Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/1274

 

 

 

 

    2024           11           28                                       2024/ДШМ/1274

Б.Бөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхтөр,

шүүгдэгч Б.Б, түүний орчуулагч хэлмэрч Б.Саранчимэг, тэдгээрийн өмгөөлөгч  Л.Болорчулуун,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/778 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлоор Б.Бөд холбогдох эрүүгийн 2405000000790 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Баатарван овгийн Б.Б, 1976 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн үүрээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр хохирогч Т.Атай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, “шар айраг цацлаа" гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд “тархины аалзан хальсан доорх цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, 2 гарын сарвуунд цус хуралт” бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бөөс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3.960.000 төгрөг, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эм тарианы төлбөрт 810.850 төгрөг, нийт 4.770.850 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Аад олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.789.148 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.А нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Л.Болорчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан. Хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход түүний үйлдэл, хэргийн үйл баримт гарцаагүй нотлогдох ёстой. Харин эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн тохиолдолд яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх эрх зүйн зарчим үйлчилдэг. Шүүгдэгч Б.Б нь хохирогчтой маргалдсан, зууралдсан, түүний хэвлий хэсэг рүү өшиглөсөн үйл баримт тогтоогддог боловч түүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт гарцаагүй нотлогддоггүй. Өөрөөр хэлбэл, гэрч Г.Болорчимэг “Б.Б нь Аын биед халд.сан зүйл байгаа юу гэхэд Б.Б ах Т.Аын биед халдсан зүйл байхгүй ээ. А нь Батмөнх ахыг зодоод байсан ба сүүлд нь нэг удаа Батмөнх ах Аын хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөж байсан” /хх 30/, гэрч О “намайг яваад очиход Б.Б нь Т.Атай хоорондоо заамдалцсан байдалтай байсан бөгөөд би очоод салгах гэж байхдаа Аад нэг удаа нүүрэн тус газартай цохиулсан. Тэгээд би очоод Батмөнхийг Ааас салгачхаад бид нар тус тусдаа такси бариад гэр лүүгээ явсан” /хх 77/ гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгддэг. Хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтоогоогүй атлаа миний үйлчлүүлэгчийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, учир дутагдалтай, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлж байна гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Аыг газар унахад би түүнийг дахин зодоогүй. Т.А намайг илтэд зодсон бөгөөд намайг өөрийг нь зодсон гэдэг ч би түүнийг дийлэхгүй. Миний дээр гараад намайг зодсон. Би босож чадахгүй байхад хүмүүс салгасан. Салгаад дийлэхгүй байхад Хатанбаатар Т.Аын хоолойг бооход газарт унасан. Улмаар босоод явах үед нь би түүний гэдэс рүү өшиглөсөн. Намайг толгой руу цохисон гэж худал мэдүүлсэн. Мөн надаас мөнгө авна гэж дайраад байгаа. Хэрэв би толгой руу нь цохисон бол ээж, аавтай нь уулзаад өгөх боломжтой. Гэтэл би толгой руу нь цохиогүй. Бас цохисон бол би шүүхдээд, давж заалдаад явахгүй. 10 дугаар хорооллын камер ч байгаа. Би түүний хэлж байгаа шиг Т.Аыг доороо оруулаад, өөрөө дээр нь гараад зодоогүй. ...” гэв.

Прокурор Н.Энхтөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Л.Болорчулуун “…шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан байна.

Гэтэл шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шийтгэх тогтоолд түүнийг гэм буруугийн талаар маргасан боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй, хоёр хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эцэг хэмээн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс энэ талаар зөвтгөн дүгнэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Иймд давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч Б.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/778 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ,

               ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                ЕРӨНХИЙ

    ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                 ШҮҮГЧ                                                           Ц.МӨНХТУЛГА