| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2408011690961 |
| Дугаар | 2025/ДШМ/20 |
| Огноо | 2024-12-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/20
2024 12 25 2025/ДШМ/20
Д.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/2826 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Мандуулын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 91 дүгээр эсэргүүцлээр Д.Нхолбогдох эрүүгийн 2408011690961 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Д.Н, 1993 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхийн хамт ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:................/;
Шүүгдэгч Д.Ннь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн дунд буудлын сааданд Б.Дын “Самсунг эс-9” маркийн гар утас, банкны картыг хулгайлсан, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын 9-8 тоотод Д.Мын мотоциклыг “дэлгүүр орчихоод ирье” гэж авч яван залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дээрх баримтаас үзэхэд Д.Нхолбогдох эрүүгийн 2108017580950 дугаар хэрэгт 2408011690961 дугаартай хэргийг нэгтгэхдээ прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэх тухай үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзнэ. Тодруулбал, яллагдагчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь хөнгөн ангилалд хамаарахаас гадна, эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2108017580950 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, яллах дүгнэлт үйлдэх ёстой атал нэмж нэгтгэсэн 2408011690961 дугаартай эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн зөрчилтэй байна.
Мөрдөгчөөс яллагдагч Д.Нхолбогдох хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр прокурорт шилжүүлэх санал /хх 207/ гаргасныг прокурор хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 790 дүгээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллагдагч Д.Н 2024 оны 06 дугаар сарын 13, 17-ны өдрүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж түүнд хуульд заасан үндэслэл журмын дагуу зохих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шийдвэрлүүлэх байтал прокурор яллах дүгнэлт үйлдсэнээс хойш буюу 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд санал гарган мөрдөн шалгах ажиллагааг дур мэдэн үндэслэлгүйгээр явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасныг зөрчсөн үндэслэлд хамаарна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар заавал шалгахаар заан, гэмт хэрэг гарсан байдал, гэмт этгээдийн үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс нь үнэлж тогтооход ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны үед хийхээр хуульчилсан. Хохирогч Д.Мын “Dayang маркийн 150 мотортой, улаан өнгөтэй 65-43 ОВЗ улсын дугаартай мотоциклыг унадаг” гэх мэдүүлэг /хх 36/, яллагдагч Д.Н“Д.Мын эзэмшлийн мотоциклыг Төв аймгийн Баянчандманьд байх гэртээ үлдээгээд найз нөхдийн хамт архи ууж зугаалж яваад буцааж өгөөгүй” гэх мэдүүлэг /хх 130/ өгсөн ба мэдүүлэгт дурдагдсан мотоциклтэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргаагүй, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж байдал, хэмжээг үнэн зөвөөр хэрхэн, яаж тогтоосон эсэх, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт эргэлзээ бүхий байгаа нь мөрдөгч, прокуророос хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийн хүрээнд шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй, дээр дурдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Мандуул бичсэн эсэргүүцэлдээ: “Яллагдагч Д.Ннь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мал тууврын 9-8 тоотод хохирогч Д.Мын эзэмшлийн мотоциклыг “дэлгүүр орчихоод ирье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн байна. Шүүгчийн захирамжид хийгдсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судалж, бүхэлд нь үндэслэж дүгнэлт хийж чадаагүй байна. Яллагдагч Д.Нхолбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт дүгнэлт өгч, тэдгээрийн агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан хэргийг шийдвэрлэх боломжтой байна. Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 12 дахь заалтыг зөрчиж байгаа нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэжээ.
Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжид хэргийг ангиллаар нь нэгтгэсэн буруу байна гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүнд ял оногдуулж болох хэрэгт хөнгөн ял оногдуулж болох хэргийг нэгтгэх, ялын төрлөөр нэгтгэх зохицуулалтыг хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөн ялтай, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын хувьд хүнд ялтай байгаа. Прокурорын зүгээс хүнд ял оногдуулж болох хэрэгтээ хөнгөн ял оногдуулж болох хэргээ нэгтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Үүнд анхан шатны шүүхээс буруу дүгнэлт хийсэн. Таслан сэргийлэх арга хэмжээний тухайд хэдийгээр 7 дугаар сард яллах дүгнэлт үйлдсэн боловч ялтан дуудлагаар шилжүүлж авчраад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нэгэнт таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ирсэн байгаа процесс ажиллагаа нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас анхан шатны шүүхийн дүгнэлт зөвтгөгдөх боломжгүй. Учир нь, тухайн хүн хорих ангиас ирээд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ эдэлж байгаа учраас боломжгүй. Мөн шүүгчийн захирамжид хэрэгт нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй гэсэн асуудлыг хөндсөн байна. Хохирогчийн зүгээс мотоциклыг 1.900.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэдгээ мэдүүлсэн. Хөрөнгө үнэлгээний тусгай мэдлэг бүхий шинжилгээний байгууллага хохирогчийн мотоциклын үнэлгээг гаргасан. Шүүгчийн захирамжид ямар эргэлзээ байгаа гэдгээ тодорхой зааж өгөөгүй нь ойлгомжгүй байна. Хэргийн талаар хохирогч мэдүүлсэн мөн яллагдагч авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ийм асуудал байгаа учраас прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой. Иймд прокурорын Э.Мандуулын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос, яллагдагч Д.Н нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн дунд буудлын сааданд Б.Дын “Самсунг эс-9” маркийн гар утас, банкны картыг хулгайлсан, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын 9-8 тоотод Д.Мын мотоциклыг “дэлгүүр орчихоод ирье” гэж авч яван залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.
Эрүүгийн хэргийг нэгтгэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох хэргийг нэгтгэнэ гэснийг баримталсан нь зүйтэй байна. Учир нь яллагдагч Д.Нхолбогдсон хулгайлах гэмт хэрэг нь 5 жил хүртэл хорих ялтай, харин залилах гэмт хэрэг нь 3 жил хүртэл хорих ялтай байна. Тиймээс хэрэг буруу нэгтгэсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй юм.
Харин өмнө нь үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлэн хорих ял эдэлж байгаа ялтанд хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар шийдвэрлэсний дараа бусад ажиллагаа буюу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэх нь зүйтэй атал яллах дүгнэлт үйлдсэнийхээ дараа таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн нь буюу ялтанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорих байр руу шилжүүлэх тухай ажиллагаа хийгдсэн нь буруу талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Гэхдээ нэгэнт ялтныг хорих ангиас цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорьсон, хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж ирүүлсэн байх тул дээрх ажиллагааг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь учир дутагдалтай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл, яллагдагч Д.Нхолбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/2826 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Яллагдагч Д.Нурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА