| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2026/0463/З |
| Дугаар | 128/ШШ2026/0648 |
| Огноо | 2026-07-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2026/0648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төрийн албаны зөвлөл /РД:*******/
Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан З.Э*******. /РД:*******/
Маргааны төрөл: Төрд учирсан хохирол гаргуулахтай холбоотой маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д******* /цахим/, хариуцагч З.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан З.Э*******од холбогдуулан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан З.Э*******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 42,630,851 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2.Хариуцагч З.Э******* нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/240 дугаар тушаалаар тус газрын Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын дарга М.М*******г, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253 дугаар тушаалаар тус газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн дарга Н.А*******ыг тус тус төрийн албанаас сахилгын шийтгэлээр халах шийдвэр гаргасан.
2.2.Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 204 дугаар тогтоолоор З.Э*******ыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар томилогдож, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Э*******ыг хүсэлт гаргасны дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
2.3.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар М.М*******г Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн албан тушаалд нь томилж, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 18,177,939 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2,852,784 төгрөг буюу нийт 21,030,723 төгрөгийг,
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/98 дугаар тушаалаар Н.А*******ыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн албан тушаалд нь томилж, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 13,731,562 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2,154,984 төгрөг, Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цалин хөлсөнд 4,938,544 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 775,038 төгрөг төгрөг буюу нийт 21,600,128 төгрөгийг тус тус нөхөн төлжээ.
2.4.Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04/441, 04/442 дугаар албан бичгээр төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай мэдэгдлийг З.Э*******од хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд нөхөн төлөөгүй байна.
2.5.Улмаар Төрийн албаны зөвлөлөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан З.Э*******од холбогдуулан 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний үндэслэлдээ: “...Төрийн албаны зөвлөлөөс 3.Э*******од холбогдуулан төрд учруулсан хохирол 42,630,851 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3.1.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан 3. Э******* нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/240 дүгээр тушаал тус газрын Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын дарга М.М*******г төрийн албанаас сахилгын шийтгэлээр халах шийдвэрийг гаргасан. Иргэн М.М******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0370 дугаар шийдвэрээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны Б/240 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.М*******г урьд эрхэлж байсан албан тушаалд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар М.М*******г шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн албан тушаалд нь томилж, тус газраас 2025 оны О8 дугаар сарын 20-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 18,177,939 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2,852,784 төгрөг нийт 21,030,723 төгрөгийг улсын төсвөөс нөхөн олгосон нь нотлох баримтаар тогтоогдсон.
3.2.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан 3. Э******* нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253 дугаар тушаал тус газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн дарга Н.А*******ыг төрийн албанаас сахилгын шийтгэлээр халах шийдвэрийг гаргасан.
1.Иргэн Н.А******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0440 дугаар шийдвэрээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны Б/253 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.А*******ыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/98 дугаар тушаалаар Н.А*******ыг шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн албан тушаалд нь томилж, тус газраас 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 13,731,562 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2,154,984 төгрөг нийт 15,886,546 төгрөгийг олгожээ.
2.Н.А******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0440 дугаар шийдвэр гарсан өдрөөс эгүүлэн томилогдсон өдөр болох 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөө гаргуулахаар дахин иргэний шүүхэд хандсаны дагуу дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 197/ШШ2025/16317 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 4,938,544 төгрөгийг цалин хөлсөнд, 775,038 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд, нийт 5,713,582 төгрөгийг олгожээ. Н.А*******ад захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу нийт 21,600, 128 төгрөгийг улсын төсвөөс нөхөн олгосон нь нотлох баримтаар тогтоогдсон.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэж, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан.
Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04/441, 04/442 дугаар албан бичгээр төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай мэдэгдлийг З.Э*******од хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд нөхөн төлөөгүй болно. Төрийн жинхэнэ албан хаагчдыг төрийн албанаас хууль бусаар халсныг захиргааны хэргийн шүүх тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас М.М*******, Н.А******* нарт ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгосон. Төрийн байгууллага улсын төсвөөс иргэнд учирсан хохирлыг төлснөөр төр хохирсон гэж үзнэ. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлд төрийг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу М.М*******, Н.А******* нарт ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг улсын төсвөөс олгосны улмаас төрд хохирол учирсныг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох 3.Э*******оор учирсан хохирлыг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгохоор байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т "Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ..." гэж заасны дагуу З.Э*******ын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 42,630,851 төгрөгийг төрийн сангийн MN******* тоот дансанд нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
4.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “..Төрийн албан хаагч М.М******* болон Н.А******* нар нь Төрийн албаны тухай хуульд заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн /нотлох баримт нь: тухайн ажилтны албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй болохыг яамны болон Үндэсний аудитын дүгнэлт, албан бичиг, үнэлгээгээр тогтоогдож мөн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй буюу байгууллагын ХШҮДАГазрын дарга нь малын эмч мэргэжилтэй байсан зэрэг/ шалтгаанаар тухайн үед чөлөөлөгдөж байсан. Энэхүү 2 албан хаагчийн ажлаа хийхгүй, байгууллагын үйл ажиллагаанд илтэд хохиролтой байх үед уг шийдвэрийг хуульд заасан журмаар авч хэрэгжүүлсэн болов ч захиргааны шүүх тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргасан байдаг. Төрийн шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж миний хувьд давж заалдалгүй ажилд нь буцаан томилсон. Хэдийгээр би ажилд нь буцаан томилсон боловч уг албан хаагчдын цалин нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй байна. Учир нь, ажлаа хийхгүй, хариуцлагагүй төрийн албан хаагчдыг чөлөөлөхгүй ингэж хаацайлж байгаагаас “төрийн нэр хүнд ард иргэдийн дунд унаж, төрд итгэх итгэл суларч” байгаа юм. Ажлаа хийхгүй байсан ч ажлын байран дээрээ насаараа ажиллах ёстой гэж үзэх үзлээ засаж чадахгүй, тэр алдааг олж харахгүй байгаад харамсаж байна. Миний хувьд одоо хэдийгээр төрийн үйлчилгээний байгууллагад түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ч нэхэмжлэлд дурдсан 42,630,851 төгрөгийг хувиасаа төлөх чадваргүй билээ. Учир нь би өнчин үлдсэн 3 хүүхдээ тэжээн тэтгэх, харж хандахад одоо авч байгаа 2 сая хүрэхгүй төгрөгийн цалин амьдралд хүрэлцэхгүй байдаг. Нөгөөтээгүүр тухайн 2 хүнийг чөлөөлж оронд нь өөр хүн гаднаас томилоогүй бөгөөд уг орон тоо нь хоосон хэвээр байсан буюу 1 албан тушаалд 2 цалин олгоогүй тул төрд хохирол учруулаагүй билээ. Иймд төрд цалингийн ийм хэмжээний хохирол учруулаагүй мөн хохирол нөхөн төлөх төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсье. Нотлох баримтад үндэслэн бодитой шийдэж өгнө гэдэгт итгэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан З.Э*******од холбогдуулан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан З.Э*******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 42,630,851 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 сарын 20-ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын тайлбарлах нь хэсгийн 1.3-т “Захиргааны байгууллагаа өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд /хүн, хуулийн этгээд/ бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ.” гэж хэргийн харьяаллыг тогтоосон ба нэхэмжлэгчийн шаардлага нь хариуцагчийг захиргааны албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор төрд учирсан хохирлыг гаргуулахтай холбоотой байх тул тус шүүхэд харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.
3.Хэргийн үйл баримтын тухайд, хариуцагч З.Э******* нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/240 дүгээр тушаалаар тус газрын Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын дарга М.М*******г, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253 дугаар тушаалаар тус газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн дарга Н.А*******ыг тус тус төрийн албанаас халах шийдвэр гаргажээ.
3.1.М.М******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0370 дугаар шийдвэрээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/240 дүгээр тушаалыг хүчингүй болгож, М.М*******г урьд эрхэлж байсан тус газрын Хяналт шалгалт дотоод аудит, мониторингийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын даргын ажил, үүргийг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцон олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсний дагуу 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/90 дүгээр тушаалаар М.М*******г тус газрын Хяналт шалгалт, мониторингийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилжээ.
3.2.Н.А******* нь мөн дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0440 дугаар шийдвэрээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.А*******ыг урьд эрхэлж байсан тус газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалинг, холбогдох нэмэгдлийн дагуу тооцож олгохыг, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсний дагуу 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/98 дугаар тушаалаар Н.А*******ыг тус газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон.
3.3.Мөн Н.А******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0440 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилогдсон өдөр болох 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулахаар иргэний шүүхэд хандсаны дагуу Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 197/ШШ2025/16317 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.4.Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 197/ШШ2025/16317 дугаар захирамжийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цалин хөлсөнд 4,938,544 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 775,038 төгрөг, нийт 5,713,582 төгрөгийг Н.А*******ад олгосон байна.
3.5.Дээрх байдлаар хариуцагч З.Э*******ын гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгосны үр дагаврыг арилгаж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр М.М*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,177,939 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2,852,784 төгрөг, нийт 21,030,723 төгрөгийг олгож, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Н.А*******ад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,731,562 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2,154,984 төгрөг, нийт 15,886,546 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 4,938,544 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 1,488,073 төгрөг, нийт 5,713,582 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байна.
4.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана, Иргэний тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан.
5.Эдгээр хуулийн зохицуулалтуудаас үзвэл, захиргааны албан тушаалтны шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас хохирол учирсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол эхний ээлжинд хохирлыг төр хариуцан барагдуулж дараагаар гэм буруутай этгээд буюу хууль бус захиргааны акт гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр байна.
6.Иймд төрд учирсан хохирлыг төрөөс барагдуулсан нь тогтоогдсон тохиолдолд Төрийн албаны зөвлөл нь гэм буруутай этгээдээс хохирлыг нөхөн төлөхийг шаардаж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.
7.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “... төрийн албан хаагч М.М*******, Н.А******* нарыг Төрийн албаны тухай хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйтэй холбогдуулан тухайн эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байсан. Энэхүү шийдвэрийг гаргахдаа Үндэсний аудитын газрын гаргасан дүгнэлт, ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлага буюу мэргэжлийн шаардлагын олон зөрчилтэй байснаас шалтгаалан ажлаас чөлөөлсөн. Жишээ нь М.М******* нь эдийн засгийн мэргэжлээр ажиллах мэргэжлийн шаардлага тавигдсан боловч малын эмч мэргэжилтэй хүн ажиллаж байсан тул ажлаас чөлөөлсөн гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
8.Учир нь нэгэнт хариуцагчийн гаргасан захиргааны актыг хууль бус болохыг тогтоосон Хяналт шалгалт дотоод аудит, мониторингийн газрын дарга М.М*******г албан тушаалаас нь чөлөөлсөн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/240 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/345 дугаар тушаалыг нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0370 дугаар шийдвэр, Н.А*******ыг албан тушаалаас нь чөлөөлсөн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0440 дугаар шийдвэр тус тус хуулийн хүчин төгөлдөр болсон нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах үйл баримт юм.
9.Иймд хариуцагчийн дээрх 2 захиргааны албан тушаалтныг ажлаас халсан тушаал гаргах болсон шалтгаан, нөхцөл байдлын талаар буюу хариуцагчийн гэм буруугийн дүгнэсэн шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй.
10.Ажлаас чөлөөлсөн 2 албан тушаалтны оронд хүн томилж ажиллуулаагүй, төрд хохирол учраагүй гэх тайлбарын тухайд: Шүүхийн шийдвэрээр хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн албан хаагчид ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговрыг улсын төсвөөс олгосон нь төрд учирсан бодит хохирол юм.
11.Маргаан бүхий тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, захирамжийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/90 дугаар М.М*******г урьд эрхэлж байсан албан тушаалд томилох тухай тушаалын дагуу 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 18,177,939 төгрөгийг М.М*******гийн Голомт банк дахь 1205053973 тоот дансанд, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрөр нийгмийн болон бусад даатгалын шимтгэлд 2,852,784 төгрөгийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн төвлөрсөн сангийн 100200190000 дансанд тус тус шилжүүлсэн нь хэрэгт авагдсан №POR20250819200423255KTAZQP70PR дугаартай төлбөрийн хүсэлт, №POR202510281225348V5O50ASGMXV4 дугаартай төлбөрийн хүсэлт,
Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/98 дугаар Н.А*******ыг урьд эрхэлж байсан албан тушаалд томилох тухай тушаалын дагуу ажилгүй байсан цалин хөлсөнд 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 13,731,562 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 4,938,544 төгрөгийг Н.А*******ын Хаан банкны ******* тоот дансанд, нийгмийн болон бусад даатгалын шимтгэлд 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,154,984 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,488,073 төгрөгийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн төвлөрсөн сангийн 100200190000 тоот дансанд тус тус шилжүүлсэн нь хэрэгт авагдсан №POR20250819195937AS8ID0YOMIYD9 дугаартай төлбөрийн хүсэлт, №POR20251211124548RM8W5UQSSAZPM дугаартай төлбөрийн хүсэлт, №POR202510281225348V5O50ASGMXV4 дугаартай төлбөрийн хүсэлт, №POR20251211125940F2UX5HXJX5EYR дугаартай төлбөрийн хүсэлт зэрэг баримтаар тус тус нотлогддог.
12.Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, З.Э******* нь хууль бус шийдвэрийг гаргаж, М.М*******г Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын дарга, Н.А*******ыг Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн даргын албан үүргээс нь чөлөөлсөн, үүний улмаас ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн албан хаагч нарт ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт нийт 42,630,851 төгрөгийг улсын төсвөөс олгосон бодит хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй.
13.Тодруулбал, хариуцагч нь захиргааны албан хаагчийн хувиар гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг нөхөн хариуцах нь захиргааны үйл ажиллагааны үр нөлөөтэй байх, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
14.Хариуцагч З.Э******* нь хохирлын нийт дүнг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дансанд төлснөөр шүүхийн шийдвэр биелсэнд тооцно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан З.Э*******од холбогдуулан гаргасан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан З.Э*******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 42,630,851 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч З.Э*******оос төрд учруулсан хохирол 42,630,851 төгрөгийг гаргуулан Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газарт олгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР