| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2026/0518/З |
| Дугаар | 128/ШШ2026/0675 |
| Огноо | 2026-07-08 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2026/0675
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э*******” ХХК, РД*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, Ж.С*******,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О*******, Б.Ж*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нарын хоорондын “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О*******, Б.Ж******* нарын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тогтоосон НА-24 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, Ж.С*******, хариуцагч Б.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О*******, Б.Ж******* нар 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-24 дугаар нөхөн ногдуулалтын актаар “Э*******” ХХК-д 39,271,032.14 төгрөгийн нөхөн татвар, 15,708,412.86 төгрөгийн торгууль, 12,805,599.68 төгрөгийн алданги, нийт 67,785,044.68 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.
1.2. “Э*******” ХХК-иас дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан ба тус зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-24 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гардуулсан байна.
1.3. Нэхэмжлэгчээс 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О*******, Б.Ж******* нарын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тогтоосон НА-24 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгах” тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай “Э*******” ХХК нь олон улсын ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ба үйл ажиллагаа эрхэлсэн цагаасаа хойш татвараа үнэн зөв, бодитоор нь тайлагнаж ирсэн билээ.
Гэтэл Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О*******, Б.Ж******* нар нь 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-24 дугаар Нөхөн ногдуулалтын актаар 67,785,044.68 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги төлөхийг манай компанид даалгасан.
Ингэхдээ 2022 онд 310,301,931.41 төгрөг, 2023 онд 82,408,390.00 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажаагүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдох орлогоо бууруулсан буюу Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль /цаашид ААНОАТтХууль гэх/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.4, Татварын Ерөнхий хуулийн 28.5-д заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн.
Бид Нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан дүнгээс нийт 357,367,314.57 төгрөгийн зардалд ногдох 35,736,731.44 төгрөгийн нөхөн татвар, 14,294,692.57 төгрөгийн торгууль, 11,793,121.37 төгрөгийн алданги, нийт 61,824,545.38 төгрөгийн төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд:
| Он | Тайлбар | Үнийн дүн(төгрөг) |
| 2022 | Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит ашиг алдагдлыг тооцохдоо бодит бус ашиг алдагдлыг оруулж буруу тооцоолсноос 38,163,926.72 төгрөгийн хасагдах зардал дутуу тусгасан. Тайлант үеийн ханшийн зөрүүний бодит алдагдал 95,264,921.63 төгрөг, ханшийн зөрүүний бодит ашиг 34,004,672.83 төгрөг тус бүр байсан. Үүнээс, зөрүү бодит алдагдал 61,260,248.80 төгрөгийг 23,096,322.08 төгрөг хэмээн тайлагнасан нь Гүйлгээ балансын тайлангаар нотлогдоно. | 38,163,926.72 |
| Харилцагчийн өмнөөс төлсөн гааль, НӨАТ-ын татвар 38,205,457.80 төгрөг, авлага өглөгөөр дамжуулах ёстой гүйлгээг, уг дүнгээр борлуулалт болон зардлыг өсгөж илүү тайлагнасан дүн. Харилцагчийн өмнөөс төлсөн зардлын и- баримтыг эцсийн хэрэглэгчээр шивсэн. B LLC - 2,823,267.45 - 2022/08/20 DSV Air & Sea Inc - US - 31,067,926.35 - 2022/09/04 Т /Turkey export - 4,314,264 - 2022/10/30 | 38,205,457.80 | |
| М ХК-тай байгуулсан гэрээ, нэхэмжлэл, төлбөр шилжүүлсэн банкны баримтаар нотлогдоно | 222,862,900.00 | |
| Нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаа дүн | 308,867,760.78 | |
| 2023 | Х*******, Голомт болон Хны харилцахын хуулгаар нотлогдох банкны шимтгэлд төлсөн зардал | 22,132,208.97 |
| Албан томилолтын нийт зардал 43,833,504.39 төгрөг тайлагнаснаас 22,381,798.38 төгрөгийн зардал и-баримтаар нотлогдож байгаа бөгөөд гадаад томилолтын зардал гадаад баримтаар нотлогдоно | 26,367,344.60 | |
| Нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаа дүн | 48,499,553.57 |
1. Татварын Ерөнхий хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласан нь
Татварын ерөнхий хуулийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэжээ. Өөрөөр хэлбэл энэ нь борлуулалт хийсэн татвар төлөгчийн үүрэг байх бөгөөд тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авагчид ногдуулсан үүрэг биш юм. Манай компани нь өөрсдийн борлуулалттай холбоотой төлбөрийн баримтыг тухай бүр хэвлэх болон цахимаар харилцагчдаа өгч ирсэн ба ийм зөрчил огт гаргаж байгаагүй буюу шалгалтаар ч ийм зөрчил илрээгүй.
Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20-д татвар төлөгч гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг ойлгохоор заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл манайд үйлчилгээ үзүүлж, борлуулалтын орлого олсон байгууллага нь татвар төлөгч болохын хувьд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг ашиглаж, борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан татварын бүртгэл, нэгдсэн санд илгээж, бүртгүүлж, мөн зүйлийн 28.5-д зааснаар борлуулалт хийх тухай бүр хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй.
Гэтэл татварын байцаагч нар нь манай борлуулалт, түүний баримтын бүрдэлтэй хамааралгүйгээр бидний худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зардалтай дээрх хуулийн зохицуулалтыг хамаатуулан тайлбарлаж, зардал гаргахдаа ажил, үйлчилгээ үзүүлэгчийн өмнөөс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг өөрсдөө хэвлэж авах, эсхүл тэдний өмнөөс цахимаар өөрсдөө илгээх үүрэгтэй мэтээр хуулийг буруу тайлбарлаж, акт ногдуулсан.
Хуулиар манайд бараа, ажил, үйлчилгээ үзүүлсэн хувь хүн, аж ахуйн нэгжийн өмнөөс төлбөрийн баримт хэвлэх, цахимаар илгээх, орлон биелүүлэх ямар ч боломжгүй, мөн тэдний өмнөөс хариуцлага хүлээх үүрэг байхгүй. Харин ч баримт шивж өгөөгүй, цахимаар илгээгүй хувь хүн, аж ахуйн нэгжийг торгох, хариуцлага тооцох хуулийн зохицуулалтай билээ.
Нөгөөтэйгүүр Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана гэж заасны дагуу татварын хяналт шалгалтын зорилго нь татвар төлөгч хуулиар ногдуулсан татварыг бүрэн төлсөн эсэхийг тогтооход оршдог.
Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулахаар Татварын хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан.
Цаашлаад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан анхан шатны баримт гэдэгт ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгодог. Гэтэл татварын улсын байцаагч нар манай компанид дээрх хуульд заасны дагуу бүрдүүлсэн анхан шатны баримтыг үнэлж дүгнэлгүй, худалдан авагч болох манай компанийг төлбөрийн баримтаа нэхэж авах үүрэгтэй байсан гэж маргаан бүхийн “Нөхөн ногдуулалтын акт” тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд баримтлах шударга байх зарчимд нийцэхгүй байна.
Манай байгууллагад үйлчилгээ үзүүлж борлуулалт хийсэн байгууллагууд 2022, 2023 онд хийсэн борлуулалтаа тайлагнаагүй, холбогдох төлбөрийн баримтыг зохих журмын дагуу үйлдээгүй энэ үйлдлийг хянах, биелэлтийг хангуулах, түүнчлэн татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах үүргээ татварын алба биелүүлээгүй, манай компанид тус байгууллагын өмнөөс татварын хариуцлага тооцож, хасагдах зардалд орох худалдан авалт хийсэн нь анхан шатны баримт, байгууллага хооронд байгуулсан гэрээ, төлбөрийн нэхэмжлэх, төлбөр шилжүүлсэн баримт зэргээр нотлогдож байхад анхаарч үзээгүй.
2. ААНОАТТХуулийн хэрэглээ
13 дугаар зүйлд “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага”-ын талаар зохицуулсан байх ба нийт 5 хуулийн шаардлагыг тавьсан ба тэдгээрийн (і) тухайн татварын тайлант хугацаанд хамаарах, (ii) орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан, (iii) зардал бодитоор гарсан, (iv) тухайн зардлыг төлж, тайлагнасан байх зэрэг нь манай компанийн үүрэг байдаг. Манай компани нь тус онуудад Х*******, Х, М ХК зэрэг компаниудаас ажил үйлчилгээ авсан ба нэхэмжлэл болон гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоог холбогдох компаниудад шилжүүлж, татварын албанд илгээсэн тайландаа энэ тухайгаа тусгасан байдаг. Гэтэл тус компаниуд нь Татварын Ерөнхий хуулийн 28.5-д заасан үүргээ биелүүлээгүй нь тэдгээрээс ажил, үйлчилгээ авсан манай компанийн буруу хэмээн үзэж, нөхөн ногдуулалтын акт тавьсанд гомдолтой байна.
Хэрэв уг үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт тавьж байгаа тохиолдолд холбогдох этгээдүүд буюу Х*******, Х, М ТӨХК нарын тухайн оны татварын тайланг харьцуулан харах, баримтыг яагаад шивээгүй талаар тодруулах, татвар давхардсан эсэх олон зүйлийг шалгах ёстой. Манай байгууллагаас дээрх баримтуудыг тухай бүр шаардаж ирсэн эсэхийг тодруулж, цугларсан баримтуудыг нягтлан, шийдвэрээ гаргах ёстой байтал татварын байцаагч нар нь огт ийм ажиллагаа хийлгүйгээр нөхөн ногдуулалтын актыг шууд тавьсан. Бид борлуулалтын үйл ажиллагаанаас олсон орлого, түүнд ногдох зардал зэргээ үнэн зөвөөр нь жил бүр тайлагнаж ирсэн ба татвар төлөхгүй байх, татварын хэмжээг бууруулах, татвар ногдох зүйлийг нуух ямар нэгэн үйлдэл огт гаргаж байгаагүй нь шалгалтаар тодорхой байхад Татварын Ерөнхий хуулийн 82 дугаар зүйлд зааснаар нөхөн ногдуулалтын акт тавьсан нь хуульд нийцэхгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О*******, Б.Ж******* нарын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-24 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар ногдуулсан төлбөрөөс 357,367,314.57 төгрөгийн зардалд ногдох 35,736,731.44 төгрөгийн нөхөн татвар, 14,294,692.57 төгрөгийн торгууль, 11,793,121.37 төгрөгийн алданги, нийт 61,824,545.38 төгрөгийг хасаж, төлбөрийн дүнд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч нарын маргаан бүхий актаар манайд нийт 67,785,044.68 төгрөгийн албан татвар, торгууль, алданги ногдуулсан. Үүнээс 2022 онд 310,301,931 төгрөг, 2023 онд 82,408,390 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий цахим төлбөрийн баримтаар баталгаажуулаагүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдох орлогыг бууруулсан гэж үзэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.4, Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн. Бид маргаан бүхий актаар ногдуулсан төлбөрөөс нийт 357,367,314 төгрөгийн зөрчилд ногдох 35 сая төгрөгийн нөхөн татвар, 14 сая төгрөгийн торгууль, 11 сая төгрөгийн алданги, нийт 61,824,545.038 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнийг 2022, 2023 он тус бүрээр гурван төрлийн зардлаар тайлбарласан. 2022 онд 38,163,926.72 төгрөгийн гадаад валютын ханшийн зөрүүний бодит ашиг, алдагдлыг тооцохдоо бодит бус ашиг, алдагдлыг оруулан буруу тооцсоны улмаас хасагдах зардалд дутуу тусгасан. Үүнээс бодит алдагдал болох 61,260,248.80 төгрөг нь 23,096,322.08 төгрөгийн хайлт авсан гүйлгээ болон гүйлгээний балансын тайлангаар нотлогддог. Мөн 38,205,457 төгрөгийн харилцагчийн өмнөөс төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг зардалд хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн “М” ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу төлсөн 222,862,900 төгрөгийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнээс гадна 2022 онд Худалдаа хөгжлийн банк болон Хны шимтгэлийн зардал болох 9,635,476 төгрөг нь цахим төлбөрийн баримтаар шивэгдээгүй боловч банкны баримтаар нотлогдож байгаа тул хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй. Ийнхүү 2022 онд нийт 308,867,760.78 төгрөгийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2023 онд хоёр төрлийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнд Худалдаа хөгжлийн банк болон Хны харилцах дансны хуулгаар нотлогдох 12 сая төгрөгийн банкны шимтгэлийн зардал, мөн гадаад баримтаар нотлогдсон 26,367,344 төгрөгийн гадаад албан томилолтын зардал багтаж байна. Ингэснээр 2023 онд нийт 48,499,553 төгрөгийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар татвар төлөгч борлуулалт хийх бүрдээ хэрэглэгчид төлбөрийн баримт олгох, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэ нь борлуулалт хийсэн татвар төлөгчид хүлээлгэсэн үүрэг болохоос бараа, ажил, үйлчилгээ худалдан авагчид хүлээлгэсэн үүрэг биш юм. Мөн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар татвар төлөгч гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг ойлгоно. Маргааны үйл баримтыг авч үзвэл манайд үйлчилгээ үзүүлж, борлуулалтын орлого олсон байгууллагууд хуульд заасан үүргээ биелүүлж, төлбөрийн баримтыг манайд цахимаар шивж өгөх ёстой байсан. Гэтэл уг үүргээ биелүүлээгүй байхад түүний өмнөөс манай байгууллага уг үүргийг хэрэгжүүлэх ёстой мэтээр хуулийг буруу тайлбарлаж, маргаан бүхий актыг тогтоосон. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д татварын алба нь татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу татвараа үнэн зөв тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхэд хяналт шалгалт хийхээр зохицуулсан. Иймд татварын хяналт шалгалтын зорилго нь татвар төлөгч хуулиар ногдуулсан татвараа үнэн зөв төлсөн эсэхийг тогтооход оршино. Харин татвар төлөгч анхан шатны баримтаа бүрдүүлээгүй, эсхүл нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл нь бүрэн бус, орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасны дагуу татварын алба жишиг үнэ болон бусад хуульд заасан аргачлалыг хэрэглэн татварыг ногдуулахаар зохицуулсан байдаг. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотлох гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотлох баримтыг ойлгохоор заасан. Гэтэл татварын улсын байцаагч нар манай байгууллагын хуульд заасны дагуу бүрдүүлсэн анхан шатны баримтыг үнэлж дүгнээгүй, шаардлагатай тохиолдолд төлбөрийн баримтыг борлуулагч талаас нэхэн гаргуулах ажиллагаа явуулаагүй атлаа манай гаргаж өгсөн нотлох баримтыг үл харгалзан акт тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан татвар ногдуулах, тайлагнуулах, төлүүлэх, хянан шалгах, хариуцлага тооцох үйл ажиллагаа хуульд нийцсэн байх зарчимд нийцэхгүй байна. Манай байгууллагад үйлчилгээ үзүүлсэн, борлуулалт хийсэн байгууллагууд 2022, 2023 онд борлуулалтаа тайлагнаагүй, эсхүл төлбөрийн баримтыг хуульд заасан журмын дагуу олгоогүй гэх зөрчил тогтоогдоогүй байдаг. Татварын алба Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.11-д заасны дагуу татвар төлөгчдийг мэдээллээр хангах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иймд төлбөрийн баримтыг цахимаар шивээгүй байгууллагын өмнөөс худалдан авагчид татварын хариуцлага хүлээлгэх нь үндэслэлгүй юм. Манай байгууллага худалдан авалт хийснээ байгууллага хооронд байгуулсан гэрээ, төлбөрийн нэхэмжлэл, төлбөр шилжүүлсэн баримт зэрэг анхан шатны нотлох баримтаар бүрэн нотолсон байхад эдгээрийг үнэлж үзээгүй. Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн маргаан бүхий актаар ногдуулсан нийт 61,824,545.38 төгрөгийн төлбөрийг хасаж, төлбөрийн дүнд өөрчлөлт оруулахыг нэхэмжлэлийн үндсэн шаардлагаараа хүссэн болно” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг илгээхдээ татвар ноогдох орлогоос хасагдах зардлын мэдээ гээд зардлын үзүүлэлтээрээ кодлоод стандартаар бөглөдөг байгаа. Татварын хяналт шалгалтаар гадаад валют дээр нь хэд гэж тавьснаа огт танилцуулаагүй бөгөөд өртөг талд нь 2022 онд 310,301,931.41, 2023 онд 82,408,390 төгрөг нийт 392,710,321.41 гээд тавьсан байгаа. Юуг нь хүлээн зөвшөөрөөгүй юм бол гээд өртөг тооцож гадагшаа шилжүүлсэн эзэлдэг дийлэнх өртгийг задлаад гаргаад өгсөн байгаа. Үүн дээр дийлэнх эзэлж байгаа нь “М” ТӨХК-тэй холбоотой гэрээний нэхэмжлэх өртөгт нь орсон байгаа. Нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт, банкны баримт, гэрээ зэргийг тухайн үед нь и мэйлээр илгээж байсан нь он, сартай нь нотлох баримтаар хавсаргасан байгаа. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Бид нөр өөрсдөө сайн дураараа тайлангаа тайлагнадаг учир хяналт шалгалт орсон үед алдаагаа олж харж байгаа юм. Гадаад валют дээр 61,000,000 төгрөгийг бууруулах ёстой байсан боловч 21,000,000 төгрөгийг бууруулсан байна. Иймд 38,000,000 төгрөгийг маань авч үзнэ үү. Бодит болон бодит бус 4 дансанд бүртгэгдээд явдаг бөгөөд үүний гүйлгээний блансыг хүртэл илгээж байсан. Зөрүүгийн тайлан буюу СТ-30-ыг илгээгээгүй нь үнэн. Үүн дээр бол 38,1 сая төгрөгийн бодит бус ашиг тавигдаад ирээдүйд хэрэгжих юм бол ирээдүйд татвар төлнө гэсэн утгыг агуулж байгаа. Бодитоор гарсан гэдэг нь тухайн гадаад валют гэдэг нь худалдах, худалдан авах болон гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага өглөгийн тооцоог баригдуулах гүйлгээн дээр үүссэн ханш нь бодит ашиг, алдагдал байдаг. Үүний зөрүү нь цэвэр 61,2 сая төгрөг байгаа.
Тайлангийн зардлын тооцооны задаргаа дээр жишээ нь 2022 онд 8.5 тэрбум төгрөг гэж тайлагнасан байгаа. Энэ нь 3 үндсэн зардлаас бүрддэг бөгөөд борлуулалтын өртөг, ерөнхий удирдлагын зардал гэж дансны бичилтээр явдаг байгаа. Энэ 2-ын нийлбэр буюу 8.5 тэрбум төгрөгийн задаргаа нь Б буюу хасагдах зардлын үзүүлэлтээр нь ангилсан задаргаа тоо байх ёстой. Тэр нь энэ дээр тодорхойгүй байгаа. Жишээ нь гадаад валютын ханшийг 23 сая төгрөгөөр авсан байна. Гэтэл үүнийг 38 сая төгрөгөөр авах ёстой байсан гэх мэт. Явуулсан баримтыг үндэслээд шалгасан бол 38 сая төгрөгөөр оруулж ирэх байсан. 7.5 сая төгрөг буюу элэгдлийн зардал нь таарч байгаа. 310,301,931.41 төгрөг дотор зардлууд орсон байгаа бөгөөд зардлын үзүүлэлтээрээ аль нь вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Бид нар өөрсдөө материал дээрээ ажиллаад аль хэсгийг нь зөрүүлээд авсан гэдгийг гаргаж ирсэн. Жишээ нь “М” ТӨХК-х дээр 310 гэдэг тоог 222 сая төгрөгөөр тавьсан байгаа юм.
Удирдлагын болон борлуулалтын үйл ажиллагааны зардлын нийлбэр нь өртөг, зардлын утгыг агуулахгүйгээр зардлын үзүүлэлтээрээ 10 гаруй байдлаар задалсан байгаа. Энэ баримт дээр аль дээр нь хэд гэж акт тавьсан гэдэг нь харагдахгүй байна. Задаргаа нь акт дээрээ дэлгэрэнгүй харагдахгүй байна.
4 данс дээр яаж бүртгэгдсэн талаар гүйлгээ бланс нь тусгагдсан байгаа. Тус 4 дансны нийлбэрээр нь 23,000,000 төгрөгийг гадаад валютын зөрөөний алдагдал гэж 2022 онд тайлагнасан. Үүнийг манай нягтлан буруу тайлагнасан байгаа юм. Ханшийн тэгшитгэлийн алдагдал бодит бус нь 38,100,000 төгрөгийн ашигтай, бодит нь -61,000,000 төгрөгийн алдагдалтай гарсан байгаа бөгөөд энэ 2-ын зөрүүгээр нь 23,000,000 төгрөг гээд тайлангаа илгээсэн байгаа юм. Шалгалтын явцад энэ тайлагнасан дүнгээр нь оруулсан байдаг. Тухайн үед залруулаад 61,2 сая төгрөг болгон оруулж өгнө үү гэдэг агуулгаар и мэйл явуулж байсан. Үүнтэй холбоотой тайлбарууд ард нь авагдсан байгаа” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О*******, Б.Ж******* нар нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2425300731 дугаарт томилолтоор “Э*******” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс-2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Эрсдэлд суурилсан-бүрэн хяналт шалгалтыг хийж, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-24 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 39,271,032.14 төгрөгийн нөхөн татвар, 15,708,412.86 төгрөгийн торгууль, 12,805,599.68 төгрөгийн алданги нийт 67,785,044.68 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.
Дээрх актаар тогтоосон төлбөрийг эс хүлээн зөвшөөрч, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасны дагуу хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. 2022 онд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй 310,301,931.41 төгрөгийн, 2023 онд 82,408,390.00 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.4-д доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх” гэсэн заалтыг хангаагүй тул 392,710,321.41 төгрөгийн зөрчилд татварын хуулийн дагуу нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан.
2. ТУНС-ээс харахад тус үнийн дүнгээр бичсэн төлбөрийн баримт хяналт шалгалтын хамрах хугацаанд байхгүй байсан. Мөн татвар төлөгч нь хяналт шалгалтын явцад төлбөр төлсөн баримт, гэрээ, нэхэмжлэл зэргийг нотлох баримтаар ирүүлээгүй тул акт тогтоосон болно.
Иймд татварын улсын байцаагчийн НА-2425300731 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагч Б.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр НА-24 тоот актыг тогтоосон. Уг актаар баримтгүй зардалтай холбоотойгоор 2022 онд 310,301,931 төгрөг, 2023 онд 82,408,390 төгрөг, нийт 392,710,321 төгрөгийн зөрчил тогтоосон. Зөрчлийг төрлөөр нь авч үзвэл, гадаад валютын ханшийн зөрүүтэй холбоотойгоор 61 сая төгрөгийн дүнгээс 38,000,163 төгрөгийг татвар ногдох орлогоос хассан байсан. Нэхэмжлэгчийн зүгээс бодит ашиг, бодит бус ашиг, алдагдлыг хооронд нь хольж тооцсон тул уг дүнг тусгаагүй гэж тайлбарласан. Анхны тайлангийн дүнг нягтлан бодогч н.Дэлгэрт хоёр, гурван удаа тулган баталгаажуулсан байдаг. Харин хяналт шалгалтын хугацаанд ханшийн зөрүүтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч талаас ирүүлээгүй. Мөн олон улсын санхүүгийн тайлагналын стандарт болох СТОУС 30-ын дагуу хэрэгжсэн ашиг, хэрэгжээгүй ашиг, бодит болон бодит бус ашиг, алдагдлыг тайлагнах ёстой байсан боловч ийм тайлан огт ирүүлээгүй. Татварын тайлангаас хассан 38,000,163 төгрөгийг “гадаад банкны ханшийн зөрүү” гэж тайлбарласан боловч энэ нь зөвлөхийн шатанд орхигдсон байсан. Хоёр дахь асуудал нь харилцагчийн өмнөөс төлсөн гааль, Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой. Энэ тохиолдолд борлуулалт болон зардлыг зэрэг өсгөсөн гэж үзсэн. Борлуулалтын талд зөрчил тогтоогдоогүй тул уг зардлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байна. Мөн 13 оронтой төлбөрийн баримтыг маргаан үүссэний дараа ирүүлсэн. Үүнд “Jesus Christ’s Choson de VIP Church” гэсэн нэртэй баримт хавсаргасан байсан бөгөөд энэ нь хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй байсан. Иймд тухайн баримтыг орлох нотлох баримт гэж үзээгүй. Харин Д*******ын Э*******гийн нэр дээрх төлбөрийн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн боловч уг асуудлаар зөрчил тогтоогоогүй. Гурав дахь асуудал нь “М” ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу 222,862,900 төгрөгийн хасагдах худалдан авалтын зардал байсан. Хяналт шалгалтын үед төлбөрийн баримтыг авч чадаагүй байсан гэж тайлбарласан. Татварын удирдлагын нэгдсэн системээр шалгахад уг дүнтэй тохирох цахим төлбөрийн баримт бүртгэгдээгүй байсан. Мөн хяналт шалгалтын явцад төлбөр төлсөн баримт, гэрээ, нэхэмжлэл зэрэг нотлох баримтыг ирүүлээгүй. Түүнчлэн борлуулагч талд үүсэх татварын үүргийг гурван жилээр хойшлуулсан нөхцөл байдал тогтоогдсон. “М” ТӨХК-д 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр албан бичгээр хандаж, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариу албан бичиг хүлээн авсан. Хариу албан бичигт 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан гэж дурдсан боловч уг гэрээг хяналт шалгалтын хугацаанд ирүүлээгүй байсан. Татварын хуульд зааснаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч нь тухайн гүйлгээнд холбогдох цахим төлбөрийн баримтыг нэхэмжлэн авах, бүртгүүлж ашиглах үүрэгтэй. Иймд цахим төлбөрийн баримтыг хугацаанд нь нэхэмжлэх бүрэн боломжтой байсан бөгөөд 2025 он хүртэл танай байгууллагаас цахим төлбөрийн баримт авах талаар татварын байгууллагад хүсэлт ирүүлээгүй гэсэн тайлбарыг өгсөн болно. Тухайн үйл баримтын агуулгыг авч үзвэл, “Э*******” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтын ажиллагаа дууссаны дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нөхөн татвар ногдуулсан акт гарсны дараа нөхөн бүртгүүлсэн цахим төлбөрийн баримтуудыг ирүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий хуулийн 28.1-д заасан татвар төлөгч татварын хуульд заасан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж, хуульд тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүргийг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1-д заасан анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болох шаардлагыг, мөн 13.7-д заасан анхан шатны баримтгүйгээр ажил, гүйлгээг бүртгэж, санхүүгийн тайланд тусгахыг хориглосон заалтыг, түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.3-т заасан нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг анхан шатны баримт бүрдүүлэхээс эхлэн журмын дагуу хийх шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардал нь хуульд заасан нөхцөлийг хангасан байх, 13.1.4-т зааснаар бараа, ажил, үйлчилгээний зардал нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын барааны хувьд гаалийн байгууллагад татвар төлсөн баримтаар баталгаажсан байх шаардлагыг мөн хангаагүй гэж үзэж байна. 2023 оны банкны шимтгэлийн зардлын тухайд ХХБ, Г, Хны дансны хуулгыг жагсаалтын хамт ирүүлсэн. Гэвч Татварын удирдлагын нэгдсэн системийн бүртгэлээр тухайн аж ахуйн нэгжийн 3.4 тэрбум төгрөгийн цахим төлбөрийн баримттай зардлын дотор эдгээр банкнаас олгосон цахим төлбөрийн баримтууд аль хэдийн бүртгэгдсэн байсан. Иймээс 22,132,208 төгрөгийн баримтгүй зардалд эдгээр банкны шимтгэлийн зардал хамаарахгүй гэж үзсэн. Тодруулбал Гнаас 2022 онд 5.3 сая төгрөг, 2023 онд 2,222,400 төгрөг, мөн 579,400 төгрөгийн цахим төлбөрийн баримт олгосон байна. Нэмэлтээр ирүүлсэн материалд банкнууд дээрх цахим төлбөрийн баримтыг тухайн байгууллагад олгосон нь нотлогдож байгаа. Иймд нийт 22,132,208 төгрөгийн баримтгүй зардалд эдгээр баримт хамаарахгүй гэж үзэж байна. Албан томилолтын зардлын тухайд 43,833,504 төгрөгийг тухайн аж ахуйн нэгж татвар ногдох орлогоос хассан байна. Энэ дүнг нягтлан бодогчтой тулган шалгаж, зардлыг бүртгэсэн болохыг хүлээн зөвшөөрсөн. Харин хяналт шалгалтын хугацаанд уг зардалтай холбоотой зөрүү гарч байгааг нотлох анхан шатны баримтыг ирүүлээгүй. Хэрэв тухайн үед анхан шатны нотлох баримтыг бүрэн ирүүлсэн бол Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалыг үндэслэн албан томилолтын зардлын хязгаарыг тогтоож, хуульд нийцүүлэн үнэлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар татвар төлөгч нь татварын тайлан, санхүүгийн мэдээллээ үнэн зөв тайлагнах үүрэгтэй. Татварын алба уг үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга зүйгээр хангах боломжтой байдаг. Мөн компанийн захирал, гүйцэтгэх захирал болон 100 хувийн хувьцаа эзэмшигч нь үйл ажиллагаанд оролцож, хяналт тавих эрхтэй. Өнөөдрийн мэтгэлцээн болон хэргийн материалыг судлах явцад 2022, 2023 оны тайлангуудад алдаа гарсан болохыг нэхэмжлэгч тал өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иймд тухайн алдааг татварын байгууллага болон шүүхийн байгууллагын журмаар засварлуулах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, тайлбарласан дүнгээ хүлээн зөвшөөрүүлж, хасагдах зардлаа нэмэгдүүлэх байдлаар тухайн оны тайлангаа засварлуулах боломжтой байсан гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдсан дүнгүүдийн үндэслэл, учир шалтгааныг энэ хүрээнд тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Харин татварын алба хяналт шалгалтын ажиллагааг дуусгаж, эцсийн шийдвэр гаргасны дараа тогтоосон дүнг үндэслэн гаргасан актыг эсэргүүцэж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Тухайлбал 2022 оны гадаад валютын ханшийн зөрүүний асуудлын тухайд нэхэмжлэгч тал 2023 онд тайландаа өөрчлөлт оруулсан байна. Гадаад улс орнуудтай хийсэн худалдааны харилцаанаас үүссэн ханшийн зөрүүний ашиг, алдагдалтай холбоотой тайлангаа өөрчлөн гаргаж, зардлаа нэмэгдүүлэх хүсэлтийг гаргасан. Энэ төрлийн тайланг хэрхэн гаргах талаар татварын байгууллагаас арга зүй, зөвлөгөө өгдөг. Мөн харилцагчийн өмнөөс гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн асуудлыг тайлбарласан. Энэ нь гурван байгууллагын өмнөөс гаалийн албан татварыг төлсөн гэх асуудал юм. Гаалийн тухай хууль болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд гаалийн албан татвар төлөгч болон гаалийн мэдүүлэгчийг тус тусад нь тодорхойлон зохицуулсан байдаг. Гаалийн албан татвар төлөгч гэдэг нь Монгол Улсын хилээр барааг нэвтрүүлж, гаалийн мэдүүлэг гаргаж байгаа этгээдийг ойлгохоор хуульчилсан байдаг. Гаалийн мэдүүлгээр бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр оруулж ирсэн этгээдэд гаалийн албан татвар төлөх үүрэг үүсдэг. Харин тухайн албан татварыг өөр байгууллагын өмнөөс төлсөн атлаа өнөөдөр өөрийн компанийн зардал гэж үзэн албан татвар ногдох орлогоос хасуулахыг хүсэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн гурван байгууллага 2022 онд өөрсдөд нь ногдох гаалийн албан татварыг зардалдаа тусган, албан татвар ногдох орлогоосоо хассан байх үндэслэлтэй. Нэгэнт гарсан нэг зардлыг хоёр өөр компани, хоёр өөр татварын тайлангаар дахин хасах боломжгүй. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид өөр байгууллагын нэр дээр импортолсон барааны гаалийн албан татварыг өөр этгээд өөрийн зардалд тооцож хасах зохицуулалт байхгүй. Иймд ийм шаардлагыг ямар хуулийн аль заалтад үндэслэн зөвшөөрөх боломжтойг нэхэмжлэгч тал тайлбарлаагүй байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд тухайн аж ахуйн нэгжийн зардал, бараа бүтээгдэхүүний өртгийг хэрхэн бүртгэх талаар тодорхой зохицуулсан байдаг. Компанийн нягтлан бодогч нь мэргэшсэн нягтлан бодогчийн хувьд хууль, журмын дагуу зардлын ангилал, хуваарилалтыг хийж, аль зардлыг татвар ногдох орлогоос хасахыг тогтоох үүрэгтэй. Гадаад валютын ханшийн зөрүүний талаар өмнө тайлбарласан. Харин “М” ТӨХК-тай холбоотой зардлын тухайд тухайн компаниас цахим төлбөрийн баримт олгоогүй нөхцөлд уг зардлыг баримтгүй зардал гэж үзэхээс өөр аргагүй. Хэрэв “М” ТӨХК төлбөрийн баримт шивээгүйгээс тухайн компанид хохирол учирсан гэж үзэж байгаа бол “М” ТӨХК-аас уг хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй. Харин төлбөрийн баримтгүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж болохгүйг хуульд тодорхой зохицуулсан байдаг. Хэрэв татварын улсын байцаагч төлбөрийн баримтгүй зардлыг зардалд зөвшөөрөн хассан тохиолдолд өөрөө хууль зөрчсөнд тооцогдож, ашиг сонирхлын зөрчил болон бусад хяналт шалгалтад өртөх нөхцөл бүрдэх эрсдэлтэй. Иймээс хуульд нийцээгүй зардлыг зөвшөөрөх боломжгүй. Худалдаа хөгжлийн банк, Г, Хны шимтгэлийн баримтын тухайд нэхэмжлэгч тал өөрсдөө ч хэдэн төгрөгийн шимтгэл төлсөн, хэдэн төгрөгийн цахим төлбөрийн баримт олгогдсон, хэдэн төгрөгийн баримт олгогдоогүй талаар нарийвчлан ялгаж, тодорхой тайлбарлаж чадаагүй байна. Аль банканд хэдэн төгрөгийн шимтгэл төлсөн, түүнд хэдэн төгрөгийн цахим төлбөрийн баримт олгогдсон, олгогдоогүй талаар тус бүрээр нь ялган нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэсэгт хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Албан томилолтын зардлын тухайд 43,833,000 төгрөгийн зардлыг хяналт шалгалтын явцад хүлээн зөвшөөрч, зардалд тооцсон нь тогтоогдсон. Ийнхүү 2022, 2023 онд тухайн компанийн гаргасан зөрчилд хяналт шалгалт хийж, анхан шатны баримтаар нотлогдсон бүх зардлыг хуульд нийцүүлэн хасаж тооцсон нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд тухайн компанийн гаргасан зөрчилд ногдуулсан хариуцлагыг хэвээр үлдээж, татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О*******, Б.Ж******* нарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О*******, Б.Ж******* нарын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тогтоосон НА-24 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ:
- Хуулиар зөвшөөрөгдсөн хасагдах зардлыг буруу тооцоолж нягтлан бодох бүртгэлд дутуу тусгасныг хяналт шалгалтын явцад тайлбарлаж холбогдох тооцоо баримтыг гаргаж өгсөөр байхад хасагдах зардлаар тооцоогүй,
- Худалдаа хөгжлийн банк, Г, Х гэх нэр бүхий банкнууд болон “М” ХК-д төлсөн төлбөрүүд нь дансны гүйлгээ болон бусад баримтаар бүрэн нотлогдсон, борлуулагчаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий баримтыг манайд байгууллагад өгөөгүй хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад манай байгууллагыг буруутгаж нөхөн татвар ногдуулсан нь хууль бус гэх агуулгаар маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О*******, Б.Ж******* нараас “Э*******” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-24 дугаар нөхөн ногдуулалтын актаар “Э*******” ХХК-д 39,271,032.14 төгрөгийн нөхөн татвар, 15,708,412.86 төгрөгийн торгууль, 12,805,599.68 төгрөгийн алданги, нийт 67,785,044.68 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-24 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн байна.
5. Тус компани нь 2022 оны 163 ширхэг 693,682,806.22 төгрөгийн, 2023 онд 427 ширхэг 2,767,583,904.06 төгрөгийн худалдан авалтын и-баримтыг татварын удирдлагын нэгдсэн системд бүртгүүлсэн болох нь маргаан таслах зөвлөлийн магадлан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байх ба хариуцагч татварын улсын байцаагч нараас эдгээр дүнгээр татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрч зөрчилд тооцоогүй болох нь хариуцагч татварын улсын байцаагч Б.Ж*******аас гаргаж ирүүлсэн тооцоололтой тохирч байна.
6. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс маргаан бүхий актад дурьдсан 392,710,321.41 төгрөгийн зөрчлийн дүнгээс 35,343,007.06 төгрөгийн зөрчилд тооцогдсон зардлыг тооцоолох боломжгүй хэмээн хүлээн зөвшөөрөх боловч үлдэх 357,367,314.57 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгийг эс зөвшөөрч, актаар тогтоосон төлбөрийг багасгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнд:
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд, гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
7.1. “Э*******” ХХК нь 2022 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа гадаад валютын ханшийн зөрүүний бодит алдагдлыг 23,096,322.08 төгрөгөөр тооцож тайландаа тусгасныг хариуцагч нар нь татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцож хүлээн зөвшөөрсөн, зөрчилд тооцоогүй байна.
7.2. Нэхэмжлэгч талаас тухайн жилийн хасагдах зардлыг 38,163,926.72 төгрөгөөр буурсан, дутуу дүнгээр тайланд тусгагдсан нь нягтлан бодогчийн алдаатай үйл ажиллагаанаас болсон, уг зардлыг гүйлгээ баланс/дотооддоо ашигладаг/-ын буруу дансны төрөлд тусгаснаас тооцооллын алдаа үүссэн байгааг хариуцагч харгалзан үзээгүй, хасагдах зардлыг өсгөн тооцоогүй нь зөрчлийн дүнг ихэсгэсэн гэх агуулгаар тайлбарласан/2 хавтаст хэргийн 101 дэх талд/.
7.3. Мөн нэхэмжлэгч нь 2022 онд нэр бүхий хуулийн этгээдүүдийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 38,205,457.8 төгрөгийг төлсөн, энэ дүнгээр борлуулалт болон татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тус тус өсгөж тайлагнасан, ингэхдээ борлуулалтад олгох и-баримтыг эцсийн хэрэглэгчид олгосноор бүртгэсэн талаараа тайлбар гаргасан.
7.4. 2023 оны гадаад томилолтын зардалд 26,367,344.60 төгрөгийн зардал гарсан нь гадаад улсад хийгдсэн гүйлгээний баримтуудаар тогтоогджээ.
8. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх арга”-ыг нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэж тодорхойлсон байх ба 6 дугаар зүйлийн 6.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөх”-өөр, 14 дүгээр зүйлийн 14.4.6-д “бүх зардлыг нягтлан бодох бүртгэлд заавал бүртгэх”-ээр тус тус зохицуулжээ.
9. Дээрхээс үзвэл, аж ахуйн үйл ажиллагааны явцад гарсан бүх зардлыг бүртгэлд бүртгэх үүргийг аж ахуйн нэгж хүлээхээр хуульчилсныг нэхэмжлэгч нь хэрэгжүүлээгүй, нягтлан бодох бүртгэлийн алдааг залруулах үүргийг татварын улсын байцаагч хүлээхгүй, түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаанд хамаарахгүй өөр хуулийн этгээдийн зардлыг төлсөн дүнгээр өөрийн борлуулалт болон зардлаа өсгөж тайлагнасан байх тул зардлыг өсгөж тооцоогүйд хариуцагчийн буруутгах үндэслэлгүй, нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.
10. Мөн нэхэмжлэгч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээд нь тайлангийн алдааг залруулах боломжтой атал энэ боломжийг хэрэгжүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.
11. М ХХК-ийн чартер нислэгийн үйлчилгээнд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 222,862,900.00 төгрөгийн худалдан авалтад тухайн онд и-баримт олгогдоогүй, 2025 онд нөхөн олгосон болохыг нэхэмжлэгч тайлбарласан.
12. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн дансны гүйлгээний шимтгэлд Худалдаа хөгжлийн банк ХХК нь 391,425.00 төгрөгийн, 2022 онд 297.07 евро, 2023 онд 3081.78 еврог суутган авсан боловч и-баримт олгоогүй, Г ХХК нь 2022-2023 оны хооронд дансны гүйлгээний шимтгэлд 29,079,753.98 төгрөгийг суутган авч и-баримт олгосон, Х ХХК нь 2022 онд 579,400.58 төгрөгийн, 2023 онд 3,422,400.00 төгрөгийн гүйлгээний шимтгэлд и-баримт олгосон, үлдэх 2022 оны 01 сараас 08 сарыг дуусталх хугацааны гүйлгээнд и-баримт олгоогүй болох нь хариуцагчаас гаргаж ирүүлсэн татварын цахим системийн мэдээлэл, банкнуудаас ирүүлсэн албан бичиг, дансны хуулгаар тогтоогдов.
13. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэг”-ийг борлуулагчид ногдуулсан бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцох”-оор, 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”-аар зааснаас үзвэл худалдан авагч тал нь мөн бараа ажил үйлчилгээнд төлсөн төлбөрийн и-баримтыг шаардах үүргийг хүлээсэн гэж үзэхээр байна.
14. Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудын дээрх зохицуулалтуудыг нэгтгэн дүгнэвэл, борлуулалтад и-баримт өгөх үүргийг борлуулагч хэрэгжүүлэх заалтыг ерөнхий хуульд тодорхой заасан хэдий ч и-баримтаар баталгаажсан зардлыг татвар ногдох орлогоос хасч тайлагнах үүргийг нарийвчилсан хуулиар худалдан мөн ногдуулсан байх тул татвар төлөгч нь и-баримтыг шаардах үүрэгтэй гэж үзнэ.
15. Мөн худалдан авагчийн энэхүү эрхийг хангах шаардлагаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийг 8.1-д и-баримт өгөөгүй борлуулагчид хариуцлага тооцохоор хуульчилсан байх тул нэхэмжлэгч талын “Татварын ерөнхий хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
16. Нэхэмжлэгчээс 2022 онд М ХХК-иас төлбөрийн баримтыг нэхэмжилж байсан талаарх цахим шууданг баримтаар ирүүлсэн боловч дээрх хэсэгт дурьдсан эрхээ хэрэгжүүлээгүй, мөн хуульд заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан баримт бүхий зардлыг хасагдах зардалд оруулан тооцох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх боломжгүй.
17. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр “Э*******” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О*******, Б.Ж******* нарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О*******, Б.Ж******* нарын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тогтоосон НА-24 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.4.6-д заасныг тус тус баримтлан “Э*******” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О*******, Б.Ж******* нарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О*******, Б.Ж******* нарын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тогтоосон НА-24 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ