| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0379/Э |
| Дугаар | 429 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч: Ч.М,
Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,
Шүүгдэгч: М.Б, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б холбогдох эрүүгийн 1809003540269 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, М.Б.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй баарны гарах хаалганы орчим иргэн А.Хүрэлбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Хүрэлбаатар /хх-ийн 14/, гэрч А.Төгөлдөр /хх-ийн 21/, яллагдагч М.Б /хх-ийн 29/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1292 дугаар дүгнэлт /хх-ийн 22/, шүүгдэгч М.Бат-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй баарны гарах хаалганы орчим иргэн А.Хүрэлбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч М.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч А.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз Мөнхбатын хамтаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “М” гэх бааранд шөнийн 04 цагийн үед орсон. ...Хэсэг хугацааны дараа Мөнхбат алга болсон байсан. Би хайгаад гартал үүдэнд Мөнхбатыг халзан толгойтой үл таних дөрвөн эрэгтэй зодож байсан. ...Гэтэл энэ баарны хамгаалагч нар нь биднийг нөгөө хүмүүсээс салгаж авах нэрийдлээр боох, нудрах зэрэг үйлдэл хийгээд байсан. Улмаар намайг зодсон М.Б гэх хамгаалагчтай Мөнхбат хэл үгээрээ маргалдсан. Би ч маргалдсан. Гэтэл М.Б миний фудволкор хоолой боосон. Тэгээд бид хэсэг зуур маргалдсан. Дараа нь Мөнхбат бид хоёр тэднээс холдоод баарлуу орох гэж явтал орох үүдийг голлоод нэгэн зөөгч эрэгтэй зогсож байхаар нь би түүнийг түлхэж холдуулсан. Гэтэл тэрээр цаашаа түлхүүлээд ханарсан. Тэгээд би эргээд хартал М.Б миний нүүрэнд өшиглөсөн. Энэ үед миний амнаас маш тх цус гарсан. Тухайн үед миний доод уруул яз цохигдож гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Б Хүрэлбаатарыг барьж аваад хавсарч унагааж нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн. Гэтэл уруулын доод талаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Яллагдагч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай бааранд үйлчлүүлж байсан үл таних эрэгтэй буюу надад зодуулсан Хүрэлбаатар хэрүүл маргаан хийж агсам тавиад байсан... надад мөн л агсам тавьсан. Би Хүрэлбаатарын араас нь очоод мөрнөөс нь барьж аваад татаж хөлөөрөө хөлийг нь хавирсан. Гэтэл тэрээр газарт унасан. Энэ үед би түүнийг нэг удаа цээжинд нь өшиглөх гэтэл нүүрэнд нь уруулын доод талд өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1292 дугаар дүгнэлт: “...А.Хүрэлбаатарын биед дээд уруулд нэвтэрсэн шарх, зүүн гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн болон мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 22/ бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс М.Б торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч М.Б хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг М.Б тайлбарласныг тэмдэглэвэл зохино.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч А.Хүрэлбаатар нь хохиролд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул холбогдох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР