Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 22

 

        

         Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын 4-р багт оршин суух, иргэн П.Наран-Эрдэний нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргад холбогдох,

        “Наранбулаг сумын Засаг даргын 2016 оны 1 сарын 11-ний “П.Наран-Эрдэнийг ажлаас халах тухай” Б/01 дугаар захирамж хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Наран-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Наранбулаг сумын Засаг дарга Ю.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч П.Наран-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: " Пэрэнлэй овогтой Наран-Эрдэнэ миний бие нь 2013 онд хүүхдийн их эмч мэргэжил эзэмшиж, 2014 оны 6 сараас Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан. Ажил олгогч Наранбулаг сумын Засаг дарга нь надтай үр дүнгийн гэрээ байгуулахгүйгээр 1 жил 6 сар ажиллуулаад 2016 оны 1 сарын 11-ний Б/01 дугаар захирамж гарган намайг ажлаас халсан. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгож буй уг тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5, 131.1.3, Төсвийн тухай хууль, ЗЗНДНТУТХ-ийн заалтуудыг үндэслэл болгосон байна. Миний хувьд үр дүнгийн гэрээ байгуулаагүй учир ямар ноцтой зөрчил гаргаснаа ойлгохгүй байна. Түүнчлэн байгууллагын төсвөөс хувьдаа мөнгө завшаагүй. Байгууллагын тээвэр шатахууны зардлаас 570000 төгрөг давхардуулан гаргаж авсан, хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу бүх ажилчид илүү цагийн мөнгө авсан байхад намайг ихэнхийг нь авсан гэж нотлох баримтгүй зүйлийг үндэслэл болгон миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Миний бие анх Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаас 823 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгож, захиргааны хэргийн шүүхийн харъяаллын маргаан байна гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргасан бөгөөд миний гомдолд 2016 он 5 сарын 4-ний өдрийн тоот албан бичгээр сумын Засаг даргын захирамж үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн учир танай шүүхэд хандаж байна. Иймд Наранбулаг сумын Засаг даргын 2016 оны 1 сарын 11-ний “П.Наран-Эрдэнийг ажлаас халах тухай” Б/01 дугаар захирамж хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Ю.Баттулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Наранбулаг сумын иргэн П.Наран-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

      1. П.Наран-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажил олгогч Наранбулаг сумын Засаг дарга Ю.Баттулга нь надтай үр дүнгийн гэрээ байгуулахгүйгээр 1 жил 6 сар ажиллуулаад..., миний хувьд үр дүнгийн гэрээ байгуулаагүй учир ямар ноцтой зөрчил гаргаснаа ойлгохгүй байна гэжээ. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу төсвийн шууд захирагч борлон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харъяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана гэж заасны дагуу 2014 оны үр дүнгийн гэрээг дүгнэн цалин нэмэгдэл хөлс, бусад нэмэгдэл, ажилласан хугацааны амралт, ур чадварын нэмэгдэл зэрэг хөдөлмөрийн хөлс болон бусад хуулиар олгосон нөхцлүүдийг эдэлсэн. Харин 2015 оны үр дүнгийн гэрээг байгуулахаар гэрээний төслийг боловсруулан ирэхэд нэмэгдэл засвар хийлгэхээр явуулсан боловч ирж гэрээ байгуулаагүй болно. Энэ үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг зогсоож тухайн үед ажлаас чөлөөлөөгүй үйлдэл миний буруу болно. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй тохиолдолд хуучин гэрээ үргэлжлэн мөрдөгддөг журмын дагуу өөрийнх нь гаргасан гэрээний биелэлтийг тооцон холбогдох цалин хөлс, нэмэгдэл, ур чадварыг 2015 онд олгосон болно. Энэ утгаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,4, 40.1.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь заалтыг зөрчиж ночтой зөрчил гаргасан нь Увс аймгийн дотоод Аудитын хорооны 2015.01.06-ны өдрийн 02 тоот тогтоолоор тогтоогдсон нь ажлаас халах тухай Б/01 дүгээр захирамжийн үндэслэл болсон.

        2. Мөн нэхэмжлэлдээ байгууллагын тээвэр шатахууны зардлаас 57.000 төгрөг давхардуулан гаргаж авсан, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журманд заасны дагуу  бүх ажилчид илүү цагийн мөнгө авсан байхад намайг ихэнхийг нь авсан гэж нотлох баримтгүй зүйлийг үндэслэл болгосонд гомдолтой байна гэжээ. Энэ нь санхүүгийн хяналт, Аудитын алба Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд хяналт шалгалт хийсэн тухай шалгалтын материалын 3.1-д заагдсан.

        Асуудал 1-ийн 3 дахь доголд бичигдсэн “Цалингийн нэмэгдэл нийт цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг зөрчиж 2015 оны 1, 2, 3, 4, 8, 9-р саруудад тус эмнэлгийн дарга П.Наран-Эрдэнэ бүгд 552.644 төгрөг, 3-р сард их эмч Т.Роза 70009 төгрөг, 2,3,4-р саруудад 1-р багийн эмч Н.Цэнгэл бүгд 276.851 төгрөг, 9-р сард эх баригч П.Эрдэнэ 23.379 төгрөгийн нэмэгдэл цалин илүү авч нийт 4 хүний 922.903 төгрөгийн илүү цалин олгогдсон байна” гэж тогтоогдсон.

        Дээрх тайлантай П.Наран-Эрдэнэ өөрөө ч танилцаж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Иймээс хүнийг нотлох баримтгүй гүтгэсэн асуудал байхгүй.

       Асуудал 2-т Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх заалтуудыг зөрчиж байгууллагад хамааралгүй хөрөнгийн өөрчлөлтийг анхан шатны баримтанд хуурамчаар тусган төсвийн хөрөнгө шамшигдах нөхцөл үүсч байна гэж дурдсан. Төсвийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, төсвийн ил тод байдлыг алдагдуулж, эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг үйлдэл нь санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас хийсэн хяналт шалгалтаар тогтоогдож, аймгийн Засаг даргын 2015.12.11-ний өдрийн 1/1405 тоот, Увс аймгийн дотоод Аудитын хорооны 2016.01.06-ны өдрийн 02 тоот тогтоолоор тогтоосон

      3. Байгууллагыг удирдаж буй төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн мөнгийг зориулагдсан зориулалтынх нь дагуу зарцуулах, хяналт тавих эрх, үүргээ хэрэгжүүлж удирдлагаар хангаж ажиллаагүй, төсвийн байгууллагыг удирдах арга барил, харилцааны ёс зүйгүй харьцаж, байгууллагын даргын эрх мэдлээ хэтрүүлэн, ажиллагсдаа дарамталдаг, цаашид хамтран ажиллах боломжгүй гэж сумын Эрүүл мэндийн төвийн 23 ажилчдын 19 ажилтан өргөдөл гаргаж гарын үсэг зурж холбогдох газар ирүүлсний дагуу Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас хийсэн санхүүгийн тайланд сөрөг дүгнэлт гаргахад нөлөөлсөн нь төсвийн шууд захирагчийн буруутай үйлдэл юм.

      4. Сумын Засаг дарга нь Эрүүл мэндийн даргыг томилж чөлөөлөх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх нөхцөл байдлыг судлан үзэж аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж албан бичгээр хариу авсан төдийгүй, аймгийн Засаг даргын 2015.12.11-ний өдрийн 1/1405 тоотоор арга хэмжээ авах тухайн албан бичиг, Увс аймгийн дотоод Аудитын хорооны 2016.01.06-ны өдрийн 02 дугаар тогтоолын заалтын дагуу ноцтой зөрчил гаргасан нь 2016.01.11-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар ажлаас нь халах үндэслэл болсон.

        Иймд Эрүүл мэндийн төвийн дарга П.Наран-Эрдэний Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгч П.Наран-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Засаг дарга захирамжийнхаа дагуу надад арга хэмжээ авсан бөгөөд байгууллагын түлш халаалтын зардалд байгаа 1.500.000 төгрөгийн зардлаар 3 машин мод худалдаж авахаар байтал 2 машин модыг байгууллагынхаа ажилчдаар бэлтгүүлж 1 машин модны зардлаар 2 машин мод бэлтгэж авсан. 2 машин мод бэлтгэж авсан 500.000 төгрөг, үлдэгдэл 500.000 төгрөг нийт 1.000.000 төгрөгийг байгууллагад тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулсан. Үүнд 2009 онд манай байгууллагад ирсэн УАЗ-469 маркийн автомашин огт засвар хийгдээгүй бөгөөд 2014 оноос эхлэн уг машиныг шинэчлүүлэх талаар тухайн үеийн Эрүүл мэндийн сайд, аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газарт удаа дараа албан тоот хүргүүлж байсан. Урсгал засварын зардал дээр мөнгө байхгүй байсан учраас аж ахуйн аргаар зохицуулж түлш халаалтын зардлаас гаргасан 1.000.000 төгрөгнөөс машины сэлбэг болох салаа помп, усны радиатор, нум, зэрэг эвдэрсэн хэсгүүдийг авахад зарцуулсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх, алсын дуудлага үйлчилгээний хэвийн байдлыг хангахын тулд зайлшгүй машины сэлбэг авах шаардлага гарсан бөгөөд төсвөөс хөрөнгө зарцуулах гэхэд төсөвт хөрөнгө мөнгө тавигдаагүй байсан нь маш их бэрхшээлтэй байсан. Энэ талаар сумын Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, эдийн засагчид нь хандахад 2015 он төсвийн хүндрэлтэй жил учраас ямар нэгэн боломж байхгүй байна чи өөрөө даргын хувьд энэ асуудлаа шийдвэрлэ, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох ёсгүй гэдэг зүйлийг хэлсэн. Үүний дагуу уг машинд 615.000 төгрөгний сэлбэг авсан ба мөн эмнэлэгт шинээр 2 ор авч тавьсан. Манай сумын эмнэлгийн төрөхийн өмнөх өрөөнд дээр үеийн сунасан пүрштэй ор л байсан. Төрөхөөр ирсэн эхчүүдэд энэ байдал нь хүндрэлтэй байсан учраас энэ асуудлыг шийдвэрлэж, эхчүүдийн ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2 модон ор авч тавьсан. Мөн эмнэлгийн гадаад орчинг ногоон байгууламжтай болгохын тулд услах шаардлагатай байсан учраас 105.000 төгрөгийн усны шаланк авсан. Мөн Эрүүл мэндийн төвийн даргын тамга элэгдэн бүдэг дарагдаж байсан тул шинэ тамга авсан ба зардал байхгүй байсан учраас уг мөнгөнөөс 95.000 төгрөгөөр тамга авсан. Энэ бүх авсан зүйлсийнхээ талаар аудитын газарт орлого, зарлагын баримттай нь хамт хуулбарлаж тайлбарыг хүргүүлсэн байгаа. Дараагийн асуудал нь намайг тээвэр шатахууны зардлаас 570.000 төгрөгийг байгууллагын хөрөнгөнөөс завшсан зөрчил гаргасан гээд байгаа. 2015 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас Глобал сангийн дэмжлэгтэйгээр сүрьеэгийн талаарх 3 хоногийн сургалт болоход миний бие нийгмийн ажилтан болон лаборанттайгаа хамт ирж уг сургалтанд суусан. Эхний өдрийн сургалтын үдээс хойш нь Эрүүл мэндийн газрын дарга намайг дуудаж уулзаад танай суманд Баян-Өлгий аймгийн тусламж үйлчилгээний хэлтсийн багийн гишүүд туршлага судлахаар очих гэж байна, чамд сургалтнаас чөлөө олгоё, очиж тэр хүмүүст ажлаа танилцуулаад буцаж ирж сургалтандаа суугаарай гэж хэлсэн. Тэгэхэд нь 10 дугаар сарын 01-ний өдрийн өглөө нь төслийн сургалтнаас өгсөн 57.000 төгрөгнөөс 18.000 төгрөгөөр нь  10 литр бензин хийж, ирж очих унааны зардлаа хийсэн. 39.000 төгрөгөөр нь ирсэн хүмүүст ус ундаа, чихэр жимс зэрэг зүйлсийг авч өгсөн. Мөн 35.000 төгрөгөөр иргэн Р.Одгэрэлээс адууны мах авч чанаж өгсөн. Энэ 35.000 төгрөгийг гаргах зардал байхгүй байсан учраас 1.000.000 төгрөгнөөс гаргасан. Эдгээр байдлыг дотоод хяналт аудитын хэлтсээс  зөрчил гэж үзсэн учраас 18.000 төгрөгийг ирж очих зардалд оруулан тооцож, байгууллагын даргынхаа эрх хэмжээний хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/31 тоот тушаалаар зарлага болгоод 39.000 төгрөгийг буцаагаад тээвэр шатахууны зардалд төвлөрүүлсэн. Дараагийн гурав дахь асуудал нь манай байгууллага 28 ажилтантай бөгөөд эдгээр ажилтнуудын 19 хүнээр гарын үсэг зуруулж намайг ёс зүйгүй байдал гаргадаг талаар ажилтнуудын саналыг авсан байдаг. Энэ нь үндэслэлгүй зүйл юм. Эрүүл мэндийн байгууллага нь байнгын бэлэн байдалд байдаг хариуцлагатай алба бөгөөд би зохих ёсны шаардлагыг ажилчиддаа тавьдаг байсан. Илүү цагийн хувьд намайг хамт олондоо хэлэхгүйгээр өөрөө ихэнх илүү цагаа авдаг гэж байна. Манай байгууллага энэ талаар ярьж хэлэлцдэг бөгөөд байгууллагын дотоод журмандаа заасныхаа дагуу л илүү цагийн хөлсийг бүх ажилчид авдаг байсан. Энэ талаарх санхүүгийн баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. Би Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу илүү цагийн хөлсийг авсан. Мөн Засаг дарга миний хүүхдийн эмчийн 40 хувийн нэмэгдлийг хасаж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны эрүүл мэндийн төвд ажиллаж байх явцад хүүхэд, нярай, эх барих, осол гэмтэл, хавдар, цус харвалт, зүрхний шигдээс гэх мэтийн олон төрлийн эмгэгтэй өвчтөнүүд байдаг бөгөөд эдгээр хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд сумын эмч, сумын Эрүүл мэндийн төвийн даргын хувьд өндөр хариуцлага, ур чадвар, дадлага туршлага шаарддаг. Үүний хажуугаар байгууллагын санхүү, аж ахуйн асуудал мөн хамт олноо удирдан зохион байгуулах зэрэг ажлуудыг давхар хариуцан ажилладаг. Би хууль дүрэм заавар журмын дагуу  ажилласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ

          Хариуцагч Наранбулаг сумын Засаг дарга Ю.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудлаар өмнө нь иргэний хэргийн шүүхэд яригдаж байсан. П.Наран-Эрдэниийг ажлаас чөлөөлсөн захирамжинд ажлаас халсан үндэслэлийг тодорхой зааж өгсөн байгаа. Хамгийн гол үндэслэл нь хамт олноос ирүүлсэн гомдлыг үндэслэсэн байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас ноцтой зөрчил гаргаснаа ойлгохгүй байна, хувьдаа байгууллагын төсвөөс  мөнгө завшсан асуудал байхгүй болно гэсэн байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн санхүүгийн баримтнаас харахад зөрчил гарсан талаар харин ч тодорхой болж байна гэж үзэж байна. Аймгийн аудитын газраас шалгалт хийж тогтоол шийдвэр гарсны дараа бүх зөрчлүүдээ арилгасан байдаг. Мөн тогтоол дээр гарын үсгээ зурж зөвшөөрсөн байдаг. Тухайн үед тийм үйлдэл хийгээгүй байсан бол гарын үсэг зурахгүй байх боломжтой байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсний хувьд Төсвийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1-т Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна гэж заасан ба нэхэмжлэгчтэй 2014 оны 01 дүгээр сарын 01-нд байгуулсан гэрээ байгаа бөгөөд хугацаа нь дуусаад 2015 онд байгуулсан гэрээг сайн анзаарсан бол би засаад өөрчлөлт оруулах хэрэгтэй юм байна гээд явуулахад дахиж өөрчилж авч ирээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан байдаг ба үр дүнгийн гэрээгээр харилцаагаа зохицуулаад явах ёстой. Бусад сумуудтай харьцуулж үзэхэд менежертэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан сум байхгүй байсан. Нэхэмжлэгч нь томилогдсоноос хойш 1 жилийн хугацаанд бүх төрлийн цалин, нэмэгдэл, урамшуулал, ээлжийн амралт зэргээ эдэлж байгаа учраас хөдөлмөрийн харилцаа үүсэх үндэслэлтэй гэж үзэж байна. Байгууллагын тээвэр шатахууны зардлаас 57.000 төгрөг давхардуулж гаргасан гэдэг асуудлын хувьд аудитын дүгнэлтийг өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байдаг. Мөн илүү цагийн асуудлын хувьд нотлох баримтгүйгээр гүтгэж байна гэсэн байна. Эрүүл мэндийн салбар бол онцгой салбар бөгөөд ялангуяа манай сумын хувьд 11,12,1,2 дугаар сард өвчлөл, алсын дуудлага ихэсдэг бөгөөд үүнтэй холбоотойгоор эмнэлгийн ажилтнууд, эмч нарын илүү цаг нэмэгддэг асуудал байдаг ба нэхэмжлэгч ажилласан илүү цагаа өөрөө бүрэн авдаг талаар сумын эрүүл мэндийн төвийн ажилтнуудын гарын үсэгтэй гомдол байдаг. Би илүү цагийн асуудлыг ил тод нээлттэй, тухайн сарын төсөв нь хэр байна, хэн хэнд хэдэн цагийн илүү цагаар ажилласан хөлсийг олгох боломжтой байна зэрэг асуудлыг ажилтнууддаа танилцуулж байх талаар нэхэмжлэгчид шаардлага тавьж байсан бөгөөд энэ асуудал хэрэгжихгүй байсан учраас ийм гомдол гарсан байх. Нэхэмжлэгч нь нийт 63 цаг илүү цагаар ажилласан ба бусад эмч нар болон ажилтнуудтай харьцуулахад ихэнх илүү цагийн хөлсөө өөрөө авсан байдаг. Засгийн газрын 1996 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 96 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг яаж мөрдөх нь тухайн байгууллагын дотоодын асуудал бөгөөд эдгээр хүмүүсийн гомдол нь үндэслэлтэй юм. Мөн илүү цагийн асуудлаар хангалттай материал шүүхэд гаргаж өгсөн байгаа. Аймгийн Дотоод аудитын хорооны тогтоол нь албан ёсны бөгөөд хяналт шалгалтаа хийгээд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу нэхэмжлэгчид арга хэмжээ авах талаар чиглэл өгсөн байдаг. Нэхэмжлэгч анхнаасаа хуулийнхаа дагуу ажилласан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Байгууллагын ажилчид гарын үсэг зурсантай холбоотой нэмж хэлэхэд нэхэмжлэгч 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр анх ажилд ороод 7 дугаар сард хүүхдийн сувиллын хоолны асуудлаар хөтөлбөр хэрэгжиж, дараа нь аудитаас шалгалт хийхэд 367.000 төгрөгний акт тавигдсан байдаг. Мөн Орон нутгийн хөгжлийн сангаас нөхөн үржихүйн хүрээнд сумаас 18.000.000 төгрөгийг тусгаж өгсөн бөгөөд түүнээс халад авч, 2.700.000 төгрөгөнд тааруулахын тулд 4 удаа падаан бичсэн байдаг. Энэ мэтчилэн илүү цагийг өөрөө авдаг, санхүүгийн асуудалтай холбоотой ажилтнуудын гомдолтой байгаа нь зөв гэж үзэж байна. Уг нь ямар нэгэн зүйл хийх санаа нь зөв боловч Төсвийн тухай хуулиа зөрчсөн үйлдэл гаргасан нь буруу юм. Нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээг байгуулсан бөгөөд Төсвийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2-т тодорхой заасан байдаг ба аудитын гарсан тогтоолд нэхэмжлэгч өөрөө гарын үсгээ зурж зөвшөөрсөн байдаг. Хамт олны гаргасан гомдол дотор нэхэмжлэгчтэй холбоотой олон асуудал байгаа бөгөөд дандаа санхүүгийн холбогдолтой зүйлүүд байдаг. Би энэ байдлыг 1 сар тэвчсэн. Аймгийн Хурлын тогтоол, аудитын дүнэлт гарсан байхад нэхэмжлэгчид арга хэмжээ авахгүй хамгаалж байна гэж сумын хурлаас хүртэл надад албан тоот ирүүлсэн байдаг бөгөөд албан ёсны баримтуудыг бүрдүүлж байгаад холбогдох арга хэмжээг нь авсан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Засаг даргын захирамжинд П.Наран-Эрдэнийг 3 үндэслэлээр ажлаас халсан байдаг. Төсвийн тухай хуулийг зөрчиж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн байдаг. Тушаалд заасан үндэслэл нь гаргасан зөрчилтэйгээ тохирсон байх ёстой. Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль тохирох үндэслэлийг заавал баримталсан байх ёстой ба тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-г баримталсан бөгөөд сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсвэл хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 зэрэг заалтуудын яг аль заалтыг баримталсан нь тодорхойгүй байна. Хариуцагч тайлбартаа Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар гэж тайлбарлаж байна. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь заалт нь төсвийн ерөнхийлөн захирагчид хамаарах заалт бөгөөд П.Наран-Эрдэнэд хамаарах заалт биш ба хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг ажлаас халсан дараагийн үндэслэл нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг. 500.000 төгрөгөөр халаалтын зардлаа шийдээд үлдэгдэл 1.000.000 төгрөгнөөс 350.000 төгрөгөөр машиндаа радиатор, салаа помп, шаланк, нум, 330.000 төгрөгөөр 2 ширхэг ор авч тавьсан бөгөөд эдгээр зардлууд нь нийт 945.000 төгрөг болсон байдаг. Сургалтын 57.000 төгрөгийг зарцуулсан гэдэг нь Эрүүл мэндийн газарт сургалтанд суухаар ирээд байж байтал Баян-Өлгий аймгаас хүмүүс ирж Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцахаар болж буцаж явах шаардлагатай болсон учраас 18.000 төгрөгөнд бензин хийсэн бөгөөд үлдсэн 39.000 төгрөгийг юунд зарцуулсан талаар баримт нь байдаг. Буцаагаад энэ мөнгөө бензин тосны зардалд нь байршуулсан байдаг. Хэрэгт П.Наран-Эрдэнийг ажлаас халсан талаар 2 тушаал байдаг бөгөөд огноо нь адил мөртлөө нэг тушаал дээр нь 570.000 төгрөг нөгөө тушаал дээр нь 57.000 төгрөг гэж зөрүүтэй бичигдсэн байдаг. Дараагийн үндэслэлийн хувьд Засгийн газрын 96 дугаар тогтоолд заасан Төрийн албан хаагчид олгох цалингийн нийт нэмэгдлийн хэмжээ цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг зөрчиж илүү цагаа ганцхан өөр дээрээ гаргаж авдаг гэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1-т заасны дагуу ганцхан нэхэмжлэгч бус бусад эмч сувилагч нар илүү цагаар ажилласныхаа төлөө нэмэгдэл хөлс авах ёстой. Нэхэмжлэгч нь 1990 оны 90 дүгээр тогтоолын 1-р хавсралтын 3-т заасны дагуу өрхийн эмч, их эмч, бага эмч, багийн эмч нар 20 хувийн нэмэгдэл авна гэсний дагуу нэмэгдлээ авсан байдаг. 1995 оны 96-р тогтоолд ур чадварын нэмэгдлийн доод хэмжээг 10 хувь байна гэсэн бөгөөд Засаг дарга анх ажилд томилсон захирамжийнхаа хавсралтанд энэ талаар дурдаж зөвшөөрсөн байдаг ба энэ тушаал нь хүчингүй болоогүй учраас үүнийхээ дагуу урамшууллаа авч байсан. Харин Засаг дарга нь Засгийн газрын 150-р тогтоолд заасан хүүхдийн эмч, лаборант эмчийн авах ёстой нэмэгдлийг 2015 оноос хойш олгоогүй байдаг. Мөн хүүхдийн эмчийн ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдлийг олгоогүй байдаг. Нэхэмжлэгч нь 90-р тогтоолын дагуу 20 хувийн нэмэгдэл, ур чадвар 20 хувийн нэмэгдэл, илүү цагийн нэмэгдэл зэргийг хуульд заасан үндэслэл журмынхаа дагуу авч байсан бөгөөд энэ нь хөдөлмөрийн харилцааг дуусгах үндэслэл, зөрчил биш юм. Нэхэмжлэгчийг ажилтнуудтайгаа зүй бусаар харьцдаг гэдэг зүйлийг мөн үндэслэж ажлаас халсан байдаг бөгөөд тушаалд зааж байгаа үндэслэлүүд нь ойлгомжтой тодорхой байх ёстой. Хэдэн сарын хэдний өдөр яг ямар ёс зүйн зөрчил гаргаад байгаа юм, хэн гэдэг ажилтантай ямар байдлаар яаж харьцсан, ажлын байрны дарамтыг яаж учруулсан талаар нэг бүрчлэн тодруулаагүй, энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй, харин гомдолтой холбогдуулаад эрүүл мэндийн газраас шалгалт хийхэд ийм ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй П.Наран-Эрдэнэ нь өндөр шаардлага тавьдаг, ширүүн харьцдаг ч гэсэн зохих ёсны шаардлагыг л тавьдаг гэсэн тайлбарыг ажилтнууд хэлсэн байдаг. Энэ байдлаар Засаг даргын нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлүүд нь тогтоогдохгүй байна. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна гэж заасан бөгөөд гэрээ байгуулах, байгуулсан гэрээгээ дүгнэх үүрэг нь ажил олгогчид байдаг. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгасан байна гэж заасан байх ба энэ талаар илүү нарийвчилсан зохицуулалт байна уу? гээд харахад үр дүнгийн гэрээний дээд талд байдаг төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам, хавсралт 1,2-т заасны дагуу гэрээг ямар загвараар яаж байгуулах нь зохицуулагддаг байна. Төрийн албаны салбар зөвлөлийн 134-р тогтоолын 1 дүгээр хавсралтанд Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 1.1-т Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэхэд энэхүү журмыг баримтална, 2.3-т төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу гэрээ байгуулна гэж заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй гэж заасан байна. Тэгтэл хариуцагч нэхэмжлэгчийг үр дүнгийн гэрээ авч ирээгүй би засаад явуулсан, гэрээ байгуулаагүй гэдэг зүйлийг хэлсэн байдаг бөгөөд нэхэмжлэгчид үр дүнгийн гэрээгээр хүлээх үүрэг үүсээгүй байна. Нэхэмжлэгч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах ашиг сонирхолтой этгээд мөн үү? гэдэг талаас үзэж огт байхгүй зүйлийг яаж зарцуулах талаар хариуцагчаас асуусан. Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн төсвийн сарын хуваарьт урсгал засварт жилийн хугацаанд 500.000 төгрөг тавигдсан бөгөөд энэ мөнгийг хэзээ зарцуулах вэ? гэхэд 10 сард зарцуулахаар байхад машин 1,2 дугаар сард эвдэрсэн бөгөөд сумын Тамгын газрын машиныг унах боломжтой талаар хариуцагч хэлсэн. Хэрэв Тамгын газрын машин сумандаа байгаагүй, Эрүүл мэндийн төвийн машин эвдэрсэн үед П.Наран-Эрдэнэ тусламж үйлчилгээг иргэдэд хэрхэн яаж үзүүлэх байсан юм бэ? Энэ байдлаас харахад нэхэмжлэгч хувьдаа төсвийн хөрөнгийг завшсан уу? гэхээр тийм зүйл байхгүй байдаг. Ор, машины эд анги гээд ерөөсөө л Эрүүл мэндийн төвийн төлөө л зүйл хийсэн байдаг. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 11.2.3, 11.2.4-т зааснаар энэ ажил нь ганцхан П.Наран-Эрдэний хийх ёстой ажил биш Засаг дарга дэмжиж хамтран ажиллах ёстой. Энэ асуудал нь ганцхан Засаг дарга П.Наран-Эрдэнэ хоёрын хоорондох асуудал биш Наранбулаг сумын иргэдийн эрүүл мэндийн асуудал бөгөөд холоос тусламж үйлчилгээ авч нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр ирсэн иргэд дахин аймаг орж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай болж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-т Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо нь хүн амын эрүүл мэндийг сайжруулах, хүн амд тэгш, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ гэж заасан байдаг бөгөөд төсөв хүндрэлтэй байна төсвийг хэмнэх ёстой гэдэг байдлаар урсгал засварт жилийн хугацаанд 500.000 төгрөгийг тавьж өгсөн байдаг. Энэ мөнгийг юунд зарцуулах ёстой вэ? гээд харахад 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 153 дугаартай Эрүүл мэндийн газрын албан бичигт сумдын эмнэлгүүдийн урсгал зардалд эд хогшлын зардал хангалтгүй ирдэг, 2015 оны төсвөөр Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд эд хогшлын төсөвт зардал тавигдаагүй, харин урсгал зардалд 500.000 төгрөг байгаа нь багийн эмчийн мотоцикль, байгууллагын барилгын урсгал засвар хийхэд зарцуулна гэсэн байна. Тэгэхээр эвдэрч гэмтсэн машин, эхчүүд төрөх орыг хаанаас яаж шийдэх нь тодорхойгүй сумаас нь дэмждэггүй, урсгал засвараас гаргахаар төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан гээд ажлаас халчихдаг ийм л зүйл болоод байна. Мөн сумын Засаг дарга үр дүнгийн гэрээ байгуулаагүй ч гэсэн П.Наран-Эрдэнэ нь 2015 онд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй гурвалсан гэрээ байгуулж, гэрээгээ дүгнүүлсэн бөгөөд тусламж үйлчилгээний чанар 88,2 хувь, эдийн засгийн үзүүлэлт 80,1 хувь, 2015 оны үйл ажиллагааг 4 хэлтэс дүгнэхдээ 5 онооноос 4,2 оноо авсан зэргээс үзэхэд Наранбулаг сумын Эрүүл мэндийн төв нь тийм ч доголдолтой муу ажиллаагүй, нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг дуусгах ночтой зөрчил гаргахаар хэмжээнд үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь харагдаж байна. Иймд тушаалд заагдсан үндэслэлүүд тогтоогдохгүй байна, мөн үр дүнгийн гэрээ байгуулах үүрэгтэй этгээд үүргээ биелүүлээгүй учраас эргээд нэхэмжлэгчтэй хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдээгүй гэж үзэж байна. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасны дагуу сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэж заасан ба хэрэгт зөвшилцсөн талаарх баримт байдаггүй.  Иймээс Наранбулаг сумын Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот захирамж нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч П.Наран-Эрдэнэ нь “Наранбулаг сумын Засаг даргын 2016 оны 1 сарын 11-ний “П.Наран-Эрдэнийг ажлаас халах тухай” Б/01 дугаар захирамж хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

      Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газраас  гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар  шийдвэрлэлээ. 

          Наранбулаг сумын Засаг дарга Ю.Баттулга 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот “Ажлаас халах тухай” захирамжаар нэхэмжлэгч Д.Наран-Эрдэнийг Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Төрийн Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131.1.3 дахь заалтуудыг үндэслэн дараах гурван үндэслэлээр ажлаас нь халжээ. Мөн өдрийн Б/02 захирамжаар Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр их эмч А.Мягмардарийг томилсон байсан учраас түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болно. 

          Нэг. Сумын эрүүл мэндийн төвийн ажилчдын гарын үсэг бүхий мэдээлэл өргөдлийн дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт шалгалтын албанаас хийсэн дүгнэлт-/аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 11-ний өдрийн1/1405 тоотоор ирүүлсэн/-ээр Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.4, 6 дугаар зүйлийн 6.2.3,6.4.1, 6.4.8, 6.6.6, 42 дугаар зүйлийн 42.2.3, 42.3.1,42.7, 25 дугаар зүйлийн 25.7 дах заалтууд болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 7 дугаар зүйлийн 7.1,7.4 дэх заалтыг зөрчин бодитоор мод бэлтгэсэн зардал 0.5 сая төгрөг байхад 1.5 сая төгрөг гаргаж халаалтын зардлаас зарцуулсан, төслийн сургалтын унааны зардал 57000 төгрөг олгосон байхад байгууллагын тээвэр шатахууны зардлаас давхардуулж гаргаж авсан гэх   үндэслэлийн талаар:

         Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн ажилчдаас ирүүлсэн мэдээллийн дагуу Увс аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр батлагдсан 18 тоот удирдамжийн хүрээнд санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор Г.Наранцэцэг Наранбулаг суманд 2015 оны 11 дүгээр сарын 09-нээс 10-ны  хооронд  тус Эрүүл мэндийн төвийн 2015 оны хагас жилийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит , хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Дотоод аудитор Г.Наранцэцэг нь П.Наран-Эрдэнийг  Төсвийн тухай хуулийг зөрчиж бодитоор мод бэлтгэсэн зардал 0.5 сая төгрөг байхад 1.5 сая төгрөг гаргаж халаалтын зардлаас зарцуулсан, төслийн сургалтын унааны зардал 57000 төгрөг олгосон байхад байгууллагын тээвэр шатахууны зардлаас давхардуулж гаргаж авсан гэж буруутгасан. Энэхүү хяналт шалгалтын үр дүн болон дотоод аудитын тайлантай Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Наран-Эрдэнэ танилцсан байгаа ба шалгалтаар илэрсэн алдаа, зөрчлөө хүлээн зөвшөөрч арилгасан болох нь Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргаас Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд хүргүүлсэн “дотоод аудитын хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай” 2015 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн албан тоот бичиг, гэрч   Наранбулаг сумын ЗДТГ-ын санхүүгийг албаны дарга Л.Оюун, нягтлан бодогч О.Ганчимэг нарын мэдүүлэг, тодорхойлолт, 2015 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн машины запас сэлбэг, модон орны зарлага, орлогын баримтууд, 2015 дны 12 дугаар сарын 14-ний өдрийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын А/31 дүгээр тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Эдгээр баримтуудаас үзэхэд П.Наран-Эрдэнэ нь 57.0 төгрөгийг тээвэр шатахууны зардлаас шууд зарцуулсан байсныг аудитын зөвлөмжийн дагуу 39.0 мян төгрөгийг тэтгэмж урамшууллын сангаас, 18.0 төгрөгийг тээвэр шатахууны зардлаас  гэж тус тус залруулж,  2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 510.0 мян төгрөгийн  машины запас сэлбэг, /радиатор, нум, салаа помп/ 330.0 төгрөгийн модон орыг байгууллагын орлогод авч, зардлын зүйл ангийн дагуу төсөвт суулгаж, 1.0 сая төгрөгийг эргүүлэн төлүүлж түлш авахуулсан байгаа ба тамганы үнэ 95.0 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн байна.

        Д.Наран-Эрдэнийг төсвийн мөнгийг хэмнэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх, алсын дуудлага үйлчилгээний хэвийн байдлыг хангах санаа зорилгоор ажил үүргээ гүйцэтгэснийг үгүйсгэх үндэслэл байхгүй юм. Гэхдээ  тэр төсвийн зардлыг хэмнэснээ үнэн зөвөөр тайлагнаж, төсөвт зохицуулалт хийх өөрөөр хэлбэл зардлыг бүлгээс бүлэгт шилжүүлэх асуудлыг эрх бүхий албан тушаалтанд хандан шийдвэрлүүлэх, ажилчдад үнэн зөв мэдээлэл өгөх, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.4-д заасан төсвийн иж бүрэн, үнэн зөв, ил тод байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. УИХ-аас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өдөр батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж дагаж мөрдөгдсөн байна. Наранбулаг сумын Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас халах шийдвэр гаргахдаа хүчин төгөлдөр бус Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хэрэглэсэн байна.

         2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Аймгийн засаг дарга Төсвийн тухай хуулийн 5.1.2, 6.4.1 заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.4 дэх заалтуудыг зөрчиж хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч П.Наран-Эрдэнэд Төсвийн тухай хуулийн 70.2-т заасны дагуу арга хэмжээ авч хариу мэдэгдэхийг үүгээр даалгаж байна гэсэн албан тоот бичгийг Наранбулаг сумын Засаг даргад хүргүүлсэн байна. Наранбулаг сумын Засаг дарга энэхүү албан бичгийг үндэслэн ажлаас халах тухай захирамжийг гаргажээ. Аймгийн Засаг дарга нь Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, арга хэмжээ, хөрөнгө оруулалтанд хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн тодоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулах эрхтэй боловч Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд  хяналт шалгалт хийсэн дотоод аудитын зөвлөмжид 2015 оны 12 сардаа багтаан алдаа зөрчлөө арилгаж, хариу мэдэгдэхийг нэхэмжлэгчид үүрэг болгосон хугацаа дуусаагүй, аудитын үр дүнг Дотоод аудитын хороо хэлэлцээгүй байхад төсвийн шууд захирагчид хамаарахгүй хуулийн зүйл заалтын дагуу арга хэмжээ авахыг даалгасан аймгийн Засаг даргын албан бичиг хууль бус байна.   

        Хоёр: 1996 оны Засгийн газрын 96 дугаар тогтоолд Төрийн албан хаагчид олгох цалингийн нийт нэмэгдлийн хэмжээ цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг зөрчин 2015 оны 1,2,3,4,8,9 дүгээр саруудад 552644 төгрөгийг илүү авснаас гадна сарын илүү цагийг хувиарлахдаа хамт олонд танилцуулж хэлэлцүүлэлгүй өөрөө байнга ихэнхийг нь тооцуулан авдаг гэх үндэслэлийн талаар:

       Наранбулаг сумын Засаг дарга 2014 оны 06 дугаар сарын Ажилд томилох тухай Б/09 дугаар захирамжийн хавсралтаар П.Наран-Эрдэнэд үндсэн цалин 644929 төгрөг МУ-ын Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолыг үндэслэн сумын эрхлэгч эмчийн 20 хувь, 1995 оны 96 дугаар тогтоолыг үндэслэн ур чадварын 20 хувь, 2012 оны 150 дугаар тогтоолыг үндэслэн хүүхдийн эмчийн 10 хувь, ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдлийг тус тус олгохоор шийдвэрлэжээ. Хариуцагч 2015 оны 01 сараас Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмчийн орон тоон дээр Мягмардарийг ажилд авсан учраас П.Наран-Эрдэнэд ажил хавсран гүйцэтгэсний болон хүүхдийн эмчийн нэмэгдлийг олгохоо зогсоосон гэж тайлбарласан байна.

       1995 оны Засгийн газрын “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох тухай” 96 дугаар тогтоолын 3-д төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ:-төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоожээ. Энэхүү тогтоолоор төрийн албан хаагчид зөвхөн “нэмэгдэл” олгох асуудлыг зохицуулсан байгаа бөгөөд илүү цагийн “нэмэгдэл хөлс” олгох асуудал энэхүү зохицуулалтанд хамаарахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэмэгдэл, нэмэгдэл хөлс хоёулаа цалин хөлсний бүрдэлд  багтдаг боловч 2 өөр ойлголтууд болох нь харагдаж байна. 

        Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн хөлс олгоно гэж зааснаас үзэхэд илүү цагаар ажилласан ажилтан нөхөн амарч чадаагүй нөхцөлд илүү цагийн нэмэгдэл хөлс авах эрхтэй байна.

        П.Наран-Эрдэнийг нөхөн амрах боломжгүй байсан  талаар Эрүүл мэндийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн Наранбулаг сумын ИТХ-ын ажлын албанд ирүүлсэн 532 тоот албан бичигт “ эмч дутагдалтай, мэргэжлийн бус эмчтэй зэргээс дуудлаганд ихэвчлэн өөрөө явж бас биеэр амрах боломжгүйгээс илүү цагийг гүйцэд авсан” гэж үзэж дүгнэжээ. П.Наран-Эрдэнэ 2015 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд хүргүүлсэн “дотоод аудитын хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай” албан тоот бичигтээ дотоод аудитын дүгнэлтийн нэмэгдэл хөлс олголттой холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дурьдсан байна.

         Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч Наранбулаг сумын Засаг дарга 1995 оны Засгийн газрын “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох тухай” 96 дугаар тогтоолыг буруу ойлгож тайлбарлаж хэрэглэсэн  байгаа бөгөөд мөн нэхэмжлэгчийг 2015 оны 1,2,3,4,8,9 дүгээр саруудад 552644 төгрөгийн нэмэгдэл  илүү авсан, сарын илүү цагийг хувиарлахдаа хамт олонд танилцуулж хэлэлцүүлэлгүй өөрөө байнга ихэнхийг нь тооцуулан авдаг гэж буруутгах үндэслэл байхгүй байна.

       Гурав: Байгууллагын даргын эрх мэдлээ хэтрүүлэн ажиллагсадтайгаа ёс зүйгүй харьцаж байнга дарамталдаг,  цаашид хамтран ажиллах боломжгүй гэж Эрүүл мэндийн төвийн нийт 23 ажиллагсдын 19 нь гарын үсгээ зурж ирүүлсэн гэх үндэслэлийн талаар:

          2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн 19 ажилтан сумын ИТХ болон Засаг даргад хандан өргөдөл хүсэлт гаргасан байна. Энэхүү өргөдөлд Эрүүл мэндийн төвийн дарга П.Наран-Эрдэнийг удирдлага, санхүүжилтийн /Төсвийн тухай/ хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа талаар дэлгэрэнгүй бичсэн байгаа бөгөөд уг өргөдлийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны аудитор Г.Наранцэцэг санхүүгийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн талаар дээр дурдсан байгаа. Харин тус өргөдөлд Эрүүл мэндийн төвийн дарга П.Наран-Эрдэнэ ажилчидтайгаа ажлын байранд дарамт байнга үүсгэдэг учир цаашид хамтран ажиллах хүсэлгүй байна гэж дурьдсан байгаа боловч ажлын байрны дарамтыг хэнд хэрхэн учруулсан, хэн хэнтэй ёс зүйгүй харьцсан  нь ямар нотлох баримтаар тогтоогдсон талаар тодорхой зүйл байхгүй байна. Эрүүл мэндийн төвийн ажилчдын мэдүүлгүүдээр ажлын байрны дарамт учруулсныг тогтоох боломжгүй юм. Аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороо нь сумын Эрүүл мэндийн төвийн даргын ёс зүйтэй холбоотой гомдол өргөдлийг хянан шалгах эрхтэй. 

       Төсвийн тухай хуулийн 70 зүйлийн 70.2 дэх хэсэгт Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн төсвийн ерөнхийлөн захирагчийг томилсон эрх бүхий албан тушаалтан тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах тухай зохицуулсан байна. Мөн  төрийн аудитын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан Төрийн аудитын тухай хууль нь төрийн албан хаагчийг ажлаас халах харилцаанд үйлчлэхгүй.   Наранбулаг сумын Засаг дарга сахилгын шийтгэл ногдуулах тухай  шийдвэр гаргахдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах асуудлыг зохицуулсан зүйл ангийн холбогдох зүйл, заалтуудийг баримтласан нь буруу болжээ.

         Наранбулаг сумын Засаг дарга Эрүүл мэндийн төвийн дарга П.Наран-Эрдэнэд сахилгын ажлаас халах шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан зөрчлийн шинж байдалд тохироогүй байна гэж шүүх үзлээ. Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийг албан бичгээс үзэхэд Наранбулаг сумын ЭМТ-ийн 2015 онд ЭМГ, нэгдсэн эмнэлэгтэй байгуулсан гурвалсан гэрээний дүгнэлт болон үйл ажиллагааны үнэлгээгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар 88.2 хувь, эрүүл мэндийн эдийн засгийн үзүүлэлт 80.1 хувь, ЭМТ-үүдийн 2015 оны үйл ажиллагааг 4 хэлтэс дүгнэхэд 4.2 хангалттай үнэлгээ авсан байна. Хариуцагч болон Эрүүл мэндийн төвийн ажилчид бүгд нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд сайн болохыг хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн  2015 ондоо багтаан зөрчлөө арилгасан нөхцөл байдал, мэргэжил, ур чадварыг харгалзан үзээгүй байна. Ард иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэхийн тулд нарийн мэргэжлийн эмчийг ажиллуулах шаардлагатай байдаг.  

        Иймээс хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр Наранбулаг сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Ажлаас халах тухай” Б/01 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд түүнийг эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106  дугаар зүйлийн  106.1,  106.3.1, 106.3.12 дэх хэсгүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Наран-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Наранбулаг сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “ П.Наран-Эрдэнийг ажлаас халах тухай” Б/01 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Наран-Эрдэнийг Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч   П.Наран-Эрдэнэд олгуулсугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дүгээр зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид нь 14 хоногийн дотор  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             Т.ОЮУНГЭРЭЛ