| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2409000001140 |
| Дугаар | 2024/ДШМ/1324 |
| Огноо | 2024-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1324
2024 12 10 2024/ДШМ/1324
Э.Мт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Н.Мөнхсүлд,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/931 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Мт холбогдох эрүүгийн 2409000001140 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Дарьганга овгийн Э.М, 1998 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн БорӨндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;
Шүүгдэгч Э.М нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркийн гадна талбайд хохирогч Ц.Бтэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг боож, хөлөөрөө хавирч унагаан эрүүл мэндэд нь баруун 5 дугаар хавирганы цууралт, цээжний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч Э.Маас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 264.000 /хоёр зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Э.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах гомдолдоо: “…Анхан шатны шүүх Э.Мыг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркийн гадна талбайд хохирогч Ц.Бтэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг боож, хөлөөрөө хавирч унагаан эрүүл мэндэд нь баруун 5 дугаар хавирганы цууралт, цээжний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Э.М нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирогч Ц.Бгээс уучлал гуйж, эвлэрсэн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, анхан шатны шүүхийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор хуульчилсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналыг гаргасан, шүүх тухайн үндэслэлүүдийг няцаан үгүйсгээгүй боловч торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалд нийцээгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Мыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Н.Мөнхсүлд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Э.Мын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал зэргээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн, ийм нөхцөл байдалд хэрэглэх боломжтой байдлаар хуульд тусгасан гэж үзсэн. Э.Мын хувийн байдлын тухайд 26 настай, гэр бүл зохиож амжаагүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Хохиролд хохирогчид 1.500.000 төгрөг, Нийгмийн даатгалын санд 1.072.000 төгрөг төлж барагдуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хохирогчоос уучлалт гуйж, яаралтай арга хэмжээ авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолын гэм бурууг дүгнэсэн хэсэгт маргахгүй, эрүүгийн хариуцлагад өөрчлөлт оруулж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. Учир нь, Э.М цагдаагийн байгууллагад буюу тусгай албанд ажиллах хүсэл мөрөөдөлтэй бөгөөд өнгөрсөнд хугацаанд энэ талаар бэлдэж, хичээж байсан. Иймд нэг удаа боломж олгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үздэг. Э.Мын тухайд хохирогчийн эрүүл мэндэд нь баруун 5 дугаар хавирганы цууралт, цээжний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт зэрэг олон тооны хор уршигтай гэмтэл учруулсан талаар анхан шатны шүүх хуралдаан дээр прокурорын саналдаа тусгуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль үндэслэл бүхий гарсан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Э.М нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цирк”-ийн гадна талбайд хохирогч Ц.Бтэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг боож, хөлөөрөө хавирч унагаан эрүүл мэндэд нь баруун 5 дугаар хавирганы цууралт, цээжний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Ц.Бгийн “...Машин дээрээ иртэл миний тээврийн хэрэгслийн дугуйг хагалсан байсан. Тэгэхээр нь би манаач дээр очоод яахаараа машины дугуй хагалсан юм бэ гэж асуухад миний урдаас хэл амаар доромжлоод байхаар нь үүдэн дээр байсан хогийн савыг өшиглөсөн. Тэгтэл миний биед дээрх гэмтлийг учруулсан залуу гарч ирээд хэл амаар доромжлоод, нүүр рүү нулимаад “та нар эндээс гар, зайл” гэсэн. Тэгээд барилцаж аваад гадаа гараад намайг боож унагаад зодсон. Эхлээд шууд гарч ирээд заамдаж аваад хөл рүү хавсарч унагаагаад дээрээс цохиод байсан. ...” /хх 6-7/,
гэрч Т.Г“...Ачааны машин унаж ирсэн залуу ирээд учир зүггүй хэл амаар доромжилж “манай эзэмшлийн талбайгаас зайл, компанийн нэр усыг хэлэх алба уу" гэсэн. Тэгээд Ц.Бгийн нүүр рүү нулимсан. Тэр хоёр барьцалдаж аваад нөгөө залуу Ц.Бг хавирч газар унагаасан. ...” /хх 16-17/,
гэрч Ц.Б“...Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар нөгөө машины жолооч манаачийн байрны цонхоор намайг “пизда авгай, чи л машины дугуйны хийг гаргасан” гэж хэлээд төмөр хаалгыг онгойлгоод манаачийн байранд орж ирээд хогийн сав өшиглөж элдвээр хэлээд танхайрсан. ...Э.М тэр машины жолоочтой зууралдаж байгаад хавирч унагаасан. ...” /хх 48-49/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10245 дугаар “...Ц.Бгийн биед баруун 5 дугаар хавирганы цууралт, цээжний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр. хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 20-21/ гэсэн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 41-43/ нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож, шүүгдэгч Э.Мыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Мын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.
Шүүгдэгч Э.Мын “хохирогч Ц.Бтэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг боож, хөлөөрөө хавирч унагаан эрүүл мэндэд нь баруун 5 дугаар хавирганы цууралт, цээжний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл учруулсан байдал нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрийг нотолж байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх эсэх нь анхан шатны шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Иймд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хуульд заасан хамгийн бага ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутган дүгнэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын “..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү”. ...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Харин, Шүүхийн шинжилгээний байгууллага нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг” гэмт хэргийн хохирогч Ц.Бгийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоогоогүй байхад түүний бие махбодид учирсан хөнгөн гэмтлийн зэргээр сэтгэцийн хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Хохирогчийн сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор гэж үзэхгүй бөгөөд энэ талаар Монгол Улсын Дээд шүүх “...“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно., “Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 1-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно. ...” гэж тайлбарлажээ.
Түүнчлэн, хүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тусгай мэдлэг бүхий, нарийн мэргэшсэн этгээд тогтоох шаардлагатай нь тодорхой асуудал юм.
Иймд дээрх үндэслэлээр Ц.Бгийн сэтгэцэд хор уршиг учирсан гэж дүгнэж, мөрдөгчийн тогтоосон хэмжээгээр сэтгэцэд учирсан хор уршигт 264.000 төгрөгийг олгохоор заасныг хасч, хохирогч Ц.Бгийн энэ эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлээгүй сэтгэл санааны хохирол, сэтгэцийн хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардал зэрэг хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэлээ жич иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг заасан өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/931 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч Э.Маас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 264.000 /хоёр зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бд олгосугай. ...” гэснийг “...хохирогч Ц.Б энэ эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлээгүй хохирол, хор уршгаа жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Э.Маас нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Д.Оюунбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА