| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0131/Э |
| Дугаар | 132 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Бээсүүд овогт Дондовын Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807003340125 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 22 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Налайх дүүргийн Дулааны станц ТӨХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 11-18 тоотод оршин суух,
урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн УД88032073 дугаартай, Бээсүүд овогт Дондовын Батбаяр нь: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ -яллагдагч Д. Батбаяр нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр согтуугаар Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 11-18 тоотод эхнэр М.Баасансүрэнтэй маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д. Батбаяр нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 11-18 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Баасансүрэнг хардсаны улмаас маргалдаж нүүр хэсэгт цохиж, үснээс нь зулгааж бие махбодид нь эрүүнд цус хуралт,зүүн өвдөгт шарх, баруун гарын алганы эрхий хурууны урд хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн бугалганы баруун шуу, нуруунд цус хуралт, зүүн хацар, дээд уруул, баруун гарын сарвуу, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, баруун шуу, зүүн шуунд улайлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Д.Батбаярын өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Мөрдөн байцалтад хохирогч М.Баасансүрэнгийн өгсөн: ”...2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нөхөр Батбаярыг ажлаас нь очоод авах гээд хүлээж байгаад гэрлүүгээ явах замдаа хэрүүл хийгээд, хардаад, янхандаж яваад ирээ биз дээ гээд гэрлүү үснээс зулгаагаад чирээд оруулсан. Тэгээд гэрт ороод нүүр, ам, бие рүү цохиод байсан. Гэрийн том өрөөний цонх мөргүүлэх үед цонх хагарсан. Тэгээд гэрийн бүх эд хогшил эвдэж, хувцас урж, үснээс зулгаагаад цохиод байсан. Хутга бариад над руу дайрахад нь гараараа хаахад баруун гарын эрхийн хурууны урд хэсэг зүсэгдсэн. Заазуур авч ирээд духны голд тулгаад “одоо ална” гээд гаргахгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,
Мөрдөн байцалтад гэрч Д.Ариунаагийн өгсөн: ”... Манайх дүү Батбаярынхтай нэг хашаанд байдаг. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед манай дүүгийн хүүхэд нь уйлаад манайд орж ирэхээр нь гэрт нь яваад ороход манай бэр хөл гараа бариад орон дээр хэвтсэн, Батбаяр наана нь хэрүүл хийсэн байдалтай зогсож байсан. Би “яагаад хэрүүл хийгээд байгаа юм бэ” гэхэд “танд ямар хамаатай юм” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-18-19 дүгээр тал/
Мөрдөн байцалтад гэрчД.Ариунболдын өгсөн: ”...Манай аав саяхан ханийгаа алдаад бага дүү Батбаярынд амьдарч байгаа. Тэгсэн тэр өдөр Баасансүрэн утсаар яриад “аавыгаа ирж ав, энд байлгах боломжгүй байна” гэж ярьсан. Намайг очиход Батбаяр халамцуу орон дээрээ сууж байхаар нь “аавыг ингэж зовоож байхаар аваад явлаа” гээд дүүгээ 2 удаа алгадсан. Гэрт нь ороход ширээ нь эвдэрчихсэн, угаалгын машин нь уначихсан ерөнхийдөө хэрэлдэж муудалцсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,
Мөрдөн байцалтад яллагдагч Д.Батбаярын өгсөн: ”... 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед ажлаасаа тараад 3 найзтайгаа 2 шил архи хувааж уусан. Тэгээд яаж харьсан, юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн гэрийн цонх хагарсан, манай ах Ариунболд намайг 2-3 удаа цохиж байх шиг, эхнэртэйгээ зууралдаад муудалцаад байснаа хальт санаж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №6440 дугаартай
1. М.Баасансүрэнгийн биед эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт шарх, зулгаралт, баруун гарын алганы эрхий хурууны урд хэсэгт зүсэгдсэн шархтай, зүүн бугалганы баруун шуу, нуруунд цус хуралт, зүүн хацар, дээд уруул, баруун гарын сарвуу, баруун гарын ядам хуруу, зүүн гарын сарвуу, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, баруун шуу, зүүн шуунд улайлт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 35 дугаар тал),
Д.Батбаяр иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75 дугаар тал/,
Д.Батбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр тал/,
Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 66-72 дугаар тал/,
Д.Батбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 78-88 дугаар тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Батбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.Баасансүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн хуульд заасан үндэслэл журмыг хангасан байна.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч Д.Батбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Батбаяр нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, улмаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бээсүүд овогт Дондовын Батбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Дондовын Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Дондовын Батбаярт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Батбаярт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Батбаярт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч М.Баасансүрэн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ