Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 473

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: Ш.Н,

Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

Шүүгдэгч: Д.Ц /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэaмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц холбогдох эрүүгийн 1709026790320 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Д.Ц

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 33-ын автобусны буудлын орчим хохирогч Г.Лхагва-Очиртой мөргөлдсөний улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г /хх-ийн 13-14/, гэрч /хх-ийн 31/, гэрч /хх-ийн 35/, яллагдагч Д.Ц /хх-ийн 23/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 370 дугаар дүгнэлт /хх-ийн 8/, шүүгдэгч Д.Ц урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ц нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 33-ын автобусны буудлын орчим хохирогч Г.Лхагва-Очиртой мөргөлдсөний улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Д.Ц нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...33-ын автобусны буудал дээр буучихаад гэртээ харих гээд зам дагаад явж байхад зүс танидаг Цогтоо гэх залуу нэг эмэгтэйгийн хамтаар миний урдаас ирж явсан. Би тэдний хажуугаар өнгөрөх гэтэл Цогтоо гэгч нь миний урдуур яг чиглэж ирээд надтай нүүрээрээ тулсан. Би түүнийг “хэн билээ” гэхэд тэр намайг заамдаж аваад замын хажуу руу түлхсэн. Би газарт унахад тэр миний дээрээс хөлөөрөө баруун дал руу өшиглөсөн. Тэгээд босгож намайг тонгойлгож байгаад нүүрэн тус газарт өвдгөөрөө өвдөглөсөн. Тэгэхэд миний нүүрэнд халуу дүүгээд хамар маш хүчтэй өвдсөн. Тэгээд бас миний зүүн шилбэ рүү хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед түүнтэй хамт явж байсан эмэгтэй “болиочээ” гэхэд тэр намайг зодохоо больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр түрүүлж буугаад би араас нь алхаж байтал манай нөхөр нэг үл таних залуутай мөргөлдсөн. Манай нөхөр “чи замаа хараач” гэхэд нөгөө хүн нь “чи өөрөө замаа хараач” гэсэн. Тэгээд манай нөхрийг заамдаж боосон. Би хүн дуудах гээд цаашаа эргэж явах үед манай нөхөр тэр хүнийг түлхэх шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би ажлаа тараад гэртээ иртэл хашааны гадаа Лхагва-Очир хоёр үл таних хүний хамт зогсож байсан. Би юу болоод байгаа талаар асуухад “юу ч болоогүй” гэсэн. Тэгээд би ороод Лхагва-Очирын ааваас юу болсон талаар асуухад Лхагва-Очирыг “хүнд зодуулсан байна” гэж хэлсэн. Маргааш нь Лхагва-Очирын нүүр, хамрын орчимд улаан болоод хамар нь битүү байгаад байхаар нь эмнэлэгт очоод үзүүлэхэд гэмтэл рүү яв гэсэн. Ингээд цагдаад өргөдөл өгөн шүүх эмнэлэгт үзүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

Яллагдагч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би эхнэр Батцэцэгийн хамтаар өвөөгийндөө очих гээд автобуснаас 33-ын буудал дээр буусан. Автобуснаас буугаад дөнгөж алхаж байтал нэг үл таних бандитай нүүр тулаад зогссон. Би түүнд “замаа хараач” гэхэд  “чи өөрөө замаа хараач” гэсэн. Тэгээд намайг заамдаад хоолой боосон. Намайг “тавиач” гэхэд тавихгүй болохоор нь би нүүрэн тус газар нь гараараа цохисон. Тэр банди тонгойгоод надаас уучлалт гуйхаар нь би ч гэсэн тэр бандиас “намайг уучлаарай” гэсэн. Би тэр бандиас “танайх хаана байдаг юм” гэхэд “8 дугаар гудамж” гэж хэлсэн. Би ч гэсэн өөрийнхөө гэрийг зааж өгөөд салаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 370 дугаар дүгнэлт: “...Г.Лхагва-Очирын биед хамар ясны хугарал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааран. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 8/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Д.Ц торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны 550 нэгж буюу 550.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ц хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Д.Ц тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Г.Лхагва-Очирын хууль ёсны төлөөлөгч Л.Амгаланбаатар нь “...Д.Ц бэлэн мөнгө

300.000 төгрөг хүлээн авсан. Ямар нэгэн санал гомдолгүй учир шүүх хуралд оролцохгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 68/ гаргасныг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.АЛДАР