| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/10215/И |
| Дугаар | 191/ШШ2025/09048 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/09048
| 2025 10 23 | 191/ШШ2025/09048 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ч байрлах, ******* ******* ХК /РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.******* /РД:*******/ нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ******* *******тай цахимаар ЗГ-R001302881 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 11,230,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч нь төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 101 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа бөгөөд 9,235,678.67 төгрөгийн төлбөртэй байна. Г.******* *******наас байнга идэвхитэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. зээлдэгч нь зээл авах үедээ Улаанбаатар хот, Б тоот хаягт бүртэглтэй боловч 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүгчийн 197/ШЗ2025/54706 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул Г.*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх захирлын тушаал, итгэмжлэл, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ-R001302881 дугаартай дижитал зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн хүсэлтийн мэдээлэл, хүү тооцооллын хүснэгт, иргэний үнэмлэхний хуулбар, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШЗ2025/54706 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 ******* ******* ХК нь Г.*******тай ЗГ-R001302881 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 11,230,000 төгрөгийн зээл олгосон.
2.2 Зээлдэгч Г.*******аас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШЗ2025/54706 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Г.******* нь Б тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн тус захирамжаар Г.*******ын оршин суугаа хаягийн лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Б тоот гэжээ. Г.*******ын оршин суух хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ын оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул ******* ******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй.
5. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ******* ХК, түүний төлөөлөгч //-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА