| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0125/Э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч С.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Самбуугийн Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002770110 дугаартай хэргийг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд тус шүүхийн шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журамд зааснаар 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчны 10-71 тоотод оршин суух, регистрийн ПВ85120715 дугаартай, Боржигон овогт Самбуугийн Батмөнх нь:
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Батмөнх нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчны 10 дугаар гудамж 71 тоот хашааны гадаа Х.Өзгерсытэй маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, цээж рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Батмөнх нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчны 10 дугаар гудамж 71 тоот хашааны гадаа Х.Өзгерсытэй тааралдаж, мэндийн зөрөөгүй шууд түүнийг нүүрэн тус газар нь гараараа цохиж, цээж рүү нь өшиглөж бие махбодид нь зүүн хацар яасны хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал,нүүрэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт болжээ.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч С.Батмөнхийн өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би ажлаасаа буугаад ирэхэд манай байшингын ардуур нэг хүн гүйж орсон. Би байшингын хойгуур орох замдаа газраас шороо авч тэр хүн рүү шидсэн. Тэгээд бид хоёр зодолдсон. Бид хоёр хэдэн удаа цохилцоод салсан ...” гэв.
Мөрдөн байцалтад хохирогч Х.Өзгерсын өгсөн: “... Г.Баасансүрэн намайг гэрт маань дөхүүлээд өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд 3 дугаар хороо Замчины 10 дугаар гудамж 71 тоотын үүдэнд очтол цагаан өнгийн соната машинтай хүн машинаасаа шууд бууж ирээд ямар ч үгийн зөрөөгүй шууд миний нүүр лүү гараараа хоёр удаа цохиод газар унатал дээрээс миний толгой, хөл рүү өшиглөөд байсан чинь Г.Баасансүрэн “боль” гээд салгатал эхнэрийгэээ түлхэж унагаагаад салаад явсан. Г.Баасансүрэн намайг тэндээс найзындаа хүргэж өгч хонуулсан, маргааш нь би эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/,
Мөрдөн байцалтад гэрч Г.Баасансүрэнгийн өгсөн: “... Манай ажлын газрынхан Тэрэлжид “Янгир” амралтын газарт очиж амраад орой 21 цагийн үед Налайхад ирсэн. Манай ажлын Өзгерсы намайг дөхүүлж өгөхөөр надтай автобуснаас бууж хашааны үүдэнд ирэхэд манай нөхөр Батмөнх ирээд мэндийн зөрөөгүй шууд Өзгерсыг цохиж унагаагаад нүүр рүү нь олон удаа өшиглөж зодсон. Өзгерсын нүүр ам нь цус болж гар нь гэмтсэн байсан ...” гэх мэдүүлэг /хх-9-10 дугаар тал/,
Мөрдөн байцалтад гэрч М.Сарантуяагийн өгсөн: “... Тэр өдрийн 21 цагийн үед Баасансүрэн над руу залгаад “Өзгерсы хүнд зодуулчихлаа очих газар байхгүй танайд очиж болох уу” гэхээр нь би “тэг тэг” гэхэд манайд Өзгерсыг дагуулаад ирсэн. Өзгерсын нүүр ам нь хавдсан нил цус болсон хөл нь доголсон байдалтай орж ирэхээр нь “яасан юм бэ” гэхэд Баасансүрэн “манай нөхөр хашаандаа зодчихсон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-11 дүгээр тал/,
Мөрдөн байцалтад яллагдагч С.Батмөнхийн өгсөн: “... Тэр орой бүрэнхий болж байх үед би хашаандаа ороход нэг хүн байшингийн араар гүйгээд орохоор нь араас нь гүйж очоод шороо авч шидэхэд уг залуу урдаас цээж хавьд цохиж авахаар нь 2-3 удаа өшиглөсөн, нарийн сайн санахгүй байна. Тэгээд би орхиод гэрлүүгээ ороход уг залуу манай эхнэр Баасансүрэнтэй үлдсэн ...” гэх мэдүүлэг /хх-24-27 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2018 оны 5 дугаар сарын 8-ний өдрийн №шэ/261 дугаартай
1. Х.Өзгерсыгийн биед зүүн хацар ясны хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 16 дугаар тал),
С.Батмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/,
С.Батмөнхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр тал/,
С.Батмөнхийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 40-45 дугаар тал/,
С.Батмөнхийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 48-66 дугаар тал/ зэрэг болно.
Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч С.Батмөнхийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Батмөнх нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт гаргасан, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, улмаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Самбуугийн Батмөнхийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Самбуугийн Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга ) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Самбуугийн Батмөнхөд оногдуулсан торгох ялыг 5 ( тав ) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Батмөнх нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч С.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч Х.Өзгерсы “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар С.Батмөнх нь оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Батмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ