Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2026/0554

 

 

 

 

   2026         05           28                                     128/ШШ2026/0554    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар, 

Гомдол гаргагч: “Тэрэлж сүйх” ХХК

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Анужин

Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Х.Оюунбаяр

Хариуцагч: Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Рэнсмаа

 

Гомдлын шаардлага: Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Рэнсмаагийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0048114 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах. 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анужин, өмгөөлөгч Х.Оюунбаяр, хариуцагч Ж.Рэнсмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагчаас “Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Рэнсмаагийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0048114 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагаар маргаж байна.  

2.Маргааны үйл баримтыг дурдвал 

2.1.Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч С.Сэрээнэндоржоос 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “... Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэрэлж сүйх” ХХК нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс түлж байсан.” гэх гомдол, мэдээллийг амаар болон харилцаа холбооны хэрэгслээр Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хосбаярт гаргажээ.

2.2.Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хосбаяр гомдлыг хүлээн авч 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны саналыг гаргасан байна.

2.3.Улмаар тус өдөр Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ууганбаяр нь “... Налайх дүүргийн 06 дугаар хороо “Тэрэлж сүйх” ХХК нь хашаандаа түүхий нүүрс хадгалж байсан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйл хэсэгт заасан зөрчлийн шинжтэй болох нь алба хаагчийн илтгэх хуудас материалд авагдсан нөхцөл байдал, гэрэл зураг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд эд зүйл хүлээн авсан тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.” гэж дүгнэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу удирдах албан тушаалтны тогтоол гарган Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн байна.

2.4. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нь 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 01-13-01/695-03 дугаартай хяналт шалгалтын удирдамжийг баталсан байна.

2.5.Хариуцагч Ж.Рэнсмаа дээрх удирдамжийн дагуу маргаан бүхий хяналт шалгалтыг эхлүүлж, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж, Жо вангийн адагт байрлах “Тэрэлж сүйх” ХХК-ийн “Тэрэлж хотел”-ын халаалтын зууханд хэрэглэж буй хашаанд буулгасан нүүрсэнд үзлэг хийсэн талаар тэмдэглэл үйлдэж, фото зургаар бэхжүүлж тэмдэглэлд хавсаргасан байна. 

2.6.Дээрх зөрчлийн шинжтэй үйлдэлд нь хариуцагч “Тэрэлж сүйх” ХХК-д холбогдуулан 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2602000073 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2.7.Тус шүүх “Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Рэнсмаагийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0048114 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдлоор Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Рэнсмаа холбогдуулан 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.            

3.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: “Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Рэнсмаагийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0048114 дугаартай шийтгэлийн хуудасны 1-д “...Холбогдогч Тэрэлж сүйх ХХК-ийн үйлдсэн хуулиар хориглосон бүсэд түүхий нүүрс хэрэглэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу 3000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл /түүхий нүүрс/-г хураан авч албадлагын арга хэмжээ авсугай...” гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэг. Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр 1-д “Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг:” гээд 1.3-т “нуун дарагдуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Гэтэл Тэрэлж сүйх ХХК нь Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг нуун дарагдуулаагүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчлүүдээс Тэрэлж сүйх ХХК-ийг аль зөрчлийг нь гаргасан гэж үзэж байгаа нь тодорхойгүй, 7.4 дүгээр зүйлийн 1.3-т заасан ямар мэдээллийг нуун дарагдуулсан эсхүл ямар хуулийн хэд дэх заалтаар хориглосон ямар үйл ажиллагааг явуулсан болохыг дурдаагүй нь захиргааны актын шаардлагыг хангахгүй байна.

Эрх бүхий албан тушаалтны шийдвэр болох захиргааны акт, түүний үндэслэл нь тодорхой, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал тодорхой байх шаардлагатай бөгөөд уг шаардлагыг хангаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байна.

Хоёр. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Рэнсмаагийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0048114 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон нь хэсэгт “...хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж хориглосон бүсэд түүхий нүүрс хэрэглэсэн болох нь шинжилгээний дүн, зураг, бичлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна...” гэжээ.

Тэрэлж сүйх ХХК нь түүхий нүүрс шатаагаагүй, хэрэглээгүй бөгөөд шийтгэлийн хуудсанд дурдагдсан шинжилгээний дүн, зураг, бичлэг гэх нотлох баримтуудтай манай компанийг танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл улсын байцаагч манай компанийг түүхий нүүрс хэрэглэсэн болохыг хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй, шинжилгээний дүн болон зураг бичлэг гэх баримтад компани түүхийн нүүрс хэрэглэж байгааг нотолсон ямар мэдээлэл агуулагдаж байгаа нь мэдэгдэхгүй, зөрчлийн хэрэг материалтай зөрчилд холбогдогчийг танилцах боломжоор хангаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэг, 2.9 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэг материалтай танилцах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах зэрэг холбогдогчийн эрхийг зөрчиж байна.

Гурав. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ” гэж заасан.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Рэнсмаа нь 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүрэг 6-р хороонд байрлах Тэрэлж зочид буудлын хашаанд ачааны машинтай хүч хэрэглэн нэвтэрч хашаанд байсан нүүрсийг байгууллагын удирдлага эзгүй байх үеийг далимдуулан хууль бусаар ачиж, хураан авч явсан байдаг.

Улсын байцаагч Ж.Рэнсмаа нь 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0048114 дугаартай шийтгэлийн хуудасны 1-д “...зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл /түүхий нүүрс/-г хураан авч албадлагын арга хэмжээ авсугай...” гэж заасан байх бөгөөд тухайн өдөр манай компанийн байран дээр ирэхдээ шийтгэлийн хуудас оногдуулсан болох, уг шийтгэлийн хуудсаар нүүрсийг хураан авах албадлагын арга хэмжээ авах болсон талаар компанид биечлэн танилцуулах бүрэн боломжтой байсан.

Гэтэл улсын байцаагч нь шийтгэлийн хуудас оногдуулсан талаар компанийн байран дээр 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ирэхдээ зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа Тэрэлж сүйх ХХК-д огт танилцуулаагүй, мэдэгдээгүйгээр зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэж үзсэн нүүрсийг хураан авах албадлагын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д заасан хуулийн зохицуулалт бол эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах үүрэгтэй бөгөөд ийнхүү биечлэн танилцуулах боломжгүй тохиолдолд харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлэх агуулгатай.

Улсын байцаагч Ж.Рэнсмаагийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай компанийн Тэрэлж зочид буудлын хашаанаас нүүр хураан авах гэж ирэхдээ тухайн өдөр гарсан шийтгэлийн хуудсыг танилцуулаагүй, танилцуулах бүрэн боломжтой байхад танилцуулж мэдэгдэх үүргээ шалтгаангүйгээр биелүүлээгүй нь Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш 3 өдрийн дотор биечлэн танилцуулах үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Рэнсмаагийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0048114 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4.Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагч талын өмгөөлөгчийн зүгээс шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэлээ товч тайлбарлавал хоёр үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт шалгалтын ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт түүхий нүүрс хэрэглэсэн гэх зөрчил өөрөө тогтоогдоогүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан зөрчлийн хэрэг нь зөрчлийн хэрэг нээсэн тогтоолоор эхэлсэн ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, ямар үндэслэлээр, ямар тогтоол гаргаснаас шалтгаалж дараагийн ажиллагаа явагдах ёстой. Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг нэхэмжлэгч талаас хүчингүй болгуулахаар прокурорт гомдол гаргасан боловч тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдсэн. Иймээс уг тогтоолын хүрээнд ажиллагаа явагдсан гэж үзэж байна. Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж гаргаж, “Тэрэлж сүйх” ХХК-тай холбоотой түүхий нүүрс хэрэглэсэн гэх зөрчлийг Экологийн цагдаагийн албанаас ирүүлсний дагуу хяналт шалгалт хийхээр заасан байдаг. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд н.Энхмаа, Ө.Билгүүн нарыг томилж, тодорхой хугацаа заасан удирдамж батлагдсан байдаг. Түүнчлэн Ж.Рэнсмаагийн гаргасан 011301695034 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн “Хяналт шалгалтын зорилго, үндэслэл” хэсэгт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэл болгож, хяналт шалгалтыг уг хуулийн дагуу хийж гүйцэтгэнэ гэж Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дээд шатны удирдлагаас гаргасан удирдамжид заасан байдаг. Иймээс хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлэн явуулах ёстой байсан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн нарийвчилсан зохицуулалтын дагуу хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.6, 5.7 дахь хэсгүүдийг байцаагч зөрчсөн гэж үзэж байгаа. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгалтын удирдамжийг танилцуулж, хяналтын хуудсыг өгч, холбогдох баримт бичгийг гардуулах үүрэгтэй. Гэтэл манай тохиолдолд ямар нэгэн удирдамж танилцуулаагүй атлаа уг удирдамжийг зөрчлийн хэрэг нээсэн тогтоолын үндэслэл болгож, “энэ удирдамжийн дагуу зөрчлийн хэрэг нээж байна” гэсэн тогтоол гарган ажиллагаа явуулсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Ж.Рэнсмаагийн зүгээс ажиллагааны явцад нэхэмжлэгч талтай 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр уулзаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлээ гарган, өмгөөлөгч миний бие тайлбар, мэдүүлэг өгсөн. Энэхүү тайлбар, мэдүүлгийг өгөх үед “энэ ямар үндэслэлээр, ямар байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл вэ” гэж асуухад Экологийн цагдаагийн албаны даргын баталсан удирдамжийг үзүүлж, “энэ удирдамжийн дагуу ажиллагаа явж байгаа” гэж танилцуулсан. Экологийн цагдаагийн албаны даргын баталсан удирдамж хэргийн материалд авагдсан байдаг. Гэхдээ энэ нь Ж.Рэнсмаа байцаагчид хамааралгүй, зөвхөн Экологийн цагдаагийн албанд хамаарах удирдамж байсан. Иймээс байцаагч анхнаасаа шалгалтын ажиллагаагаа танилцуулахаас эхлээд тогтоол гаргах хүртэл хуульд нийцээгүй ажиллагаа явуулсан гэж компанийн зүгээс үзэж, өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа юм. Хоёрдугаарт Төрийн хяналт шалгалтын тухай хуульд улсын байцаагчийн эрх, үүрэг, түүнчлэн хяналт шалгалтын хүрээнд хориглох зохицуулалтуудыг тусгайлан заасан байдаг. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд холбогдох зохицуулалтууд бий. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4 дэх хэсэгт “хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан эхний үзлэгээр очоод “энэ нүүрсийг хэрэглэсэн байна” гэж урьдчилан дүгнэлт гаргачхаад, дараа нь тэр дүгнэлтээ батлах зорилгоор ажиллагаа явуулахыг хууль хориглодог. Бүх ажиллагааг хийж дуусгаж, бүх нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр, шийтгэлийн хуудас 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гарах хүртэл тухайн этгээд урьдчилсан дүгнэлт хийх ёсгүй. Нотлох баримт, ажиллагааны үр дүнд үндэслэн “хэрэглэсэн байна” гэсэн дүгнэлт гарах ёстой. Өөрөөр хэлбэл, ажиллагаа тус бүрээр нотлогдож байж эцсийн дүгнэлт гардаг. Гэтэл Ж.Рэнсмаа байцаагч хяналт шалгалтын ажиллагааг урьдчилан дүгнэлт гаргачхаад, түүнийгээ батлах байдлаар явуулсан нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд “Тэрэлж” зочид буудлын халаалтын зууханд хэрэглэж буй нүүрс гэж бичсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр хашаанд ил задгай хадгалж байсан нүүрснээс дээж авсан атлаа халаалтын зууханд хэрэглэж буй нүүрс гэж тэмдэглэсэн байдаг. Мөн хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дээж авсан тухай тэмдэглэлд дахин “Тэрэлж” зочид буудлын хашаанд хадгалагдаж, зууханд хэрэглэж буй нүүрс гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл уг нүүрсийг зууханд хийж шатааж байсныг галч хийж байгааг харсан хүн байгаа юу, ийм үйл баримт хэргийн материалаар тогтоогдсон уу, зураг, бичлэгээр баталгаажсан уу гэдэг асуудал гарч ирнэ. Энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй. Зөвхөн хашаанд байсан нүүрсийг хараад, шалгах ажиллагаа үргэлжилж байх хугацаанд үйлдсэн бүх тэмдэглэлдээ “хэрэглэж байсан нүүрс” гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ажиллагаа дуусаагүй, шалгалт үргэлжилж байх үедээ л “хэрэглэж байсан нүүрс” гэсэн урьдчилсан дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн хавтаст хэргийн 69 дүгээр талд авагдсан 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зөрчлийн холбогдогчийн харилцаа холбооны мэдээлэл ашигласан тухай тэмдэглэл бий. Энэ талаар өмнө тайлбарласан. Мөн тухайн вайбер чат нь над руу илгээсэн чат мөн болохыг би хүлээн зөвшөөрсөн. Энэ чат дээр хүртэл “түүхий нүүрс түлж, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь батлагдсан, одоо уг нүүрсийг хурааж авна” гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл шийтгэлийн хуудас буюу эцсийн дүгнэлтээ гаргахаас өмнө ажиллагааны явцад өөрөө дүгнэлт хийсэн байна. Мөн хавтаст хэргийн 86 дугаар талд авагдсан 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны саналд “Тэрэлж” буудал нь түүхий нүүрс түлж, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь батлагдсан тул…” гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд уг асуудлыг бүрэн тогтоогдсон, батлагдсан гэж үзсэн байна. Гэтэл үүний дараа “холбогдогчоос мэдүүлэг авах, нэмэлт ажиллагаа явуулах, нотлох баримт цуглуулах шаардлагатай” гэсэн үндэслэлээр зөрчлийн хэргийн хугацааг сунгуулахаар прокурорт санал хүргүүлсэн байдаг. Хэрэв 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр түүхий нүүрс хэрэглэсэн болохыг өөрөө тогтоож, дүгнэлтээ гаргасан байсан бол түүнээс хойш ямар ажиллагаа явуулах гэж хугацаа сунгуулах санал гаргасан нь ойлгомжгүй байна. Түүнээс гадна хугацаа сунгуулах санал гаргаснаас хойш манай талаас мэдүүлэг аваагүй, нэмэлт тайлбар аваагүй, нэг ч удаа дуудаж уулзаагүй. Харин “нэмэлт ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулах шаардлагатай” гэж тайлбарласан байдаг. Бодит байдал дээр 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш хийсэн нэмэлт ажиллагаа нь нүүрсийг очиж хураан авсан үйлдэл төдий байсан. Иймээс Ж.Рэнсмаа байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан “урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн зохицуулалтыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тиймээс энэхүү ажиллагааг хууль бус, хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Мөн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “нүүрсийг чинь очиж хурааж авна” гэсэн мэдээллийг С.Минжинд болон над руу илгээсэн байдаг. Үүний дагуу 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 30 минутын орчимд нүүрс хураан авах ажиллагаа явагдсан. Зөрчлийн тухай хууль болон шийтгэлийн хуудаснаас үзэхэд албадлагын арга хэмжээ нь шийтгэл оногдуулсны дараа хэрэгжих ёстой ажиллагаа юм. Ж.Рэнсмаа байцаагч өөрөө ч албадлагын арга хэмжээг шийтгэлийн хуудас оногдуулсны үндсэн дээр авдаг гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл эхлээд шийтгэлийн хуудсаа бичгээр гаргаж, холбогдогчид танилцуулан, тухайн шийтгэлийн хуудасны үндсэн дээр зөрчилд холбогдох эд зүйлийг хураан авах ёстой. Гэтэл 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “танай нүүрсийг хурааж авна” гэж ирээд нүүрсийг нь хураан авчхаад, дараа нь шийтгэлийн хуудсаа үйлдсэн мэт нөхцөл байдал харагдаж байна. Үүнээс хойш буюу 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр орчимд сар шинийн баярын үе таарсан талаар тайлбарлаж байгаа боловч энэ нь асуудлыг өөрчлөхгүй. Учир нь хуулийн дагуу эхлээд шийтгэлийн хуудас гарч, дараа нь нүүрс хураан авах ажиллагаа хийгдэх ёстой. Хэрэв үнэхээр 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шийтгэлийн хуудас үйлдсэн байсан бол Налайх дүүрэгт байрлах “Тэрэлж сүйх” ХХК-д нүүрс хураахаар очихдоо шийтгэлийн хуудсаа гардуулж болох байсан. Хэрэв С.Минжин тухайн үед хүлээн аваагүй бол шуудангаар хүргүүлэх, цахим шуудангаар илгээх, эсхүл вайбер зэрэг харилцаа холбооны хэрэгслээр тухайн өдөр нь хүргүүлэх бүрэн боломжтой байсан. Иймээс зөрчлийн шийтгэлийн хуудас 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бодитоор үйлдэгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Бодит байдал дээр нүүрс хураан авах албадлагын арга хэмжээг эхэлж хэрэгжүүлээд, дараа нь шийтгэлийн хуудсаа үйлдэж, түүнээс хойш холбогдогчид хүргүүлсэн байдаг. Тухайн өдөр шийтгэлийн хуудсаа гардан ав гэсэн нэг ч мэдэгдэл өгөөгүй. Өөрийнх нь тайлбарлаж байгаагаар мэдэгдсэн гэдэг боловч бодит байдал дээр “танай нүүрсийг хурааж авна” гэсэн мэдээлэл л өгсөн байдаг. Иймээс Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийн хуудас оногдуулах, хуульд нийцсэн ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан шийтгэлийн хуудсыг 3 хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. С.Минжинд мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа. Гэвч компанийн захирал гадаадад байсан тул 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр С.Минжинд итгэмжлэл олгосон байдаг. Хэргийн материалаас үзэхэд уг итгэмжлэл нь 5 хоногийн хугацаатай байсан бөгөөд С.Минжин нь зөвхөн тухайн хугацаанд энэ зөрчлийн хэрэгтэй холбоотой компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан байна. Иймээс 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш С.Минжин итгэмжлэгдсэн төлөөлөгч байхаа больсон. Сар шинийн баярын үеэр шийтгэлийн хуудсыг танилцуулах талаар надтай холбогдож бичихэд нь би албан ёсоор тайлбар өгсөн. Учир нь шийтгэлийн хуудсыг холбогдогчид танилцуулах ёстой. Холбогдогч гэдэг нь хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд эсвэл хүчин төгөлдөр итгэмжлэлтэй төлөөлөгчийг хэлдэг болохоос өмгөөлөгчийг хэлэхгүй. Иймээс би компанийн албан ёсны хаяг, шуудан эсвэл цахим шуудангаар хүргүүлэх шаардлагатай талаар мэдэгдсэн. Хэргийн материалаас харахад шийтгэлийн хуудсыг 2026 оны 02 дугаар сарын 24, 26-ны өдрүүдэд хүргүүлсэн талаар дурдсан байдаг. Гэвч хугацааг тооцоход хуульд заасан 3 хоногийн дотор танилцуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн шалгалтын ажиллагаатай холбоотой өөр нэг үндэслэл байна. Манай байгууллагад 2026 оны 01 дүгээр сарын 14, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрүүдэд хоёр удаа үзлэг хийсэн. Үзлэг хийх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах талаар хуульд тодорхой зохицуулалт бий. Гэтэл 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн үзлэгийн ажиллагаанд байцаагч өөртэй нь хамтран ажилладаг байгаль орчны улсын байцаагчийг дагуулж очоод хөндлөнгийн гэрчээр оролцуулсан байдаг. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ашиг сонирхлын зөрчилгүй байх шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал Л.Мягмарсүрэнг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан байдаг. Тухайн нөхцөл байдлыг мэдэх этгээдийг гэрчээр оролцуулж болох боловч хөндлөнгийн гэрчийн хувьд ажиллагааг гаднаас нь ажиглаж баталгаажуулах үүрэгтэй тул аль нэг талтай холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй хүн байх боломжгүй. Энэ нь хуулиар хориглогдсон зохицуулалт юм  Иймээс хуульд хориглосон этгээдийг хөндлөнгийн гэрчээр оролцуулж явуулсан үзлэгийн ажиллагааг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Асуулт хариултын явцад энэ нь зохимжгүй болохыг мэдэж байсан гэдгээ тайлбарласан. Гэхдээ “эмэгтэй хүн ганцаараа явж болохгүй байсан тул хамт хүн авч явсан” гэсэн тайлбар өгсөн. Энэ нь хууль зөрчсөнийг зөвтгөх үндэслэл болохгүй. Түүхий нүүрс хэрэглэсэн гэх зөрчлийн тухайд бид энэ талаар олон удаа тайлбарласан. Төрийн байгууллагын шалгалт хийж байна гэсэн нэрийн дор 4-5 цагдаа очиж, хууль эрх зүйн мэдлэггүй, ийм төрлийн маргаанд оролцож байгаагүй ажилтнуудад дарамт үзүүлсэн нөхцөл байдал үүссэн байдаг. Тухайн үед Налайх дахь салбарт удирдах албан тушаалтан байгаагүй, өвлийн ачаалалтай үе таарсан нөхцөл байдлыг ашиглан тайлбар бичүүлж авсан гэж үзэж байна. Өнөөдөр “та нар түүхий нүүрс хэрэглэсэн шүү дээ” гэсэн зөрчлийг юугаар тайлбарлаж байна вэ гэхээр “танай төлөөлөгч С.Минжин өөрөө бичиж өгсөн шүү дээ” гэдэг. Надтай хүртэл утсаар ярихдаа “танай төлөөлөгч С.Минжин бичиж өгчихсөн шүү дээ, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье” гэсэн асуудал ярьж байсан. Улсын байцаагч нь хуульд заасан эрх, үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл С.Минжинг анхнаасаа “5 хоногийн дотор асуудлаа шийдүүл, ирж тайлбараа өг, торгуулийн хуудсаа ав” гэж удаа дараа дуудсан байдаг. Харилцаа холбооны хэрэгслээр дуудсан гэж тайлбарладаг боловч эхний дуудлагууд нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг нь ашиглан ятгах шинжтэй байсан. Удирдлага нь гадаадад байсан тул тодорхой хугацаанд хариу өгөөгүй бөгөөд улмаар намайг өмгөөлөгчөөр оролцуулах шийдвэр гаргасны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр очиж тайлбар, мэдүүлэг өгсөн. Тухайн үед бодит нөхцөл байдлын талаар С.Минжингээр тайлбар өгүүлсэн. Өнөөдөр “танай хүн өөрөө нүүрсээ хольж хэрэглэсэн гэж тайлбар өгсөн шүү дээ” гэж ярьдаг. Гэтэл энэ тайлбарын талаар С.Минжин өөрөө гэрчийн мэдүүлгээрээ бодит нөхцөл байдлыг тайлбарласан. Түүний хэлснээр тухайн үед 4-5 цагдаа ирж, “зуухыг чинь битүүмжилнэ” гэж мэдэгдсэн байдаг. Өвлийн улиралд, нэг дүгээр сард зочид буудлын зуухыг битүүмжилбэл үйл ажиллагаа зогсож, хөлдөлт үүсэх зэрэг ноцтой үр дагавар гарах нөхцөлтэй байсан тул тухайн хүн айж сандарсандаа хэлснийг нь бичиж өгсөн асуудал байсан гэж тайлбарласан. Иймээс энэхүү тайлбарыг үнэлэхдээ уг тайлбарыг бичиж өгсөн хүн өөрөө дараа нь бодит нөхцөл байдлыг тайлбарласан гэдгийг шүүх анхаарч, зөв үнэлж дүгнээсэй гэж хүсэж байна. Түүнчлэн түүхий нүүрс хэрэглэсэн гэж үзэж байгаа хоёр дахь үндэслэл нь шинжилгээний дүн юм. Шинжилгээний сорилтын тайлан 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарсан байдаг. Гэтэл уг сорилтын тайланд энэ дээжийг “Тэрэлж сүйх” ХХК-иас авсан эсэх, эсвэл тодорхой дугаартай албан бичгээр, тодорхой өдөр ирүүлсэн дээж мөн эсэх талаар тусгаагүй байдаг. Түүнчлэн “энэ дээж нь стандартад заагдсан шаардлагыг хангахгүй, түүхий нүүрс мөн байна”, эсвэл “энэ нь түүхий нүүрс хэрэглэсэн болохыг нотолж байна” гэсэн дүгнэлт, бичвэр огт байдаггүй. Нотлох баримт шинжлэн судлах үед байцаагчийн зүгээс “хоёр стандартыг өгсөн, эдгээр тоон үзүүлэлтээс зөрсөн байгаа учраас энэ нь түүхий нүүрс мөн” гэж тайлбарласан. Гэвч ийм тайлбар нь зөвхөн тухайн нүүрсийг түүхий нүүрс гэж үзэх үндэслэл байж болохоос биш, “энэ нь “Тэрэлж сүйх” ХХК-ийн нүүрс мөн”, “энэ нүүрсийг тус компани хэрэглэсэн” гэсэн дүгнэлтийг нотлохгүй. Мөн манай байгууллагаас хоёр уут дээж авсан гэж тайлбарлаж байгаа. Хэрэв үнэхээр дээж авах ажиллагаа хуульд нийцсэн бол тухайн дээжийг дугаарлаж, хөндлөнгийн гэрчээр баталгаажуулж, яг энэ дээжийг шинжилгээнд хүргүүлж байна гэдгийг баримтжуулах ёстой. Цаашлаад ашигт малтмалын лабораторид хүргүүлэх ажиллагаа хүртэл тодорхой баримтжуулалттай байх шаардлагатай. Гэтэл ашигт малтмалын лабораторид хүргүүлсэн дээж дээр манайхаас гадна өөр дээж давхар бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл манай байгууллагаас авсан гэх дээж, шинжилгээнд хүргүүлсэн дээж, гарсан сорилтын тайлан гурвын хооронд шууд холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Сорилтын тайланд зөвхөн тодорхой тоон үзүүлэлтүүд тусгагдсан байдаг. Харин ямар газраас авсан дээж болох, ямар дээжид хамаарах талаар тодорхой мэдээлэл байхгүй. Түүнчлэн “энэ нь түүхий нүүрс мөн” гэсэн нэг өгүүлбэр ч тайланд агуулагдаагүй байдаг.  Гэтэл ийм тайланг үндэслээд “танайх түүхий нүүрс хэрэглэсэн нь шинжилгээний дүнгээр тогтоогдсон” гэж дүгнэж байгаа юм. Ашигт малтмалын лаборатори нь тухайн нүүрсийг хэн хэрэглэсэн эсэхийг тогтоох байгууллага мөн үү гэдэг асуудал мөн гарч ирнэ. Хэрэв энэ асуудал зөвхөн сорилтын тайлангаар нотлогдоно гэж үзэж байгаа бол уг тайландаа тодорхой, ойлгомжтой дүгнэлт тусгагдсан байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан тайланд ийм дүгнэлт огт байхгүй байна. Хэрэв сорилтын тайлан тодорхой бус гарсан бол байцаагч ашигт малтмалын лабораториос тодруулга хүсэх бүрэн боломжтой байсан. Тухайлбал “энэ үзүүлэлтүүд нь түүхий нүүрс мөн гэж үзэх үндэслэл болох уу, тодруулж өгнө үү” гэсэн байдлаар нэмэлт тодруулга авч, нотлох баримтаа бүрэн, тодорхой болгох ёстой байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зорилго нь нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох явдал учраас ийм боломж байсан атлаа хэрэгжүүлээгүй. Гэтэл эрх бүхий албан тушаалтан өөрийн тэмдэглэл дээр сорилтын тайланд байхгүй дүгнэлтийг өөрөө хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл тодорхой үзүүлэлтүүд стандартыг хангаагүй гэсэн үндэслэлээр “энэ нь ердийн нүүрс байна”, “түүхий нүүрс байна” гэсэн дүгнэлтийг өөрөө бичсэн байна. Гэвч “ердийн нүүрс”, “түүхий нүүрс”, “хүрэн нүүрс” зэрэг ойлголтууд хоорондоо ямар ялгаатай, ижил эсэх талаар ямар нэгэн тодорхой тайлбар, нотолгоо хэрэгт байхгүй. Таны тэмдэглэлүүдэд хүртэл “ердийн нүүрс” гэсэн нэр томьёо хэд хэдэн удаа хэрэглэгдсэн байдаг. Иймээс сорилтын тайлангаар “Тэрэлж сүйх” ХХК-ийн хашаанд байсан нүүрс түүхий нүүрс мөн гэдэг нь тогтоогдохгүй байна. Мөн уг нүүрсийг хэрэглэсэн гэх үйл баримт ч нотлогдохгүй байна. Түүнчлэн зөрчил үйлдсэн болохыг зураг, дүрс бичлэгээр нотлогдоно гэж тайлбарлаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан зургуудыг харахад нүүрс байгаа нь бүдэгхэн харагддаг боловч яг ямар төрлийн нүүрс болохыг тогтоох боломжгүй. Хэрэв үнэхээр нотлох баримт гэж үзэж байгаа бол тухайн нүүрсний шинж чанарыг тодорхой харуулсан, харьцуулсан, чанартай зураг гаргаж ирэх боломжтой байсан. Бодит байдал дээр уг нүүрс нь өмнө нь ангилж ялгасан нүүрсний үлдэгдэл, ашиглах боломжгүй том ширхэгтэй хэсгүүд байсан. Түүнчлэн 2025 оны 07 дугаар сард Засаг даргын захирамжаар бүсчлэл тогтоогдож, тухайн объект шар бүсэд хамаарах болсон. Үүний дагуу журам хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2025 оны 08 дугаар сараас аж ахуй нэгжүүдэд шахмал түлш хэрэглэх чиглэл өгч, 2025 оны 09 дүгээр сард холбогдох гэрээ, хэлцлүүдийг байгуулсан байдаг. Ийм нөхцөл байдал байхад шалгалт хийж байгаа эрх бүхий албан тушаалтан тухайн асуудлыг бүх талаас нь шалгаж тогтоох ёстой байсан. Гэтэл өнөөдөр хэргийн материалд авагдсан баримтуудаар энэ нүүрс нь шахмал түлш мөн үү, түүхий нүүрс мөн үү, ердийн нүүрс мөн үү, хүрэн нүүрс мөн үү гэдэг нь тодорхой тогтоогдоогүй байна. Хэрэв үнэхээр түүхий нүүрс мөн гэж үзэж байгаа бол хөндлөнгийн гэрчийн оролцоотой, баталгаатай зураг, харьцуулсан үзүүлэлт бүхий баримт гаргаж ирээд “энэ нүүрс нь ийм шинжтэй, ийм төрөлд хамаарна” гэдгийг харуулах боломжтой байсан. Гэтэл хэрэгт авагдсан зургууд нь ердөө нүүрсний ерөнхий зураг бөгөөд тэдгээрээс ямар төрлийн нүүрс болохыг ялган тогтоох боломжгүй байна. Тиймээс зураг, дүрс бичлэгээр нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Шийтгэлийн хуудсанд хүртэл зураг, дүрс бичлэгээр нотлогдсон гэж дурдсан боловч тухайн зургуудаар нотлогдож байгаа тодорхой нөхцөл байдал байхгүй байна. Мөн үзлэгийн ажиллагаагаар нотлогдсон гэж тайлбарлаж байгаа боловч үзлэгийн ажиллагаа өөрөө хууль зөрчин явагдсан. Учир нь үзлэгт оролцсон хөндлөнгийн гэрч ашиг сонирхлын зөрчилтэй байсан талаар өмнө тайлбарласан. Түүнчлэн шийтгэлийн хуудсанд 890,000 төгрөгийн зардал гаргуулахаар тусгасан байна. Зардал гаргуулах асуудлын тухайд төрийн байгууллагуудын мөрдөх журам, шийдвэр, эрх зүйн зохицуулалт тусдаа байдаг бөгөөд энэ асуудлыг мөн хуульд нийцүүлэн шалгаж үзэх шаардлагатай гэж үзэж байна. Гэхдээ тухайн тушаал гарсан эсэх нь зардал бодитой гарсан болохыг нотлохгүй. Тушаалын дагуу бодит зардал гарсан эсэх нь санхүүгийн баримт, шилжүүлгийн баримт, тухайн байгууллагын данснаас мөнгө зарцуулсан нотлох баримтаар тогтоогдох ёстой. Ийм баримт байж 890,000 төгрөгийг энэ ажиллагаатай холбоотой бодитоор гарсан зардал гэж үзэх боломжтой. Харин хэрэгт зөвхөн тушаалууд авагдсан байдаг. Тухайн тушаалууд хэрэгжсэн эсэх, бодит зардал гарсан эсэх нь тодорхойгүй байхад зөвхөн эдгээр тушаалыг үндэслэн ажиллагааны зардал гэж нэхэмжилж байгаа нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн түүхий нүүрс хэрэглэсэн эсэх асуудлаар бид гэрчүүдээс мэдүүлэг авсан. Гэрчүүд нь тухайн үед компанид ажиллаж байсан, хэрэгт хамааралтай этгээдүүд байгаа. Үүнийг компанийн ашиг сонирхолтой холбоотой гэж үзэх магадлал байж болох ч хуульд гэрчийг тухайн үйл баримт, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх этгээд гэж тодорхойлсон байдаг. Иймээс тухайн үйл явдлыг мэддэг хүн хэн боловч гэрч байж болно. Тухайн үед Ж.Рэнсмаа байцаагчтай харилцаж байсан, нүүрс болон аж ахуй асуудлыг хариуцдаг хүмүүс нь н.Мөнгөнхуяг, С.Минжин нар байсан. Эдгээр гэрчүүдийн мэдүүлэгт түүхий нүүрс хэрэглээгүй, шахмал түлш хэрэглэж байсан талаар удаа дараа дурдсан байдаг. Иймээс гэрчийн мэдүүлгүүд нь бусад нотлох баримтуудтай давхар нотлогдож байна гэж үзэж байгаа. Мөн нүүрс хураан авах ажиллагааны талаар Ж.Рэнсмаа байцаагч асуулт, хариултын үеэр тайлбар өгсөн. Түүний тайлбараас үзэхэд нүүрс хураан авах ажиллагаа нь шийтгэлийн хуудас гарахаас өмнө хийгдсэн болох нь тогтоогдож байна. Энэ талаар өмнө дэлгэрэнгүй тайлбарласан. Бидний зүгээс ийм ажиллагаа хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Ингээд бүх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааны дагуу шийтгэлийн хуудас үйлдэж, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж түүхий нүүрс хэрэглэсэн гэж үзсэн байдаг. Гэтэл уг шийтгэлийн хуудасны үндэслэл болгож буй хуулийн зохицуулалтыг авч үзэхэд Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь хэсэгт хориглосон бүсэд түүхий нүүрс шатаахыг хориглосон гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хуульд “түүхий нүүрс шатаах” тухай ойлголт хэрэглэсэн байхад шийтгэлийн хуудсанд “түүхий нүүрс хэрэглэсэн” гэж дүгнэсэн байна. “Шатаах” болон “хэрэглэх” гэсэн ойлголтууд агуулгын хувьд ижил эсэх, эсвэл өөр утга агуулгатай эсэх асуудал мөн гарч ирж байна. Хэрэв Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь хэсгийг үндэслэж байгаа бол тухайн заалтад хэрэглэсэн нэр томьёо нь “шатаах” байдаг. Иймээс “шатаасан” эсэхийг тогтоох ёстой болохоос “хэрэглэсэн” гэх ерөнхий ойлголтоор дүгнэлт хийх нь өөр асуудал гэж үзэж байна. Иймд “түүхий нүүрс хэрэглэсэн” гэх дүгнэлт болон “түүхий нүүрс шатаасан” гэх хуулийн зохицуулалт нь агуулгын хувьд ялгаатай ойлголтууд бөгөөд энэ асуудлыг мөн шүүх анхааран үзэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн энэ асуудалтай холбоотойгоор нэг үндэслэлийг нэмж дурдъя. Хэргийн материалд авагдсан Засаг даргын захирамж болон хамтарсан захирамжаар 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр бүс тогтоож, тухайн бүстэй холбоотой журмыг хэрэглэхээр зохицуулсан байдаг. Гэтэл Налайх дүүргийн 6 дугаар хороо уг шар бүсэд хэрхэн хамаарч байгаа, ямар үндэслэлээр зөрчилд тооцож байгаа талаар улсын байцаагч журмын 4 дүгээр заалтыг тайлбарласан. Тодруулбал  “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ын 4.1-д Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйлийн  16.1-д зааснаас гадна ногоон бүсэд дараах үйл ажиллагааг хориглоно гэж заасан байна. Улсын байцаагчийн тайлбарлаж байгаа 4.1 дэх заалт нь ногоон бүсэд хамаарах бөгөөд 4.1.1-4.1.6 хүртэлх заалтаар хориглох үйл ажиллагааг тусгасан. Үүнээс 4.1.1-д стандартад нийцсэн бүх төрлийн хийн болон шингэн түлшнээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаахыг хориглосон байдаг. Гэтэл журмын 4.2-т “4.1-д заасан үйл ажиллагааг шар бүсэд хамаарах хороодоос бусад хороодод хориглоно” гэж тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл 4.1 дэх зохицуулалт нь шар бүсэд бус, ногоон бүсэд хамаарахыг журмаараа тодорхойлсон байна. Тиймээс журмын аль заалтыг хэрэглэж, аль заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Улсын байцаагчийн зүгээс “журам зөрчсөн” гэж тайлбарладаг боловч шийтгэлийн хуудсан дээрх зөрчил бүхий үйлдлийг уншихад “хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэж бичсэн байдаг. Журам болон хууль нь өөр ойлголт. Тэгвэл хуулиар хориглосон үйл ажиллагаа гэдэг нь ямар хуулийг хэлж байгаа вэ гэхээр Агаарын тухай хуулийг хэлж байгаа. Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д зөвшөөрөгдөөгүй бүсэд түүхий нүүрс хэрэглэх, шатаахыг хориглосон байдаг. Гэтэл эдгээр зохицуулалтууд хоорондоо нийцэхгүй байна. “Тэрэлж сүйх” ХХК-ийн хувьд агаарын чанарыг сайжруулах бүс буюу шар бүсэд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх асуудал нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан тайлбар, нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрс хэрэглэсэн гэх зөрчил тогтоогдоогүй, хэрэглэсэн эсэх нь нотлогдоогүй байна. Мөн улсын байцаагч урьдчилсан дүгнэлт хийж, гэрээгээ батлах замаар ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар харагддаг. Энэ талаар өмнө нь прокурорт гаргасан гомдолдоо ч дурдсан. Учир нь байцаагч ажиллагаа явуулж байхдаа “танайх хэрэглэчихсэн байна” гэж урьдчилан дүгнэж, зөрчил тогтоогдсон мэтээр хандсан. Надад утсаар ярихдаа ч “танайх хэрэглэсэн нь тодорхой байна” гэж хэлж байсан. Энэ нь хяналт шалгалтын болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй. Иймд улсын байцаагч Хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчиж ажиллагаа явуулсан бөгөөд нотлогдоогүй зөрчилд шийтгэлийн хуудас оногдуулсан байна. Тиймээс энэхүү шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хууль бус гэж үзэж, хүчингүй болгож өгнө үү.” гэв.

5.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Рэнсмаа би 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.4-т заасан /Налайх дүүргийн 06 дугаар хороонд үйл ажиллагаа эрхлэгч “Тэрэлж сүйх” ХХК нь Улаанбаатар хотын агаарын чанар сайжруулах бүсэд түүхий нүүрс түлж байсан/ гэх зөрчлийн шинжтэй 3-35 дугаартай гомдол мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дугаар хэсэгт зааснаар харьяаллын дагуу хүлээн авч танилцаад дараах зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Нэг: 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч танилцаад Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8, 15 дугаар зүйлийн 15.6 дах хэсэгт заасан “Агаарын чанар сайжруулах бүс бүсэд мөрдөх журам”-ыг зөрчиж зөрчил үйлдсэн байж болзошгүй “Тэрэлж сүйх” ХХК-ийг төлөөлж Экологийн цагдаагийн албаны Эргүүл хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Сэрээнэндоржид тайлбар бичиж өгсөн тус газрын захиргааны менежер С.Минжингийн 99007245 дугаарт холбогдон 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирж гомдол мэдээлэлтэй танилцаж холбогдогчийн мэдүүлэг авахаар дуудсан боловч ирээгүй учир Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3, 4.13 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зөрчил үйлдэж байж болзошгүй газарт биечлэн очиж “Тэрэлж сүйх” ХХК-ийн аж ахуйн менежер Б.Мөнгөнхуяг болон байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Мягмарсүрэн нарыг байлцуулан үзлэг хийхэд “Тэрэлж хотел” зочид буудлын зууханд хэрэглэж буй хашаанд буулгасан нүүрсний агуулахгүй ил задгай овоолгоотой нүүрс байсан бөгөөд зөвшөөрөгдсөн түлш болох угааж баяжуулсан мидлинг, боловсруулалт хийгдээгүй том ширхэгтэй ердийн нүүрстэй хольж хэрэглэж болзошгүй түүхий нүүрсний зургийг өөрийн хэрэглэдэг /Iphone15/ утсаар авч баримтжуулан үзлэг хийсэн тэмдэглэлийг тус газрын аж ахуйн менежерт танилцуулсан боловч захиргааны менежерийн зөвшөөрөлгүй гарын үсэг зурах боломжгүй мөн урьдчилж ирнэ гэсэн мэдээлэл өгөөгүй учир үзлэг хийлгэхээс татгалзсан тул тэмдэглэлд тусган тус газрын захиргааны менежерийг ирж холбогдогчийн мэдүүлэг өгөх харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн гомдол болон үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцах талаар мэдэгдэж 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуудсан боловч ирж уулзаагүй учир цаашид холбогдогчийг дуудах, мэдүүлэг авах, зууханд хэрэглэж буй түлшнээс дээж авч лабораторид шинжлүүлэх ажлыг хийх шаардлагатай байх тул 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2602000073 дугаартай тухай Агаарын чанар сайжруулах бүсэд зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэсэн байж болзошгүй үйлдэлд Зөрчлийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн.

Хоёр: 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Тэрэлж сүйх” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр захиргааны менежер С.Минжинг тогтоож 2602000073 дугаартай зөрчлийн хэргийн материалыг өмгөөлөгч Х.Оюунбаяр, хууль ёсны төлөөлөгч С.Минжин нарт танилцуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 4.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон холбогдогчид мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлан мэдүүлэг авсан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тус газрын зууханд хэрэглэж буй нүүрснээс дээж авч шинжилгээнд өгөх талаар дурдсанд татгалзах зүйл байхгүй гэсэн боловч ажиллагааг үргэлжлүүлэн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3, 4.13 дугаар зүйлийг тус тус үндэслэн “Тэрэлж сүйх” ХХК-ийн “Тэрэлж хотел” зочид буудлын зууханд хэрэглэж буй нүүрснээс 2уут дээж авч үзлэг хийн дээж авахад байлцсан оролцогч С.Минжинд тэмдэглэлийг танилцуулахад гарын үсэг зурахаас татгалзсан тул тэмдэглэлд тусган нүүсний дээжийг "Ашигт малтмал газрын тосны газар, уул уурхайн, газрын тосны төв лаборатори"-д шинжлүүлэхээр хүргүүлсэн.

Гурав: 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Ашигт малтмал газрын тосны газар, уул уурхайн газрын тосны төв лаборатори”-ын сорилын тайлангаар “Тэрэлж сүйх” ХХК- ийн “Тэрэлж хотел” зочид буудлын газрын зууханд хэрэглэж буй нүүрс нь “Баяжуулсан нүүрс техникийн ерөнхий шаардлага: MNS 6226:2011” стандарттай харьцуулахад чийг, дэгдэмхий, хүхрийн хэмжээ стандартаас хэтэрсэн бөгөөд “MNS 6457:2023 Ηүүрсний чанарын ангиллын стандарт”, “MNS ISO 2950:2001 Хүрэн нүүрс ба лигнит-давирхайн гарц ба ерөнхий чийгийн агууламжаар нь төрөлжүүлэн ангилах” стандартаар үнсгүй төлөвтэй ангилж ялгаагүй ердийн нүүрс болох нь тогтоогдсон учир “Тэрэлж сүйх” ХХК- ийн өмгөөлөгч Х.Оюунбаяр, хууль ёсны төлөөлөгч С.Минжин нарыг шинжилгээний дүнтэй танилцуулахаар холбоо харилцааны хэрэгслээр дамжуулан дуудсан боловч 202602000073 дугаартай зөрчлийн хэрэг нээх тогтоолыг хүчингүй болгохоор Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт гомдол гаргасан учир зөрчлийн хэргийн материал болон зуухандаа хэрэглэж буй нүүрсний шинжилгээний дүнтэй танилцахаас татгалзсан. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Тавантолгой түлш” XXK-aac TTT-2025-110-А дугаартай гэрээний дагуу “Тэрэлж сүйх” ХХК нь угааж баяжуулсан нүүрс /мидлинг/-ийг татан авах гэрээний дагуу татан авалтаа хийсэн талаар 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/64 дугаартай албан хүсэлтээр хандсаны хариуд тус газар 2025 оны 09 дүгээр сараас 2026 оны 05 дугаар сар хүртэл нийт 1500 тонн угааж баяжуулсан нүүрс хэрэглэх гэрээ байгуулсан боловч зөрчлийн хэрэг нээхээс өмнө 2025-2026 онд 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэг удаа 19,7 тонн мидлинг татан авсан баримтыг манай байгууллагад ирүүлсэн.

Дөрөв: 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” /”Тэрэлж сүйх” ХХК-ийн 2026000073 дугаартай зөрчлийн хэргийн тогтоол буюу шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн/ гэх 206 дугаартай тогтоол гарч гомдлыг хүлээн авахаас татгалзан 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3/438 дугаартай Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Б. Баярчимэг хариу мэдэгдсэн байдаг бөгөөд “Тэрэлж сүйх” ХХК нь хяналтын прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболдод дахин 2026000073 дугаартай зөрчлийн хэргийн тогтоолыг хүчингүй болгуулах гомдол гаргасан бөгөөд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Рэнсмаа би 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэл явуулах хугацааг сунгах саналыг удирдах албан тушаалтанд гарган 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Тэрэлж сүйх” ХХК-ийн “Тэрэлж хотел” зочид буудлын халаалтын зууханд хэрэглэж буй итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний сорилын дүнгээр тогтоогдсон ангилж ялгаагүй ердийн нүүрсийг /Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1, 2 дугаар заалт/-ыг тус тус үндэслэн зөрчил үйлдэхэд ашиглаж буй эд зүйл болох нүүрсийг битүүмжлэх саналыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт хүргүүлсэн бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын 03 дугаартай тогтоолоор /Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/-т заасан ажиллагааг буюу орон байранд үзлэг хийх, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх ажиллагааг эрх бүхий албан тушаалтан өөрөө бие даан хэрэгжүүлэхээр заасан байх тул саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн учир “Тэрэлж сүйх” ХХК-ийн “Тэрэлж хотел” зочид буудлын халаалтын зууханд хэрэглэж буй нүүрсний шинжилгээний дүн болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтыг үндэслэн зөрчлийн хэрэгт шийтгэл ногдуулж албадлагын арга хэмжээ авах талаар хэрэгт холбогдогч газрын хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчид 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэж хэргийн материал, улсын байцаагчийн гаргасан шийдвэртэй танилцах зөрчил үйлдэхэд ашиглаж буй түүхий нүүрсийг хураан авах талаар холбоо харилцааны хэрэгсэл ашиглан мэдэгдсэн боловч Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргасан учир гомдлын хариу гартал ямар нэгэн тайлбар мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцахаас эрс татгалзсан.

Тав: 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд нь “Тэрэлж сүйх” ХХК-ийн гаргасан /2602000073 дугаартай зөрчлийн хэргийн тогтоолыг хүчингүй болгох/ тухай гомдлыг хэлээн авахаас мөн татгалзсан байх бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Түүхий нүүрс хэрэглэх тухай” Монгол улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 223 дугаар тогтоол, Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 дах хэсэгт заасан “Агаарын чанар сайжруулах бүс, бүсэд мөрдөх журам"-ыг тус тус зөрчсөн “Тэрэлж сүйх” ХХК-д холбогдох 0048114 дугаартай /Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэг/-т заасан хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж хориглосон бүсэд түүхий нүүрс хэрэглэсэн зөрчилд шийтгэл ногдуулж /Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3, 4.5, 4.13 дугаар зүйл/-ийг тус тус баримтлан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл болох түүхий нүүрсийг Экологийн цагдаагийн албаны Эргүүл хяналтын хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ганболдыг байлцуулан 19 тонн 95кг түүхий нүүрсийг хураан авч, “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай” 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр баталсан Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаал/захирамжийн 2.2.5 дах хэсэгт заасны дагуу хууль, журмыг зөрчин тээвэрлэсэн, Хадгалсан, хэрэглэсэн түүхий нүүрсийг хурааж зүүн бүсэд Налайх дулааны станцад буулгана гэсний дагуу Налайх дулааны станцад буулгаж ажилласан бөгөөд албадлагын арга хэмжээ авах болон шийтгэлийн хуудсыг танилцуулах талаар “Тэрэлж сүйх” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Минжинд танилцуулах гэсэн боловч бүх нөхцөлд хариу өгөхгүй түүхий нүүрсийг хувийн өвч тул хураалгахгүй мөн байгууллагын хашаанд зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж үзэж хүлээн авахаас эрс татгалзсан бөгөөд тухайн үед хийсэн дүрс бичлэг, зургаар баримтжуулсан болно. Зургаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дах хэсэгт заасны дагуу Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ гэсний дагуу үүргээ “Тэрэлж сүйх” ХХК-ийн өмгөөлөгч Х.Оюунбаяр, хууль ёсны төлөөлөгч биелүүлж захиргааны менежер С.Минжин нарт /тухайн үед олон нийтийн амралтын өдөр болох Монгол улсын сар шинийн баяр/ тохиож байсан тул харилцаа холбооны хэрэгсэл болох /viber/ чатаар хүргүүлсэн. Мөн байгууллагын и-мейл хаягийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус газрын хууль ёсны төлөөлөгч С.Минжингээс хүлээн авч шийтгэлийн хуудасны файлыг [email protected] хаяг, эх хувийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Монгол шуудангаар хүргүүлсэн болно.” гэжээ.

6.Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Тэрэлж сүйх” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг эсэргүүцэж байна. Нэгдүгээрт нотлох баримтын талаар тайлбарлая. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлд зааснаар нотлох баримт нь гэрчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мөн хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл байна. Хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд Цагдаагийн ерөнхий газраас Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан гомдол, мэдээллийг манай байгууллагад ирүүлсэн байдаг. Уг баримтад нэхэмжлэгчид хийсэн хяналт шалгалтаар түүхий нүүрс хэрэглэсэн зөрчил илэрсэн талаар дурдан, улсын байцаагч томилж өгөхийг хүссэн байна. Мөн зөрчлийн хэргийн 33 дугаар хуудсанд зууханд түүхий нүүрс хийж хэрэглэж байсан талаар, тухайн үеийн шалгалтаар илэрсэн зөрчлийг тодорхой баримт нотолгооны хамт зөрчлийн хэргийн 38 дугаар хуудсаар шилжүүлэн ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгч тал ямар зөрчил гаргаснаа мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч уг зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7.4.1 дэх хэсэгт хамаарна. Тодруулбал, агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, өөрөөр хэлбэл зууханд ямар түлш хэрэглэж байгаа, агаарын бохирдлын эх үүсвэр нь юу болох талаар мэдээллийг боловсруулж гаргах үүрэгтэй. Гэтэл ердийн буюу түүхий нүүрс хэрэглэж байгаа талаарх мэдээллийг мөн хуулийн 7.4.1.3-т заасны дагуу нуун дарагдуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж юуг ойлгох вэ гэвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад томоохон суурин эх үүсвэрийн талаарх мэдээллийг гаргаж өгөөгүй, хэрэглээтэй холбоотой баримт бичгийг нотлон үзүүлээгүй, нуун дарагдуулсан нь тогтоогдсон. Энэхүү зөрчилтэй холбоотойгоор шалгалтын явцад үйлдсэн тэмдэглэл, цуглуулсан баримт материал, шинжилгээний дүнг үндэслэн зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг хураан авч, холбогдох арга хэмжээг ногдуулсан. Мөн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь Агаарын тухай хуулийн холбогдох зохицуулалтаар тогтоогдоно. Тухайлбал Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад зүйл шатаахгүй байх талаар заасан. Түүнчлэн хуулийн 16 дугаар зүйлд агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох үйл ажиллагааг тодорхойлсон бөгөөд 16.1.5-д түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад хог хаягдал, хаягдал зүйлсийг шатаахыг хориглосон байдаг. Мөн Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон тухайн бүсэд мөрдөх журмыг энэ хуульд заасны дагуу зохицуулна гэж заасан болно. Нэхэмжлэлийн 2 дахь үндэслэлийн тухайд нэхэмжлэгч 0048114 дугаартай шийтгэлийн хуудас шаардлага хангахгүй гэж маргаж байна. Гэвч шийтгэлийн хуудсанд “Тэрэлж сүйх” ХХК хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, хориглосон бүсэд түүхий нүүрс хэрэглэсэн болох нь шинжилгээний дүн, гэрэл зураг, дүрс бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон” гэж тодорхой заасан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2.2 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан би зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах болон албадлагын арга хэмжээ авах үндэслэл, холбогдох хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулсан шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлын хуваарилалт, шийтгэлийг сайн дураар биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан болон битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэлийн хуудсанд тус тус тодорхой тусгаж, шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэгч шийтгэлийн хуудасны хэд хэдэн хэсэгт дурдсан “хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, хориглосон бүсэд түүхий нүүрс хэрэглэсэн болох нь шинжилгээний дүн, зураг, бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон” гэсэн дүгнэлтийг үгүйсгэж, өөрсдөө түүхий нүүрс хэрэглээгүй, мөн дүрс бичлэг зэрэг нотлох баримтуудтай танилцуулаагүй гэж маргаж байна. Гэвч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийг хэргийн материалтай танилцуулах ажиллагаа хийгдсэн бөгөөд энэ нь хэргийн материалын 42, 43, 57, 58, 69-71, 134, 135 дугаар хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан тэмдэглэлээр нотлогддог. Тэмдэглэлүүдээс үзэхэд оролцогчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцуулахаар удаа дараа дуудан, мэдээлэл хүргүүлсэн байна. Тухайлбал 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Тэрэлж сүйх” ХХК-ийн захиргааны менежер С.Минжин Экологийн цагдаагийн албанаас шилжүүлэн ирүүлсэн материалыг хүлээн авсан өдөртөө тайлбар хүргүүлсэн байдаг. Мөн түүнийг холбоо, харилцааны хэрэгслээр дуудан ирүүлэхэд ирнэ гэж мэдэгдсэн боловч тогтсон цагтаа ирээгүй. Түүнчлэн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Тэрэлж сүйх” ХХК-ийн захиргааны менежер С.Минжин болон өмгөөлөгч н.Оюунбаяр нарт зөрчлийн хэрэгт ач холбогдол бүхий дээжийн шинжилгээний дүн, зөрчлийн хэрэг шийдвэрлэлтийн явц, үзлэг хийж дээж авсан ажиллагаа, шинжилгээнд хүргүүлсэн байдал, шинжээчийн сорилын дүнгээр түүхий нүүрс болох нь тогтоогдсон эд зүйлийг хураан авах тухай мэдээлж, холбоо харилцааны хэрэгслээр дуудсан. Гэвч тэд 20264073 дугаартай зөрчлийн хэрэг нээх тогтоолыг хүчингүй болгуулахаар хяналтын прокурор болон Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан гэх үндэслэлээр хэргийн материал болон шийдвэрлэлттэй танилцах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй гэж мэдэгдэн танилцаагүй. Мөн зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг өөрийн хүсэлтээр гаргаж өгөхийг урьдчилан мэдэгдсэн боловч гаргаж өгөөгүй. Зөрчлийн хэргийн материалын 34 дүгээр хуудсанд авагдсан “Тэрэлж сүйх” ХХК-ийн захиргааны менежерийн өөрийн гараар бичсэн тайлбарын сүүлийн хэсэгт “Нийтлэг татан авалт хийх хүртэл энэхүү нүүрсийг хэрэглэхгүй, хадгалалт хамгаалалтыг хариуцна” гэж бичсэн байдаг. Гэвч хоёр удаагийн үзлэгээр авсан гэрэл зургаас нүүрс хэрэглэсэн болох нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн зөрчлийн хэрэгт холбогдогч “Тэрэлж сүйх” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Оюунбаяр, С.Минжин нар нь зөрчлийн хэргийн материалын 72 дугаар хуудсаар нотлогдох баримтын дагуу 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зөрчлийн хэрэг нээх тогтоол, харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, холбогдогчийн мэдээлэлтэй танилцаж, холбогдогчийн мэдүүлэг өгч, эрх, үүрэгтэйгээ танилцан гарын үсэг зурсан байдаг. Гэсэн хэдий ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрхийн хүрээнд зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, тухайн үеийн шинжилгээний дүнтэй танилцах, хяналтын дээжийг дахин шинжлүүлэх тухай ямар нэгэн хүсэлтийг өөрсдийн зүгээс гаргаагүй болно. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрхийн 2.8 дахь хэсэгт заасан баримт шалгуулах тухай хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй. Тухайлбал хоёр удаагийн үзлэгийн явцад хашаанд буулгасан нүүрсийг хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон байхад уг нүүрсийг хэрэглээгүй болохыг нотлох ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй. Түүнчлэн хуулийн 2.10 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэгтэй танилцах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт ирж хэргийн материалтай танилцах боломжтой байсан боловч оролцогчийн талаас өөрсдөөс нь шалтгаалсан үндэслэлээр уг эрхээ хэрэгжүүлээгүй. Зөрчлийн хэргийн 28 дугаар хуудсаар нотлогдох гомдол гаргасан нөхцөл байдлыг харгалзан холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тогтоох, холбогдогчоос мэдүүлэг авах, үзлэг хийх, шинжилгээнд зориулж дээж авах, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар лабораторид хүргүүлэх зэрэг ажиллагааг явуулсан. Уг ажиллагааны явцад “Тэрэлж сүйх” ХХК-ийн зууханд хэрэглэж байсан нүүрс нь шинжилгээний дүнгээр түүхий нүүрс болох нь тогтоогдсон. Иймд цаашид холбогдогчоос мэдүүлэг авах, нэмэлт ажиллагаа явуулах, нотлох баримт цуглуулах шаардлагатай байсан бөгөөд холбогдогчийн гаргасан гомдлыг харгалзан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлд заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтны шийдвэрээр нэг удаа 14 хоногоор сунгасан. Энэ нь хэргийн материалын 49 дүгээр хуудсаар нотлогддог. Мөн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дээж авах ажиллагаанд байлцсан захиргааны менежер С.Минжин дээж авах тэмдэглэлтэй танилцсан боловч “өмгөөлөгчийг байлцуулж гарын үсэг зурна, одоо гарын үсэг зурах боломжгүй” гэж мэдэгдсэн. Үүний улмаас дээж авах ажиллагааг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13 цаг 19 минутад дуусгаж, дээж авах тэмдэглэлд холбогдогч гарын үсэг зурахаас татгалзсан талаар тэмдэглэн ажиллагааг дуусгасан. Үүний дараа “Тэрэлж сүйх” ХХК-ийн “Тэрэлж” зочид буудлын хашаанаас гарч явсны дараа холбогдогчийн захиргааны менежер С.Минжин нь 99007245 дугаарын утаснаас эрх бүхий албан тушаалтан миний 90441111 дугаарт холбогдсон. Тухайн үед би автомашин жолоодож явсан тул Л.Мягмарсүрэн байцаагч утсыг авч ярихад “Манайд шинэ нүүрс яг одоо ирчихлээ, ирээд дээжээ аваарай, тэмдэглэлдээ гарын үсэг зуръя” гэж мэдэгдсэн байдаг. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” үүргийг биелүүлээгүй, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зориудаар саад учруулахыг завдсан үйлдэл гэж үзэж байна. Мөн “Тэрэлж сүйх” ХХК-ийн гаргасан гурав дахь нэхэмжлэлийг эсэргүүцэж байна. Нэхэмжлэлдээ 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан шийтгэлийн хуудсыг танилцуулаагүй, танилцах боломжоор хангаагүй, гардуулж өгөөгүй гэж маргасан болно. 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эрх бүхий албан тушаалтан Ж.Рэнсмаа миний бие хэргийн материалын 80 дугаар хуудсаар нотлогдох, шинжилгээний дүнгээр түүхий нүүрс болох нь тогтоогдсон нүүрсийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эд мөрийн баримтаар хадгалах боломжгүй, овор хэмжээ ихтэй бөгөөд зөвшөөрөлгүй хэрэглэж буй түүхий нүүрсийг битүүмжлэх шаардлагатай гэж үзэн хяналтын прокурорт битүүмжлэх санал хүргүүлсэн. Гэвч хяналтын прокурор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан орон байранд үзлэг хийх, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой баримт бичиг гаргуулан авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулахаар хуульчилсан бөгөөд бусад зөрчил шалгах ажиллагааг эрх бүхий албан тушаалтан бие даан хэрэгжүүлэхээр заасан үндэслэлээр уг саналыг хүлээн аваагүй. Улмаар 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хэргийн материалын 69, 70 дугаар хуудсаар нотлогдох зөрчлийн хэрэгт ач холбогдол бүхий материалууд, хэргийн шийдвэрлэлт болон эд зүйл хураан авах ажиллагааг хийхийн өмнө холбогдогчид эд зүйлээ сайн дураар гаргаж өгөх, зааж өгөх боломжоор бүрэн хангасан. Энэ талаар захиргааны менежер С.Минжингийн 99007245 дугаар, өмгөөлөгч Оюунбаярын 99229110 дугаарын утас болон хэргийн материалын 71 дүгээр хуудсаар нотлогдох өөрсдийн бүртгэлтэй вайбер хаягт чат хэлбэрээр мэдээлэл хүргүүлсэн. Мөн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн орчимд “Тэрэлж сүйх” ХХК-ийн байранд очиж, хэргийн шийдвэрлэлт болон зөрчил үйлдэхэд ашиглаж байсан эд зүйл болох нүүрсийг хураан авах талаар дахин мэдэгдэж, хүсэлт гаргах болон эд зүйлээ сайн дураар гаргаж өгөх боломжийг дахин олгосон. Гэвч холбогдогч талаас эдгээр боломжийг ашиглаагүй. Иймд зөрчлийн хэрэгт хавсаргасан Сиди-д буулгасан дүрс бичлэгээр баталгаажуулсны үндсэн дээр хураан авах ажиллагааг захиргааны менежер С.Минжин, хөндлөнгийн гэрч Экологийн цагдаагийн албаны ахлагч Б.Ганболд, гэрч Л.Мягмарсүрэн нарыг байлцуулан хийж гүйцэтгэсэн. Уг ажиллагаа дууссаны дараа тэмдэглэлийг танилцуулахаар захиргааны менежер С.Минжинд өгч танилцуулахыг оролдсон боловч тэрээр ажиллагаанаас зайлсхийсэн бөгөөд энэ нөхцөл байдал нь хэргийн материалд хавсаргасан CD-д буулгасан дүрс бичлэгээр баталгаажсан. Түүнчлэн хэргийн материалын 139 дүгээр хуудсаар нотлогдох 0048114 дугаартай шийтгэлийн хуудасны 5 дахь хэсэгт хураан авсан эд зүйлийн нэр төрөл, тоо хэмжээ болон бусад мэдээллийг тодорхой тусгах шаардлагатай байсан тул тухайн үед шийдвэрийг биечлэн гардуулах боломжгүй нөхцөл үүссэн. Гэсэн хэдий ч шийдвэр гаргаж, албадлагын арга хэмжээ авсан өдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр захиргааны менежер С.Минжингийн 99007245 дугаар, өмгөөлөгч н.Оюунбаярын 99229110 дугаарын утас болон тэдгээртэй холбогдсон вайбер хаяг руу хэргийн материалын 142 дугаар хуудсаар нотлогдох байдлаар шийтгэлийн хуудсыг PDF файлаар хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Мөн тухайн үед Монгол Улсын Цагаан сарын баярын өдрүүд тохиож байсан бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл бүх нийтийн амралтын өдрүүд байсан болно. Ингээд 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажил эхэлмэгц шийтгэлийн хуудсыг шуудангаар илгээсэн. Мөн “Тэрэлж сүйх” ХХК-ийн захиргааны менежер С.Минжин нь 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр вайбер чатад хариу өгч байгууллагын албан ёсны цахим шуудангийн хаягийг ирүүлсэн тул тус компанийн албан ёсны цахим шуудангийн хаягаар шийтгэлийн хуудсыг давхар илгээсэн. Үүний хариуд “И-мэйл хүлээн авлаа, баярлалаа” гэсэн хариу ирүүлсэн байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйлд эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгслээр хүргүүлэхээр заасан. Иймд шийдвэрийг хуульд заасан хугацаанд багтаан харилцаа холбооны хэрэгслээр хүргүүлж, хүлээн авсан нь тогтоогдож байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд хугацаа тоолох журмыг зохицуулсан байдаг. Тухайлбал, 33.1-д захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно гэж заасан. Мөн хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдөр эсхүл үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолох бөгөөд хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр таарвал дараагийн ажлын өдөр хугацаа дуусахаар тооцно гэж заасан байдаг. Түүнчлэн хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн 24 цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол хугацаанд нь гүйцэтгэсэнд тооцно гэж заасан. Иймд шийтгэлийн хуудсыг харилцаа холбооны хэрэгсэл болон шуудангаар хуульд заасан хугацаанд хүргүүлсэн болно. Мөн нэхэмжлэгч талаас 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан хүсэлттэй танилцахад дурдсан мэдээ, мэдээллийн ихэнх нь хавтаст хэргийн материалаар няцаагдаж, бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа эрх бүхий албан тушаалтны хувьд бодит байдалд нийцээгүй мэдээлэл гаргаагүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Мөн нэхэмжлэгч талаас шинжилгээнд өгсөн нүүрсийг “Тэрэлж” зочид буудлын зуухнаас авсан эсэх, эсхүл гадаа байсан нүүрснээс авсан эсэх нь тодорхойгүй, зууханд хэрэглэж буй нүүрснээс дээж аваагүй атлаа авсан мэт тайлбар гаргасан гэж дурдсан байна. Үүнийг мөн эсэргүүцэж байна. Нүүрсний дээжийг авахдаа шатаж буй нүүрснээс шууд дээж авах боломжгүй. Дээжийг дурын газраас санамсаргүйгээр авдаггүй бөгөөд хэрэглэж байгаа нүүрснээс стандартын дагуу авдаг. Тухайн хашаанд овоолсон байсан нүүрсийг хэрэглэж байсан нөхцөл байдал нь хэргийн материалын 46 дугаар хуудасны тэмдэглэл, 48 дугаар хуудасны гэрэл зураг, 49 дүгээр хуудасны тэмдэглэл, 53 дугаар хуудасны гэрэл зургаар нотлогддог. Тухайлбал 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн үзлэгийн үеэр овоолсон нүүрс байсан бол 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн үзлэгээр уг нүүрснээс хэрэглэсэн нь тодорхой харагддаг. Мөн холбогдогч талаас дээж авах үед “хэрэглэж байгаа нүүрсийг эндээс авна уу” гэсэн санал, хүсэлт гаргаагүй бөгөөд дээж авах ажиллагаатай холбоотой ямар нэгэн нэмэлт санал тавиагүй. Иймд үзлэгээр хэрэглэсэн нь тогтоогдсон овоолсон нүүрснээс Монгол Улсад мөрдөгдөж буй нүүрс, шахмал түлш болон үндсэн түүхий эдээс дээж авах MNS 7056:2014 стандартыг баримтлан “Тэрэлж сүйх” ХХК-ийн захиргааны менежер С.Минжин, гэрч Л.Мягмарсүрэн нарыг байлцуулан зочид буудлын зуухны хажууд байсан овоолсон нүүрснээс дээж авсан. Энэхүү ажиллагааг хэргийн материалын 52 дугаар хуудсаар нотлогдох дээж авсан тухай тэмдэглэлээр баталгаажуулсан бөгөөд уг тэмдэглэлийг холбогдох стандартын шаардлагын дагуу үйлдсэн болно.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.     

2.Гомдол гаргагчаас “... Нотлогдсон зүйл байхгүй байхад гомдол гаргагчийг хориглосон бүсэд түүхий нүүрс хэрэглэж, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй.” гэж, Хариуцагчаас “... Гомдол гаргагч нь хориглосон бүсэд түүхий нүүрс хэрэглэж, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.

3.Гомдол гаргагч “Тэрэлж сүйх” ХХК-аас Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Рэнсмаагийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0048114 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.   

4.Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч С.Сэрээнэндоржоос 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “... Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэрэлж сүйх” ХХК нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс түлж байсан.” гэх гомдол, мэдээллийг амаар болон харилцаа холбооны хэрэгслээр Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хосбаярт гаргажээ.

5.Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хосбаяр гомдлыг хүлээн авч 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны саналыг гаргасан байна.

6.Улмаар тус өдөр Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ууганбаяр нь “... Налайх дүүргийн 06 дугаар хороо “Тэрэлж сүйх” ХХК нь хашаандаа түүхий нүүрс хадгалж байсан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйл хэсэгт заасан зөрчлийн шинжтэй болох нь алба хаагчийн илтгэх хуудас материалд авагдсан нөхцөл байдал, гэрэл зураг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд эд зүйл хүлээн авсан тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.” гэж дүгнэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу удирдах албан тушаалтны тогтоол гарган Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн байна.

7. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нь 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 01-13-01/695-03 дугаартай хяналт шалгалтын удирдамжийг баталсан байна.

8.Хариуцагч Ж.Рэнсмаа дээрх удирдамжийн дагуу маргаан бүхий хяналт шалгалтыг эхлүүлж, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж, Жо вангийн адагт байрлах “Тэрэлж сүйх” ХХК-ийн “Тэрэлж хотел”-ын халаалтын зууханд хэрэглэж буй хашаанд буулгасан нүүрсэнд үзлэг хийсэн талаар тэмдэглэл үйлдэж, фото зургаар бэхжүүлж тэмдэглэлд хавсаргасан байна.  

9.Дээрх зөрчлийн шинжтэй үйлдэлд нь хариуцагч “Тэрэлж сүйх” ХХК-д холбогдуулан 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2602000073 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

10.Улмаар хариуцагч болох эрх бүхий албан тушаалтан нь дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор маргаан бүхий 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0048114 дугаар шийтгэлийн хуудсыг бичсэн байна.     

11.Маргаан бүхий 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0048114 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Тэрэлж сүйх” ХХК-ийг зөвшөөрөлгүй түүхий нүүрсийг агаарын чанар сайжруулах бүсэд хэрэглэсэн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шинжилгээ хийлгэх, бусад зардалд хамаарах нийт 1,890,000 төгрөг, нийт 4,890,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

12.Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйл.“Агаарын тухай хууль зөрчих”, 1.“ Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг:”, 1.3.“ нуун дарагдуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заажээ.

13.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг нуун дарагдуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор байна.

14.Агаарын тухай хуулийн 5 дугаар зүйл.“Агаарын чанарыг сайжруулах бүс”, 15.1.“Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална.” гэж заажээ.

15.2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/651, А/983 дугаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаал/захирамжаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг баталсан байна.

16.Дээрх тушаал/захирамжаар гомдол гаргагч “Тэрэлж сүйх” ХХК-ийн өмчлөлийн “Тэрэлж хотел” нь Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах бөгөөд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах шар бүсэд хамаарах бөгөөд энэ үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

17.Мөн дээрх тушаал/захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ын 1.1.“Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд (цаашид “Бүс” гэж)-д шинэчлэн тогтоосон мөрдөх дэглэм (стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх талаар хүлээсэн үүрэг, хариуцлага тодорхойлох), түүхий нүүрс хэрэглэхийг хориглох, нүүрс тээвэрлэх, ашиглах зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, журмын хэрэгжилтэд хяналт тавих төрийн байгууллага иргэн, аж ахуй нэгжийн эрх, үүрэгтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.” гэж зааснаас үзвэл, Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон байна.

18.Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйл.“Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэг”,9.1.“Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараах эрх, үүрэгтэй:”, 9.1.8.“агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад зүйл шатаахгүй байх;”,16 дугаар зүйл.“Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл”,16.1.“Агаарын чанарыг сайжруулах бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”,16.1.5.“түүхийн нүүрс болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс шатаах.” гэж тус тус заажээ.

19.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс шатаахгүй байх үүрэгтэй байна.

20.Гомдол гаргагч “Тэрэлж сүйх” ХХК нь өөрийн өмчлөлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж, Жо вангийн адагт байрлах “Тэрэлж хотел”-ын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.

21.Гомдол гаргагч “Тэрэлж сүйх” ХХК-ийн захиргааны менежер С.Минжин нь 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “... Манай компани нь “Тавантолгой түлш” ХК-тай гэрээ байгуулж, мидлинг авч хэрэглэж байгаа ч хуучин гэрээний үлдэгдэл нүүрсийг шинэ татан авалт хийх хүртлээ холин хэрэглэсэн болно. Мидлинг татан авалт дахин хийх хүртлээ энэхүү нүүрсийг хэрэглэхгүй хадгалан хамгаалалтаа хариуцна.” гэх тайлбарыг бичгээр гаргажээ.

22.Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14/06 дугаар албан бичгээр ирүүлсэн сорилтын дүнгээр гомдол гаргагч “Тэрэлж сүйх” ХХК-ийн өмчлөлийн “Тэрэлж хотел”-ын хашаанд байсан нүүрс нь хүрэн нүүрс болох нь тогтоогдсон байна.

23.Гомдол гаргагч “Тэрэлж сүйх” ХХК нь 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Тавантолгой түлш” ХХК-тай мидлинг худалдан авах ТТ-2025-110-А дугаартай “Угааж баяжуулсан нүүрс /мидлинг/-ний худалдах, худалдан авах гэрээ” байгуулжээ.

24.Уг гэрээний хавсралт №1-ээс үзвэл, “Тавантолгой түлш” ХХК нь “Тэрэлж сүйх” ХХК-д 2025 оны 09 дүгээр сараас 2026 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 1500 тонн угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг нийлүүлэх хуваарьтай байна.

25.“Тавантолгой түлш” ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/109 дугаар албан бичигт “ Налайх дүүргийн 06 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Тэрэлж сүйх” ХХК (РД:5403715) нь 2025-2026 оны галлагааны улиралд (2025 оны 09 дүгээр сараас 2026 оны 05 дугаар сарыг хүртэл) 1500 тонн угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг авахаар ТТ-2025-110-А дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсан болно.

Тус байгууллага нь 2025 оны 10 дугаар сарын 28-ний өдөр 19.7, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 21.9, нийт 41.6 тонн мидлингийг тус тус татан авсан байна. ... .” гэжээ.

26.Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, гомдол гаргагч “Тэрэлж сүйх” ХХК нь 2025 оны сараас 2026 оны 01 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд нийт 850 тонн мидлингийг “Тавантолгой түлш” ХХК-аас татан авч, хэрэглэхээр гэрээлсэн атлаа тус хугацаанд нийт 41.6 тонн мидлингийг татан авч, хэрэглэсэн нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, тус хугацаанд түүхий нүүрсийг хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэв.

27.Учир нь гомдол гаргагч нарын төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд хуралдаанд “... манай компани нь мидлингийг худалдан авах гэрээг зөвхөн “Тавантолгой түлш” ХХК-тай байгуулсан өөр байгууллагаас мидлингийг авдаггүй.” гэх тайлбарыг гаргасан бөгөөд галлагааны хугацаанд компанийн зуух зогсоогүй байх ба 850 тонн мидлингийг хэрэглэх хугацаанд 41.6 тонн мидлингийг хэрэглэж, зуухнуудыг хэвийн ажиллуулах ямар ч боломжгүй бөгөөд энэ хугацаанд гомдол гаргагчийг түүхий нүүрс хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

28.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хэрэгт авагдсан маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргагдсан фото зураг, видео бичлэг, хашаанд байсан нүүрсний дээжээс авсан шинжилгээний хариу, зөрчлийн материалд авагдсан тайлбар, нотлох баримтуудаар гомдол гаргагч “Тэрэлж сүйх” ХХК нь маргаан бүхий хяналтын шалгалтын цаг хугацаанд “Тэрэлж хотел”-ын халаалтын зуухандаа түүхий нүүрс хэрэглэж байсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

29.Иймд гомдол гаргагчийг агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэсэн буюу хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул гомдол гаргагчийн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Рэнсмаагийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0048114 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:

1.Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8, 16 дугаар зүйлийн 16.1.5, Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Тэрэлж сүйх” ХХК-аас “Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Рэнсмаагийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0048114 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.             

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.       

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ГАНБАТ