Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02451

 

 

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02451

 

МАГАДЛАЛ

 

Б.Халиунаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03208 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Халиунаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Мон Кон Салт ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Мон Кон Салт ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Халиунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Халиунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 4 дүгээр курст сурч байсан тул оффис менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орохдоо хагас өдөр буюу 09-13 цагийн хооронд ажиллахаар тохиролцоод ажиллаж эхэлсэн бөгөөд 14 цаг гээд сургуульдаа явдаг байсан. 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс бүтэн цагаар ажиллаад цалингаа 2 000 000 төгрөг гар дээрээ авахаар тохиролцоод ажиллаж байтал цалинг 395 000 төгрөгөөр тооцож 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр цалингийн картад шилжүүлсэн байсан. Цалин бага, тохиролцсоноороо биш байна гэж шаардсанаар үл ойлголцол үүссэн. Миний бие өөрийн хүсэлтээр ажлаасаа гарна гэсэн хүсэлт гаргаагүй. 2017 оны 5, 6 дугаар сард гадаад зөвлөхүүд ирээд ажил ихтэй байсан бөгөөд явсных нь дараа утсаар нягтлан н.Ундрал манайх шинэ хүн авах гэж байна чи ажлаа хэзээ хүлээлгэж өгөх гэж байна вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь дэд захиралтайгаа энэ талаар хэлэхэд би өөрөө зохицуулна чи санаа зоволтгүй байж бай гэсэн мөртлөө тушаал гаргасан. Уг тушаалын үндэслэлд миний хүсэлтээр гэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Халиунаа нь аливаа нэгэн шалтгаангүйгээр байнга ажлаа таслах, хийх ёстой үүргээ биелүүлэхээс татгалзаж байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагадаа хагас цагаар ажиллахаар тохирсон гэж дурьдсан байна. Компанийн зүгээс ажлын хагас цагаар ажиллах, зөвхөн өөрийн хүссэн ажлаа дуртай үедээ хийх эрхийг ямар нэгэн байдлаар олгоогүй. Хэдийгээр ажлаас чөлөөлөх тухай саналыг холбогдох ажилтангууд гаргаж, үүрэгт ажлаа гүйцэтгэхийг нэхэмжлэгч этгээдэд анхааруулж байсан боловч ажлын гүйцэтгэлээ сайжруулахын оронд манай түншлэгч гадаадын байгууллага руу бусад ажиллагсадын тайлан, гүйцэтгэлийг өөрөө хийсэн мэтээр тайлбарлаж, цалингаа нэмэх, нөхцөлөө сайжруулах талаар манай компанид шахалт үзүүлэхийг шаардсан ба хэрэв энэ тохиолдолд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэдгээ амаар болон цахим шуудангаар хэд хэдэн удаа илэрхийлсэн байдаг. Байгууллагын ажилтан Б.Мөнхзаяатай ажил хүлээлцэх үеийн гүйцэтгэлийг гаргаж үзэхэд мөнгө хувьдаа завших, хуурамч баримт үйлдэн илүү мөнгө авах зэрэг үйлдлүүдийг гаргаж байсан нь илэрсэн. Компанийн зүгээс өөрт олгогдсон эрхийн дагуу Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Б.Халиунаагийн саяхан сургууль төгссөн, цаашдаа хуулийн байгууллагад ажиллах гарааг нь сэвтүүлэхгүй үүднээс завшсан мөнгийг цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, мөн тодорхой шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалж, ажлын хариуцлага алдаж байсныг үндэс болголгүй зөвхөн бидэнтэй болон гадаад түншүүдэд хийсэн аман болон цахим шууданг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан тушаалыг гаргасан. Байгууллагын ажилтан Б.Мөнхзаяа, нэхэмжлэгч Б.Халиунаагийн хийж гүйцэтгэх үүрэгт ажлуудын нэг болох санхүүгийн тайланг нөхөн гүйцэтгэсний дараа үлдэгдэл бэлэн мөнгийг эргүүлж тушаах шаардлагыг 6 дугаар сарын 27-ны өдрөөс тавьж эхэлсэн бөгөөд эцсийн төлбөрийг 7 дугаар сарын 18-ны өдөр хийн, дараа өдөр нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Халиунааг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Монконсалт ХХК-ийн Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь төслийн оффис менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 4,293,022.1 /дөрвөн сая хоёр зуун ерэн гурван мянга хорин хоёр төгрөг нэг мөнгө/ төгрөгийг хариуцагч Монконсалт ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Халиунаад олгож, Б.Халиунаагийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монконсалт ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Халиунаад олгож, хариуцагч Монконсалт ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 83,639 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг хариуцагчийн хувиар тайлбартаа тодорхой дурдаж, нотлох баримтуудыг хүргүүлсэн боловч зөвхөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөдөлмөрийн хуулийн заалтыг үндэслэл болгож, шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Халиунаа нь хариуцагч Мон Кон Салт ХХК-ийн Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь төслийн оффис менежерээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17/10 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн ба шүүхэд дээрх тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт нийцжээ.

 

Хариуцагч Мон Кон Салт ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17/10 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг баримтлан Б.Халиунаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтан өөрөө хүсэлт гаргасан гэсэн үндэслэл заажээ. /хх-28/

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч Б.Халиунаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар өөрөө санаачилсан буюу энэ талаар хүсэл зоригоо илэрхийлж өргөдөл гаргасан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Б.Халиунаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ ...цалин нэмэхгүй бол ажиллахгүй гэсэн бөгөөд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, төлбөр тооцоог дутаасан, ёс зүйн алдаа гаргасан гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч Б.Халиунаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа энэ үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөөгүй байх тул хариуцагчийн гаргасан энэ талаарх тайлбар, татгалзал үндэслэлгүй буюу анхан шатны шүүх ажил олгогчийн гаргасан тушаалын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Халиунааг Мон Кон Салт ХХК-ийн Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь төслийн оффис менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 4 293 022,1 төгрөгөөр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монконсалт ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 750 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Н.БАТЗОРИГ