| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дуламрагчаагийн Одонтуяа |
| Хэргийн индекс | 128/2026/0036/З |
| Дугаар | 128/ШШ2026/0638 |
| Огноо | 2026-06-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2026/0638
2026 06 26 128/ШШ2026/0638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Л******* ГХОХХК /РД:*******/
Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн чанарын хяналтын улсын байцаагч Д.Г******* нарын хооронд үүссэн улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З*******, хариуцагч улсын байцаагч Д.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Д.Г*******ийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0135374 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Хариуцагч нь Эрүүл мэндийн яамны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 9/4101 дугаартай албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав ******* тоот хаягт байрлах Л******* ГХОХХК-ийн эмнэлэгт Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн даргын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан 10-13/099 дугаартай удирдамжийн хүрээнд Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ.
2.2. Уг шалгалтаар Л******* ГХОХХК-ийн эмнэлэг нь тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд заагдсан үйл ажиллагааны дагуу тусламж үйлчилгээ үзүүлсэн эсэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн эрх бүхий албан тушаалтаны тогтоолоор 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2502000615 дугаартай зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна.
2.3. Улмаар Л******* ГХОХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан зөрчил үйлдсэнд тооцож, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0135374 дугаартай шийтгэлийн хуудсаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.4. Гомдол гаргагч нь дээрх шийтгэлийн хуудсыг 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр М*******гаас гардан авч, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гомдол гаргасан байна.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1 Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: ...Л******* гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон ******* дугаартай Тусгай зөвшөөрлийг өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийг ...тусгай зөвшөөрөлгүй тусламж, үйлчилгээ үзүүлсэн болох нь холбогдогч нарын мэдүүлэг, холбогдох баримт бичиг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна... гээд 3,000,000 төгрөгөөр торгохоор 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0135374 дугаартай Шийтгэлийн хуудсыг үйлдсэн байсан. Энэхүү шийтгэлийн хуудсыг бид М******* ХК-ийн хүргэгчээс 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авснаар ийнхүү хуульд заасан хугацаанд эс зөвшөөрч, шүүхэд гомдлоо гаргаж байна.
Эрх бүхий албан тушаалтан нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийг Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан гэж үзэж дээрх шийтгэлийг ногдуулсан. Ийнхүү шийтгэлийн хуудас буюу захиргааны акт гаргахдаа зөрчлийг зохих журмын дагуу шалган тогтоогоогүй ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хөндлөнгийн байр сууринаас дангаар гүйцэтгээгүй. Түүнчлэн зарим төрийн эрх бүхий байгууллагаас холбогдох нотлох баримт гаргуулахаар ажиллаж байна гэсэн атлаа тэдгээр баримт, хариу ирээгүй буюу үйл баримт тогтоогдоогүй байхад шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн зорилт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан хэд хэдэн шаардлагад нийцээгүй захиргааны акт үйлдсэн гэж үзэж байна. Эрх бүхий албан тушаалтны энэхүү хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч эмнэлгийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ... гэж заасны дагуу ийнхүү шүүхэд гомдол гаргаж байна.
Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Д.Г*******ийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0135374 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайх зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гарсан гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн хэрэг ирснээр мэдсэн. Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хяналт шалгалтын талаар дурдсан байдаг боловч хэргийн материалд 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хяналт шалгалт буюу зөрчил илэрсэн гэдэг талаарх баримт 1 ширхэг ч байдаггүй. Мөн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор зөрчлийн хэрэг нээх ёстой байсан. Гэхдээ хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байх байр сууриа хэрэгжүүлээгүй буюу манай талын тайлбар, мэдүүлгийг огт хүлээж аваагүй. Тухайлбал, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр над руу утсаар холбогдож та гомдол гаргагч эмнэлгийг өмгөөлөгч мөн үү гэж яриад байсан боловч тухайн үед би энэ хэрэг маргаанд ажиллаж байгаагүй. Тийм байхад намайг зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан гэх үндэслэлгүй тайлбарыг хэлдэг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 58 хоногийн хугацаанд хийсэн улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэлийн хуудас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан шийдвэр үндэслэл бүхий байх, хууль ёсны байх гэсэн шаардлагуудыг хангаагүй. Түүнчлэн хариуцагч тал тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал дээр ч нэлээн яаран дутуу ажилласан. Зөвхөн манайхаас шалтгаалаад хугацаа сунгасан асуудал байхгүй гэдгийг хэлье. Хариуцагч 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хяналт шалгалт хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч өөрөө ээлжийн амралтаа авч өөр улсын байцаагч томилогдсон байдаг. Манайх бүх байдлаар зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож гаргаж өгөх боломжтой бүх баримтуудаа гаргаж өгсөн. Мөн хариуцагч зөрчлийн хэргийн материалдаа зөрчил илэрсэн талаарх баримтуудыг тусгаагүй байгаа бөгөөд дусал тариа хийсэн гэсэн талаарх баримтууд нэг ч байхгүй. Түүнчлэн хариуцагч хууль зөрчиж прокурорын зөвшөөрөлгүйгээр орон байранд үзлэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12-13 цагийн үед хэргийн материалтай танилцахад шийтгэлийн хуудас гараагүй байсан бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажлын цаг дууссаны дараа шийтгэлийн хуудас гардуулсан нөхцөл байдлыг шүүх анхаараасай гэж хүсэж байна. Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
3.3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Эрүүл мэндийн яамнаас 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн 9/4101 дугаартай албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав ******* тоот хаягт байрлах Л******* ГХОХХК-ийн эмнэлэгт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх заалтыг удирдлага болгон Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн даргын 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр баталсан 10-13/099 дугаартай удирдамжийн хүрээнд Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаартай Хятадын уламжлалт анагаах ухааны ба дотрын өвчний үзлэг зөвлөлөө өгөх үүдэн эмнэлэг-ийн чиглэл бүхий тусгай зөвшөөрлийг олгосон байна. Хүчинтэй хугацааг 2009 оны 10 дугаар сарын 25 хүртэл 3 жилээр, 2012 оны 10 дугаар сарын 25 хүртэл 3 жилээр тус тус сунгасан байна. Харин 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгахдаа Дотрын өвчний үзлэг зөвлөлөө чиглэлийг хасаж Уламжлалт анагаахын эмнэлгийн тусламж үйлчилгээ чиглэлээр тусгай зөвшөөрөл олгогдсон байх тул мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд заагдаагүй тусламж үйлчилгээ үзүүлж байсан зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.7.1 дэх заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2502000615 дугаартай зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Клиникийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6673:2017 стандартын 2.1 дэх хэсэгт "Үйлчлүүлэгчид эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг амбулаториор болон өдрийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагыг хамарна", 4.1 дэх хэсэгт Клиник: үндсэн эсхүл төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг амбулаториор болон өдрийн эмчилгээ, үйлчилгээний хэлбэрээр үзүүлнэ; Клиник нь эмнэлгийн мэргэшсэн болон эх барихын тусламж, үйлчилгээ яаралтай тусламжийг үзүүлэх сургалт, судалгаа, үндсэн үйл ажиллагааa дэмжих үйлчилгээ эрхэлнэ; Клиник нь оноосон нэртэй байх бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлсэн, үндсэн болон төрөлжсөн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байна гэж заасны дагуу Л******* ГХОХХК-ийн эмнэлэг нь клиникийн эмнэлэг бөгөөд Клиникийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6673:2017 стандартыг мөрдөж ажиллана.
Эрүүл мэндийн сайдын 2019 оны Монголын уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний заавар батлах тухай А/378 дугаар тушаалын хавсралтаар дараах байдлаар заасан байдаг. Хоёр. Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ. 2.3. Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд уламжлалт анагаах ухааны оношилгоо, идээ ундаа, явдал мөр, эм, заслын аргаар төрөлжсөн, мэргэшсэн тусламж, үйлчилгээг холбогдох стандарт, эмнэлзүйн зааврын дагуу чанартай үзүүлнэ. 2.4. Бие хүний өвөрмөц чанарт идээ ундаа, ахуй үесийн явдал мөрийг тохируулан дараах өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлнэ, 2.4.1. 3 гэмийн өвчин /Хий, Шар, Бадган/; 2.4.2. Дотор өвчин; 2.4.3. Халуун өвчин; 2.4.4. Цээжин биеийн өвчин; 2.4.5. Цул савын өвчин; 2.4.6. Нууцын өвчин; 2.4.7. Хэсэг бусаг өвчин; 2.4.8. Хамт төрсөн яр, шархыг анагаах; 2.4.9. Нялхсын өвчнийг анагаах; 2.4.10. Эмэгтэйн өвчнийг анагаах; 2.4.11. Адын өвчнийг анагаах; 2.4.12. Мэсийн шархыг анагаах; 2.4.13. Хорын өвчнийг анагаах; 2.4.14. Хөгшдийг анагаах; 2.4.15. Хүчжүүлэх; Гурав. Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага, 3.1. Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг дараах эрүүл мэндийн байгууллагууд үзүүлнэ, 3.1.1 Уламжлалт анагаах ухааны чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, Дөрөв. Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын үүрэг, үйл ажиллагаа, 4.1. Нийтлэг үүрэг, үйл ажиллагаа 4.1.1 Монгол улсад мөрдөгдөж буй эрүүл мэндийн холбогдолтой хууль тогтоомж, тушаал, журам заавар, холбогдох стандартын хэрэгжилтийг ханган ажиллаж, хүн амд чанартай тусламж, үйлчилгээг үзүүлнэ, 4.1.2 Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай өрөө, тасалгаа, эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийг холбогдох стандартад заасны дагуу бүрдүүлэн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх нөхцөлөөр хангана; 4.1.3 Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлэх багийг стандартын дагуу зохион байгуулж, шаардлагатай хүний нөөцийг зөв зохистой бүрдүүлж ажиллана; 4.1.4 Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлэх үйлчлүүлэгчийг хүлээн авах, бүртгэх, оношлох, эмчлэх, эмнэлэг хооронд шилжүүлэх, нэгтгэн мэдээлэх, тайлагнах, хянах үйл ажиллагаа тасралтгүйгээр хэрэгжүүлэн ажиллана гэж тус тус заасан байна.
Л******* ГХОХХК-ийн клиник эмнэлэг нь Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх өдөр ******* дугаартай тусгай зөвшөөрлийн Уламжлалт анагаахын эмнэлгийн тусламж үйлчилгээ" үзүүлэх үйл ажиллагааны чиглэлд заагдаагүй тусламж үйлчилгээг үзүүлсэн зөрчил үйлдсэн байна. ******* дугаартай тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд заагдаагүй тусламж үйлчилгээ үзүүлж байсан болохыг хүний арьс салстыг цоолох дусал тариа, өдрийн эмчилгээ хийж байсан үйлдлээр тогтоож Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл ЗХБ-13 маягтаар үзлэгийн тэмдэглэл хөтөлж нотолсон.
Иймд 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн 2502000615 дугаартай зөрчлийн хэрэгт зөрчлийн хэрэгт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 6.7.1 дэх заалтын дагуу Л******* ГХОХХК-ийн эмнэлэгт 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0135374 дугаартай шийтгэлийн хуудсаар хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль ёсны, үндэслэл бүхий болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.4. Хариуцагч улсын байцаагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие цуглуулсан нотлох баримт, холбогдогчоос авсан тайлбар, мэдүүлэг болон үзлэгийн тэмдэглэлд тулгуурлаад Эрүүл мэндийн яаманд албан бичиг явуулсан боловч хариу ирээгүй. Хэргийн материалд авагдсан материалуудыг үндэслэн хуульд заасан хугацааны дотор шийтгэлийн хуудсаа гаргасан. Мэдээж аж ахуйн нэгжид үр дагавар үүсэх шийдвэр гаргах гэж байж явсных нь дараа шийтгэлийн хуудас гаргана гэж байхгүй. Мөн шийтгэлийн хуудсыг нийт 3 хувь гаргадаг. Тодруулбал, 1 хувийг хэргийн материалд, 1 хувийг санхүүд, үлдэх 1 хувийг нь холбогдох аж ахуйн нэгжид гардуулж гарын үсэг зуруулдаг. Үүний дагуу гомдол гаргагч талд гардуулж гарын үсэг зуруулах гэсэн боловч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурахаас татгалзсан. Түүнчлэн зөрчлийн хэргийн материалтай танилцсан баримт, холбогдох өөр баримтууд дээр мөн адил гарын үсэг зураагүй. Тийм учраас шийтгэлийн хуудсыг шуудангаар явуулахаас өөр сонголт байгаагүй гэдгийг хэлье. Мөн дараа нь хэргийн материалыг Нийслэлийн прокурорт хүргэж өгөхдөө энэ талаар мэдэгдэж, хэргийн явц хэрхэн сунжирсан, ямар олон мэдэгдэх хуудас явуулсныг хэлсэн байдаг. Намайг орлож байсан байцаагч энэ ажиллагааг явуулаагүй байсан. Мөн прокурорын зөвшөөрлөөр баримт бичиг гаргуулах тогтоол явуулсан боловч хугацаандаа баримт бичиг ирээгүй. Сарын дараа ирсэн гэх мэдээлэл байгаа. Ийм нөхцөл байдлууд байсан учраас бусад нотлох баримтуудаар зөрчил нотлогдох боломжтой гэж бодож байсан. Гэтэл тодруулах шаардлагатай зүйл байсан учраас Эрүүл мэндийн яам руу яаралтай албан бичиг явуулж хэргийн хугацааны дотор ирүүлэхийг хүссэн байдаг гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах үндэслэлээр улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0135374 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
1. Тогтоогдсон үйл баримтын тухайд авч үзвэл, Эрүүл мэндийн яамны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 9/4101 дугаартай албан бичгийг үндэслэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн даргын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан 10-13/099 дугаартай удирдамжийн хүрээнд хариуцагч нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ.
2. Хяналт шалгалтаар гомдол гаргагч хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2502000615 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Д.Г******* 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0135374 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Л******* ГХОХХК-ийг тусгай зөвшөөрөлгүй тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, мөн өдрийн эрх бүхий албан тушаалтаны тогтоолоор тус эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлд заагдаагүй тусламж үйлчилгээний бүх төрлийн тарилга зэрэг үйлчилгээнүүдийг зогсоосон байна.
3. Гомдол гаргагчаас ...улсын байцаагч нь гомдол гаргагч хуулийн этгээдийг тусгай зөвшөөрөлд заагдаагүй ямар үйл ажиллагаа явуулсан болохыг шалган тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй, тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт ирээгүй байхад шууд зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж, хариуцагчаас ...2012 онд тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа дотрын өвчний үзлэг зөвлөгөө чиглэлийг хасаж, уламжлалт тусламж үйлчилгээ гэсэн чиглэлээр сунгасан байсан, гэтэл тусгай зөвшөөрлийн чиглэлд заагдаагүй хүний арьс салстыг цоолох дусал тариа, өдрийн эмчилгээ хийж байсан нь тогтоогдсон тул шийтгэл оногдуулсан гэж тус тус тайлбарлан маргасан.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч эмнэлгийн эмч БНХАУ-ын иргэн Y /*******/-д олгосон гадаад эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ хүчин төгөлдөр эсэхийг тодруулахаар 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/2314 тоот албан бичгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд, мөн тус эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сунгахдаа дотрын өвчний үзлэг, зөвлөгөө өгөх үүдэн эмнэлэг гэсэн үйл ажиллагааны чиглэл нь хасагдаж, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг уламжлалт анагаахын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр сунгаж олгосонтой холбоотой баримтуудыг гаргуулахаар 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 01/2649 тоот албан бичгийг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газарт тус тус хүргүүлжээ.
5. Дээрх албан бичгийн дагуу эмч Y /*******/-д холбогдох лавлагаа, мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргуулан авсан байх боловч Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газраас зөрчилд хамаарах гол үндэслэл болох эмнэлгийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлийн талаарх баримтыг ирүүлээгүй байхад гомдол гаргагч Л******* ГХОХХК-ийг тусгай зөвшөөрөлгүй тусламж үйлчилгээ үзүүлсэн гэсэн үндэслэлээр шууд шийтгэл оногдуулсан нь шийтгэлийн хуудас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
6. Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан бөгөөд энэхүү хуулийн хэм хэмжээг хэрэглэхдээ Эрүүл мэндийн тухай хуулийг холбогдогч этгээд хэрхэн зөрчсөнийг хариуцагч хөдөлбөргүй тогтоох учиртай.
7. Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 2-т Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ, 4.13 дугаар зүйлийн 5-д Ажиллагааны явцад хийсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, гэрэл зураг, гар зураглал, хэв загварыг тэмдэглэлд хавсаргана., 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.3-д тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх гэж тус тус зааснаар гомдол гаргагчийг зөрчил үйлдсэн гэж үзэн хариуцлага ногдуулахдаа тус эмнэлэг нь анх хэзээ ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авсан болох, уг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэл хэзээ, хэрхэн өөрчлөгдсөн болох, тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн үйл ажиллагаанд зохих байгууллагаас хийгддэг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар үйл ажиллагааны чиглэлийг хэрхэн тодорхойлж, дүгнэсэн эсэхийг нотлох баримтад тулгуурлан тогтоогоогүй буюу хариуцагч зөрчлийг баттай тогтоох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байна.
8. Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага... тусгай зөвшөөрөл олгоно., 19.3-д Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь чиглэлээр олгоно, 19.3.1-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх, 19.3.2-т эм, уламжлалт эм, биобэлдмэл, тэдгээрийн түүхий эд, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх-экспортлох гэж зааснаас үзвэл гомдол гаргагч хуулийн этгээдэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Эрүүл мэндийн яамнаас олгохоор хуульчилжээ.
9. Хариуцагчаас ...тус эмнэлгийн тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сунгахдаа Уламжлалт анагаахын эмнэлгийн тусламж үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрхтэйгээр олгосон байхад чиглэлд заагдаагүй дусал тариа, өдрийн эмчилгээ хийж байсан гэж тайлбарлаж байх боловч гомдол гаргагч хуулийн этгээдэд анх ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон талаарх баримтыг зөрчлийн хэрэгт аваагүй, тусгай зөвшөөрлийн сунгалттай холбоотой нэмэлт баримт цуглуулахаар шаардсан ч уг баримтаа аваагүй, шалтгаан нөхцөлийг тодруулаагүйгээс гадна 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тухайн эмнэлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд ...гэрэл зураг 15, хуулбарлаж авсан 10 хуудас... гэж тэмдэглэсэн боловч эдгээрийг мөн зөрчлийн хэрэгт хавсаргаагүй зэргээс эрх бүхий албан тушаалтан зөрчлийг бүрэн дүүрэн тогтоож, нотлох баримтаар бэхжүүлээгүй болох нь тогтоогдож байна.
10. Дээрх байдлаар зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар холбогдогч хуулийн этгээдийг тусгай зөвшөөрлийн чиглэлд заагдаагүй үйл ажиллагаа явуулсан гэх зөрчилд холбогдох нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтан бүрэн гүйцэд тогтоогоогүй байхад шүүхээс гомдол гаргагчийг зөрчил гаргасан эсэхэд эцсийн байдлаар дүгнэлт өгөх боломжгүй.
11. Иймээс хариуцагч улсын байцаагч нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулж, нотлох баримтаар бэхжүүлэн, шаардлагатай ажиллагааг хийсний үндсэн дээр уг зөрчил нь холбогдох хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн талаар хууль эрх зүйн дүгнэлт өгч, дахин акт гаргах шаардлагатай, тухайн асуудал нь улсын байцаагчийн чиг үүрэгт хамаарах тул шүүхээс шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар энэхүү 58 хоногийн хугацаа нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс тоологдохыг дурдах нь зүйтэй байна.
12. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0135374 дугаартай шийтгэлийг хуудас хүчингүй болох хууль зүйн үр дагавартай болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 4.15 дугаар зүйлийн 1, 2, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3 дахь заалтыг баримтлан гомдол гаргагч Л******* ГХОХХК-д оногдуулсан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0135374 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацаанд хариуцагч шийдвэрт заасан ажиллагааг хийж дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0135374 дугаартай шийтгэлийг хуудас хүчингүй буюу эрх зүйн үйлчлэлгүй болох үр дагавартайг тайлбарласугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА