Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/1341

 

 

 

 

   2024            12           12                                        2024/ДШМ/1341

                                Б.Б, Г.Хнарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Чанцалдулам,

яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал, Ц.Дэлгэрням,
            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/2445 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Чанцалдуламын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 104 дүгээр эсэргүүцлээр Б.Б, Г.Хнарт холбогдох эрүүгийн 2402000000238 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Г.Х, 1999 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан, нярав мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн товчоо “Ургах наран” супермаркетад нярав ажилтай, ам бүл 4, эцэг, эх, охины хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;

2. Боржигон овгийн Б.Б, 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, IT инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны цэргийн техник хамгаалалт, зохицуулалтын тасгийн цагдаа-зохицуулагч ажилтай, ам бүл 6, эх, эхнэр, 3 хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;

Яллагдагч Г.Хнь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт офицеруудын ордны тойргийн зүүнээс баруун чиглэлд “дугаарын хязгаарлалттай, жолоодох эрхийн үнэмлэхгүй” байхдаа 41-07 УБЛ улсын дугаартай “Toyota harrier” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар зам тээврийн зөрчилд холбогдон шалгуулахгүй байж өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс Зэвсэгт хүчний авто техникийн хяналтын албаны зохицуулагч цагдаагийн албан үүргийг гүйцэтгэж байсан Г.Билгүүнд албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 140.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

Яллагдагч Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нийтийн албан тушаалтнаар буюу Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт офицеруудын ордны тойргийн зүүнээс баруун чиглэлд Зэвсэгт хүчний тээврийн хяналтын албаны цагдаа-зохицуулагчаар ажиллаж байхдаа,

Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-т заасан албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэснийг,

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл” бичиг баримттай байна, 3.7 дахь хэсгийн а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэсэн, мөн Нийслэлийн засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/1037 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 2.1-т “...Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын дугаар нь дараах тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл /ажлын өдрүүдэд/ уг гарагуудад замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана” гэж заасныг тус тус зөрчиж,

41-07 УБЛ улсын дугаартай “Toyota harrier” маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байсан иргэн Г.Х“дугаарын хязгаарлалттай өдөр, жолоодох эрхийн үнэмлэхгүй” замын хөдөлгөөнд оролцсон гэдгийг мэдсээр байж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс зөрчлийг шийдвэрлээгүй, хариуцсан албан тушаалтанд шилжүүлээгүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Г.Хонгорзулаас 140.000 төгрөгийг бэлнээр хахуульд авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Х үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Хууль тогтоогчоос тогтоосон хэм хэмжээний бүтцийг задалж харвал тухайн хэм хэмжээний диспозеци нь бланкетны буюу иш татсан хэм хэмжээг гэмт хэргийн шинж болгон хуульчилжээ. Тодруулбал, нийтийн албаны чиг үүргийг хуульчлан тогтоож, түүгээр хүлээсэн албаны чиг үүргээ биелүүлээгүйн хариуд хахууль авсан бол гэжээ. Улсын яллагчаас яллагдагч Б.Бийг Зэвсэгт хүчний тээврийн хяналтын албаны цагдаа-зохицуулагчаар ажиллаж байсан нь албаны чиг үүрэг нь байсан гэж тодорхойлжээ.

Гэтэл Зэвсэгт хүчний тээврийн хяналтын албаны цагдаа зохицуулагч гэх албан тушаалыг бий болгохдоо Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болон Цагдаагийн ерөнхий газрын дарга нар хоорондоо Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.1, 11.4 дэх хэсгүүдийг үндэслэн Хамтран ажиллах гэрээгээр хуулиар хүлээсэн чиг үүргээ шилжүүлжээ.

Батлан хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 3.1.1, 5.2, мөн хуулийн 15 дугаар зүйлд Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийг хуульчилжээ. Мөн Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-ийг баталжээ. Үүнд, 7.8 дахь хэсэгт “Цэргийн мэргэжлийн дээд удирдлага гэж цэргийн нийтлэг дүрмийн хэрэгжилтийг хангах, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагуудын харилцан ажиллагаа, байлдааны бэлэн байдлыг хангах хамтарсан сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөлтийг батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, цэргийн байгууллагын зэвсэглэл, техникийн харилцан уялдааг хангах, холбоо мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн удирдлагын цогц үйл ажиллагааг ойлгоно”, 7.9 дэх хэсэгт “Цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хилийн ба дотоодын цэргийн командлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга, онцгой байдлын байгууллагын дарга болон төрлийн цэргийн командлагч хамтран хэрэгжүүлэх бөгөөд түүний уялдаа холбоог хангах ажлыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хариуцна” гэжээ.

Харин Цагдаагийн албаны тухай хуулийн 4.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн” гэж, мөн хуулийн 2 дугаар бүлэгт цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргааны хяналт тавих, төв байгууллагын эрх үүрэг, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үүрэг зэргийг хуульчлан тогтоож, 3 дугаар бүлэгт цагдаагийн байгууллагын удирдлага, түүний бүрэн эрхийг хуулиар тогтоож өгчээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.5 дахь заалтад “Зэвсэгт хүчин болон хилийн цэргийн техникийн шалгах албыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэргэжлийн чиг үүргээр харьяалах” гэж заасан нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллагад эрх олгосон хэм хэмжээ байна. Хуулийн дээрх агуулга нь Монгол Улсын хэмжээнд батлан хамгаалах салбарт байгаа цэргийн болон бусад техник хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахад шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, техник хэрэгслүүдэд ашиглалтын шаардлага хангаж буй эсэх талаар хяналт шалгалт хийх, алба хаагчдад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх хүрээнд хамтран ажиллах боломжтой агуулгыг тусгасан атал тодорхой газарт хуулиар цагдаагийн байгууллагад харьяалуулсан чиг үүргийг шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь заалтад “цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн ...14.7... дахь хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэнэ” гэжээ. Гэтэл тус гэрээг үндэслэн цэргийн алба хаагчид Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөөнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулаагүй зөрчлийг 2020 оны 05 дугаар сарын 13-аас хойш шалган шийдвэрлээд даруй 04 жил 06 сарын хугацаа өнгөрчээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тус тус хуульчилжээ. Тодруулбал, Монгол улсын ард түмэн төрийн бүх эрх мэдлийг эдлэх бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ төлөөлөгчөөрөө дамжуулан хууль батлах замаар хэрэгжүүлэх бөгөөд ард түмнээс хууль батлах эрхийнхээ хүрээнд хуулиар үүрэг болгосон чиг үүргийг хэн нэгэн албан тушаалтан дур зоргоороо шилжүүлэх эрхгүй юм.

Өөрөөр хэлбэл, төрийн бүх эрх мэдэл нь ард түмэнд хадгалагддаг ардчилсан тогтолцоотой улсад нийтийн алба, түүний албан тушаалтан хуульд хориглоогүй, зохицуулаагүй гэх үндэслэлээр хуулиар тогтоож өгсөн чиг үүргээс гадуур чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй юм. Энэ нь эсрэгээрээ ард түмэнд хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрнө гэсэн агуулгатай. Иймд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах тухай гэрээ /1хх 238-243/-ээр хуулиар тогтоосон чиг үүргийг хоорондоо шилжүүлэх нь үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр яллагдагч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэх гэмт хэргийн шинж хангагдаж буй талаар гэм буруугийн дүгнэлт хийх ёстой.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт аливаа гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан шинж бүрээр тодорхой шалгаж, хөдөлбөргүй нотолж шүүхэд шилжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт үүрэг болгосон хэм хэмжээг тогтоож өгчээ. Иймд аливаа гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хувьд түүний үйлдсэн гэмт хэргийн шинжийг хөдөлбөргүй нотолж тогтоосны үндсэн дээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зорилгод нийцэх юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “анхан шатны шүүх" гэж Эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуулиар харьяалуулсан шүүхийг” хэлнэ гэжээ. Иймд эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэдэг шүүхийн хувьд дээрх нийтийн албан тушаалтнуудын хооронд байгуулсан захиргааны гэрээ нь хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэдэг шүүхээр тус гэрээг Захиргааны ерөнхий хуульд нийцэж буй эсэхийг хянуулсны дараагаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль гэмт хэргийн шинжийг хангаж буй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Дээрх ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Чанцалдулам бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоохдоо 34.14.1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх нь яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал, Ц.Дэлгэрням нараас гаргасан хүсэлтэд дурдагдаагүй, хэргийн оролцогчид маргаагүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнээс хэтэрсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заагаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрээг шууд утгаар шүүгч хууль бус гэж дүгнэж байгаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Энэхүү гэрээ хэрэгжээд 5 жил орчим болсон ч энэ хугацаанд зөрчил шалган шийдвэрлэсэн олон зөрчлийн хэргүүд байгаа. Эдгээрээс зарим нь шүүхээр орж, зарим нь эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шийтгэл хүлээлгэсэн тохиолдлууд байгаа бөгөөд эдгээр шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон. Гэтэл шүүхээр шийдвэрлэгдсээр байгаа практик байсаар байтал өөр нэг шүүгч хуулиар харьяалуулаагүй зөрчлийг шийдвэрлэж байгаа тул хууль бус гэж тухайн харилцаанд хамааралгүй өөр хэрэгт /маргаанд/ дүгнэж байгаа нь туйлын буруу шийдэл болсон гэж үзэж байна.

2. Захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “анхан шатны шүүх” гэж эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуулиар харьяалуулсан шүүхийг хэлнэ гэжээ. Иймд эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэдэг шүүхийн хувьд дээрх нийтийн албан тушаалтнуудын хооронд байгуулсан захиргааны гэрээ нь хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэдэг шүүхээр тус гэрээг Захиргааны ерөнхий хуульд нийцэж буй эсэхийг хянуулсны дараагаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль гэмт хэргийн шинжийг хангаж буй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх учиртай” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хуульчилсан. Б.Б Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/1216 дугаартай тушаалаар Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны цагдаа, зохицуулагчаар томилогдсон. Авлигын эсрэг Нэгдсэн үндэсний конвенцод “Төрийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу...цалинтай буюу цалингүй ажилладаг, албан тушаалын зэрэглэлээс үл хамааран, оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсвэл төрийн үйлчилгээ үзүүлдэг, ....төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг ойлгохоор заасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалт "...цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ...байгууллагын офицер, ахлагч...”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт “...энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалт “..төрийн ...тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан..” гэж зааснаар Б.Бий албан тушаал нийтийн албан тушаалтанд хамаарч байна. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын болон Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал нарын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах” гэрээний дагуу, ажлын байрны тодорхойлолтод дурдсан зорилтыг хэрэгжүүлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд албан үүргээ гүйцэтгэж байхдаа Г.Хонгорзулд зөрчлийн хариуцлага ногдуулахгүй байх түүний ашиг сонирхлын үүднээс, хуульд заасан журмын дагуу зөрчлийг шийдвэрлээгүй, хариуцсан албан тушаалтанд шилжүүлэлгүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 140.000 төгрөгийн хахууль авсан үйл баримт тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Б.Бий нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул эрүүгийн хэрэг гэж үзнэ. Иймд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын дагуу эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуулиар харьяалуулсан эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх учиртай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан.

Дээрх зохицуулалтаар захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх ажиллагааг хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой бөгөөд нэхэмжлэлийн үндсэн дээрээс эхлэх ажиллагаа байхад захирамжид эрүүгийн шүүх нь нийтийн албан тушаалтнуудын хооронд байгуулсан захиргааны гэрээ нь хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэдэг шүүхээр тус гэрээг Захиргааны ерөнхий хуульд нийцэж буй эсэхийг хянуулсны дараагаар эрүүгийн гэмт хэргийн шинжид дүгнэлт өгнө гэж дүгнэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, захиргааны шүүх прокурор, мөрдөгчийн шийдвэрээр хэргийг хянадаггүй, мөн ийнхүү хянуулахаар шүүхэд хандсан ч хянадаг шүүх биш байхад захирамжид захиргааны шүүхээр хянуулахаар хэргийг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байна. Б.Б нь Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны цагдаа, зохицуулагч тул зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан биш, иймд нийтийн албан тушаалтанд хамраахгүй байж болохоор гэж шүүгч үзсэн ч тухайн цаг хугацаанд Б.Б нь томилогдсон албан тушаалын хүрээнд нийтийн албан хаагчийн чиг үүргийг хэрэгжүүлж байхтай холбоотойгоор гэмт хэрэгт холбогдсон тул хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан үйлдлийг хийсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, тухайн гэрээтэй холбоотой захиргааны эрх зүйн маргаан гарсан ч Б.Б нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны чиг үүргээ хэрэгжүүлж байсан тул ямар ч тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй. Гэтэл шүүгч тухайн гэмт хэргийг шийдвэрлэхийн оронд өөр эрх зүйн маргааныг эрүүгийн эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй хольсон дүгнэлт хийсэн нь буруу болжээ. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хамтран ажиллах гэрээний талаар ямар нэгэн ойлголтгүй явдаг байсан. Анхан шатны шүүхийн захирамжийг дэмжиж оролцож байна. …” гэв.

Яллагдагч Б.Бий өмгөөлөгч С.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2445 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос эсэргүүцэл бичсэн байна. Эсэргүүцэлтэй холбоотой тайлбар болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар хийе. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1, 2 дугаар зүйлд заасан эрүүгийн хуулийн тодорхой нэр томъёо ухагдахууныг тайлбарлахын тулд захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно гэх ерөнхий заалтын хүрээнд захирамж гаргасан гэж ойлгож байна. Нийтийн албан тушаалтан уу, эсхүл гэрээгээр албаны эрх хэмжээ олгогдсон уу. Тухайн гэрээ гэх зүйл нь Эрүүгийн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх хэмжээнд хамаарах уу гэдэг  асуудал дээр дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, Б.Б гэх албан тушаалтан нийтийн албан тушаалтан юм уу, эсхүл гэрээний дагуу эрх хэмжээ олгогдсон уу гэдэг асуудал дээр дүгнэлт хийх шаардлагатай. Цагдаагийн ерөнхий газрын дарга Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарын хооронд 2020 онд захиргааны гэрээ байгуулагдсан байдаг. Уг захиргааны гэрээг 4 жилийн хугацаагаар байгуулсан. Уг гэрээн дээр гэрээний үндсэн асуудлыг дурдахдаа Монгол улсын Зэвсэгт хүчний харъяа түүний анги нэгтгэлийн тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн цуваа болон үүнтэй холбоотой замын хөдөлгөөнд оролцох явцад аюулгүй байдлыг хангах чиглэлээр техникийн хяналтын албыг байгуулсан байдаг. Уг байгууллагын үндсэн чиг үүрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээг тээврийн хяналтын албанд олгогдоогүй байдаг. Зөвхөн өөрийн харъяаны тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөнд оролцох буюу цувааны аюулгүй байдлыг л хангах чиг үүрэгтэй ажилладаг байгууллага байгаа. Уг гэрээний 3.2.7 дугаар зүйлд нь хэрвээ замын хөдөлгөөнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл буюу Тээврийн цагдаагийн албанд хамаардаг зөрчилтэй холбоотой асуудлыг харъяаллын дагуу шилжүүлэх эрх хэмжээ олгогдсон байдаг. Түүнээс биш таслан зогсоох буюу зөрчлийн арга хэмжээ авах эрх хэмжээ олгогдоогүй байдаг. Уг гэрээ өөрөө салбар хуулиар тогтоосон хэм хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн хэм хэмжээ байсан учраас анхан шатны шүүх энэ хэм хэмжээнүүд нь хууль зүйн хүчин чадалтай хэм хэмжээ юм уу гэдэг байдлаар дүгнэлт хийхгүйгээр уг хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж анхан шатны шүүх үзсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан албан тушаалын гэмт хэрэг юм уу, эсхүл бусад бүлэгт заасан дураараа аашлах гэмт хэрэг үү гэдэг дээр дүгнэлт хийх шаардлагатай буюу эргэлзээтэй асуудал байгаа тул үүнийг дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. Прокурорын эсэргүүцэлд захиргааны эрх зүйн асуудлыг эрүүгийн шүүх эрх хэмжээ хэтрүүлж дүгнэсэн гэсэн байдаг. Уг гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж эрүүгийн шүүх дүгнээгүй. Уг гэрээний үйлчлэл нь салбар хуулийн хэм хэмжээнд нийцсэн үү гэдэг асуудал дээр захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийсний дараа хэргийг шийдвэрлэх боломжтой гэдэг л дүгнэлт хийсэн.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны шүүх дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл хэм хэмжээг тодорхойлохын тулд тухайн хэргийн зүйлчлэлтэй холбоотой салбар хуулийн буюу салбар хэм хэмжээг иш татсан байдалтай хэм хэмжээ нь өөрөө эрх зүйн үндэслэлтэй юу гэдэг асуудал дээр эрүүгийн шүүх дүгнэлт хийх эрх хэмжээ анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, Дээд шүүхэд байгаа. Хэрэглэх хэм хэмжээ нь зөрчилтэй байх юм бол тэрийг нэг мөр болгосны дараа гэмт хэргийн шинжийг тогтоох цаашлаад эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ олгогдсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн прокурор, мөрдөгч, шүүгч захиргааны шүүхэд нэхэмжлэл өргөдөл гаргах субъект биш гэж байна. Иргэний эрх зөрчигдсөнтэй холбоотой Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэм хэмжээний дагуу зөвхөн иргэний эрхээс гадна захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэр үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй эсэхийг хянадаг байгууллага бол Захиргааны хэргийн шүүх байгаа. Тэгэхээр уг шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах үүднээс Билгүүн болон түүний өмгөөлөгч нараас Захиргааны хэргийн шүүхэд энэ шийдвэрийг хүчин төгөлдөр болсны дараагаар хандаж, энэ хэм хэмжээ салбар хуульд нийцсэн үү гэдэг асуудал дээр Захиргааны хэргийн шүүхээр дүгнэлт хийлгүүлэхээр хандсан. Бид нарт хандаж болохгүй гэж хориглосон хуулийн заалт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Бий өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Цагдаагийн Ерөнхий газрын дарга нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байдаг. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 238-243 дугаар талд авагдсан байдаг. Гол нь гэрээнд хуулиар тогтоосон чиг үүргийг хоорондоо шилжүүлээд байгаа нь үндэслэлтэй юу, үндэслэлгүй юу гэдгийг дүгнэсний дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлтэй. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байдаг. Мөн хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой гэж хуульчилсан байгаа. Тэгэхээр хоорондоо чиг үүргээ шилжүүлээд байгаа нь хууль зүйн үндэслэлтэй эсэх дээр дүгнэлт хийсний дараа шийдвэрлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Нийслэл прокурорын газраас яллагдагч Б.Бийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт офицеруудын ордны тойргийн зүүнээс баруун чиглэлд нийтийн албан тушаалтнаар буюу Зэвсэгт хүчний тээврийн хяналтын албаны цагдаа-зохицуулагчаар ажиллаж байхдаа Г.Хонгорзулаас 140.000 төгрөгийг бэлнээр хахуульд авсан, яллагдагч Г.Хмөн өдөр, газар Б.Бд хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдсон гэж үзээд Г.Хүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн яллагдагч нар, тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх болон цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

Анхан шатны шүүх Зэвсэгт хүчний жанжин штабын даргын болон Цагдаагийн Ерөнхий газрын дарга нарын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах” гэрээг Захиргааны ерөнхий хуульд нийцэж буй эсэхийг хянуулсны дараагаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль гэмт хэргийн шинжийг хангаж буй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх учиртай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Уг гэрээний хууль зүйн хүчин төгөлдөр эсэхээс үл хамааран яллагдагч нарын Эрүүгийн хуульд заасан авлига өгсөн, авсан эсэх хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, Б.Б, Г.Хнарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иймд яллагдагч Б.Б, Г.Хнарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/2445 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.  

2. Яллагдагч Б.Б, Г.Хнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

                             ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

                             ШҮҮГЧ                                                Ц.МӨНХТУЛГА