Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02566

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02566

 

 

С.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02141 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол Солонгосын политехникийн коллежид холбогдох

 

Монгол Солонгосын политехникийн коллежийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус коллежийн цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтаны албан тушаалд дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 3 225 760 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Монгол Солонгосын политехникийн коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Оюун-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч С.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие компьютер техникийн инженер мэргэжилтэй, 2008 оны 8 дугаар сарын 26-нд Монгол Солонгосын политехникийн коллежид компьютерийн багшаар ажилд орсон, 2013 оноос компьютер хариуцсан техникийн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллаж, 2015-2017 он хүртэл цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтнаар ажилласан, мэргэжлээрээ тасралтгүй 9 жил сургуульдаа ажилласан. Цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан гэдэг мэргэжил хасагдсан байна гээд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр халагдах тушаалаа авсан. Хэрэв өмнөх ажлын байр нь цомхтгогдсон бол өөрийнхөө мэргэжлийн дагуу дүйцэх ажилдаа ормоор байна. Би ажилгүй 124 хоног байсан, 1 өдрийн 26 240 төгрөг, нийт 3 225 760 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ. Тус сургууль компьютерийн чиглэлээр хэвлэлийн эх бэлтгэгч, техник, сүлжээ хариуцсан ажилтан, график дизайн зэрэг анги бэлтгэдэг нь компьютерийн мэргэжлийн хүн зайлшгүй шаардлагатай гэдгийг харуулж байна. С.Оюун-Эрдэнийн хувьд аль ч тал руу нь хөрвөөд ажиллах чадвартай, өөрөө сургуульдаа үлдэх тухай хүсэл сонирхлоо илэрхийлж байхад ажил олгогчийн зүгээс хүлээж авахгүй шууд хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 болон 2017 онд батлагдсан сайдын тушаалаас харахад 2016 оны тушаал дээр багш нь 90 ажилтан байхаар, С.Оюун-Эрдэнийн ажиллаж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан гэсэн орон тоо нь 2 байхаар заасан. Харин сүүлд баталсан 2017 оны тушаалаар нийт багшийн орон тоо 98 болж өсөөд, сүлжээ хариуцсан ажилтан буюу захиргаа хариуцаж байгаа ажилтны орон тоо нь техникийн туслах ажилтан болон хувирч ирсэн байна. С.Оюун-Эрдэнийн ажиллаж байсан орон тоон дээр 2 хүн ажиллаж байгаад, нэг нь өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан. Үнэхээр тоног төхөөрөмж хариуцсан ажилтны орон тоо нь байхгүй болсон бол техникийн туслах ажилтан болон багшийн орон тоон дээр ажиллуулах боломжтой. Төр засаг солигдох болгонд орон тоо баталж байгаа нэрийдлээр танилаа ажилд авах зорилгоор ажлын байрнуудын нэршлийг өөрчлөөд өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн эрх ашгийг хохироож байгаагийн нэг нь нэхэмжлэгч болж байна. Иймд миний бие техникийн туслах ажилтаны орон тоонд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, өмнө ажиллаж байсан албан тушаал буюу цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажил албан тушаалд дүйцэх ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Солонгосын политехникийн коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа өөрийн ажиллаж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтнаас чөлөөлөгдсөн, уг ажлын байранд эгүүлэн томилуулах байсан ч хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өмнө нь ажиллаж байсан албан тушаалд дүйцэхүйц албан тушаалтанд тогтоолгохоор өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Хөдөлмөрийн Яамнаас бүтэц, орон тоог дахин шинээр баталсантай холбогдуулан компютерийн багшийн албан тушаалаас цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан хариуцсан албан тушаалд томилж тушаал 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр гаргасан. Үүнээс хойш УИХ-ын сонгуулийн дүнд Засгийн Газар шинээр байгуулагдсантай холбоотой 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн НХХЯ-ы сайдын тушаалаар С.Оюун-Эрдэнийн ажиллаж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан гэдэг албан тушаал цомхтгогдон орон тоог нь татан буулгасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Тус сургууль зөвхөн компьютерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, элсэлт авдаг сургууль биш, политехник гэдгээрээ машин механизм, техник технологитой холбоотой учраас техникийн боловсон хүчин бэлтгэдэг сургууль. Техникийн боловсон хүчин, шинэчлэгдсэн тоног төхөөрөмж, компьютертой харилцдаг, тоног төхөөрөмжүүдийг ашигладаг учраас компьютерийн багш болон цахим тоног төхөөрөмжийн ажилтнуудаар тухайн тоног төхөөрөмжтэй холбоотой хичээлүүдийг оруулдаг. Төгсөж гарч ирж байгаа нийт оюутан сурагчдын дийлэнхи хувь нь "Оюу толгой"-д хүнд машин механизмын оператораар томилогдож гэрээ байгуулаад олон жил болж байна. Машин механизмын үйл ажиллагаатай холбоотой туслах ажилтан болохоос биш компьютер болон цахим тоног төхөөрөмжийн ажилтан ажиллах бололцоо байхгүй, мэдлэг боловсролын хувьд хүрэхгүй, одоо Амартүвшин гэдэг эрэгтэй ажиллаж байгаа. Урд нь нэхэмжлэгчийн техникийн туслах ажилд эгүүлэн томилуулах шаардлага гаргасантай холбогдуулж яамнаас техникийн туслах ажилтан гэдэг нь ямар албан тушаал, ямар мэргэжлийн боловсон хүчин ажиллах бололцоотой гэдэг мэргэжлийн чиг үүргийн талаас нь лавлагаа авсны дагуу ирсэн албан бичигт цахим техник, технологиос бусад гэжтодотгож өгсөн техникийн туслах ажилтан нь машин механизм, инженерийн асуудал ба нэхэмжлэгч бол компьютерийн инженер, харин техникийн туслах ажилтан бол автын инженерийн чиглэлийн мэргэшсэн боловсон хүчин гэдгээрээ инженерээс өөр агуулгатай гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг баримтлан Боржигон овогтой Сүхбатын Оюун-Эрдэнийг /РД:УШ86102903/ Монгол Солонгосын политехникийн коллежийн /РД:9106952/ Сургалтын албанд урьд эрхэлж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтны албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3.225.760 /гурван сая хоёр зуун хорин таван мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулан С.Оюун-Эрдэнэд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 66.562 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Монгол Солонгосын политехникийн коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгчийн хувьд тус сургуулийн техникийн туслах ажилтан биш харин цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан гэсэн ажлыг эрхэлж байсан. Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалаар Монгол Солонгосын политехникийн коллежийн Сургалтын албаны орон тоог батлахдаа нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо болох цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан гэсэн орон тоог хассан, мөн техникийн 2 туслах ажилтаны орон тооноос 1 орон тоог хассан. Түүнчлэн Сургалтын албаны 2 орон тоог 1 болгон цөөрүүлсэн, С.Оюун-Эрдэнийг тухайн ажлын байранд ажиллуулах боломжтой байсан гэж дүгнэж байгаагаас үзэхэд техникийн туслах ажилтаны 1 орон тоон дээр үлдсэн иргэнийг ажлаас нь чөлөөлөөд цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан байсан С.Оюун-Эрдэнийг шилжүүлэн ажиллуулах боломжтой байсан гэж дүгнэж байгаа нь Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн үндсэн зарчим алдагдаж хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж хуульчилсан хэдий ч тус сургуулийн бүтэц орон тоо болон нийт ажилтнуудын цалингийн сан зэрэгт тулгуурлан шилжүүлэн ажиллуулах орон тоо байхгүй байсан тул мөн Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааж, хуульчилсаны дагуу "орон тоо хасагдсан" үнэдэслэлээр ажлаас чөлөөлж, тэтгэмж олгосон. Нэхэмжлэгч С.Оюун-Эрдэнийн урьд эрхэлж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтны албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаал манай сургуульд байхгүйн дээр одоо батлагдсан бүтэц орон тооныхоо цалингийн сан, бусад зардалыг хэтрүүлэхгүйгээр сургалтын үндсэн үйл ажиллагаагаа явуулахыг хичээн ажиллаж байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02141 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Монгол Солонгосын политехникийн коллежид холбогдуулан тус коллежийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус коллежийн цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтаны албан тушаалд дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 3 225 760 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ... нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдаж, түүнийг цомхотгосон гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаар тушаалаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бүтэц, орон тоог батласан ба уг тушаалаар сургалтын албанд техникийн туслах ажилтан 2 байсныг 1 болгон цөөрүүлсэн гэх үндэслэлээр хариуцагч Монгол-Солонгосын политехник коллежийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Оюун-Эрдэнэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 14, 67-68 тал/

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримталсан байна.

Нэхэмжлэгч С.Оюун-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...техникийн туслах ажилтанаар 2 хүн ажиллаж байсан бөгөөд нэг нь өөрийн хүсэлтээр ажлаар чөлөөлөгдсөн, намайг уг албан тушаалд шилжүүлэн ажиллуулах боломжтой байхад ажил олгогч адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж, хариуцагч байгууллага уг албан тушаалд Н.Амартүвшинг томилсон гэж тайлбарлаж байгаа боловч Н.Амартүвшин нь тухайн байгууллагад жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 118 тал/ Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэг хүлээдэг.

Анхан шатны шүүх ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэгч С.Оюун-Эрдэнийг урьд эрхэлж байсан албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 3 225 760 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02141 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Монгол Солонгосын политехникийн коллежийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 480 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

  

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО