Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

            Шүүгдэгч С.Уөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Уд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805020430443 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.У, 1988 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 1, .... тоот регистртэй,

Шүүгдэгч С.Унь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Кекюшү цамхагийн В1 давхарт байрлах “Сувд караокед иргэн Г.Н, Т.Х нартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.Н, Т.Хнарын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Г.Н гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...зогсож байтал хойноос тэр У гэдэг залуу намайг татаад шууд миний толгой хэсэг рүү цохьсон. Эхлээд яг миний толгойн аль хэсэг рүү цохисоныг санахгүй байна. Ингээд тэр залууд би чи яагаад намайг зодож байгаа юм бэ гэж хэлтэл чи эр юм уу, эм юм уу гээд асуусан. Тэгтэл хажуунаас хамт байсан манай Эгийн найз Уд намайг эмэгтэй гээд хэлсэн боловч, үргэлжлүүлээд У нь намайг дахин нүүр нүдгүй цохиж зодсон. Энэ үед тэр У гэх залуугийн хамт явсан Экү гэгч салгаж болиулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 43/,

Хохирогч Т.Хын мөрдөн байцаалтад өгсөн: “...Үүдэнд чимээ гараад охидууд орилолдоод байхаар нь яваад очиход Н зодуулчихсан зогсож байсан бөгөөд манай охидууд болон нөгөө залуугийн найзууд нь гээд бужигнаж байсан. Ингээд явж очоод яагаад Нг зодсоныг асуутал Э найзыгаа өмөөрч уучлаарай манай найз аймар согтуу байна гэсэн....Удалгүй тамхины өрөөнөөс У нь гарч ирээд шууд над руу хүрч ирээд юу байна хөгшөөн гэж хэлээд шууд миний нүүр рүү цохьсон. Тэгтэл Элико нь шатнаас доошоо бууж ирж байсан У нь миний нүүр рүү дахин хэд хэд цохиж байгаад татаад газар унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 48/,

Гэрч Д.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...түүнийг дагуулаад гарах гээд коридорт байж байтал У тамхины өрөө рүү орж гарч ирээд нөгөө хөөгөөд байсан охидуудын нэг нь болох шар тайрмал үстэй охинтой маргалдаад түүнийг зодож цохьсон. Харин би салгах гээд дундуур нь ороод түүнийг болиулсан. Харин удалгүй ардаас нь тэр охины найзууд нь бөөнөөрөө гараад ирсэн. Ингээд бужигнаан болж байхад Е гарч ирээд надтай нийлж бужигнааныг болиулж салгах гэж үзсэн. Тэгтэл бужигнаан дунд У дахиад нэг охиныг зодож цохиод газар унагаачихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 59/,

Шинжээчийн 4628 тоот дүгнэлтэд: “...Г.Нгийн биед тархи доргилт, хамрын ясны баруун хажуу хананы зөрүүтэй, зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, зүүн, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, зүүн бугалганд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 11/,

Шинжээчийн 4629 тоот дүгнэлтэд: “...Т.Хын биед тархи доргилт, баруун шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 15/,

Яллагдагчаар С.Уы мөрдөн байцаалтад өгсөн: “...Н болон Х нарыг цохиж, зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 66/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогч Г.Нгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-н 24-28/, хохирлын баримтууд /хх-н 29-32/, Компьютер томографийн оношлогоо /хх-н 38/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 40/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 69-78, 82/, хохирогч нарын хүсэлт /хх-н 83-84/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Унь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Кекюшү цамхагийн В1 давхарт байрлах “Сувд караокед иргэн Г.Н, Т.Хнартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.Н, Т.Хнарын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Нгийн: “...зогсож байтал хойноос тэр У гэдэг залуу намайг татаад шууд миний толгой хэсэг рүү цохьсон. ...яг миний толгойн аль хэсэг рүү цохисоныг санахгүй байна. Ингээд тэр залууд би чи яагаад намайг зодож байгаа юм бэ гээд хэлтэл чи эр юм уу, эм юм уу гэж асуусан. Тэгтэл хажуунаас хамт байсан манай Эгийн найз Уд намайг эмэгтэй гээд хэлсэн боловч, үргэлжлүүлээд У нь намайг дахин нүүр нүдгүй цохиж зодсон. Энэ үед тэр У гэх залуугийн хамт явсан Экү гэгч салгаж болиулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 43/, хохирогч Т.Хын: “...Удалгүй тамхины өрөөнөөс У нь гарч ирээд над руу хүрч ирээд юу байна хөгшөөн гэж хэлээд шууд миний нүүр рүү цохьсон. Тэгтэл Элико нь шатнаас доошоо бууж ирж байсан У нь миний нүүр рүү дахин хэд хэд цохиж байгаад татаад газар унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 48/, гэрч Д.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...У тамхины өрөө рүү орж гарч ирээд нөгөө хөөгөөд байсан охидуудын нэг нь болох шар тайрмал үстэй охинтой маргалдаад түүнийг зодож цохьсон. Харин би салгах гээд дундуур нь ороод түүнийг болиулсан. ...Тэгтэл бужигнаан дунд У дахиад нэг охиныг зодож цохиод газар унагаачихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 59/, шинжээчийн 4628, 4629 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Уы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Унь согтуурсан үедээ хохирогч Г.Н, Т.Хнарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч Г.Н нь шүүгдэгчээс 6.000.000 төгрөг, хохирогч Т.Х 1.900.000 төгрөг тус тус авсан гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэсэн хүсэлт /хх-н 83, 84/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч С.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Шүүгдэгч нь торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч С.Уд шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Уыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч С.Уд шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.   Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Уд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР