Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 24

 

Б.Хд холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 735 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1051 дүгээр магадлалтай, Б.Хд холбогдох 1909019740665 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт Б.Х нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Хг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Хд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Х гаргасан гомдолдоо: “…Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүх нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 735 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хүнлэг бус арга хэрэглэж байгааг харуулж байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхийн тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-4.6 дахь хэсэгт заагдсан нөхцөл бүрдсэн эсэхийг анхаарч үздэг. Анхан шатны шүүх хуралдааны явцад Б.Хд холбогдох хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрдсэн, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эрүүл мэндийн байдал тааруу, жирэмсэн болсон, ганц бие эмэгтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1 болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцүүлэн хүнлэг энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан эрхийн хүрээнд хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль ... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй’’ гэснийг зөрчин “давж заалдаж байгаа нь гэм буруугаа хүлээхгүй байгааг харуулж байна” гэж тайлбарлаж байгаа нь хууль буруу хэрэглэж байгааг нотолж байна.

Б.Х болон түүний өмгөөлөгч нар гомдол гаргахдаа Эрүүгийн хуулийн 17.1 дэх хэсэгт байх хулгайлах гэмт хэргээр зүйлчилсэнд гомдоогүй бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин хүндрүүлэх нөхцөл болсон “орон байр ... нэвтэрч үйлдсэн’’ гэсэн нь хуульд нийцэж байгаа эсэхийг тодруулахыг хүссэн. Өөрөөр хэлбэл, “хулгайлах" гэмт хэргийн зарим нэр томъёо, хүндрүүлэх нөхцлийн талаар Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.11 дэх хэсэгт “... тодорхой цаг хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд зөвшөөрөлгүйгээр орсон байвал орон байранд ... нэвтэрч үйлдсэн гэж үзнэ” гэж заасантай нийцэхгүй байна. Б.Х нь тухайн цаг хугацаанд гэмт хэрэг гарсан орон байранд амьдрах эрхтэй этгээд /түрээсээр/ байсан тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой эсэх талаар хянаж үзнэ үү гэж гомдол гаргасныг Давж заалдах шатны шүүхээс “... гэм буруу дээр маргаж байх тул ялыг хүндрүүлэх нь зүйтэй ...” гэсэн агуулгаар буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.4-т “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэснийг зөрчсөн. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1 дүгээр тогтоол, Монгол Улсын Их хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоол зэргийг зөрчиж байна. Учир нь давж заалдах шатны шүүх “хүндрүүлж” гэж үзэн хууль хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нь хэрцгий хандах хандлагыг бий болгож Үндсэн хууль зөрчиж байна хэмээн дүгнэж 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дээрх заалтад өөрчлөлт оруулсан юм. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1051 тоот магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, прокурор, шүүхийн шийдвэрүүд, тэдгээрийг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлуудтай нэг бүрчлэн танилцахад, шүүгдэгч Б.Х нь хүн байнга амьдрах зориулалттай өрөөнд нэвтэрч нийт 680 ам.доллар, 10.000 воныг хулгайлан авч, нийт 1.815.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогджээ. Б.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Хгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Давж заалдах шатанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж байсан боловч хяналтын шатны шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Хд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Х нь хохирогч А.Хгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 23 дугаар байр, 55 тоот орон сууцны нэг өрөөг хөлслөн амьдарч байхдаа 2019 оны 3 дугаар сарын 21, 4 дүгээр сарын 24, 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд А.Хгийн амьдардаг өрөөнд удаа дараа зөвшөөрөлгүй нэвтэрч нийт 680 ам.доллар, 10.000 воныг хулгайлан авч, 1.815.060 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Хг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан 1.880.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөнийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд хохирогч А.Х, шүүгдэгч Б.Х нар нь гэр бүлийн гишүүн, эсхүл төрөл, садангийн хамааралгүй бөгөөд хохирогч А.Х нь өөрийн өмчлөлийн орон сууцны нэг өрөөг шүүгдэгч Б.Хд хөлсөлж, түр оршин суулгахдаа түүний эзгүйд өрөөнд нь зөвшөөрөлгүй орох, эд хөрөнгийг нь өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг Б.Хд олгоогүй байна.

Иймд шүүгдэгч Б.Х хохирогчийн цоожтой өрөөнд зөвшөөрөлгүй нэвтрэн орж, нийт 680 ам.доллар, 10.000 воныг хулгайлан авч, 1.815.060 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Хг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч ороогүй хэмээн үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан байхад анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг зөрчсөн гэж дүгнэж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Гэвч шүүгдэгч Б.Х нь өөрийн сонгож авсан өмгөөлөгч Г.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийг үл харгалзан, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хяналтын шатны шүүхэд бие даан гаргасан гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1051 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 735 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН   

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН