Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ20176/00008

 

“Орика Монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/04594 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1664 дүгээр магадлалтай,

“Орика Монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Спейшл майнинг сервис” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 365.811.261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, өмгөөлөгч Ц.Амармэнд нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, өмгөөлөгч Ц.Амармэнд нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Орика Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Баярбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Спэйшл майнинг сервис” ХХК-тай OM-SMS-01/13 дугаар, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр OM-SMS-01/14 дугаар Тэсэлгээний хэрэгсэл худалдах ба худалдан авах гэрээг тус тус байгуулсан. 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр OM-SMS-01/13 дугаар “Тэсэлгээний хэрэгсэл худалдах ба худалдан авах тухай гэрээ”-ний хавсралт 1-т заасан нийт 125 805.46 ам.долларыг хариуцагч гэрээний 4.3-т заасан нөхцөлөөр төлж барагдуулна. Нэхэмжлэгч захиалгаар ирүүлсэн гэрээнд заасан тэсэлгээний хэрэгслүүдийг 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тоо, ширхэгээр нь бүрэн нийлүүлэн, хариуцагчийн төлөөлөгчид хүлээлгэн өгч харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагч 1 дэх гэрээний төлбөрт 141 847.516,23 төгрөг буюу 81.807,99 ам.долларыг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр 43.997,47 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул уг төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ханшаар хөрвүүлж 90.146.416 төгрөг болж байх тул гаргуулж өгнө үү.

2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр OM-SMS-01/14 дугаар “Тэсэлгээний хэрэгсэл худалдах ба худалдан авах тухай гэрээ”-нд нийт 2326 хайрцаг тэсэлгээний хэрэгслийг 4 удаагийн ачилтаар нийлүүлэхээр харилцан тохиролцож, гэрээний нийт үнийн дүн болох 552.056,34 ам.долларыг гэрээний 4.4-т зааснаар хариуцагч төлж барагдуулна. Хариуцагч 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А14/14 тоот албан захиалгыг нэхэмжлэгчид ирүүлж, уг захиалгын дагуу манайх мөн оны 4 дүгээр сарын 01-ний өдөр барааг бүрэн нийлүүлж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан. Манай тал хариуцагчийн захиалгын дагуу нийлүүлсэн барааны төлбөр 142.653,50 ам.долларыг гэрээний дагуу 2 удаа нэхэмжлэхэд хариуцагчаас 2 удаа нийт 15 сая төгрөг буюу 8.110,65 ам.долларыг шилжүүлсэн. Нэхэмжлэгч гэрээний дагуу эхний удаа ачуулсан барааны үлдэгдэл төлбөр 134.542,85 ам.долларыг хариуцагчаас шаардсан ч төлж барагдуулаагүй. Талуудын нягтлан бодогч нар 2 гэрээний үлдэгдэл төлбөр дээр тооцоо нийлж, нэхэмжлэгчээс 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд хариуцагчид худалдсан барааны үлдэгдэл төлбөр нийт 178.540,32 ам.долларыг талууд хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Иймд хариуцагчаас 178.540,32 ам.доллар буюу 365.811.261 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Спейшл майнинг сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Амарсанаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Орика монголиа” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нийт 268.458,96 ам.доллар бүхий тэсэлгээний хэрэгсэл худалдан авснаас 89.918,64 ам.долларын төлбөр хийж, нийт 178.540,32 ам.долларын үлдэгдэлтэй байгаа. 2014 оноос өнөөдрийг хүртэл уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ ханш тогтмол унаж, манай гол харилцагч уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын төлбөрийн чадвар муудсаны улмаас барааны борлуулалт огцом буурсан. “Орика монголиа” ХХК-д нотлох баримтын хамт гарган өгч, дийлэнх авсан барааг буцааж өгөх, өөр бараа материал, ажил үйлчилгээгээр төлөх замаар төлбөрийн асуудлыг талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т заасны дагуу хэлэлцээрийн журмаар шийдвэрлэхээр санал хүргүүлсэн боловч нэхэмжлэгчээс тодорхой хариу өгөөгүй. Иймд манай компани эвийн журмаар шийдвэрлэхийн тулд талуудын зүгээс шалтгаалах арга хэмжээ авах ёстой. Нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/04594 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Спэйшл майнинг сервис” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 337.162.681 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Орика монголиа” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28.648.579 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.987.006,31 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Спэйшл майнинг сервис” ХХК-иас 1.843.763 төгрөг гаргуулан “Орика монголиа” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1664 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/04594 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Спейшнл майнинг сервис” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 365.811.261 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Орика монголиа” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “1.843.763” гэснийг “1.987.006” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Орика монголиа” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301.193 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, өмгөөлөгч Ц.Амармэнд нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хяналтын шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1., 172 дугаар зүйлийн 172.2.1., 172.2.2.-т заасныг үндэслэн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс гадна хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй:

1. Зохигч, Тэсэлгээний хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний 4.4-т зааснаар тэсэлгээний хэрэгслийн ам.долларын ханшийн үнийг тодорхойлох хугацааг хэрхэн тооцох талаар харилцан тохиролцсон ба уг гэрээний 4.4-т “Төлбөрийг тухай бүр нэхэмжилсэн өдрийн Монгол банкны албан ханшаар тооцон төгрөгөөр гүйцэтгэнэ.” гэсэн байдаг. Тооцооны үлдэгдлийн хувьд 178.540,32 ам.долларын үлдэгдэл байгаа талаар талууд маргаагүй. “Орика Монголиа ХХК болон “Спейшл майнинг сервис” ХХК-иудын хооронд өглөг, авлагын дансны дэлгэрэнгүй” гэсэн баримт авагдсан, үүнийг нэхэмжлэгч “Орика Монголиа” ХХК-ийн санхүүгээс тооцон гаргасан байдаг.

Энэхүү санхүүгийн баримтад гэрээний 4.4-т заасны дагуу төлбөрийг нэхэмжилсэн огноо болон тухайн өдрийн ам.долларын ханшийн талаар тодорхой зааж, баримтыг нэхэмжлэгч тал хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргасан байдаг.

Дээрх үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн санхүүгийн баримт, талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4-т заасныг баримтлан 178.540,32 ам.долларыг монгол төгрөгт хөрвүүлэн тооцвол 328.419.251, 843 төгрөгийг “Орика Монголиа” ХХК-д төлөх ёстой ба талуудын хооронд байгуулсан гэрээний эрх тэгш байдлын зарчимд нийцнэ.

Үндсэн гэрээний зохицуулалт, тооцооны үлдэгдлийн талаар зохигч маргаагүй тохиолдолд шүүх уг гэрээний үндсэн заалтад эрх зүйн дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх ёстой байхад Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас их хэмжээний төлбөрийг ханшийн зөрүүнээс гаргуулахаар хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч “Спейшл майнинг сервис” ХХК нь “Орика Монголиа” ХХК-иас хүлээн авсан бараа бүтээгдэхүүнээр ажил гүйцэтгэсэн боловч тухайн ажил гүйцэтгүүлсэн хуулийн этгээд нь одоог хүртэл төлбөрөө төлөөгүй байгаагийн улмаас хариуцагч нь их хэмжээний алдагдал хүлээсэн, эдгээр бодит байдлыг нэхэмжлэгч сайн мэдэж байсан, гэтэл ханшийн зөрүүнээс үүдэлтэйгээр мөнгө нэхэмжилж, анх тохиролцсон тохиролцооноосоо буцаж, компанийг хүнд байдалд оруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Хэргийн 10-11 дүгээр талд Тэсэлгээний хэрэгсэл худалдах ба худалдан авах тухай 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ОМ-SMS-01/13 дугаартай гэрээ, мөн хэргийн 12-13 дугаар талд Тэсэлгээний хэрэгсэл худалдах ба худалдан авах тухай 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ОМ-SMS-01/14 дугаартай гэрээ тус тус авагдсан. Дээрх хоёр гэрээний ерөнхий зүйлд зохигч Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хуулийг дурдаад мөн гэрээний 4 дүгээр зүйлд төлбөрийн нөхцөлийг тохирч хавсралт гэрээ байгуулсан болно. Эдгээр гэрээний хавсралт 1-ээр талууд бүтээгдэхүүний худалдан авах тоо ширхэг, төлбөрийн нөхцөлийг харилцан тохиролцсон.

“Орика Монголиа” ХХК, “Спейшл майнинг сервис” ХХК-иудад үйл ажиллагаа явуулахдаа гадаад валют, тооцооны нэгжээр төлбөр тооцоо гүйцэтгэх зөвшөөрлийг Монгол банк олгоогүй байхад гэрээнүүд нь хууль зөрчин байгуулагдсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар ОМ-SMS-01/13, ОМ-SMS-01/14 дугаартай гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Иймд хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус, нэгэнт авсан өгсөн зүйлээ буцаах боломжгүй болсон тохиолдолд хэлцэл хийсэн өдрийн ам.долларын ханш энэ тохиолдолд яригдах ёстой байтал энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй. 

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн:

1. “Орика Монголиа” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал М.Баярбаатар шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Орика Монголиа” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан. Тус гэрчилгээнд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр М.Баярбаатарыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн. Хариуцагчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Учир нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.-д хуульд зааснаар гүйцэтгэх захирал М.Баярбаатар нь гэрээнд заасан эрх хэмжээний дотор л компанийг төлөөлөх эрхтэй байна.

Харин шүүхэд гүйцэтгэх захирал М.Баярбаатарыг “Орика Монголиа” ХХК-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөгч томилох эрхтэй гэх үйл баримт байхгүй байх бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд шаардлага гаргасан гэж үзэж байна.

Түүнчлэн хэргийн 18, 20, талд авагдсан нэхэмжлэгчийн зүгээс гаргасан баримт болох “Packing list” гэсэн баримт нь ИХШХШТХ-ийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө”, мөн хуулийн 44.4-т “хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасныг, хэргийн 32 дугаар талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримт нь хуулийн 44.4-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.-т “...нэхэмжлэлийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг захирамж гарган томилно...” гэж заасан. Маргааныг шийдвэрлэх даргалагчаар Ерөнхий шүүгчийн 2016.06.09-ний өдрийн 02082 дугаартай захирамжаар шүүгч Ч.Цэндийг томилсон. Гэтэл 2016.06.08-ны өдөр буюу шүүх хуралдаан даргалагчийг томилохоос өмнө шүүгч Ч.Цэнд уг маргааныг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан нь маргааныг шийдвэрлэх эрх олгогдоогүй байхад процессын ажиллагаанд оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг маргаанд оролцуулах, эвлэрэх саналтай байгааг шүүхэд мэдэгдсэн байхад маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг гаргасан боловч шүүх хангаагүй байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа дурдсан, хариуцагчийн зүгээс энэ гомдлын шаардлагыг дэмжиж оролцсон боловч давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч тухайн гомдлыг дэмжээгүй” гэсэн үндэслэл зааж, процессын алдааны талаар эрх зүйн дүгнэлт огт хийлгүй орхигдуулсан нь “давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, “нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан өдрийг үүрэг гүйцэтгэх үе гэж үзэж төлбөрийг мөн өдрийн ханшаар тооцсон” нь эрх зүйн үндэслэлгүй.

Хуулийн энэхүү зохицуулалт нь төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнөх мөнгөний ханшийн талаарх өөрчлөлттэй холбоотой төлбөрийн үүргийг зохицуулсан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд гомдлыг хянан үзэж магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

“Орика Монголиа” ХХК нь “Спейшл майнинг сервис” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 365.811.261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Спейшл майнинг сервис” ХХК хяналтын журмаар гомдол гаргасны дараа нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, 360.000.000 төгрөгийг хэсэгчлэн тодруулбал 2016 оны 12 дугаар сарын 28, 2017 оны 1 дүгээр сарын 28, 2017 оны 3 дугаар сарын 28-ний өдөр тус бүр 120.000.000 төгрөгийг төлж төлбөрийг барагдуулахаар тохирч эвлэрсэн нь тэдгээрийн хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т “хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заажээ.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зөрчихгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4, 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/04594 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1664 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч “Спейшл майнинг сервис” ХХК нь 360.000.000 /гурван зуун жаран сая/ төгрөгийг хэсэгчлэн тодруулбал 2016 оны 12 дугаар сарын 28, 2017 оны 1 дүгээр сарын 28, 2017 оны 3 дугаар сарын 28-ний өдөр тус бүр 120.000.000 төгрөг төлөхөөр нэхэмжлэгч “Орика Монголиа” ХХК-тай эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 301.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ