Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар  2024/ДШМ/1296

 

 

 

 

   2024             12           03                                       2024/ДШМ/1296

Ц.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Булганчимэг,

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Э.Золжаргал,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/1056 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Э.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.От холбогдох эрүүгийн 2309022292650 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Бүргэд овгийн Ц.О, 2005 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт ......................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ......................... тоотод оршин түр суух, /РД:.........................../;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 103 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1221 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих             ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 85 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Ц.О нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05 цагаас 06 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 52 дугаар байрны орцонд иргэн Г.С“гэрээсээ яв” гэж хэллээ гэх шалтгааны улмаас түүний нүүр рүү гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний дотор булан, доод зовхи, хамарт цус хуралт, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Э“цахилгаан тамхи хулгайлсан” гэх шалтгаанаас болж зодож, эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, уруулын салстад цус хуралт, доод уруулын салстад язрал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

мөн 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Айлофт” нэртэй бааранд иргэн Э.Чүл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “эрүүний баруун болон зүүн их биеийн шүд дайрсан зөрөөтэй хугарал, баруун доод 8 дугаар шүдний булгарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны гадна иргэн С.Сүл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун талын хоншоорын хөндийн урд дээд хана, нулимсны аппарат, баруун нүдний ухархайн доод хана хамарсан хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хацарт хөхөлбөр хүрэн, хамрын хянганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.От 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.От мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 50 /тавь/ хоногийн хорих ял, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт 9 /ес/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 сар 20 хоногийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1221 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үйлдсэн 4 /дөрөв/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 6 /зургаа/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.От 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Оаас баримтаар тогтоогдсон хор уршгийн нөхөн төлбөрт 210.400 /хоёр зуун арван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Х.Эт, мөн баримтаар тогтоогдсон хор уршгийн нөхөн төлбөрт 295.700 /хоёр зуун ерэн таван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Сайнжаргалд тус тус олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар Ц.Оаас сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 2.744.500 /хоёр сая долоон зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Сайнжаргалд олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар Ц.Оаас хохирогч Э.Чингүний Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 2.970.150 /хоёр сая есөн зуун далан мянга нэг зуун тавь/ төгрөг, хохирогч Х.Эын тус сангаас тусламж үйлчилгээ авсан 415.000 /дөрвөн зуун арван таван мянга/ төгрөг, хохирогч С.С эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг, нийт 3.595.150 /гурван сая таван зуун ерэн таван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.С, Э.Чнарын мэдүүлэгт дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, эдгээр хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн, мөн хохирогч Г.С, Х.Э, Э.Ч, С.Сайнжаргал нар нь цаашид гарах эмчилгээний төлбөрт хамаарах нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Ц.Оаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сиди, мөн “Мед травма” эмнэлгийн дүрс оношилгоо, шинжилгээний хариу бүхий 1 ширхэг сиди, нийт 3 ширхэг сидиг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт Ц.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие урьд гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд хэрэгт холбогдохоос өмнө хийсэн эдгээр үйлдлүүдийг анхан шатны шүүх хуралд нэмж нэгтгэх талаар хэлсэн боловч тус тусад нь шийтгэх тогтоолоор шийдэж болно гэсэн. Миний бие хорих ялаар шийтгүүлж хорих ангид байх хугацаанд өдөр бүр гэмшиж амьдралын үнэ цэнэ, эрх чөлөө гэж ямар үнэтэй зүйл байдгийг мэдэрч нэг өдрийн өмнө ч гэсэн гэр бүл дээрээ очих хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд өөрийн гэм бурууг ухамсарлан дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж гэр бүлдээ болон өөртөө амласан. Тэнсэн суллагдсаны дараа ямар ч гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй, ажил хөдөлмөр эрхэлж өөрийн мэдлэг боловсролд анхаарч тогтмол ном уншиж, гадаад хэлний бэлтгэлд хамрагдаж дүү нартаа сайн үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээж байгаа. Би залуу хүний хувьд цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэр бүлийнхээ итгэлийг алдахгүй нийгэмдээ хэрэгтэй хүн болохыг хүсэж байна. Иймд миний эрх зүйн байдлыг дээрдүүлж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөхийг хүсэж байна. …” гэв.

Шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Э.Золжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын биеийн байцаалт хэсэгт Ц.Оыг "...ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт... амьдардаг" гэжээ. Үнэн хэрэг дээрээ мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг гүйцэт зөв тогтоож чадаагүй. Ц.Оын аав Цолмонбаатар нь 2018 онд нас барсан бөгөөд одоо эх, гурван дүүгийн хамт амьдардаг. Энэ өрх айлд том хүүгийн чухал үүрэг гүйцэтгэж, эхдээ ганц хань болж тусалж, дүү нар нараа тэжээн тэтгэх нь яах аргагүй Ц.О юм. Учруулсан хор хохирлын тухайд, миний үйлчлүүлэгч нь хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд Г.С, Х.Э, Э.Чнар гомдол саналгүй талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд /хх 31,53,123/ мэдүүлсэн байдаг. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг бол хохирогчийн эрүүл мэнд байдаг. Гэтэл дээрх хохирогч нар бүгд гомдол саналгүй талаар өөрсдийн хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарын хохирлыг төлөхөө илэрхийлж 5 хоногийн завсарлага авсан бөгөөд Ц.Оын ажилладаг компани ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөө авч чадаагүйн улмаас ажилласан цалинг нь тухайн 5 хоногт багтаан тавьж чадаагүй тул анхан шатны шүүх хуралд хохирогч нарын хохирлыг төлж чадаагүй орсон. Анхан шатны шүүх хурал дээр хохирогч нарын хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо хохирогч нарт ямар нэг хохиролгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хохирол, хор уршгийн талаар шийдвэрлэсэн хэсгийг бүрэн биелүүлсэн болно. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримталсан байна. Ц.О нь С.Сайнжаргал, Г.С, Х.Э, Э.Чнарын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн хоёр дугаар бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн, өөр өөр хохирогчтой, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн буюу тус тусдаа гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт хэмээн ангилан үздэг. Шүүгдэгчийн урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, нөхцөл байдлыг түүний сүүлд үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулахыг ерөнхий гэх бөгөөд харин Эрүүгийн хуульд заасан нэг төрлийн эсхүл хоорондоо төстэй гэмт хэрэг дахин үйлдэхийг тусгай давтанд хамааруулж үздэг. Дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд гэмт хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй нийтлэг ба тусгай давталтын шинжээс хамаарч зүйлчлэх учиртай. Энэ нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээс ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор хохирол, хор уршгийн шинж, өсвөр насандаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн ойлгож, ухаарсан байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзнэ гэж итгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж Ц.От оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ц.О нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05 цагаас 06 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.С“гэрээсээ яв” гэж хэллээ гэх шалтгааны улмаас түүний нүүр рүү гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний дотор булан, доод зовхи, хамарт цус хуралт, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Г.Сын “...Бид хэд сууж байхад О, Снар хоорондоо муудалцаад орилолдоод орж ирсэн. Тэгтэл Сүх-Эрдэнийн нүд хавдсан байсан. Тэгээд тэр хоёрыг тайвшруулж, О миний өрөөнд орж амарч байсан. Орж ирсэн 4 хүн явахаар болоод Ц.Оын хамт ирсэн А гэх залууг сэрээхээр миний өрөө рүү ороход Ц.О, А нар муудалцаад байхаар нь бид нар очиж салгасан. Тэгээд Нандин-Эрдэнэ, Номио нар “айгаад байна, энэ залуучуудаа явуул” гээд тэр дөрвийг явуулахаар болоод гадагшаа гаргаж байхад О миний нүүр рүү 2 удаа цохиод түлхсэн. Түлхэхэд нь би хүзүү, нуруу хэсгээрээ хүчтэй хана мөргөсөн юм. Одоо миний хүзүү, нуруу өвдөөд байна. Тэгээд өглөө гайгүй байхаар нь унтаад өдөр сэрэхэд их өвчин орсон байхаар нь цагдаад хандаж байна. ...Ц.Оаас өөр намайг цохиж, зодсон зүйл байхгүй. ...” /1хх 28-29/,

гэрч А.Б“...явахаар болоод лифт рүү алхаж байхад гэнэт О нь Сыг нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Тэгээд маргаан үүсгээд барьцалдаж, зодолдсон. Тэгээд Билгүүн бид хоёр дундуур нь орж салгахад Билгүүн, О нар үг хэлээр доромжилж байгаад яваад өгсөн. Тэгээд би Сын хамт гэрт нь орж унтаад өглөө сэрхэд С хүзүү, нүүр нь хавдаад хүзүү хэсгээрээ гоёотоод хөдлөхгүй байсан ба тэгээд л цагдаад хандсан юм. Тухайн үед О, С нар лифт рүү явж байхад гэнэт О Сыг “гэрээсээ яв” гэж хэллээ гэдэг шалтгаанаар цохиод маргаан болсон. Надад учирсан бэртэл, гэмтэл байхгүй. Би хэн нэгэнтэй зодолдож, цохилцоогүй, тэнд зөвхөн Ц.О, Г.С нар хоорондоо муудалцсан. ...” /1хх 33/,

гэрч Ж.Б“...унтаж байхад Г.С татаж босгосон ба Ц.Оыг бас татаж босгоход “миний гар гэмтэлтэй байгаа, та гэмтэлтэй байгаа хүнийг шууд босголоо” гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг яв гэхээр нь “одоо харанхуй байна, нөгөө өрөөнд чинь орж унтаад явъя” гэхэд тухайн үед хоёр охин ороод ирсэн байсан. ...би очих гэхэд намайг “байж бай” гэж хэлээд Бэлгүтэй “яавал гэж дээ” гээд цугтаа очиход хоёулаа газарт унасан байсан санагдаж байна. Тухайн үед Г.С, Ц.О нар явган шат руу очоод муудалцаад, зодолдоод байх шиг байсан. ...”/1хх 35/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15356 дугаар “...Г.Сын биед баруун нүдний дотор булан, доод зовхи, хамарт цус хуралт, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. ...” /1хх 39-40/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

2. 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Х.Э“цахилгаан тамхи хулгайлсан” гэх шалтгаанаас болж зодож эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, уруулын салстад цус хуралт, доод уруулын салстад язрал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Х.Эын “...би гэр рүүгээ орох замдаа зүс таних Ц.Отай машины зогсоол дээр таараад намайг “юу байна ахын дүү, хоёулаа ингэж нэг юм таарах байсан юм уу, чатанд яагаад хариу өгөхгүй байна” гэж хэлээд миний зүүн шанаа хэсэг рүү 3 удаа баруун гараараа цохисон. Тэгээд би “ахаа би яасан юм бэ” гэхэд “чи манай гэрээс веб авч явснаа санахгүй байна уу” гэж хэлсэн ба би “аваагүй” гэж хэлсэн. Ц.О над руу гэнэт уурлаад миний толгой болон нүүр хэсэг рүү гараа атгаад цохиод байсан. Би толгойгоо хоёр гараараа хамгаалаад байж байхад дээрээс дэвсээд байсан. Хамт байсан хүүхдүүд нь “боль” гээд салгаад байхад тоохгүй дайраад байсан. ...” /1хх 121/,

шүүгдэгч Ц.Оын яллагдагчаар өгсөн “...Чингүн ширээ сандлын зайнд намайг сууж байхад гадагшаа гарах гээд хөлөөрөө миний хөл, гуя хэсэгт заналтайгаар нударсан. Тэгэхээр нь би цамцных нь ханцуйнаас татаад баарны ая чанга байсан тул чихэнд нь “аятайхан харьцаарай” гэж хэлсэн. Тэгтэл “чамтай яаж харьцсан ч яадаг юм” гээд гарыг маань өөрийн гараасаа тавиулаад сандлаас боссон. Түүнийг сандлаас босохоор нь энгэр хэсгээс нь заамдан барьцалдан авахад Чингүн мөн миний энгэрээс заамдаж авсан. Ингээд миний бие зүүн гараараа Чингүний нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. “Айлофт” баарны хамгаалагч энэ үед ирээд бид хоёрыг салгаж баарнаас гаргасан. ...” /1хх 65-67/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11323 дугаар “...Х.Эын биед дээд уруулд шарх, уруулын салстад цус хуралт, доод уруулын салстын язрал, зүүн хацар эрүүнд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /1хх 128-129/ гэсэн дүгнэлт, “Мед травма” нэртэй эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /1хх 132/ зэрэг нотлох баримтуудаар,

3. 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө “Айлофт” нэртэй бааранд Э.Чүл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “эрүүний баруун болон зүүн их биеийн шүд дайрсан зөрөөтэй хугарал, баруун доод 8 дугаар шүдний булгарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Э.Чий “...би ширээн дээр ганцаараа сууж байтал нэг танихгүй хүн ирээд суучихсан. Би очоод нэрийг нь асууж “юун хүн бэ” гэж асуухад эргэж хараад намайг “яасан гэнэ ээ” гээд зүүн гараараа намайг заамдаад баруун гараараа миний баруун талын шанаанд эхлээд нэг цохисон. Тэгээд би доошоо суугаад “эрүү эвгүй болчихлоо” гэж хэлэхэд нэмээд дээрээс баруун гараараа баруун шанаанд ахиад нэг цохисон. Намайг цохисон хүн машины зогсоол руу дагуулаад явсан. /1хх 78-79/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9115 дугаар “...Э.Чий биед “эрүүний баруун болон зүүн их биеийн шүд дайрсан зөрөөтэй хугарал, баруун доод 8 дугаар шүдний булгаралт /мэс заслын үед авсан/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун доод 8 дугаар шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. ...” /1хх 84-85/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 552 дугаар “...Урьд гаргасан 9115 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэг үндэслэлтэй байна. Э.Чий биед учирсан эрүүний баруун булан болон зүүн их биеийн шүд дайрсан зөрөөтэй хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр, цохих, цохигдох үйлдлээр, эрүүний зүүн хэсэгт хүч үйлчилсэн үед үүснэ. ...” /2хх 99-101/ гэсэн дүгнэлтүүд,

таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх 92-98/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 101-104/ зэрэг нотлох баримтуудаар,

4. 2023 оны 09 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цагийн орчимд С.Сүл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун талын хоншоорын хөндийн урд дээд хана, нулимсны аппарат, баруун нүдний ухархайн доод хана хамарсан хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хацарт хөхөлбөр хүрэн, хамрын хянганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч С.С“...Би шаардлага тавьтал нэг залуу нь надад хандаж “би найзыгаа цохичих уу” гэж надаас асуусан ба би “чиний найзыгаа цохих чинь надад ямар хамаатай юм бэ, би унтаж амармаар байна” гэж хэлтэл өөр нэг залуу нь “би чамайг хаана амьдардгийг чинь мэднэ шүү ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад “гадаа хүмүүс шуугилдаад унтуулахгүй байна” гэсэн дуудлага өгсөн. Тэгтэл тухайн залуучууд орц руу ороод чангаар орилоод байсан ба би 10 минутын дараа гэрээс гарч орцны хаалгаар гарахад манай орцны өөдөөс харсан байрны буланд чангаар орилоод байсан 4 залууд хандаж “та нар яагаад шөнө орой чанга чимээ гаргаж намайг ална гээд байгаа юм бэ” гэж асуухад Ц.О гэх залуу үгийн зөрөөгүй над руу дайрч нүүр рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах зорилгоор Ц.Оын нүүр рүү нь 1 удаа цохисон юм. /1хх 247/,

гэрч Г.Ц“...Манай нөхөр Сайнжаргал дахин цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн ба орцонд чимээ гайгүй болохоор нь цагдаа ирж байгаа эсэхийг шалгахаар гэрийн хаалгаар гарсан юм ...Тэгтэл нэг намхан туранхай залуу хувцсаа тайлаад манай нөхрийн нүүр рүү 1 удаа цохисон ба дараа нь 2 удаа нүүр нь цохисон. ...” /2хх 4/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11732 дугаар “...С.Сбиед баруун талын хоншоорын хөндийн урд дээд хана, нулимсны аппарат, баруун нүдний ухархайн доод хана хамарсан хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хацарт хөхөлбөр хүрэн, хамрын хянганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гомдол нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /2хх 9-10/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаар “...Хохирогч С.С сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн шинж илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. 2, 3. Хохирогчид илэрч байгаа хор уршиг нь цаашид хохирогчид хэрхэн нөлөөлөх эсэх болон үргэлжлэх хугацаа нь сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, сэтгэл заслын эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” /2хх 84-86/ гэсэн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ц.От холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Оыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.О “...хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Золжаргал “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзнэ гэж итгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж Ц.От оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, мөн зүйлийн 1.1-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах…” гэж тус тус заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг заавал хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан хорих ялын хэмжээ болон уг ялыг эдлэх хорих байгууллагын дэглэм нийцсэн байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтооно.” гэж зааснаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 85 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж шийдвэрлэжээ.

Уг тэнссэн хугацаанд Ц.Оын 2022-2023 оны үйлдэл холбогдлууд нь хууль зүйн хувьд хамааралгүй бөгөөд анхан шатны шүүхээс тэнсэн хугацаанаас өмнөх үйлдлүүдэд гэм буруутайд тооцож ял шийтгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Э.Золжаргал нарын “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.О нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 03-ны энэ өдрийг хүртэл 67 /жаран долоо/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/1056 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.От 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.От оногдуулсан 9 /ес/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Э.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 03-ны энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 67 /жаран долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

   

ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

 

ШҮҮГЧ                                               Ц.МӨНХТУЛГА