Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/01

 

 

 

 

 

    2024          12           24                                           2025/ДШМ/01

 

 

                                                     С.Ү-ад холбогдох эрүүгийн

         хэргийн тухай  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

шүүгдэгч С.Ү,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/920 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ү-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2409025531277 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

.... овгийн ...-ын Ү, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .... төрсөн, .. настай, эрэгтэй, ... боловсролтой, .... мэргэжилтэй, “....” ХХК-д ... ажилтай, ам бүл .., .. хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................./;

Шүүгдэгч С.Ү нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны В1 давхарт иргэн М.Ц-той маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих, гар хөлөөс нь базах, чимхэх байдлаар халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: С.Ү-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Ү-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү-ыг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч С.Ү-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Ү би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргахгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн
этгээдийг цээрлүүлэх гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Миний бие урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй анх удаа гэмт
хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байна. Би хөдөө орон нутагт буюу Дорноговь аймгийн “......” ХХК-д барилгын арматурын ажил хийдэг,
давж заалдах гомдол гаргасныхаа дараа буюу 11 дүгээр сарын 21-ний өдөр өвчний учир яаралтай хагалгаанд орсон. Иймд эрүүл мэндийн энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж надад торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч С.Ү нь орлоготой талаар баримт байхгүй байсан тул түүнд 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Ү нь давж заалдах шатны шүүхэд орлоготой, хохирогч М.Ц-той хамт амьдарч байгаа талаар баримт гаргаж өгсөн тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг өөрчлөх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч С.Ү нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны В1 давхарт иргэн М.Ц-той маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих, гар хөлөөс нь базах, чимхэх байдлаар халдаж хүний  эрүүл мэндэд  “баруун нүдний дээд, доод зовхи, баруун зүүн бугалга, шуу, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч М.Ц-гийн “...2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах ажлын байран дээрээ байхад манай хамтран амьдрагч С.Ү ирсэн. Тэгээд согтуу байсан болохоор надтай хэрүүл маргаан үүсгээд, бид хоёр маргалдсан. Бид хоёр ахуй амьдралын асуудлаас болоод л маргалдсан. Тэгж хэрүүл маргаан үүсгэж байгаад миний баруун талын нүд рүү цохиод, тэгэнгүүтээ миний оёсон дээл, цүнхтэй бичиг баримт, гар утас зэрэг бүх зүйлийг минь аваад зугтаасан. Тэгээд би утасгүй болчихоод гадаа гараад, хүний утас гуйж цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, ирж мэдүүлэг өгсөн. Ажил дээрээ очоод байж байхад араас орж ирээд мөн л хэрүүл маргаан үүсгээд байсан. Би эд зүйлээ цагдаагийн байгууллагаас ирж авсан, бүрэн хүлээж авсан, эвдэрсэн зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...” /хх 34-35, 47/ гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын
12-ны өдрийн 10370 дугаар “...М.Ц-гийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун зүүн бугалга, шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх  28-29/ гэсэн дүгнэлт,

шүүгдэгч С.Ү-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Ү-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч С.Ү-ыг хохирогч М.Ц-гийн эрүүл мэндэд “баруун нүдний дээд, доод зовхи, баруун зүүн бугалга, шуу, шилбэнд цус хуралтбүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Ү-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч С.Ү “Миний бие урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байна. Мөн хөдөө орон нутагт ажил хөдөлмөр эрхэлдэг тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч С.Ү-ыг анх удаа гэмт хэрэгт ял шийтгэгдэж буй хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, Дорноговь аймгийн “......” ХХК-д барилгын арматурын ажил хийдэг талаар нотлох баримтыг шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар сольж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

Иймд шүүгдэгч С.Ү-ын “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/920 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү-ад гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү-ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг
өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай. …” гэснийг “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү-ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхийг үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцож солихыг түүнд анхааруулсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч С.Ү-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                                    ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР