэн байдал зэргийг мэдүүлгийн хамт өгч, энэ хэрэг залилах гэмт хэргийн шинжгүй гээд 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн прокурорын тогтоолоор /3хх 173, 174/ хэрэг хаагдсан. Э.С банкнаас авсан 230.000.000 төгрөгийн зээлийнхээ 100.000.000 төгрөгийг ямар ч баримтгүйгээр өгсөн гэх үнэмшилгүй мэдүүлэг өгсөн. Түүний мэдүүлэгт дурдагдсанаар нийт зээлийнхээ 43 хувийг буюу бараг тал хувийг надад өгсөн бол зээлээ хэрхэн яаж төлсөн болох, зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэхэд банкны зүгээс хяналт хэрхэн тавигдсан зэргийг хэргийн материалд шалгаагүй, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй байж надад ял тулгаж болохгүй. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүх хурал болоод хэргийн материал прокурорт буцсанаас хойш Э.С болон түүний эхнэр Б.Э нараас мэдүүлэг авсан байсан.

1. 3хх 139-өргөдөл

2. 3хх 153- Сын мэдүүлэг

3. 3хх 156, 157-Эын мэдүүлэг

4. 3хх 150-151- Сын мэдүүлэг

5. 3хх 198-200-Сын мэдүүлэг

6. 3хх 203-прокурорын тогтоол

7.5хх 22-23 Сын мэдүүлэг

8. 8хх 49- Бын мэдүүлэг

9. 8хх 223-Өмгөөлөгч Баярмаагийн хүсэлт

10. 8хх 119-Нгийн мэдүүлэг

11. 8хх 126-Эын мэдүүлэг

12. 8хх 98-99 Сын мэдүүлэг

13. 8хх 215 Өмгөөлөгч Гансүхийн хүсэлт

14. 8хх 234-Өмгөөлөгч Мөнхбатын хүсэлт

15. 8хх 1-ээс 2021.12.14-ний хурлын тэмдэглэл

16. 7хх 198-аас 2021.12.14-ний хурлын асуулт, хариулт

Энэ олон мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Хууль сануулсаар байтал өмгөөлөгчийн хамт олон зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь ямар учиртай юм бол. Хэрэг маргааныг мөрдөн шалгах ажиллагааны шатанд зөв харьяаллаар тогтоож шалгаагүй, өглөг авлагын тооцоог дансны хуулгаар эцэслэн тогтоогоогүй, зээлийн материалд үзлэг хийгээгүйд гомдолтой байна.

Энэ хэрэг шинжээч томилуулж тооцоог эцэслэн гаргуулж, хэн нь авлагатай гэдгийг бүрэн тогтоолгох хүсэлтэй байна.

Хохирогч Э.С болон Б.Э нарын мэдүүлгийн зөрүү.

1. Эхнэр Б.Э нь надад зээлсэн мөнгөний дүн:

А. 2020.01.13-ны өргөдөлд 50.000.000 зээлсэн 34.000.000 төгрөгийг төлөөд 16.000.000 төгрөг үлдсэн /3хх 139/

Б. 2020.4.16-ны Э.Сын мэдүүлэгт 48.198.000 төгрөг зээлээд 49.960.000 төгрөгийг буцааж авсан /3хх 198-200/

В. 2022.4.27-ны Э.Сын мэдүүлэгт 30.000.000 төгрөг зээлээд хүүгийн хамт өгсөн /8хх 98-99/

Г. 2020.01.28-ны өдрийн Б.Эын мэдүүлэгт 50.000.000 төгрөг зээлээд 34.000.000 төгрөг төлсөн /3хх 156-157/

2. Надад мөнгө хаана өгсөн талаар.

А. 2020.01.23-ны өдөр Голомт банкны Цамбагарав салбарын зогсоол дээр /3хх 139/

Б. 2020.1.17-ны өдөр Цамбагаравын банкны гадна /3хх 153/

В. 2020.02.03-ны өдөр Банкны үүдэнд /3хх 150-151/

Г. 2020.10.01-ны өдөр Б нь миний машинаар Зайсанд хүргүүлсэн бөгөөд түүнийг буусны дараа М 100.000.000 төгрөг бэлнээр авсан /5хх 22-23/

Д. 2022.4.26-ны өдөр Э: Гэрийн ойролцоо /8хх 126/

Е. 2022.02.23-ны Өмгөөлөгч Баярмаагийн хүсэлтэд Цамбагаравын Голомт банкны авто зогсоолд /8хх 223/

Ж. Яллах дүгнэлтэд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Цамбагаравт байрлах Голомт банкны салбар

3. Хэний машинд авсан талаар.

А. 2020.1.13 Э.С “миний машин дотор” /3хх 139/

Б. 2020.02.03 Э.С “өөрийн машин дотор” /3хх 150-151/

В. 2020.4.16 Э.С “өөрийнхөө ...Ланд 200 машин дотор “ /3хх 198-200/

Г. 2022.4.27 Э.С “УБ сувиллын хажууд, манай гэрийн үүдэнд Мын машин дотор” /8хх 98-99/

Д. 2022.4.26 Б.Э “Мын машинд” /8хх 126/

Е. 2022.02.23 Өмгөөлөгч Баярмаа “...Ланд 200 маркийн машин дотор” /8хх 223/

Ё. 2020.5.08 Прокурор “...дугаартай машинд” /3хх 203/

Ж. 2020.10.01 “Өөрийн машин дотроо” /5хх 22-23/

З. 2020.10.01 “Зайсанд Бын буусны дараа Сын машинаас 100.000.000 төгрөг аваад буусан” /5хх 22-23/

4. Хэн хэн байсан тухайд.

А. 2020.01.13 “миний эхнэр бид 3 байсан”

Б. 2020.01.17 “хэний ч тухай дурдаагүй”

В. 2022.4.27 “Эхнэр Э, Б, М бид 4 байсан”

Г. 2020.10.01 “яг мөнгө өгөх үед Б орж ирээгүй байсан”

Д. 2020.10.01 “М бид хоёроос гадна манай эхнэр, Б нар байсан”

Е. 2020.10.01 “Б буусны дараа М 100.000.000 төгрөг бэлнээр авсан”

5. Б.Мд өгсөн мөнгөний хэмжээ

А. 2020.01.23-100.000.000+50.000.000-34.000.000=116.000.000 төгрөг

Б. 2020.01.17-100.000.000+50.000.000-34.000.000=116.000.000 төгрөг

В. 2020.02.03-100.000.000 төгрөг

Г. 2020.4.16-100.000.000+48.198.000-49.960.000=98.238.000 төгрөг

Д. 2022.4.26-90.000.000 төгрөг

Е. 2020.05.08-100.000.000

Ё. Яллах дүгнэлт 90.000.000+5.000.000+5.000.000

6. Юунд зарцуулсан талаар /Банкнаас тодруулах/

А. Хаягдал боловсруулах

Б. Метал хайлуулж бүтээгдэхүүн гаргах

В. 2021.12.14-ний шүүх хуралдааны тэмдэглэлд “Үйлдвэрийн барилга авах гээд”

7. Хэдэн хувийн хүүтэй өсгөж өгнө гэж мөнгө авсан талаар.

А. 2020.10.01- 8 хувь /5хх 22-23/

Б. 2020.01.13-10 хувь /3хх 139/

8. Тухайн мөнгөө хугацаагүй зээлсэн гэх /Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэх эсэх/

9. Эхнэр Б.Эын Б.Мд өгсөн гэх мөнгө хэзээ төлөгдсөн талаар, ... ер нь төлөгдсөн эсэх. Ийм өр зээл байсан эсэх.

А. Өмнө зээлсэн 48.000.000 төгрөгийн төлөлтийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлж дуусгасан /3хх 198-200/

Б. 2020 оны 1 дүгээр сарын 13-ны Өргөдөлд “Мөн манай эхнэрийн зээлсэн 50.000.000 төгрөгөөс 34.000.000 төгрөг өгөөд 16.000.000 төгрөгийг огт өгөөгүй” /3хх 139/

В. 50.000.000 төгрөгөөс 34.000.000 төгрөгийг эргүүлэн өгсөн. 16.000.000 төгрөг авах ёстой байгаа... 2019 оны 12 дугаар сард багтааж болгоно гэж удаа дараа хэлдэг”

2. Хохирогч Ү.У.

Тэрээр өөрийнхөө хоёр найзаас бизнестээ зориулна, ахиухан бараа татна гэж мөнгө зээлэхдээ М гэж миний ээжийн данс руу хийгээд өг гэж хэлж хүн залилсан. Энэ хүний нэхэмжилж буй 32.000.000 төгрөгийг би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний данс руу орсон мөнгийг Уийн болон найзынх нь данс руу шилжүүлсэн нь миний өөрийн дансны хуулгаар баталгаажих боловч хохирогч гэх Ү.Уийн надад мөнгө өгсөн гэх үеийн гүйлгээнд, дансны хуулганд үзлэг хийж нотлох баримтаар дүгнэн авчихаад миний дансны хуулгыг баримтаар гаргуулж авч хэрэгт хавсаргасан боловч дансанд үзлэг хийж Уийн данс руу хийсэн гэх гүйлгээг шалгаагүй. Ү.Уийн мэдүүлэгт “Мд өгсөн гэх 32.000.000 төгрөгөөс 8.500.000 төгрөгийг дансаар буцаан авсан” гэж дурдагддаг /3хх 72-74/. Удаа дараагийн шүүх хуралдаанд ч энэ талаар мэдүүлсэн байдаг. Анхны яллах дүгнэлтэд 8.500.000 төгрөг хасагдсан байдлаар бичигдсэн боловч одоо яллагдаж байгаа яллах дүгнэлтэд 8.500.000 төгрөг хасагдаагүй байдаг. Харин маргааны нэг хэсэг болсон 10.000.000 төгрөгийг нийт хохирлоос хасаад 22.000.000 төгрөгөөр яллах дүгнэлтэд бичигдээд 2024 оны 10 дугаар сарын 08, 09-ний өдрүүдийн шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Ү.У 8.500.000 төгрөгийг авсан гэдгээ хэлсэн боловч 10.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй юм. 8 дугаар хавтаст хэргийн 40, 69 дүгээр талуудад энэ талаар бичигдсэн байгаа. Яллах дүгнэлтийн 9 дүгээр хуудасны 22 дахь мөрнөөс хойш байцаагчийн буруу өдрийг, асуусан өдрийг прокурор засаагүй, буруу мэдүүлгээр яллах дүгнэлт бичигдсэн байгааг шүүгч хянаагүй, дансны хуулгаар тулгаагүй, миний өгсөн мэдүүлгийг хамаагүй гэж шийтгэх тогтоолд бичсэн, тооцооны маргааныг эцэслэж дансны хуулга тулгаж, шалгаж, үнэн худлыг дэнсэлж, нотолбол зохих байдлыг бий нотлоогүйд гомдолтой байна.

/3хх 64, 68-69, 72-74, 76-77, 109, 114-16, 7хх 198-с хойш, 225, 8хх 40, 122, 132-135, 168-180, 226, 227, 9хх 227, 235-236/

2024 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Ү.У шүүх хуралдаанд “2017 онд Хаан банкнаас бусад бүх банкны дансаа хаалгасан байсан. Өөр данс ашигладаггүй.” гэж мэдүүлсэн. Гэтэл бодит байдал дээр өөр банкны данс ашиглаад мөнгө шилжүүлээд мөн надаас аваад байсан нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдоно. Тухайн данснуудыг шалгуулмаар байна. Хохирогч гэх Ү.У надаас авсан мөнгөө хүлээн зөвшөөрөхгүй байсан, Хаан банкнаас лавлагаа авч, мөн шинжээч томилж хариуг авсан тул тухайн мөнгөний нэгээхэн хэсгийг Ү.У болон хуулийн байгууллага хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрч хохирлоос хассан байна. Харин бусад гүйлгээнд дансны үзлэг хийх эсхүл шинжээч томилж дүгнэлт гаргуулбал хохирлын тооцоо, маргаан нэг мөр болж, уг хэрэг хурдан шийдэгдэнэ гэж бодож байна.

Хохирогч Б.Ц.

Б.Ц нь Р.Нтэй хамт ажилладаг хүн юм. Миний бие уг хүнтэй холбогдож, мөнгө зээлж байгаагүй. Энэ хүнийг огт танихгүй. 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 5.000.000 төгрөг, 12 дугаар сарын 4-ний өдөр 15.000.000 төгрөг тус тус миний данс руу Цийн данснаас “Н-д зээл” гэсэн утгатай орж ирсэн. Тухайн үед би Р.Нгээс өөрийн зээлсэн мөнгөө нэхсэн тул Р.Н өөр хүнээс мөнгө зээлж миний мөнгөний хэсгээс төлсөн нь энэ. Б.Ц зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн нь эдгээр хүмүүс үгсэн хуйвалдсан болохыг харуулж байна. /3хх 10-11, 21-22, 19-20, 23-24, 28, 8хх 29, 110/

2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Р.Нгийн мэдүүлэг Б.Цийн мэдүүлгээс зөрүүтэй бөгөөд дурдвал:

Мөнгөний хүү 2019 оны 1-3 дугаар сард нийт хэдэн төгрөг байсан бэ.

А. 6.070.000 төгрөг

Б. 7.600.000 төгрөг

В. 6.400.000 төгрөг

Г. 6.076.000 төгрөг

Д. 9.212.000 төгрөг

Е. 6.000.000 төгрөг

Ё. 4.000.000-5.000.000 төгрөг

Б.Мыг таньдаг эсэх.

А. Ажлын хүн Р.Нгийн найз гэдгээр нь танина. Өөрөөр сайн танихгүй.

Б. Миний өөрийн танил

В. Р.Нгийн хамт ажилладаг бөгөөд энэ шугамаар танилцаж байсан.

Мөнгөө юу гэж хэлж авсан нь Р.Нгийн асуудал, над руу яаж ирсэн нь хамаагүй гэж ойлгож байна. Тэдгээрийн мэдүүлэгт дурдагдсанаар хоорондоо мөнгөө өгч авалцаад байгаа нь надад хамаарахгүй. Мөн надаас зээлсэн мөнгөний хүү хэд гэдгийг илэрхийлж чадахгүй байгаа нь надтай хамааралгүйг илтгэж байна. Б.Цийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний мэдүүлэгт “Б.Мтай сайн танилууд болсон байсан” гэдэг нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны мэдүүлэгтэй эрс зөрүүтэй ба 4 мэдүүлэг нь өөр өөр үнийн дүнтэй байдаг. Мэдүүлгийн зөрүүг арилгаагүйд гомдолтой байна.

Хохирогч Р.Э.

Р.Э нь Р.Нгийн төрсөн дүү юм. Ах нь надад өгөх ёстой өрийн хэсгийг дүүгээсээ мөнгө авч төлсөн юм. Хохирол гээд байгаа төлбөрийг Р.Нгээс авах авлагаасаа хасаж тооцон Иргэний хэргийн шүүхээр үлдэгдэл авлагаа шийдвэрлүүлсэн. Ах дүү 2 тухайн өглөгийнхөө тухай юу гэж ярьсныг би мэдэхгүй. Миний хувьд авлагаа авсан учир уг нэхэмжилж буй мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. /1хх 10, 13, 15-16, 40, 5хх 33, 37, 8хх 1-с хойших хурлын тэмдэглэл, 92, 119, 124, 152/

Мэдүүлгүүдийн зөрүүг дурдвал:

1. 40.000.000 төгрөг хэний мөнгө талаар

А. Өөрийн мөнгө

Б. Агийн мөнгө

2. Хэдэн хувийн хүүтэй мөнгө өгсөн талаар

А. Өдрийн 150.000 төгрөг-20.000.000

22.5%- 60.000.000 төгрөг хэд гэсэн үг вэ.

Б. 1 сарын хугацаатай 22.5% хүүтэй

Энэ нь 20.000.000 төгрөгийн хүү юу, 60.000.000 төгрөгийн хүү юу.

В. 1 сарын 18% хүүтэй

Г. 2021 оны 12 дугаар сарын 14-ний хуралдаанд “10.000.000 нь 50.000.000 төгрөг /хоногийн хүү/, 20.000.000 төгрөг өгсөн. Тэгэхээр хүү нь 1 сарын 15%.

Д. 49 хоногийн 18%

3. А Р.Эд мөнгө зээлсэн эсэх.

А. Э нь боломж байвал 1.000.000, 2.000.000 төгрөг нэмж өгнө гэсэн /А/

Б. 3 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай 40.000.000 төгрөг /Р.Э/

В. Мөнгөө эргүүлэн өгөхдөө боломжоо харж байгаад мөнгө нэмж өгнө гэж ярилцсан болохоос тогтсон мөнгөн дүн байхгүй байсан /А/

Г. Бага хэмжээний хүү тооцож болно. Тогтсон мөнгөн дүн ярилцаагүй /Р.Э/

4. Ад зээлээ төлсөн эсэх

А. 2020 оны 10 дугаар сарын 07-ны Агийн мэдүүлэг “одоог хүртэл надад мөнгө өгөөгүй”

Б. 2022 оны 4 дүгээр сарын 25-ны Агийн мэдүүлэгт “2020 оны 1 дүгээр сараас зээлсэн мөнгөө өгч эхэлсэн. Одоо 2.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй.

5. Ахдаа хэлсэн талаар

А. 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр: “Р.Нд битгий хэлээрэй, чи бид хоёрын дунд”

Б. “Надаас асууж өгөхгүй яасан юм бэ гэж ах надад хэлсэн”

В. 2019 онд дүү надад Б.М мөнгө зээлээч гэж байна гэхээр нь мөнгөө авч чадахгүй байна. Их мөнгө өгч болохгүй шүү гэж хэлсэн”

6. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А: “Р.Э одоог хүртэл надад мөнгө өгөөгүй байгаа.”

2020 оны 1 дүгээр сарын 28-ны 2.000.000 төгрөг+2780.0

2020 оны 7 дугаар сарын 08-ны 2.000.000 төгрөг+2150.0

Эдгээрээс дүгнэхэд мөн л мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, яллах талыг барьж шийдвэрлэсэн байна.

Хохирогч Г.Б.

Миний бие Г.Быг танихгүй. Б.Сор дамжуулж 70.000.000 төгрөг авсан. 70.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг төлсөн, 50.000.000 төгрөгийн хохиролтой гэсэн байсан боловч хэрэг прокурорт буцаж 42.000.000 хохиролтой гэж өөрийнх нь дансны хуулгаар прокурор, мөрдөгч нар баримтжуулж хохирол, тооцооноос хассан. Г.Б нь “ээжийн маань дүүгийн данс” гэсэн данс явуулж байсан. Тэр хүний данс болон өөрийнх нь бусад дансны хуулгыг тухайн цаг хугацаагаар гаргуулан авч үзлэг хийвэл хохирлын тооцоо бүрэн гарах боломжтой гэж харж байна. Надад гүйлгээ хийсэн падаан нотлох баримтаар байхгүй. Миний бие 30.000.000 гаруй төгрөгийн өглөгийн тооцоотой боловч үүнийгээ баримтжуулж чадаагүй. Мөнгө авсан нь үнэн учир хохирлын тооцоог бодитой гаргачихвал төлөхөө илэрхийлж байна. Миний 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хэлсэн мэдүүлэг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолд үг, үсэг, утга санааны зөрүүтэй байгаад гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй, дансны хуулгаар нотлоогүй, миний авлага өглөгийг тодруулаагүй, бодит байдлыг хуулийн дагуу тогтоох ажиллагаа хийгдээгүй, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү.

Хувийн байдлын хувьд, 2020 онд шалгагдаж байхдаа 2023 онд жирэмсэн болсон байсан. 3 удаа шүүх хурал зарлагдсан. Миний зүгээс биш хохирогч, прокуророос болж хойшилсон. 13-ны өдөр Амгалан амаржих эмнэлэг рүү хүргэгдсэн. 2024 04 25-ны өдөр төрж, байнгын эмчлүүлж байгаа боловч онош нь тодорхой бус. Онош тодрохгүй, урологийн эмчид үзүүлсэн. Өөр эмнэлэгт үзүүлэх шаардлагатай талаар нэгдүгээр эмнэлэг зөвлөсөн. Шинжээч томилох, худал мэдүүлсэн хүмүүсийн мэдүүлгийг нягтлан шалгах шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Г.Мөнхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. 893 тоот шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Хохирогч Р.Эыг /1 сарын хугацаатай 18 хувийн хүүтэй зээлье/ гэж хуурч, нийт 60.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогчийн мэдүүлэг /8хх 92-96/, гэрч Э.Агийн мэдүүлэг /3хх 37, 8хх 123-124/, гэрч Р.Нгийн мэдүүлэг /8хх 119-120/, Б.Мын Худалдаа хөгжлийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 135/, Р.Эы Голомт, Хаан банкны данснуудын дэлгэрэнгүй хуулга /8хх 51-157/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /9хх 185-186/ зэрэг нотлох баримтуудаар, ... хэдийгээр шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч нараас хохирогч Р.Эы шилжүүлээд залилуулсан гэх 60.000.000 төгрөгөөс 40.000.000 төгрөгийг Э.А гэдэг хүнээс шилжүүлсэн тул Р.Э хохирогч биш гэж маргасан хэдий ч хохирогч Р.Эы хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн “40.000.000 төгрөг надад байхгүй байсан тул би найз Э.Агаас зээлж, түүний данснаас шууд Б.Мын данс руу шилжүүлсэн. ...Б.М мөнгөө өгөхгүй байсан тул би өнгөрсөн хугацаанд уг мөнгийг барагдуулж дууссан” гэж мэдүүлдэг, мөн гэрч Э.Агийн өгсөн “Р.Э 40.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би найз нөхдийн итгэлцлийг үндэслэж Р.Эд мөнгө зээлсэн. Надад өгсөн дансны дугаарыг оруулахад Б.М гэж нэр гарч ирсэн, тэгээд би шилжүүлсэн” гэх мэдүүлгээр тухайн мөнгийг Р.Э нь Б.Мд зээлүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд Р.Э нь Э.Ад уг 40.000.000 төгрөгийг төлж барагдуулсан зэргээс үзэхэд хэний данснаас гарснаас үл шалтгаалан Б.Мын гэмт үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан хүн нь Р.Э мөн байна. ...” гэжээ. /хуу-41-42/

1 дүгээр хавтаст хэргийн 4, 10, 11, 13 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтаар хохирогч гэх Р.Э нь шүүгдэгч Б.Мд 20.000.000 төгрөг өгсөн болох нь харагдана. Харин 40.000.000 төгрөг Э.А гэх хүний данснаас орж ирсэн.

Анхан шатны шүүх хуралдаан дээр Р.Э нь: хүү авах гэж шуналтаад ахдаа ч хэлэлгүй Б.Мд мөнгө зээлсэн гэж хэлсэн, мөн Б.Мын данс руу Э.Агаар 40.000.000 төгрөг шилжүүлүүлсэн хүн нь ч Р.Э. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогддог. Үүнд:

Э.Агийн 40.000.000 төгрөгийг Б.Мын өмнөөс төлж барагдуулаад хохирогч болон хувирсан этгээд бол Р.Э,

Маргаж буй 40.000.000 төгрөг нь Э.Агийн мөнгө гэдэгтэй маргах хүн байдаггүй,

Р.Э нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлтээр Э.Агийн 40.000.000 төгрөгийг залилан авсан,

Б.Мд залилуулсан гэх өргөдлийг цагдаад гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө Б.Мд өртэй болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож, түүнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр гүтгэсэн Р.Нгийн мэдүүлгийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй гэж үзэж байна.

2. 893 тоот шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хохирогч Б.Цийг “зээл чөлөөлж, бизнес эрхэлж байгаа, 10.000.000 төгрөгийн хүү 1.061.000 төгрөг болно.” гэж хуурч нийт 20.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогчийн мэдүүлэг /3хх 19-20, 8хх 110/, гэрч Р.Нгийн мэдүүлэг /3хх 27-28/ Б.Цаас Б.Мын данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн банкны орлогын баримт /3хх 30-31/, Б.Мын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /3хх 42/ зэрэг нотлох баримтуудаар, ... мөн шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Цийн түүний данс руу шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг “би Б.Ц гэдэг хүнийг танихгүй, Р.Н нь мөнгө зээлж, надад өгөх өрөндөө над руу шилжүүлүүлсэн” гэж мэдүүлдэг боловч энэ нь хохирогч Б.Цийн “2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Б.М надад мөнгө зээлүүлээч гэсэн хүсэлт тавьсан. Р.Н мөн энэ их боломжийн та ороод үзээч гэсэн. Тэгээд би Б.Мтай уулзахад 10.000.000 төгрөгийн хүү нь 1.061.000 төгрөг болно гэхээр нь би зөвшөөрөөд яг тэр үед надад мөнгө байхгүй байсан тул Р.Нгээс 5.000.000 төгрөгийг зээлж, бэлнээр Мын Худалдаа Хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн, үлдсэн 15.000.000 төгрөгийг маргааш нь цалингийн зээл авч, мөн дээрх данс руу шилжүүлсэн ...Р.Нгээр дамжуулж хүү гэж 6.076.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг, гэрч Р.Нгийн “Б.М яаралтай өндөр хүүтэй мөнгөний хэрэг гарахаар над руу ярьж мөнгө байна уу, зээлэх хүн байна уу холбож өгөөч гэдэг байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сард Б.Мыг Б.Цтай уулзуулаад, 20.000.000 төгрөг зээлж авахаар болсон” гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байна. ...” гэжээ. /хуу-41, 42/

Шүүгдэгч Б.М нь анхнаасаа хохирогч Б.Цийг танихгүй, уулзаагүй, түүнээс нэг ч төгрөг аваагүй, Р.Нгээс өрөө авсан гэдгээ хэлсэн байдаг. /шүүх дээр анх удаа харсан/ Энэ нь дараах байдлаар тогтоогддог. Үүнд:

а/ Б.Ц нь шүүгдэгч Б.Мыг хэрхэн, яаж таньдаг болсон, яагаад нийт 20.000.000 төгрөг шилжүүлсэн талаараа зөрүүтэй мэдүүлсэн. /3хх-19, 21/

б/ 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орлогын ордерын хэнээс гэсэн хэсэгт: Р.Н, төлбөрийн зориулалт гэсэн хэсэгт: Б.Цаас зээл гэж бичигдсэн.

2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орлогын ордерын хэнээс гэсэн хэсэгт: Н буюу Р.Н, төлбөрийн зориулалт гэсэн хэсэгт: Н-с гэж бичсэн. Өөрөөр хэлбэл, Р.Н нь Б.Мд өгөх өрөө төлөхийн тулд Б.Цаас 20.000.000 төгрөг зээлж авсан.

в/ Б.Ц нь зээлүүлсэн 20.000.000 төгрөгийнхөө хүүг Р.Нгээс авч байсан. Р.Н нь мэдүүлэгтээ: Б.М нь Б.Цид өгөх хүүгээ надаар дамжуулдаг байсан гэдэг боловч Б.Маас Р.Нд мөнгө төгрөг өгч байсан гэх нотолгоо байхгүй.

г/ Шүүгдэгч Б.Мтай ашиг сонирхлын зөрчилтэй, түүнд өгөх ёстой өрөө Б.Цаас зээлээр авч өгсөн, түүнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр гүтгэсэн Р.Нгийн мэдүүлгийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон.

3. 893 тоот шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хохирогч Ү.Уийг “өндөр хүүтэй богино хугацаатай мөнгө зээлнэ” гэж хуурч нийт 32.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогчийн мэдүүлэг /3хх 69-70/, гэрч Г.Огийн мэдүүлэг /2хх 77, 8хх 121-122/, гэрч Т.Бын мэдүүлэг /3хх 79-81/, Т.Бын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 92-93/, Б.Бын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 94/, Г.Огийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 98/, Б.Мын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 102-108/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 109-110, 10хх 82-83/ зэрэг нотлох баримтуудаар, ... хохирогч Ү.Уийн хувьд мөн адил Т.Боос 20.000.000 төгрөг, Г.Огийн нөхөр Б.Бын данснаас 9.000.000 төгрөг тус тус Б.Мын данс руу шилжүүлүүлсэн байх боловч гэрч Т.Б, Г.О, хохирогч Ү.У нарын мэдүүлгээр Ү.У нь өөрийн найз Т.Б, Г.О нараас зээлж, Б.М руу шилжүүлүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон, 9.000.000 төгрөгийг Г.Од, 20.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр Т.Бт тус тус төлж барагдуулсан байх бөгөөд Б.Мын гэмт үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан хүн нь хохирогч Ү.У мөн байна. ...” гэжээ. /хуу-41, 42/

Хохирогч гэх Ү.Уийн цагдаад гаргасан өргөдөл, гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, үнэн зөв эсэх нь эргэлзээ төрүүлдэг. /3хх 64, 68, 72/ Г.О, Т.Б нараас Б.Мын данс руу мөнгө шилжүүлсэн, харин түүнийг нь Ү.У төлж барагдуулаад маргаж буй эрүүгийн хэрэгт хохирогч болсон.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Ү.У нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлтээр Г.О, Т.Б нараас 29.000.000 төгрөгийг нь залилан авсан үндэслэл бүхий эргэлзээ харагддаг.

Тухайлбал: 3 дугаар хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд авагдсан гэрч Т.Бын мэдүүлэгт “Ү.У нъ 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг зээлүүлээч гэсний дагуу би зээлүүлсэн. Дараа нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг зээлүүлээч манай ээжийн данс руу хийчих гээд Б.Мын дансыг өгсөн. Би тэр үед Б.М гэж Ү.Уийн ээж биш гэдгийг мэдээгүй шилжүүлсэн.

Би 2019 оны 11 дүгээр сард ийм их мөнгө хүүтэй зээлээд яах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь Ү.У надад асуудалгүй өөрийн хар толгойгоор хариуцна юу ч болсон чамайг хохироохгүй гэж надад хэлсэн.

...Би өгсөн мөнгөө авмаар байна. Ү.У нь надаас мөнгө авахдаа манай ээжийн данс руу хийчих гэж хэлсэн. Тухайн үед би ээжийг нь Б.М гэдэг юм байх гэж бодсон.

...Надаас бараандаа хэрэглэх гэсэн юм. Би ахиухан бараа татмаар байна гэж хэлээд авсан.” гэж байдаг.

Ү.Утэй холбоотой асуудлын талаар анхан шатны шүүх бодитой, үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

4.000.000 төгрөг, 4.500.000 төгрөг, 5.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг буюу нийт 18.500.000 төгрөгийг Ү.Ут өгсөн болох нь дансны хуулга, Ү.Уийн өөрийнх нь мэдүүлгээр нотлогдож байхад Б.Маас 22.000.000 төгрөг гаргуулж Ү.Ут олгохоор шийдвэрлэсэн гомдолтой байна.

4 . 893 тоот шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч Э.Сыг “авах гэж байгаа зээл дээрээ нэмээд 100.000.000 төгрөгийн зээл аваад өг, мөнгийг чинь 10 хувийн хүүтэй өсгөөд өгье” гэж хуурч, 90.000.000 төгрөгийг бэлнээр 10.000.000 төгрөгийг дансаар буюу нийт 100.000.000 төгрөгийг авч залилсан болох нь хохирогчийн мэдүүлэг /8хх 98-99/, гэрч Б.Эын мэдүүлэг /8хх 125-127/, гэрч Э.Бын мэдүүлэг /8хх 114-115/, гэрч Б.Бийн мэдүүлэг /11хх 124-126/, зээлийн гэрээ /3хх 140-147/ Э.Эын Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны данснуудын дэлгэрэнгүй хуулга /3хх 184-189, 6хх 67-77, 78-117, 161-168/, Э.Сын Хаан, Худалдаа хөгжлийн банк,  Голомт банкны данснуудын дэлгэрэнгүй хуулга /5хх 198-209, 6хх 49-66, 8хх 145-149/ зэрэг нотлох баримтуудаар, ...  шүүгдэгч Б.М нь Э.Саас 90.000.000 төгрөг бэлнээр аваагүй, 10.000.000 төгрөгийг над руу шилжүүлсэн боловч би тэрийг тэдний эхнэрээс авах авлагадаа суутгаж авсан гэж маргаж байгаа боловч хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.Э, Э.Б, Б.Б нарын мэдүүлгээр “тухайн үед Э.Сыг банкнаас 230.000.000 төгрөгийн зээл авах үед Б.М нь банкин дээр хамт байсан”, мөн тухайн үед байсан банкны ажилтан Б.Б нь “Э.С нь 90.000.000 төгрөгийг бэлнээр авсан” гэж мэдүүлдэг, мөн салбарын захирал Э.Б нь “тухайн үед Б.М нь машинтай явж байсан, арын суудалд Э.С нь эхнэртэйгээ сууж явсан, гэртээ хүргүүлсэн” талаар мэдүүлдэг. Эдгээр нотлох баримтууд болон хохирогч Э.Сын мэдүүлэг зэргийг харьцуулан, нотлох баримтуудыг магадлан, дотоод итгэлийг удирдлага болгон Б.Мыг Э.Саас 100.000.000 төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан байна гэж дүгнэв. Мөн энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “Голомт банкнаас 230.000.000 төгрөгийн зээл авахдаа бүрдүүлж өгсөн баримтууд, зээлийн хувийн хэргийг нотлох баримтаар хэрэгт хавсаргуулах, мөн зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж байсан банкны эдийн засагчийг гэрчээр асуулгах” зэрэг хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно....” гэжээ.

Хохирогч гэх Э.Сын цагдаад гаргасан өргөдөл, гэрч хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Б.Эын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, үнэн эсэх нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх зөвхөн 8 дугаар хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон.

♦ 3хх 139 Э.Сын цагдаад гаргасан өргөдөл,

♦ 3хх 150 Э.Сын хохирогчоор өгсөн мэдүүлэг,

♦ 3хх 153 Э.Сын гэрчээр өгсөн мэдүүлэг,

♦ 3хх 156 Б.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг,

♦ 3хх 198 Э.Сын хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг,

♦ 5хх 22 Э.Сын хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгт авагдсан байхад ямар үндэслэлээр, яагаад үнэлж дүгнээгүй болохоо дурдаагүйд гомдолтой байна.

Э.С нь залилуулсан 100.000.000 төгрөгөө шүүгдэгч Б.Мд хаана өгсөн талаараа “Голомт банкны Цамбагарав салбарын зогсоол дээр, Голомт банкны Цамбагарав салбарын үүдэнд, Зайсанд, Улаанбаатар сувиллын хажууд” гэх мэтээр,

2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Голомт банкны Цамбагарав салбараас хэдэн төгрөг авсан талаараа “100.000.000 төгрөг авсан, 230.000.000 төгрөгийн зээл аваад тухайн мөнгөнөөс 100.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 230.000.000 төгрөг банкнаас аваад 100.000.000 төгрөг бэлнээр өгсөн, 100.000.000 төгрөг бэлнээр аваад, маргааш нь 130.000.000 төгрөг дансаар авч байсан, 90.000.000 төгрөг дансаар авч байсан” гэх мэтээр,

мөнгө өгч байхад машин дотор хэн хэн байсан тухайд “манай эхнэр, Б.М бид гурав байсан, манай эхнэр, Б.М, Цамбагарав Голомт банкны захирал Э.Б бид дөрөв байсан, Э.Быг би машинаараа Зайсанд хүргэж өгсөн, бид хоёр Улаанбаатар сувиллын хажууд манай гэрийн үүдэнд машин зогсох үед ууттай мөнгөө үлдээгээд буусан” гэх мэт олон янзаар мэдүүлдэг.

5. Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч нар урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу хэлэлцүүлэг болсон боловч хүсэлтүүдийг хянан шийдвэрлэлгүй орхигдуулсан, гэм буруугийн шүүх хуралдаан дээр хүсэлтээ дахин гаргахад хангахгүй орхилоо гэж хэлээд шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн.

Эдгээрийг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгч Б.М болон хоёр өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй талаар Б.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаардаг бөгөөд хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатайгаараа онцлогтой.

Ийм ч учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолбол зохих байдлын нэг гэж үзэн заавал нотолсон” байхаар хуульчилжээ.

Хэргийн нөхцөл байдал болон Б.Мын дансны хуулганаас харахад ихэнх хохирогч нь Б.Мтай өглөг, авлагын тооцоотой байсан атлаа тэр дундаасаа тодорхой мөнгөн дүнг сонгон авч гомдол гаргасан байдал харагдаж байна.

Хэдийгээр тэдгээр хохирогч нар нь хохирсон гэж мэдүүлж байгаа боловч Б.Мын болон тухайн хохирогч нарын эзэмшдэг бүх банкны дансны хуулгыг хохирогч тус бүр дээр тулган, харьцуулж шалгаагүйгээс хоорондын гүйлгээ нь үнэн зөв тогтоогдоогүй байна. Тухайлбал:

1. Хохирогч Э.Сын талаар: Хохирогч Э.С нь Голомт банкны Цамбагарав салбараас 230.000.000 төгрөгийн зээл аваад 100.000.000 төгрөгийг Б.Мд зээлсэн гэдэг боловч хаана, хэзээ, яаж өгсөн талаараа удаа дараа зөрүүтэй мэдүүлсэн байдаг.

Э.Сын эхнэр Б.Э гэрчээр мэдүүлэхдээ ч удаа дараа худал мэдүүлсэн байдаг.

Э.С, Б.Э нар нь Б.Маас 180.000.000 гаруй төгрөг аваад одоог хүргэл төлөөгүйн улмаас Б.М нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүссэн байдаг.

Энэ нөхцөл байдлыг мөрдөгч, прокурор, шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. Хохирогч Ү.Уийн талаар: Хохирогч Ү.Уийн гуйлтаар Т.Б, Г.О нар нь Б.Мын дансанд мөнгө шилжүүлсэн гэдэг боловч Б.М нь Т.Б, Г.О нарын дансанд мөнгө шилжүүлж байсан байдаг.

Мөрдөгч нь Б.Мын дансны хуулганд үзлэг хийхдээ эдгээр гүйлгээг илрүүлж чадаагүй бөгөөд түүний бүхий л гүйлгээг хуулж бичсэн болохоос хэний данс руу хэдэн төгрөг шилжүүлснийг нь огт тодруулаагүй байна.

Гэтэл хохирогч Ү.У нь Т.Б, Г.О нарын шилжүүлсэн мөнгийг бүтнээр нь нэхэмжлээд, бүтнээр нь хохирогчоор тогтоогдчихсон байдаг. Б.М нь Т.Б, Г.О нарын дансанд мөнгө шилжүүлснээс гадна Ү.Уийн данс руу мөнгө шилжүүлж ямар нэгэн өглөггүй байхад түүнийг залилсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Ү.У нь шүүх хуралдаан дээр “8.500.000 төгрөг авсан, 10.000.000 төгрөг миний данс руу орсон асуудлыг банкны байгууллагаар шалгуулна” гэж мэдүүлсэн 8.500.000 төгрөгийг хасалгүйгээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

3. Хохирогч Р.Эы талаар: Хохирогч Р.Э нь энэ хэрэгт анх бусдыг уриалан гомдол гаргасан Р.Н гэгчийн төрсөн дүү.

Р.Н нь анх Б.Мтай муудалцсаны улмаас өөрийн найз нөхөд, дүү зэрэг хүмүүстэй нийлэн Цагдаагийн байгууллагад гомдол гарган Б.Мыг шалгуулсан байх бөгөөд энэ хугацаанд Б.М нь Р.Нг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган гурван шатны шүүхийн шийдвэрээр Б.М авлагатай болох нь тогтоогдож, Р.Нг залилсан гэх хэрэг хэрэгсэхгүй болж байжээ.

Р.Н өөрийн дүү Р.Эаар, Р.Э нь найз Б.Цаар тус тус Б.Мын данс руу хийлгэсэн мөнгө нь одоо залилан болоод явж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй төдийгүй үндэслэлгүй байна.

4. Хохирогч Б.М, Д.Ч, О.Ш, И.М, Г.Б нарын талаар: Эдгээр хохирогч нараас зээлж авсан мөнгөөрөө Б.М нь хүмүүсийн зээлийг хаасан, заримд нь зээлсэн байдаг.

Эдгээр нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн л дутуу шалгасан бөгөөд Б.Мын дансны хуулгаар хэний мөнгө, хаашаа орсныг тогтоох боломжтой байхад шалгаагүй байна.

Эдгээр нөхцөл байдлуудаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлууд бүрэн гүйцэд нотлогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Хоёр: Прокурор, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн талаар.

Б.Мын өмгөөлөгч Г.Мөнхбат нь хэргийг прокурорын хяналтын шатанд хянагдаж байх хугацаанд мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол гаргасан байна. Гэтэл гомдлыг дүүргийн ерөнхий прокурор хянаж байх хугацаанд хэрэгт хяналт тавьж байгаа прокурор нь яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хууль бусаар хязгаарласан үйлдэл болсон байна.

Нэгэнт хэргийг шүүхэд шилжүүлсэнтэй холбогдон дүүргийн ерөнхий прокурор нь өөрийн хянаж байсан гомдлыг шийдвэрлэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж “гомдлыг яллах дүгнэлт гардуулсны дараа гаргасан гомдол” хэмээн хууль буруу тайлбарлан хэрэглэж шүүх рүү шилжүүлсэн нь хэргийн материалд авагдсан байна.

Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн боловч анхан шатны шүүх хүлээж авалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь прокурорын хууль зөрчсөн, оролцогчийн хуулиар олгогдсон эрхэнд халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоогоогүй, хэргийн оролцогчийн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан мөн л хууль бус үйлдэл, үйл ажиллагаа болсон байна.

Миний бие уг хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж эхлээд гэм буруугийн шүүх хуралдаанд оролцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулах саналыг гаргасан боловч хүлээн аваагүй болно.

Эдгээрээс дүгнэхэд Б.Мтай нэгэн үед гэр бүлийн найзууд байсан Р.Н, Э.С тэргүүтэй Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийн төгсөгч хэсэг этгээдүүд давуу байдлаа ашиглан, урьдчилан үгсэн тохирч, урьд өмнөх өглөг авлагын тооцоог санаатайгаар мушгин, хохирогчийн дүрд хувилж хуулийн хамгаалалтад орж, дур зоргоороо худал мэдүүлэг өгч, хэргийн бодит байдлыг тогтоолгохгүйгээр, оролцогчийн эрхийг зөрчүүлэн, Б.Мыг ганцаардуулж хилсээр ял шийтгүүлэхэд хүргэсэн гэж үзэхээр нөхцөл байдал өрнөсөн байна.

Ийм ч учраас Б.М өөрийгөө хамгаалахын тулд шүүхийн шатанд хүсэлт гарган хэргийн материалтай танилцаад хохирогч нарын мэдүүлгийн зөрүү, хохирлын тооцооны алдааг шүүх хуралдаан дээр хангалттай илэрхийлсэн болно.

Гэвч хэрэгт нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдоогүй буюу ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг бүрэн шалгаагүй, яллах цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон нотлох баримтуудыг тэгш бүрдүүлээгүй, хэт нэг талыг баримталсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/893 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Ү.У давж заалдах гомдолтой танилцаад гаргасан тайлбартаа: “...миний бие шүүгдэгчтэй найз нөхдийн харилцаатай байж байгаад 32.000.000 төгрөг өгч залилуулснаар одоог хүртэл мөнгө санхүү, сэтгэл санаа, цаг хугацаа гээд бүхий л зүйлээрээ хохирсоор 5 жилийн нүүрийг үзэж байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мд 4 жилийн ял оногдуулсан нь багадсан гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.М нь найз нөхдийн харилцаагаа ашиглан миний итгэл үнэмшлийг урвуулан ашиглаж залилчихаад одоо хүртэл түүндээ гэмшиж, ойлгосон шинжгүй, мөнгөө өгөх санаа сэтгэл байхгүй, намайг бас бусад хохирогчдыг басамжилсан маягтай ярьж байгааг нь харахад энэ хүнд гэм буруугаа ухаарч байгаа өчүүхэн ч шинж алга.

Иймд Б.Мд оногдуулсан ялыг хүндрүүлж өгнө үү. Мөн хохирол болох 22.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хохирогч Ү.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М надад өглөг байхгүй гэж яриад байна. Би 2019 оны 9 дүгээр сард өгсөн хохирлын мөнгөн дүн дээрээ хэрэг үүсгээд хохирогчоор явж байгаа. Тэр хооронд миний Хаан банкны эзэмшлийн ганц байдаг данс руу 4.500.000 төгрөг, Б гэх хүний данс руу 4.000.000 төгрөг орсон. Б.М баахан банкны дансны хуулга гаргаж ирээд мөнгө өгсөн гэж яриад байгаа боловч хэзээ, хэний данс руу, хэдэн төгрөг шилжүүлсэн болох нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхэд огт тогтоогдоогүй, яригдаагүй. Нийт 32.000.000 төгрөгөөс 8.500.000 төгрөг өгсөн. 10.000.000 төгрөг миний дансанд нэг удаа орж ирээд 5 минутын дараа буцаж гарч явсан байсан. Уг мөнгийг би огт мэдээгүй бөгөөд 2021 оны шүүх хуралдааны үед дансны хуулгаа хараад анх мэдсэн. Тэрнээс хойш огт мөнгө төлөөгүй, өгөөгүй, өгөх ямар ч эрмэлзэл байхгүй. Худал, үнэн зүйл ярьж 5 жил болж байна. Бид энэ хугацаанд цаг хугацаа, сэтгэл санаа, эд баялаг, бүхий л зүйлээрээ хохирсон байхад ямар ч гэмшсэн юмгүй байгаад гомдолтой байна. Иймд хэргийг хурдан шийдвэрлэж, хохирлыг барагдуулж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Мгийн өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М тухайн зээлийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлсэн бөгөөд 5 жилийн хугацаанд 110.000.000 төгрөгөөр хохирч байна. Эн хугацаанд шүүгдэгч Б.Маас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөнгө авсандаа маргадаггүй гэдэг боловч тухайн төлбөрийг хэрхэн, яаж төлөхөө илэрхийлдэггүй. Иймд их хэмжээний хохирол болон сэтгэл санааны хохирол учирсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Ү.Уийн өмгөөлөгч Б.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг хохирогч нараас биш Б.Маас өөрөөс нь болж 5 жил болж байна. Анхан шатны шүүх хуралдаанд ороод “Надад хэлэх үг нэг ч байхгүй” гээд хэргийг мөрдөн байцаалтад буцааж байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хэрэг биш гэж ярьж байгаа боловч шүүхээс хэргийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн зүйлчлэл зөв. Хохирлыг маш нарийн тооцсон бөгөөд хүн авсан, өгсөн мөнгөө мэдэхгүй байна гэж байхгүй. Харин шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна. Хохирогч нар шүүгдэгчийг нялх хүүхэдтэйг нь бодоод давж заалдах гомдол гаргаагүй. Өөрөө санхүүгийн боловсролтойгоо ашиглан өчнөөн олон хүнийг залилсан, маш зальтай хүүхэн. Түүнээс болж хохирогч нар маш их чирэгдсэн. Хэрэгт дахин шалгах зүйл байхгүй буюу шүүх хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна.” гэв.

Хохирогч Э.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М надаар зээл авахуулж байгаад 100.000.000 төгрөгийг нь бэлнээр авсан. Гэтэл огт аваагүй мэтээр ярьж байна. Би Б.Мтай найз байсан бөгөөд их итгэдэг байсан учраас тухайн үед гарын үсэг зуруулаагүй. Надад 130.000.000 төгрөгийн зээлийн шаардлагатай байсан үед Б.М банкны эдийн засагч учир миний зээлд зөвлөгөө өгч, “Чи 100.000.000 төгрөг нэмээд авчих, тэрийгээ найздаа өгчих, тэгээд 10 хувиар нь хүүгээ төлөөд явчих” гээд надаар 230.000.000 төгрөгийн зээл авахуулсан. Улмаар 100.000.000 төгрөгийнхөө заримыг бэлнээр, заримыг дансаар шилжүүлж авсан. Түүнээс хойш би зээлийг нь төлсөөр байгаад дуусгасан. Одоо маш их гомдолтой байна.” гэв.

Хохирогч Р.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад дээр А гэх манай найзын асуудал яригдаж байна. Би өөрөө 60.000.000 төгрөгийн хохиролтой. А 40.000.000 төгрөгийг Б.Мын данс руу шилжүүлсэн. Тухайн үед Б.М “Нэг өдрийн өмнө ч гэсэн өгчих” гээд надаас яаруулаад байсан тул “Найзаасаа аваад өөрийнх нь данс руу хийе” гэхэд “Үгүй, одоо яаралтай шилжүүл” гэсээр байгаад “Тэгвэл би найзынхаа данснаас шилжүүллээ шүү” гэж хэлээд шилжүүлсэн. А, М нар бие биенийхээ дугаарыг мэдэхгүй, царайг нь ч танихгүй,  хоёр биенээ огт харж байгаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэдэн төгрөг өгөх нь ойлгомжгүй, Э Агаа залилсан юм биш үү, хүүг нь авч идсэн гэж байна. Гэтэл би 60.000.000 төгрөгөөсөө нэг ч төгрөг буцааж аваагүй, надад хохирол барагдуулъя гэж хэлээгүй. 5 жилийн хугацаанд би Ад 40.000.000 төгрөгийг өөрөө төлж барагдуулсан ба энэ талаарх баримт хэрэгт байгаа. Тиймээс би өөрийгөө хохирогч гэж үзэж байна. Би өөрөө зээлье гэж зээлсэн болохоос “А чи зээлчихээ” гэж хэлээгүй. А энэ талаар мэдүүлэхдээ “Би найздаа зээлсэн, гэхдээ тэр хүний данс руу шилжүүлчих гэсэн болохоор шилжүүлсэн” гэдэг. Мөн Нтэй намайг холбож яриад байна. Өмнөх шүүх хуралдаануудад шүүгдэгч нь “Би Нгээс авлагатай, уг мөнгөө дүүгээс нь авах ёстой” гэж ярьдаг байсан. Н миний төрсөн ах бөгөөд надаас хувь хүн, тусдаа амьдралтай, тусдаа санхүүтэй. Нгийн мөнгийг би өгөх албагүй, 60.000.000 төгрөг миний мөнгө. Н энэ талаар мэдүүлэхдээ “Би ямар ч мөнгө өгчих гэж хэлээгүй, М бид хоёрын асуудал тусдаа” гэж хэлсэн. Ах, дүү гэдгээр нь ярьж залилсан болгож харагдуулах гээд байх шиг байна. Гэтэл өнөөдрийн энэ хэрэгт бидний ах, дүү хамаагүй.” гэв.

Хохирогч О.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хүүхдэд асар их итгэж байсан тул байраа өгсөн. “Дүүд нь ийм хэрэг гараад байна, 3 сар байраа түрээслүүлчих, би засаад өгье” гэсэн бөгөөд худын харилцаатай байсан тул итгээд өгсөн. Одоо би тэтгэврийн хүн, гэр бүлийн маань хүн хөгжлийн бэрхшээлтэй тул мөнгөө л авмаар байна. Б.М анхнаасаа худал ярьж явсан. Өөрийн хэлэх үгээ чөлөөтэй, санаснаараа хэлж, хэнийг яаж хуурах уу гэдгээ асар сайн мэддэг. Тийм учраас би хууртсан.” гэв.

Хохирогч Д.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 онд 120.000.000 төгрөг өгөөд 5 жил болж байна. Тухайн үед сарын дараа өгнө гэж хэлээд авсан ч 10.000.000 төгрөг буцааж аваад, үлдэгдлийг нь өгөөгүй. 2019 оноос хойш “авсан нь үнэн, өгөх нь үнэн” гэж байсан бол 2021 онд шүүх хуралдаанд “Надад мөнгө өгөх ёсгүй” гэсэн. Гэтэл өнөөдөр авснаа хүлээн зөвшөөрч өгнө гэж ярьж байна. Энэ бүх үйлдэл нь залилангийн шинжийг харуулж байх тул мөнгөө хурдан авмаар байна.” гэв.

Хохирогч Г.Бын өмгөөлөгч Д.Ариунзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй, хохирлын дүн зөрүүтэй гэж маргаж байна. Шүүгдэгч нь миний үйлчлүүлэгчээс 70.000.000 төгрөг зээлж, тодорхой хугацааны дараа 20.000.000 төгрөгийг буцааж өгсөн байдаг. 2022 оны 12 дугаар сард хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хохирогч, шүүгдэгч нарын дансанд тодорхой ажиллагаа хийхэд шүүгдэгчээс 8.000.000 төгрөгийг нэмэлтээр төлсөн нь гарч ирсэн тул 42.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тогтоосон. Гэтэл шүүгдэгч “Би Баас огт мөнгө зээлээгүй, огт уулзаагүй”, эсхүл “Би Бт 32.000.000 төгрөгийн өглөгтэй, шүүх, прокурор мөрдөн байцаалтын шатанд намайг хохироож байна, миний дансны хуулгуудаар бүх зүйл тодорно” гэдэг. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд би шүүгдэгчид хандан “Та хэдэн удаагийн гүйлгээгээр, ямар дансаар, хэдэн төгрөгийг, яаж төлсөн бэ. Та энэ талаарх баримтаа шүүх хуралдаанд баримтаар гаргаж өгсөн үү” гэж асуухад “Надад баримт байхгүй” гэж хариулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шүүгдэгчид оногдуулсан 4 жилийн хорих ялыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас дансны хуулгад дутуу үзлэг хийснээс болж хохирлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй гэж байна. Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шүүгдэгч, хохирогч нарын арилжааны банкны дансны хуулгад үзлэг хийхэд шүүгдэгчээс заримыг нь буцаан төлж, заримыг нь төлөөгүй үлдэгдэлтэй байсан. Үүний агуулгыг яллах дүгнэлтийн хавсралтад тодорхой тусгасан. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтоосон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Нөгөөтээгүүр, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гомдол, хүсэлтийг хязгаарласан, хэргийн үйл баримтыг нотлон тогтоогоогүй гэж байгаа боловч хэргийн бодит байдлыг хангалттай тогтоосон төдийгүй прокуророос хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь хохирогч Р.Эыг “1 сарын хугацаатай 18 хувийн хүүтэй зээлье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 811 дүгээр салбараас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 40.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөгийг буюу нийт 60.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч Р.Эы “...Миний хувьд энэ хэргийн яллагдагч Б.Мыг 2016 оноос хойш мэддэг болсон бөгөөд манай төрсөн ах Нтэй танил гэдгээр нь мэдэх болсон. Би Мд анх 2017 онд байхаа 10,000,000 сая төгрөгийг хүүтэй зээлээд тэр мөнгөө гүйцэт өгсөн. Мөн 2019 оны 8 дугаар сард 15,000,000 төгрөг хүүтэй зээлээд, хугацаанд нь мөнгөө хүүтэй нь өгөөд миний итгэлийг олж авсан байсан. Үүний дараа 2019 оны 10 дугаар сарын 04-нд надаас хүүтэй мөнгө зээлээч гээд 40,000,000 төгрөг зээлсэн. Тухайн үед мөнгө байгаагүй тул би найз Э.Ад хэлээд түүний данснаас шууд 40,000,000 төгрөгийг Мын дансанд хийлгэсэн. Үүний дараа мөн 2019 оны 10 дугаар сарын 22-нд нэмээд байгаа боломжоороо мөнгө зээлээч гэхээр нь би өөрийн биеэр бэлэн мөнгө банкинд аваачаад Мын нэр дээрх Худалдаа хөгжлийн дансанд 20.000.000 төгрөг хийсэн. Ингээд нийт 60,000,000 төгрөг Мд өгсөн. Үүнээс би нэг ч төгрөг аваагүй. Би Агаас авсан 40,000,000 төгрөгөө төлөөд одоо 2.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ нь дансны хуулга баримтаар тогтоогдоно. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үед тухайн хоёр зээлийн хугацаа дуусах үед М руу холбогдоход эхний долоо хоногт өдөр бүр ярихад маргааш өгнө гэдэг байсан. Тэгээд дараа долоо хоногоос утсаа авах нь цөөрч өдөрт 10 орчим залгаж, мессеж бичнэ, тэгээд утсаа аваад “яг баталгаатай 5 хоногийн дараа шийдэгдэнэ, зээл бүтээж байгаа, тэр зээл бүтэхээр мөнгийг чинь шилжүүлнэ” гэдэг байсан. Тэгээд тэр байдлаараа би залгахаар утсаа авдаггүй, утаснаас нь автоматаар "завгүй байна" гэсэн мессеж ирдэг байсан. Зөрүүлээд мессеж бичихээр хариу өгдөггүй. Ийм байдлаар 2020 оны 1 дүгээр сарын эхэн хүртэл явсан. Энэ хугацаанд дундуур нь Мтай 2 удаа биечилж уулзаж байсан. Эхний удаа нь Мыг хайж байгаад Сансарын тунелийн зүүн талд байрлах хуучны угсармал 9 давхар байранд байрлах гэрт нь уулзаж байсан, тэгэхэд надад гар утсан дээрээсээ нэг гэрээ үзүүлээд энэ гэрээ гарын үсэг зурагдаад бэлэн болох үед чиний асуудлыг шийднэ гэсэн. ... Ийм байдлаар худлаа яриад яваад байхаар нь би 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл бичиж өгсөн. Цагдаад өргөдөл өгснөөс М надад “чи өөрөө мөнгөө авч чадахгүй байдалд хүрлээ, одоо надад чамтай харьцаад байх зүйл байхгүй, чи явдаг газраараа яваад юм олж аваарай” гэж хэлсэн. Манай ах Н бид хоёрын дунд мөнгө төгрөгийн өглөг авлагын асуудал байхгүй. М надад нэг ч төгрөг өгөөгүй. ...” /8хх 92-96/,

гэрч Э.Агийн “...2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Э над руу залгаад "мөнгө байгаа юу?, ойрын хугацаанд зээлэх боломжтой байна уу" гэж асуухаар нь би "хэдэн төгрөг” гэж асуутал “40,000,000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь "хэр удаан хугацаанд зээлэх юм бэ?" гэтэл “цаад тал нь 49 хоногт буцаагаад төлж барагдуулъя, боломж байвал 1 сая, 2 сая төгрөг нэмээд өгчихье" гэж хэлэхээр нь "боломж гарвал би чам руу шилжүүлье, за яахав боломжтой бол мөнгө нэмээд өгчихнө биз” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 04-ний өглөө Э над руу залгаад "юу болж байна, мөнгө зээлэх боломж байна уу" гэхээр нь "мөнгө зээлэх боломж байна" гэж хэлтэл "би чам руу нэг дансны дугаар мессежээр явуулчихъя, М гэдэг хүний данс руу хийчихээрэй" гэж хэлээд ... дансны дугаар явуулсан. Би Худалдаа хөгжлийн банкны ... дугаарын данснаас ... дугаарын данс руу шилжүүлэх гэхэд М гэдэг хүний нэр гарч ирсэн. Би 40,000,000 төгрөгөө шилжүүлчихээд Э руу шилжүүлэг хийчихлээ гээд зургийг нь явуулсан. Би уг мөнгийг зээлэхдээ Этай ямар нэг гэрээ байгуулаагүй, яагаад гэхээр бид багын найзууд учраас найз нөхдийн итгэлцэл дээр үндэслэж зээлсэн. Би 40,000,000 төгрөгийг юунд хэрэглэх гэж байгаа талаар Эаас асуугаагүй, надад ч хэлээгүй. Зээлсэн мөнгөө буцааж өгөх 49 хоног өнгөрчихөөр нь Э руу залгатал надад мөнгөө өгөхөд арайхандаа боломж байхгүй байна, хугацааг нь жаахан сунгадаг юм уу гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2020 оны 01 сараас эхлэн зээлсэн мөнгөө өгч эхэлсэн, эхэн үедээ зээлийн хүү гэж шилжүүлээд байсан, би тэрийг нь ойлгоогүй ерөнхийдөө зээлсэн мөнгөнөөс нь хасагдаж байсан. Одоо зээлсэн мөнгөнөөс нь 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үлдсэн мөнгөө 4 сардаа багтааж өгнө гэж хэлсэн. ...” /3хх 37, 8хх 123-124/,

гэрч Р.Нгийн “...Э нь миний төрсөн дүү, надаар дамжуулж Мтай танилцаж байсан. Э Мд хүүтэй мөнгө зээлүүлээд буцааж авч байсан. ... Э Мд 60.000.000 төгрөг өгсөн, М утсаа авахгүй байна гэж хэлж байсан. ...” /8хх 119-120/ тус тус мэдүүлгүүд,

Б.Мын Худалдаа Хөгжлийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 135/, Р.Эы Голомт, Хаан банкны данснуудын дэлгэрэнгүй хуулга /8хх 151-157/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9хх 185-186/ зэрэг нотлох баримтуудаар,

хохирогч Б.Мг “зээл чөлөөлөх гэж байгаа, 10 хувийн хүүтэй тооцож буцааж өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 100.000.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны Хүүхдийн 100 салбараас 60.000.000 төгрөгийг буюу нийт 160.000.000 төгрөг шилжүүлэн аваад 50.000.000 төгрөгийг буцаан төлж, үлдэгдэл 110.000.000 төгрөгийг төлөлгүй залилсан болох нь:

хохирогч Б.Мгийн “...2019 оны эхээр М “дүү нь банкнаасаа гарчихсан банкныхаа найз нартайгаа нийлээд хүмүүсийн хуучин зээлийг нь чөлөөлөөд тэрийг нь төлөөд дахиж зээл авч өгдөг. Танаас би 50,000,000 төгрөг зээллээ гэхэд хоногийн 10 хувиар тооцоод 7 хоногт 3,500,000 төгрөг өгнө” гээд намайг ятгаж эхэлсэн. Би тухайн үед ажил ихтэй байсан учраас манай эхнэртэй ярь гээд хэлчихсэн байсан. Тэгээд манай эхнэр Бмаад надад ярьсан зүйлээ яриад итгэл төрүүлсэн байсан. Манай эхнэр судлаад материалтай танилцсан байсан. Эхнэр маань Мд мөнгө өгчих юм бол ашигтай юм байна, өндөр хүүтэй, хүүгээр нь амьдарчих юм байна гэж хэлэхээр нь би “за чи сайн судалсан юм байгаа биз дээ” гэж асуухад М өөрөө ирж бид хоёртой уулзана гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өглөө ажлын 7 хоногийн эхний өдөр М манай гэрт ороод ирсэн. Тэгээд надад ийм ажил хийж байгаа гээд банкин дээр байдаг зээлийн эдийн засагч нарын материал үзүүлсэн. Тэр материал жинхэнэ бодит эх хувиараа, зээлийн хурлаар орсон зээл чөлөөлж байгаа, хүлээгдэж байгаа гэсэн зэрэг материалууд үзүүлсэн. Би тэгэхээр нь зургийг дараад авъя гэхэд болохгүй, энэ бол банкин дээрээс гарах ёсгүй нууцын зэрэглэлтэй материал учраас зургийг нь дарж болохгүй гэсэн. Тэгэхээр нь би үнэхээр банкин дээр ажилладаг байсан, одоо ийм ажил хийдэг болсон юм байна гэж итгэсэн. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр М нь хүний зээл бүтээж өгнө гээд 50,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас өөрийн компани болох Си Эм Эл Бродерс ХХК-ийн ... данснаас Мын Голомт банкны ... данс руу шилжүүлсэн. Тэгсэн чинь манай компанийн нягтлан Бмаа яагаад компанийн данснаас шилжүүлсэн юм, 10 хувийн шимтгэл авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мд мөнгөө буцааж авъя, компанийн данснаас шилжүүлэхээр шимтгэл авдаг юм байна гэж хэлсэн. Тэгсэн М би мөнгийг үрсэн, маргааш би банкнаас таны данс руу шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 04- ний өдөр миний компанийн данс руу андуурсан гүйлгээ гэсэн утгаар 50,000,000 төгрөг ороод ирсэн. Энэ эхний 50,000,000 төгрөг өгөх үед би Маас барьцаа шаардах үед О гэдэг хүнийг дагуулж ирээд Баянгол дүүргийн Модны 2-ын тэнд байрлах байрыг барьцаанд тавьж үл хөдлөх дээр барьцаалбарын гэрээ хийлгэж байсан. Тэгээд андуурсан гүйлгээ гэж 50,000,000 төгрөг орж ирсэн даруйд М цуг явж байгаад Цамбагарав салбар дээр очоод миний данснаас мөнгө гаргуулах гэтэл бэлэн мөнгө 25.000.000 төгрөг байна гэхэд тэрийг аваад үлдсэн 25,000,000 төгрөгийг нь Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороололд байрлах Москва салбар руу банк хаасан байхад ороод 25.000.000 төгрөг бэлэн авсан. М дахиад надаас барьцаагүй 50,000,000 төгрөг нэмээд өгчих гээд тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нийт 100.000. 000 төгрөг Мд өгсөн. Би мөнгөө өгөх бүрдээ нотариатаар орж гэрээ хийдэг байсан. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр М яриад 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлэх шаардлага гарлаа гээд надаас 70,000,000 төгрөг өгөөч гэж хэлсэн. Тэгээд 10-ны өдөр нь яриад нөгөө зээл чөлөөлүүлэх хүн нь өөрөө 10,000,000 төгрөг олчихлоо гэнэ, та надад 60,000,000 төгрөг зээлүүлчих гэхээр нь би бүүр итгээд 10-ны өдөр нь нотариатаар орж 60,000,000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Нийт 160,000,000 төгрөг Мд зээлүүлсэн. Тэгээд байраа барьцаанд тавьж зээл авсан О нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээлээ хүүтэй нь надад 55,000,000 төгрөг өгч зээл хаасан. Одоо би Мд залилуулсан 110,000,000 төгрөгөө авмаар байна. ...” /8хх 103/,

гэрч Д.Бмаагийн “...Манай нөхөр бид хоёр 2011 онд байр авах гээд байрны зээл хөөцөлдөж явж байхдаа Голомт банкинд зээлийн эдийн засагч хийдэг байсан Б.М гэдэг эмэгтэйтэй танилцаад тэр эмэгтэй нөхөр бид хоёрт ажил хэргийн шугамаар үйлчилж зээл бүтээж өгсөн. Түүнээс хойш энэ хүнийг мэддэг болсон. Тэгээд тэр үеэс хойш огт холбоогүй байж байгаад өнгөрсөн 2019 оны 11 дүгээр сард гэнэт М над руу залгаад Т ах тантай ярь гэсэн юм, уулзах хэрэгтэй байна гээд намайг ажилтай байна гэхэд манай сургуулийн гадаа ирээд М надтай уулзсан. Ер нь бол анхандаа манай нөхөртэй яриад мөнгө төгрөг зээлэх гэхэд нь манай нөхөр завгүй байсан болохоор надтай уулзуулсан юм байна лээ. М нь надтай уулзаад “би Голомт банкнаасаа гараад Худалдаа хөгжлийн банкинд орж ажиллаж байгаад бас эрүүл мэндийн шалтгаанаас болоод гарчихсан, одоо гэртээ байж байх хугацаандаа урьдны харилцагч нартайгаа хамтраад хүмүүсийн зээлийг гаргаж өгч байгаа, мөн өөр 4 газарт санхүүгийн зөвлөх хийж байгаа гэж хэлсэн. Т ах та хоёроос өндөр хүүтэй мөнгө хугацаа багатай зээлээд хүмүүсийн үлдэгдэл зээлийг чөлөөлөөд дахин зээл авахуулж дундаас нь ашиг олох ажил хийнэ” гэж хэлсэн. Тэгээд тэр үедээ надад баахан бичиг баримт үзүүлээд энэ банкнаас гардаггүй нууц материал байгаа юм гэсэн. Тэгээд анх уулзахад ийм яриа болоод өнгөрсөн. Тэгээд хэд хоногийн дараа М яриад би танай нөхрийн сургуулийн гадаа ирчихсэн байна, та хүрээд ирээч гэхээр нь би явж очоод манай нөхөр, М бид гурав гурвуулаа уулзсан. Тэгэхэд М надад ярьсан зүйлээ дахиад л нөхөр бид хоёрт тайлбарлаж өгөөд салсан. Ер нь бол мөнгө хүүтэй өгөөд мөнгөө өсгөх боломжтой юм байна гэх итгэл төрсөн. Одоо бодоход М нь банкнаас гарчихсан ажилгүй, өөрөө ямар ч хүнд мөнгө гаргаж, зээл бүтээх бодит боломжгүй атлаа нөхөр бид хоёрыг залилж хуурч мэхэлж байсныг ойлгосон. Ингээд манай нөхрөөс сүүлд нь 2019 оны 12 дугаар сард эхэлж 50,000,000 төгрөг зээлж авч, тэр мөнгөө нэг хоногт буцааж дансанд хийж итгэл төрүүлээд, дараа нь 2 удаагийн үйлдлээр 110,000,000 төгрөгийн хүүтэй зээл нэрээр гэрээ байгуулан гэрээгээр халхавчилж залилж аваад одоог хүртэл өгөхгүй байгаа юм. Ийм л асуудал болсон. Ер нь бол М нь 2011 онд манай байрны зээлийг бүтээж өгсөн, 2013 онд манай нөхрийн компанийн зээлийг судалж байсан, 2014 онд Голомт банкинд ажиллаж байх үед нь мөн манай нөхөр машин авах гээд зээл хөөцөлдөхөд мөн зээл судалж байсан болохоор итгэсэн. Тийм болохоор М нь урьдны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан байна гэж бодож байна. ...” /2хх 51-53/,

гэрч Ц.Оы “...Миний хувьд хувиараа талх нарийн боовны чиглэлээр бизнес эрхэлдэг юм. Тэгээд эргэлтийн хөрөнгө шаардлага болоод М хуучны танилаасаа байраа барьцаалж байгаад хүүтэй мөнгө асуусан. Тэгээд М зөвшөөрөөд надад М гэдэг хүнтэй уулзаад гэрээ байгуулах шаардлагатай байна. Сүхбаатар дүүргийн замын эсрэг талд байрлах нотариатын байранд хүрээд ир гэж хэлээд би хэлснийх нь дагуу нотариатын байранд очиж байраа барьцаалаад 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 50,000,000 төгрөгийг М гээд хүнээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ хийж авсан юм. Тэгээд би Мгээс авсан 50,000,000 төгрөгийг миний хувьд хувийнхаа бизнест зарцуулсан. Мд ямар нэгэн байдлаар шан харамж өгөөгүй. Тэгээд миний хувьд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 19 цаг 26 минутад Худалдаа хөгжлийн банкны Хүнсний 50 дугаар дэлгүүрийн салбар дээрээс М рүү гэрээний дагуу 55,000,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Одоо миний хувьд М гэх хүнтэй ямар нэгэн харилцаа, өр зээл авлагын харилцаа байхгүй. ...” /2хх 64-65/ тус тус мэдүүлгүүд,

Б.Мын Голомт банкны дансны дэлгэрэнгүй хуулга /10хх 108/ зэрэг нотлох баримтуудаар,

хохирогч И.Мыг “тендерийн баталгаанд байршуулна, өдрийн 1 хувиар хүү бодоод 7 хоногийн дотор буцааж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотын банкны салбараас 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч И.Мын “... Би 2004-2008 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн банк санхүүгийн удирдлагын ангийг төгссөн. М манай ангид хамт сурч төгссөн, зүгээр л нэг ангийн хүүхдүүдийн харьцах холбоотой. Би 2014 онд Австрали яваад 2017 онд Монголд ирсэн, Мын фэйсбүүкийг харахаар, JCI-ийн хүмүүстэй нийлж амжилттай яваа юм байна гэж харсан. Тэрнээс Мтай байнгын харьцаа холбоотой байсан асуудал байхгүй. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр М над руу залгаад найз нь хувиараа компаниудад санхүүгийн зөвлөгөө өгч санхүүг нь хариуцдаг ажил хийж байгаа. Нэг тендерийн ажлын санхүүг нь хариуцсан чинь хөлөө хугалаад ажлаа хөөцөлдөж чадахгүй байна, олон хүний ажлыг алах гээд байна. Өнөөдөр яаралтай тендерийн баталгаа гаргуулах хэрэгтэй байна. Яаралтай 150-160 сая төгрөг хэрэгтэй байна, би мөнгийг чинь өдрийн 1 хувиар бодоод буцаагаад хүүтэй нь өгчихье, дээд тал нь 7 хоногийн дотор буцаагаад өгнө" гэхээр нь би “надад тийм их мөнгө байхгүй" гэтэл “хэд ч байсан хамаагүй ээ, боломжтой байгааг нь зээлье" гэж хэлэхээр нь “надад 10,000,000 төгрөг л өгөх боломж байна" гэж хэлтэл "тэгье, тэгье авъя” гэж хэлээд өөрийнхөө Худалдаа хөгжлийн ... дугаарын дансыг фэйсбүүкийн мессэнжерээр явуулсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн төрсөн ээж болох Ганцэцэгийн Улаанбаатар хотын банкны ... дугаартай данснаас Мын Худалдаа хөгжлийн 499251225 дугаарын данс руу 1112,35 ам доллараар 3 удаа, 370,78 ам.доллараар 1 удаа нийт 4 удаагийн гүйлгээгээр тухайн өдрийн ханшаар хөрвүүлбэл 10,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний доллар шилжүүлсэн. Мын данс нь төгрөгийн данс учраас төгрөгөөр орсон. Би 7 хоног өнгөрчихөөр нь М руу залгаад “ажил төрөл чинь болсон уу, мөнгөө хэзээ өгөх вэ" гэж асуухаар эхэндээ бол “нөгөө ажил болох гээд байгаа, мөнгө нь арай л сулраагүй байна" гэж ярьдаг байсан. Сүүл рүүгээ утсаа таслах юм уу, хуралтай байна, эргээд залгая гээд мессэж бичээд утсаа авдаггүй байсан. ...Би Мд 10,000,000 төгрөгийг зээлүүлэхдээ Маас ямар нэгэн барьцаа аваагүй, мөнгө өгсөн баримт үйлдэж аваагүй. Надад Мын данс руу 10,000,000 төгрөгийг доллараар шилжүүлсэн банкны хуулга байгаа. Би Мд өгсөн 10,000,000 төгрөгөө ээждээ бэлнээр нь төлж барагдуулсан. ... М надаас авсан мөнгөө тендерийн баталгаанд байршуулна гэж байсан. ...” /2хх 122-123, 8хх 101/ мэдүүлэг,

Б.Мын Худалдаа хөгжлийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 135/,

хохирогч Б.Цийг “зээл чөлөөлж, бизнес эрхэлж байгаа, 10.000.000 төгрөгийн хүү 1.061.000 төгрөг болно” гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны Энхтайван салбараас 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын өдөр 04-ний өдөр 15.000.000 төгрөгийг буюу нийт 20.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авснаас 6.076.000 төгрөгийг төлж, үлдэх 13.924.000 төгрөгийг төлөлгүй залилсан болох нь:

хохирогч Б.Цийн “...2017 онд би Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-д Захиргааны газрын захирлаар, Н ... газрын захирлаар ажиллаж байх хугацаандаа  Мтай санхүүгийн түнш гэдгийг нь мэдсэн. Н нь Мд мөнгө зээлүүлээд хүү авдаг, энэ их боломжийн  ажил, та мөнгө зээлүүлж хүү авч болно, 10, 10 сая төгрөгөөр зээлүүлж болдог гэж удаа  дараа санал тавьж байсан. ...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр М надаас "мөнгө зээлүүлээч, мөнгөний хэрэг гараад байна" гэсэн хүсэлтийг тавьж байсан. Мөн Н Мд мөнгөний хэрэг болчихсон байна, та энд орооч гэж хандсан. Би Мтай уулзахад “10,000,000 төгрөгийн хүү нь 1,061,000 төгрөг болно"  гэхээр нь би зөвшөөрөөд нөхөр бид хоёр 20,000,000 төгрөгийн цалингийн зээл аваад мөнгө зээлүүлье гэж хэлж тохироод цалингийн зээл хөөцөлдөөд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би Худалдаа хөгжлийн банкнаас 11,000.00 төгрөгийн цалингийн зээл авах, манай нөхөр Н Төрийн банкнаас 10,000,000 төгрөгийн цалингийн зээл авах материалаа бүрдүүлж өгсөн. Тэгтэл 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр М яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа гээд нэхээд байсан учраас би Нгээс 5,000,000 төгрөг зээлж Мын Худалдаа хөгжлийн банкны ... данс руу гүйлгээний утга нь Цаас зээл гэсэн утгатайгаар шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би Худалдаа хөгжлийн банкнаас 11.000.000 төгрөгийн цалингийн зээл авахаар гэрээ байгуулж, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр Төрийн банкнаас 10,000,000 төгрөгийн цалингийн зээл авахаар гэрээ байгуулаад 15,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн урд буюу Blue Sky Tower-т байрлах Худалдаа хөгжлийн банкны 811 Энхтайваны салбараас Мын ... дугаартай данс руу шилжүүлсэн. Нгээс М руу шилжүүлсэн 5.000. 000 төгрөгийг би бэлнээр өгсөн. Би Маас Нгээр дамжуулж 2 удаагийн хүүний мөнгө гэж 6,076,000 төгрөгийг авсан байгаа. 2019 оны 5 дугаар сараас эхлээд М хүү өгөхгүй, хүүгээ авъя гэхээр өнөөдөр маргааш төлнө гээд бүтэлгүй болж эхэлж байгаа нь илт мэдэгдсэн юм. 2019 оны 5-8 дугаар сарын хугацаанд мөнгөө шаргуу нэхэхэд жирэмсэн болчихлоо, хүүхэд зулбачихлаа, хорт хавдар тусчихлаа, бөө болчихлоо гэх зэргээр аргацаагаад яваад байсан. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2,940,000 төгрөгийг миний Голомт банкны данс руу Нгээс, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3,136,000 төгрөгийг миний Голомт банкны данс руу Нгэрс буюу нийт 6,076,000 төгрөгийг Нгээс хүүнд шилжүүлэн авсан байна. Би 3 жилийн хугацаанд энэ хэргийн хойноос явж байна, хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /3хх 19-20, 8хх 110/,

гэрч Р.Нгийн “...М яаралтай өндөр хүүтэй мөнгөний хэрэг гарахаар над руу ярьж "мөнгө байна уу, хэрэв байхгүй бол өндөр хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу, холбож өгөөч" гэж над руу холбогддог байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сард Мыг Цтай уулзуулаад 20,000,000 төгрөг зээлж авахаар болсон бөгөөд Ц тухайн мөнгийг хоёр хувааж Мын данс руу шилжүүлсэн бөгөөд шилжүүлгийн утган дээрээ миний нэрийг тавиад шилжүүлсэн байсан. Тухайн мөнгөний холбогдох хүү гэж нийт 3 удаагийн гүйлгээгээр 9,212,000 төгрөгийг М миний Худалдаа хөгжлийн банкны ... данс руу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 3,136,000 төгрөг, Голомт банкны ... данс руу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2,940,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3,136,000 төгрөг шилжүүлснийг би Цийн Худалдаа хөгжлийн банкны ... данс руу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2,940,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 24- ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 5.940.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /3хх 27-28/ тус тус мэдүүлгүүд,

Б.Цаас Б.Мын данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн банкны орлогын баримт /3хх 30-31/,

Б.Мын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /3хх 42/ зэрэг нотлох баримтуудар,

хохирогч Ү.Уийг “өндөр хүүтэй, богино хугацаатай мөнгө зээлнэ” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 13.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 19.000.000 төгрөгийг буюу нийт 32.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч Ү.Уийн “...2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Мын ятгалгаар нийт 13,000,000 төгрөгийг Баянгол дүүргийн 17, 18 хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн ба 3,000,000 төгрөгийг өөрийнхөө ... тоот данснаас, 10,000,000 төгрөгийг Б гэх найзынхаа 5058361577 тоот Хаан банкны данснаас Б.Мын Хаан банкны 5024786045 данс руу, мөн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б гэх найзынхаа данснаас 10,000,000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлүүлсэн. Хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр найз Огээр дамжуулуулан түүний нөхөр Бын ... тоот данснаас 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Б.М нь Голомт болон Улаанбаатар банкинд зээлийн эдийн засагчаар ажиллаж байхад нь танилцсан. Тэгтэл надтай холбогдож уулзаж байгаад өндөр хүүтэйгээр, богино хугацаатай мөнгө зээлмээр байна. Найдвартай буцааж өгнө гэж хэлэхээр нь би банкны эдийн засагч юм чинь гэж бодоод итгээд өгсөн. ...” /3хх 69-70/,

гэрч Г.Огийн “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр У над руу залгаад "найздаа мөнгө зээлүүлэх гэж байгаа юм аа, чамд мөнгө байгаа юу?” гэж асуухаар нь "байгаа" гэж хэлтэл 9,000,000 төгрөг зээлчих, сарын дараа өгье” гэж хэлэхээр нь би “хэний данс руу шилжүүлэх вэ” гэж асуутал над руу 1 дансны дугаар болон М гэх хүний нэрийг мессэжээр явуулсан. Тэгэхээр нь би нөхөр Бын Хаан банкны ... дугаарын данснаас 9,000,000 төгрөгийг М гэх хүний данс руу шилжүүлсэн. Би одоо бол дансны дугаарыг нь сайн санахгүй байна, бодвол Хаан банкны данс руу шилжүүлсэн байх гэж бодож байна. Тэгээд 1 сарын хугацаа өнгөрчихөөр нь Б.Уээс "мөнгөө авъя" гэтэл "М утсаа авахгүй байна” гэж хэлдэг байсан. Тэрнээс хойш 2019 оны 12 дугаар сарын дундуур У өөрөө миний Хаан банкны ... дугаарын данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр миний Хаан банкны ... дугаарын данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бид хоёрын өглөг авлагын асуудал дууссан. Ут 9,000,000 төгрөгийг ямар нэгэн хүүгүй зээлсэн, би Уээс 9,000,000 төгрөгийг юунд ашиглах гэж байгаа талаар сонирхоогүй, өөрөө ч надад юунд ашиглах гэж байгаа талаараа хэлээгүй. ...” /2хх 77, 8хх 121-122/,

гэрч Т.Бын “...2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 10 сая төгрөг зээлүүлээч гэсний дагуу би зээлүүлсэн. Мөн дараа нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 10 сая төгрөг зээлүүлээч гээд манай ээжийн данс руу хийчих гээд Мын дансыг өгсөн, тэр үед М гэж Уийн ээж биш гэдгийг мэдээгүй шилжүүлсэн. Өмнө нь У мөнгө зээлээч гэх үед хугацаандаа өгдөг байсан болохоор би 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай гэж хэлээд зээлүүлсэн, дахиад сунгуулж байсан. Тэгээд би 2019 оны 11 дүгээр сард ийм их мөнгө хүүтэйгээр зээлээд юу хийгээд байгаа юм бэ гээд асуусан чинь У надад манай найз М банкинд мөнгийг чинь цааш нь 30 хувийн хүүтэй зээлдэг, ашгаар нь би өөрийн оффшор данстай болох гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадах чинь ашигтай юм шиг харагдаж байгаа ч эрсдэлтэй юм байна, нөхөртөө хэлсэн ямар нэг асуудал гарахад өөрөө хариуцаж чадах юм уу гэж хэлсэн. Тэгээд надад асуудалгүй өөрийн хар толгойгоор хариуцна, юу ч болсон чамайг хохироохгүй гэж надад хэлсэн. Тэгээд 2020 оны 1 дүгээр сарын дундуур У надтай уулзаад нөгөө М гэх хүн нилээн их мөнгөний луйварчин болж таарсан, нөгөө мөнгийг чинь авч чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд намайг хамт цагдаад гомдол гаргая гэж хэлсэн. Би тэр үед өмгөөлөгч найзаасаа зөвлөгөө авахад чи Уээсээ л мөнгөө авна, тэгэхээр цагдаа дээр очих шаардлага байхгүй гэж хэлсэн. Тэгээд У надад зээлүүлсэн мөнгөнийхөө хүүг буулгаач гэж хэлсэн, тэр үед нь би 2020 оны 1 дүгээр сард би зээлүүлсэн мөнгөнийхөө хүүг зогсоосон, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Тэгээд л 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр надад 2,000,000 төгрөг өгсөн. Тэгээд сүүлдээ энэ мөнгийг чинь би аваагүй. Би энэ мөнгөнөөс чинь нэг ч төгрөг аваагүй, чи шүүх, цагдаагаараа яваад аваарай гэхээр нь би 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. ...” /3хх 79-81/ тус тус мэдүүлгүүд,

Т.Бын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 92-93/,

Б.Бын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 194/,

Г.Огийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 98/,

Б.Мын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 102-108/,

дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 109-110, 10хх 82-83/,

хохирогч Э.Сыг “авах гэж байгаа зээл дээрээ нэмээд 100.000.000 төгрөгийн зээл аваад өг, мөнгийг чинь 10 хувийн хүүтэй өсгөөд өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Цамбагаравт байрлах Голомт банкны салбараас 90.000.000 төгрөгийг бэлнээр, 5.000.000 төгрөгийг дансаар, 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар буюу нийт 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч Э.Сын “...Мын нөхөр Мтэй их сургуулийн найз нөхдийн холбоотой байж байгаад түүний эхнэр Мтай арваад жилийн өмнө танилцаж байсан. Бид нар гэр бүлийн найз нөхдийн холбоотой байсан. 2016 онд Улаанбаатар банкинд эдийн засагчаар ажиллаж байх үед нь Маар судлуулж 150,000,000 төгрөгийн зээл авч байсан. М нь миний санхүүгийн болон хувийн амьдралыг тэр чигт нь мэддэг, энэ үеэс хойш зээл авахдаа Маас санхүүгийн зөвлөгөө авдаг байсан. 2018 оны 12 дугаар сарын үед 130,000,000 төгрөгийн зээл авах хэрэгцээтэй байгаа талаар Мд хэлсэн. Үүнээс хойш 10-аад хоногийн дараа М надтай уулзаад чи 130,000,000 төгрөг дээрээ 100,000,000 төгрөг нэмээд авчих, үл хөдлөх хөрөнгийн чинь үнэлгээгээр 230,000,000 хангалттай авч болох юм байна, үүнээсээ 100,000,000 төгрөгийг нь надад өгчих, би сарын 10 хувийн хүүтэй өсгөөд өгье, би 10,000,000 төгрөгийг чинь зээл төлөх өдөр нь асуудалгүй өгчихнө. Тийм болохоор чи 2 жилийн дараа зээлээ ч төлчихнө, хөрөнгө оруулалтаа ч хийчихнэ, ард нь 230,000,000 төгрөгтэй үлдэнэ гэж тухайн үед надад итгүүлсэн. Яагаад итгэсэн гэхээр нэгдүгээрт би гэр бүлийн найз нөхдийн харьцаатай, хоёрдугаарт манай эхнэр Эаас 30,000,000 төгрөг зээлээд тохирсон ёсоор хүүгийн хамт хугацаанд нь буцааж өгсөн. Гуравдугаарт, би олон хүнээс мөнгө авч ийм ажил хийж байгаа, ганцхан чамаас авах гэж байгаа юм биш ээ, миний гар дээр тэрбум гаран төгрөг эргэлдэж байна гэсэн. Дөрөвдүгээрт надад яаралтай мөнгө хэрэг болоод байна, 100,000,000 төгрөгөө буцаан авах болбол чи яаж өгөх вэ гэхэд 45 хоногийн өмнө хэлчих, би шууд гаргаад өгнө, ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Дээрх шалтгааны улмаас би Мд итгэсэн юм аа. М зээлийг чинь хурдан хугацаанд хөөцөлдөөд өгье гэж хэлсэн. Тэгээд бүрдүүл гэсэн материалыг нь би бүрдүүлж өгсөн, зарим тохиолдолд надтай хамт банкин дээр очдог байсан. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Голомт банкны Цамбагарав салбарын эдийн засагч нь над руу залгаад зээл чинь батлагдсан, ирж зээлээ аваарай гэж ярихаар нь маргааш нь эхнэр Эын хамт банкин дээр очсон. Манай эхнэр зээл авахад хамтран зээлдэгчээр ордог. Бид хоёр гэрээ байгуулах гээд байж байтал М ирээд барьцаалбараа бүрдүүлэхэд чинь би туслаад өгье, өнөөдөр л 100,000,000 төгрөгөө бэлнээр авах хэрэгтэй байна гэхээр нь амжих юм уу гэтэл амжина, надад таньдаг хүн байгаа, ямар ч асуудалгүй зохицуулна гэж хэлээд Налайх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэгчийн Баянзүрх дүүргийн Жанжин захын зогсоол дээр тамгатай нь дуудаад машин дотроо барьцаалбараа бүртгүүлсэн. Мөн нотариатаар батлуулж явсаар байгаад 19 цаг өнгөрч байхад Голомт банкны Цамбагарав салбар дээр очиж байсан. Тухайн үед банк нь хаачихсан салбарын захирлаар ажиллаж байсан Б, эдийн засагч Б, бэлэн мөнгөний теллер нэг эмэгтэй хүн байсан. Миний дансанд тэр дороо 19:28 минутад "230,000,000 төгрөг зээл олгов" гэсэн утгаар орж ирсэн. Би шүүх хурал болсны дараа дансны хуулгаа үзэж, цаг хугацааг нарийн харж хэлж байна. Зээл орсны дараа М нөгөө 100,000,000 төгрөгөө бэлнээр авмаар байна гэж хэлэхээр нь би бэлэн мөнгөний теллерээс бэлнээр 100,000,000 төгрөг авья гэтэл манайд бэлэн 90,000,000 төгрөг гарах боломжтой байна гэж хэлэхээр нь тэгвэл авъя гэж хэлээд бэлэн мөнгөний зарлагын баримтыг би өөрөө бөглөж өгөөд 90,000,00 төгрөгийг бор өнгийн цаасан уутанд бүхэл 20,000 дэвсгэртээр хорь хорин саяар нь 10 бодлоор боосон банкны боодолтой 4 ширхэг дөрвөлжин 5 ширхэг 2 саяар нь боосон бэлэн мөнгө хийж өгсөн. Тэгэхэд М надад 10,000,000 төгрөгөө дансаар шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд тэр мөнгөө би өөрөө бариад эхнэр Э, Мын найз Б, М нар гарч Мын машинд эхнэр бид хоёр арын суудалд Б урд талын суудалд, М машинаа бариад эхнэр бид хоёрыг хүргэж өгөхөөр зайсангийн зүг явсан. Замдаа ойр зуурын юм яриад явж байсан. М банк руу явж байх хоорондоо Бын дэргэд намайг зээлж авч байгаа гэж битгий хэлээрэй гэж байсан. Тэгээд Улаанбаатар сувиллын хажууд манай гэрийн үүдэнд ирээд зогсоод бид хоёрын голд ууттай байсан мөнгийг эхнэр Э гараараа заатал М наанаа үлдээчих гэж хэлээд толгой дохихоор нь бид хоёр мөнгөө үлдээгээд хоёр тийшээ буусан. Тэгээд гэртээ ороод тохиролцсон ёсоороо 20 цаг 30 минутад гар утсаараа интернэт банкаар дээд лимит болох 5,000,000 төгрөгийг Мын Голомт банкны ... дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн өдрийн лимит дууссан учраас 5,000,000 сая төгрөгөө шилжүүллээ гэдгээ Мд хэлтэл яаралтай хэрэгтэй байна, шөнийн 00 цаг өнгөрөөгөөд шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд яаж шөнийг хүлээдэг юм гэж бодоод өглөө босоод 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 8 цаг 30 минутад 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тухайн өдрөөс хойш сар орчмын дараа зээлийн эргэн төлөлтийн дагуу төлөлт хийх болох үед М руу ярьж нөгөө 10,000,000 төгрөгөө өгөөч ээ гэхэд янз бүрийн хүн нас барсан, хөл хугарсан, хүүхэд зулбасан, эмнэлэгт хэвтэж байна гэж янз бүрийн шалтаг тоочиж байсан. Зарим үед залгахаар утсаа авдаггүй байсан. Тийм байдлаар жил орчим явсан. Тэгээд аргаа бараад 2020 он гараад цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. ...” /8хх 98-99/,

гэрч Б.Эын “...2018 оны 12 сарын сүүлээр Налайх дүүрэгт хаягдал металл хайлуулж бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр барихаар банкнаас 130,000,000 төгрөгийн зээл авах талаар нөхөр бид 2 хоорондоо ярилцаад Маас банкнаас зээл авахад ямар материал бүрдүүлж өгөх талаар зөвлөгөө авч байсан юм. Тэр үед М “та хоёр 230,000,000 төгрөгийн зээл аваад 100,000,000 төгрөгийг надад өгөөд тухайн 100,000,000 төгрөгийг чинь би зээл авах гэж байгаа 10 гаран хүнд хуваагаад өгчихнө, тухай бүрээс нь 12, 13 хувийн хүүтэй 45 хоногоор зээлчихнэ, тэгээд 45 хоногийн дараа хүүний мөнгөтэй чинь зээлсэн мөнгийг чинь өгчихнө, зээл нь 45-60 хоногт гарахгүй бол тухайн хоногт нь үржүүлээд өгчихнө” гэж хэлсэн. Тэр мөнгөөр нь 230,000,000 төгрөгийнхөө зээлийг төлөөд дуусгачихна гэж хэлсэн. М “надад ажил хийгээд байх шаардлагагүй болсон, би банкнаас зээл авах гэж байгаа хүмүүсийн урьдны зээлийг нь хаалгаад дахин зээл гаргуулж өгдөг” гэж хэлсэн. Энэ яриа гарснаас хойш зээл авахаар хөөцөлдөөд банк зээлийн судалгаагаа судлаад эхэлсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр С надад манай зээл батлагдсан байна, хоёулаа гэрээн дээр гарын үсэг зурж үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалбарт бүртгүүлэх хэрэгтэй байна” гэж хэлээд бид 2 Голомт банкны Цамбагарав салбар дээр 11 цагийн үед очоод гэрээн дээр гарын үсэг зурсны дараа Голомт банкны барьцаанд бүртгүүл гэхээр нь нотариат орж баталгаажуулсан. Тэгээд байж байтал М машинтайгаа ирээд бид 3 нотариат орж үл хөдлөх хөрөнгөө барьцаанд бүртгүүлэх үйл ажиллагаандаа хамт явсан. М нь бид хоёрт машинаар үйлчилсэн юм. Бид гурав үл хөдлөхөө барьцаанд бүртгүүлээд буцаад Голомт банкны Цамбагарав салбар дээр очих үед банкинд үйлчлүүлэгч нар байхгүй хаалгаа барьсан байдалтай байсан. Тухайн үед Голомт банкны Цамбагарав салбарын захирал Б, зээлийн эдийн засагч Б, кассын ажилтан, М, С бид нар байсан. Сын дансанд 230,000,000 төгрөгийн зээлийн олголт хийгдсэн, тэгтэл М "би одоо 24 цагаар ажилладаг хүүхдийн 100-ын С салбар дээр очиж яаралтай гүйлгээнүүд хиймээр байна, намайг 10 гаруй хүн хүлээж байгаа, тэгэхээр одоо 100,000,000 төгрөгөө өгчих, бэлнээр өгчихвөл сайн байна, одоо гүйлгээ хийх боломжгүй учраас касснаас бэлэн авчихъя" гэж хэлсэн. Тэгээд кассын ажилтнаас "танайд 100,000,000 төгрөг бэлэн байна уу?" гэж асуутал кассын ажилтан нь "манайд 90,000,000 төгрөг бэлнээр гарах боломжтой байна" гээд касснаас гарах боломжит 90,000,000 төгрөгийг бор өнгийн цаасан уутан дотор хийгээд өгөхөөр аваад гарсан. Тухайн үед салбарын захирлаар ажиллаж байсан Б "би машингүй явж байгаа, намайг гэрт хүргээд өгчих" гэж хэлээд Мын машины урд талын суудал дээр суусан. С бид 2 хойд талын суудал дээр суугаад явсан. С бид хоёр гэрийнхээ ойролцоо буухдаа цаасан ууттай 90,000,000 төгрөгөө машиных нь хойд суудал дээр үлдээгээд би цаасан ууттай мөнгөө заагаад машинаас буусан. М ойролцоогоор 22 цаг өнгөрч байхад залгаад "үлдэгдэл 10,000,000 төгрөгөө одоо шилжүүлээд өгөөч" гэхээр нь эхний ээлжинд 15,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн, чи 10.000.000 төгрөг гэсэн биздээ" гэхээр нь С "интернэт банкны лимит нь хэтэрчихлээ, маргааш больё" гэж хэлтэл "00 цаг өнгөрөхөөр интернэтийн лимит нь нээгдчихнэ дараагийн өдөртөө шилжчихнэ, тэгэхээр шилжүүлээд өгөөч" гээд утасдаад байсан. Би нөхөртөө шилжүүлээд өгчихөөч гэж хэлтэл "тэрэнд мөнгө шилжүүлэх гээд унтахгүй байна гэж юу байдаг юм" гэж хэлээд шилжүүлээгүй, маргааш нь үлдэгдэл 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ... Уг 90.000.000 төгрөгийг гэрийнхээ ойролцоо машинаас буух үедээ машиных нь хойд талынх нь суудал дээр үлдээгээд буусан. Мд энд мөнгө үлдээлээ шүү гээд дохиод үлдээсэн. Мөнгө өгч байх үед Б байсан, тэгэхдээ мөнгө өгч байгааг анзаарсан эсэхийг бол мэдэхгүй байна, тэгэхдээ бэлнээр касснаас мөнгө аваад гарсныг мэдэж байгаа. ...” /8хх 125-127/,

гэрч Э.Бын “... Анх Э.С нь зээл хүсэхээр ирсэн үеэс хойш зээлийг уг иргэний дансанд орох хүртэлх хугацаанд М гэгч нь хамт явж байсан. Тэгээд уг зээлийн мөнгө дансанд нь орсон гэх өдөр хүртэл манай салбар дээр хамт явж байсан. ... Би ажлаасаа тараад гараад ирэхэд М надад та унаагүй явж байгаа юм уу, таныг хүргээд өгөх үү гэхээр нь би за тэгье гээд Мын машин буюу прадо маркийн машинд суугаад гэртээ буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хансвилл хотхоны гадаа хүргүүлсэн. Тухайн үед Э.С нь машины арын суудал дээр харин би жолоочийн эсрэг талын суудал дээр буюу урд талд суугаад явсан. ...” /8хх 114-115/,

гэрч Б.Бийн “...Би ажилд ороод удаагүй байтал С гэх хүн зээлийн хүсэлт гаргасан. Тухайн үед Э.Сын зээлийн зарим нэг материалыг Б.М авч ирж өгч байсан. Манай салбарын захирал  болон ажилчдыг таньдаг юм шиг яриад байсан. Би тухайн үед нь ахлахаасаа энэ юун хүүхэн бэ гэтэл мэдэхгүй өмнө нь манайд ажиллаж байсан юм шиг байна лээ, би танихгүй гэсэн. Б.М хэд хэдэн удаа Э.Стай материал бүрдүүлж явсан, тэгээд Э.Ст 230,000,000 төгрөг зээл олгох шийдвэр гарсан, тэгэхэд л мэддэг болсон. Тухайн банк 500,000,000 төгрөгөөс доош зээл олгохдоо салбар өөрөө шийдвэр гаргадаг байсан, тухайн хүний зээлийг хаанаас ямар шийдвэр гаргасныг мэдэхгүй. Манай салбар бол 18 цаг хүртэл ажиллах хуваарьтай боловч дотоод ажилтай үедээ 20 цаг хүртэл дотроо ажилладаг. Э.С зээлээ авсан тэр өдөр Э.С ах эхнэртэйгээ явж байсан, Б.М хамт байсан зээл олгох гэж их уддаг тийм болохоор бараг 19 цагийн үед данс руу орсон байх, түүнээс биш 19 цагт манай салбар дээр ирээгүй байх, би тухайн үйл явдлыг сайн санахгүй байна. Гэхдээ Э.С ах данснаасаа 90,000,000 төгрөг бэлнээр авсан, харин ямар дэвсгэрт авсныг сайн мэдэхгүй гүйлгээг теллер нь хийсэн байх. Захирал байсан эсэхийг сайн санахгүй байна. Манайх тухай үед 4-5 теллертэй байсан, тэр хүнийг зээл авч байхад хэд нь үлдсэн дотор ажилтай байсныг санахгүй байна. Э.С энэ зээлээ хугацаанд нь хэвийн төлж барагдуулсан...” /11хх 125-126/ тус тус мэдүүлгүүд,

зээлийн гэрээ /3хх 140-147/,

Э.Эын Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны данснуудын дэлгэрэнгүй хуулга /3хх 184-189, 6хх 67-77, 78-117, 161-168/,

Э.Сын Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны данснуудын дэлгэрэнгүй хуулга /5хх 198-209, 6хх 49-66, 8хх 145-149/,

хохирогч Г.Быг “визний баталгаа болон дансны тодорхойлолт гаргахад ашиглана, 10 хувийн хүүтэй зээлнэ” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 70.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн аваад, 28.000.000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 42.000.000 төгрөгийг төлөлгүй залилсан болох нь:

хохирогч Г.Бын “...Би Мд 2019 онд 70,000,000 төгрөгийг Төрийн банкны данс руу шилжүүлж өгсөн. М нь надаас хүний визний баталгаа болон дансны тодорхойлолт гаргахад ашиглана гэж хэлээд 10 хувийн хүүтэй зээлж байна гэж залилсан. Үүнээс 2019 оны 12 дугаар сард 20,000,000 төгрөгийг буцаан төлөөд дахин ямар нэгэн мөнгө төлбөр төлөөгүй. Би С гэдэг эмэгтэйтэй хамт ажилладаг ба С нь анх Мыг манай нөхрийн дүү гэж танилцуулж байсан. М нь уг 70,000,000 төгрөгийг зээлэхээс өмнө Сор дамжуулж надаас нэг удаа 60,000,000 төгрөг зээлээд хугацаандаа хүүтэй нь буцааж өгөөд миний итгэлийг олсон байсан. Энэ мөнгө нь буцааж төлөгдөхдөө Мын Хаан банкны данснаас миний Хаан банкны данс руу орж ирсэн. Өөр Сор дамжуулж мөнгө өгсөн асуудал байхгүй. ...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр М над руу залгаад "мөнгө зээлэх асуудал байна аа, уулзаж болох уу?” гэж асуухаар нь би "Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Засаг даргын тамгын газрын ойролцоо явж байна, тэр хавьд хүрээд ир" гэж хэлэхэд М, С нар хамт ирсэн. М нь хэдэн төгрөг зээлэх боломжтой байна вэ?" гэж асуухаар нь "надад 70 сая төгрөг зээлэх боломж байна" гэж хэлтэл М миний Төрийн банкны ... дугаарын данс руу шилжүүлчих гэж хэлэхээр нь би өөрийн Төрийн банкны ... дугаарын данснаас шилжүүлсэн. Мтай нилээн олон удаа уулзсан, өөрөөр нь мөнгө хэзээ төлөх талаар 2 удаа бичүүлж авч байсан, шүүх хурал дээр намайг танихгүй гээд байсан, яагаад намайг танихгүй гэснийг мэдэхгүй байна. ...” /8хх 32, 105/,

гэрч Б.Солонгын “...2019 оны 08 дугаар сарын үед манай хадам дүү М нь манай гэрт ирээд "Мөнгө олоод өгөөч, яаралтай хэрэг байна" гэж асуухаар нь би өөрийн ажлын газрын эрэгтэй Баас асуугаад 60 сая төгрөгийг Мд авч өгсөн юм. Тэгэхэд М нь 45 хоногийн дараа байх хугацаанд нь хүүтэй нь хамт зээлээ төлчихсөн юм. Улмаар 2019 оны 09 дүгээр сар гэж бодож байна. Манай хадам дүү М нь над руу залгаад "нөгөө хүнээсээ дахиад мөнгө зээлэх боломж байна уу, Баас асуугаад өгөөч гэж хэлэхээр нь асуугаад би 70 сая төгрөгийг зээлэх боломжтой гэдгийг хэлсэн. Үүнийг нь Мд хэлээд тэр хоёр хоорондоо ярилцаад мөнгөө өөрсдийн дансаараа шилжүүлээд авцгаасан байсан. ...” /9хх 55-58/ тус тус мэдүүлгүүд,

Г.Бын Хаан банкны дансны хуулга /5хх 67-70/,

Б.Мын Төрийн банк, Хаан банкны данснуудын хуулга /1хх 118 ар тал, 5хх 36/,

дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9хх 187-188/,

хохирогч Д.Чыг “мөнгө байршуулж, барьцаа сулладаг, өдрийн 0.55-1 хувийн хүүтэй өсгөж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Макс Молл” худалдааны төвд байхад нь 7 удаагийн гүйлгээгээр 120.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, 10.000.000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 110.000.000 төгрөгийг төлөлгүй залилсан болох нь:

хохирогч Д.Чын “...Би Батжаргалын М гэх эмэгтэйтэй 2019 онд Жи Си Ди төрийн байгууллагын морин хуурын сургалт дээр анх танилцсан бөгөөд дээрх төрийн бус байгууллагын гишүүд юм. Б.М нь өөрөө ярихдаа хувийн 4 компанид санхүүгийн зөвлөх хийдэг гэж хэлсэн. Б.М нь 2019 оны 8 дугаар сард надад хандаж "би иргэдэд мөнгө байршуулж барьцаа сулладаг юм. Чи мөнгө байршуулаад өндөр хүүтэй мөнгө авах боломжтой гэдэг байсан. Ингээд Мд итгэж би хөрөнгө оруулъя, чи үйл ажиллагаагаа зохион байгуул гээд өөрийн ... тоот данснаас Мын ... тоот данс руу нийт 120,000,000 төгрөгийг 7 хувааж интернэт банк ашиглаж шилжүүлсэн юм. Эхний 3 удаагийн шилжүүлгийг 49 хоногийн хугацаанд 1 хоногийн 0,55-0,6 хувийн хүүтэй, сүүлийн 30,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд хоногийн 1 хувийн хүүтэй өсгөж өгөхөөр тохирсон юм. 2019 оны 10 дугаар сарын 15-аас эхлэн Б.Маас мөнгөө нэхсэн боловч ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд одоог хүртэл өгөөгүй. Б.Маас байнга мөнгөө нэхэх болсон чинь надад бэлэн мөнгөний зураг явуулаад банкнаас мөнгөө авчихаад байна, ажлаа дуусгаад хүргэж өгнө, эсвэл данс руу шилжүүлчихсэн, орой болсон учир банк хоорондын гүйлгээ зогссон, дараагийн ажлын өдөр мөнгө чинь данс руу чинь орчихно, шилжүүлсэн мөнгө маань буруу данс руу ороод гүйлгээ нь буцчихсан байна гэх мэтээр худал ярьсаар одоог хүрээд байна. Ингэж мөнгөө авмаар байна гэсээр байгаад 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөгийг дансаар авсан, үлдэгдэл 110,000,000 төгрөгийг одоог хүртэл аваагүй. Тийм учраас Б.М гэх хүнээс 110,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. ... 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр М 20 сая төгрөгийг хоногийн 0,55 хувийн хүүтэй 49 хоногийн хугацаатай зээлүүлэхээр аман тохироо хийсний дагуу би өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас Мын Хаан банкны ... дансанд интернет банкаар баруун дөрвөн замын Макс молл худалдааны төвийн машины зогсоол дээр зогсож байхдаа 20 сая төгрөгийг Ч гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр М над руу орой залгаад “найз нартайгаа шоудаж байна, тооцоо хийх гэсэн юм 3 сая төгрөг зээлээч гэхээр нь дээрх данс руу шилжүүлсэн чинь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр буцааж миний данс руу шилжүүлж байсан. Энэ нь бас мөнгөтэй хүн болж харагдаад надад итгэл төрүүлэх гэсэн үйлдэл байж. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр М манай ажлын газрын гадаа ирээд хөдөө аж ахуйн яамны гадаа “дахин их хэмжээний мөнгөний ажил орж ирлээ, 20 сая төгрөг зээлээч, энэ удаа хүүг нь хоногийн 0,6 хувь болгож өсгөж өгье гэж хэлсний дагуу аман тохироо хийгээд би өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас Мын Хаан банкны ... дансанд интернет банкаар 20 сая төгрөгийг Ч гэсэн утгатай шилжүүлсэн. Үүний дараа 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай ажлын гадаа М ирж уулзаад "50 сая төгрөг зээлээч 0,6 хувийн хүүгээр 49 хоногийн хугацаатай зээлээч” гэж ярих үедээ М “би зээлүүдээ 10 сая тутмаар нь багцалдаг юм, би маш их мөнгө төгрөгийн ажил хийж байгаа учраас ар гэр, үр хүүхэдтэй хүн учир тэд нартаа өр өвлүүлэхгүйн тулд амь насаа 5 тэрбум төгрөгөөр даатгуулсан байгаа, хэрвээ ямарваа нэгэн байдлаар би осолд орчихсон байвал манай нөхөр даатгалаас мөнгө аваад төлчихнө. Гэхдээ тэр нь жилийн дараа өв үүсдэг гэж хэлж байсан. Би 20 сая төгрөгийг интернет банкаар, үлдсэн 30 сая төгрөгийг Бөхийн өргөөний автобусны буудал дээр байх Хаан банкны АТМ-ээр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь Ч 60x49x5 гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Энэ нь 60 гэдэг нь хоногийн 0,6 хувийн хүүтэй 49 гэдэг нь 49 хоногийн хугацаатай, 5 гэдэг нь 50 сая төгрөг гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр М манай ажлын гадаа ирээд 7 хоногийн хугацаатай 30 сая төгрөг зээлүүлээч гэж ирэхээр нь би Мд хандаад “чи бид хоёрын өр авлага өндөр дүнтэй болчихлоо гэж хэлтэл би чамд мөнгө авсан гэсэн баталгаа бичиж өгье, 30 сая төгрөг хийхгүй бол анхны авсан зээл маань гарахгүй байна, чамаас авсан 20 сая төгрөгийг төлөх хугацаа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дуусна гэтэл барьцаа сулраагүй байна. Одоо авах 30 сая төгрөгөөр барьцаагаа суллуулаад өндөр дүнгээр зээл гармагц чамаас анх зээлсэн 20 сая төгрөгийг хоногийн 0,55 хувийн хүүг 49 хоногоор бодож өгнө, энэ 30 сая төгрөгийг хамгийн цаад хугацаа нь 7 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэй бодож өгье гэж хэлэхээр нь би Маар 30 сая төгрөг зээлсэн гэж гараар бичүүлж аваад 20 сая төгрөгийг 7x1 гэсэн гүйлгээний утгатай, үлдсэн 10 сая төгрөгийг Бөхийн өргөөний автобусны буудал дээр байх АТМ-с шилжүүлсэн. Би Мд нийт 120,000,000 төгрөг интернет банкаар болон АТМ-ээр Мын Хаан банкны ... дугаартай данс руу шилжүүлсэн. Тэгээд анхны зээлсэн 20 сая төгрөгийн хугацаа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болсон тул би Маас нэхтэл "чамаас зээлсэн 30 сая төгрөгөөр барьцаа хөрөнгөө суллуулсан одоо дараагийн барьцаалбар дээрээ явж байна, бичиг цаасны ажил 2, 3 хоног болно уучлаарай гэж ярьсан. Үүнээс хойш дахиад 4 хоноод сүүлд зээлсэн 30 сая төгрөгийн 7 хоногийн хугацаа болсон тул М руу дахин залгаж мөнгөө нэхэхэд байж байгаарай би эргээд залгая, банкин дээр дугаарлаж байна гэх мэтээр шалтаг заан тойрч зугтах болсон. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын сүүлээр М банкинд дотоод аудитын шалгалт орчихсон байгаа тул хүүгээ зогсоож өгөөч гэхээр нь анхны ярьсан 49 хоног, 7 хоног гэсэн хоногуудаар тооцохоор болсон. ...” /5хх 101-102, 8хх 106-107/ мэдүүлэг,

Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /5хх 96-97/,

Б.Мын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 189-196/,

дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9хх 181-182/,

хохирогч О.Шийг “1-3 сарын хугацаатай байраа барьцаанд тавиад зээл аваад өг, шагналд нь байранд чинь засвар хийж өгье” гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, “Гранд плаза” худалдааны төвийн зогсоолд “Номин юнион” ХЗХ-оос зээлж авсан 35.000.000 төгрөгийг нь бэлнээр шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч О.Шийн “...2019 оны 10 дугаар сарын эхээр М миний ... дугаар луу залгаад "танай байрны чинь ордер барьцаанд байдаг уу" гэж асуухаар нь "барьцаанд байдаггүй” гэж хэлтэл "барьцаанд байдаггүй юм бол дүүдээ 1-3 сарын хугацаатай хэрэглүүлээч, дүү нь хүмүүстэй нийлж мөнгө өсгөж байгаа юм. Хэн их мөнгө оруулна төдий чинээ ашигтай байгаа юм, одоо нэг мөнгө өсгөх юманд орох гэсэн чинь миний мөнгө багадаад байна. Та 2 байраа банкинд боломжит дээд хязгаар нь хэд байна тэр мөнгөнд тавиадах. Би шагналд нь байранд чинь супер засвар хийлгэж өгье, супер засвар чинь бараг л 5-6 сая төгрөг болдог” гэж хэлэхээр нь би “удаан засвар хийгээгүй байрандаа засвар хийлгээд авчихъя, мөн Мд ч гэсэн тусалчихъя” гэж бодоод зөвшөөрсөн юм. ...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М над руу залгаад би байрыг чинь барьцаанд тавиад мөнгө зээлдүүлэх газар олчихлоо, 3 дугаар хорооллын Номингийн дэлгүүрт байрлах Номин Юнионы менежер Э гэдэг залуутай очоод уулз, Мын явуулсан хүн байна гэхээр Э мэднэ, Этой уулзахаар “та яах гэж зээл авах гэж байгаа юм бэ?” гэж асууна, тэгэхээр нь Австралид хүүхдээ сургуульд явуулахад дансанд нь мөнгө байршуулах гэсэн юм гэж хэлээрэй гэж хэлэхээр нь би нөхөртэйгөө хамт маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр очсон. Э гэх менежер залуутай уулзаад Мын явуулсан хүн байна гэж хэлтэл “та хүүхдээ сургууль явуулахад дансанд мөнгө байршуулна гэдэг чинь үнэн юм уу" гэж асуухаар нь "М та 2 хоорондоо зээл олгуулахаар ярьсан гэсэн биз дээ" гэхэд ямар нэгэн зүйл хэлэлгүй зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Уг зээлийн болон барьцааны гэрээг 1 жилийн хугацаатай 2,99 хувийн хүүтэй эхний 3 сар нь зөвхөн хүү төлөх, үлдсэн саруудад үндсэн зээл болон хүүгээ тэнцүүлэн төлөхөөр гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 10-р байрны 5 тоотын 72 кв.м талбайтай 3 өрөө байраа барьцаанд тавьсан, гэрээ байгуулж байх хооронд М хүрч ирээд байрны гэрчилгээг авч яваад Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэс рүү яваад манай байрыг барьцаанд байдаггүй гэсэн лавлагааг авчираад надад өгсөн, маргааш нь М бичиг баримтуудыг 5 хувь нотариатаар баталгаажуулж бэлдэж өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр "Номин юнйон" ХЗХ-ны менежер Э над руу залгаад Улсын их дэлгүүрийн "Номин юнион" ХЗХ-ны салбар дээр хүрээд ир гэхээр нь би нөхөртэйгөө хамт яваад очсон чинь "зээл чинь батлагдсан гэж хэлээд 20,000 төгрөгийн дэвсгэртээр 17 боодол, 10,000 төгрөгийн дэвсгэртээр 1 боодол 35,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн. Би Эд "бэлэн мөнгө авахад чинь шимтгэл төлдөг биз дээ, эгчид нь данс байгаа шүү дээ гэж хэлтэл танаас шимтгэл авахгүй, та мөнгөө тоол гээд хар уутанд хийгээд надад өгсөн. Би М руу "Номин юнион" ХЗХ-аас гарангуутаа залгаад "зээлийн мөнгө бүтчихлээ. Э гэдэг хүүхдэд хоолны мөнгө өгчих үү гэж асуутал "хэрэггүй ээ би өгчихсөн" гэж хэлэхээр чи мөнгөө ирж авах уу? би аваачиж өгөх үү?" гэж асуутал Гранд плазагийн зогсоолд уулзъя" гэж хэлэхээр нь бид 2 зогсоол дээр байж байхад М ногоон өнгийн Прадо загварын машинтайгаа ганцаараа ирсэн. Би машин дотор нь ганцаараа орж суугаад Мд хар өнгийн ууттай мөнгөө өгөхдөө амыг нь онгойлгож харуултал "та хэрэгтэй бол авахгүй юм уу?" гэж асуухаар нь би "хэрэггүй ээ 35-аар өгөөд 35 сая авъя, чи найдвартай юу, бид 2-ыг орон байргүй болгочихвоо" гэж асуухад зоволтгүй ээ, дүү нь оройтлоо л гэхэд 3 сарын дотор энэ мөнгийг чинь өгчихнө. Хүүг нь сар сар би өөрөө төлчихнө" гэхээр нь би мөнгийг нь үлдээгээд машинаас нь буугаад явсан. Яг мөнгөө авснаас хойш 1 сарын дараа "Номин юнион" ХЗХ-ноос над руу залгаад зээлийн хүү өгөх хугацаа чинь өнгөрчихсөн байна, хүүгээ төл" гэхээр нь би "за за гэж хэлээд утсаа таслаад М руу залгаад "Номин Юнион ХЗХ-ноос ярилаа хүүгээ төлөөгүй 3 хоног хэтэрчихсэн байна хүүгээ төлөөгүй юм уу?" гэж асуутал "Ш эгчээ та энэ сарын хүүг төлчих, би 7 хоногийн дараа хүүний мөнгийг өгчихнө" гэхээр нь би эхний сарын хүүг 3 хоногийн алдангитай 1,046,500 төгрөг төлсөн. Тэрнээс хойш 7 хоног өнгөрчихөөр нь М руу залгаад "эгч нь мөнгөгүй болчихлоо, төлсөн хүүнийхээ мөнгийг авъя гэж хэлтэл "дансанд мөнгө түгжигдчихээд гаргаж авч чадахгүй байна би мөнгөтэй болонгуутаа шууд хийчихнэ гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын хүү төлөх хугацаа болохоос өмнө Мд урьдчилж хэлээд мөн 11 сард хүүд төлсөн мөнгөө нэхэхэд ковидоос болоод мөнгө орж ирэхгүй байна гэхдээ болгоно гэж хэлсэн боловч 12 сарын хүүг төлөөгүй. ...2020 оны 07 сард "Номин юнион" ХЗХ-ны хуулийн зөвлөх Б намайг дуудаад "та зээлээ төлөөгүй учраас таныг шүүхэд өгнө" гэж хэлсэн. Тэрнээс хойш дуудаад "таныг шүүхэд өгөх юм бол таны байр хураагдах гээд байна гэж хэлэхээр нь би "эгч нь хүнд залилуулчихсан юм, эгч нь зээл авсан мөнгөнөөсөө ганц ч төгрөг аваагүй яавал дээр вэ?" гээд үнэн байдлаа хэлтэл та эвлэрлийн гэрээ байгуул тэгвэл банкны хүү ч зогсоно, жилд үлдсэн мөнгөө хувааж төлөх боломж гарна. Наад залилсан хүн чинь мөнгө өгнө гээд байгаа бол эвлэрлийн гэрээ байгуулчихвал зүгээрээ гэсэн зөвлөгөө өгсний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч О болон Б нартай гэрээ байгуулсан. Эхний 4 сарын хугацаанд сар бүр 2,000,000 төгрөг буюу 8,000,000 төгрөгийг өөрсдийн бололцоо болон хүүхдүүдээсээ авч төлсөн, нийт 9 сая төгрөг л төлсөн. Номин Юнион ХЗХ-оос Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хандах гэхэд нь манай нөхөр бид хоёртой хамт ажиллаж байсан Ариг ХХК-ийн захирал Гр үлдсэн мөнгө болох 37,000,000 төгрөгийг төлүүлээд Номин Юнион ХЗХ-оос байрны гэрчилгээгээ чөлөөлүүлж авсан. Гт боломжоороо мөнгөө төлөөд л явж байгаа, энэ оны 9 дүгээр сард төлж дуусгаарай гэж хэлсэн. Мд байраа барьцаанд тавиад 35,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Зээл, зээлийн хүү нийлээд 13,183,855 төгрөг буюу нийт 48,183,855 төгрөгийн хохирол учирсан. М нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй, тэгэхээр Маас дээрх мөнгийг нэхэмжилж байна. ...” /8хх 111-113/,

гэрч Б.Солонгын “...М нь дахин манай гэрт ирээд дахиад мөнгө олоод өгөөч яаралтай хэрэг байна, хүмүүсээс асуугаад өг. Ш эгч, Б ах хоёрт мөнгө байгаа болов уу" асуугаад өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би аав Б, ээж Ш дээр очоод "М мөнгө зээлэх хүн байна уу” гэж асууж байна, та хоёрт зээлэх мөнгө байгаа юу гэж хэлэхэд анх "Хуримтлуулсан мөнгө гэж юу байх вэ дээ, байрнаас өөр хөрөнгө алгадаа гэж хэлсэн. Үүнийг нь Мд дамжуулаад хэлээд тэгээд орхисон. Дараа нь М нь манай аав, ээж хоёртой өөрөө холбогдоод "байраа банк бус барьцаалаад зээл аваад өгөөч" гэж гуйсан байсан бөгөөд аав, ээж хоёрыг Номингийн банк бус-д ... тоот байрыг нь барьцаанд тавиулаад 30 гаран сая төгрөг (би яг хэдэн төгрөг авсан гэдгийг нь мэдэхгүй)-ийг авсан байсан. ...” /9хх 55-68/ тус тус мэдүүлгүүд,

зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эвлэрлийн гэрээ /9хх 23-28/,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /9хх 174-177/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Мыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Мын “зээл чөлөөлөх гэж байгаа, 10 хувийн хүүтэй тооцож буцааж өгье”, “1 сарын хугацаатай 18 хувийн хүүтэй зээлье”, “тендерийн баталгаанд байршуулна, өдрийн 1 хувиар бодоод 7 хоногийн дотор буцааж өгнө”, “зээл чөлөөлж, бизнес эрхэлж байгаа, 10.000.000 төгрөгийн хүү 1.061.000 төгрөг болно”, “өндөр хүүтэй, богино хугацаатай мөнгө зээлнэ”, “авах гэж байгаа зээл дээрээ нэмээд 100.000.000 төгрөгийн зээл аваад өг, мөнгийг чинь 10 хувийн хүүтэй өсгөөд өгье”, “визний баталгаа болон дансны тодорхойлолт гаргахад ашиглана, 10 хувийн хүүтэй зээлнэ”, “мөнгө байршуулж, барьцаа сулладаг, өдрийн 0.55-1 хувийн хүүтэй өсгөж өгнө”, “1-3 сарын хугацаатай байраа барьцаанд тавиад зээл аваад өг, шагналд нь байранд чинь засвар хийж өгье” гэх зэргээр нэр бүхий 9 хохирогчоос 512.924.000 төгрөгийг залилж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хохирогч Б.М “...Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруудаа гэмшээгүй, хохирогч бидэнд сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж биднийг тохуурхан доромжилж байгаа тул оногдуулсан шийтгэлийг чангаруулж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Мөнхбат нар “...нотолбол зохих байдлыг нотлогдоогүй, мэдүүлгийг зөрүүг арилгаагүй, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй гэх зарим цагаатгах нотлох баримтыг шүүх хэрхэн няцаан үгүйсгэсэн талаараа дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, хохирлын тооцоог эцэслэн тогтоогоогүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Батцэнгэл “...нотолбол зохих байдал нотлогдоогүй, мэдүүлгийг зөрүүг арилгаагүй, хохирлын тооцоог эцэслэн тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулахаар хуульчилсан.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Мыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж үзэв.

Хуурч мэхлэх нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсэн байдаг.

Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагддаг.

Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Залилан мэхлэж авах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үздэг.

Шүүгдэгч Б.М нь зарим хохирогч нараас мөнгө зээлж, уг зээлээ төлж тэдэнд итгэлтэй найдвартай гэх ойлголтыг, түүнчлэн өөрийн эзэмшсэн мэргэжил, туршлагад үндэслэн туслалцаа үзүүлж, өмнө нь танил буюу өөрийг нь хувь хүний тухайд тодорхойлж болохуйц хүмүүст итгэл төрүүлэн мөнгө зээлэх хэлбэрээр залилан мэхэлсэн үйлдэлд урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан шинж байна.

Нэр бүхий хохирогч нар хэзээ, хэрхэн, хэдэн төгрөгийг шүүгдэгч Б.Мд өгсөн талаараа тодорхой мэдүүлэг өгсөн байх бөгөөд тэдний мэдүүлэг нь дансны хуулгаар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ. 

Хохирогч нар нь шүүгдэгч Б.Мд залилуулсан мөнгөнөөс буцааж авсан мөнгөний дүнг тодорхойлж, үлдэгдэл хохирлын мөнгөн дүнгийн хэмжээний талаар тодорхой мэдүүлсэн, анхан шатны шүүхээс хохирогч нарын үлдэгдэл хохирлын хэмжээг тогтоосныг хохирогч нарын болон шүүгдэгчийн дансны хуулгуудаар үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Мд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын талаар шалгаж, хэргийн үйл баримтын талаар шүүхээс дүгнэлт хийж болохуйц хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, прокурор яллах дүгнэлт үйлджээ.

Давж заалдах шатны шүүх хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянахдаа, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, уг нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон байна гэж үзэв.

Хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны үед нэр бүхий 4 хохирогчид хамаарах шүүгдэгч Б.Мын үйлдэл холбогдлыг прокурор хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд анхан шатны шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин хохирогч Ү.У шүүгдэгч Б.Маас 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 4.500.000 төгрөг, нийт 8.500.000 төгрөг буцааж авснаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг /3хх 73/ ба шүүгдэгч Б.Мын данснаас 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ү.Уийн данс руу 10.000.000 төгрөг “uuganaa” гэх утгатайгаар шилжсэн /3хх 105/ байх тул шүүгдэгчээс 13.500.000 төгрөг гаргуулан хохирогч Ү.Ут олгохоор тогтоов.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, хохирогч Б.М, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Мөнхбат, Б.Батцэнгэл нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Мын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/893 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтад “...шүүгдэгч Б.Маас нийт 516.107.855 төгрөг гаргуулж, хохирогч Ү.Ут 22.000.000 төгрөг, ...” гэсэн хэсгийг “...шүүгдэгч Б.Маас нийт 507.607.855 төгрөг гаргуулж, хохирогч Ү.Ут 13.500.000 төгрөг, ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Б.М, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Мөнхбат, Б.Батцэнгэл нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР