Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 21

 

 

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Ц.Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Аудитын газарт холбогдох,

      “Увс аймгийн Аудитын газрын  2014 оны 11-р сарын 06-ны өдрийн 01/164, 01/173, 06/174 тоот актуудын өөрт холбогдох хэсгүүдийг өршөөлд хамруулахыг Увс аймгийн Аудитын газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Намжил, Я.Зунгарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Иргэн Ц.Эрдэнэбаатар миний бие нь Увс аймгийн ЦТС ХХК-ний захирлаар 2009.02.02-ны өдрөөс 2013.06.03-ны өдөр хүртэл ажилласан юм. Ажлаас халагдсанаас хойш чихрийн шижин өвчний хүндрэл ихсэж удаан хугацаагаар хэвтэрт орж эмчлүүлж байх хугацаанд 2014 оны 11-р сард аудитын шалгалт орж намайг ажиллаж байх үеийн санхүүгийн гүйцэтгэлд аудит хийжээ. Ингээд ХХОАТ-г төлүүлэх тухай 01/164 тоот актаар 2.100.000 төгрөг, зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай 03/171 тоот актаар 123.963 төгрөг, илүү олгосон томилолт унааны зардал төлүүлэх тухай 06/174 тоот актаар 1017.500 төгрөг бүгд 3.241.463 төгрөг акт тавьсан байна. Шалгалт явагдаж байгаа үед надад мэдэгдээгүй бөгөөд актыг огт танилцуулаагүй болно. Акт тавигдсанаас хойш жил гаруйн дараа буюу 2015.11.20-ны үед надад нэг хувийг авч ирж өгсөн боловч босч явж чадахгүй байсан тул тайлбар хийж чадаагүй юм. Гэтэл 2016 он гарсаны дараа Увс ЦТС ХХК-ний зүгээс надад аудитын актын дагуу шүүхэд хандан иргэний хэрэг үүсгэсэн байна. Би энэ хэргийг урьдчилан шийдвэрлүүлэх зорилгоор Монгол Улсын Үндэсний Аудитын газарт хандсан боловч миний хүсэлтийг харьяаллын дагуу манай аймгийн Аудитын газарт шилжүүлсэн байсан. Иймд би Увс аймгийн Аудитын газар дээрх актуудыг Өршөөлийн хуульд хамруулах тухай хүсэлт тавьсан боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй учраас дараах тайлбарыг дахин гаргаж байна.  Үүнд:

       1.ХХОАТ-г төлүүлэх тухай 01/164 актанд “2012 онд бараа материал худалдан авахдаа бэлтгэн нийлүүлэгч байгууллагын нэхэмжлэлгүйгээр Хоршоо, ХХК-ний нэр дээр хуурамчаар бараа материалын үнэд 38.9 сая төгрөг бэлнээр өгөхдөө үнийн дүнгийн 10% болох 3.8 сая төгрөгийг ХХОАТ-д тооцож аваагүй” гэж дурдсан байна. Актын хавсралтаас харахад 2 иргэн, 11 байгууллагатай дээрхи гүйлгээг хийсэн байх бөгөөд 11 байгууллагатай хийсэн гүйлгээнд ХХОАТ тооцох боломжгүй өөрөөр хэлбэл байгууллага хоорондын гүйлгээ тул ААНОАТТ хууль үйлчлэх учиртай. Мөн энэ хавсралтыг хар өнгийн бэхээр засварлаж хариуцах эзэн гэсэн хэсэгт миний нэрийг гараар нэмж бичсэн байна. Энэ засварыг хэн, хэзээ, хаана хийсэн нь тодорхойгүй бөгөөд албан бичгийн шаардлага, аудитын актын стандартыг зөрчсөн байна. Энэхүү актын тэмдэглэх хэсэгт ХХОАТТХуулийн 23.1-д “Цалин хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлогод албан татвар ноогдуулах орлогын дүнд 10%-иар тооцож албан татвар ноогдуулна” гэснийг үндэслэл болгон дурдсан нь учир дутагдалтай байна гэж үзэж байна. Учир нь дээрхи хуулийн 11-р зүйлд цалин хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого гэдгийг тодорхойлсон байдаг бөгөөд материал худалдан орлого олж байгаа явдал нь дээрхи зүйлд багтахгүй бөгөөд хувь хүн болон ААН-ийн үйл ажиллагааны орлого болох тул үндэслэл болгож буй хуулийн заалт буруу байна гэж үзэж байна. Мөн хуурамч баримт бүрдүүлэн 38.9 сая төгрөгийн гүйлгээ хийж тийм хэмжээний хохирол учруулсан бол яагаад цагдаагийн байгууллагад шилжүүлж эрүү үүсгүүлсэнгүй бэ?, хуурамч баримт бүрдүүлэн мөнгө шилжүүлж болно харин татвар төлөх хэрэгтэй гэж үзсэн юм болов уу? Хөдөө орон нутагт эрчим хүчний салбарт шаардлагатай тоног төхөөрөмж, материалыг ханган нийлүүлэх байгууллага байхгүй тул зарим үед яаралтай тохиолдолд хэрэгцээт материалыг хувь хүн, ААН-ээс шууд худалдан авахаас өөр аргагүй бодлогыг дурдах нь зүйтэй болов уу гэж үзлээ.

       2.Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийг төлүүлэх тухай 03/171 актаар “цалингийн сангаас илүү зарцуулсан 495.850 төгрөгийг хэн хэрхэн олгосон нь тодорхойгүй илүү зарлагадсан” гээд дээрхи мөнгийг нярав, цалин хөлсний ня-бо, Ерөнхий ня-бо болон захирал миний бие адил тэнцүү хуваан төлөхөөр болжээ. Актанд тэмдэглэснээр хэнд хэрхэн олгосон нь тодорхойгүй илүү зарлагадсан гэснийг юу гэж ойлгох бэ? Кассын орлогоос дутсан юм уу тэгсэн бол кассын нярав болон хяналт тавих үүрэг бүхий цалин хөлсний ня-бо хариуцлага хүлээмээр юм. Гэтэл илүү зарлагадсан гэж байгаа тул хэн нэгэн гарын үсэг зурж зарлагадсан баймаар тийм бол эзэн нь тодорхой байх н гарцаагүй. Мөнгөн хөрөнгийн зарцуулалт нь цаг ямагт баримттай байдаг бөгөөд аудит хийсэн шинжээч нь мэргэжил, ур чадварын дутуугаас гүйлгээний учрыг олж чадахгүй нийтэд нь хамруулан акт тавьсан гэж үзэх боломжтой мэт харагдаж байна. Цалин хөлсөнд зарцуулж байгаа мөнгө бүгдэд ил байдаг бөгөөд хэн нэгэн ямар нэгэн байдлаар бусдад очих ёстой цалинг авах боломжгүй мөн эрх бүхий хүмүүс хэн нэгэнд илүү өгөх боломж байхгүй юм.

         3. Илүү олгосон тохилолт, унааны зардал төлүүлэх тухай 06/174 актанд дурьдсанаар, илүү байсан нь тогтоогдож байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ эргэлзээтэй, тооцоллын алдаатай зүйл байх бөгөөд үүнээс болж илүү мөнгө төлөхөөр болжээ. Хавсралт хүснэгтийн 3 дугаар мөрөнд байх миний нэр дээр 3 хоногийн томилолтын зардал 87.000 төгрөг, зочид буудлын зардалд 510.000 төгрөг, мөн хүснэгтийн 9 дэх мөрөнд 1 хоногийн томилолт 35500 төгрөг, зочид буудлын зардалд 385.000 төгрөг тус тус төлүүлэхээр акт тавьжээ. Гэтэл 510.000 төгрөг, миний 10 хоногийн буудлын мөнгө бөгөөд 1 хоногт 51.000 төгрөг буудлын зардал, илүү олгосон 3 хоногт 153.000 төгрөг байх ёстой үүнтэй адил 385.000 төгрөг нь 7 хоногийн буудлын зардал бөгөөд илүү авсан 1 хоногийн өмнө 55.000 төгрөг болно. Ингээд бодохоор 1017.500 төгрөг биш 330.500 төгрөг болж байна.

       4.Аудитын дүгнэлт нь тодорхой шаардлага хангасан үнэн зөв, эргэлзээгүй байх нь чухал бөгөөд шинжээч нь мэргэшсэн, шударга, ёс зүйтэй байхгүй бол төрийн энэ чухал албаны нэр хүнд унах аюултай юм.

        Иймд Увс аймгийн Аудитын газрын гаргасан 2014 оны 11-р сарын 06-ны өдрийн 01/164, 01/173, 06/174 тоот актуудыг 2015 онд УИХ-аар баталсан өршөөлийн тухай хуулинд хамруулахыг Увс аймгийн Аудитын газарт даалгаж өгнө үү” гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Намжил шүүхэд гаргасан хариу тайлбартаа: УИХ-ын төсвийн байнгын хорооны захиалга, Монгол Улсын Ерөнхий аудиторт ҮАГ-аас 2014 онд нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөө, ҮАГ-ын харъяа Увс аймгийн аудитын газрын 2014 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Увс аймгийн “ЦТС” ХХК-ний 2012, 213 он болон 2014 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитаар илүү олгосон томилолт, буудлын зардал төлүүлэхээр 06/174-УВААГ-2014/09-ГА тоот акт тогтоосон. Тухайн актаар албан томилолтын зардалд 923.0 мянга, буудлын зардал 1465.0 мянга, нийт 2380.0 мянган төгрөг төлүүлэхээр акт тогтоосноос 18 ажилтны 1362.5 мянган төгрөг барагдсан бөгөөд “ЦТС” ХХК-ний захирлаар ажиллаж байсан Ц.Эрдэнэбаатарт холбогдох албан томилолт 122.5 мянга, буудлын зардал 895.0 мянга, нийт 1017.5 мянган төгрөг барагдаагүй байна.

  1. “ЦТС” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Эрдэнэбаатар 2013 оны 1 дүгээр сарын 22-нд томилолтын зардал 1274.1 мянган төгрөг авсан. Энэ нь анхан шатны баримтаас үзэхэд:
  • Албан томилолтын зардал: 10 хоног*29000= 290000
  • Замын зардал /тийзний үнэ/: 235090+239090= 474180 төгрөг
  • Зочид буудлын зардал: хэд хоносон нь тодорхойгүй 510000 төгрөг

Акт тогтоосон шалтгаан:

  • Онгоцны тийзээс үзэхэд Ц.Эрдэнэбаатар нь Улаангомоос-Улаанбаатар 2013 оны 1 дүгээр сарын 22-нд явж Улаанбаатараас –Улаангомд 2013 оны 1 дүгээр сарын 29-нд ирсэн байна. Гэтэл албан томилолтын хуудсыг хуурамчаар буюу 2013 оны 1 дүгээр сарын 22-наас 1 дүгээр сарын 31 хүртэл ажилласнаар таглуулж, албан томилолтыг “ЦТС” ХХК-ний тамга дарж албан томилолтын хугацаа дуусахаас өмнө буюу 2013 оны 1 дүгээр сарын 24-нөөр хэн хаасан нь мэдэгдэхгүйгээр таглуулж 7 өдөр ажилласныг 10 өдрөөр тооцон 3 өдрийн томилолт 87.0 мянган төгрөг илүү авсанд акт тогтоосон.
  • 3 өдрийн томилолт илүү авснаас гадна Монгол Улсын сангийн сайдын 2011 оны 6 дугаар сарын 14-ны 132 тоот тушаалын 1-д “Улс төрийн болон төрийн захиргааны албан хаагчийн албан томилолтын зам хоног, байрны зардлын хэмжээг Улаанбаатар хотод 35500 төгрөг байхаар тогтоосон”, Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 9-д “Албан томилолтоор ажилласан хоногийн тоог томилолтын үнэмлэхэд тэмдэглэсэн календарийн бүх хоногоор тооцож гаргана. Тэгэхдээ явсан, ирсэн өдрийг нэг хоногт тооцно”, “ЦТС” ХХК-ний гүйцэтгэх захирал байсан Ц.Эрдэнэбаатарын 2012 оны 7 дугаар сарын 20-ны 43 тоот тушаалын 1-д “ЦТС” ХХК-ний ажилтан, албан хаагчийн албан томилолтын зам хоног, байрны зардлын хэмжээг суманд 18000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад 35500 төгрөг байхаар тус тус тогтоосон байна. Дээрх эрх зүйн баримтуудад Улаанбаатар хотод ажиллахад албан томилолтын зам хоног, байрны зардал нийлээд 35500 төгрөг багтахаар заасан байхад тогтоосон хэмжээг хэтрүүлэн, хуурамч баримт бүрдүүлэн, буудлын зардал 510.0 мянган төгрөг давхардуулан авсанд акт тогтоосон.
  1. “ЦТС” ХХК-ний захирлаар ажиллаж байсан Ц.Эрдэнэбаатар 2013 оны 5 дугаар сарын 20-нд унааны зардал 516.0 мянга, 5 дугаар сарын 31-нд томилолтын зардал 669.0 мянга, нийт 1185.0 мянган төгрөг авсан. Энэ нь анхан шатны баримтаас үзэхэд:
  • Албан томилолтын зардал: 8 хоног*35500= 284000 төгрөг
  • Замын зардал /тийзний үнэ/: 234900+281100=516000 төгрөг
  • Зочид буудлын зардал: 55000*7=385000 төгрөг

Акт тогтоосон шалтгаан:

  • Онгоцны тийзээс үзэхэд Ц.Эрдэнэбаатар нь Улаангомоос-Улаанбаатар 2013 оны 5 дугаар сарын 12-нд явж Улаанбаатараас-Улаангомд 2013 оны 5 дугаар сарын 19-нд ирсэн байна. Гэтэл албан томилолтын хуудсыг хуурамчаар буюу 2013 оны 5 дугаар сарын 12-наас 5 дугаар сарын 20 хүртэл ажилласнаар таглуулж, албан томилолтыг эрх бүхий албан тушаалтнаар тооцуулан хаалгахгүйгээр 7 өдөр ажилласныг 8 өдрөөр тооцон 1 өдрийн томилолт 35.5 мянган төгрөг илүү авсанд акт тогтоосон.
  • 1 өдрийн томилолт илүү авснаас гадна Монгол Улсын сангийн сайдын 2011 оны 6 дугаар сарын 14-ны 132 тоот тушаалын 1-д “Улс төрийн болон төрийн захиргааны албан хаагчийн албан томилолтын зам хоног, байрны зардлын хэмжээг Улаанбаатар хотод 35500 төгрөг байхаар тогтоосон”, Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 9-д “Албан томилолтоор ажилласан хоногийн тоог томилолтын үнэмлэхэд тэмдэглэсэн календарийн бүх хоногоор тооцож гаргана. Тэгэхдээ явсан, ирсэн өдрийг нэг хоногт тооцно”, “ЦТС” ХХК-ний гүйцэтгэх захирал байсан Ц.Эрдэнэбаатарын 2012 оны 7 дугаар сарын 20-ны 43 тоот тушаалын 1-д “ЦТС” ХХК-ний ажилтан, албан хаагчийн албан томилолтын зам хоног, байрны зардлын хэмжээг суманд 18000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад 35500 төгрөг байхаар тус тус тогтоосон байна. Дээрх эрх зүйн баримтуудад Улаанбаатар хотод ажиллахад албан томилолтын зам хоног, байрны зардал нийлээд 35500 төгрөг багтахаар заасан байхад тогтоосон хэмжээг хэтрүүлэн, хуурамч баримт бүрдүүлэн, буудлын зардал 385.0 мянган төгрөг давхардуулан авсанд акт тогтоосон. Мөн Аудитын шалгалтын явцад илэрсэн зөрчилтэй холбогдох ажилтан, албан хаагчдад танилцуулж санал авсан бөгөөд саналыг тусгасан тайланг эцэслэн баталсан болно. Тухайн үед “ЦТС” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Эрдэнэбаатарт холбогдох актыг “ЦТС” ХХК-ний гүйцэтгэх захирал М.Цэцэгмаа, Ерөнхий нягтлан бодогч Г.Жаргалсайхан, ҮАГ-ын харъяа Увс аймгийн Аудитын газрын аудитор Т.Намжил, шинжээч Я.Зунгарав нар утсаар холбогдон танилцуулсан бөгөөд өвчтэй Улаанбаатар хотод яваа гэсэн шалтгаанаар ирж уулзаагүй бөгөөд сүүлдээ утсаа авахгүй байсан болно. Улаангом сумын 3 дугаар багийн иргэн Ц.Эрдэнэбаатар нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн байна. Манай байгууллагад хандаж Өршөөлийн тухай хуульд хамруулж өгөх хувийн хүсэлт ирүүлсэн бөгөөд ҮАГ-ын харъяа Увс аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2016 оны 6 дугаар сарын 3-ны 67 тоот албан бичгээр хариуг өөрт нь хүргүүлж хувийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн болно” гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Зунгарав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны захиалга, ҮАГ-ын нэгдсэн төлөвлөгөө, аймгийн Аудитын газрын 2014 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Увс “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 2012, 2013 он болон 2014 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагааны үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн юм.

    1. Увс “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ны захирлаар ажиллаж байсан Ц.Эрдэнэбаатар нэхэмжлэлдээ “... 11 байгууллагатай дээрхи гүйлгээг хийсэн байх бөгөөд 11 байгууллагатай хийсэн гүйлгээнд ХХОАТ тооцох боломжгүй өөрөөр хэлбэл байгууллага хоорондын гүйлгээ тул ААНОАТТ хууль үйлчлэх учиртай.” гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан байна. Хариу тайлбар: Тухайн үед ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Насанжаргалын өгсөн тайлбараар Ц.Эрдэнэбаатарт ХХОТ-ын татвар төлүүлэхээр 900.0 мянган төгрөгийн акт тогтоогдсон, 11 аж ахуйн нэгж байгууллагын хооронд дансаар дамжуулж гүйлгээ хийгээгүй бөгөөд харин аж ахуйн нэгжийн тамга тэмдэгийг ашиглан хуурамчаар зарлагын баримт бичиж хувь хүмүүст бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж хувь хүмүүст бэлэн мөнгөний зарлагын баримт, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлөөр олгосон нь хувь хүний цэвэр орлого болж байгаа тул ХХОАТ-ын хуульд хамааралтай, харин ААНОАТ-ын хууль хамааралгүй ойлгомжтой юм. Тухайн аж ахуйн нэгж, нэхэмжлэл гаргаж дансандаа шилжүүлж аваагүй, орлогоо тооцуулж татвар төлөөгүй байгаа нь хуурамч баримт гэдгийг нотолж байгаа юм. Харин Увс “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ны захирлаар ажиллаж байсан Ц.Эрдэнэбаатар 11 аж ахуйн нэгж байгууллагад дансаар дамжуулж гүйлгээ хийхгүйгээр орлого нуух нөхцлийг бүрдүүлсэн байсан. Үүнийг мөн Аудитын газраас тогтоосон 2014 оны 11-р сарын 06-ны 01/169 тоот акт, Татварын хэлтсийн татвар төлөөгүйг нотолсон 01/106 тоот албан бичиг, 2012 онд “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-нд бараа материал бэлтгэн нийлүүлж кассаас бэлэн мөнгө авсан иргэдийн судалгаа, тухайн үед ажиллаж байсан ерөнхий нягтлан бодогч Ц.Насанжаргал, нярав Г.Бадам нарын өгсөн тайлбарууд, бэлэн мөнгөний зарлагын баримт, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэрэг нотлох баримтууд гэрчилж байгаа болно. /Дээр дурдсан нотлох баримтуудыг 01/169 тоот актын ард хавсаргав./

     2.Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийг төлүүлэх тухай 03/171 тоот актаар “...Актанд тэмдэглэснээр хэнд хэрхэн олгосон нь тодорхойгүй илүү зарлагадсан гэснийг юу гэж ойлгох вэ?...” гэж шүүхэд хандсан байна. Хариу тайлбар: 03/171 тоот актын тэмдэглэх хэсэгт нь “...2012 онд цалинд 395926.6 мянган төгрөг олгох байтал банк болон кассаас 397152.4 мянган төгрөг олгож, 1225.8 мянган төгрөгийг илүү олгосноос дараа онд суутгахаар 730.0 мянган төгрөгийг хэнд хэрхэн олгосон нь тодорхойгүй, илүү зарлагадсан болох нь санхүүгийн баримт, тооцооллоор тогтоогдож байна.” Гэсэн өгүүлбэрийг захирлаар ажиллаж байсан Ц.Эрдэнэбаатар ойлгохыг хүсээгүй бөгөөд гаргасан зөрчил дутагдлаа хайцаалж хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн нэг илрэл гэж үзэж байна. Аудитын тулган баталгаажуулалтаар цалинд кассаар болон банкаар олгосон нийт мөнгөн дүнгээс тооцооллоор 495.850 төгрөгийг ямар ч баримтгүйгээр илүү зарцуулсныг ерөнхий нягтлан бодогч Ц.Насанжаргал хүлээн зөвшөөрч тайлбар өгч, тооцоолол хийж гарын үсэг зурсан аудитын нотлох баримт гэрчилнэ. /Тухайн үед санхүүд ямар ч баримт байгаагүй бөгөөд одоо ч байхгүй болно./ Баримтгүйгээр зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийг 1-р гарын үсэг зурдаг дарга, 2-р гарын үсэг зурдаг нягтлан бодогч, хөрөнгө хариуцсан нярав нар хуулийн өмнө хариуцах учир хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэж төлбөрийн акт тогтоосон юм. /Дээр дурдсан нотлох баримтуудыг 03/171 тоот актын ард хавсаргав./ Ер нь хувь хүн завшиж төр хохирох учиргүй. Ц.Эрдэнэбаатар нь Монгол Улсын хуулийг даган мөрдөж хэрэгжүүлэх үүрэгтэй, энэ үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Тухайлбал: Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах;” үүрэгтэй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.4-д “Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ.”, 7.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно.”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.”, 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно.” гэж заасныг тус тус зөрчсөн нь баримтанд хавсаргасан нотлох баримтууд гэрчилнэ.” гэжээ.

        Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Аудитын газрын 2014 оны 11-р сарын 06-ны өдрийн 01/164, 01/173,  06/174 тоот актуудыг 2015 онд Улсын Их Хурлаар батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулинд заасны дагуу өршөөлд хамруулахыг Увс аймгийн Аудитын газарт даалгахыг хүсэж нэхэмжлэл гаргасан. Би энэ хэргийг урьдчилан шийдвэрлүүлэх зорилгоор Үндэсний Аудитын газар хандахад миний хүсэлтийг харъяаллын дагуу манай аймгийн Аудитын газарт шилжүүлсэн. Иймд Увс аймгийн Аудитын газарт дээрх 3 төрлийн актыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөхийг хүсэхэд миний хүсэлтийг хүлээж аваагүй тул дараагийн шат буюу шүүхэд хандсан. Тухайн үед эдгээр актууд тавигдах үед миний бие хүнд өвчтэй хэвтэрт байсан ба акт тавьсан талаар надад огт мэдэгдээгүй бөгөөд би хүмүүсийн ам дамжсан ярианаас л сонсож байсан, албан ёсоор надад мэдэгдээгүй байдаг. Миний бие сүүлд уг актуудыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тус актуудын надад холбогдох хэсгийг “Өршөөл үзүүлэх тухай” хуулинд хамруулахыг Увс аймгийн Аудитын газарт даалгахыг хүсэж нэхэмжлэл гаргасан гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Намжил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Эрчим хүчний байгууллагад 2014 онд хяналт шалгалт хийсэн бөгөөд тухайн үед нэхэмжлэгч нь ажлаа хүлээлгэж өгсөн, эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хотод байсан. Ц.Эрдэнэбаатартай байгууллагынх нь дарга, нягтлангаар нь дамжуулан холбогдож тавигдсан актуудын талаар танилцуулсан. Манай байгууллага нь аливаа акт тавихдаа удирдлагын зөвлөлөөр оруулж хэлэлцэж байж баталдаг бөгөөд Эрчим хүчний байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн зарим актуудыг чөлөөлөөд зарим актуудыг хэвээр үлдээсэн. Тухайн тавигдсан актуудын хувьд гаргасан зөрчлүүдийг нотлох баримтууд хангалттай авагдсан байгаа болно. Ц.Эрдэнэбаатар Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдахыг хүсэж манай байгууллагад хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг байгууллагынхаа удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Увс аймгийн Аудитын газар нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах субьект биш гэж үзэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Албан томилолттой холбоотой актыг ганцхан нэхэмжлэгч дээр гаргаагүй бөгөөд тухайн байгууллагын 20 гаруй хүн дээр тавигдсан ба бусад хүмүүс нь бүгд төлсөн байхад Ц.Эрдэнэбаатартай холбоотой төлбөр л үлдсэн байгаа гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Зунгарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Аудитын газар нь 2014 оны төлөвлөгөөний дагуу Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д хяналт шалгалт хийсэн. Уг байгууллага нь 68.000.000 төгрөгийн бараа материал бэлтгэн нийлүүлсэн байсан ба түүнээс компанийн нэр дээр шилжүүлсэн хэсэгт нь акт тавилгүй зөвхөн касснаас бэлэн мөнгөөр гарсан дээр нь акт тавьсан буюу 9 иргэн 2 аж ахуй нэгжид нийт 38.000.000 төгрөгийн хувь хүний орлогын албан татвар төлүүлэхээр акт тавьсан. Мөн касснаас гарсан зарлагын банкнаас шилжсэн мөнгөний тооцооллоор 465.000 төгрөг ямар нэгэн баримтгүйгээр дутаж илүү зарцуулсан байдаг. Тухайн баримт нь олдоогүй учраас дарга, нягтлан, нярав нарт хувь тэнцүүлэн акт тогтоосон. Ц.Эрдэнэбаатарт 900.000 төгрөгийн акт тавьсан бөгөөд тухайн актанд засвар хийсэн байгаа нь энэ мөнгийг Ц.Эрдэнэбаатар төлөх ёстой гэсэн үүднээс зассан гэдэг зүйлийг бусад акт тавигдсан байгууллагуудын удирдлагууд нь хэлж байсан. Тухайн засаж нэмэгдүүлсэн мөнгийг манай байгууллага хариуцахгүй. Увс аймгийн Аудитын байгууллага нь хараат бус хөндлөнгийн хяналтын байгууллага бөгөөд аудитор шинжээч нар нь дангаар бие даан шийдвэр гаргадаггүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ аудитор шинжээч нарыг дангаар бие даан шийдвэр гаргаж хэмээн төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа аудитын байгууллагын ажилтны нэр хүндэд халдах агуулгатай зүйл бичсэнд гомдолтой байна. Бидний хувьд холбогдох хууль, дүрэм, журмын дагуу акт тогтоосон ба нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Увс аймгийн Аудитын газрын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээд хэд хэдэн актыг  чөлөөлсөн байдаг. Энэ тухай аудитын тайланд дурдсан байгаа болно. Гэтэл зайлшгүй төлөх аудитын нотлох баримтаар тогтоогдсон актыг төлөхгүй өдий хүрч байгаа нь төрийн Аудитын байгууллагын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байх тул нотлох баримтанд тулгуурлан уг актуудыг төлүүлэхийг даалгасан шийдвэр гаргахыг хүсэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатар нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Увс аймгийн Аудитын газрын гаргасан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/164, 01/173, 06/174 тоот актуудыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч уг актуудын өөрт холбогдох хэсгийг 2015 онд батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өршөөлд хамруулахыг Увс аймгийн Аудитын газарт даалгахыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулахын өмнө өршөөлд хамруулж өгөхийг хүсэж Увс аймгийн Аудитын газарт хандсан байгаа ба аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Авирмэд түүний гомдол, хүсэлттэй танилцаад 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн албан тоотоор “...таны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн байна. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт  заасныг үндэслэн тухайн гомдол , хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болох Увс аймгийн Аудитын газрын өршөөлд хамруулахаас татгалзсан энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “өршөөлд хамруулах” захиргааны акт гаргуулахыг даалгах тухай агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хугацаанд  гаргасан байна гэж үзлээ.

     Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Аудитын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгуулахаар шийдвэрлэлээ. 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Намжил шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... Ц.Эрдэнэбаатарын хүсэлтийг байгууллагынхаа удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Увс аймгийн Аудитын газар нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах субьект биш” гэж үзэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарлажээ. Хариуцагч байгууллага  2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өршөөлд хамруулахаас татгалзсан албан бичигтээ өршөөлд хамруулахаас татгалзсан хууль зүйн үндэслэлээ дурьдаагүй байна.

       2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Баруун бүсийн эрчим хүчний систем ХК-ийн захирлын 70 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатар нь Увс “ЦТС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлөгдсөн байна. 

       Увс аймгийн Аудитын газрын шинжээч Я.Зунгарав, аудитор Т.Намжил нар 2014 оны 11 дүгээр сард аймгийн Аудитын газрын 2014 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Увс “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХХК-ийн  2012, 2013 он болон 2014 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагааны үр дүнд гүйцэтгэлийн аудит хийгээд:

- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.4-д  хуурамч баримт бүрдүүлэн ажил гүйлгээг дансанд бичихийг хориглоно”, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.1-д “Цалин хөлс, шагнал урамшуулал,болон тэдгээртэй адилтгах орлогод албан татвар ногдуулах орлогын дүнд 10 хувиар тооцож албан татвар ногдуулна” гэж заасныг зөрчиж 2012 онд бараа материал худалдан авахдаа бэлтгэн нийлүүлэгч байгууллагын нэхэмжлэлгүйгээр Хоршоо ХК-ийн нэр дээр хуурамчаар бараа материалын зарлагын баримт үйлдэн, нэр бүхий хувь хүмүүст бараа материалын үнэд 38.9 сая төгрөг бэлнээр олгохдоо үнийн дүнгийн 10 хувь болох 3.8 сая төгрөгийг ХХОАТатварт тооцож аваагүй болох нь санхүүгийн баримтаар тогтоогдож байна гэж  буруутган дутуу суутгасан татвар 900000 төгрөгийг

- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл тайланд тусгахыг хориглоно”, 20.1.4-д “хуурамч баримт бүрдүүлэн ажил гүйлгээг дансанд бичихийг хориглоно”  зааасныг зөрчиж 2012 онд цалинд 395926.6 мянган төгрөг олгох байтал банк болон кассаас 397152.4 мянган төгрөг олгож, 1225.8 мянган төгрөг илүү олгосноос дараа онд суутгахаар 730.0 Мянган төгрөгийг авлага дансанд бүртгэжээ.Зөрүү 495.8 мянган төгрөгийг хэнд хэрхэн олгосон нь тодорхойгүй илүү зарлагдсан болох нь санхүүгийн баримт тооцооллоор тогтоогдсон гэж үзээд Увс ЦТС ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Ц.Эрдэнэбаатар, ерөнхий нягтлан бодогч байсан Ц.Насанжаргал,цалин хөлсний нягтлан Л.Болормаа, нярав Г.Бадам нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр /Ц.Эрдэнэбаатарт  ногдох нь 123950 төгрөг/

- Төлбөрийн акт тогтоох , албан шаардлага өгөх журмын 2.1.6-д “ Тогтоосон норм нормативыг хэтрүүлэн зарцуулсанд төлбөрийн акт тогтооно”, Засгийн газрын 1995 оны 218 тогтоолын 3,” Увс ЦТС”  захирлын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 43 тоот тушаалын зөрчиж хэтрүүлэн олгосон томилолт 122.5 мянган төгрөг, буудлын зардал 895.0 төгрөг, нийт 2041450 төгрөгийг Ц.Эрдэнэбаатараар төлүүлж орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлэхийг “Увс ЦТС” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Цэцэгмаа, ерөнхий нягтлан бодогч Г.Жаргалсайхан нарт хариуцуулан  тус тус акт тавьсан болох нь ХХОАТ-ыг төлүүлэх тухай 01/164-2014/09/УВААГ-ГА тоот, Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийг төлүүлэх тухай 03/173-УВААГ-2014/09-ГА тоот, Илүү олгосон томилолт унааны зардал төлүүүлэх тухай 06/174-УВААГ-2014/09-ГА тоот  актууд болон нэхэмжлэгч,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудаар тогтоогдож байна.

       2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр болж дагаж мөрдөгдөхөөр болсон. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаас үзэхэд захиргааны зөрчил гаргасан боловч хараахан шийтгэл хүлээгээгүй этгээдийг өршөөн хэлтрүүлэх шийдвэрийг зөрчил гаргагчид захиргааны хариуцлага ногдуулах хуульд заасан эрх бүхий албан тушаалтан гаргахаар ойлгогдож байна. Захиргааны зөрчил гаргаад шийтгэл хүлээсэн, хүлээж буй этгээдийг өршөөн хэлтрүүлэх асуудлыг мөн энэ албан тушаалтан шийдвэрлэх юм байна. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Аудитын газар нь өршөөлд хамруулдаг субьект биш” гэсэн тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

         Түүнчлэн  аймгийн Аудитын газрын Увс аймгийн Аудитын газрын 2014 оны 11-р сарын 06-ны өдрийн 01/164-2014/09/УВААГ-ГА, 01/173 УВААГ-2014/09-ГА,  06/174 УВААГ-2014/09-ГА  тоот актууд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө тавигдсан нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2- зааснаар өршөөлд хамруулах үндэслэл болж байна.

      Иймээс өршөөлд хамруулахаас  татгалзсан аймгийн  Аудитын газрын  2016 оны 06 дугаар 03-ны өдрийн хариу албан бичиг хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж , нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатарыг өршөөлд хамруулахыг аймгийн Аудитын газарт даалгаж шийдвэрлэлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106  дугаар зүйлийн  106.1,  106.3.4 106.3.13    дэх хэсгүүдэд  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

     1. Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12,  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатарын “даалгах” нэхэмжлэлийн   шаардлагыг  хангаж, Увс аймгийн Аудитын газрын 2014 оны 11-р сарын 06-ны өдрийн 01/164-2014/09/УВААГ-ГА, 01/173 УВААГ-2014/09-ГА, 06/174 УВААГ-2014/09-ГА тоот актуудын нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатарт холбогдох зөрчлүүдийг өршөөлд хамруулахыг Увс аймгийн Аудитын газарт даалгасугай. 

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаатарыг “Увс аймгийн Аудитын газрын  2014 оны 11-р сарын 06-ны өдрийн 01/164-2014/09/УВААГ-ГА, 01/173 УВААГ-2014/09-ГА,  06/174 УВААГ-2014/09-ГА тоот актуудыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн 48 дугаар зүйлийн 48.1, хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Аудитын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  Ц.Эрдэнэбаатарт олгосугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дүгээр зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид нь 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             Т.ОЮУНГЭРЭЛ