Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2026/0660

 

 

 

 

 

 

2026 07 03 128/ШШ2026/0660

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Аръяма Юнайтед ХХК /РД:6419674/

Хариуцагч: Монгол-Орос хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-ийн МЗХННУБТЗ/20260102187/01/01 дугаартай Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо

Маргааны төрөл: Тендер сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэнгисболд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа, О.Отгонпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

1.1. Монгол-Орос хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын МЗХННУБТЗ/20260102187/01/01 дугаартай Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтын хүрээнд гаргасан 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16/1326 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

1.2. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн МЗХННУБТЗ/20260102187/01/01 дугаартай Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №3 дугаартай хуралдааны тэмдэглэл, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,

1.3. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт Аръяма Юнайтед ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах,

1.4. тус компанитай сэв шалгуурын нунтаг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг даалгах тухай

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

 

2.1. Монгол-Орос хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/112 дугаар тушаалаар МЗХННУБТЗ/20260102187/01/01 дугаартай Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтын Үнэлгээний хороог байгуулжээ.

 

2.2. МЗХННУБТЗ/20260102187/01/01 дугаартай Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр худалдан авах ажиллагааны цахим системээр зохион байгуулж, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ээр[1] тендер шалгаруулалтад оролцсон Баян Өндөр ХХК, Аръяма Юнайтед ХХК, Термомастер ХХК ирүүлсэн тендерийн баримт бичгийг шаардлага хангаагүй гэж татгалзаж, дахин тендер шалгаруулалт явуулах тухай мэдэгдлийг захиалагчид хүргүүлж, мөн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16/1003 дугаар албан бичгээр[2] нэхэмжлэгч Аръяма Юнайтед ХХК-д мэдэгдсэн байна.

 

2.3. Нэхэмжлэгч Аръяма Юнайтед ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 26/16 дугаар албан бичгээр[3] Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 03/3122 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/3887 дугаар албан бичгээр[4] захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хянах үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид мэдэгдэж, уг албан бичгийг мөн гомдол гаргагчид хүргүүлжээ.

 

2.4. Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл /зөвлөмж/-ээр[5] Аръяма Юнайтед ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, дахин тендер шалгаруулалт зарлах зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, захиалагчаас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16/1326 дугаар албан бичгээр бараа материал хүлээлцсэн акт ирүүлсэн боловч, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй гэсэн үндэслэлээр тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Аръяма Юнайтед ХХК-д хүргүүлсэн байна.

 

2.5. Улмаар нэхэмжлэгч Аръяма Юнайтед ХХК-иас захиалагчийн дээрх шийдвэрт 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 26/35 дугаар албан бичгээр Сангийн яаманд дахин гомдол гаргаж, Сангийн яамнаас 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 03/4948 дугаар албан бичгээр гомдлыг буцааж шийдвэрлэжээ.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэнгисболд шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага дараах хуулийн зохицуулалтад үндэслэнэ: Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т Гомдлыг хянан шийдвэрлэх дээд шатны байгууллагын шийдвэрийг захиалагч заавал биелүүлнэ гэж тусгайлан заасныг зөрчсөн. Мөн Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 1.3-т Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ гэж давхар заасан байна. Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/3887 дугаартай шийдвэр нь хүчин төгөлдөр, гомдол гаргагдаагүй захиргааны акт болох тул хариуцагч байгууллага уг шийдвэрийг заавал биелүүлэх хуулийн үүрэгтэй байв. Гэтэл хариуцагч Сангийн яамны шийдвэрт гэрээ дүгнэсэн акт шаардах үндэслэлгүй болохыг тодорхой тогтоосон байхад ижил үндэслэлийг дахин ашиглан нэхэмжлэгчийн тендерийг татгалзаж дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасныг зөрчиж нэхэмжлэгчийн тендерт шалгарах хууль ёсны эрхийг үргэлжлүүлэн зөрчсөн болно. Хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч ижил төстэй ажлын туршлага нотлох зорилгоор хариуцагчтай байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ХХГ-НТШ/24/155 дугаартай Сэв шалгуурын соронзон нунтаг нийлүүлэх гэрээ болон 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Бараа материал хүлээн авалтын №03/90 дугаартай актыг тендерт хавсарган ирүүлсэн. Энэхүү актыг нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний дагуу бараа материал хүлээн авалтын №03/90 дугаартай актыг үйлдсэн бөгөөд нэхэмжлэгчээс гэрээ дүгнэсэн акт үйлдэх өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний дагуу хариуцагчаас тус актыг үйлдэж нэхэмжлэгчид хүргүүлсэн болно. Гэрээний гүйцэтгэл бүрэн хэрэгжсэнээр гүйцэтгэлийн баталгаа суллагддаг бөгөөд энэ талаар УБТЗ/2024/НТШ/Б/203 дугаартай "Сэв шалгуурын соронзон нунтаг худалдан авах тендерийн баталгааг гаргагч Хаан банк ХХК-ийн PFG2410049747781 дугаартай гүйцэтгэлийн баталгааны 4-р зүйлд Энэхүү баталгаа нь захиалагчийн дараах мэдэгдлийг ирүүлэх хүртэлх хугацаанд хүчинтэй байна: 4.2 гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж дууссаныг захиалагч хүлээн зөвшөөрсөн хэмээн дурдсан. Үүний дагуу нэхэмжлэгчээс гэрээний үүрэг бүрэн гүйцэтгэж дууссаныг захиалагч хүлээн зөвшөөрснийг тодруулах зорилгоор гүйцэтгэлийн баталгааг суллуулах тухай 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24/101 албан тоотоор Сэв шалгуурын соронзон нунтаг худалдан авах УБТЗ/2024/НТШ/Б/203 гэрээний хэрэгжилтийг хангаж бүрэн нийлүүлж дууссан тул Хаан банканд байршуулсан PFG2410049747781 дугаартай гүйцэтгэлийн баталгааг хүчингүй болгох зөвшөөрлийг хүсэхэд хариуцагчаас Хаан банканд хандаж 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16/4960 албан тоотоор Монгол оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгээс зарласан УБТЗ/2024/НТШ/Б/203 дугаартай Сэв шалгуурын соронзон нунтаг худалдан авах тендерт оролцсон PFG2410049747781 дугаартай гүйцэтгэлийн баталгаа болох 4,350,000.00 төгрөгийг Аръяма Юнайтед ХХК-д буцаан олгоно уу гэсэн албан бичгээр зөвшөөрөл олгож гэрээний үүрэг бүрэн гүйцэтгэж дууссаныг хариуцагч буюу захиалагч өөрөө хүлээн зөвшөөрч гүйцэтгэлийн баталгааг суллуулсан.

Мөн хариуцагч өөрийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний 3 дугаар зөвлөмжид Бараа материал хүлээлцсэн акт ирүүлсэн боловч... гэж дурдсан нь бараа нийлүүлэлт хийгдсэн, гэрээний үүрэг биелэгдсэн болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Гэрээний биелэлт бодитоор хийгдсэн асуудалд маргаан байхгүй байхад зөвхөн нэршлийн асуудлаар татгалзсан нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй.

Дээрх үйл баримтуудаас дүгнэн үзвэл Бараа материал хүлээн авалтын №03/90 дугаартай акт нь гэрээний биелэлтийн талаар дүгнэж, уг гэрээгээр нийлүүлэх барааг бүрэн нийлүүлж дуусгасан, төлбөрийг бүрэн төлсөн зэрэг гэрээний гол нөхцөлүүд биелэгдсэн байдлаар гэрээг хэрхэн тооцож дуусгасан талаарх мэдээлэл бүхий баримтын шинжийг бүрэн агуулсан хэмээн үзэх үндэслэлтэй буюу гэрээ дүгнэсэн актын шинжийг хангасан билээ. Иргэний хуулийн 236.1-д Үүрэг гүйцэтгүүлэгч гүйцэтгэлийг хүлээн авснаар үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу бараа материал хүлээн авалтын акт нь гэрээний үүргийн биелэлтийг нотлох үндсэн баримт бичиг мөн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1-д зааснаар бараа материал хүлээн авсан акт нь хуулийн хүчин чадалтай анхан шатны баримт болно. Гэрээ дүгнэсэн акт гэх нэршилтэй тусдаа баримт нь хуульд тусгагдаагүй бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ХХГ-НТШ/24/155 дугаартай Сэв шалгуурын соронзон нунтаг нийлүүлэх гэрээнд Гэрээ дүгнэсэн акт үйлдэх тухай зохицуулалт тусгагдаагүй бөгөөд Гэрээ дүгнэсэн акт-н загвар хавсаргагдаагүй. Харин тус гэрээний 3.4.3 дахь заалтад Талууд бараа бүтээгдэхүүнийг акт үйлдэн хүлээн авч, хүлээлгэн өгнө. Энэхүү акт нь гэрээний салшгүй хэсэг болно гэж заасан байхад гэрээнд гэрээ дүгнэсэн акт буюу гэрээ хаалтын акт үйлдэх тухай ямар нэгэн зохицуулалт тусгагдаагүй. Тиймээс хариуцагч байгууллага гэрээнд заагдаагүй баримтыг шаардсан нь оролцогчдод урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл тулгасан буюу шударга өрсөлдөөний зарчимд нийцэхгүй.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас 2025 онд зарласан УБТЗ/2025/ХА/Б/85 дугаар бүхий Сэв шалгах бодис худалдан авах тендерт МЗХННУБТ3/20250202130 урилгын дагуу оролцож хамгийн сайн тендерээр шалгарч Аръяма Юнайтед ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай Монгол оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16/4165 албан тоот мэдэгдлийн дагуу ХХГ-ХБ/26/002 дугаартай гэрээг байгуулж гүйцэтгэсэн байдаг. Гэтэл тухайн тендер шалгаруулалтын баримт бичгийн 18.1-р зүйлд маргаан бүхий тендерийн шаардлагатай ижил шаардлага буюу Бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. Мөн төлбөрийн е-баримт ирүүлнэ. (УБТЗ ХНН-тэй байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн актыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй, и-баримт ирүүлэх шаардлагагүй гэсэн шаардлага тусгагдсан байсан. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн тендерт шалгарахдаа буюу гэрээ дүгнэсэн акт ирүүлэх шаардлагыг хангахын тулд мөн адил 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Бараа материал хүлээн авалтын №03/90 дугаартай актыг хавсарган ирүүлсэн бөгөөд хариуцагчаас тус актыг тендерийн шаардлагыг хангасан буюу гэрээ дүгнэсэн акт хэмээн тооцож хамгийн сайн тендерээр шалгаруулсан байдаг. Гэтэл дараагийн буюу маргаан бүхий МЗХННУБТЗ/20260102187 тендерийг шалгаруулахдаа Бараа материал хүлээн авалтын №03/90 дугаартай актыг ирүүлсэн байхад гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй хэмээн өмнө нь тендер шалгаруулалтын шаардлага хангаж байсан үндэслэлийн өөрчилж тендер шалгаруулалтаас хасаж шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Дээрх үндэслэлүүдийн дагуу хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан худалдан авах ажиллагааны өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай байх зарчмыг зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас хөтөлж бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй гэж заасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6 болон Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах журам-ын 2.2.8-д гэрээний хэрэгжилт, хүлээн авсан актыг цахим системд нийтлэх үүргийг захиалагчид хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл гэрээний гүйцэтгэлийн мэдээллийг цахим системд бүртгэж хадгалах үүрэг нь захиалагчид буюу хариуцагчид оногддог байхад хариуцагч нь энэхүү үүргээ зөвхөн нэхэмжлэгчтэй холбоотойгоос гадна бусад тендер шалгаруулалтууд дээр ч биелүүлдэггүй гэрээ дүгнэсэн актыг үйлддэггүй нь цахим систем www.tender.gov.mn сайтад байршуулдаггүйгээс нотлогдож байгаа болно. Иймд хариуцагч хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй мөртөө өөрийн бүртгэх, хадгалах үүрэгтэй цахим системд байршуулж түүгээр шалгах боломжтой мэдээлэл буюу "гэрээ дүгнэсэн акт гэх нэршилтэй баримт байхгүй гэж тендерийг татгалзсан нь тендерийн хуулийн дээр дурдсан 15.2 болон 54.6-р зүйлийг зөрчсөн байна.

Тендерийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасны дагуу өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Тендер удаашраад оролцсон компаниудыг татгалзаад жижиг шалтгаан гаргаад удаашруулж байгаад цаана нь юу болж байгааг мэдэхгүй. Тендер өгөөд шууд худалдан авалт хийж байгааг үгүйсгэхгүй. Манай нэхэмжлэлийн шаардлага хангагдвал гэрээ байгуулах хууль ёсны эрх ашиг 50 хувь сэргэнэ гэв.

 

3.2. Хариуцагч Монгол-Орос хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь 2026 оны төлөвлөгөөнд тусгагдсан Сэв шалгуурын нунтаг худалдан авах 221.440.500 (хоёр зуун хорин нэгэн сая дөрвөн зуун дөчин мянга таван зуун) төгрөгийн төсөвт өртөг бүхий худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн дагуу нээлттэй тендер шалгаруулалтаар зохион байгуулсан болно. Тус тендерийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-д зарлаж, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 минут хүртэл хүлээн авч мөн өдрийн 09:30 минутад нээлтийг хийсэн. Тендерт Аряъма юнайтед ХХК, Термомастер ХХК, Баян-Өндөр ХХК гэсэн 3 оролцогч оролцсон. Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж, Үнэлгээний хорооны гишүүдийн 100%-ийн саналаар бүх тендерээс татгалзаж тендерт оролцсон оролцогчдын материалыг Тендер шалгаруулалтын баримт бичгийн дагуу үнэлж, захиалагчид зөвлөмж мэдэгдэл хүргүүлсэн. Аряъма юнайтед ХХК нь 195.000.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн боловч Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дараах шаардлагуудыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж үзэн тендерээс татгалзах тухай зөвлөмжийг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны 16/1003 тоот мэдэгдэл захиалагчид хүргүүлсэн. Үүнд: Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-т заасан Ижил төстэй барааг үл эвдэх сорилын тоног төхөөрөмжид шаардагдах материал, сэлбэг хэрэгсэл гэж ойлгоно. Бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. Мөн төлбөрийн и-баримт ирүүлнэ гэж заасны дагуу гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй юм.

Гэтэл Монгол Улсын Сангийн Яамнаас 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 03/3122 тоот албан бичгээр танай байгууллагаас зарласан МЗХННУБТЗ/20260102187/01/01 дугаартай Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтад оролцсон Аръяма Юнайтед ХХК-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид хууль гэх)-ийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам /цаашид журам гэх/ 4.1-д заасны дагуу гомдол гаргасан байна. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсгийг үндэслэн захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлж байна. Иймд гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай дараах баримт бичгийг 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор нотлох баримтуудыг ирүүлэхийг шаардсан. Түүнчлэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.9 дэх хэсэгт заасны дагуу бусад оролцогч нарт энэхүү шийдвэрийг мэдэгдэх, журмын 5.2-т заасны дагуу гомдол гаргагчийн тендерийн баталгааг чөлөөлөхгүй байхыг үүгээр мэдэгдэж байна. Гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэгт заасан хугацаа зогсох болно гэсэн. Ингээд УБТЗ ХНН-ийн зүгээс холбогдох бичиг баримтуудыг хүргүүлсэн юм. Хэсэг хугацааны дараа буюу Монгол Улсын Сангийн яамнаас 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/3887 дугаартай гомдол хянасан тухай албан тоот ирүүлсэн. Танай байгууллагаас зарласан МЗХННУБТ3/20260102187/01/01 дугаартай Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтад оролцсон Аръяма юнайтед ХХК-аас гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэг болон Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам /цаашид журам гэх/-д заасны дагуу захиалагчийн ирүүлсэн баримт материалд үндэслэн хянан үзлээ. Аръяма юнайтед ХХК-ийн гомдолд тус компанийн тендерээс ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний туршлагад гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй, нийлүүлэхээр санал болгож буй бараанд тохирлын гэрчилгээний хуулбар ирүүлээгүй гэсэн үндэслэлээр татгалзсан захиалагчийн шийдвэртэй санал нийлэхгүй байх тул хянан үзэхийг хүссэн байна. Гомдолд дурдсан үндэслэлийн дагуу Аръяма юнайтед ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хянан үзлээ. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д 1. Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: Шаардлагатай. 2024, 2025 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 50%-аас багагүй, тухайн жилүүдийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээнүүдийн нийлбэр дүн нь заасан хувиас багагүй гэж ойлгоно./ Ижил төстэй барааг үл эвдэх сорилын тоног төхөөрөмжид шаардагдах материал, сэлбэг хэрэгсэл гэж ойлгоно. Бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. Мөн төлбөрийн и-баримт ирүүлнэ. Хэрэв гадаадын этгээд оролцох бол ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбар, төлбөр төлснийг нотлох баримтыг апостиль гэрчилгээгээр баталгаажуулан ирүүлнэ. (УБТЗ ХНН-тэй байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн актыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй, и-баримт ирүүлэх шаардлагагүй) гэж, ТШЗ 2.1-д Нийт төсөвт өртөг: 221.440.500 (хоёр зуун хорин нэгэн сая дөрвөн зуун дөчин мянга таван зуун) төгрөг гэж тус тус заасан байна. Арьяма Юнайтед ХХК тендерт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-тай 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ХХГХБ/23/024 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, бараа хүлээлцсэн акт, төлбөрийн баримт, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан ХХГНТШ/24/155 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримт, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ХХГ-ХБ/26/002 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 2023 онд байгуулсан ХХГ-ГШ/23/024 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, бараа хүлээлцсэн акт, төлбөрийн баримт, Бодь-Интернэшнл ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, бараа хүлээлцсэн акт, төлбөрийн баримт зэргийг ирүүлсэн байна. Аръяма юнайтед ХХК ижил төстэй ажил гүйцэтгэсэн ажлын туршлагад нийт 5 гэрээ ирүүлсэн байгаагаас 4 гэрээг тус захиалагчтай байгуулсан байх тул гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй гэсэн үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзах үндэслэлгүй байна. Иймд Аръяма юнайтед ХХК-ийн тендерт ирүүлсэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-тай байгуулсан 4 гэрээг хянан үзэж, тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээрх шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх нь зүйтэй байна.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д Нийлүүлэхээр санал болгож буй барааг дагалдаж ирэх чанарын гэрчилгээний хуулбар аль эсвэл тохирлын гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ. гэж заасан байна. Аръяма юнайтед ХХК тендерт санал болгосон сэв шалгуурын нойтон аргын Минк 030 соронзон нунтаг, сэв шалгуурын хуурай аргын Минк 200 соронзон нунтагтай холбогдуулж 90/26, 146/26 дугаартай чанарын гэрчилгээ, 629-05-33 дугаартай тохирлын дүгнэлтийг тус тус ирүүлсэн байхад тохирлын гэрчилгээ ирүүлээгүй гэсэн үндэслэлээр татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Түүнчлэн захиалагчаас Аръяма юнайтед ХХК-д хүргүүлсэн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16/1003 тоот шийдвэрт Захиалагчаас тавьсан шаардлага: ТШЗ 20.1- Нийлүүлэхээр санал болгож буй барааг дагалдах ирэх чанарын гэрчилгээний хуулбар болон тохирлын гэрчилгээний хуулбар ирүүлнэ. гэж тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаас зөрүүтэй шаардлагыг дурдсан байх тул цаашид холбогдох шийдвэрийг зөрүүгүй хүргүүлэхэд анхаарна уу. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16/1003 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болно гэсэн албан бичгийг ирүүлсэн.

Үүнд тендерийн баримт бичиг холбогдох материалуудыг 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор Сангийн яаманд оролцогч Аряъма юнайтед ХХК-ийн материалуудыг илгээсэн. Үүний дараа Сангийн яамнаас 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 03/3122 тоот Гомдол хянасан тухай албан бичигт тендер шалгаруулалтыг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Үүнтэй холбоотой Үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үнэлгээний хороо хуралдаж: Аряъма юнайтед ХХК- нь ТШЗ 18.1-т заагдсаны дагуу ижил төстэй ажил гүйцэтгэсэн 5 гэрээ ирүүлсэн боловч ТШЗ 18.1-т заагдсан гэрээ дүгнэсэн акт-ыг ирүүлээгүй байсан гэсэн шийдвэр гарч, захиалагчид зөвлөмж мэдэгдлийг дахин хүргүүлсэн. Үүнд: Аряъма юнайтед ХХК-тай холбоотойгоор

1. ТШЗ 18.1-т Бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. Мөн төлбөрийн и-баримт ирүүлнэ. УБТЗ ХНН-тэй байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн актыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй, и-баримт ирүүлэх шаардлагагүй гэсэн. Тус оролцогч Аряъма юнайтед ХХК нь гэрээ дүгнэсэн актыг ирүүлээгүй шаардлагад нийцэхгүй байсан.

2. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: Шаардлагатай 2023, 2024 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 50%-с багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь 1 удаа нийлүүлсэн байх шаардлагатай. /тухайн жилүүдийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээнүүдийн нийлбэр дүн нь заасан хувиас багагүй гэж ойлгоно. Ижил төстэй барааг бүх төрлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон суурь машин гэж ойлгож болно. Бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. Мөн төлбөрийн и-баримт ирүүлнэ. Хэрэв гадаадын этгээд оролцох бол төлбөр төлснийг нотлох баримтыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. (УБТЗ ХНН-тэй байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн актыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй, и-баримт ирүүлэх шаардлагагүй) гэж заасан бөгөөд гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй байсан. Үнэлгээний хорооны зүгээс 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 16/1003 тоот мэдэгдлийг хүргүүлсэн тус мэдэгдэлд шалгараагүй тухай тайлбар хэсэгт ТШЗ 18.1-т заасны дагуу гэрээ дүгнэсэн актыг ирүүлээгүй, ТШЗ 20.1-т заасны дагуу тохирлын гэрчилгээний хуулбар ирүүлээгүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн. УБТЗ ХНН-нь талуудын хооронд байгуулсан гэрээний худалдан авагч, захиалагч болон, түрээслүүлэгч тал гэрээ дүгнэсэн актын загварыг мөрдөж ажилладаг юм. Аряъма юнайтед ХХК нь төлбөрийн баримт болон бараа материал хүлээлцсэн акт ирүүлсэн ба энэ нь гэрээ дүгнэсэн акт биш юм. Иймд Аряъма юнайтед ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

3.3. Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн МЗХННУБТЗ/20260102187/01/01 дугаартай Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээний хороо итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Аряъма юнайтед ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчаар МЗХННУБТЗ/20260102187/01/01 дугаартай Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээний хороог хариуцагчаар татжээ. УБТЗ ХНН-ийн даргын 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/112 дугаартай Үнэлгээний хороо 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тус тендерийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-д зарлаж, 2026 оны 03 дугаар сарын 25- ны өдрийн 09:00 минут хүртэл хүлээн авч мөн өдрийн 09:30 минутад нээлтийг хийсэн. Тендерт Аряъма юнайтед ХХК, Термомастер ХХК, Баян-Өндөр ХХК гэсэн 3 оролцогч оролцсон. Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж, Үнэлгээний хорооны гишүүдийн 100%-ийн саналаар бүх тендерээс татгалзаж тендерт оролцсон оролцогчдын материалыг Тендер шалгаруулалтын баримт бичгийн дагуу үнэлж, захиалагчид зөвлөмж мэдэгдэл хүргүүлсэн.

1. ТШЗ 18.1-т Бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. Мөн төлбөрийн и-баримт ирүүлнэ. УБТЗ ХНН-тэй байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн актыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй, и-баримт ирүүлэх шаардлагагүй гэсэн. Тус оролцогч Аряъма юнайтед ХХК нь гэрээ дүгнэсэн актыг ирүүлээгүй шаардлагад нийцэхгүй байсан.

2. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: Шаардлагатай 2023, 2024 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 50%-с багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь 1 удаа нийлүүлсэн байх шаардлагатай. /тухайн жилүүдийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээнүүдийн нийлбэр дүн нь заасан хувиас багагүй гэж ойлгоно. Ижил төстэй барааг бүх төрлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон суурь машин гэж ойлгож болно. Бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. Мөн төлбөрийн и-баримт ирүүлнэ. Хэрэв гадаадын этгээд оролцох бол төлбөр төлснийг нотлох баримтыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. (УБТЗ ХНН-тэй байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн актыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй, и-баримт ирүүлэх шаардлагагүй) гэж заасан бөгөөд гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй байсан.

Үнэлгээний хорооны зүгээс 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 16/1003 тоот мэдэгдлийг хүргүүлсэн тус мэдэгдэлд шалгараагүй тухай тайлбар хэсэгт ТШЗ 18.1-д заасны дагуу гэрээ дүгнэсэн актыг ирүүлээгүй, ТШЗ 20.1-д заасны дагуу тохирлын гэрчилгээний хуулбар ирүүлээгүй тухай мэдэгдэлд хүргүүлсэн. Аряъма юнайтед ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ....2076675 регистрийн дугаартай Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргаас буюу захиалагчаар үнэлгээний хороо байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар байнгын бус үйл ажиллагаатай гэж заасан. Үнэлгээний хороо байгуулагдаад зорилгодоо хүрсний дараа татан буугддаг багийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. Мөн үнэлгээний хороо захиргааны акт гаргадаггүй. Хуульд зааснаар 50.2.1, 50.2.2-т заасан зөвлөмж дүгнэлтээ захиалагчид хүргүүлдэг. Захиалагч нь үнэлгээний хороо байгуулж шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь өөрийнх нь ямар эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байгаа талаар нотолж чадсангүй. Мөн тендерийн бичиг баримтад заасан баримтыг ирүүлээгүй гэх шалтгаанаар татгалзагдсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 1.   Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчээс анх Монгол-Орос хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын МЗХННУБТЗ/20260102187/01/01 дугаартай Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтын хүрээнд гаргасан 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16/1326 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/3887 дугаартай шийдвэрийг бодитоор хэрэгжүүлэн нэхэмжлэгчийн тендерийг хуульд нийцүүлэн дахин үнэлж, шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Монгол-Орос хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын МЗХННУБТЗ/20260102187/01/01 дугаартай Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтын хүрээнд гаргасан 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16/1326 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-ийн МЗХННУБТЗ/20260102187/01/01 дугаартай Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №3 дугаартай хуралдааны тэмдэглэл, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-т Аръяма Юнайтед ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах болон тус компанитай сэв шалгуурын нунтаг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг даалгах-аар нэмэгдүүлж, эцсийн байдлаар тодорхойлсон.

 

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Сангийн яамны шийдвэрт гэрээ дүгнэсэн акт шаардах үндэслэлгүй болохыг тогтоосон байхад ижил үндэслэлийг дахин ашиглан нэхэмжлэгчийн тендерийг татгалзаж, дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй, бараа материал хүлээн авалтын №03/90 дугаартай акт нь гэрээний биелэлтийн талаар дүгнэж, уг гэрээгээр нийлүүлэх барааг бүрэн нийлүүлж дуусгасан, төлбөрийг бүрэн төлсөн зэрэг гэрээний гол нөхцөлүүд биелэгдсэн байдлаар гэрээг хэрхэн тооцож дуусгасан талаарх мэдээлэл бүхий баримтын шинжийг бүрэн агуулсан хэмээн үзэх үндэслэлтэй буюу гэрээ дүгнэсэн актын шинжийг хангасан, хариуцагч байгууллага гэрээнд заагдаагүй баримтыг шаардсан нь оролцогчдод урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл тулгасан буюу шударга өрсөлдөөний зарчимд нийцээгүй, гэрээний гүйцэтгэлийн мэдээллийг цахим системд бүртгэж, хадгалах үүрэг нь захиалагчид буюу хариуцагчид оногддог байхад хариуцагч нь энэхүү үүргээ зөвхөн нэхэмжлэгчтэй холбоотойгоос гадна бусад тендер шалгаруулалт дээр ч биелүүлдэггүй гэж,

Хариуцагч нараас ...нэхэмжлэгч тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1-т заасны дагуу гэрээ дүгнэсэн актыг ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй тул хуульд зааснаар тендерээс татгалзсан, төлбөр тооцоо дууссан гэдэг нь гэрээ дүгнэсэн актыг ойлгох бөгөөд бараа хүлээлцсэн акт нь гэрээ дүгнэсэн акт биш... гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.

 

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгоно гэж, 11 дүгээр зүйлийн 11.1-д Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална., 11.2-т Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана., 15 дугаар зүйлийн 15.1-д Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана, 26 дугаар зүйлийн 26.4-т Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ, 26.4.1-д энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх, 26.4.4-т тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх, 28 дугаар зүйлийн 28.1-д Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана, 28.1.3-д шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах, 50 дугаар зүйлийн 50.2-т Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гээд 50.2.1-д тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах, 50.2.2-т тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, 50.2.3-д захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх гэж тус тус заажээ.

 

6. Маргаан бүхий Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 2.1-т Нийт төсөвт өртөг: 221.440.500 (хоёр зуун хорин нэгэн сая дөрвөн зуун дөчин мянга таван зуу) төгрөг, 18.1-т 1. Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: Шаардлагатай. 2024, 2025 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 50%-иас багагүй, /тухайн жилүүдийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээнүүдийн нийлбэр дүн нь заасан хувиас багагүй гэж ойлгоно./ Ижил төстэй барааг үл эвдэх сорилгын тоног төхөөрөмжид шаардагдах материал, сэлбэг хэрэгсэл гэж ойлгоно. Бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. Мөн төлбөрийн и-баримт ирүүлнэ. Хэрэв гадаадын этгээд оролцох бол ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбар, төлбөр төлснийг нотлох баримтыг апостиль гэрчилгээгээр баталгаажуулан ирүүлнэ. (УБТЗ ХХН-тэй байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн актыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй, и-баримт ирүүлэх шаардлагагүй. Бараа нийлүүлэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн шаардлага: Шаардахгүй, 2. Оролцогчид тавигдах санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлт шаардлага: Шаардана. Борлуулалтын орлогын хэмжээ: 2024, 2025 оны аль нэг жилийн борлуулалтын орлого нь батлагдсан төсөвт өртгийн 50%-иас багагүй байна. гэж тус тус заасан байна.

 

7. Дээрх хуулийн зохицуулалтууд болон тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд зааснаас үзэхэд тендерийн үнэлгээний хорооноос тендер шалгаруулалтын баримт бичигт Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлага-г нотлох гэрээний туршлагын шаардлагад бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэхээр заасан ба тус гэрээг УБТЗ ХХН-тэй байгуулсан бол гэрээ, гэрээ дүгнэсэн актыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй, и-баримт ирүүлэх шаардлагагүй байхаар тодорхой заасан байхад нэхэмжлэгч нь гэрээ болон бараа материал хүлээлцсэн актыг хавсарган хүргүүлсэн байгаа энэ тохиолдолд тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй үндэслэлээр татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

8. Өөрөөр хэлбэл, гэрээ дүгнэсэн акт нь тухайн гэрээ бүрэн хэрэгжиж дууссан буюу гэрээний нийт биелэлтийг эцсийн байдлаар дүгнэж, гэрээг хаах зорилгоор үйлддэг баримт бол бараа материал хүлээлцсэн акт нь зөвхөн тухайн төрлийн ажлыг хүлээж авсан, хүлээлгэн өгсөн мэдээлэл байхаас биш дээрх гэрээ бүхэлдээ хэрэгжиж дүгнэгдсэн агуулгыг илэрхийлэхгүй, анхан шатны баримт тул уг баримтуудыг ижил үр дагавартай гэж үзэх боломжгүй.

 

9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчээс тендер шалгаруулалтад Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-тай 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ХХГ-ХБ/23/024 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, бараа хүлээлцсэн акт, төлбөрийн баримт, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ХХГ-НТШ/24/155 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримт, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ХХГ-ХБ/26/002 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, бараа хүлээлцсэн акт, төлбөрийн баримт, Бодь-Интернэшнл ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, бараа хүлээлцсэн акт, төлбөрийн баримт зэргийг ирүүлжээ.

 

10. Гэвч тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 18.1-д заасан хугацаанд буюу 2024, 2025 онуудад хамаарах нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-тай 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ХХГ-НТШ/24/155 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ХХГ-ХБ/26/002 дугаартай худалдах, худалдан авах гэрээнүүд байна. Тус гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.4.3-д Талууд бараа бүтээгдэхүүнийг акт үйлдэн хүлээн авч, хүлээлгэн өгнө. Энэхүү хүлээн авсан, хүлээлгэн өгсөн акт нь гэрээний салшгүй хэсэг болно гэж заажээ. Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А-471 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Худалдах, худалдан авах гэрээ дүгнэсэн актын загвар-ыг баталсан байна.

 

11. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын шаардлагад нийцүүлэн хариуцагч байгууллагатай өмнө нь байгуулсан дээрх гэрээний гэрээ дүгнэсэн актыг мөн ирүүлэх боломжтой байх тул шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн хариуцагч Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. Мөн уг үндэслэлээр хариуцагч байгууллага тендер шалгаруулалтын баримт бичгээр гэрээнд заагдаагүй баримтыг шаардсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5-д Цахим системд бүртгүүлсэн аж ахуй эрхлэгч энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага, энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавх, туршлагын шаардлагыг хангасан талаарх мэдээлэл, баримт бичгийг оруулан өөрийн хувийн бүртгэлийг үүсгэнэ, 54.6-д Аж ахуй эрхлэгчийн туршлага, гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг холбогдох төрийн эрх бүхий байгууллага болон захиалагч баталгаажуулснаар худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цахим системд бүртгэнэ гэж, Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах журам-ын 2 дугаар зүйлийн 2.2-т Захиалагч тендер шалгаруулалтыг хуульд зааснаар зохион байгуулахад дараахыг баримтална гээд 2.2.7-д худалдан авах гэрээг цахим системд байршуулах ба хуульд зааснаар давуу эрх тооцсон, дотоодын үйлдвэрээс худалдан авах нөхцөлтэй гэрээний мэдээллийг цахим системд бүртгэх, 2.2.8-д худалдан авах гэрээнд орсон нэмэлт, өөрчлөлтийг цахим системд бүртгэх, гэрээний хэрэгжилт, гэрээ дууссаны дараа хүлээн авсан актыг тухай бүр цахим системд нийтлэх гэж тус тус заажээ.

 

13. Дээрх хууль болон журмын заалтуудаар аж ахуй эрхлэгч этгээд нь ерөнхий шаардлага, чадавх, туршлагын шаардлагыг хангасан талаарх мэдээлэл, баримт бичгийг цахим системд оруулах, харин хуульд зааснаар аж ахуй эрхлэгч этгээд давуу эрх тооцсон болон дотоодын үйлдвэрээс худалдан авах нөхцөлтэй байгуулсан гэрээ, тус гэрээнд орсон нэмэлт, өөрчлөлт, хэрэгжилт, гэрээ дууссаны дараа хүлээн авсан акт зэрэг гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг холбогдох эрх бүхий этгээд цахим системд бүртгэн баталгаажуулж, нийтлэхээр зохицуулсан байх тул хариуцагчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

14. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээдийн үндэслэл бүхий гомдлыг тендерийн нээлтээс нээлттэй тендер шалгаруулалтын хувьд ажлын таваас доошгүй өдрийн өмнө, тендер шалгаруулалтын бусад аргын хувьд ажлын гурваас доошгүй өдрийн өмнө тус тус хүлээн авна гэж заасан.

 

15. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллага тендер шалгаруулалтын баримт бичгээр гэрээнд заагдаагүй баримтыг шаардсан нь оролцогчдод урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл тулгасан буюу шударга өрсөлдөөний зарчимд нийцээгүй гэж тайлбарлах боловч хуулийн дээрх заалтын дагуу энэ талаар тендер үнэлэхээс өмнө өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хандаагүй атлаа Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн мэдэгдэлтэй холбогдуулан ийнхүү тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

 

16. Түүнчлэн тендерийн баримт бичигт заасан ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох баримт нь 2024, 2025 оны аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээ байхыг шаардсан. Харин Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/3887 дугаартай албан бичигт тендерийн баримт бичигт заасан хугацаанд хамаарахгүй ...нэхэмжлэгч компанийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-тай 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ХХГХБ/23/024 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 2023 онд байгуулсан ХХГ-ГШ/23/024 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, Бодь-Интернэшнл ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ зэргийг дурдаад, Аръяма юнайтед ХХК-ийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-тай байгуулсан 4 гэрээг хянан үзэх... гэсэн агуулгаар зөрүүтэй дүгнэсэн байгаа энэ тохиолдолд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасан Гомдлыг хянан шийдвэрлэх дээд шатны байгууллагын шийдвэрийг захиалагч заавал биелүүлнэ, Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 1.3-т Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ гэснийг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана, 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох, 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан.

 

18. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас маргаан бүхий тендерийг дахин зарлаж, тус тендерт Аръяма юнайтед ХХК, Термомастер ХХК оролцож, Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны хурлын 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр тэмдэглэл /зөвлөмж/-ээр Аръяма юнайтед ХХК, Термомастер ХХК-иудын ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзаж, дахин тендер шалгаруулалт явуулах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байх бөгөөд уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

 

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн  эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэж байх учиртай.

 

20. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас дахин зарласан тендер шалгаруулалтад оролцож, шаардлага хангаагүй тендер ирүүлсэн үндэслэлээр татгалзсан шийдвэртэй маргаагүй атлаа хариуцагчид холбогдуулан тендер сонгон шалгаруулалтын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах болон гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь утга агуулгын зөрчилтэй, маргаан бүхий 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16/1326 дугаартай шийдвэр, Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №3 дугаартай хуралдааны тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийг уг тендерт шалгарсан гэж үзэх үйл баримт үүсэхгүй байна.

 

21. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тендер шалгаруулалтын хувьд ерөнхий нөхцөлийг магадлах, санхүүгийн чадавхийг үнэлэх, техникийн чадавхийг үнэлэх үе шатанд бүх тендерээс татгалзсан, хариуцагчийн энэхүү шийдвэр нь дээрх байдлаар хуульд нийцсэн байх тул дараагийн үе шат буюу шаардлагад нийцсэн тендерт үнэлгээ хийх, гэрээ байгуулах эсэх асуудлаар дүгнэж, нэхэмжлэгчийн тендерийг шаардлагад нийцсэн гэж тогтоох боломжгүй. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн шаардлага хангасан тендерийг үнэлж, шалгарсан болохыг тогтоож хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн оролцогчтой гэрээ байгуулах нөхцөл үүсэх бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх байхгүй, гэрээ байгуулах үр дагавар үүсэх үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Монгол-Орос хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, МЗХННУБТЗ/20260102187/01/01 дугаартай Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.3, 50 дугаар зүйлийн 50.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Аръяма Юнайтед ХХК-ийн гаргасан Монгол-Орос хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын МЗХННУБТЗ/20260102187/01/01 дугаартай Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтын хүрээнд гаргасан 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16/1326 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-ийн МЗХННУБТЗ/20260102187/01/01 дугаартай Сэв шалгуурын нунтаг худалдан авах тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №3 дугаартай хуралдааны тэмдэглэл, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-т Аръяма Юнайтед ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах болон тус компанитай сэв шалгуурын нунтаг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ОДОНТУЯА

 

 

 

 

 

[1] 1хх-115-124

[2] 1хх-125

[3] 1хх, 16-18 дахь тал

[4] 1хх, 19-20 дахь тал

[5] 1хх-131