Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 420

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: С.Э,

Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

Өсвөр насны шүүгдэгч: Ж.М, түүний хууль ёсны төлөөлөгч Х.У, өмгөөлөгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.М холбогдох эрүүгийн 1809017250437 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Ж.М

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.М нь 2018 оны  04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мийтинг” баарны ойролцоо гудамжинд хохирогч С.Э зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ж.М хууль ёсны төлөөлөгч Х.У мэдүүлэхдээ: Тэр өдөр найзындаа хоночихоод ирье гэсэн. Тэгээд асуудалд орсоныг мэдсэн. Цаашид хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулна гэв.

           

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Э /хх-ийн 4, 6/, гэрч Н.А /хх-ийн 11/, яллагдагч Ж.М /хх-ийн 29/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4660 дугаар дүгнэлт /хх-ийн 19/, шүүгдэгч Ж.М урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.М нь 2018 оны  04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мийтинг баарны ойролцоо гудамжинд хохирогч С.Эг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Ж.М нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч С.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг нэг залуу толгой руу гараараа цохисон. Тэгээд манай 2 цаашаагаа гарч зугтаад намайгтэнд байсан зулуучууд нь гаргахгүй, боломжгүй болгож байгаад 4 нь намайг цохиж зодсон. ...ягаан цамцтай банди пивоны шилээр миний зүүн мөрөн дээр нэг удаа цохихоор нь би тонгойгоод өөдөөс нь очоод бариад авсан чинь шууд уруул руу хоёр удаа цохихоор нь тонгойсон чинь дээрээс цохиод доороос гар луу өшиглөөд байсан. Тэгэхээр тэр бор царайтай банди надад гэмтэл учруулсан. Намайг тонгойсон чинь дээрээс цохиод байсан. Тэгэхэд 4 банди байх шиг байсан болохоор бүгдээрээ л намайг цохисон гэж бодоод тэгж хэлсэн. Бор банди бол намайг шилээр цохиод тэгээд уруул нүүр лүү цохисон нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4, 6/,

 

Гэрч Н.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгэхээр нь манай найз Эрхэмбаяр очоод юу болоод байгаа юм бэ гээд салгах гэсэн чинь нэг нь Эрхэмбаярыг цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Өсвөр насны яллагдагч Ж.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр найзуудынхаа хамт “Мийтинг” баарнаас гараад явж байхдаа тэр бандитай мөрлөлдөөд маргалдаад би цохисон. Тэгсэн чинь цаанаас өндөр банди ирэхээр нь би бас цохисон. Тэгээд би зугтаагаад таксинд суугаад явсан. Толгой руу нь пивоны шилээд цохиод шилээ хаясан. Тэгээд дараа нь нүүр, уруул руу нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн тухай 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4660 дугаар дүгнэлт: “...С.Э биед тархи доргилт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд 1, 2, зүүн дээд 1-р шүд сулрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн завьжны салстын жижиг язрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Ж.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ж.М нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч С.Э нь “...миний хохирлын барагдуулж 690.000 төгрөг өгсөн. ...Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 45/ гаргасныг дурьдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Ж.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.М 120 /нэг зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Өсвөр насны шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Ж.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.АЛДАР