| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 1902008870102 |
| Дугаар | 2024/ДШМ/1275 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Номин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ДШМ/1275
2024 11 28 2024/ДШМ/1275
Д.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, Ш.Төгсгэрэл,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/800 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, Ш.Төгсгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Эд холбогдох эрүүгийн 1902008870102 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Хар бүргэд овгийн Д.Э, 1969 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэгт холбогдох үедээ Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;
Шүүгдэгч Д.Э нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан “Засгийн газрын гишүүний бүрэн эрх”-ийн 1 дэх хэсгийн 4-т “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө”, Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүх.ий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэснийг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/35 дугаартай “Бүтэц шинэчлэн батлах тухай” тушаалыг тус тус зөрчиж,
өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Бүтэц шинэчлэх батлах тухай" тушаал гаргаж, Шинжлэх ухаан, технологийн санд “орон тооны бус зөвлөл” гэх бүтцийг нэмж батлан, улмаар 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 58 дугаартай “орон тооны бус зөвлөлийн гишүүд, гэрээт ажилтныг томилох тухай” тушаал гарган Б.А, С.Б, Г.Д, Б.Б, Д.Пнарыг гишүүдээр томилж, давуу байдал бий болгон, 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын хооронд Б.Ад 2.019.886 төгрөгийг, С.Бд 1.992.026 төгрөгийг, Г.Дт 2.019.704 төгрөгийг, Б.Бд 2.007.712 төгрөгийг, Д.П 1.979.852 төгрөгийг буюу нийт 10.019.180 төгрөгийн цалин, тэтгэмжийг ямар ажил үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй, хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл, тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгүйгээр олгосон,
Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 28- ны өдрийн 39 дугаартай тушаал гарган М.Быг тус сангийн техникчийн орон тоон дээр томилж, М.Бод 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1.157.891 төгрөгийн цалин,
Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн 81 дугаартай тушаал гарган А.Мтус сангийн техникчийн орон тоон дээр томилж, А.Мандахзулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 6.956.552 төгрөгийн цалин буюу нийт 8.114.443 төгрөгийн цалинг хөдөлмөрийн гэрээгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй байхад олгосон,
өөрийн төрсөн дүү Д АД Анэрээр Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаартай тушаал гарган хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилж, Д.А 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 3.001.356 төгрөгийн цалинг хөдөлмөрийн гэрээгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй байхад олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Шинжлэх ухаан, технологийн санд нийт 21.134.979 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Эыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22/1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт хавсаргагдан ирсэн “мэдээлэл” гэх нэртэй 3 ширхэг сэтгүүл, “Монголын анагаахын шинжлэх ухааны эрдмийн чуулган” нэртэй сэтгүүл 1 ширхэг, CAJMS нэртэй сэтгүүл 1 ширхэг буюу нийт 5 ширхэг сэтгүүлийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Эаас 1.157.891 төгрөгийг, иргэний хариуцагч А.М/ХВ85063073/-аас 6.956.552 төгрөгийг, Д.А/ЦД77111699/-ээс 3.001.356 төгрөгийг, Б.А /У367082115/-аас 484.131 төгрөгийг, С.Б /УШ43122413/-аас 484.131 төгрөгийг, Г.Д /ШД72022237/-аас 484.131 төгрөгийг, Б.Б /ЧК67051879/-гаас 484.131 төгрөгийг, Д.П/УС51042111/-гаас 484.131 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Шинжлэх ухаан, технологийн сан /РД:9126813/-д олгож, шүүгдэгч Д.Э нь иргэний хариуцагч Б.А, С.Б, Г.Д, Б.Б, Д.Пнарт холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Монгол Улсын шинжлэх ухааны салбарт 30 жил хөдөлмөрлөсөн, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх яваа жирийн техникийн ухааны доктор, профессор хүн билээ. Энэ олон жил эрдмийн ажил хийхдээ эрүүгийн хэрэгтэй болохоор алдаа гаргасан гэж өөрийгөө үзэхгүй байна. Би эрх зүйч биш учраас Ш.Төгөлдөр, Х.Баатарбилэг нараас өмгөөллийн үйлчилгээ авч хууль эрх зүйн хүрээнд уг шийдвэрийг шинжлүүлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Улсын дээд шүүхийн шийдвэрийг үл ойшоон буруутай тогтоол шийдвэр гаргасан болохыг тогтоож, нотолсон учраас энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд миний гомдлыг хүлээн авч, үнэн зөвийг тогтоож өгөхийг хүсэж байна.” гэв.
Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэл хэсэгтээ ... төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн удирдлага дор төсвийн шууд захирагчийг харьяалах эрх бүхий төсвийн төвлөрүүлэн захирагчтай байж болно”, 15.3 дахь хэсэгт "Төсвийн төвлөрүүлэн захирагч, түүнд харьяалагдах төсвийн шууд захирагчийг Засгийн газар тогтооно’ гэж тус тус зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай 207 дугаар тогтоолын хавсралтын 22-т /2014 оны 135 дугаар тогтоолоор нэмсэн ба 2021 оны 299 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/ Шинжлэх ухаан; технологийн сангийн захирлыг төсвийн төвлөрүүлэн захирагчаар баталсан байх бөгөөд нөгөө талаас, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна.”, 16.4 дэх хэсгийн 16.4.17 дахь заалтад “Засгийн газрын тусгай сангийн захирагч тухайн сангийн төсвийн шууд захирагч байна” гэж зааснаар Д.Э нь сангийн захирлын хувиар мөн төсвийн шууд захирагч байна.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн 16.5.9 дэх заалт буюу дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох” гэсэн хуулийн агуулгаас үзвэл төсвийн шууд захирагч нь дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр буюу баталсан бүтцийн хүрээнд түүний “дотоод зохион байгуулалт” буюу байгууллагын нэгжийн орон тоог хэтрүүлэлгүй, сайдаас баталсан тухайн орон тоонд нийцүүлэн төлөвлөсөн цалингийн төсвийг хэтрүүлэхгүйгээр тооцож тодорхой үндсэн ажлын байр, түүнд ажиллах ажилчдын тоог хэмжээ хязгаарын дотор тогтоох эрх хэмжээг олгосноос бус нэгэнт төсвийн ерөнхийлөн захирагчаас шинэчилсэн бүтцийг нэмж шинэчлэх, улмаар тодорхой тооны хүмүүсийг 2017 оны төлөвлөгөөний 1.2-т заасан “Хамтын ажиллагааг уялдуулах, өргөжүүлэх, сайжруулах үйлчилгээний”-ний хүрээнд /хэрэгт баримт авагдаагүй боловч дээд шүүхийн 2020 оны 805 дугаар тогтоолын Хянавал хэсэгт тусгагдсан /4хх 69/, 2008 оных авагдсан/ шинжлэх ухаан, технологийн сангийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.1 дугаар зүйлийн 2-т “Гүйцэтгэх ажил үүргийн ачаалал болон өндөр ур чадварыг нь ашиглах зорилгоор иргэнийг гэрээт ажилтнаар ажиллуулж болно” гэж зааснаар /хэрэгт уг хөдөлмөрийн дотоод журам авагдаагүй бөгөөд Улсын дээд шүүхийн 2020 оны 805 дугаар тогтоолын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдагдсан, /4хх 58/ “гэрээт ажилтнаар томилж, тодорхой цалин хөлс олгохыг зөвшөөрсөн хэм хэмжээ гэж үзэх үндэслэлгүй... гэж тусгасан байна.
Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр Д.Э нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Дабль аксиом аудит’ ХХК-ын гаргасан 2023/46 дугаар дүгнэлтээр /8хх 20-21/ Д.Эыг төсвийн төвлөрүүлэн захирагч хэмээн дүгнэсэн байх бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.20 дах хэсэг, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.5 дахь хэсгүүд, Төсвийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 15.4.1 дэх хэсэг “төсвийн ерөнхийлөн захирагчийн энэ хуулийн 14.2.2, 14.2.3, 14.2.5, 14.2.8-д заасан болон төсвийн шууд захирагчийн энэ хуулийн 16.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх”, 16.5 дугаар зүйлийн 16.5.2 дахь хэсэг батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих , 16.5.3 дахь хэсэгт “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” тус тус заасан эрхийн хүрээнд прокурорын яллах дүгнэлтэд тусгасан үйлдлүүдийг хийсэн нь гэмт хэргийн шинжийг субъектив болон объектив шинжийг хангахгүй гэж мэтгэлцэж оролцсон.
Анхан шатны шүүх дээрх Засгийн газрын сангийн тухай хууль болон төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй бөгөөд зарим заалтыг хэрэглэх утга агуулгыг буруугаар тайлбарлаж хэрэглэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг өмгөөлөгчийн хувьд хангаагүй гэж үзэж байна. Мөн Д.Эын хууль зөрчиж бусдад давуу байдал олгосон гэх үйлдлийн цаг хугацаа нь 2017 онд хамаарах бөгөөд энэ нь 2002 оны болон 2015 оны эрүүгийн хуулийн үйлчлэл Шилжиж байгаа цаг хугацаатай таарч байгаа ба анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг асуудлын талаар хууль зүйн дүгнэлт хийх ёстой атал дүгнэлт хийлгүй орхисон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх дордуулах алин болох ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байна.
Хэрэв эрүүгийн хуулийн үйлчлэлийн хугацааг нарийн тогтоовол 2002 оны эрүүгийн хуулиар хохирол тооцох аргачлалаар Д.Эыг үйлдэл гэмт хэрэгт тооцогдохгүй нөхцөл байдал үүсэж байгаа талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс тодорхой тайлбарласан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Д.Эын хийсэн үйлдлүүд гэмт хэргийг шинжгүй байх боломжтой нотлох баримтууд болон холбогдох хуулийн заалтуудыг харгалзан үзэлгүй хэт нэг тал буюу яллах талыг баримтлан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэг цугларсан шинжээчийн дүгнэлт, ажлын тайлангууд, гэрч нарийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Д.Э нь шинжлэх ухаан, технологийн сангийн захирлаар томилогдон ажиллаж байх хугацаандаа тус сангийн үндсэн үйл ажиллагааг хэрхэн үр ашигтай байлгах бүхий л боломжийг эрэлхийлж хуульд заасан эрхийн хүрээнд ажилласан нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа.
Хэргийг авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2019 оноос хойш шалгахдаа мөрдөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулахгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” заасныг үндэслэн нийт 3 удаа хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт гаргасан боловч прокурорын зүгээс хэт нэг талыг барин мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж манай үйлчлүүлэгчийг зөвхөн яллах үүднээс хандсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн үйлдэл байсан.
Өмгөөлөгчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан боловч анхан шатны шүүх мөн адил нэг талыг буюу зөвхөн яллах талын нотлох баримтуудыг үнэлэн хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан Д.Эыг гэм буруутай тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт болон 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина:’ заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус баримтлан Д.Эын үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Ш.Төгсгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Эд холбогдох гэмт хэргийн хохирлын хэмжээг үнэн зөв бодит байдлаар тогтоож чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал нэр бүхий 7 хүнд цалин болон урамшууллын журмаар олгосон гэх 11.414.825 төгрөгийн хохиролтой холбоотой асуудлыг Улсын Дээд Шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/ХТ2020/ 00805 тоот тогтоолоор "Д.Эаас 11.414.825 төгрөг гаргуулах тухай хариуцагч БСШУС-ын яамны сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т заасан "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалт зөрчигдөөд нэг асуудлыг иргэний болон эрүүгийн хэргийн журмаар давхардуулан тооцоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын Дээд Шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болгосон 11.414.825 төгрөгт Б.А, С.Б, П.Пүрэвдаавуу, Б.Б, Г.Д нарын урамшуулалд олгосон 7.598.525 төгрөг, мөн М.Б, А.Мөнхзул нарын цалинд олгосон 3.816.300 төгрөг багтаж байгаа болно. Энд дурдагдсан таван эрдэмтэн бол улсдаа танигдсан хийсэн ажилтай хэлэх үгтэй хүмүүс бөгөөд бусдаас давуу байдал авахыг хүсээгүй авах ч үгүй хүмүүс тэгээд ч тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй мөнгийг өөрөөр хэлбэл 6 сарын хугацаанд 1.519.705 төгрөгийг авсан нь сард 253.284 төгрөг болоод байгаа юм Үүнийг давуу байдал гэж үзэх боломжгүй давуу байдлыг Д.Э санаачилж хийдэггүй харин давуу байдлыг авах гэсэн хүнээс авлига авч эсвэл гарцаагүй байдалд орсон тохиолдолд хийдэг үйлдэл юм. Ийм учраас прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан хохирлын үнийн дүнд дээрх 11.414.825 төгрөг хамаарах ёсгүй гэж үзэж байна.
2. Д.Эд холбогдох хэрэг нь 2016 оны үйлдэл бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байгааг шүүх огт анзаарч үзэхгүй байгаа нь хууль хэрэглээ болон шударга ёсны зарчимд огт нийцэхгүй хүнийг хохироох үндэслэл болж байна. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй болсон заалт Д.Эын холбогдсон хэрэгт хамаарахгүй юм. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш дээд хэмжээ найман жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн” гэсэн заалт байна. Гэтэл Д.Эын холбогдсон хэрэг 8 жилийн хугацаа өнгөрөөд байна.
3. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн зарчмын заалтыг баримтлан Д.Эын холбогдсон гэмт хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан заалтад хамруулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.
4. Хавтаст хэрэгт байгаа шинжээчийн дүгнэлтээр энэ санхүү мөнгөний асуудлыг гэмт хэрэг гэх биш харин санхүүгийн зөрчил гэж үзэхээр байна гэснийг шүүх огт анзаарч үзэхгүй байгаа нь буруу гэж бодож байна. Тухайлбал энэ хэрэгт мөрдөн байцаагчаас хоёр удаа хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт гаргаж байсан. Мөн энэ хэрэгт төсөв хэтрээгүй, цалингийн фонд хэтрээгүй, орон тоо хэтрээгүй харин хэмнэлттэй ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа. Ер нь бол ажил хийсэн хүн алдаа гаргадаг болохоос зүгээр суусан хүн алдаа гаргахгүй нь ойлгомжтой шүү дээ.
5. Энэ хэргийн хувьд иргэний журмаар нэхэмжилсэн үнийн дүн 11.414.825 төгрөг байсан боловч анхны прокурорын яллах дүгнэлтээр 15.204.544 төгрөг гэж байсан шүүхээс буцсаны дараа сүүлийн яллах дүгнэлтээр 21.134.979 төгрөг болсон байна. Сүүлийн яллах дүгнэлтэд хүмүүсийн авсан цалингаас нь нийгмийн даатгал болон бусад татварт тухайн байгууллага суутгаж аваад зохих газарт шилжүүлсэн мөнгийг нэмж тооцоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бас ойлгомжгүй байна. Энэ будилаантай тооцоог шүүх нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж зөв тооцож чадаагүй бөгөөд байгууллага нь суутгаж аваад улсын өөр нэг данс руу зохих хууль тогтоомжийн дагуу шилжсэн мөнгийг иргэний хариуцагч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн хүний эрхийг ноцтой зөрчиж хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх шаардлагатай. Мөн Д.Э нь таван эрдэмтэнд гар дээр нь олгосон 7.598.525 төгрөгийг төлсөн учир энэ мөнгийг иргэний хариуцагч нараас гаргуулж түүнд олгох ёстой байтал үүнийг шүүх шийдвэрлэж чадахгүй жич нэхэмжил гэсэн нь асуудлыг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжийг алдагдуулж дахин өөр шүүхэд хандахаар болгож байгаа нь буруу юм.
6. Энэ хэрэгт ямар нэг байдлаар огт мэдүүлэг өгч байцаан шийтгэх ажиллагааны оролцогч биш М.Б1.157.891 төгрөгийг Д.Эаар төлүүлэх гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Мөн иргэний хариуцагч Д.Пгэдэг хүн /ковид өвчнөөр/ нас барсан байхад түүнээс мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ хэргийг анхны удаа шийдвэрлэхэд бичигдсэн яллах дүгнэлтийн үнийн дүн болох 15.204.544 төгрөгийн хохирлоос Улсын Дээд шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болгосон 11.414.825 төгрөгийг хасвал үлдсэн 3.787.719 төгрөгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан бага хэмжээний хохиролд хамаарч байгаа учир гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир Д.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хамаарч байгаа болно. Мөн энэ хүмүүст өгсөн цалин болон урамшуулал нь сарын 350.000 төгрөг байгаа нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ч хүрэхгүй байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд энэ гэмт хэрэгт Д.Эд холбогдох гэмт хэрэгт түүний учруулсан гэх хохирлын 11.414.825 төгрөг нь Улсын Дээд шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан ”тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох тухай заалтыг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ гэдэгт итгэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдаатай шийдвэрт хуулийн дагуу дүгнэлт хийж хэргийг шударга ёсны зарчмыг баримтлан зөвтгөн засаж Д.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.Э нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан “Засгийн газрын гишүүний бүрэн эрх”-ийн 1 дэх хэсгийн 4-т “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө”, Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүх.ий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэснийг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/35 дугаартай “Бүтэц шинэчлэн батлах тухай” тушаалыг тус тус зөрчиж,
өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Бүтэц шинэчлэх батлах тухай" тушаал гаргаж, Шинжлэх ухаан, технологийн санд “орон тооны бус зөвлөл” гэх бүтцийг нэмж батлан, улмаар 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 58 дугаартай “орон тооны бус зөвлөлийн гишүүд, гэрээт ажилтныг томилох тухай” тушаал гарган Б.А, С.Б, Г.Д, Б.Б, Д.Пнарыг гишүүдээр томилж, давуу байдал бий болгон, 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын хооронд Б.Ад 2.019.886 төгрөгийг, С.Бд 1.992.026 төгрөгийг, Г.Дт 2.019.704 төгрөгийг, Б.Бд 2.007.712 төгрөгийг, Д.П 1.979.852 төгрөгийг буюу нийт 10.019.180 төгрөгийн цалин, тэтгэмжийг ямар ажил үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй, хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл, тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгүйгээр олгосон,
Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 28- ны өдрийн 39 дугаартай тушаал гарган М.Быг тус сангийн техникчийн орон тоон дээр томилж, М.Бод 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1.157.891 төгрөгийн цалин,
Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн 81 дугаартай тушаал гарган А.Мтус сангийн техникчийн орон тоон дээр томилж, А.Мандахзулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 6.956.552 төгрөгийн цалин буюу нийт 8.114.443 төгрөгийн цалинг хөдөлмөрийн гэрээгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй байхад олгосон,
өөрийн төрсөн дүү Д А, Д А нэрээр Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаартай тушаал гарган хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилж, Д.А2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 3.001.356 төгрөгийн цалинг хөдөлмөрийн гэрээгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй байхад олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Шинжлэх ухаан, технологийн санд нийт 21.134.979 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч, иргэний нэхэмжпэгч Д.Эын “...Д.Э нь манай Шинжпэх ухаан, технологийн санд хохирол учруулсан учраас нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Д.Э нь хууль бус орон тооны бус зөвлөл байгуулаад нийт 7.500.000 төгрөгийн цалин олгосон, мөн М.Б, А.М нарыг хууль бусаар томилж 5.900.000 төгрөгийн цалин олгосон. Мөн өөрийн төрсөн дүү Д.Атомилж 1.600.000 төгрөгийн цалин олгосон. Миний хувьд ийм хүмүүс ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлаар ажиллаж байсан С.Намсрайжав нь тухайн үед буюу А.Мцалин авч байсан цаг хугацаанд ажиллаж байсан 11 ажилтнаас А.Мгэдэг хүний талаар тодруулж, бичгээр тайлбар авахад 11 хүн бүгдээрээ мэдэхгүй гэж бичиж өгсөн байсан. Тэгэхээр энэ хүн бодитоор ажил хийж байгаагүй гэсэн үг. М.Б бас бодитоор ажил хийж байгаагүй хүн. М.Б, А.Мнарын хувийн хэрэг гэж манай санд байхгүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй. Цагийн бүртгэл харин байгаа. Яагаад гэхээр цалин олгохын тулд заавал цагийн бүртгэл байх ёстой байдаг. Орон тооны бус зөвлөхүүд болох нэр бүхий 5 хүн нь 2017 оны 9-12 дугаар сарын хооронд 7.598.525 төгрөгийн цалин авсан. М.Б, А.М нар нь 5.981.874 төгрөгийн цалин авсан, Д.Ань 1.624.144 төгрөгийн цалин тус тус авсан байна. Үүнээс нөхөн төлөгдсөн байгаа нь 7.598.525 төгрөг байгаа. Үлдсэн хохирлын мөнгийг төлүүлэх хүсэлтэй. ...” /2хх 243-244, 3хх 101-102, 172-173/,
хохирогч, иргэний нэхэмжпэгч Б.Б“...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтээр холбогдох нэр бүхий хүмүүст нийт 21.134.979 төгрөгийн цалин хөлс, тэтгэмж олгохоор бэлэн болон дансаар шилжүүлж өгсөн дүгнэлт гарсан байна. Манай байгууллагаас шинжээчийн дүгнэлтэд гарсан мөнгийг нэхэмжилж байна. ...” /8хх 2/,
иргэний хариуцагч С.Бын “...Д.Э нь өөрөө энэ олгосон мөнгөө бид нарыг хариуцах ёстой гэж хэлж байна. Шүүхийн шийдвэр гарвал бид энэ мөнгийг төлөхөд бэлэн байна. Би бол ОХУ-ын талтай холбоо тогтоож, зөвлөгөө өгч байсан. Түүний төлөө надад урамшуулал гэж мөнгө өгч байсан. Энэ олгосон мөнгөө цаана ямар шийдвэр гаргаж өгч байсан, мөн ямар хууль зөрчсөн гэдгийг нь бид мэдэхгүй. ...” /1хх 124-125/,
иргэний хариуцагч Б.Бгийн “...Би 1.353.469 төгрөгийг хариуцах ёстой гэдгээ ойлголоо. ...” /1хх 129/,
иргэний хариуцагч Б.Аы “...Намайг Д.Э нь туслаад өгөөрэй гэж байсан. Би хууль бус гэж мэдээгүй. Үүнийг би асуусан нь дээр байх. Би мөнгө авъя гэж хэлээгүй, та нарын ажлын хөлс гээд л өгч байсан. ...” /1хх 132/,
иргэний хариуцагч Д.П“...Би шинжлэх ухаан, технологийн сан болон Д.Эд ямар нэгэн ажил гүйцэтгэж өгөөгүй, ажил хийж гүйцэтгээгүй, би дээрх мөнгийг нь хувьдаа зарцуулаад дууссан. ...” /1хх 140/,
иргэний хариуцагч А.М“...Би өр төлбөртэй хүмүүстэй уулзаж, хөөцөлдөх ажил хийж байсан. Яг тодорхой ийм ажил хийсэн гэж тодорхой хэлэх зүйл надад алга. ...” /1хх 144, 3хх 116-117/,
иргэний хариуцагч Д.А“...Манай эгч Д.Эын ажиллаж байсан Шинжлэх ухаан, технологийн сан нь Хятадын суурь судалгааны сантай холбоо тогтоосон юм. Намайг бол Б.Ганцэцэг гэдэг хүн хариуцаж байсан. Би сар гаран ажилласан. Эгчдээ туслах гээд сан дээр хийж болох бүх л зүйлийг хийж байсан. Анх намайг манай эгч Д.Э туслаад өгөөч гэсэн санал тавьсан. Би өөрийнхөө хэмжээнд хятад хэл дээрх бичиг баримтууд орчуулж байсан. Мөн эрэгтэй хүний хийж болох бүх л юмыг би хийсэн. Орой эгчийгээ хүргэж өгдөг байсан. Нэг сарын 500.000 төгрөг авсан. 3 сар ажиллахад нийтдээ 1.000.000 төгрөгийн цалин авсан санагдаж байсан. Төрсөн эгч маань энэ байгууллагыг босгох гээд л нүдэн дээр ядраад байхаар нь тусалсан юм. ...” /3хх 111/,
гэрч Б.Г“...Д.Э гэдэг хүн 2016 оны 11 дүгоэр сард манай Шинжпэх ухаан, технологийн сангийн захирлаар томилогдсон ба 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын сайдын тушаалаар чөлөөлөгдсөн. Ер нь бол маш их ашиг сонирхлын зөрчил байгаа. Өөрийн төрсөн дүүг ажилд авсан. Сайдын тушаалаар батлагдсан бүтэц дээр шинэ бүтэц зураад, тэр хүмүүстээ цалин өгсөн. Хий хоосон хүний нэрийг оруулаад, өөрөө тушаал гаргаад цалин авч байсан байна лээ. Шинжпэх ухаан, технологийн сангийн техникчээр Н.Сайнбилэг нь 2013-2018 онд ажиллаж байсан. Бүтэц шинэчлэн батлах тухай 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тушаалын төслийг би боловсруулсан. Захирал Д.Эын өгсөн даалгаврын дагуу ийм тушаалын төсөл боловсруулсан. Тухайн үед би зөвлөл ажиллуулж болохгүй гэж хэлж байсан. ...” /1хх 48-49, 59/,
гэрч А.М“...Шинжпэх ухаан, технологийн сан нь компьютерийн программист ажилд авна гэж бана гэж сонсоод бичиг хэрэг дээр нь очиж уулзсан чинь энэ орон тоон дээр хүн авсан гэж байсан. Харин манай дээр өр барагдуулах, хаяг тодорхойлох чиглэлийн ажил байна гэж Гэрэлээ гэдэг бичиг хэргийн ажилтан хэлсэн. Тэгээд би ажилд орсон. Би давхардуулж тушаал гаргасан талаар огт мэдэхгүй. Би зээл аваад төлөөгүй хүмүүсийн араас явж байсан. Техникчийн ажил хийгээгүй. ...” /1хх 67/,
гэрч Б.Г“...Д.Э захирал надад тушаал өгсөн, ийм тушаал гарга гэж хэлсэн. Би тухайн үед бүтцийг мэдээгүй, Д.Э захирал надад үүрэг өгсөн. А.Мнь өөрөө анх манай ажил дээр ирээд Д.Э захиралтай уулзсан. Д.АД.Э захирлын дүү гэж огт мэдээгүй. Цалинг бол тухайн үед санхүүгээс олгож байсан. 1 дүгээр гарын үсгийг Д.Э, 2 дугаар гарын үсгийг Б.Отгонжаргал зурж байсан. Цагийн тооцоог би гаргаж байсан. Д.Э захирал надад хэлэхдээ А.Мнь гадуур ажиллаж байгаа, эрэн хайх ажиллагаа хийж байгаа, мөн М.Бцагийн тооцоог ажиллаж байгаа гэдгээр гаргаж өг гэж Д.Э дарга надад үүрэг өгсөн. Гадуур ажилтай байгаа гэж Д.Э надад хэлж байсан. Харин Д.Ань бол өөрийн биеэр ирж ажиллаж байсан. Ийм учраас би цагийн тооцоог гаргаж өгсөн. ...” /1хх 114, 3хх 193-194/,
гэрч Б.О“...Би 2016-2019 онд Шинжлэх ухаан, технологийн санд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Шинжпэх ухаан, технологийн сангийн захирал Д.Эын дээрх хүмүүсийг орон тооны бус зөвлөлийн гишүүний ажилд томилсон тушаалыг үндэслэн цалин олгосон. Захирлын тушаал дээр ТҮ-8-5 шатлалын 40 хувиар бодож цалин олгох тухай байсан, үүний дагуу цалин олгосон. Дээрх 1.519.705 төгрөг бол татвар суутгаагүй үнийн дүн байгаа. ... Д.Э захирал нь нэн шаардлагатай тушаал гаргасан гээд л надад үүрэг өгсөн. Энэ тушаалын дагуу би цалин олгосон. ...” /1хх 117-118/,
гэрч Х.Д“...Би Шинжлэх ухаан, технологийн санд Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Тухайн үед нийт 29 тусгай сангуудад хяналт шалгалт хийгдсэн. Миний хувьд Шинжлэх ухаан, технологийн сангаас гадна бусад олон сангуудад хяналт шалгалт хийсэн. Би Шинжлэх ухаан, технологийн сангийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Б.Отгонжаргалтай хамтраад санхүүгийн тайланг нь үндэслээд ийм тооцоолол гаргасан. Миний хувьд хувь хүмүүсийн данс руу орж үзэх эрхгүй, данс руу ийм хэмжээний мөнгө орсон гэсэн санхүүгийн баримтыг үндэслээд тайландаа дурдсан. Цалингийн тооцоолол хийсэн тайлан байсан. Дээрх хүмүүс тус бүр 1.519.705 төгрөгийн цалин авсан байсан. Энэ нь тус сангийн санхүүгийн баримтаар нотлогдож байсан. ...” /1хх 119-120/,
гэрч Г.С “...Намайг ажиллаж байх үед дээрх 5 хүнийг ажилд томилсон тушаал гарч байсан. Миний хувьд Д.Э болон захиргааны даргадаа сайдын тушаалаар ийм зөвлөх гэсэн орон тоо байхгүй, мөн гэрээт ажилтнуудад зориулсан цалингийн сан байхгүй гэж хэлж тайлбарлаж байсан. Би бол цалин олгох боломжгүй гэж үзэж байсан. Бид санхүүгийн байгууллага болохоос биш энэ олон эрдэмтдийг авч ирж зөвлөгөө авах шаардлага байхгүй гэж хэлж байсан. Намайг албан тушаал буурснаас хойш дээрх хүмүүст цалин олгогдсон байна. Сангийн захирлын тушаал гараад хүн томилоод ажиллуулсан байгаа. Миний хувьд захирлын тушаалын дагуу цалин олгох үүрэгтэй. Гэхдээ М.Б, А.Мнар гэж хүмүүсийг би санахгүй байна. Энэ 2 хүний хувьд нэг хүн нь намайг ажиллаж байх үед цалин авч байсан, нөгөө хүн нь намайг ажлаа өгснөөс хойш ажиллаж байх үед цалин авсан басан. Миний хувьд захирлын тушаал гараад ороод ирж байгаа нөхцөлд цалин олгоно. Намайг ажилд томилогдохоос өмнө Д.Аажилд томилчихсон байсан. Бид нар энэ асуудлыг илрүүлж гаргаж ирж байсан. Овог нэрээр нь шүүхээр гарч ирэхгүй байсан. Гэтэл овгийг нь өөрчилж, тушаал гаргасан байсан. Дамиран гэдэг хүн нийгмийн даатгалын санд байгаагүй, тэгээд регистрын дугаараар нь шүүхэд Дамдины Амгалан-Энх гэж гарч ирсэн. Үүний дагуу Д.Э захиралд орж овог нь буруу бичигдэж тушаал гарсан байна гэж хэлж байсан. Тэгээд Д.Э нь үүнээс хойш удаагүй дүүгээ халах тушаал гаргасан байсан. Миний хувьд цалин өгөх боломжгүй, зөвшөөрөхгүй гэсэн байр суурьт байсан. Ийм учраас ажлаас халагдсан гэж бодож байгаа. ...” /1хх 121-122/,
гэрч Б.М“...Сайдын тушаалаар бүтэн орон тоогоо батлах хуультай байдаг. А/35 дугаартай сайдын тушаалаар бүтцийг нь батлаад өгсөн байсан. Үүний дагуу явах ёстой. Түүнээс биш Сангийн захирал нь энэ тушаалаас гадна дахин өөрөө шинэ бүтэц бий болгох эрх хэмжээ байхгүй. Шинжлэх ухаан, технологийн сангийн чиг үүрэг нь тусгай сангийн хуульд байгаа. Сангийн дүрэм гэж байх ёстой. Энэ дүрэм дээр бүх зүйл тодорхой байх ёстой. ...” /3хх 180-181/,
гэрч Ж.Э“...М.Б, А.Мнарыг бол огт танихгүй. Эдгээр хүмүүс нь Шинжлэх ухаан, технологийн санд ажиллаж байгаагүй. Д.Ань техникчийн орон тоон дээр ажиллаж байгаад удаагүй ажлаас гарсан. Д.Ань яг ямар ажил хийдэг байсныг мэдэхгүй. ...” /3хх 180-181/,
гэрч Л.Б“...М.Б, А.Мнарыг бол танихгүй, сонсоогүй юм байна. Харин Д.Ань 2016 оны өвөл ажилд ороод 2, 3 сар ажиллаад гарсан. Яг ямар албан тушаал дээр ажиллаж байсныг нь мэдэхгүй байна. ...” /3хх 182-183/,
гэрч Б.Э“...М.Б, А.Мнарыг танихгүй. Харин Д.Ань Шинжпэх ухаан, технологийн санд ажиллаж байсан, гэхдээ яг юу хариуцаж ажиллаж байсан эсэхийг нь мэдэхгүй. ...” /3хх 184-185/,
гэрч Ж.М“...М.Б, А.Мандахзул, Д.Анарыг танихгүй, анх удаа сонсож байна. Ийм нэртэй хүмүүс тус санд ажиллаж байгаагүй. ...” /3хх 186-187/,
гэрч М.Т“...Архивт бол энэ талаарх баримт байгаагүй. Тийм учраас дээрх хүмүүсийг бодитоор ажил хийж гүйцэтгэсэн гэж хэлэх боломжгүй болчихоод байгаа. ...” /3хх 197-198/,
гэрч Б.О“...2017 онд Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаанд 9.2 тэрбум төгрөг батлагдсан. Цалингийн зардалд 24 орон тоон дээр 268.795.000 төгрөг, нийгмийн даатгалд 40.960.000 төгрөг, байр ашиглалттай холбоотой зардалд 85.741.000 төгрөг, хангамж, бараа материалын зардалд 45.599.000 төгрөг, тавилга, эд хогшил, урсгал засварын зардалд 34.278.000 төгрөг, томилолт, зочны зардалд 4.050.000 төгрөг, бусдаар гүйцэтгүүлэх 16.310.000 төгрөг, бараа, үйлчилгээний бусад зардалд 15.900.000 төгрөг, бусад урсгалд 119.100 төгрөг батлагдсан. Дээрх хүмүүст олгогдсон мөнгөн хөрөнгө нь батлагдсан төсөв дотор цалингийн зардлаас олгогдсон. ...Тухайн жилийн цалингийн төсөв хангалттай батлагдсан учраас дээрх хүнд олгогдсон цалин нь цалингийн зардлаас хэтрэлгүй олгогдсон байна. ...” /6хх 143, 146/ гэсэн мэдүүлгүүд,
Төрийн банкны депозит дансны хуулга /1хх 126, 133, 137, 141, 145-147, 3хх 113/,
“Дабль аксиом аудит” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/46 дугаар “...Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлаар ажиллаж байсан Д.Э нь Боловсрол, соёл, шинжлэх ухаах, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Шинжлэх ухаан, технологийн сан ТБ, АГ, УТҮГ-ын захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдсон бөгөөд төсвийн төвлөрүүлэн захирагч болно. 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай" 207 дугаар тогтоолоор Шинжпэх ухаан, технологийн сангийн захирлыг “Шинжлэх ухаан, технологийн сан, Нийгмийн, Анагаах ухааны, Хөдөө аж ахуйн, Техникийн, Байгалийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний байгууллагуудын төсвийг” төвлөрүүлэн захирагчаар баталж, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллахыг даалгасан. Б.А, С.Б, Г.Д, Б.Б, Д.Пүрэвдаавуу, М.Б, А.Мандахзул, Д.Анарт 2016-2018 онуудад нийт 21.134.979 төгрөгийн цалин хөлс, тэтгэмт олгохоор тооцож 15.671.559 төгрөгийг гарт олгосон байна. Дамдины Амгалан-Энхэд 3.001.356 төгрөгийн, М.Бод 1.157.891 төгрөгийн, Б.Ад 2.019.886 төгрөгийн, С.Бд 1.992.026 төгрөгийн, Г.Дд 2.019.704 төгрөгийн, Б.Бд 2.007.712 төгрөгийн, Д.П 1.979.852 төгрөгийн, А.Мандахзулд 6.956.552 төгрөгийн цалин, тэтгэмж бодогдож олгогдсон. ...”/8хх 20-21/ гэсэн дүгнэлт,
Шинжпэх ухаан, технологийн сангийн 2017, 2018 оны үйл ажиллагаанд Сангий яамнаас 2019 оны 04 дүгээр сард хийсэн шалгалтын тэмдэглэл /1хх 172-189/,
Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын ажлын байрны тодорхойлолт /1хх 203-204/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэнтэй нийцжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдаг нийгмийн аюулын хэр хэмжээ ихтэй.
Хэргийн тухайд, шүүгдэгч Д.Э нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, байгууллагын бүтцийг шинэчлэн бусдыг “орон тооны бус зөвлөл” гэсэн нэгжид ажиллуулж, уг зориулалтаар төсөвлөгдөөгүй цалин, урамшууллын төсвөөс нэр бүхий 5 хүнд цалин хөлс олгож эдийн давуу байдал бий болгосон, 1 орон тоогоор батлагдаж, хүн ажиллаж байсан орон тоон дээр өөр бусад этгээдүүдийг давхардуулан томилж, чиг үүрэгт хамааралгүй ажил гүйцэтгүүлж эдийн давуу байдал бий болгосон, нийтийн ашиг сонирхлыг зөрчиж хувийн ашиг сонирхлоор өөрийн хамаарал бүхий этгээдийг шууд удирдлагадаа авч ажиллуулан эдийн давуу байдал бий болгосон үйлдэл байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Эыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Д.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар: Хуульд заасан “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” эрхийн хүрээнд прокурорын яллах дүгнэлтэд тусгасан үйлдлүүдийг хийсэн нь гэмт хэргийн шинжийг субъектив болон объектив шинжийг хангахгүй. Нэр бүхий 7 хүнд цалин болон урамшууллын журмаар олгосон гэх 11.414.825 төгрөгийн хохиролтой холбоотой асуудлыг Улсын Дээд Шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/ХТ2020/ 00805 тоот тогтоолоор "Д.Эаас 11.414.825 төгрөг гаргуулах тухай хариуцагч БСШУС-ын яамны сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т заасан "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалт зөрчигдөөд нэг асуудлыг иргэний болон эрүүгийн хэргийн журмаар давхардуулан тооцоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Д.Эын хууль зөрчиж бусдад давуу байдал олгосон гэх үйлдлийн цаг хугацаа нь 2017 онд хамаарах бөгөөд энэ нь 2002 оны болон 2015 оны эрүүгийн хуулийн үйлчлэл Шилжиж байгаа цаг хугацаатай таарч байгаа ба анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг асуудлын талаар хууль зүйн дүгнэлт хийх ёстой атал дүгнэлт хийлгүй орхисон. Хэрэгт мэдүүлэг өгч байгаагүй, байцаан шийтгэх ажиллагааны оролцогч биш М.Б1.157.891 төгрөгийг Д.Эаар төлүүлэх гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн иргэний хариуцагч Д.Пгэдэг хүн /ковид өвчнөөр/ нас барсан байхад түүнээс мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ хэргийг анхны удаа шийдвэрлэхэд бичигдсэн яллах дүгнэлтийн үнийн дүн болох 15.204.544 төгрөгийн хохирлоос Улсын Дээд шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болгосон 11.414.825 төгрөгийг хасвал үлдсэн 3.787.719 төгрөгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан бага хэмжээний хохиролд хамаарч байгаа учир гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир Д.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Эыг Төсвийн тухай төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн 16.5.9 дэх заалтад зааснаар шууд захирагч нь дээд шатны төсвийн захирагчийн шууд зөвшөөрснөөр буюу баталсан бүтцийн хүрээнд түүний дотоод зохион байгуулалт буюу байгууллагын нэгжийн орон тоог хэтрүүлэлгүй, сайдаас баталсан орон тоонд нийцүүлэн төсөвлөсөн цалингийн төсвийг хэтрүүлэхгүйгээр тооцож тодорхой үндсэн ажлын байр, түүнд ажиллах ажилчдын тоог хэмжээ хязгаарын дотор тогтоох гэсэн эрх хэмжээг хэтрүүлж “гэрээт ажилтан”-аар томилж, тодорхой цалин хөлс олгохыг зөвшөөрсөн хэм хэмжээ гэж үзэх үндэслэлгүй. Мөн Шинжлэх ухаан, технологийн сангийн дүрэмд зааснаар тодорхой төслийг үнэлүүлэхээр нэг удаагийн буюу түр зуурын шинжтэй ажлын хэсэг байгуулан эрдэмтдийг татан оролцуулж үүнд нь урамшуулал олгох зохицуулалт нь гадаад улс орнуудын холбогдох байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, санамж бичиг байгуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаанаас өөр ойлголт болох талаар дүгнэсэн нь зөв болжээ.
Д.Эын нэхэмжлэлтэй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдох иргэний хэргийг шат шатны шүүхүүд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдох үйл баримтыг дүгнэхдээ иргэний хуулийн хэм хэмжээ талаас буюу тухайн олгосон цалин хөлс нь төсвийг хэтрүүлсэн эсэх, тодорхой зорилтот үйл ажиллагаанд зориулагдсан эсэх, тийнхүү төсвийн зөрчил гараагүй нь сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй талаар үнэлэлт өгсөнөөс бус чухамхүү сангийн захирлын үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, тэрхүү гэмт хэргийн улмаас бусдад хууль бус давуу байдал бий болсон эсэх талаар дүгнээгүй, дагнасан шүүхийн тухайд тийм эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул уг гэмт хэргийн үйл баримт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, хэргийг дахин хэлэлцэж байна гэх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах зүйл алга байна.
Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хийгдсэн ба гэмт хэрэг үйлдэгдэж дууссан хугацааг А.Мажлаас чөлөөлсөн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тооцох, уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх хуулийг буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх үндэслэлтэй талаар дүгнэсэн байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байжээ.
Мөн иргэний хариуцагч Д.Пнь нас барсан талаар баримт хэрэгт авагдаагүй тул түүнээс төлбөр гаргуулахаар, иргэний хариуцагчаар татагдвал зохих М.Б гадаад улс руу явсан тул түүнд хууль зөрчиж давуу байдал бий болгон олгосон, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон цалин хөлсийг шүүгдэгч Д.Эд хариуцуулах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Х.Баатарбилэг нарын “хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/800 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Х.Баатарбилэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА