| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0127/Э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,
улсын яллагч Б.Батбаяр,
хохирогч Н.Жавзмаа
шүүгдэгч Л.Хоролсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Лхагвасүрэнгийн Хоролсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807003220124 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 42 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 20-2 тоотод оршин суух, регистрийн АЯ78041179 дугаартай, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Хоролсүрэн нь:
Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Яллагдагч Л.Хоролсүрэн нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 20-2 тоотод эхнэр Н.Жавзмаатай маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Хоролсүрэн нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 20-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Жавзмааг “гадуур явлаа, хаагуур яваад ирж байгаа юм, цаана чинь эрэгтэй хүн дуугарч байсан” гэх шалтгаанаар хардсаны улмаас маргалдаж баруун хацар, толгойд гараараа цохиж бие махбодид нь зүүн зулайн хуйх, духны зүүн хэсэг, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун дээд хэсэгт зулгаралт,бүсэлхий нурууны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэсэн үйл баримт болжээ.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Л.Хоролсүрэнгийн өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Шүүхийн хэлэцүүлэгт хохирогч Н.Жавзмаагийн өгсөн: “... Шүүгдэгч урьд нь намайг цохиж, зодож байгаагүй. Анх удаа гар хүрч байгаа болохоор гомдоод өргөдөл бичсэн. Одоо миний хувьд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй. Бид хоёр эвлэрсэн... “гэв.
Мөрдөн байцалтад хохирогч Н.Жавзмаагийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “... Би 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлын газрын Болор-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Пүрэвдорж нартай айлд жаахан пиво уусан. Манай нөхөр утсаар намайг “хаана байна” гэхээр нь “Болороо эгчтэй хамт байна, удахгүй очно” гэж хэлсэн боловч дахин дахин залгаад байхаар нь утсаа аваагүй. Тэгээд 23 цагийн үед гэртээ орох санаатай ганцаараа алхаж яваад гэрийн гадаа ирсэн чинь Хоролсүрэн машинтайгаа зогсож байсан. Тэгээд “чи хаана байсан юм, чамайг хаа сайгүй хайж яваад ирлээ, цаана чинь эрэгтэй хүн дуугараад байсан” гэх мэтээр маргалдаж баруун хацарт гараараа нэг удаа цохиж, үсдэж хашаанд ороод толгойн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж зодох үед хамарнаас цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Мөрдөн байцалтад яллагдагч Л.Хоролсүрэнгийн өгсөн: “... Би 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 20-2 тоот хашаанд өөрийн эхнэр Н.Жавзмаатай хардалтын улмаас болж маргалдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ...” гэсэн мэдүүлэг /хх-42 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №6327 дугаартай
1. Н.Жавзмаагийн биед зүүн зулайн хуйх, духны зүүн хэсэг, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун дээд хэсэгт зулгаралт, бүсэлхий нурууны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй ..." гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31 дүгээр тал),
Л.Хоролсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/,
Л.Хоролсүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 дугаар тал/,
Гэр бүлийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 83-93 дугаар тал/,
Л.Хоролсүрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 47-56 дугаар тал/
Л.Хоролсүрэнгийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 57-72, 95-98 дугаар тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Л.Хоролсүрэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.Жавзмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Л.Хоролсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч Л.Хоролсүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Хоролсүрэн нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, улмаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Хоролсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Лхагвасүрэнгийн Хоролсүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Лхагвасүрэнгийн Хоролсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Лхагвасүрэнгийн Хоролсүрэнд оногдуулсан торгох ялыг 4 ( дөрөв ) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Хоролсүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Хоролсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Н.Жавзмаа “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Хоролсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ