Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2026/0689

 

 

                                           2026         07           27                                      128/ШШ2026/0689

 

    Талуудын эвлэрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр би, Б.А*******ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч шүүхэд ирүүлсэн 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 199 дугаартай Эвлэрлийн гэрээндээ:

Энэхүү Эвлэрлийн гэрээ (цаашид “гэрээ” гэх)-г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.1 дэх хэсгийг үндэслэн,

Нэг талаас иргэн Б******* овогтой А******* (цаашид “нэхэмжлэгч” гэх)

Нөгөө талаас Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 5 байр, Б.Ширэндэвийн гудамж 8/4 хаягт байрлах Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (цаашид “Хариуцагч” гэх) нар;

Нэхэмжлэгчийн 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж буй маргааныг дуусгавар болгохоор харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү гэрээ(“Гэрээ” гэх)-ний зорилго нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/209 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Б.А*******ийн нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт талуудын эвлэрэх нөхцөл, эрх, үүрэгтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2.Гэрээг ЗХШХШТХ-ийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар байгуулж байгаа бөгөөд тус хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасны дагуу хуульд харшлаагүй болно.

Хоёр. ТАЛУУДЫН ТОХИРОЛЦОО

2.1.Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрч ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлөх, Хууль зүй, дотоод хэргийн яаманд өмнө эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц өөр албан тушаалд томилох болно.

2.2.Хариуцагч гэрээний 2.1-д заасан үүргийг хэрэгжүүлснээр эвлэрлийн гэрээний зорилго, үндсэн агуулга биелэгдсэнд тооцогдоно.

Гурав.ТАЛУУДЫН ЧИГ ҮҮРЭГ

3.1.Нэхэмжлэгч:

3.1.1.Хариуцагчаас энэхүү гэрээний 2.1-д заасан холбогдох шийдвэр гаргахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөх,

3.2.Хариуцагч:

3.2.1.Энэхүү гэрээний 2.1-д заасан үүргийг хэрэгжүүлэх,

Дөрөв.БУСАД ЗҮЙЛ

4.1.Энэхүү гэрээг Монгол хэлээр 3 эх хувь үйлдэж, гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулна.

4.2.Эвлэрлийн гэрээг шүүх хүлээн авч баталснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

4.3.Тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажсанаар уг асуудлаа талууд дахин маргахгүй, гомдол, санал хүсэлт гаргахгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Б.А*******ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, 2026 оны 07 дугаар  сарын 24-ний өдрийн 199 дугаартай Эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

2.Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Б.А*******, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Б*******,  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.У*******, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Г.Ү*******  нар гарын үсэг зурсан нь эвлэрэх эрх бүхий этгээдүүд мөн байна.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, мөн зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.

4.Шүүх талуудын Эвлэрлийн гэрээг хянавал, тухайн эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдал тогтоогдохгүй байна.

5.Иймд Б.А*******ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох “Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/209 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-т заасныг тус тус баримтлан Б.А*******ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан зөвшөөрсөн буюу холбогдох хариуцагч нь нэхэмжлэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрч ажилгүй байсан  хугацааны  нийгмийн  даатгалыг  нөхөн  төлөх,

Хууль зүй, дотоод хэргийн яаманд өмнө эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц өөр албан тушаалд томилох, нэхэмжлэгч нь энэхүү эвлэрлийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгохыг зөвшөөрч тус тус үүрэг хүлээж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Х.НЯМДЭЛГЭР