Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/02

 

 

 

 

 

    2024           12           24                                             2025/ДШМ/02

 

 

                                                     Г.О-ад холбогдох эрүүгийн

         хэргийн тухай  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/758 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2411000000843  дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц т овгийн Г-ийн О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр, .. төрсөн, .. настай, эрэгтэй, халх, ... боловсролтой, мэргэлжил.., “...” ХХК-д ... ажилтай, ам бүл .., ...-ийн хамт ... тоотод оршин суух, /РД: .../,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 257 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,  

Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 201 дүгээр шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил 10 хоногийн хугацаагаар тэнсэж тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч Г.О нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ... дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод хохирогч Э.Х-г зодсоны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн шуунд язарсан шарх, баруун хөмсөг, хүзүүнд зулгаралт, зүүн шуу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ад 500 нэгж буюу 500.000  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ыг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-аас нийт 3.300.000 төгрөгийг гаргуулан, хохирогч Э.Х-д /РД:........./-д олгож, 6 сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч Э.Х нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.О-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.О давж заалдах гомдолдоо: “...Миний бие хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн асуудалд ямар нэгэн маргаан байхгүй. Харин анхан шатны шүүхээс дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Х-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолд дурдсан аргачлалын хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож гаргуулахаар шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч гомдолыг гаргаж байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны 07 дугаар сарын 31- ний өдрмйн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталжээ.

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1 дүгээр зүйлд зааснаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт” нь шүүх шинжилгээний байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар дүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 17.1 дүгээр зүйл /Хулгайлах/, 17.3 дугаар зүйл /Залилах/, 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/, 27.10 дугаар зүйлд /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй
байдал, ашиглалтын журам зөрчих/ гэсэн 5 төрлийн гэмт хэргийн хохирогчид учрах
боломжтой сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд
энэхүү жишиг стандартыг тухайн төрлийн хэргүүдэд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.

Мөн тус журмын 2.3 дугаар зүйлд зааснаар энэ журмын 2.1-д заасан хуснэгтээр
сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргахаар тус тус заасан.

Хохирогчийн сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг урьдчилсан байдлаар тухайлан 5
хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүснэгтээр тогтоож, хрхирогч хүлээн
зөвшөөрсөн эсэх, хохирогчид сэтгэцийн хор уршиг учирсан эсэх, түүний хэм хэмжээ,
хохирогчид учирсан сөрөг үр дагавар зэргийг харгалзан шинжээчийн дүгнэлт эсхүл хүснэгтээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоож нотлох баримтаар тусган бэхжүүлж хэрэгт хавсаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд нийцүүлэх ёстой.

Гэтэл тус эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, хавтас хэргийн 8 дугаар талд хохирогч Э.Хоролгарав нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол, саналгүй гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шаардлагагүй гэж мэдүүлсэн, мөн шүүхийн шинжилгээний байгууллага болон эрх бүхий этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн хохирогч Э.Х-гийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг урьдчилсан байдлаар тогтоогоогүй, сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх эрх бүхий албан тушаалтны хүснэгт, шинжээчийн дүгнэлт, баримтгүй байхад шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Э.Хоролгарав нь сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна гэснийг үндэслэн шүүх түүний сэтгэцийн хор уршиг учирсан гэж үзэн шүүх өөрийн дотоод итгэлд тулгууран Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн
төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” 3 дугаар зэрэглэлээр тоггоон шийдвэрлэсэн нь тус
журмын 3.6-д “...Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн
зэрэглэл...”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр
заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.

Мөн тус журмын 3.8-д “...шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ. ...” гэж заасныг болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаал 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын тус тус зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Дээрхээс дүгнэхэд, шүүх сэтгэцийн дүгнэлт, зэргийг тогтоох хэм хэмжээг тогтоох эрх хэмжээ олгоогүй, харин сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг урьдчилсан байдлаар тогтоосон хүснэгт эсхүл шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөрийн доод, дээд хэмжээг тогтоохоор журмалсан байна гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүхээс хохирогч Э.Хоролгаравд учирсан Сэтгэцэд учирсан хор
уршгийг Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын 3 дугаар зэрэглэл буюу хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг тогтоосон нь үндэслэлгүй байна. Учир нь тус 3 дугаар зэрэглэлд зөвхөн хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийг хамруулдаг бөгөөд хохирогч Э.Хоролгаравын биед хөнгөн зэрэглэлийн гэмтэл учирсан байхад 3 дугаар зэрэглэлд хамруулсан нь үндэслэлгүй байна.

Иймд урьдчилсан байдлаар хохирогч Э.Хоролгаравын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон эрх бүхий албан тушаалтны хүснэгт, шинжээчийн дүгнэлт зэргийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдоогүй, баримтгүй байхад анхан шатны шүүх өөрийн дотоод итгэлд тулгуурлан шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй байхад Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд дурдсан аргачлалын хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хохирогчид сэтгэцэд учирсан хор уршигт 3.300.000 төгрөгийг шүүгдэгч Г.О-аас гаргуулахаар шийдвэрлэсэн заалтыг шийтгэх тогтоолоос хүчингүй болгож, хохирогч нь энэхүү эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлээгүй сэтгэл санааны хохирол, сэтгэцийн хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардал зэрэг хохирол хор уршгийн талаарх нэхэмжлэлээ жич иргэний журмаар нэхэмжлэхээр нээлттэй үлдээж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Г.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.О нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан байх тул түүний Нас барсны гэрчилгээг гарган өгч байна. Миний үйлчлүүлэгч Г.О нас барсан нь тогтоогдож байгаа учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй үндэслэл болж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “шүүгдэгч нас барсан” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдлыг шүүгдэгч Г.О өөрөө гаргасан. Өмгөөлөгчийн тухайд шүүгдэгчтэй сүүлд гэрээ хийсэн. Шүүгдэгч өөрөө нас барсан байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ... дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод хохирогч Э.Х-г зодсоны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн шуунд язарсан шарх, баруун хөмсөг, хүзүүнд зулгаралт, зүүн шуу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокурорын газраас Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000  төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.  

Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу тус шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Г.Өсөхбаяраас “Ц т овогт Г-ийн О нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан” талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байна.  

Уг баримтыг судлан үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “яллагдагч, шүүгдэгч нас барсан  /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүнд холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг сэргээж хянан шийдвэрлэх ажиллагаа үүнд хамаарахгүй/” тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.36 дахь заалтад “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг” ойлгохоор нэр томьёоны тайлбарт хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн бөгөөд шүүгдэгч Г.О нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болохыг улсын бүртгэлийн ИБД ......... дугаартай нас барсны гэрчилгээнд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “нас барсан”-г бүртгэсэн болох нь тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос Г.О-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР