Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 406

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: И.Сэлэнгэ,

Улсын яллагч: М.Мөнхцэцэг,

Хохирогч: Х.Ч,

            Шүүгдэгч: А.Х, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Чт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805009030243 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х.Ч, 1996 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүрээ” дээд сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт ...тоот регистртэй,

Шүүгдэгч А.Х нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 12 дугаар байранд Х.Чаас Canon-5P маркийн камерийг нь “түрээсээр хэрэглээд өгье” гэж хуурч авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ ярьсан. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр буюу өчигдөр хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Х.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 15-нд Х над дээр ирсэн. Тэрний өмнө надаас камераа өгөөч хэрэглээд өгье гэж ярьж байсан. Тухайн үед нь би за ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй байсан юм. Маргааш өглөө нь орцонд ирээд гуйгаад байхаар нь камераа өгсөн. Түүнээс хойш 7 хоногийн дараа холбогдоход түрээсийн мөнгө шилжүүлнэ гэж хэлсэн. Ингээд түрээсийн мөнгө болох 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа дахин 400.000 төгрөг шилжүүлсэн. Нийт  түрээсийн төлбөрт 600.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд дараагийн 2 дахь сар эхлэхээр нь би Х руу яриад “юу болж байна, яагаад камер өгөхгүй байна” гэхэд “маргааш өгье, нөгөөдөр өгье” гээд байсан. Сүүлдээ М гэдэг залуу гарч ирсэн. Ингээд сүүлдээ би хүлээж ядаад тэсэлгүй М гэдэг залуугийн  эхнэртэй  нь утсаар яриад хурим чинь юу болсон бэ? хуримын зураг авалт чинь юу болж байна вэ? гэхэд “юун хурим, хурим хойшлогдсон” гэж хэлсэн. Тэгээд би сургуулиас Хгийн аавынх нь дугаарыг авч ярьсан. Ингээд Хгийн аавтай нь уулзаж учир явдлаа хэлсэн. Тэгтэл аав нь хохирол барагдуулна гэж хэлсэн ба хугацаа аваад удаад байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Одоо камер болон олох ёстой байсан орлогын мөнгийг бүрэн авч хохиролгүй болсон” гэв.

Хохирогч Х.Чын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Х надтай уулзаад мэргэжлийн камераа өгчих, түрээслээд юм хийгээд буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө юмаа хийнэ гэхэд гуйгаад бараг уйлах гээд орцонд суучихаад “хөдөө зураг авалттай явах гээд байгаа юм, өдрийн 100.000 төгрөгөөр түрээсэлье” гэж хэлээд авч яваад 7 хоногийн дараа 400.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Тэгээд тэр чигтээ өнөөдрийг хүртэл алга болсон. Камераа авъя гээд ярихаар орой аваад очъё, маргааш өглөө аваад очлоо, хөдөө ажлаар явж байна гэх мэтээр аргацаасаар байсан. Би гэрт нь очиж уулзсан чинь миний камерыг ломбарданд тавьчихсан талаар мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сард өдрийг нь санахгүй байна, Х гэгч нь Canon-5P маркийн мэргэжлийн камерийг 550.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан байсан. Эд зүйлийг барьцаанд авснаас хойш үндсэн хоног болон хүлээлгийн хоног дууссан. Журамд заасны дагуу тухайн камерыг үл таних хүнд 1.120.000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Гэрч А.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...Х хөдөө зургийн ажилд явна гээд хүнээс камер түрээслэж авсан гэж байсан. 2017 оны 12 дугаар сарын дундуур Х маргааш хөдөө зургийн ажилд явна гээд манайд ирсэн. Манайд ирэхдээ камертай ирсэн. Тэгсэн тэр ажил нь хойшлогдоод манайд 4-5 хоног байсан. Тэгэхдээ камераа ломбарданд тавьсан юм шиг байсан. Яг хэдний өдөр хэдэн төгрөгөөр ломбарданд тавьсаныг мэдэхгүй. Хөдөө зургийн ажилтай байсан гэсэн тэр ажил нь хойшлогдсон юм шиг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Яллагдагчаар А.Хын мөрдөн байцаалтад өгсөн: “...Х.Чтай чатлаад камераа 5-7 хоног хэрэглүүлээч өдрийн 100.000 төгрөгөөр түрээсэлье гэсэн. Тэгээд гэрт нь очиж уулзсан. Уулзаад камерийг нь аваад явсан. Зураг авалтаар хөдөө явах ёстой байж байгаад явж чадаагүй. Найзындаа 6 хоносон. Тэгээд явж чадаагүй учраас камерыг нь ломбарданд 600.000 төгрөгөөр тавьчихсан. Би камер түрээсэлсэн Чулуунбаярт 200.000 төгрөг өгөөд, 200.000 төгрөгийг аав руу шилжүүлээд өвөөгийн ажил явдалд хэрэглээрэй гэж өгсөн. Үлдсэн 200.000 төгрөг дээр 200.000 төгрөг нэмээд Чулуунбаяр руу 400.000 болгоод шилжүүлсэн. Мөнгө хэрэг болоод ломбарданд тавиад авч чадаагүй байсаар байгаад хугацаа нь дуусаад зарагдсан. Мөнгө төгрөггүй болоод камерыг нь авч өгч чадаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 32, 35-36/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 26-27/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-52/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч А.Х нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 12 дугаар байранд Х.Чаас Canon-5P маркийн камерийг нь “түрээсээр хэрэглээд өгье” гэж хуурч аван улмаар  ломбарданд тавьж хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Х.Чын: “...Тэгэхээр нь би өөрөө юмаа хийнэ гэхэд гуйгаад бараг уйлах гээд орцонд суучихаад “хөдөө зураг авалттай явах гээд байгаа юм, өдрийн 100.000 төгрөгөөр түрээсэлье” гэж хэлээд авч яваад 7 хоногийн дараа 400.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Тэгээд тэр чигтээ өнөөдрийг хүртэл алга болсон. Камераа авъя гээд ярихаар орой аваад очъё, маргааш өглөө аваад очлоо, хөдөө ажлаар явж байна гэх мэт аргацаасаар байсан. Би гэрт нь очиж уулзсан чинь миний камерыг ломбарданд тавьчихсан талаар мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/, гэрч Н.Бийн: “... 2017 оны 12 дугаар сард өдрийг нь санахгүй байна, Х гэгч нь Canon-5P маркийн мэргэжлийн камерийг 550.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан байсан. Эд зүйлийг барьцаанд авсанаас хойш үндсэн хоног болон хүлээлгийн хоног дууссан. Журамд заасны дагуу тухайн камерыг үл таних хүнд 1.120.000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, гэрч А.Э: “...Х хөдөө зургийн ажилд явна гээд хүнээс камер түрээсэлж авсан гэж байсан. 2017 оны 12 дугаар сарын дундуур Х маргааш хөдөө зургийн ажилд явна гээд манайд ирсэн. Манайд ирэхдээ камертай ирсэн. Тэгсэн тэр ажил нь хойшлогдоод манайд 4-5 хоног байсан. Тэгэхдээ камераа ломбарданд тавьсан юм шиг байсан. Яг хэдний өдөр хэдэн төгрөгөөр ломбарданд тавьсаныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Хын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Х нь иргэн Х.Чын Canon-5P маркийн камерийг нь “түрээсээр хэрэглээд өгье” гэж хуурч авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс 3.700.000 төгрөг бэлнээр, камер болон бусад дагалдах хэрэгслийг авсан гомдол саналгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, шинээр баримт гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.Хыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 01 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх...” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

  Иймд шүүхээс шүүгдэгч А.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал буюу төгсөх ангийн оюутан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг хорих ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Чыг “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулж, уг оногдуулсан 01 жил хорих ялаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч А.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Хт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР