Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ20176/00017

 

Э.Цогхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00458 дугаар шийдвэр,          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1779 дүгээр магадлалтай,

Э.Цогхүүгийн нэхэмжлэлтэй

“Ариг банк” ХХК-д холбогдох,

гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 206.150.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Төмөрхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Цогхүү түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Санчир, Н.Мандах, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Цогхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Ариг” банктай зээлийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран, 18 дугаар гудамжны 61а тоотод байрлах, 411 м.кв хувийн орон сууцыг гарааш, гэр бүлийн хэрэгцээний 142 м.кв газрын хамт 72.000.000 төгрөг урьдчилгаанд төлж, 240.000.000 төгрөгөөр худалдан авсан. Тус зээлийн гэрээний 1.1-т зээлдэгч нь худалдан авсан нийтийн орон сууцны зориулалттай объектын үнийн дүнгийн 40 хувийг банкинд бүрэн төлснөөр уг объектыг зээлдэгчийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээг үйлдэх болно гэж заасан бөгөөд тус объектын орлогоор зээлийн эргэн төлөлтийг барагдуулахаар харилцан тохиролцсон. Би зээлийн гэрээний дагуу 16.268.742 төгрөг, хүүд 117.881.607 төгрөг, урьдчилгаанд 72.000.000 төгрөг, нийт 206.150.350 төгрөг төлж, банкинд хэт өндөр хүү төлж үндсэн зээлд 96.000.000 төгрөг төлөхөөс гэрээ байгуулснаас хойш 16.268.742,94 төгрөг төлсөн байна. Ариг банк болон Э.Цогхүү нарын хооронд хийсэн хэлцлийн зорилго нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах байсан. Уг зорилгоосоо хазайж хийсэн зээлийн гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу үүргийн гүйцэтгэлийг тодорхойлохыг хэт удаашруулж, хүү авах зорилгыг урдаа тавьж, үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн. Эхлээд үндсэн үүргийг биш, хүүг төлүүлж байснаас үндсэн зээл төлөгдөхгүй хуримтлагдаж, зээлдэгчийн эрх ашигт харшилсан. Уг объект нь Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгийн нэр дээр байсан гэдгийг сүүлд мэдсэн, мөн Монгол банкны зээлийн санд бүртгүүлээгүй байсан.

Иймд зээлийн урьдчилгаа, үндсэн зээл, хүүд төлсөн 206.150.350,55 төгрөгийг “Ариг” банкнаас буцаан гаргуулж, дээрх хувийн сууц, гараашийг зээлээр бус санхүүгийн түрээсээр авах байсан тул анхнаасаа худалдах худалдан авах гэрээг халхавчилж хийсэн 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 12/17 тоот зээлийн болон санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Тус банк нь Э.Цогхүүгийн 2012.03.12-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу харилцан тохиролцож, 2012.04.27-ны өдөр зээлийн гэрээ болон санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг тус тус байгуулж  нийт 168.000.000 төгрөгийг жилийн 5.2 хувийн хүүтэйгээр 120 сар буюу 2022.04.27-ны өдөр хүртэлх хугацаатай зээлдүүлсэн. Уг объект нь 240.000.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл хангуулахаар бүртгэлтэй байсан бөгөөд Э.Цогхүү хүсэлт гаргасны дагуу 72.000.000 төгрөгийн урьдчилгааг объектын хуучин өмчлөгч Ш.Оюунцэрэнд төлж, үлдэх 168.000.000 төгрөгийг “Ариг” банкнаас зээлэн Ш.Оюунцэрэнд шилжүүлсэн. Урьдчилгаанд төлсөн 72.000.000 төгрөг нь банкинд биш бөгөөд Ш.Оюунцэрэнд объектыг худалдан авахад төлсөн дүн юм. Харин Э.Цогхүү уг объектыг бусдад дамжуулан түрээсэлж, олсон ашгийн зохих хэсгээр зээлийн төлбөрийг төлж, үлдсэн  нь  ашиг болж үлдсэн. Банк болон харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ нь үл хөдлөх хөрөнгө худалдан авах зорилгоос хазайж хууран мэхэлж хийгдсэн хэмээн дурьдсан нь талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох бодит үндэслэл болохгүй юм. Тиймээс нэхэмжилж буй 206.150.350 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг объект нь Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгийн нэр дээр байсан гэдгийг гэрээ байгуулагдах үед болон түүнээс хойш ч мэдэж байсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэж байгаа нь хуульд нийцэхгүй, зээлийн гэрээ хүчин төгөлдөр. Харин санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрч байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Төмөрхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Би “Ариг” Банк ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай банк аливаа өмчлөлийн зүйлс болох газар болон үл хөдлөх эд хөрөнгийг гүйцэтгэх захирлын нэр дээр гаргуулан бүртгэдэг. Энэ нь банкны тухай хууль болон дотоод дүрэм журмаараа зохицуулагддаг харилцаа юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу хуулийн этгээд нь газар өмчлөх боломжгүй байдаг тул “Ариг” Банк ХХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигч болон ТУЗ-ийн бүрэн эрхэд хамаарахаас бусад бүх асуудлыг ганцаар захирах зарчмын дагуу бие даан шийдвэрлэнэ гэж заасны дагуу банкны буюу хуулийн этгээдийн нэр дээр өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдэх боломжгүй, зарим үл хөдлөх хөрөнгүүдийг миний нэр дээр шилжүүлэн бүртгэдэг. Тухайн үед нэхэмжлэгчийн хүсэлтээр “Ариг” Банк ХХК Э.Цогхүү нарын хооронд 168.000.000 төгрөгийн гэрээ байгуулагдаж уг дүнгийн 40 хувийг буюу 96.000.000 төгрөгийг “Ариг” Банкинд төлснөөр уг объектыг Э.Цогхүүгийн өмчлөлд шилжүүлэн барьцааны гэрээ үйлдэхээр шийдвэрлэсэн. Иймд хариуцагч талыг дэмжин оролцож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00458 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан Эрэл банк /Одоогийн Ариг банк/, Э.Цогхүү нарын хооронд байгуулагдсан 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Ариг банкнаас 206.150.350 /хоёр зуун зургаан сая нэг зуун тавин мянга гурван зуун тавин/ төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Цогхүүд олгож, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61А тоотод байрлах 411 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036271 бүртгэлд бүртгэгдсэн хувийн сууц, гараж болон Г-2205003585 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний 142 м.кв газрын эзэмшил хариуцагчид хэвээр үлдэх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Эрэл банк, Э.Цогхүү нарын хооронд байгуулагдсан 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Цогхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 172.111.659 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.188.810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.188.810 /нэг сая нэг зуун наян найман мянга найман зуун арван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Цогхүүд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 1.018.509 /нэг сая арван найман мянга таван зуун есөн/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ариг банкинд тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1779 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлаж, уг заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.9, 56.5-д зааснаар Эрэл банк /одоогийн Ариг банк/ Э.Цогхүү нарын хооронд байгуулагдсан 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Ариг банкнаас 206.150.350 төгрөгийг гаргуулан Э.Цогхүүд олгож, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61а тоотод байрлах 411 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн орон сууц, гараж, гэр бүлийн хэрэгцээний 142 м.кв өмчлөлийн газрын өмчлөх эрх иргэн Д.Төмөрхүүгийн нэр дээр бүртгэлтэй байгаа болохыг дурдсугай гэж, 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан “...,санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Цогхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж тус тус өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ариг банкны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.188.702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 1779 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дахь хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар үндэслэж тодорхойлсон. Шүүх энэхүү үндэслэлийг хүлээн авч, хэргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.9 дүгээр зүйл заалтад зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь;

Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх мөрөнд дурдсанаар “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 56.1.9, 56.5-д зааснаар Эрэл Банк Э.Цогхүү нарын хооронд байгуулагдсан 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Ариг Банкнаас 206.150.350 төгрөгийг гаргуулж Э.Цогхүүд олгох...” хэмээн шийдвэрлэснийг хариуцагчийн зүгээс шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэлгүйгээр нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Эрэл банк болон иргэн Э.Цогхүү нарын хооронд холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр зээлийн гэрээг хууль зөрчсөн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хэмээн шүүх дүгнэсэн нь Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолтой зөрчилдөж байгаа үйлдэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолыг тайлбарласан байдаг бөгөөд талуудын хооронд хууль ёсны дагуу байгуулагдсан 168.000.000 төгрөгийг хууль ёсоор шилжүүлсэн зээлийн гэрээ байсаар байтал буруу дүгнэсэн.

2. Тус тайлбарын 56.1.3-д заасан "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилсан болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино. Энэ нь нэг хэлцэл нь нөгөөгөө халхавчилсан хоёр хэлцэл хийгдсэн байхыг заавал харгалзан үзэх шаардлагатай байна гэж тайлбарласан байна. Маргалдагч талуудын хооронд зөвхөн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү зээлийн гэрээ нь ямар нэгэн хэлцлийг халхавчлаагүй бөгөөд өөр халхавчлуулж буй хэлцэл байхгүй байхад шүүх өөр хэлцлийг халхавчилсан хэмээн дүгнэсэн үндэслэлгүй юм.

3. 56.1.9-д заасан “хуулийн этгээд уйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэдэгт.... хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгоно. Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөөс гадуур эсхүл улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэлээс өөр ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл боловч энэ зохицуулалтад хамаарахгүй хэмээн заасан байдаг бөгөөд Банк нь үйл ажиллагааныхаа хүрээнд зээл олгосныг хууль зөрчиж хийсэн хэлцэл хэмээн дүгнэн үзсэн нь үндэслэлгүй болно.

4. Иргэний хуулийн 56.5-д заасны талаар шийдсэн байгаа ч алдаатай тооцоолсон байна. Хэрвээ уг хэлцлийг хүчингүйд тооцсон ч мөнгө шилжүүлсэн баримтаас авч үзвэл 168.000.000 төгрөг банкнаас гарсан үүнийг нэхэмжлэгч Э.Цогхүү нь банкинд өгөх ёстой болно. Харин Э.Цогхүү нь манайхаас зээлж авсан 168.000.000 төгрөгөө 72.000.000 төгрөгтэйгээ нийлүүлэн 240.000.000 төгрөгийг Ч.Энхбат болон өөрийн эхнэр болох Ш.Оюунцэрэн нарт өгсөн гэдэг нь үйл баримтаар тогтоогдож байгаа эндээс үзвэл гэрээг хүчинтөгөлдөр бусад тооцсоны үр дагаврыг нэхэмжлэгч Э.Цогхүү нь Ариг Банкнаас биш Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нараас нэхэмжлэх ёстой эсэхийг шүүх хянан үзээгүй. Мөн нэхэмжлэгч Э.Цогхүүгийн нэхэмжлэлийн нэгэн хэсэг болох 117.000.000 төгрөг нь уг объектыг түрээсэлж ашиг олоод төлж байсан мөнгө гэдгийг шүүх авч үзэлгүй орхигдуулсан байгаа билээ.

Харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хууль зүйн хувьд дүгнэн авч үзвэл, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн Э.Цогхүүгээс гаргасан хүсэлтийнх нь дагуу харилцан тохиролцож, байгуулсан, хууль зүйн хувьд хүчин төгөлдөр хэлцэл болно.

Нэхэмжлэгч Э.Цогхүү нь нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн хөрөнгөөр худалдан авсан үл хөдлөх хөрөнгө нь Д.Төмөрхүүгийн нэр дээр байгаа учраас хохирч, өөрт нь хохирол учирч байгаа мэтээр тайлбарладаг нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулах үедээ объектын өмчлөл Д.Төмөрхүүгийн нэр дээр байгаа болохыг мэдэж байсан, өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, банктай хэлцэл хийсэн, түүний дагуу 3 жилийн хугацаанд зээлийн төлбөрөө төлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч Ч.Энхбат, О.Анхбаяр нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, мэдүүлгээр хангалттай тогтоогддог.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 183/ШШ2016/00458 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1779 дугаартай магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүйн зэрэгцээ Иргэний хууль болон Банкны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.Цогхүү нь хариуцагч “Ариг” банкинд холбогдуулан зээлийн болон санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 206.150.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Тэрээр шаардлагын үндэслэлийг “...худалдах, худалдан авах гэрээг халхавчилж хийсэн” гэж тодорхойлсноос үзэхэд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах бус, харин хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах агуулгатай байна. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, “...зээлийн гэрээ байгуулсан” гэж маргажээ.

Э.Цогхүүгийн 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргасан “...үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад шаардлагатай байгаа 168.000.000 төгрөгийн зээл олгох” тухай хүсэлтийг “Эрэл” банкны зээлийн хороо хүлээн авч, зээл олгохоор шийдвэрлэсний дагуу зохигчид 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулжээ /хэргийн 1 дүгээр хавтас 20-26, 28, 32 дугаар тал/.

Уг гэрээгээр нэхэмжлэгч 168.000.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаагаар зээлэхээр тохирсон, хариуцагч уг мөнгийг зээлдэгчийн тус банк дах 2102004055 тоот дансанд 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн байна /хэргийн 1 дүгээр хавтас 131 дүгээр тал/.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлсэн тохиолдолд зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх бөгөөд зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заажээ.

“Эрэл” банк зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, нэхэмжлэгч зээл, хүүгийн төлбөрт 134.150.350 төгрөг төлсөн байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Тодруулбал, үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар үүсэх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч зээлийг өөрөө захиран зарцуулсан байна.

Харин “Эрэл” банк нэрээ “Ариг” банк болгон өөрчилсөн, нэхэмжлэгч тус банкинд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нар нь 2011 оны 11 дүгээр сард “Эрэл” банкнаас зээл авахдаа өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 18 дугаар гудамжны 61а тоотын 411 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гараж, 142 м.кв газрыг тус банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгийн өмчлөлд шилжүүлсэн байх ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд дээрх эд хөрөнгийг буцаан худалдан авахаар тохирч гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч Э.Цогхүү дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нараас 240.000.000 төгрөгөөр худалдан авсан, ингэхдээ урьдчилгаа 72.000.000 төгрөгийг өөрийн дансанд байршуулж улмаар үлдэх 168.000.000 төгрөгийг банкнаас зээлж, нийт 239.496.000 төгрөгийг Ч.Энхбатын дансанд 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн байна. Түүнчлэн Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нар нь Э.Цогхүүгийн шилжүүлсэн мөнгөнөөс “Эрэл” банкнаас авсан зээлийг төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримт болон гэрч Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн, Л.Анхбаяр нарын мэдүүлгээр тогтоогджээ /хэргийн 1 дүгээр хавтас 29, 56, 79, 103, 128-129, 132 тал, 2 дугаар хавтас 25-29 дүгээр тал/.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Э.Цогхүү нь Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нараас хувийн орон сууц худалдан авч, үнийг бүрэн төлсөн бөгөөд тэрээр уг эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаагаа үгүйсгээгүй болно.

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээнээс өөр гэрээ байгуулаагүй, энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Э.Цогхүүгийн “Ариг” банктай байгуулсан зээлийн гэрээ нь Э.Цогхүү болон Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нарын хооронд хийсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг халхавчлаагүй, эдгээр нь тус тусдаа  бие даасан гэрээ байна.

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй” гэж заасан. “Эрэл” банк нь Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нарын авсан зээлийг төлүүлэх зорилгоор орон сууц, газрын өмчлөх эрхийг тус банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгийн нэр дээр түр шилжүүлснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн бөгөөд энэхүү гэрээгээр шилжүүлэх эд хөрөнгө нь зөвхөн хөдлөх эд хөрөнгө байхаар тодорхойлсон.

“Эрэл” банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хөдлөх хөрөнгийг бус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хуульд нийцээгүй боловч уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч болох Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нар захиран зарцуулсан байх тул тус банкны захирал Д.Төмөрхүүгийн нэр дээр өмчлөл бүртгэлтэй байгаа нь ач холбогдолгүй болжээ.

Зохигчдын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан санхүүгийн түрээсийн барьцааны гэрээний 1.2-т “барьцаалуулагч нь 1.3 дах хэсэгт заасан өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг банкинд түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелэлтийг хангуулах баталгаа болгон барьцаалж байна” гэжээ /хэргийн 1 дүгээр хавтас 7 дугаар тал/.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т зааснаар санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг. Э.Цогхүү нь банкнаас эд хөрөнгө түрээслээгүй, түрээсийн гэрээний үүрэг үүсээгүй тул санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ нь анхнаасаа ямар нэг үр дагаврыг үүсгээгүй байна. Иймд “санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг батлах шаардлагагүй.

Түүнчлэн шүүх хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Хариуцагч “зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 172.111.659 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлээ жич шийдвэрлүүлэхээр татан авсан, энэ тохиолдолд нэхэмжлэл гаргаагүй гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч нь худалдан авсан орон сууц, газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчаас шаардахад энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Э.Цогхүүгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00458 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1779 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.9, 56.5-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Ариг” банкинд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 206.150.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Цогхүүгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан хариуцагч “Ариг” банк сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Хан-уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 1.018.509 төгрөгийг буцаан гаргуулж олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Ариг” банкнаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 1.188.702 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ