2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/08630

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 13 191/ШШ2025/08630

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  *******ын ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  *******ийн ******* /РД: *******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Гэрч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: О.******* П.*******тай 2019 онд танилцаж 2024 оны 8-р сар хүртэл хамтран амьдарсан бөгөөд ийнхүү хамтран амьдрах хугацаанд П.******* 2023 онд машины урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг зээлдүүлээч нэг жилийн дараа буцааж өгнө гэсэн санал тавьсны дагуу О.******* өөрийн эзэмшлийн автомашинаа худалдаад 20,000,000 төгрөгтэй болсон байсан бөгөөд түүнийгээ өгсөн.

П.******* манай захирал өөрийн эзэмшлийн Toyota Velfire маркийн машинаа зарна гэсэн уг автомашиныг авмаар гэсний дагуу өөрийн эзэмшлийн Хаан банкны /2/ тоот данснаас Semen гэх хүний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны // тоот данс руу шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдож байгаа болно. Дээрх мөнгөө П.*******гаас нэг жилийн хугацаа өнгөрсний дараа удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байх тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь П.*******гааc "Toyota Velfire"машины урьдчилгаа төлбөр болгон зээлсэн 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. П.*******гийн хувьд нэхэмжлэгчтэй 5 жилийн хугацаанд хамтдаа амьдарсан, 2024 оны 8-р сард салсан байдаг. Хамтран амьдрах хугацаандаа 2023 оны 2-р сард албан ёсоор хадаг сүй тавьж гэр бүлийн харилцаатай болсон. Үүнээс хойш хамтдаа амьдралын төлөө хамтдаа зүтгэж байсан. зүгээс гэр бүлдээ шинэ машин авна гэж ярьсны дагуу П.*******гийн ажлын газрын дарга Vellfire маркийн машиныг 45,000,000 төгрөгөөр зарна гэдгийг сонсоод О.Мөнх-эрдэнийн зүгээс банк бусаар машин авахад хүү өндөр учир би урьдчилгаанд сүйн бэлэг болгож 20,000,000 төгрөгийг өгье, чи үлдэгдэл мөнгийг хүүгүй хувь лизинг хийчих гэж тохирсны улмаас 2023 оны 9-р сарын 24-ны өдөр  Vellfire маркийн урьдчилгаа хэмээн шилжүүлсэн байдаг. П.*******гийн зүгээс үлдэгдэл мөнгийг өөрөө төлж барагдуулсан. 2025 оны 1-р сарын 25-ны өдөр 7227УЕН Vellfire машины нэрийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Хамтран амьдар хугацаандаа хэн аль нь гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэдэг байсан. П.*******гийн хувьд бэлэг болгон өгсөн учир ямар нэгэн гэрээ хийгээгүй байдаг. Хэрэгт авагдсан баримтаар бэлэглэсэн гэдэг нь нотлогдож байгаа учир тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 180 дугаар зүйлд бэлэглэгчийг ноцтой гомдоосон, бэлэглэгч тухайн хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулаагүй бол буцаан шаардах эрхгүй гэдэг заалтын хүрээнд П.******* нь хамтран амьдралын хугацаандаа нэхэмжлэгчийг ноцтой гомдоож байсан удаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс буцаан шаардах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 205 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр О.*******эс *******ид олгосон 479 дугаартай Итгэмжлэл /хх-3/, Хаан банкны 2 тоот дансны хуулга /хх-4/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-6/,

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр П.*******гаас *******д олгосон 265 дугаар Итгэмжлэл /хх-10/, П.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-11/, хариу тайлбар /хх-18-19/, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-20/, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-21/, 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-22/, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-23/, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-24/, 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-25/, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-26/, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-27/, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-28/, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-29/, 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-30/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

3.3 Шүүхээс: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан үзлэг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШЗ2025/33541 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу,

2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл /хх-24-25/,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.*******эс, хариуцагч П.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан 2023 онд авто машины урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 20,000,000.00 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна. /хх 1 дүгээр тал/

 

2.1 Хариуцагч 2019 оноос 2024 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан, 2023 оны 02 дугаар сард сүйн бэлэг болгон авто машины урьдчилгаа болгон шилжүүлсэн, уг 20,000,000.00 төгрөг нь хариу төлбөргүй шилжүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид 2019 онд танилцан, гэр бүлээ батлуулаагүй боловч 2024 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан үйл баримттай талуудын хэн аль маргаагүй.

 

Тэдний хамтын амьдралын хугацаанд нэхэмжлэгч О.******* нь хариуцагч П.*******д 2023 оны 09 дүгээ сарын 24-ний өдөр Хаан банк ХК-ийн 2 тоот харилцах данснаас, тоот харилцах дансанд УЕН урьдчилгаа гэх утгаар 20,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн болон хариуцагч уг мөнгийг хүлээн авсан үйл баримттай хэн аль маргахгүй байна.

 

Харин уг мөнгө нь сүйн бэлэг, буцаан төлөх нөхцөлөөр аваагүй тухай хариуцагч, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д хугацаагүй байгуулсан зээлийн гэрээ, 1 /нэг/ жилийн дараа буцаан шаардсан тухай нэхэмжлэгч тус тус маргадаг.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаас үзэхэд зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Хэдийгээр зээлийн гэрээ нь хөрөнгө шилжүүлсэн байх хуулийн шаардлага тавигдах боловч төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгийг буцаан төлөх, талуудын эрх, үүрэг зэрэг гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн зөвшөөрснөөр хууль зүйн факт үүсдэг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2-т Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно. гэж тус тус заажээ.

 

Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч О.******* буцаан төлөх нөхцөлөөр зээл олгосон гэх, хариуцагч П.******* сүйн бэлэг гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагч татгалзал тайлбартай холбоотой баримтыг хэн аль нь шүүхэд ирүүлээгүй, тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Иймд зохигчид Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ. гэж зааснаар зээлийн гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцсон, зохигчдод эрх, үүрэг үүсгэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4. Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа талууд хамтран амьдрах хугацаанд нэхэмжлэгч тус авто машины урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн боловч уг авто машиныг нэхэмжлэгч гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг, хариуцагч хожим үлдэгдэл зээлийг төлсөн үйл баримтаас үзвэл зохигчид гэр бүлийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор авто машиныг, өөр өөрсдийн хувь хэмжээг оруулж худалдан авсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч О.******* нь УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд оруулсан өөрийн хувь хэмжээг нэхэмжлэх эрхтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэдийгээр нэхэмжлэгчийн маргаан бүхий тээврийн хэрэгсэлд оруулсан хувь хэмжээ 20,000,000.00 төгрөг боловч хариуцагч П.*******гийн тал хувийг өгөхөө илэрхийлсэн цахим зурвасаас үзвэл талууд 10,000,000.00 төгрөгөөр тооцож буцаан төлөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр ба уг үйл баримттай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч П.*******гаас 10,000,000.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.*******д олгохоор шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д хариуцагч П.*******гаас 10,000,000.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА