Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 423

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: Ц.С,

Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

Шүүгдэгч: А.Ж /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ж холбогдох эрүүгийн 1809003310185 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, А.Ж

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч А.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Говь” ХК-ийн “Coat house” /Коат хаус/ нэрийн барааны дэлгүүрт үйлчлүүлж байхдаа ноолууран платийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч “Говь” ХК-д 322.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ж мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Б /хх-ийн 14, 15/, яллагдагч А.Ж /хх-ийн 20/ нарын өгсөн мэдүүлэгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/, шүүгдэгч А.Ж урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Ж нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Говь” ХК-ийн “Coat house” /Коат хаус/ нэрийн барааны дэлгүүрт үйлчлүүлж байхдаа ноолууран платийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч “Говь” ХК-д 322.200 төгрөгийн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч А.Ж нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр жилийн эцсийн тооллого хийхэд 1 ширхэг ноолууран плать дутсан бөгөөд камерын бичлэг шүүж үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг 50 минутын орчим гаднаас орж ирсэн үл таних эмэгтэй 2 ширхэг платье хувцас солих өрөөнд оруулаад гарч ирэхдээ нэг платье барьсан гарч ирж байгаа бичлэг олдсон... Би хохирлын мөнгө авсан учраас гаргах санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Яллагдагч А.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” ХК-ийн нэрийн барааны дэлгүүрт ороод 2 ширхэг ноолууран платье аваад хувцас солих өрөөнд ороод нэг платийг цүнхэндээ хийгээд худалдагч нарт хэлэлгүй хулгайлан аваад гарсан... Би хүмүүсээс дутахгүй амьдармаар санагдаад үнэтэй хувцас өмсөх гээд хулгай хийсэн. Би хохирлын мөнгийг төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 12 сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 322.200 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/ бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан байдал буюу амар хялбар аргаар мөнгө олж амьдрах гэсэн санаа зорилго нөлөөлжээ.

 

Иймд дээрх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч А.Ж бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ж ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөн шүүгдэгч А.Ж нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч “Говь” ХК-ийн зүгээс 322.200 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч А.Ж нь мөрдөн байцаалтын шатанд 322.200 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Ж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Ж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Ж зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.АЛДАР