Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 510

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатардүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч Н.Т,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Шинжээч Б.Даваасүрэн,

Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэaмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д холбогдох эрүүгийн 1709017640174 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянанхэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Г.Д

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Байгаль төвийн 407 тоот ажлын өрөөнд нөхөр Г.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед цээж, зүүн гарын бугалга, шуу, шилбэнд шалбаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Байгал төвд өөрийнхөө ажлын байранд ажлаа хийгээд сууж байсан.  Би хэрэг гарахаас өмнө сар гаруй бид хоёр тусдаа амьдарч байсан. Тэгээд гэнэт нөхөр ажил дээр гаднаас орж ирээд надтай маргалдаад, манай ажлын эд зүйлийг наашаа цаашаа шидээд буулгасан. Тэгээд явж байхдаа миний машины түлхүүр болон бичиг баримт, хэтэвчийг аваад гарах гэж оролдсон. Би гартаа түлхүүр атгачихсан байсан. Тэгээд тэр түлхүүрийг авах гэж ноцолдсон. Намайг цааш нь нэг түлхсэн. Би хохирогчийг ажлынхаа байран дээр авч ирж байгаад ямар нэгэн байдлаар гэмжээж, бэртээх гэсэн бодол байгаагүй. Тухайн үед в гэдэг манай ажлын нягтлан болон манай охин байсан. Тухайн үед манай нөхөр цамц биш футволк өмсчихсөн байсан. Би футволкноос нь гараараа татсан. Тухайн үед миний гар хөхрөөд, тулчихсан байдалтай байсан. Хохирогч надаас өндөр, том биетэй хүн учир би хохирогчид гэмтэл учруулах боломжгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.О /хх-ийн11-12/, гэрч Х /хх-ийн 23/, яллагдагч Г.Д /хх-ийн 39/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11194 дугаар дүгнэлт /хх-ийн 26/, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 104 дүгээр дүгнэлт /хх-ийн 27/, шүүгдэгч Г.Д урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Д нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Байгаль төвийн 407 тоот ажлын өрөөнд нөхөр Г.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед цээж, зүүн гарын бугалга, шуу, шилбэнд шалбаралт бүхий хөнгөн хохирол учруулсангэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална, 5 дахь хэсэгт “...энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж заажээ.

            Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “... “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг…”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбарт “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно…” гэж тус тус хамааруулан ойлгохоор заасан байна.

 

Хэрэгт авагдсан хохирогч Д.О, шүүгдэгч Г.Д нарын мэдүүлэг, биеийн байцаалт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон бусад нотлох баримтуудаас үзэхэд “гэр бүлийн гишүүний” харилцаа байсан болох нь нотлогдож байна. Энэ талаар прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзнэ.

            Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч болон өмгөөлөгч нараас гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, үгүйсгэсэн байр суурьтай оролцсон болно. Гэвч шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзэхэд шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Өмгөөлөгчөөс “хохирогчид учирсан бүх гэмтлийг Г.Д учруулаагүй” гэж мэтгэлцсэн боловч энэ нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

 

Хохирогч Г.Од-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017.09.01-ний өдөр 13:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байгаль” төв дээр эхнэрийнхээ ажлын байр түрээсэлж байгаа газар очсон. Тэгээд би өрөөнд ороод машины түлхүүр авсан. Эхнэр Г.Д нягтлангаа “хаалга түгжээтэх” гэж хэлээд надаас түлхүүр булааж авах гээд дайраад байсан. Тэгээд би үүдрүү гарах гээд иртэл үүдэн дээр цуг байдаг нягтлан нь Дэлгэрмаагийн үгэнд ороод намайг гаргахгүй миний энгэрээс татаж чангаагаад байсан. Би эхнэр Г.Д 11 жил хамт амьдарч байгаа, 2 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаатай. ...Дэлгэрмаа нь намайг шалны модоор цохисон, хазсан, майжсан, үсдсэн, өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

Гэрч Х.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед Г.Д, О нар нь машиныхаа түлхүүрийг булаацалдаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр хоёр нэг нэгэндээ машиныхаа түлхүүрийг өгөхгүй гээд зодолдож маргалдаж байгаад О цагдаа дуудсан... Тухайн үед Г.Д нэг харахад шалны мод бариад явж байсан. Тэр хоёр нэг нэгнийхээ гарнаас бариад түлхүүрээ булаацалдаад маргалдаад хоорондоо ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

Яллагдагч Г.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 13:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Байгаль төвийн 407 тоот өрөөнд сууж байхад миний нөхөр болох Х.О орж ирээд миний түрийвч, машины түлхүүрийг булааж авсан. Тэгэхээр нь би машины түлхүүрээ өгөхгүй гээд О-тэй зууралдаж татаж чангаасан. Тухайн үед Одпүрэв өөрийн утсаар цагдаа руу залгасан ба тэр утсаар нь цагдаатай ярьсан. ...Одпүрэв миний үснээс зулгааж газар унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.09.01-ний өдрийн 11194 дугаар дүгнэлт: “...Д.О-ийн биед цээж, зүүн гарын бугалга, шуу, шилбэнд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 26/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.10-ны өдрийн 104 дугаар дүгнэлтэд: “...2017.09.01-ний өдрийн 11194 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх /хх-ийн 27-28/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Хохирогч Г.О мөрдөн байцаалтын шатанд Г.Д зодуулахаас өмнө өөрөө унаад зүүн гарын бугалга, шуундаа гэмтэл авсан талаар мэдүүлдэг боловч шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч тайлбараас үзэхэд дээрх гэмтлүүдийг хасч тооцсон ч үлдэх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтлийн шалгуурыг хангаж байгаа гэсэн нь үндэслэлтэй болохыг дурьдвал зохино.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааныявцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Хэдийгээр хохирогч Г.О удаа дараа архидан согтуурч, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг талаарх баримт хэрэгт авагдсан боловч Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амь бие эрүүл мэндэд хохирол учруулсаныг зөвтгөх учиргүй юм.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Г.Д торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Г.Д тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

Шүүгдэгч Г.Д хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан 1.4 дэх хэсэгт “...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв. Харин түүний хувьд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Г.Одпүрэв нь “...би өөрийн эхнэр Г.Д ямар нэгэн санал гомдолгүй болно...” гэсэн хүсэлт /хх-ийн 53/ гаргасныг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.АЛДАР