| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2309021362228 |
| Дугаар | 2025/ДШМ/19 |
| Огноо | 2024-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/19
2024 12 25 2025/ДШМ/19
Д.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Отгонбаяр,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/951 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Отгонбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Д.Эт холбогдох эрүүгийн 2309021362228 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Цогууд ба зузаан овгийн Д.Э, 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн инженер мэргэжилтэй, “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 1, ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;
Шүүгдэгч Д.Э нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Бизнес плаза” төвийн 403 тоотод П.Төртүвшинтэй хамтран ажиллаж байгаа ажил, үүргийн талаар маргалдсаны улмаас түүний хоолойг боож, хүзүүг нь самардах зэргээр биед нь халдаж П.Тбиед баруун шуунд зулгаралт, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Б.Отгонбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэхүү шүүхийн шийдвэр нь шүүх, прокурор нь нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэргийн үйл баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний эцэст хууль зүйн дүгнэлт гаргах, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудтай бодитой харьцуулалгүйгээр, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар дүгнэхдээ “П.Төртүвшинтэй хамтран ажиллаж байгаа ажил, үүргийн талаар маргалдсаны улмаас түүний хоолойг боож хүзүүг нь самардах зэргээр биед нь халдаж П.Төртүвшиний биед баруун шуунд зулгаралт, цээжинд цус хуралт /22х21 см хэмжээтэй/ зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэсэн нь цээжин дэх 22х21 см цус хуралтыг шүүгдэгч ямар санаа сэдлээр, хэрхэн, яаж учруулсан талаар үндэслэл бүхий дүгнээгүй. Хохирогч ч бас цээжин дэх гэмтлээ хэрхэн үүссэн талаар мэдүүлэгтээ дурдаагүй зөвхөн хоолой боож, хүзүү самардсан гэх бөгөөд тус гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар шинжээч эмч мэдүүлсэн байхад гэрч болон шүүгдэгчийн мэдүүлгийг огтхон ч анхаар ч үзэлгүй зөвхөн хохирогчийн худал мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү.
Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар дүгнэхдээ “П.Төртүвшинтэй хамтран ажиллаж байгаа ажил, үүргийн талаар маргалдсаны улмаас түүний хоолойг боож хүзүүг нь самардах зэргээр биед нь халдаж П.Төртүвшиний биед баруун шуунд зулгаралт, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд хүзүү болон шуунд үүссэн гэмтлийг гэмтлийн зэрэг биш, хөнгөн зэргийн гэмтэлд хамаарахгүй, цээжин дэх 22х21 см хөхрөл няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Тус гэмтлийг Д.Э ямар санаа зорилгоор хэрхэн, яаж учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Ийм гэмтэл учруулсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Хохирогч хэрхэн, яаж энэ гэмтлийг авснаа мөрдөн байцаалтын шатанд тайлбарлаагүй. Гэрч тийм зүйл болоогүй талаар мэдүүлдэг. Гэтэл шүүх “хоолойг боож хүзүүг нь самардах зэргээр биед нь халдаж П.Төртүвшиний биед баруун шуунд зулгаралт, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэсэн. Д.Э нь хохирогч П.Төртүвшинтэй маргах болсон шалтгаан нь П.Тзуу гаруй сая төгрөгийг ажил хийсэн гэж гарын үсэг зуруулахаар түүний өмч буюу оффист орж ирж дарамтлаад гэрч н.Алтанцэцэг энэ чинь үндэслэлгүй байна гэж хэлсний төлөө уурлаж “чи гар утсаар бичлэг хийлээ” гээд дайрч өөрөө хүний биед халдчихаад эцэс сүүлд нь надад ийм гэмтэл учирлаа гэж байгаа юм. Гэтэл учирсан гэмтэл нь бичлэг дээр хальт харагддаг. П.Төртүвшиний өвдөг нь шалбарсан, ойрын 2, 3 хоногийн өмнө гэмтэл авсан байх магадлалтай. Тухайн гэмтлийг Д.Э яаж учруулсан гэх шүүхийн дүгнэлт байдаггүй. Жишээлбэл, мөргөсөн юм уу, цохисон юм уу, дарсан юм уу, тэр том гэмтлийг яаж учруулсан юм. Ийм зүйл хавтаст хэрэгт авагдаагүй. Хоолойг нь боосны улмаас энэ гэмтэл учирсан гэж дүгнэсэн нь шүүх бодит байдлыг бодитой дүгнээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.Э давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотлогдохгүй байгаа зүйл дээр нотолсон юм шиг бид зүтгээгүй. Ганц гэрч байсан бөгөөд гэрч тэрийг хэлсэн. Миний хувьд нэлээдгүй хамтдаа санхүүжилт босгох гээд үзэж байсан, хүнд хэцүү байдлыг нь ойлгоод тэр хүний цонх руу намайг мөргүүлсэн, над руу дайрсан бичлэгээр багалзуурдсан энэ үйлдэл дээр гомдол илэрхийлээгүй. Гэтэл асуудалд ингэж хандаад дээрээс нь миний өөрийн өмчид орж ирж үйл баримт болсон байхад “санаатай” гэдэг үгийг би ойлгохгүй байгаа юм. Миний ойлгож байгаагаар эрүүгийн хэргийг нотлохдоо цаг хугацаа, орон зай, объект, субъект, субьектив гэх мэтчилэн бүх зүйлээр нотолдог баймаар юм. Гэтэл миний орон зайд байгаад, гэрч гэх орон зай, цаг хугацаанд байгаагүй хүмүүсээр гэрчлүүлээд, мөн миний санаатай үйлдэл гэдгийг яаж нотолсон гэх зүйл байхгүй байгааг би гайхаж байна. Шүүх засаглал, хууль эрх зүй гэдэг нь үнэнийг тогтооход гол зорилго нь байдаг байх. Уг нь бодит байдал дээр хохирогч гэдэг нь логикоор хэргийн материалд ямар ч хүн хараад ойлгомжтой байхад энэ цензурийг шүүхийн эрх, тэгш байх өнцгөөс харж үзэж логик дүгнэлтийг хийж өгөхийг хүсэж байна.” гэв.
Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогч биед нь хэрхэн яаж гэмтэл учирсан талаар мэдүүлэгтээ дурдаагүй гэсэн үндэслэлээр тайлбарлаж байна. П.Тнь “Д.Э миний хүзүүнээс боож, намайг хутгах мэх хийж унагаах явцдаа миний цээжинд гэмтэл учруулсан” гэж хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ тодорхой дурдсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээч эмч “энэ гэмтэл түлхсэний улмаас учирсан” гэж мэдүүлсэн гэж тайлбарлаж байна. Шинжээч эмчийн мэдүүлэгт ямар нэгэн байдлаар түлхсэнээс учирсан гэх мэдүүлэг байхгүй. Зөвхөн тухайн гэмтэл нь “шахагдах, цохигдох үед үүсэх боломжтой” гэсэн байдаг. Эдгээрээс харьцуулж үзвэл шүүгдэгч Д.Э нь хохирогч П.Төртүвшинийг хутгах мэх хийж унагаах явцдаа цээжинд нь гэмтэл учруулсан нь тогтоогдож байгаа. Хүнийг хутгаж унагаах үйлдэл хийж байгаа нь санаатай үйлдэл гэж үзсэн тул шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогч П.ТД.Э руу дайрсныг анхан шатны шүүх хуралдаан дээр прокурорын зүгээс үгүйсгээгүй. Ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Энэ нь шүүгдэгч Д.Эын гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй. Учир нь, хохирогч түрүүлж Д.Эт халдсан нь хохирогчийн зүй бус үйлдэл гэж үзэж байгаа учраас ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулан үзэж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Э нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Бизнес плаза” төвийн 403 тоотод П.Төртүвшинтэй хамтран ажиллаж байгаа ажил, үүргийн талаар маргалдсаны улмаас түүний хоолойг боож, хүзүүг нь самардах зэргээр биед нь халдаж П.Тбиед баруун шуунд зулгаралт, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хууль сануулж авсан хохирогч, гэрч А.Т, Г.Тболон шинжээч эмч Б.Днарын мэдүүлэг, 7536 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь: хохирогч П.Тнь маргалдаж байхдаа эхэлж миний биед халдаж байгаа камерын бичлэг хэрэгт авагдсан. Тухайн үед байсан ганц гэрч Алтанцэцэг ч түүний над руу дайрсан дайралтын талаар мэдүүлдэг. Зүй нь хохирогч нь тэр биш Д.Э баймаар. Миний ямар үйлдлийн улмаас П.Тцээж хэсэгт байгаа том хэмжээтэй цус хуралт гэмтэл учирсан талаар анхан шатны шүүх дүгнээгүй. Тэрээр надаас өмнө өөр бусад байдлаар тус гэмтлийг авсан байх боломжтой. Тиймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Гэрч Б.Ань хохирогч, шүүгдэгч нарыг ажлаас болон маргалдан улмаар ноцолдож эхэлсэн, тэр үед өөрөө айгаад хүн дуудахаар гарсан талаараа мэдүүлсэн болохоос ноцолдоон, зодолдооны бүх үйл явцыг бүрэн харсан, бүх үед байсан талаар мэдүүлдэггүй. Уг хэрэг явдал болох үед хохирогчийн биед шүүгдэгчээс өөр гэмтэл учруулахаар хүн тэр үед тухайн газар байгаагүй болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тодорхой байдаг ба хэрэг үйлдэл болсон өдрөө хохирогч нь эмчид үзүүлж дээрх дүгнэлтийг гаргуулсан байна. Гар утасны богино хэмжээний бичлэгт хохирогч, шүүгдэгч хоёрын хэн нь хэнийгээ гэмтээхээр үйлдэл хийсэн талаар тодорхой бичигдсэн зүйл байхгүй ажээ.
Тиймээс шүүгдэгч Д.Эын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.
Шүүгдэгч Д.Эт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Эрүүгийн хариуцлагын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/951 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Отгонбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Отгонбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/951 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА