| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2403001290237 |
| Дугаар | 2025/ДШМ/21 |
| Огноо | 2024-12-25 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/21
2024 12 25 2025/ДШМ/21
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
яллагдагч Б.Бы өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/2800 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар эсэргүүцлээр Б.Бд холбогдох эрүүгийн 2403001290237 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Тайхар овгийн Б.Б, 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т угаагчийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Товчооны зам, “Содмонгол” нэртэй шатахуун түгээх станцын урд замд, 80-17 УБН улсын дугаартай, “Hyundai County” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ” гээд а/-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем...”, 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно” гээд д/-д “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон
түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглах", мөн дүрмийн
Арван хоёрдугаар зүйлийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед
тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж
заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох 64 настай, эмэгтэй, Г.Л
мөргөж, түүний амь нас хохирсон гэх хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 875 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах үндэслэлийг дурджээ. Тухайлбал, яллагдагч Б.Б нь тухайн өдөр замын хөдөлгөөнд оролцохдоо бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй оролцсон эсэх, мөн зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ нь тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, гаргасан эсэх, ...ажил олгогчийн зүгээс хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гарч болзошгүй аюул, эрсдэлийг урьдчилан тооцож, энэ талаар аюулгүй ажиллагааны журам дахин хангуулах арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлсэн эсэх, хүний амь нас хохирсонтой шалтгаант холбоотой эсэхийг шалгаагүй нь учир дутагдалтай гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Тодруулбал, хэргийн талаарх нотолбол зохих байдлыг бүрэн шалган тогтоогоогүй, нотолгооны стандарт бүрдээгүй үндэслэлээр тус хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж хэрэг дахин хуваарилалтад орсон. Энэ тохиолдолд яллагдагчийг шүүхэд шүүхэд шилжүүлсэн эсэхэд хязгаарлагдахгүйгээр шүүх дахин урьдчилсан хэлэлцүүлэг зарлан явуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа шаардлагатай тохиолдолд хэргийг прокурорт буцаах нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэх юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан. Энэхүү заалтын агуулга нь “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн”, “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан" тохиолдолд прокурорт даалгавар өгөх байдлаар ажиллагааг зөвтгөх, зөрчлийг арилгах арга хэмжээ авах зохицуулалт болно. Харин дээр дурдсан осол гаргасан 80-17 УБН улсын дугаартай, “Hyundai Country” маркийн тээврийн хэрэгсэл ашиглалтын шаардлага хангаж байсан эсэх, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийн хуудасны /2хх24/ үзлэгийн дүн хэсэгт 'тэнцээгүй" гэсэн байх ба үүнээс хойш уг тээврийн хэрэгсэл засвар үйлчилгээ хийгдсэн эсэх дахин хяналтын үзлэгт орсон эсэх, улмаар нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахтай холбоотой хууль, хэмжээний актаар хүлээсэн үүрэг биелүүлсэн эсэх, осолтой шалтгаант холбоотой эсэх зэргийг бүрэн бодитой шалган тогтоох нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ”, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно" мөн зүйлийн 4 дэх хэсэг “Мөрдөгчийн магадалгааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно’ гэж заасан. Тус хэрэгт мөрдөгчийн магадалгаатай холбоотой маргаж байгаа тохиолдолд оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болохоор хуульчилсныг прокурор хяналтын хүрзэнд анхаарах нь зөв юм. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” хэргийг прокурорт буцаан шийдвэрлэхээр заасан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал байна гэж дүгнэж, хэргийг прокурорт очтол яллагдагч урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Ганцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б нь тухайн өдөр замын хөдөлгөөнд оролцохдоо бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй оролцсон болох нь Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024.03.01-ний өдрийн: “...тус тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуй тоормосны стенд дээр зогсоогүй гар тоормос ажиллахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй...” гэх дүгнэлт /хх-н 126-132/-ээр тогтоогдсон. Улмаар Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, гаргасан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэний нэхэмжлэгч, хариуцагч /Зорчигч тээвэр гурав/ ОНӨААТҮГ-д хуулийн зөвлөх/ Ц.Цэндсүрэн болон гэрч /Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-д шалгах механикч ажилтай/ Б.Дашдорж нараас мэдүүлэг авч, тээврийн хэрэгслийг шалгаж гаргасан шалгалтын хуудас материалуудыг хавтаст хэрэгт хавсаргасан, энэ асуудлыг бүрэн шалгаж тодруулсан болно. Шүүгдэгчийн өмгөөлөгч болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан “Ажил олгогч "Зорчигч тээврийн гурав ОНӨААТҮГ"-ын зүгээс хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гарч болзошгүй аюул, эрсдэлийг урьдчилан тооцож, энэ талаар аюулгүй ажиллагааны журам сахин хангуулах арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлээгүй бол энэ нь хүний амь нас хохирсон үр дагавартай шалтгаант холбоотой эсэх асуудлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалгүй орхигдуулсан нь учир дутагдалтай байна” гэж дүгнэжээ. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлд 'Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах” буюу 220.1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтан илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасан, жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээдээр машин жолоодуулсны улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.”, 220.2 дахь хэсэгт “Энэ хэргийн улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон, түүнчлэн онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилсан байсан. Дээрх 2002 оны Эрүүгийн хуулийн зүйл заалт нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болж, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохироосон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн...” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Гэмт хэрэг гарах үед буюу одоо хүчин төгөлдөр үйлдэгдэж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн субъект зөвхөн жолооч байхаар хуульчлагдсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг жолооч өөрөө хариуцах буюу харин бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан иргэн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татахаар хуульчлан зохицуулагдсан. Улмаар тус хэрэгт Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-г иргэний хариуцагчаар татсан болно. Хүчингүй болсон хуулийн зүйл заалтыг төсөөтэй хэрэглэх байдлаар /Зорчигч тээвэр гурав/ ОНӨААТҮГ-г бүрэн бус тээврийн хэрэгслийг мэдсээр байж ажилд гаргасан гэж дүгнэн тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 3 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно” гэж .тус тус хуульчилсан хууль ёсны зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” ..., гэж хуульчилжээ. Аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байх бөгөөд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон асуудал нь Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон асуудал бус харин жолооч “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэж байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 /а/ дүгээр зүйлд заасан “..эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах' гэж заасан боловч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй учирч болзошгүй аюул, эрсдэлийг урьдчилан тооцоолж, энэ талаар аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулаагүй буюу “..эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй” тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргаж, хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжтэй нэг үйлдэлд хуулийн зүйл, хэсэг нь хоёулаа бие даасан гэмт хэргийн шинжтэй, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ ялгаатай гэмт хэрэгт хоёр субъектыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл, 27.10 дугаар зүйлд зааснаар тус тус зүйлчлэх нь хууль хэрэглээний хувьд тохирохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэг буюу “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны заримд нийцэхгүй байх тул хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах шаардлагатай байна” гэж дүгнэв. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хуулиар хориглосон хэм хэмжээг илтэд буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж үзэж байна. Учир нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.29-ний өдрийн 1319 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай" шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/660 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан яллагдагч, түүний өмгөөлөгчийн гомдлын дагуу Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2024.08.01-ний 2024/ДШМ/875 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Гэвч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн яллагдагч Б.Быг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн 2024.05.29- ний өдрийн 1319 дугаартай "Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай" шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж, энэхүү хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь заалтыг "Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй" гэж өөрчлөн, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гарсан бол хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шилжүүлэхгүй гэсэн хоёрдмол салаа утгагүй зохицуулалтыг хуульчилсан. Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журам зөрчсөн гомдлыг шийдвэрлэх нөхцөлд шүүх хуралдааныг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах зохицуулалтыг шинээр нэмж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангах, прокурор болон хохирогч, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарыг оролцуулан, үндсэн шүүх хуралдаанд бэлтгэх, оролцогчийн санал, хүсэлтийг шийдвэрлэх, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болохуйц процесс ажиллагааны зөрчлийг урьдчилан илрүүлэх, хүний зөрчигдсөн эрхийг шуурхай сэргээх, шүүн таслах ажиллагааг тасралтгүй, иргэдэд чирэгдэлгүй явуулах, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тусгайлсан, бие даасан үе шатыг бий болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, түдгэлзүүлэх, харьяаллын дагуу шилжүүлэх эрх олгосон хэм хэмжээг хуульчилсан байна. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Бд холбогдох 2403001290237 дугаартай хэрэгт 2024.11,25-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хуулиар хориглосон хэм хэмжээг илтэд буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.04-ний өдрийн 2024/ШЦТ/660 дугаартай, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд яллагдагч Б.Быг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн 2024.05.29-ний өдрийн 2023/ШЗ/1319 дугаартай "Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан шүүн таслах ажиллагаа явуулах зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар, үе шат, дараалал, хэм хэмжээг зөрчин урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
Яллагдагч Б.Бы өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчийг 2 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн гэж ойлгож байна. Нэгдүгээрт, байгууллагыг иргэний хариуцагчаар татсан, байгууллага болон албан тушаалтныг яллагдагчаар татах хуулийн заалт байхгүй болсон. Хоёрдугаарт, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөрдөн байцаалтад буцаасан гэж байна. Миний бие энэ хэрэгт анхнаас нь байгууллага бүрэн бус тээврийн хэрэгслийг ажилд гаргасан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж мөрдөгч болон прокурорт хэлж байна. Улсын яллагч хэргээс үзье гэсэн боловч яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна, зохих албан тушаалтнууд хариуцлага хүлээхээр байна гэж тайлбарласан. Прокурорын зүгээс 2002 оны Эрүүгийн хуулийн 220, 222 дугаар зүйл алга болсон гэж ярьж байна. Энэ хуулийн заалт алга болоогүй. Хүн гэмтсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.3, 10.5 дугаар зүйл, хүн нас барсан бол мөн хуулийн 10.6 дугаар зүйлд зааснаар бүхэлд нь хамруулж шалгахаар хууль тогтоогчоос зохицуулсан. Тээврийн прокурорын газраас жолоочид нь хариуцлага хүлээлгэж байгаа гэж тайлбарлаж байна. Тээврийн прокурорын газраас ганцхан жолоочид хариуцлага хүлээлгэхээр зохицуулалт хийгээд байна уу гэхээр үгүй юм. Жишээлбэл, Архангай аймагт гарсан 7 хүний амь нас хохирсон хэрэг болон Гүнтийн аманд гарсан хэргүүд дээр Тээврийн прокурорын газраас зохих албан тушаалтнуудад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийг хууль тогтоогчоос зохицуулсан хэмжээнд нь хэрэглэж байгаа. Энэ үндэслэлээр прокурорын зүгээс Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичээд хүлээж аваагүй байхад ойлгох болов уу гэхэд ойлгоогүй учраас хуулийн зохицуулалт байхгүй биш байгаа гэдгийг анхааруулж хэлж байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч 2 үндэслэлээр гомдол гаргасан. Жолооч гар утсаа хэрэглээд байсан юм уу, үгүй юм уу гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгээр тогтоогддог. Мөрдөгчийн магадалгаанд жолооч гар утас руугаа харж байсан учраас осол гарах шалтгаан болсон гэж дурдсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр хяналтын камерын бичлэгийг бүрэн судалсан бөгөөд жолооч гар утсаараа оролдохын хувьд оролдсон боловч гар утсаа энгэрийн халаасанд хийсний дараа баруун талын толиндоо хараад урагшаа харахад явган зорчигч гарсан ирсэн үйлдэл харагддаг. Тэгэхээр ослын шалтгаан юу байсан гэдэгт зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн прокурорын зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг мөрдөн байцаалтад буцаасан гэж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг буцаасан шийдвэрийг Улсын дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Б.Быг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Товчооны зам, “Содмонгол” нэртэй шатахуун түгээх станцын урд замд, 80-17 УБН улсын дугаартай, “Hyundai County” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ” гээд а/-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем...”, 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно” гээд д/-д “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон
түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглах", мөн дүрмийн
Арван хоёрдугаар зүйлийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед
тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж
заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.Л мөргөж, түүний амь нас хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх Б.Бд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Өмнө нь Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор шүүх хуралдаанаар хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.04-ний өдрийн 2024/ШЦТ/660 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.6 дахь заалтад заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх яллах дүгнэлтийн дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нэрлэж заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байж тогтоох талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоосноор шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдах болно.
Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах шүүхийн эрх хэмжээг хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг шинээр хуульчилсан нь хуульд нийцээгүй шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээс хэвээр үлдээх үндэслэл болох ёсгүй.
Давж заалдах шатны шүүх нь тухайн эрүүгийн хэрэгт хийгдсэн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй, энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, хуульд заасан үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/2800 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/2800 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч Б.Бд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА