Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 133

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгч Б.Зэсрэндонжин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Алтайн харуул овогт Бадамхандын Зэсрэндонжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807003050130 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 41 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, эмээ, охин, 4 дүү нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо Тайжийн 5 дугаар гудамжны б-ын 04 тоотод оршин суух,

Нийслэлийн Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Нийслэлийн Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68/38 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж,

Дээрх хорих ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 257 дугаар шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх бөгөөд түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг дүйцүүлж 6 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч хорих 427 дугаар ангиас суллагдсан, регистрийн ДЮ87110519 дугаартай, Алтайн харуул овогт Бадамхандын Зэсрэндонжин нь:

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Зэсрэндонжин нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо Тайжийн 2 дугаар гудамжинд дүү нарыг зодлоо гэх шалтгаанаас болж 12 нас 4 сартай бага насны хүүхэд Э.Мөнгөнтуулыг зодож, биед тархи доргилт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Зэсрэндонжин нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо Тайжийн 2 дугаар гудамжинд дүү нарыг зодлоо гэх шалтгаанаас болж 12 нас 4 сартай бага насны хүүхэд Э.Мөнгөнтуулыг алгадах, өшиглөх зэргээр зодож биед тархи доргилт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болжээ.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Зэсрэндонжидийн өгсөн: “... Би хурлын өмнө хохирол 250.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл хохирол 250.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлж барагдуулахаар хохирогчтой тохиролцож эвлэрсэн ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад бага насны хохирогч Э.Мөнгөнтуулын өгсөн “... Би худгийн хажууд очоод нэг нь араас барьж авахад бид 2 хоорондоо барилцаж аваад би тэр хүүхдийн дээр нь гараад суусан. Тэгтэл хөл муутай ах нь ирээд намайг татаж унагаагаад толгой хүзүү хавьд өшиглөөд байсан. Цаашаа юу болсныг би мэдэхгүй, ухаан балартсан байсан. Би босоод шууд гэр лүүгээ явсан ба ойр хавьд хүн байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бямбадоржийн өгсөн “... Манай дүү Саваанааг /Лхагвадорж/ зодож байсан 2 хүүхэд зугатаагаад алга болсон. Би буцаж ороод “Киа лот зэт” машинаа асааж гудамжуудаар хайсан ч олоогүй. Тэгээд гэртээ ирэхэд Зэсрэн ах олон хүүхдүүд бариад ирчихсэн байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Лхагвадоржийн өгсөн “... Гэрээс гарахад хэдэн хүүхдүүдийн дунд манай дүү Нямдорж уначихсан нэг нь зодож байхаар нь “юу болж байна” гээд очиж өндөр хүүхэдтэй нь зууралдаад авсан. Тэгтэл тэр үед ах Зэсрэндонжин, Бямбадорж нар гарч ирэхэд бүгд тал тал тийшээ зугатааж бид барих гээд хөөсөн. Би нэгнийх нь араас нь хөөж худгийн хажууд барьж аваад байхад Зэсрэндонжин ах араас ирж тэр хүүхдийг барьж авахаар нь би орхиж цааш өөр хүүхэд барихаар хөөсөн. Тэгээд жаахан цааш гүйж байгаад гэр рүү очиход ах нар хэдэн хүүхэд бариад ирчихсэн байсан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхцэнгэлийн өгсөн “... Манай найз Жавхаагийн дүү Билгүүнтөгсийг зодсон гэх хүүхдүүдтэй уулзахаар Жавхаа, Билгүүнтөгс, Болд-Эрдэнэ, Сэржбүдээ, Мөрөнтуул бид нар Тайжийн цэцэрлэгийн хажууд байдаг сагсны талбай руу очсон юм. Тэнд зодсон гэх Ган-Эрдэнэ, Нямдорж гэдэг 2 хүүхэд дуудаад Билгүүнтөгс тэр хоёрыг нэг нэг цохьсон байх. Тэгтэл ах нь болох Лхагвадорж хашаанаас гарч ирээд Болд-Эрдэнэтэй барилцаж авахад араас нь 2 ах нь болох доглон, махлаг 2 том эрэгтэй хүн гарч ирээд, махлаг ах нь намайг үснээс татаж нүүр рүү цохиход зарим нь зугатааж, тэр ах намайг машиндаа оруулсан. Мөрөнтуулыг сүүлд нь доглон ах нь худгийн хажууд барьж аваад зодсон гэж манай найзуудын нэг хэлж байсан. Хэн хэлснийг санахгүй байна. Билгүүнтөгсийг сургуулиас тараад явж байхад нь Ган-Эрдэнэ, Нямдорж хоёр зодсон гэсэн ...” гэх мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Болд-Эрдэнийн өгсөн “... Намайг хойд талаар нь гүйж байхад доглон ах нь худгийн хажууд Мөрөнтуулыг барьж аваад унагаагаад өшиглөөд цохиод байгаа харагдсан. Хэдэн удаа цохиж өшиглөснийг мэдэхгүй байна. Би хараад зогсоогүй хажуугаар нь гүйж байсан болохоор доглон ах нь өшиглөж цохиж байгаа л харагдсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Нямсүхийн өгсөн “... Намайг гарч ирээд харж байхад хөл муутай Зэсрэндонжин ах нь Мөрөнтуулыг худгийн хажууд өшиглөж байгаа харагдсан. Олон хүүхдүүд бужигнаад гүйлдээд л байсан болохоор хэдэн удаа хаана нь яаж цохиж байгааг хараагүй. Хөл муутай ах өшиглөхийг л харсан, тэгээд машинд суулгасан хүүхдүүдээ гэртээ аваад орсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Жавхлагтөгсийн өгсөн “... Маргааш нь байх доглон ах нь намайг зодсон гэж Мөрөнтуул хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Билгүүнтөгсийн өгсөн “... Би зугтаагаад хол очоод байхад Мөрөнтуул зодуулсан бололтой хөл нь доголоод алхаж байгаа харагдахаар нь “яасан бэ” гэхэд худгийн ажууд ах нар нь зодсон гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч С.Ган-Эрдэнийн өгсөн “... Хэсэг хүүхдүүд ирээд Билгүүнтөгс гэдэг хүүхэд “энэ 2 намайг дээрэлхсэн” гээд Нямдоржийн баруун хацар хавьд алгадсан. Дараа нь намайг гэдэс хавьд цохиж газар унагаагаад буцаад Нямдорж руу очиход нь би зугтаж гэр рүү ороод Зэсрэндонжин, Бямбадорж ах нартаа биднийг хашааны гадаа хүүхэд зодоод байгаа тухай хэлсэн. Ах нарыг гэрээс гарч ирэхэд бүгд тал тал тийшээ зугатааж тэд барих гээд хөөсөн. Дараа нь Бямбадорж, Зэсрэндонжин ах хоёр хэдэн хүүхэд барьж авч ирээд гэрт оруулаад “та нар хүүхэд зодоо” гэж загнасан. Нэг, хоёр хүүхдийг нь бас цохьсон байх, хэнийг нь яаж цохьсон болохыг би сайн хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/

Мөрдөн байцаалтад яллгдагч Б.Зэсрэндонжингийн өгсөн “... Би худгийн хажууд очоод машинаас бууж жижиг биетэй үл таних эрэгтэй хүүхдийг нь алгадаж унагаагаад хэд хэдэн удаа өшиглөсөн. Харуй бүрий болсон байсан болохоор уг хүүхдийг хэн болохыг мэдээгүй. Сүүлд нь сонсоход Мөрөнтуул гэдэг хүүхдийг би зодсон байна лээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30, 54 дүгээр тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинэжилгээ хийсэн № 08шэ/236 дугаартай  

  1. Э.Мөрөнтуулын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх  гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан гэх цаг хугацаанд үүсэх байх боломжтой ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 дугаар тал/

Хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай эмнэлгийн хуудас /хх-ийн 97-109 дүгээр тал/,

Хохирогчийн нас тоолсон баримт /хх-ийн 90 дүлгээр тал/,

            Б.Зэсрэндонжингийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-57 дугаар тал/,

            Б.Зэсрэндонжингийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 дугаар тал/,

            Хохирлын баримтууд /хх-ийн 78-90 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Зэсрэндонжин нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирол 250.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 250.000 төгрөгийг 07 дугаар сарын 03-нд  нөхөн төлөхөө илэрхийлсэн, бага насны хохирогч Э.Мөнхтуул, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайван нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаарх хүсэлтээ шүүхийн шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Зэсрэндонжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Зэсрэндонжинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Зэсрэндонжин нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, улмаар орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Зэсрэндонжин нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, үлдэгдэл хохирлыг насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид 07 дугаар сарын 03-нд нөхөн төлөхөө илэрхийлсэн 250.000 төгрөгийг гаргуулан, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Алтайн харуул овогт Бадамхандын Зэсрэндонжинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Бадамхандын Зэсрэндонжинг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Бадамхандын Зэсрэндонжинд оногдуулсан торгох ялыг 3 ( гурав ) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Зэсрэндонжин нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  зааснаар Б.Зэсрэндонжингоос 2018 оны 07 дугаар сарын 03-ны дотор хохиролд нөхөн төлөхөө илэрхийлсэн 250.000 /хоёр зуун тавин мянга / төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Э.Мөнгөнтуул, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайван нарт олгосугай.

6. Шүүгдэгч Б.Зэсрэндонжин нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Э.Мөнгөнтуул “гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.Зэсрэндонжин нь оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Зэсрэндонжинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЛУВСАНДОРЖ