Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/03

 

 

 

 

 

 

 

2024            12            24                                          2025/ДШМ/03

 

      Б.Б-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнхтулга,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/1218 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2406 05901 2401 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ..-гийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ..ийн хамт .. тоотод оршин суух, /РД: .../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь
хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1425 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Г.Ө-ын эзэмшлийн .. дүүргийн .. дүгээр хороо, .. тоот хашаанд байх хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-ыг хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Б-д 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэрийгэлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Б миний биеийн байцаалт буруу бүртгэгдсэн ба миний бие гэрлэж байгаагүй, мөн хүүхэд байхгүй, гэрийн хаяг .. дүүргийн .. дугаар хороо, ... хотхоны .. байрны .. тоотод эх О.Б-гийн хамт амьдардаг. Би анхнаасаа байцаалтаа үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулалгүй дуудсан цаг тухай бүрт бэлэн байж хэргээ шийдүүлсэн. Миний бие хэрэгт холбогдохоос өмнө хөгшин настай эхийгээ харж хандан, ажил хөдөлмөр эрхлэн ар гэрийнхээ амьдралд тус нэмэр болж амьдардаг байсан. Ээжийн маань нас өндөр биеийн байдал тааруу байдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд гэм буруу дээрээ маргаагүй, учруулсан хохирол гомдолгүй зэрэг нөхцөл байдлыг минь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Бд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэдэг байдлаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож түүнд 3 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Б.Б нь урьд нь, 3 удаа хулгайлах гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан. Энэ нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд 3 жилийн хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал үйлдсэн гэмт хэргийн шинжтэй нийцэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга ёсны зарчимд нийцэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Г.Ө-ын эзэмшлийн .. дүүргийн .. дүгээр хороо, .. тоот хашаанд байх хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5, 10-13/,

хохирогч Г.Ө-ын: “...2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байхад тог тасрахаар нь 13 цаг 20 минутын үед гэрээсээ гараад шар хадны эцэст цайны газар ороод хоол идээд буцаад гэртээ ирэхэд гэрийн үүдэнд хөрөө, хананы хугархай байхаар нь хаалганы цоожоо онгойлгоод орох гэхэд хаалга онгойхгүй болохоор нь хүргэн А-т хэлэхэд дотроос нь хүн татаад байна гээд хүчтэй татахад гэр дотор нэг согтуу эрэгтэй хүн байсан. Тэгээд гэрийн эд зүйл ухаад тараагаад шар өнгийн шуудайнд эд зүйл хийсэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ... Тухайн хүнийг аваад явах гэж байхад бид нар барьсан. ...” /хх 8/,

Яллагдагч Б.Б-ын “...Тухайн өдөр 10 цаг 00 минутын үед Шар хадны эцэс дээр танихгүй 3 эрэгтэй хүнтэй нийлээд 0,75 литрийн архи 2 шилийг 0,5 литрийн архи 1 шилийг хувааж уугаад байж байхад нөгөө 3 залуу намайг мөнгө гаргаад архи аваад байхаар мөнгөтэй байна гэж бодоод намайг дээрэмдэх гэхээр нь би зугтаагаад нэг айлын хашаанд ороод нэг мэдсэн би айлын гэр дотор орсон тухайн айлын хүмүүс намайг хулгайч
гээд бариад цагдаа дуудсан байсан. ... Би тухайн айлаас эд зүйл хулгайлж чадаагүй. Авч явах юмаа бэлдээд шуудайнд хийгээд байж байхад тухайн айлын хүмүүс ирээд гаднаас хаалга онгойлгоод намайг бариад цагдаа дуудсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...би хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” /хх 15-16, 46-47/ гэсэн мэдүүлгүүд
зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-ыг “хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ял нь төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ялгаатай буюу аль болох бага байхаар заасан байхад анхан шатны шүүхээс Б.Б-д төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээгээр хорих ял оногдуулсан нь буруу байна.

Учир нь, гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа төгс татгалзах гэдэг нь гэмт хэрэгт завдсан этгээд гэмт санаагаа болон төлөвлөсөн үйлдлээ хэрэгжүүлэхэд ямар ч саадгүй, бүх талаар боломжтой гэдгийг ойлгож байгаа хэр нь иргэн, нийгэмд өөрийн хортой гэмт ажиллагаа, түүнээс гарах үр дагаврыг ухамсарлан ойлгосон, өрөвч, хүнлэг сэтгэл гаргасан зэрэг шалтгаанаар гэмт хэргээ туйлд нь хүргэхийг гадны ямар нэг нөлөөгүй, өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дураараа бүрмөсөн, эргэлт буцалтгүй орхисон байхыг хэлнэ.

Харин гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэгдсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн боловч гэмт хэрэг нь төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэсэн үндсэн шинжүүдтэй.

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Ө-ын хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан нь хохирогч Г.Ө-ын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлон тогтоогдсон байна.

Тодруулбал, шүүгдэгч Б.Б нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлахаар шуудайнд хийж байх явцад хохирогч Г.Ө гэртээ орох явц таарч цагдаа дуудсан нь гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу төгсөөгүй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Шүүгдэгч Б.Б-аас “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд гэм буруу дээрээ маргаагүй, учруулсан хохирол гомдолгүй зэрэг нөхцөл байдлыг минь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байх хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээгээр буюу 3 жилийн хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялын хэмжээг 1 жил 6 сар болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Б-ын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 46 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/1218 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Б-д 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Б-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

4 дэх заалтыг “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй болохыг
тус тус дурьдсугай. ...” гэснийг “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ            

           

 

                        ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

 

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР