| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/00111/И |
| Дугаар | 191/ШШ2025/08561 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/08561
2025 10 13 191/ШШ2025/08561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, // тоот хаяг, ******* оюун ХХК-ийн /РД: / нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, хороо, ******* таун хотхон, *******-р байр, тоот хаягт оршин суух, *******гийн ******* /РД: /,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, хороо, ******* таун хотхон, *******-р байр, 1505 тоот хаягт оршин суух, *******гийн ******* /РД: / нарт холбогдох
30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* оюун ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Гөлгөө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай ******* оюун ХХК нь Б.*******тай 2021 оны 10 сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж дүүрэг, хороо, тоот хаягт байрлах 460,8 м.кв талбайтай, 5245 м.кв талбай бүхий газартай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 70,000,000 төгрөгт тооцон худалдахаар харилцан тохиролцсон.
50,000,000 төгрөгийг бэлнээр авч, 20,000,000 төгрөгт Д.*******гийн өмчлөлийн ******* дүүрэг, хороо, Энхтайваны гүүрний дор байрлах 18 м.кв талбай бүхий гаражийг авахаар болсон.
Манай компани үл хөдлөх хөрөнгө болон газраа бүрэн шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.
Хариуцагч Б.******* худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн төлбөрт 50,000,000 төгрөгөө шилжүүлсэн боловч 20,000,000 төгрөгт тооцон өгөхөөр тохирсон Д.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ******* дүүргийн хороо, Энхтайваны гүүрний доор байрлах 18 м.кв талбай бүхий гаражийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй.
Манай компани гараж худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн боловч бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзсан хариу өгсөн.
Тухайн гаражийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2006 онд дууссан ба уг гаражид Нийслэлийн засаг даргын тамгын газрын Барилга, хот төлөвлөлтийн газраас хаяг авсны дараа дахин мэдүүлэг гаргана уу гэсэн хариуг өгсөн.
Б.******* Хаан банк дахь тоот данснаасаа нэхэмжлэгч ******* оюун ХХК-ийн мөн банк дахь тоот дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлж гүйлгээний утганд Б.******* газрын төлбөрт гэж бичсэн нь дахь үл хөдлөх эд хөрөнгийг 70,000,000 төгрөгөөр худалдан авсныг нотолно.
Түүнчлэн Б.******* 2021 оны 09 сарын 13-ны өдөр ******* оюун ХХК-д хандаж Танай компанийн дүүргийн 32-р хороонд байршилтай, 0,52 га газар бүхий аж ахуйн зориулалттай обьектыг 50,000,000 төгрөг шилжүүлж, ******* дүүргийн хороонд байршилтай, 18 м.кв талбай бүхий гаражийг өгч тооцоо дуусгахыг санал болгож байна гэсэн хүсэлт бичгээр ирүүлсэн нь дахь үл хөдлөх хөрөнгийг 70,000,000 төгрөгөөр худалдан авсныг нотолно.
Иргэний хуулийн 232, 243, 244, 249 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг үндэслэн Д.*******, Б.******* нараас 18 м.кв талбай бүхий гаражийг ******* оюун ХХК-д худалдахаар харилцан тохиролцсон боловч өмчлөх эрх нь шилжүүлээгүй тул уг гараж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гаражийн үнэ 20,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэний алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Иймд хариуцагч Д.*******, Б.******* нараас нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2021 оны 09 сарын 13-ны өдөр ******* оюун ХХК-д хандаж хамтран ажиллах хүсэлт гаргаж тус компанийн эзэмшилд байгаа дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 0,52 га аж ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг обьектийн хамт 70,000,000 төгрөгөөр үнэлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авах саналыг хүргүүлснийг тус компани хүлээн зөвшөөрсөн тул холбогдох хуулийн дагуу гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон.
Иймд бид 2021 оны 10 сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээний 3.3-т Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан байх ба миний бие гэрээг дүүргийн бүртгэлийн хэлтэст цаг алдалгүй бүртгүүлж газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гарган 2021 оны 12 сарын 28-ны өдөр засаг даргын захирамж гарч 60 хоногт багтаан газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.
Нэхэмжлэгч тал дээр дурдсан гэрээг надтай байгуулснаас хойш 7 сар, 19 хоногийн дараа улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан болох нь ******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 10-5/403 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр нотлогдож байна.
Тухайн гэрээг бүртгүүлсэн эсэх талаар мэдээлэлгүй байсан ба 2024 оны 08 сард 80111327 дугаарын утаснаас над руу залгаж бүртгэлийн байгууллага танайтай байгуулсан гэрээг бүртгэхгүй байна, мөнгөө авья, луйварчин гэх мэтээр доромжлох болсон.
Эвээр ярилцаад шийдэх боломжтой байсан ч 2024 оны 09 сарын 05-ны өдөр Монголын олон улсын арбитраас нэхэмжлэл ирж аваарай гэж мэдэгдсэн.
Бид нэхэмжлэгч талтай тухайн асуудлыг эвийн журмаар шийдвэрлэж нэхэмжилсэн дүнг алдангийн хамт төлөх санал гарган эвлэрлийн гэрээ байгуулахаар ярилцаж байсан боловч нэхэмжлэгч тал миний эцгийн өмчлөх эрхийг нотолсон гэрчилгээг үрэгдүүлсэн байсан тул бид шүүхээр шийдвэрүүлэхээс өөр аргагүйд хүрсэн.
Нэхэмжлэгч ******* оюун ХХК-тай 2021 оны 10 сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын дансанд хэдийд ч шилжүүлэх боломжтой.
Алданги 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн гаражийг бусдад түрээслэн амьжиргаагаа залгуулах нэгэн эх үүсвэр болгон ашиглаж ирсэн бөгөөд нэхэмжлэгч ******* оюун ХХК-д хүлээлгэн өгсөн 2021 оны 10 сарын 29-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд энэхүү эрхээ эдлэх боломжгүй байсан тул тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс олох байсан орлого 19,200,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй.
Мөн гаражийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь ******* оюун ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* оюун ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм,
Гаражийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 10 сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа,
******* оюун ХХК-д Б.*******ын хүргүүлсэн 2021 оны 09 сарын 13-ны өдрийн хамтран ажиллах тухай хүсэлт,
Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийн хуулбар, /нотлох баримтын шаардлага хангаагүй/,
******* оюун ХХК-ийн захирал М.Гөлгөөгийн Д.*******, Б.******* нарт хүргүүлсэн 2024 оны 04 сарын 21-ний өдрийн шаардлага,
2021 оны 09 сарын 21-ний өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт, /нотлох баримтын шаардлага хангаагүй/,
Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа,
******* оюун ХХК-ийн нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 31707 дугаар шүүгчийн захирамж,
Монголын олон улсын арбитрын 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 17 дугаартай арбитрын ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол,
2025 оны 04 сарын 16-ны өдөр ******* дүүргийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Д.*******, Б.******* нар нь итгэмжлэл, хариу тайлбарууд,
дүүрэг, 32-р хороо, дахь 5245 м.кв газрыг эзэмших эрхийг Б.*******т мөн дүүргийн засаг даргын 2021 оны 12 сарын 28-ны өдрийн А/757 дугаар захирамжаар олгосон тухай захирамжийн хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүхийн журмаар:
Хариуцагч талын хүсэлтээр 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 21818 дугаар шүүгчийн захирамжаар:
2021 оны 10 сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу ******* дүүрэг, хороо, Энхтайваны гүүрний баруун доод талд гаражын зориулалттай, 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2203008208 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ******* оюун ХХК нь өмчлөлдөө бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргахад бүртгэлд бүртгэхээс татгалзсантай холбоотой баримтыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс баримтуудыг 2025 оны 06 сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* оюун ХХК нь хариуцагч Д.*******, Б.******* нарт холбогдуулан гаражийн үнэ 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.******* нь ******* оюун ХХК-д 2021 оны 09 сарын 13-ны өдөр Танай компанийн дүүргийн 32-р хороонд байршилтай, 0,52 га газар бүхий аж ахуйн зориулалттай обьектыг 50,000,000 төгрөг шилжүүлж, ******* дүүргийн хороонд байршилтай, 18 м.кв талбай бүхий гаражийг өгч тооцоо дуусгахыг санал болгож байна гэх хүсэлт хүргүүлсэн талаар талууд хэн аль тайлбарлаж байна.
/ХХ-ийн дугаар тал/
Нэхэмжлэгч ******* оюун ХХК болон Б.******* нар нь 2021 оны 10 сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч ******* оюун ХХК нь дүүрэг, хороо, тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-2201016482 дугаарт бүртгэлтэй, 000122850 тоот гэрчилгээтэй, 460,8 м.кв талбайтай барилгыг 5245 м.кв талбай бүхий газрын хамт нийт 70,000,000 төгрөгөөр худалдан авагч Б.*******т худалдахаар,
Худалдан авагч тал Д.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2203008208 дугаарт бүртгэлтэй, тоот гэрчилгээтэй, ******* дүүргийн хороо, Энхтайваны гүүрний баруун доод хэсэгт байрлалтай 18 м.кв талбай бүхий гаражийг 20,000,000 төгрөгт тооцон шилжүүлэхээр,
гараж худалдах гэрээг тусад нь бичгээр байгуулахаар,
гэрээнд гарын үсэг зурж обьектыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор 50,000,000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон талаар талууд хэн аль нь маргахгүй байна.
/ХХ-ийн 12-14 дүгээр тал/
Хариуцагч Б.******* нь 50,000,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн тоот данснаас нэхэмжлэгч ******* оюун ХХК-ийн мөн банк дахь тоот дансанд 2021 оны 09 сарын 21-ний өдөр шилжүүлсэн талаар талууд мөн маргаагүй.
/ХХ-ийн 24 дүгээр тал/
дүүрэг, хороо, тоот хаягт байрлах 5245 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг дүүргийн засаг даргын 2021 оны 12 сарын 28-ны өдрийн А/757 тоот шийдвэрийг үндэслэн Б.*******т эзэмшүүлэхээр шийдвэрлэн, Б.******* уг газрыг эзэмшиж, ашиглаж байгаа талаараа тайлбарласныг нэхэмжлэгч ******* оюун ХХК эсэргүүцээгүй.
/ХХ-ийн 66 дугаар тал/
******* дүүрэг, хороо, Энхтайваны гүүрний баруун доод талд байрлах, 18 м.кв талбай бүхий гаражийн өмчлөгч Д.******* нь өөрийн өмчлөлийн гаражийг захиран зарцуулах эрхийг *******гийн Цэнгүүнд 2021 оны 10 сарын 26-ны өдөр 1 жилийн хугацаатай олгосны дагуу тэрээр ******* оюун ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө буюу гараж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэжээ.
Худалдагч буюу Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь худалдан авагч буюу нэхэмжлэгч ******* оюун ХХК-тай 2021 оны 10 сарын 29-ний өдөр гараж худалдах, худалдан авах гэрээг байгуулан худалдагч нь гэрээний үнэд 20,000,000 төгрөг төлөхөөр,
гэрээтэй холбоотой маргаан гарвал шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцон нотариатчаар гэрчлүүлэн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгуудаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 15-16 дугаар тал/
Худалдан авагч ******* оюун ХХК нь дээрх гэрээг бүртгүүлэх хүсэлтийг ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст 2022 оны 06 сарын 17-ны өдөр гаргахад газар эзэмших гэрээний хугацаа 2006 онд дууссан, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг авах үндэслэлээр бүртгэхээс татгалзан 2021 оны 06 сарын 21-ний өдөр хариуг хүргүүлсэн болох нь бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтуудаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 53-56 дугаар тал/
Талуудын хооронд 2021 оны 10 сарын 29-ний өдөр байгуулсан гараж худалдах, худалдан авах гэрээний дагуу гаражийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах боломжгүй болсныг худалдан авагч ******* оюун ХХК нь худалдагч талд 2024 оны 08 сард мэдэгдсэн хэмээн тайлбарласныг худалдан авагч ******* оюун ХХК маргаагүй.
Дээрх шалтгааны улмаас талуудын хооронд байгуулсан гараж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа талаараа нэхэмжлэгч буюу худалдан авагч ******* оюун ХХК тайлбарласныг худалдагч буюу хариуцагч Б.******* маргаагүй бөгөөд гаражийн үнэ 20,000,000 төгрөгийг төлнө гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,
232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан ба алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага.
Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагч Д.*******, Б.******* нараас гэрээний үнэ буюу гаражийн үнэд 20,000,000 төгрөгийг гаргуулан ******* оюун ХХК-д олгож, алданги 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч 2025 оны 01 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагч Д.*******, Б.******* нарт 2025 оны 01 сарын 17, 20-ны өдрүүдэд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн баримт, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулан нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн бөгөөд хариуцагч нар гаражийг бусдад түрээслүүлэн орлого олох байсан, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь гаргуулж өгнө үү гэж маргаж байх боловч үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй
Хариуцагч Д.******* нь ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст 2025 оны 04 сарын 01-ний өдөр үрэгдүүлсэн гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргасныг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, тухайн гаражид хаяг авах шаардлагатай үндэслэлээр татгалзсан нь ******* дүүргийн бүртгэлийн газрын 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 10-5/403 тоот лавлагаагаар тогтоогдсон болохыг дурдлаа.
******* оюун ХХК нь Б.******* нарт холбогдох нэхэмжлэлээ буцаан авах хүсэлт гаргаснаар Монголын олон улсын арбитрын 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолоор арбитрын ажиллагааг дуусгавар болгосон байх ба талуудын хооронд 2021 оны 10 сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний 6.5-д Энэхүү гэрээтэй холбоотой маргаан гарвал талууд харилцан зөвшилцөх бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ гэж заасан тул хэргийн харьяалал зөрчөөгүй гэж үзсэн болно.
/ХХ-ийн 15, 44-45 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.*******, Б.******* нараас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* оюун ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* оюун ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Б.******* нараас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* оюун ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН