Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 386

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Н.Ням-Очир,

            Шүүгдэгч: Ц.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Бад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705000960131 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ц.Б, 1973 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэрэгжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ...тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Бнь 2017 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 53 тоотод иргэн Т.Бнь Ц.Быг гар утас авсан гэснээс маргалдан Ц.Бнь иргэн Т.Бгийн толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Оогий гэх  үсчин найз намайг манайд хүрээд ир гэж дуудахаар нь очсон. Намайг гэрт нь очиход гурвуулаа архи ууж байсан. Намайг очсоны дараа О гэх залуу нэг залуутай нэг шил архи авч орж ирсэн. Бид нар 3-4 шил архи уусан. Тэгээд намайг явах гэтэл гаргахгүй байхаар нь “чи яагаад намайг гаргахгүй байгаа юм бэ” гэхэд “чи миний утсыг авчихлаа өг” гэсэн. Миний халаасанд миний утаснаас өөр юу ч байгаагүй, би халаасаа үзүүлж, би аваагүй гээд өөрийнхөө утсыг харуулаад гарах гэтэл намайг гаргахгүй байсан. Тэгээд маргалдаад хоёулаа барьцалдаж авсан. Гэрийн эзэн цагдаа дуудаж, намайг эрүүлжүүлэхэд оруулсан. Цагдаа намайг нэгжиж үзэхэд надад утас нь байхгүй байсан. Би эрүүлжүүлэхэд орж маргааш нь гарсан” гэв.   

Хохирогч Т.Б гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... би чамайг хулгайч гэж хэлээгүй бусад чинь зүгээр үзүүлж байхад чи яагаад үзүүлдэггүй юм гэж хэлээд байж байсан чинь Б халаасаа гараараа дараад гэдэс рүү нэг удаа өшиглөхөөр нь би өөдөөс нь биеэ хамгаалаад цохьсон чинь эргүүлээд өөдөөс Б нэг юмаар толгой руу цохиход нь би ухаан алдсан байсан. Надад утсан дээр гомдол санал байхгүй, би утсаа үнэлэхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 18, 47/,

Гэрч Э.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 6 дугаар сарын 07-ноос 08-ны өдөр 24 цагаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нутаг дэвсгэрт Бугат 116 чиглэлд эргүүлийн офицероор гарсан ба ахлах ахлагч Батдэлгэрийн хамтаар хоногийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Ажиллаж байх хугацаанд 22-23 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 64 дүгээр байрны 53 тоотод зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад хэсэг бүлэг хүмүүс архи ууцгаасан шинжтэй байсан бөгөөд хохирогч гэх нэрийг нь сайн санахгүй байна тэр Бямбарагчаа гэх нэртэй хүнд зодуулсан гээд хөл нүцгэн орцонд гараад зогсож байсан. Тэгээд тэнд байсан зодсон гээд байгаа Быг нь эрүүлжүүлэх байранд хүргэн өгч нөгөө зодуулсан хүнийг нь гэмтлийн эмнэлэг рүү хүргэн өгч дараагийн дуудлага руугаа явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/,

Шинжээчийн 7600 тоот дүгнэлтэд: “...Т.Бгийн биед тархи доргилт, дагзны хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн суга, баруун гуя, баруун, зүүн чихний дэлбээний цус хуралт хамар, зүүн эгэмний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 36/,

Яллагдагчаар Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...би утсыг нь аваагүй гээд халаасаа дараад үзүүлтэл чи авсан гээд байсан. Хэсэг маргалдаж байгаад бид хоёр барьцалдаад авсан. Би тухайн үед нилээн уурлаад Бямбарагчаагийн толгой руу гараараа хэд хэдэн удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, хохирогчийн өргөдөл /хх-н 8/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 21-24, 32/, хохирогчийн хүсэлт /хх-н 49/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Бнь хохирогч Т.Бгийн толгойн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь утас авсан, аваагүй гэх хоорондын таарамж тохиромжгүй харьцаанаас үүссэн, тодорхой сэдэлттэй гэмт хэрэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тухайн хэрэг нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед гарсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол” эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заажээ.

Иймд шүүгдэгч Ц.Бын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Бнь 2017 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 23 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 53 тоотод иргэн Т.Бнь Ц.Быг гар утас авсан гэснээс маргалдан Ц.Бнь иргэн Т.Бгийн толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Бгийн: “...би чамайг хулгайч гэж хэлээгүй бусад чинь зүгээр үзүүлж байхад чи яагаад үзүүлдэггүй юм гэж хэлээд байж байсан чинь Б халаасаа гараараа дараад гэдэс рүү нэг удаа өшиглөхөөр нь би өөдөөс нь биеэ хамгаалаад цохьсон чинь эргүүлээд өөдөөс Б нэг юмаар толгой руу цохиход нь би ухаан алдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 18, 47/, гэрч Э.Нын: “...хохирогч гэх нэрийг нь сайн санахгүй байна тэр Бямбарагчаа гэх нэртэй хүнд зодуулсан гээд хөл нүцгэн орцонд гараад зогсож байсан. Тэгээд тэнд байсан зодсон гээд байгаа Быг нь эрүүлжүүлэх байранд хүргэн өгч нөгөө зодуулсан хүнийг нь гэмтлийн эмнэлэг рүү хүргэн өгч дараагын дуудлага руугаа явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/, шинжээчийн 7600 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Ц.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Бгийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүгдэгчээс 350.000 төгрөг авсан, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт бичгээр /хх-н 49/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Бын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Прокурорын газраас Ц.Быг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч Ц.Быг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
  3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР