| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дуламрагчаагийн Одонтуяа |
| Хэргийн индекс | 128/2026/0502/З |
| Дугаар | 128/ШШ2026/0674 |
| Огноо | 2026-07-08 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2026/0674
2026 07 08 128/ШШ2026/0674
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Ү******* /РД:*******/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц*******
Хариуцагч: Нийслэлийн дотоод аудитын алба
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г******* нарын хоорондын төрийн албанд томилогдсон эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ү*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Д.Ү*******гийн Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон хөдөлмөрийн эрх зүйн харилцаа 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх тухай.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Анх Нийслэлийн дотоод аудитын албаны даргын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/53 дугаар тушаалаар Д.Ү*******г тус албаны Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар томилсон бөгөөд Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Ч.Г******* Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Ү*******г 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж томилох хүртэл, Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилжээ.
2.2. Иргэн Ч.Г******* ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0738 дугаар шийдвэрээр түүнийг чөлөөлсөн Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
2.3. Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар Д.Ү*******г Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, мөн өдрийн Б/04 дүгээр тушаалаар тус албан тушаалд Ч.Г******* томилжээ.
2.4. Нэхэмжлэгч Д.Ү******* ажлаас чөлөөлсөн шийдвэртэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2021/0622 дугаар шийдвэрээр ...Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаал хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2022/0047 дугаартай магадлалаар ...Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсэн өөрчлөлт оруулсан-ыг, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
2.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4-218/12593 тоот албан бичгээр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн ба Нийслэлийн дотоод аудитын албаны даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/18 дугаар тушаалаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.
2.6. Үүний дараа нэхэмжлэгчээс Нийслэлийн дотоод аудитын газрын даргын Ч.Г******* томилсон 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэхийг Нийслэлийн дотоод аудитын албанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2023/0555 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2023/0503 дугаартай магадлалаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
2.7. Тус хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0414 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2024/0499 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2.8. Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн дотоод аудитын албаны даргын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 тушаалаар ...Ч.Г******* томилсон 2021 оны Б/04 тушаалыг хүчингүй болгож, мөн өдрөөс эхлэн үүрэгт ажил албан тушаалаас чөлөөлж, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/23 тоот албан бичгээр сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлсэн бөгөөд системийн өөрчлөлтэй холбоотойгоор 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/100 тоот албан бичгээр дахин хүргүүлсэн.
2.9. Улмаар Нийслэлийн дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зарлагдаж, тус сонгон шалгаруулалтад Д.Ү*******, Ч.Г******* нарын 4 иргэн оролцсоноос Б.З******* хамгийн өндөр оноог авч, Нийслэлийн дотоод аудитын албаны даргын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар тус албан тушаалд томилогджээ.
2.10. Д.Ү*******гаас Нийслэлийн дотоод аудитын албанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 107,374,274 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/16160 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.11. Нэхэмжлэгч Д.Ү*******гийн тус шүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 3411 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, нэхэмжлэгчээс 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бүрдүүлбэр хангуулан ирүүлснээр 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Д.Ү******* миний бие Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд ...2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж, томилох хүртэл хугацаагаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2021.02.04-ний өдрийн Б/03 дугаар тушаал гарч, намайг албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд мөн өдрийн Б/04 дугаар тушаалаар Ч.Г******* миний ажиллаж байсан Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон. Ийнхүү намайг хууль бусаар чөлөөлж, миний оронд өөр этгээдийг хууль бусаар томилсон гэсэн үндэслэлээр миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргаж явсаар, анхан болон давж заалдах шатны шүүхийн тус бүр 3 шийдвэр, 3 магадлал гарч, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан боловч миний зөрчигдсөн эрх бодитоор сэргээгүй, өнөөдрийг хүртэл хохирсоор байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлалуудаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, миний оронд өөр этгээдийг хууль бусаар томилсон, мән төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулаагүй хууль бус үйл ажиллагаа байсныг тогтоож шийдвэрлэсэн болно. Гэвч хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүд бодитоор хэрэгжээгүйгээс, миний бие ажилгүй байсан хугацааны цалин хөлсөөр хохирч, тухайн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасарсан. Улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч, миний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн байдал үргэлжилсээр байна.
Миний бие 2021 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд хандаж, Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016.12.26-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2021.10.01-ний өдрийн 128/ШШ2021/0622 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.01.07-ны өдрийн 47 дугаар магадлалаар Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2021.02.04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2021.02.04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар миний бие дахин тус шүүхэд хандаж Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын Ч.Г******* томилсон 2021.02.04-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэхийг Нийслэлийн Дотоод аудитын албанд даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг, Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2023.06.23-ны өдрийн 128/ШШ2023/0555 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, уг шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянасан Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.08.08-ны өдрийн 221/МА2023/0503 дугаар Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Улмаар тус шүүхээс миний нэхэмжлэлийг дахин хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2024.05.14-ний өдрийн 128/ШШ2024/0414 дүгээр шийдвэрээр миний дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, уг шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянасан Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024.07.30-ны өдрийн 221/МА2024/0499 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн. Цаашилбал Д.Ү******* намайг Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020.01.31-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсоны дагуу намайг уг албан тушаалд төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж, томилох хүртэл хугацаанд авч ажиллуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Төрийн албаны зөвлөлөөс Нийслэлийн Дотоод аудитын газарт мэдэгдэж, шаардсан боловч шүүхийн шийдвэрт эгүүлэн томил гэж заагаагүй гэсэн үндэслэлээр биелүүлээгүй болно.
Эдгээрээс харахад миний бие Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн, миний оронд өөр этгээдийг хууль бусаар томилсон талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд гарсан. Харин намайг уг албан тушаалд томилсон тушаалыг хууль бус гэж тогтоосон, эсхүл хүчингүй болгосон ямар нэгэн шүүхийн шийдвэр болон эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй тул миний бие 2020.01.31-ний өдрөөс тусгай шалгалт зохион байгуулж, томилох буюу 2025.07.21-ний өдрийг хүртэлх хугацаанд уг албан тушаалд тасралтгүй ажиллаж байх ёстой байсан нь тогтоогдож байна. Энэ нөхцөл байдлыг Төрийн албаны зөвлөлийн 2025.07.31-ний өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 04/1693 дугаар албан бичиг нотолж байна. Ийнхүү хариуцагч Нийслэлийн Дотоод аудитын газрын дарга нь намайг уг албан тушаалд ажиллуулахгүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 47-р магадлалыг биелүүлээгүй төдийгүй албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг холбогдох байгууллагад хүргүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй 2022 оноос 2025.07.21- ний өдөр хүртэл уг албан тушаалд өөр этгээдийг хууль бусаар ажиллуулсан. Энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл хэрэгжүүлсэн, саатуулсан үйлдэл бөгөөд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болно.
Дээрх хугацаанд миний бие Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд ажиллах ёстой байсан боловч уг боломжийг хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бодитоор хязгаарласан. Үүний улмаас миний бие тухайн хугацаанд авах ёстой байсан цалин хөлсөө авч чадаагүй хохирсон төдийгүй, мөн хугацаанд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасарч, улмаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хэдий ч тэтгэвэр тогтоолгож чадахгүй, миний хууль ёсны эрх, ашиг ноцтойгоор зөрчигдөн, хохирсон хэвээр байна. Иймээс миний бие дээр дурдсан хугацаанд Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байх ёстой байсан буюу энэ хугацаанд уг албан тушаалд ажиллах хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй, үргэлжилж байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2023.07.03-ны өдрийн 30 дугаартай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын тайлбарлах нь хэсгийн 7-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх гэдгийг нэхэмжлэгчийн тогтоолгохыг шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа байгаа нь, эсхүл байхгүй нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, эсхүл дуусгавар болох зэргээр эрх зүйн тодорхой үр дагавар үүсэх буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой эсхүл боломжгүй бол шүүхээс тухайн эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг тогтоосон шийдвэр гаргах бөгөөд уг заалтын ... тогтоож, хүлээн зөвшөөрөх гэсэн нь эрх зүйн өөр өөр үр дагаврыг үүсгэхгүй, ижил агуулгатай гэж ойлгоно гэж тайлбарласнаас үзэхэд уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд миний бие өөрт учирсан хохирлоо буруутай байгууллага, албан тушаалтнаас нэхэмжлэх боломж, эрх үүснэ гэж үзэж байна. Мөн дээрх тогтоолын Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл хэсгийн 5.8-т Хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх шийдвэрийг шүүх гаргаж болох зохицуулалт нь мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасан тогтоох нэхэмжлэлийн дагуу гарах шүүхийн шийдвэрийн төрөл тул хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл, эрх зүйн харилцааг тогтоох нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд шүүх уг шийдвэрийг гаргана гэж ойлгохоор байна.
Өөрөөр хэлбэл, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн тогтоолгохыг шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа байгаа нь, эсхүл байхгүй нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, эсхүл дуусгавар болох зэргээр эрх зүйн тодорхой үр дагавар үүсэх буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой тохиолдолд тухайн (нэхэмжлэлээр шаардаж буй) эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг тогтоосон буюу хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана гэж дурджээ.
Тэгвэл нэхэмжлэгч миний хувьд анх төрийн албан тушаалд хуулийн дагуу томилогдсон тушаал маань хүчин төгөлдөр, одоо ч уг албан тушаал сул байсаар байгаа. Түүнчлэн намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон боловч ажилдаа эргэж орж чадаагүй, авах ёстой байсан цалингаа авч чадаагүй, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл тасарсан, өөрөөсөө мөнгө гарган төлж хохирсон, гэвч өнөөдрийн энэ цаг хугацаанд миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул шүүхийн шийдвэрийн дагуу төрийн албанд буюу маргаж байгаа албан тушаалд томилогдон ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Цаашилбал дээрх цаг хугацаанд миний бие бодитоор тухайн албан тушаалд ажиллаагүй тул цалин хөлс нөхөн гаргуулах, холбогдох шимтгэлүүдээ нөхөн төлүүлэх боломжгүй зэрэг үр дагаврууд үүсээд байгаа болно. Ийнхүү хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж, өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хохирол учраад байна. Иймээс энэхүү эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд надад өөрт учирсан хохирлоо барагдуулах боломж нөхцөл бүрдэж, уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу Д.Ү*******гийн Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон хөдөлмөрийн эрх зүйн харилцаа 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, нэхэмжлэгчийн хувьд тухайн албан тушаал дээр сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаанд ажиллаж байх ёстой хүн байсан гэдгийг шүүхээс тогтоосон байна гэдэг нөхцөл байдал нь удаа дараагийн шүүхийн шийдвэрүүдээс тодорхой харагдаж, нотлогдож байна гэж бид үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тухайн албан тушаал дээр ажиллаж байх ёстой хүн мөн үү, үгүй юу, өнөөдрийн байдлаар тэрээр уг албан тушаалд ажиллаагүй бөгөөд үүнээс болж хохирсон эсэхийг тогтоож өгөхийг хүсэж байна. Хариуцагчийн татгалзаж буй үндэслэлийг тайлбарлахдаа, анх томилогдсон тушаал нь илт хууль бус байсан тул нэхэмжлэгч энэ ажиллаж ёсгүй хүн гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус шийдвэр байсан бол түүнийг тогтоосон шийдвэр хэрэгт байхгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. 2020 оны 01 дүгээр сард томилж, 2021 оны 02 дугаар сард чөлөөлсөн байна. Үнэхээр илт хууль бус томилгоо байсан бол тухайн хүнийг төрийн албан хаагч гэж үзэхгүй, анхнаасаа гарах ёсгүй байсан, тушаалыг нь хүчингүй болгох ёстой байсан. Гэтэл нэг жил ажиллуулж, төрийн албан хаагч мөн гэдгийг хүлээн зөвшөөрсний дараа төрийн албанаас чөлөөлсөн байна. Иймд анхнаасаа илт хууль бус байсан гэсэн тайлбар нь үндэслэлгүй болох нь харагдаж байна. Мөн нэхэмжлэгчийг буруутгах ганц үндэслэл нь хууль зөрчиж, шаардлага хангаагүй байхад орж ирсэн гэдэг боловч тухайн хүн өөрөө уг албан тушаалд дур мэдэн сууж, өөртөө тушаал бичээгүй. Харин хариуцагч байгууллага өөрөө уг хүнийг дуудаж, тухайн албан тушаалд суулгаж, тушаалыг бичсэн. Өнөөдөр тэд өөрсдийн гаргасан баримт бичгээ хуульд нийцэхгүй гэж тайлбарлаж байгаа нь буруу. Нэхэмжлэгчийг буруутгах нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч анх 2017 онд дэс түшмэлийн албан тушаалаас чөлөөлөгдсөн учраас дэс түшмэлийн нөөцөд байсан гэдэг агуулгатай. Нөөцөөс шууд ахлах, удирдах албан тушаалд шууд томилогдсон нь хууль бус гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл, энэ хүн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, удирдах албан тушаалтны шалгалтад орж тэнцээд, анх удирдах албан тушаалд ажиллаж байгаад түр хугацаагаар доод албан тушаалд томилогдож, дараа нь чөлөөлөгдсөнөөр эргээд удирдах албан тушаалтны нөөцөд орсон байна. Тэрнээс буцаж удирдах албан тушаалд томилогдсон процесс хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасны дагуу томилсныг буруу гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн зүгээс 27.1.1-ийн дагуу томилсныг хууль бус гэж хэлээгүй. Учир нь 27 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилохыг зохицуулсан бөгөөд 27.1-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд дор дурдсан журмын дагуу орон тоог нөхнө гэж заасан байна. 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, мөн энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалын нөөцөд байгаа хүнээс томилуулахаар заасан байна. Тэгэхээр энэ хуульд заасан процесс, журам нь нэхэмжлэгч зөрчсөн гэдэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Харин эсрэгээр, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгчийг эхлээд хууль бусаар ажлаас чөлөөлсөн, анхнаасаа хууль журмын дагуу томилогдсон гэдэг дүгнэлт хийгдсэн байна. Ер нь эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох тухайд энэ хүн тухайн хугацаанд уг албан тушаалд ажиллах ёстой байсан уу, ёсгүй байсан уу гэдэг асуудал байгаа. Тухайн хугацаанд албан тушаал дээр байсан Ч.Г******* хуулийн дагуу томилогдсон, томилогдоогүй асуудал нь энэ хэрэгт хамааралгүй, нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрсэн асуудал гэж үзэж байна. Иймд Ч.Г*******тай холбоотой асуудал энэ хэрэгт дүгнэгдэхгүй хэрэгт хамааралгүй. Шүүхээс шийдвэр гаргахдаа энэ талаар анхаарч үзэхийг хүсэж байна. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, боловсролын түвшин, ажлын байрны тодорхойлолт хангаж байгаа байдал нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байна. Энэ асуудал дээр Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны баримтлах зарчим, тухайлбал тэгш байдлын зарчим алдагдсан нөхцөл байдал тогтоогдож байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Эцэст нь хэлэхэд, нэхэмжлэгчийн хувьд удаа дараагийн шүүхийн шийдвэрүүдээр уг албан тушаалд хууль ёсоор томилогдсон боловч хууль бусаар чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон. Мөн энэ хүнийг чөлөөлсөн хугацаанд тухайн албан тушаалд ажиллаж байсан хүн ч бас хууль бусаар томилогдсон байна. Тухайн тушаалд "сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл хугацаанд" гэж заасан ч уг сонгон шалгаруулалт хийгдээгүй байхад чөлөөлсөн нь буруу, сонгон шалгаруулалтыг зарлах ёстой байсан гэдэг агуулгатай шүүхийн шийдвэрүүд байгаа. Иймд хуулийн дагуу томилогдсон төрийн албан хаагчийг томилсон тушаал хүчинтэй байхад тухайн хүний хөдөлмөрийн эрх зүйн харилцаа тасралтгүй үргэлжилж байсан гэж дүгнэх хууль зүйн хувьд, хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байна гэж дүгнэж байна. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд, хуульд үндэслэн хэргийг шийдвэрлэх журам байгаа. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг анхнаасаа хууль бусаар томилогдсон тул энэ хугацаанд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үргэлжлэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгааг анхаарч үзэхийг хүсэж байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Нэхэмжлэлд дурдсан ...Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт сонгон шалгаруулалтын талаар Нийслэлийн Дотоод аудитын албанаас мэдэгдээгүй талаарх.... гэсэн шаардлагын хүрээнд: Нийслэлийн Дотоод аудитын алба нь Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0414 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 201/МА2024/0499 дүгээр магадлалыг манай байгууллага Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу биелүүлсэн талаар 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/24 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд шүүхийн шийдвэрт ...захиалгыг Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэхийг Нийслэлийн Дотоод аудитын албанд даалгасугай... гэж шийдвэрлэсэн бөгөөд тус албанаас Шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий албан тушаалд томилогдсон байсан Ч.Г*******ын 2021 оны Б/04 дүгээр тушаал Албаны даргын 2025 оны Б/05 дугаар тушаалаар хүчингүй болж, сул орон тооны захиалгыг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/23 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлснээр биелэгдэж дууссан. Энэ тухай Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/24 тоот албан бичгээр мэдэгдсэн. Сул орон тооны сонгон шалгаруулалтын тухайд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим системээр сул орон тооны захиалгыг хүргүүлдэг болсонтой холбогдуулан системд албан тушаалын тодорхойлолтыг байршуулах ажил нэгдсэн журмаар хийгдэж байсан тул тусгай шалгалт хүлээгдэж, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/100 тоот албан бичгээр дахин саналаа хүргүүлж Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2025 оны 55 дугаар тогтоол, албаны даргын 2025 оны 07 дугаар сарын 21-ний Б.З*******г төрийн албаны удирдах албан тушаалд томилох тухай 5/27 дугаар тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн дарга томилогдсон.
2. Нэхэмжлэлд дурдсан: ...Д.Ү******* миний бие Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020.12.31-ний өдрийн Б/08 тушаалаар Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд ...2020.02.03-ны өдрөөс эхлэн төрийн албаны хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж, томилох хүртэл гэсэн ч ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан боловч миний зөрчигдсөн эрх бодитоор сэргээгүй, өнөөдрийг хүртэл хохирсоор байна... гэсэн шаардлагын хүрээнд: Иргэн Д.Ү*******г томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг үндэслэсэн байдаг. Гэтэл төрийн жинхэнэ албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг томилдог билээ. Дээрх тушаалаар төрийн албаны нөөцөөс иргэн Д.Ү*******г шууд томилсон байх тул түүнийг үргэлжлүүлэн ажиллуулахад дахин хууль зөрчих нөхцөл байдал үүсдэг.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад сул орон тоо гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг тодорхойлсон байдаг. Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаал нь сул орон тоотой байснаар сул орон тооны захиалгыг хүргүүлэх үүрэг байгууллагын эрх бүхий албан тушаалтанд үүсдэг. Уг албан тушаалд албан хаагч ажилласаар байвал сул орон тоо үүссэнд тооцох боломжгүй, сул орон тооны захиалгыг хүргүүлэх эрх үүсэхгүй байх тул түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, талаар иргэн Д.Ү*******тай 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр уулзаж биечлэн мэдэгдсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/28 тоот албан бичгийг өгсөн байдаг.
3. Иргэн Д.Ү*******гийн нэхэмжлэлд дурдсан "...Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсоныг... шүүхийн шийдвэрт эгүүлэн томил гэж заагаагүй гэсэн үндэслэлээр биелүүлээгүй..." гэсэн шаардлагын хүрээнд: Хуулийн хүчин төгөлдөр бүхий шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Д.Ү*******г Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Албан үүргийг түр орлон гүйцэтгэх гэдэг нь Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан. Тухайн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалын чиг үүрэг ойролцоо албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлдэг. Хуулийн 27.1.1 дэх заалт нь төрийн жинхэнэ албан тушаалын сонгон шалгаруулж томилох нөхцөлийг заасан байдаг. Хуулийн 27.3-д 27.1-д заасан тохиолдолд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно гэж заасан байдаг. Иргэн Д.Ү*******г томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг үндэслэсэн байдаг. 27.1.1-д 2 нөхцөлийг заасан бөгөөд 1-т төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид 2-т удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж томилох нөхцөлийг заасан. Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтад зааснаар Ахлах түшмэл буюу удирдах албан тушаалд Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын хэлтсийн дарга, Дэс түшмэл буюу гүйцэтгэх албан тушаалд Ахлах дотоод аудитор хамаарна гэж заасан байдаг. Гэтэл Д.Ү******* нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудиторын албан тушаалаас буюу дэс түшмэлийн албан тушаалаас чөлөөлөгдөж, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 тушаалаар Ахлах түшмэлийн /удирдах/ албан тушаалд томилохдоо дэс түшмэлийн /гүйцэтгэх/ нөөцөд байгаа иргэнийг томилсон нь өөрөө зөрчилтэй томилгоо юм. 2020 оны Б/08 тушаал нь өөрөө хууль зөрчиж гарсан тушаал юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д "Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна" гэж заасны дагуу Д.Ү*******г томилсон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08-ны тушаал нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Иймд ч шүүхийн шийдвэрээр уг тушаалыг хүчингүй болгоогүй, хуульд заасны дагуу эрх зүйн үйлчлэлгүй захиргааны акт юм.
4. Иргэн Д.Ү*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөөр хохирч, тухайн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасарсан тухайд: Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын (одоо газар биш алба болсон тул цаашид алба гэх) 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар иргэн Д.Ү*******г эрүүл мэндийн шалтгаанаар Санхүүгийн аудитын хэлтсийн Ахлах аудиторын албан тушаалаас чөлөөлж, тэрээр төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн. Тус албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар иргэн Д.Ү*******г албан тушаалын сонгон шалгаруулалтгүйгээр түр орлон гүйцэтгүүлэхээр Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилж, 2021 оны 02 дугаар сарын 03-ны Б/03 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Гэтэл албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Ч.Г******* ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан Ч.Г******* Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0738 дугаар шийдвэрийн дагуу 2021 оны 02 дугаар сарын 04-ний Б/04 дүгээр тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон байна. Энэ нь иргэн Д.Ү*******г ажлаас үндэслэлгүй чөлөөлөөгүйг нотлох бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаал гарсан байдаг. Дээрхтэй холбогдуулан иргэн Д.Ү******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ...газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх.... шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0622 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаар магадлалаар албаны даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийг хэвээр үлдээсэн байдаг. Иргэн Д.Ү******* нь дахин шүүхэд хандахдаа ...албаны даргын Ч.Г******* томилсон 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах... шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0414 дүгээр шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Мөн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд иргэн Д.Ү******* нь "...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 107,374,274 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид дааргах өгнө үү..." гэсэн нэхэмжлэлийг дахин гаргасан бөгөөд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 197/ШШ2025/16160 дугаарт шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ...нэхэмжлэгч Д.Ү*******г урьд эрхэлж байсан Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 107,374,274 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байна. Манай байгууллагын зүгээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилласан. Иймд Д.Ү*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Ч.Г*******ын ажилласан хугацааны цалин хөлсийг төрд учирсан хохирол гэж тогтоосон шийдвэр байхгүй. Д.Ү*******гийн хэлснээр одоо ч гэсэн хүмүүс хууль бусаар ажиллуулж байна гэж байна. Аудит, хяналт шалгалтын хэлтсийн албан тушаалд шилжүүлэн, томилуулан ажиллуулж байгаа. Одоогийн байдлаар албан тушаалд ажиллаж байгаа гэсэн үг. Д.Ү*******г урьж авч ирж томилдог тийм албан тушаал биш юм. Шалгалт өгч, хууль журмын дагуу томилогддог албан тушаал бөгөөд энэ нь хуулиар заагдсан байгаа. Удирдах албан тушаалтны нөөцөд байсан гэдэг тухайд Д.Ү*******гийн тушаалын хамгийн сүүлийн бичилтийг харвал ахлах аудитор буюу дэс түшмэлийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байдаг. Иймд Д.Ү*******г удирдах албан тушаалтны нөөцөд байсан гэж үзэхгүй. Учир нь өөрийн хүсэлтээр ахлах аудиторын албан тушаалд томилогдсон байгаа тул хамгийн сүүлийн тушаалаар авч үзвэл нөөцөд байсан гэж тооцогдоно. Удирдах албан тушаалтны нөөцөд байсан бол Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-ээр энэ хүнийг томилох ёстой гэж тайлбарласан. Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн хуулийн 27.1.1-ийн дагуу томилох ёстой бөгөөд нөөцөөс сонгон шалгаруулалт явуулж, санал болгосон хүнийг тухайн төсвийн шууд захирагч томилох ёстой. Иймд энэ нь хууль зөрчсөн асуудал. Эргүүлэн томилох шүүхийн шийдвэр байхгүй. Д.Ү*******г ажиллуулах боломжгүй. Д.Ү*******гийн хувьд Ч.Г*******ын томилсон тушаалыг хүчингүй болгоод сул орон тооны захиалга хүргүүлснээр Д.Ү*******гийн шалгалтад орох эрх нээгдсэн гэж үзэж байна. Д.Ү******* 2017 онд нөөцөд байсан. Шалгалт өгөөд, ямар нэгэн албан тушаалд орох эрх байсан. Тийм учраас Д.Ү*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангавал төрд дахин хохирол учрах эрсдэлтэй. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзээд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Дотоод аудитын албанд холбогдуулан Д.Ү*******гийн Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон эрх зүйн харилцаа 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...намайг хууль бусаар чөлөөлж, миний оронд өөр этгээдийг хууль бусаар томилсон үндэслэлээр тусгай шалгалт зохион байгуулах талаар удаа дараагийн шүүхийн шийдвэр гарсан, гэвч шүүхийн шийдвэрүүд бодитоор хэрэгжээгүйгээс ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөөр хохирч, тухайн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасалдсан, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч сүүлийн 5 жилийн цалин тасалдсаны улмаас тогтоолгож чадахгүй миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал үргэлжилсээр байгаа, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар иргэний шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах эрх сэргэнэ гэж,
Хариуцагчаас ...шүүхийн шийдвэрээр Д.Ү*******г тухайн албан тушаалд ажиллуул гэж шийдээгүй, манай зүгээс Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд сул орон тооны захиалгыг хүргүүлснээр шүүхийн шийдвэр биелэгдсэн, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхийн шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, анхнаасаа Д.Ү*******г Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон 2020 оны Б/08 тушаал илт хууль бус захиргааны акт учир гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, манай байгууллагын зүгээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилласан гэж тус тус тайлбарлан маргаж байна.
3. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Төрийн албыг доор дурдсанаар ангилна, 6.1.2-т төрийн захиргааны алба, 6.2-т Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ, 10 дугаар зүйлийн 10.3-д Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ, 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно. 62 дугаар зүйлийн 62.1-т Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана, 62.1.1-т энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэж тус тус заажээ.
4. Хэргийн үйл баримтын тухайд, Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж томилох хүртэл Д.Ү*******г Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон, хариуцагч 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0738 дугаартай шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх байдлаар 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар Д.Ү*******г чөлөөлж, мөн өдрийн Б/04 дүгээр тушаалаар тухайн албан тушаалд Ч.Г******* томилсон.
5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2021/0622 дугаар шийдвэрээр ...Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаал хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2022/0047 дугаартай магадлалаар ...Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсэн өөрчлөлт оруулсан-ыг, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
6. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0414 дугаар шийдвэрээр ...Нийслэлийн дотоод аудитын газрын даргын Ч.Г******* томилсон 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэхийг Нийслэлийн дотоод аудитын албанд даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2024/0499 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
7. Дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны Б/03 дугаар тушаал болон Ч.Г******* томилсон Б/04 дүгээр тушаал аль аль нь хүчингүй болсон бөгөөд маргаан бүхий Нийслэлийн дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэхийг хариуцагчид даалгасан байна.
8. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу Ч.Г******* томилсон 2021 оны Б/04 тушаалыг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 тушаалаар хүчингүй болгож, сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/23 болон 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/100 тоот албан бичгээр хүргүүлснээр сонгон шалгаруулалт 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зарлагдаж, Нийслэлийн дотоод аудитын албаны даргын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар маргаан бүхий албан тушаалын сул орон тоо нөхөгдсөн байх тул дээрх хугацаанд нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.
9. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0738 дугаар шийдвэрээр Ч.Г******* чөлөөлсөн Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэхдээ ...Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг хариуцагчаас хэрхэн хангасан нь тодорхой бус, уг заалтыг хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд мөн хуулийн 62.1.4-д заасныг захиргаа авч хэрэгжүүлэх байсан, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, ил тод байх, захирах, захирагдах ёсны, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах үүднээс бодит байдал дээр ямар байсан бэ гэдгийг шүүх тогтоох боломжгүй... гэх агуулгаар дүгнэсэн бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2022/0047 дугаартай магадлалаар нэхэмжлэгч Д.Ү*******г ажлаас чөлөөлсөн Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгохдоо ...шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Ч.Г******* маргаан бүхий Аудит, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд шууд томилох, түүнийг уг албан тушаалд томилсонтой холбоотойгоор нэхэмжлэгч Д.Ү*******г маргаан бүхий албан тушаалаас чөлөөлөх агуулгаар гараагүй байхад хариуцагчаас шүүхийн шийдвэрийн агуулгаас өөрөөр уг шийдвэрийг биелүүлсэн, ...Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах нь зүйтэй гэх агуулгаар дүгнэсэн байхад маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалт зарлалгүй, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтална гэснийг зөрчиж, шаардлага хангасан этгээдийг томилох үүргээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байна.
10. Үүний улмаас нэхэмжлэгч хувьд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагч нь энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаа болон сонгон шалгаруулалт оролцох эрх зөрчигдсөн төдийгүй хариуцагч 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/18 дугаар тушаалаар Д.Ү*******г ажлаас чөлөөлсөн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосон атлаа тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Ч.Г******* үргэлжлүүлэн ажиллуулсаар байсан нь Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасанд нийцэхгүй байна.
11. Учир нь хариуцагч нэхэмжлэгч Д.Ү*******г ажлаас чөлөөлсөн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосноор түүнийг ажилд томилсон Б/08 дугаартай тушаалын үйлчлэл сэргэсэн гэж үзнэ. Энэ тохиолдолд хариуцагч 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж томилох хүртэл хугацаанд нэхэмжлэгч Д.Ү*******г Нийслэлийн дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон тул тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт явагдаж, шинээр албан тушаалтан томилогдох хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн хувьд тус албан тушаалд томилогдсон эрх зүйн харилцаа үргэлжилж байсан гэж үзэх үндэслэлтэй.
12. Маргааны үйл баримтын талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0414 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2024/0499 дугаартай магадлалд ...Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд Ч.Г******* томилохдоо тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх шаардлагыг хангаагүй байхад томилсон нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, уг хууль бус тушаалын улмаас Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах боломжгүй болсон нь Д.Ү*******гийн хувьд тухайн сул орон тоонд сонгон шалгаруулалтад оролцох ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна гэх агуулгаар дүгнэсэн.
13. Өөрөөр хэлбэл, дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилох нь зүйтэй гэх байдлаар дүгнэж шийдвэрлэсэн атал хариуцагч нь төрийн жинхэнэ албан тушаалд шаардлага хангасан этгээдийг хуульд нийцүүлэх томилох чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйн улмаас Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчим зөрчигдсөн байна.
14. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэгчийг томилсон 2020 оны Б/08 тушаал нь анхнаасаа хууль зөрчиж гарсан илт хууль бус захиргааны акт тул гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй гэж тайлбарлах боловч захиргааны байгууллага хэрэв алдаатай шийдвэр гаргасан бол тухайн шийдвэрээ хүчингүй болгох, эсхүл зөвтгөх байдлаар өөрийн гаргасан алдааг засах боломжтой байхад энэ талаар ямар ч арга хэмжээ аваагүй, холбогдох шийдвэрийг гаргаагүй атлаа ийнхүү тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг гэж, 106 дугаар зүйлийн 106.3.5-д эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх гэж тус тус заасан. Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 30 дугаар тогтоолоор тус нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч болон бусад оролцогч (хариуцагч, гуравдагч этгээд гэх мэт)-ийн хооронд, эсхүл тодорхой эд юмсын хувьд нийтийн эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр тодорхой эрх зүйн үр дагавар үүссэн эсэхийг буюу эрх, үүрэг байгаа, эсхүл байхгүйг тогтооход чиглэгдсэн нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгоно ... Нийтийн эрх зүйн харилцааг тогтоолгох нэхэмжлэлийг нэгдүгээрт, хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг (хүчингүй болгох, даалгах) гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх тохиолдолд гэж тайлбарласан.
16. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/16160 дугаар шийдвэрээр Д.Ү*******гаас Нийслэлийн дотоод аудитын албанд холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 107,374,274 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
17. Төрийн албан хаагчийн эрх зүйн харилцаа нь томилох эрх бүхий этгээдийн албан тушаалд томилсон шийдвэр гарснаар үүсэж, зөвхөн хуульд заасан үндэслэлээр дуусгавар болох учиртай. Харин энэ тохиолдолд нэхэмжлэгчийн Нийслэлийн дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон эрх зүйн харилцаа хуульд заасан үндэслэлээр дуусгавар болоогүй тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн тухайд дээрх шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах эрх сэргэнэ гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх боломжгүй юм.
Иймд дээрх байдлаар нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, түүний эрхэлж байсан албан тушаалд хууль зөрчиж томилгоо хийсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэдий ч хууль бусаар томилогдсон этгээдийг үргэлжлүүлэн ажиллуулж, маргаан бүхий албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаагүй зэрэг хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын төлөлт тасалдсан төдийгүй тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч тогтоолгож чадахгүй үр дагаврыг үүсгэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.5, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ү*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.Ү*******гийн Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон эрх зүйн харилцаа 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА