Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/1295

 

 

 

 

    2024            12           03                                        2024/ДШМ/1295

Ц.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Урангоо,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1718 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Урангоогийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 36 дугаар эсэргүүцлээр Ц.Ад холбогдох эрүүгийн 240000000925 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ц.А, 1988 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, охины хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

Яллагдагч Ц.А нь 2024 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хороолол дотор байх СU дэлгүүрийн гадна талбайд Б.Н-тай “гар утсаараа өөрийнх нь бичлэгийг хийлээ” гэх асуудлаас болж маргалдан түүнийг үсдэж газар унаган чирч гараараа цохих,  хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь толгойн зулайд цус хуралт, зүүн дух, зовхи, шанаа, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 8169 дүгээр “…Б.Ны биед толгойн зулайд цус хуралт, зүүн дух, зовхи, шанаа, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт, яллагдагчийн өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор гаргасан хүсэлтэд дурдсан хохирогчийн биед учирсан гэмтлүүдийн аль гэмтэл нь хөнгөн хохиролд хамаарах эсэх, эсхүл бүгд хамаарах эсэх, дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн эсэх талаар шинжээчээс мэдүүлэг авах, мөн хохирогч Б.Н хэргийн материалтай танилцахдаа өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт байгаа талаар дурдсан байх тул энэ талаарх баримтыг гаргуулан авч хэрэгт хавсарган бодит хохирлыг тогтоох, дахин мэдүүлэг авах ажиллагаануудыг хийх шаардлагатай гэж үзэж, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор Б.Урангоо бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “…Прокурорын зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Б.Н өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг хэн хэрхэн учруулсан талаар өгсөн мэдүүлэг нь шинжээч эмч Д.Сэвжидмаагийн 8169 дугаар дүгнэлтээр давхар нотлогддог бөгөөд шинжээчийн дүгнэлтийг бүрэн бус, эсхүл шинэ нөхцөл байдал бий болсон, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Мөн шинжээч эмчийг гэм буруугийн хуралдаанд оролцуулан гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулах бүрэн боломжтой гэж санал гаргасан боловч анхан шатны шүүхээс уг саналыг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хэрэв үндэслэлгүй гэж дүгнэж байгаа бол энэ талаараа захирамждаа тодорхой дурдаж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Тодруулбал, шинжээч эмч Д.Сэвжидмаа хохирогч Б.Ны биед шинжилгээ хийхдээ “Толгойн зулайн зүүн талд ЗхЗ см бүдэг улаан ягаан өнгийн цус хуралттай, зүүн дух, зовхи, шанааг хамарсан 9х5 см талбайд, баруун сарвууны 4 дүгээр хурууны 1 дүгээр үенд 0.3х0.2 см, зүүн өвдөгний урд хэсэгт 5х4 см улаан ягаан өнгийн зулгаралттай” гэж түүний биеийн хаана,  хаана гэмтэл гарсныг нарийвчлан тогтоож “дүгнэлт” хэсгийн 4, 5 дахь заалтад хохирогчийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой талаараа дүгнэлт гаргасан байх бөгөөд дүгнэлтийг бүрэн бус, эсхүл шинэ нөхцөл байдал бий болсон үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, шинжээчээс мэдүүлэг авах, нэмэлт шинжилгээ хийлгэх талаар хуульчилсан бөгөөд гаргасан дүгнэлттэй нь холбоотой шинжээчээс анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлгийн үед тайлбарлуулах бүрэн боломжтой, шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хамаарахгүй асуудал болно. Мөн хохирогч Б.Н хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “гэмт хэргийн улмаас сорвины тос авсан боловч энэ талаар баримт бүрдүүлдэг гэдгийг мэдэхгүй улмаас гаргаж өгөх баримт байхгүй” гэсэн утга бүхий зүйл бичсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байхад баримтыг гаргуулан авч хэрэгт хавсаргуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ц.Аг “2024 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө согтуурсан үедээ СU дэлгүүрийн гадна талбайд Б.Н-тай “гар утсаараа өөрийнх нь бичлэгийг хийлээ” гэх асуудлаас болж маргалдан, түүнийг үсдэж газар унаган чирч гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь толгойн зулайд цус хуралт, зүүн дух, зовхи, шанаа, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан" гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх болон цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

Өөрөөр хэлбэл, Ц.Ад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иймд яллагдагч Ц.Ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1718 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.  

2. Яллагдагч Ц.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                   Т.ӨСӨХБАЯР

                             ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ

                             ШҮҮГЧ                                    Ц.МӨНХТУЛГА