Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 404

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Н.Ням-Очир /томилолтоор/,

            Шүүгдэгч: Д.Төөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Тт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705016230425 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.Т, ..., 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооны багш мэргэжилтэй, ..., ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Тнь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ...од согтуугаар Н.Зтай маргалдан түлхэж эрүүл мэндэд нь баруун шуунд шарх, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч Н.Згийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 6-177 тоотод хүргэн ах Д.Тын гэрт хүргэн ахтайгаа маргалдсан. Маргалдсаны улмаас намайг арагшаа түлхэж би хаалга түшин унаж баруун гарын алгаа дарж гэмтээсэн. Маргалдсаны улмаас намайг нэг удаа түлхсэн. Би арагшаа унаж шилэн хаалга гараараа дарж унасан, тэгээд баруун талын гараа гэмтээсэн. ...Одоо бол гар зүгээр болсон. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 38/,

Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард нөхөр Д.Т, бэр дүү З хоёр маргалдаж хэрэлдэхэд хажууд нь байсан. Д.Т нь Зг арагш нь түлхсэн. Модон хаалганы арын шилийг З гараараа дарж шил нь хагарсан. Баруун талын гараараа дарж гар нь шилэнд зүсэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 39/,

Шинжээчийн 14447 тоот дүгнэлтэд: “...Н.Згийн биед баруун шуунд шарх, баруун бугалга, баруун хөлийн чигчий хуруунд цус хуралт, хэлэнд язрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 18/,

Яллагдагчаар Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 08 цаг 40 минутын орчимд ажилдаа гарсан. Тэгээд орой 18 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд Згийн нөхөр Өлзийсайхан нь өөрийн 2 хүүхэд болон манай эхнэртэй гэрт ирсэн байсан. З нь согтуу байсан. Харин манай эхнэр гайгүй байсан. Өлзийсайхан бид хоёр манай гэрийн хойд өрөөнд Нийслэл гэх 2 литрийн ба 500 граммтай пиво ууж байсан. Урд өрөөнд З нь манай охин Халиунааг хоол хийгээд сууж байхад нь хашгичаад, орилоод, агсам тавиад байхаар нь би урд өрөө рүү ороод, чи агсам тавих юм бол надад тавь гэж хэлсэн. З намайг цохиж авах гэхэд нь би гарыг нь барьж авсан. Тэгсэн нөгөө гараараа цохих гэхэд нь бие биенээсээ холдуулаад түлхсэн. Би энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч байна....Би Зг нэг удаа түлхсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэсэн мэдүүлэг /хх-н 21, 47/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 22-33, 45/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Тнь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ...од согтуугаар бэр дүү Н.Зтай маргалдан түлхэж эрүүл мэндэд нь баруун шуунд шарх, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Згийн: “...хүргэн ах Д.Тын гэрт хүргэн ахтайгаа маргалдсан. Маргалдсаны улмаас намайг арагшаа түлхэж би хаалга түшин унаж баруун гарын алгаа дарж гэмтээсэн. ...нэг удаа түлхсэн. Би арагшаа унаж шилэн хаалга гараараа дарж унасан, тэгээд баруун талын гараа гэмтээсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 38/, гэрч Д.Дгийн: “...Д.Т нь Зг арагш нь түлхсэн. Модон хаалганы арын шилийг З гараараа дарж шил нь хагарсан. Баруун талын гараараа дарж гар нь шилэнд зүсэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 39/, шинжээчийн 14447 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Тнь согтуурсан үедээ хохирогч Н.Зтай маргалдан түлхэж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Згийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Н.З нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Д.Тыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Д.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Тнь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Тт шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Тыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Тт шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР