| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дуламрагчаагийн Одонтуяа |
| Хэргийн индекс | 128/2025/1106/З |
| Дугаар | 128/ШШ2026/0360 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2026/0360
2026 04 128/ШШ2026/0360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД: /
Хариуцагч: Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл
Гуравдагч этгээд: Ж.Б Ч.О, Б.У, Б.Г, Н.Е, Б.О*******, Б.Э*******, Д.С, З.Б
Маргааны төрөл: Газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлттэй холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, гуравдагч этгээд Ч.О, Ж.Б, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баатарзориг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгээр хуралдааны 58 дугаар дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дугаар захирамжаар дээрх газрын эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эзэмших эрхийн дугаартай гэрчилгээг мөн олгосон байна.
2.3. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/693 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан газрын төлбөрөө төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
2.4. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Б******* ХХК-аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2021/0392 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 449 дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 265 дугаар тогтоолоор буцааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
2.5. Гуравдагч этгээд нарын тухайд, анх мал эмнэлэг үйлчилгээний Г хуулийн этгээдийн нэрээр ...мал эмнэлгийн цогцолбор төвийн стандартын шаардлага хангасан зориулалтын байр барих газар олгох хүсэлтийг 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №9, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №09, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №10 болон №11, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №02 тоот албан бичгээр тус тус Хан-Уул дүүргийн Газрын албанд гаргажээ.
2.6. Г ХХК-аас 2011 онд гаргасан хүсэлтдээ Мал эмнэлгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 241, Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 11/131, Хан-Уул дүүргийн хорооны Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 42 тоот Дэмжлэг үзүүлэх тухай албан бичгүүдийг мөн хавсарган хүргүүлжээ.
2.7. Дээрх хүсэлтүүдэд Хан-Уул дүүргийн Газрын албанаас 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09/809 тоот албан бичгээр ...дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дараа шийдвэрлэх болно гэж, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09/594 тоот албан бичгээр ...2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул шийдвэрлэх боломжгүй хариуг тус тус хүргүүлжээ. Мөн 2017 онд гаргасан хүсэлтэд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ...Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/17 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын бүсээс бусад газар ...шинээр олгохыг зогсоосон тул танай байгууллагад газар олгох боломжгүй гэж, 2019 оны хүсэлтэд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ...хүсэлт гаргасан байршил нь дүүргийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгч, шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт-аар тогтоогдож байна.
2.8. Г ХХК-аас дээрх байдлаар гаргасан хүсэлтүүддээ эзэмшихийг хүсэж буй газрын хэмжээ, байршлыг тодорхой заагаагүйгээс гадна газрын нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг баталгаажуулсан акт, кадастрын зургийг ч мөн хавсаргаагүй, зөвхөн Г ХХК-ийн барих мал эмнэлгийн цогцолборын схем зураг[1] гэх хаяг байршил, хэмжээ тодорхойгүй баримтыг, 2017 онд устгалын цэг гэсэн схем зургийг хавсаргасан байдаг.
2.9. Харин гуравдагч этгээд Ч.Оаас Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Х гудамж хаягт 696 м.кв талбай бүхий газрыг нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэг, газрын байршлыг кадастрын зургаар баталгаажуулан, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны огноотой ...амьдарч байгаа газрын гэрчилгээг гаргаж өгнө үү гэх хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргажээ[2].
2.10. Тус хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/770 дугаар захирамжаар мөн дүүргийн дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 1781117459 дугаар бүхий 696 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн №0000296972 дугаартай гэрчилгээг олгожээ.[3]
2.11. Гуравдагч этгээд Ж.Б Хан-Уул дүүргийн хороо, Б******* ам тоот хаягт 700 м.кв, Ч.О Б******* ам тоот хаягт 699 м.кв, Б.У Б******* ам тоот хаягт 700 м.кв, Б.Г Б******* ам тоот хаягт 700 м.кв, Н.Е Б******* ам ******* тоот хаягт 700 м.кв, Б.О******* Б******* ам******* тоот хаягт 699 м.кв, Б.Э******* Б******* ам ******* тоот хаягт 700 м.кв, З.Б Б******* ам тоот хаягт 699 м.кв талбай бүхий газрыг тус тус эзэмшихээр нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг баталгаажуулсан акт, газрын байршлын кадастрын зургаар баталгаажуулжээ.[4]
2.12. Харин гуравдагч этгээд Д.Сээс гаргасан хүсэлтгүйгээс гадна түүний нэрээр 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталгаажуулсан гэх 700 м.кв талбай бүхий газрын нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг бэхэлсэн акт, газрын байршлын кадастрын зурагт хаяг, солбицол зэргийг тусгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.[5]
2.13. 2025 оны 04 дүгээр сарын -ний өдөр гуравдагч этгээд Ж.Б, Ч.О нар үр хүүхдийн хамт гээд ...өөрийн амьдарч байгаа зуслангийн газраа өөрийн эзэмшил болгохоор газрын албанд удаа дараалан хандсан боловч давхцалтай байна гэсэн хариу өглөө, газрын асуудлыг шийдэж өгнө үү гэх хүсэлтийг[6] Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан байх бөгөөд тус газраас 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01-05/2346 тоот албан бичгээр ...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил газартай давхцалтай байх тул газар эзэмших эрх олгох боломжгүй талаар хариуг хүргүүлжээ.[7]
2.. Улмаар 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гуравдагч этгээд Ж.Б, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гуравдагч этгээд болох Ж.Б нарын нэр бүхий 9 иргэнээр Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргажээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус гомдлуудыг хүлээн аваад 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 9 иргэний гомдлын хүрээнд маргааныг хянаж, дүгнэлт гаргасан хэмээн тайлбарласан.
2.15. Дээрх гомдлыг хянаад Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаар дүгнэлтээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан гомдол гаргагч Ж.Б Ч.О нарын гомдлыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх олгох тухай А/344 дүгээр захирамжийн Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
2.16. Нэхэмжлэгч тус дүгнэлтийг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03-/7328 дугаартай албан бичгээр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2.17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дүгнэлтийг Нийслэлийн засаг дарга болон холбогдох захиргааны байгууллагуудад хүргүүлсэн талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс энэ талаар тухайлан тайлбар илэрхийлээгүй, маргаагүй болно.
Гурав. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Нэхэмжлэгч Б******* ХХК нь Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутагт байрлах нэгж талбарын 1781101261 дугаартай 150 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/344 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, 2018 оны А/1159 дүгээр захирамжаар эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгагдсаны дагуу эзэмшиж байна. Тус хорооны иргэн Ж.Б, Ч.О нарын иргэд манай компанийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй оршин суусан бөгөөд улмаар тухайн газрыг өөрсдийн гэр бүлийн нэр бүхий 9 иргэний нэр дээр шинээр эзэмших хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01-05/2346 дугаартай албан бичгээр эзэмших хүсэлт гаргасан газар нь Б******* ХХК-ийн эзэмшил газартай давхцаж байх тул эзэмшүүлэх боломжгүй талаар хариу өгснийг эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байдаг. Ж.Б, Ч.О нар гомдлын шаардлагаа Дээрх их хэмжээгээр олгосон нэгж талбарын /Б******* ХХК-ийн эзэмшил газар/ дугаарыг өөрчилж, бидэнд оногдох хэсэгт газар эзэмшүүлэх тухай дүгнэлт шийдвэр гаргаж өгнө үү гэж тодорхойлж, энэ шаардлагыг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл хүлээн авч маргааныг шийдвэрлэсэн гэх 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгээр хуралдааны 58 дугаар дүгнэлтийг гаргасан.
Дээрх дүгнэлт нь дараахь үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Үүнд:
1. Нэр бүхий иргэдээс Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргахдаа Бат үрс интернэйшнл ХХК-ийн 150 га газар эзэмших эрхийг бүхэлд нь бус, харин өөрсдийн эзэмшихийг хүссэн буюу зөвшөөрөлгүйгээр байшин барьж хашаалсан 12580 м.кв газартай давхацсан гэх хэсгийг л эзэмшихээр маргасан. Гэтэл Маргаан таслах зөвлөлөөс тус компанийн газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгох дүгнэлт гаргасан нь эрх хэмжээний хувьд Газрын тухай хуулийн 603.2-т Маргаан таслах зөвлөл нь маргаанд оролцогч талуудаас нотлох баримт шаардах эрхтэй бөгөөд нотлох баримт ирүүлээгүй бол ирүүлсэн нотлох баримтын хүрээнд гомдлыг хянан дүгнэнэ, 603.8-д Маргаан таслах зөвлөл нь маргаан үүссэн шалтгаан, түүний нөхцөлийг арилгуулах, газрын хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргаж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны бүх шатны байгууллагад хүргүүлж болно гэж, Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам-ын 6.1-д Маргаан таслах зөвлөл нь энэ журмын 1.1-д заасан гомдол, хүсэлтийг газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гаргасан гомдол, хүсэлтийн хүрээнд хянан шийдвэрлэнэ гэж заасантай нийцсэнгүй. Учир нь дээрх хууль, журамд зааснаар Маргаан таслах зөвлөл зөвхөн гомдлын хүрээнд маргааныг шийдвэрлэх үүрэгтэй, харин гомдлын хүрээнээс хальж дүгнэлт гаргах эрхгүй юм. Иймд 58 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийн 150 га газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгох талаар дүгнэлт хийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж заасан илт хууль бус захиргааны акт болох үндэслэл болно. Харин гомдлын дагуу маргаан шийдвэрлэх явцад магадгүй дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэлгүйгээр газар эзэмшүүлсэн гэх гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамааралгүй нөхцөл байдал тогтоогдсон, Газрын тухай хууль зөрчигдсөн гэж үзэх тохиолдолд 603.8-д зааснаар дүгнэлт биш зөвлөмж гаргах боломжтой байсан.
2. Гомдол гаргагч нар гомдлын шаардлагаа Б******* ХХК-д анх газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/344 дүгээр захирамжтай холбогдуулж гаргасан. Гэтэл тухайн захирамжаар олгосон 150 га газрыг эзэмших 5 жилийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж, 2018 оны А/1159 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж, энэ захирамж гарсантай холбогдуулан 2012 оны А/344 дүгээр захирамжийн Б******* ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Маргаан таслах зөвлөлийн дүгнэлтээр зөвхөн газар эзэмших эрх олгосон бөгөөд хожим хүчингүй болсон А/344 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгохоор дүгнэж, 2018 оны А/1159 дүгээр захирамжаар хугацаа сунгаж нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа тул маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Түүнчлэн 2018 оны А/1159 дүгээр захирамж хүчин төгөлдөр хэвээр байхад дүгнэлтийн Дүгнэх нь хэсгийн 2 дахь заалтаар Ж.Б, Ч.О нарт тухайн газраас газар эзэмшүүлэх талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд даалгасан нь тийм шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл байхгүй байхад дээрх төрийн байгууллагуудыг хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болно.
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр магадлалаар Б******* ХХК-ийн газар эзэмших эрхийг өмнө нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосныг хууль бус гэж дүгнэж, 2018 оны А/1159 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл Маргаан таслах зөвлөл шүүхийн энэхүү шийдвэрээр нэгэнт эцэслэн дүгнэгдсэн үйл баримтын талаар дахин дүгнэлт хийж, эрх хэмжээгээ хэтрүүлэн 58 дугаар дүгнэлтийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан үндэслэлээр дээрх дүгнэлтийг илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэл болно.
Иймд дээр дурдсан үйл баримтууд болон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6 дахь заалтуудыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгээр хуралдааны 58 дугаар дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ....Нэгдүгээрт, манайх гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийн хүрээнд нотлох баримт, тайлбараа гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс илүү гаргаж нэхэмжлэлийг дүгнэхгүй, хэргийг авч хэлэлцэхгүй гэж заасан. Яг үүнтэй адилаар гомдлын шаардлагын хүрээнд маргаан таслах комисс асуудлыг авч үзэх ёстой.
Хоёрдугаарт, нэхэмжлэгчид өөрийнх нь онцгой эрх буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох эрх нь байна. Энэ шаардлагад дурдаагүй байдлаар Засгийн газрын тогтоол хаана байна, энэ нь хаана байна гэдэг ирүүлэхийг хүлээж авмааргүй байна. 1 дүгээрт хариуцагчийн гаргасан тайлбар дээр би нэхэмжлэлийн шаардлагынхаа хүрээнд чиг үүргийн хүрээнд асуудлаа шийдсэн гэдгийг гуравдагч этгээд бас яг хэлж байгаа байхгүй юу. Тэр 47.1.3 дээр гаргасан тайлбар болбол чиг үүргийг Засгийн газрын тогтоолоор журам баталж үйл ажиллагааны хэмжээ, хязгаар болон эрх хэмжээг тогтоогоод өгчихсэн. Тэгэхээр энэ хэмжээнээс хэтрүүлсэн гэж хэлж байгаа юм. 9 ширхэг хүн 700 м.кв гэж зураг өгсөн байхад, газрын үзлэг хийнэ гэж ингэж ерөөсөө хүний хүсээгүй юмыг нэмж өгч, тэгж 150 га газрыг нь хүчингүй болгочихдог. Энэ нь өөрөө чиг үүргээсээ хэтэрсэн асуудлыг шийдвэрлэж байгаа учраас чиг үүргийн хүрээнд ажилсангүй гэдэг үндэслэлийг хэлж байгаа юм. Хариуцагч удаа дараа хүсэлт гаргаж байсан болохоор нь, дээрэн дээр амьдарч байсан гэдэг нь тогтоогдсон учраас эзэмших эрхийн гэрчилгээтэй, хүчин төгөлдөр байгаа газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаад тэр газрыг өгөх гэж байгаа юм гэж тайлбарлаж байгаа юм. Энийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нөгөө хуулийн үндэслэлгүй тайлбар байна. Энэ тайлбар нь өөрөө манай гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу илт хууль бус захиргааны акт гаргасан болохыг нь улам давхар нотолж өгч байгаа нотолгоо гэж үзэж байна. Газар дээр очоод үзэхэд 4 байшин барьчихсан үл хөдлөх хөрөнгө байж байсан учраас Б******* ХХК-ийн газрыг хүчингүй болгоод эднийд өгөх гэж байгаа юм гэдэг зүйлийг яриад байгаа юм. Эсрэгээрээ Газрын тухай хуулийг зөрчсөн зөрчил. Иргэний хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө гэдэг нь улсын бүртгэлд бүртгүүлсэн асуудлыг хэлнэ. Зүгээр л байшингууд барьчихсан байна. Энэ нь бусдын эзэмшил газрыг хүчингүй болгож байгаад өөр этгээдэд газар эзэмшүүлэх үндэслэл болохгүй. Илт хууль бус захиргааны акт гаргасан болохыг давхар нотолж байна. 2013 онд амьдарч байсныг тогтоосон гэлээ. Тэгэхээр бид нар гаргаж өгсөн зурагт зун л ирж буудаг. Хэн нь мэдэхгүй. Ж.Б гуайн гэр гэдгийг хэн ч тогтоогоогүй. Өөрөө ч тогтоогоогүй гэж хэллээ. 2013 онд амьдарч байсан гэж гуравдагч этгээд Ч.О хэлж байна. Шүүгч асуухад суурьшин амьдарч байсан гэж хариулсан. Одоо ч амьдарч байгаа газрыг нь нотлох баримт гаргуулах гэсэн шүүх түүнийг хүлээж аваагүй. Манай эзэмшил газрын баруун урд талд, гадна талд өнөөдрийг хүртэл гуравдагч этгээдийн 9 гэрээрээ амьдарч байгаа газар нь байгаа. Хэрэгтэй холбогдож байгаа учир нь Ч.О гуай өөрийнх нь оршин суугаа газар дээрээ гаргуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, зурагтайгаа, гэрээтэйгээ, хөрсний хянан баталгаатайгаа хэрэгт авагдчихсан байгаа. Бид нар үр хүүхдүүдтэйгээ, аав, ээжтэйгээ насаараа оршин суугаад байгаа гээд авах гэж хүсэлт гаргаад байгаа газар нь манай эзэмшил газраас гадна талд байгаа. 1. н.Ж******* нь Ж.Б гуайн аав юм. Нэр дээр нь бүртгэгдсэн. 2. Ч.О гуайн гэрчилгээтэй газар байна. 3. Ж.Б гуайн нэр дээр гэрээ аваагүй, гэрчилгээ аваагүй. Үлдсэн 7 айл нь бүгд гэрээ, гэрчилгээгүй. Гэхдээ 7 хашаа байгаа нь тодорхой. Үүнийг нотлуулах гэсэн ч шүүх хүлээж аваагүй. Хэрэв 1976 оноос хойш суурьшин амьдраад өнөөдрийг хүртэл амьдарч байгаа газар нь мөн гэдгийг маргаан таслах комисс тогтоогоогүй гэж хэлсэн. Хэрэв тогтоох шаардлага байсан бол н.Ж******* гуай 2-3 газар дамнаад барьсан том байшин байна. Хойд талд Ч.О гуайнх оршин суудаг болохыг тогтоолоо гэдэг дүгнэлт үндэслэлгүй. Илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох мөн нотолж байна. 4 байшин барьсан гэдгээ давуу эрх болгож тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуулийг зөрчсөн. Маргаан таслах зөвлөл гомдол гаргаагүй асуудлаар хэлэлцдэг юм бол эдгээр хүмүүс Газрын тухай хуулийг зөрчиж, зөвшөөрөлгүй амьдарч байшин барьсан гэдэг асуудлыг ч ярих ёстой байсан.
Хариуцагч хууль бусаар олгогдсон болох нь тогтоогдсон учраас хүчингүй болгохоор шийдвэрлэсэн гэлээ. Хууль бусаар олгогдсон гэдгийг хэн ч тогтоогоогүй. Маргаан таслах комисс энэ талаар ярих эрх байхгүй. Ч.О, Ж.Б нар ч асуудлаар гомдол гаргах эрхгүй. Тэдний эрх ашигтай холбоогүй. Хууль бус үйлдэл хийхийг төрийн байгууллагаас шаардсан гэдэг үндэслэлийн хувьд, хариуцагч хууль бус үйлдэл хийхийг шаардаагүй, бид нар хуулийн дагуу шинжлэн судалж шийдвэрлэ гэж үүрэг өгсөн гэж тайлбарлаж байна. Маргаан таслах комиссын дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн хэлбэрээр гардаг. Тэгэхэд тогтоосугай тогтоосугай гэдэг тогтоох хэсгийн шийдвэр гарахын тулд үндэслэх хэсэгтэй заавал холбогддог. Үндэслэх хэсэгт энэ хүн 2011 онд дүүрэгт хүсэлт гаргасан нь тогтоогджээ. Ийм учраас хуульд нийцүүлж шийдвэрлэ гэсэн нь үндэслэх хэсэгтэйгээ холбогдвол шууд захирамжлах агуулга болж байгаа. Үндэслэх хэсгийн /3 дугаар хуудасны хамгийн дээд тал/ дүгнэлтэд амьдарч байсан нь тодорхой тогтоогдлоо, удаа дараа өгч байсан нь тогтоогдлоо, үндэслэлгүйгээр татгалзаж байсан нь тогтоогдлоо гээд дүгнэлтийн 2 дахь заалтаараа хууль бус үйлдэл хийхийг дүүргийн Засаг даргаас шаардсан байна. Хариуцагчийн өөрийн эрх хэмжээнд үл хамаарах асуудал биш гэж тайлбарлаж байгаа атлаа газрын төлбөр төлсөн, төлөөгүй, жил бүр гэрээгээ дүгнэх ёстой ч дүгнэсэнгүй, гэрээгээ байгуулаагүй, усан сан бүхий хориглосон газар олгосон гээд байна. Гуравдагч этгээд нарт уг асуудлыг шалгах эрх байхгүй. Гуравдагч этгээд өөрийнхөө л эрх ашгийг ярих ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хөндөгдсөн, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд гэсэн байгаа. Хөндөгдөж болзошгүй эрх байх ёстой. Гуравдагч этгээдийн хувьд хариулж мэдэхгүй байна. Нэхэмжлэгч биш гэдэг хариулт хэллээ. Гуравдагч этгээд нар төрийн хяналт, шалгалтын байгууллагын үйл ажиллагааг явуулахгүй. Энэ асуудлаар нэхэмжлэл гаргаагүй. Тэгтэл дүгнэлтийн 1 дэх заалтад Газрын тухай хуулийн 61.1-д заасныг баримталсан бөгөөд Засаг дарга газар эзэмших хууль бус шийдвэр гаргасан бол тус шийдвэр нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн бол өөрөө буюу шүүхээс хүчингүй болгоно гэсэн зохицуулалт. Маргаан таслах зөвлөл шийдвэртээ уг заалтыг баримталсан нь илт хууль бус шийдвэр бөгөөд өөрийнхөө эрх хэмжээнээс хэтрүүлсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, илт хууль бус болохыг нотлох нэг үндэслэл болж байна. 2019 онд өгсөн хариудаа бусдын газартай давхацсан гэж бичээгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж бичсэн гэх тайлбар хэлж байна. Үүнээс өмнөх 2017, 2013, 2011 онуудад тийм хариу авч байгаагүй гэж хэлж байна. Тэгэхэд газрын албанд газар хүсэхэд хамгийн түрүүн шалгадаг асуудал бол бусдын эзэмшилтэй давхацсан эсэх асуудал. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 182 дугаар тушаалаар батлагдсан газрын гэрээ, гэрчилгээ олгох журам бий. Хүсэлт ирмэгц хамгийн эхэнд бусдын газар дээр давхцалтай эсэхийг шалгана. Дараа нь элдэв инженерийн байгууламж, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарсан эсэхийг шалгана. Хэрэв 2011, 2013, 2017, 2019 онуудад хүсэлт өгөөд байхад давхацсан байна гэж хариу өгөөгүй бол тухайн газар дээр хүсэлт өгөөгүй гэдгийг нь нотолж байна. Ганган Буга ХХК ч бай, иргэн Ч.О ч бай тус газар дээр хүсэлт өгөөгүй гэдгийг үүгээр нотолно. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2-т заасныг дурдаж байна. Үүнд хүсэлтийг хүлээж авах, бүртгэх, шийдвэрлэхийг зааж өгсөн. Нотлох баримт шинжлэн судлахад хүсэлт бүрд бүртгэл, хяналтын картуудыг судлаад байгаа. Өмнөх хүсэлт дараагийн хүсэлтэд хамааралгүй. Аж ахуйн нэгжийн хүсэлт иргэний хүсэлтэд хамааралгүй. Яагаад гэвэл үүнийг хуулиар тусад нь зохицуулсан. Тусдаа бүртгэлтэй. Тэгтэл Ч.О, Ж.Б нарын гаргасан гэх хүсэлт хэд хэдэн зөрчилтэй. Бүх ярьсан зүйл нь хоорондоо нийцэхгүй. 2019 он хүртэл Ганган Буга гэх компани хаана байгаа нь тодорхойгүй, тодорхойлж чадахгүй газарт хүсэлт гаргасан. Хариуцагч ч хэллээ. Ямар ч байсан бусдын эзэмшил газрын дотор буюу нэхэмжлэгчийн эзэмшил газрын дотор биш гэдэг нь тодорхой. Өөр газарт Ганган Буга компани хүсэлт гаргасан гэж үзэж байна. Дараагийн дугаарт хүсэлт гаргасан эрх зүйн этгээдээрээ ялгаатай. Байршлын хувьд Б******* ам, Кувейтийн ам гэж янз бүрээр бичиж байна. Баримтууд ч байна. Тэгэхэд Б******* аманд хэн үүнийг эзэмшсэн байхыг нь мэдээгүй гэдэг юмыг л ярьж байна. Мэдсэн байсан асуудал нь маргаан таслах зөвлөлд өгсөн материалаас харагдаж байгаа. Зориулалтын хувьд 2019 оноос өмнө дандаа мал эмнэлгийн байр олгож өгөөч гэж бичихээс өмнө бүх төрийн байгууллагууд, Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурал, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газар тухайн газруудаас ирж байгаа дэмжих бичгүүд нь бүгд энэ хүн малын эмч бөгөөд мал эмнэлгийн газар олгож өгөөч гэдэг агуулга яваад байгаа. Дараагийн 2019 оны 5 дугаар сард өгсөн гараар бичсэн 9 иргэний өргөдөлд зусдаг газар гэж анх удаа бичсэн. Энэ нь 2011 оноос хойш гаргаж байсан хүсэлт биш. Өмнөх хувьд тэр мал аж ахуйн, малын эмнэлэг байгуулъя гэдэг хүсэлтийг дандаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгая тусгая гэж буцаасан. 2019 онд болоход бусдын эзэмшил газартай давхцаж байна. Тэгэхээр 2 өөр хүсэлт гэдгийг нотолж байна.
Дүгнэлт: Үндэслэлийн хувьд 9 иргэн 700 м.кв хэмжээтэй 9 ширхэг газар эзэмших гэж хүсэлт гаргасан дээр 12,500 м.кв болгоод дээрээс нь манай 150 га газрыг хүчингүй болгохоор дүгнэлт гаргасан. Нотлох баримтууд болон талуудын гаргасан тайлбараар эрх хэмжээгээ хэтрүүлсэн нь харагдаж байна. Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 6.1-д маргаан таслах зөвлөл нь тус журмын 1.1-д заасан гомдол, хүсэлтийн хүрээнд хянан шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн учраас өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар тухайн байгууллага нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах захиргааны акт гаргасан гэдэгтэй нийцнэ. Үүнийг хангалттай нотолж чадсан гэж үзэж байна.
Хоёрдугаарт, газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр байгаа захирамжийн талаар огт дурдахгүй. Иргэн андуурсан байж болно. Журмын 6.1-д заасныг сайн барилаа шүү дээ. Гаргасан гомдлын хүрээнд асуудлаа шийднэ гээд 344 дугаар тушаалыг хүчингүй болгуулъя гэсний дагуу 344 дугаар тушаалыг хүчингүй болгоод өгчихье гэж тэр хүчин төгөлдөр байгаа захирамжийг биш, өмнө нь энэ захирамжаар хүчин төгөлдөр захирамжаар хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгосноороо маргааныг эцэслэн шийдвэрлэсэнгүй, илт хууль бус захиргааны акт гаргасан байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5, 47.1.6-д заасантай нийцэж байгаа үндэслэл болно гэж үзэж байгаа юм. Гуравдагч этгээдийн ярьж байгаа газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, гол устай хамгаалалтын бүсэд эзэмшүүлсэн гэх асуудал нь гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгаа вэ? Төлбөрөө төлсөн байсан бол гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй юм уу? Тэр асуудлыг шалгаж, хянаж мөрдүүлэх нь гуравдагч этгээдийн асуудал биш. Тэгэхээр Газрын эрхийн маргаан таслах зөвлөл Б******* ХХК-ийн газрыг хүчингүй болгоод надад өг гэдэг гомдлын хүрээнд биш өөр асуудлаар хянаж шалгах ёстой. Хянаж, шалгах эрх нь байдаг бол маргаан таслах зөвлөл гомдлын хүрээнд л шийдэх ёстой. Тэрнээс биш санаачилгаараа зөрчил шалган шийдвэрлэхгүй. Зөрчилтэй холбоотой асуудлыг ярих гэж байгаа бол зөрчил ажиглагдаж түүнийхээ дагуу зөвлөмж өгч болно. Тийм учраас 3 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эдгээр үндэслэлүүдээ гаргаж өгсөн нотлох баримтуудаар бүрэн нотолж чадлаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаар дүгнэлт нь илт хууль бус захиргааны акт гэдгийг нотоллоо гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...гэв.
Дөрөв. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Гомдол гаргагч Ж.Б, Ч.О нар нь Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд ...Манай гэр бүл 1976 оноос хойш хуучнаар Ажилчны районы 10 дугаар хороо Б******* сангийн аж ахуй үүсгэн байгуулагдсанаас хойш тус сангийн аж ахуйд ажиллаж, Түргэний гол, Богд Хан уулаа үеийн үед шүтэж, 4 улиралд нутаглан, гол ус, ай нутаг, бэлчээр, зам харгуй үүсгэж, таван хошуу мал зэргээ маллаж өнөөг хүртэл байнга оршин сууж, энэ нутагтай амьдрал ахуйгаа холбож, аав ээж, үр хүүхэд, хойч үе улиран амьдарч ирсэн. Гэтэл Монгол Улсын Үндсэн хууль, түүнтэй холбогдох журмыг зөрчиж, Б******* ХХК нь уг газарт нэгж талбарын 1781101261 дугаар гаргуулан авч бидний анхдагч, жам ёсны эрхийг зөрчиж, газар олгох эрх бүхий байгууллагаас маш их хэмжээгээр газар талбай олгож, биднийг хохироож байна. Иймд миний гаргаж буй гомдлыг хянан хэлэлцэж дээрх их хэмжээгээр олгосон нэгж талбарын дугаарыг өөрчилж, бидэнд оногдох хэсэгт газар эзэмшүүлэх тухай дүгнэлт шийдвэр гарган өгч гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэж гомдол гаргасан. Засгийн газрын 2024 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 5.2-т заасны дагуу оролцогч талуудаас тайлбар, нотлох баримтыг гаргуулан авч дараах баримтын хүрээнд дүн шинжилгээ хийсэн. Үүнд:
Нэхэмжлэгч Б******* ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 109 дугаартай албан бичгээр ...Евро стандартаар 400 айлын амины орон сууцны төсөл боловсруулан бэлэн болгоод байгаа тухай дурдаад дээрх төслийг хэрэгжүүлэхэд нийт 0 га газар шаардагдах тул Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт олгож өгөхийг хүсье гэсэн хүсэлтийг Нийслэлийн газрын албанд ирүүлсэн бөгөөд уг хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт 150 га газрыг орон сууц, амины орон сууцны хотхоны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгосон. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын маргаан таслах хэлтсээс 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий газар дээр очин нөхцөл байдлыг тогтоон ажилласан баримт, маргааны оролцогч нараас ирүүлсэн тайлбар нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б******* ХХК нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг 2019-2025 он хүртэл төлөөгүй нь тогтоогдсон.
Гомдол гаргагч Ж.Б, Ч.О нар нь 2011 оноос хойш 2025 оныг хүртэл Хан-Уул дүүргийн Газрын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлт гаргаж байсан нь тогтоогдсон бөгөөд маргаан бүхий газар дээр олон жил амьдарч байгаа, уг газар нь нэхэмжлэгч Б******* ХХК-ийн 150 га газрын дунд оршиж байгаа нь нөхцөл байдлыг тогтоон ажилласан баримтаар нотлогдсон.
Эдгээр баримтууд, талуудын гаргасан тайлбар зэргийг үндэслэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасныг баримтлан Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 58 дугаар дүгнэлтийг гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Гомдол гаргагч Ж.Б, Ч.О нар нь нэгж талбарын 1781101261 дугаар гаргуулан авч бидний анхдагч, жам ёсны эрхийг зөрчиж, газар олгох эрх бүхий байгууллагаас маш их хэмжээгээр газар талбай олгож, биднийг хохироож байна. Иймд миний гаргаж буй гомдлыг хянан хэлэлцэж их хэмжээгээр олгосон нэгж талбарын дугаарыг өөрчилж, бидэнд оногдох хэсэгт газар эзэмшүүлэх тухай дүгнэлт шийдвэр гарган өгч гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэж гомдол гаргасан. Уг гомдлын хүрээнд Газрын тухай хуулийн 60.3 дугаар зүйлийн 60.3.1-д Маргаан таслах зөвлөл нь хууль тогтоомжид нийцүүлэн дүгнэлт гаргана, 60.3.2-д Маргаан таслах зөвлөл нь маргаанд оролцогч талуудаас нотлох баримт шаардах эрхтэй бөгөөд нотлох баримт ирүүлээгүй бол ирүүлсэн нотлох баримтын хүрээнд гомдлыг хянан дүгнэнэ, 60.3.3-т Нийслэлийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба энэ хуулийн 60.2.1-д заасан дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргаж болно, Засгийн газрын 2024 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7.10-д Маргаан таслах зөвлөлийн хүчин төгөлдөр дүгнэлтийг газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон нийслэл, дүүргийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу нийслэлийн Засаг дарга нь урьд гаргасан хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгох нь зүйтэй юм гэж дүгнэсэн бөгөөд гомдол гаргагч Ж.Б, Ч.О нарын газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актад тооцогдох үндэслэлгүй байна.
Иймд Б******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3. дэх заалтад заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Б******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн Газар эрхийн маргаан таслах зөвлөлийн 58 дугаар дүгнэлтийг захиргааны биш захиргааны акт болон тогтоолгох гэж шаардлагаа тодорхойлсон байна. Шаардлагын үндэслэл гь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.5, 47.1.6 дахь үндэслэлийг дурдсан байдаг.
Өмнө нь дурдсанчлан Газрын тухай хууль болон Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор батлагдсан чиг үүргийн хүрээнд маргаан таслах зөвлөл дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байгаа. Газар эзэмшигч, ашиглагчийн өргөдөл, гомдлыг хүлээж аваад түүндээ дүгнэлт гаргах чиг үүрэгтэй. Бид нарын маргааны 58 дугаар дүгнэлтийн дүгнэх хэсгийн нэгд Газрын тухай хуулийн 61.1-ийг баримталсан байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан. Хуулийн 61.1-ийг бариад газар эзэмших эрх олгох тухай 344 дүгээр захирамжийн Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нь өмнө нь гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрхийг Газрын тухай хуульд заасан. Энэ дүгнэлтийг хэрэгжүүлж Нийслэлийн Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа. Хууль бус үйлдэл хийхийг дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгасан шийдвэр гэж маргаж байгаа буюу 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардах гэдэг тайлбар хэлье. Газрын тухай хууль болон маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийг нийслэлийн, дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын алба биелүүлэх үүрэгтэй гэдгийг заасан. Үүний дагуу биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэхдээ гомдол гаргагч Ж.Б, Ч.О нарт газрыг олго гэдэг байдлаар дүгнэлт гараагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийг төлөөлж байсан төлөөлөгч болон Газар зохион байгуулалтын албаны ажилтнаас асуухдаа өөртөө ашигтай байдлаар хариулт мушгин, гуйвуулж тайлбарлаж байна. Энэ нь маш үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэлт тайлбартай холбогдуулж тайлбар хэлье. Гэрээ байгуулагдаагүй болохоор манайх төлбөрөө төлөхгүй байгаа. Гэрээ бол 2 талын харилцааг зохицуулдаг. Үүнийг дүгнэлтэд дурдсан байдаг. Мөн дээрээс нь маргаан таслах зөвлөл нь манай асуудлыг авч хэлэлцэж байхдаа гэрээг нь нэн даруй үүсгэх байсан гэлээ. Яг энэ ажиллагаа явагдсан. 2025 оны 10 дугаар сард гэрээ, гэрчилгээ үүсчихсэн байгаа. Одоо газрын мэдээллийн цахим системд гэрээг үүсгэхэд нэхэмжлэгч буюу Б******* ХХК зөвшөөрөх ёстой. Тэр зөвшөөрөх товчоо дарахгүй байгаа учраас гэрээ үүсэхгүй нөхцөл байдалтай байгаа. 2025 оны 10 дугаар сараас хойш гэрээгээ зөвшөөрөлгүй, газрын төлбөрөө төлөлгүй, газар эзэмшигчийн үүргээ биелүүлэхгүй байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт хууль бус захиргааны акт эсэхийг ярих ёстой байтал нэхэмжлэгч тал газрын төлбөр болон дуудлага худалдаа, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгачихсан байдал, эдгээрийг тайлбарлаж байна. Үүргээ биелүүлэлгүй байж төрийн байгууллагаас бид нарын газрыг хамгаалах ёстой байсан, бид нарыг газраа авч ашиглуулах нөхцөл, бололцоог бүрдүүлэх ёстой байсан гэдэг байдлаар тайлбарлаж байна. Энэ нь үндэслэлгүй тайлбар гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т газар эзэмшигчийн үүргийг заасан. Тодруулбал, газрыг зохистой ашиглах, хамгаалах үүрэгтэй. Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.1-д маргаан таслах зөвлөлийн чиг үүргийг хуульчилсан. Энэ чиг үүргий дагуу гаргасан дүгнэлт учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Тав. Гуравдагч этгээд нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Богд уулын Б******* САА нь 1964 онд байгуулагдсан билээ. Бид бүхий аав, ээж, ахан дүүс энэ САА-г байгуулсан түүхтэй. Б******* САА-д Ч******* овогтой О миний бие нь 1976 онд сургуулиа төгсөж, малын эмчээр томилогдон ирж ажлын гараагаа эхэлсэн. Нөхөр Ж.Бтай 1977 онд гэр бүл болж, 4 хүүхэд төрүүлэн уг газарт өсөж бойжсон. Нөхөр Ж.Б нь Б******* САА-д механик жолоочийн ажлыг 49 дэх жилдээ, эхнэр Ч.О нь 50 дах жилдээ нэг байгууллагад, нэг газарт тасралтгүй ажиллаж амьдарч байна. Б******* ам Рашаантын дэнжид 1980 оноос эхлэн аав, ээж, ахан дүүс 15 гэр өвөлжиж, хаваржиж, зусаж байсан. Одоо өөрсдийн гэр бүлээрээ 9 өрхийн 30 гаруй эцэг, эх, хүүхдүүд нийлсэн айл өрхүүд амьдарч байна. 2008 оноос эхлэн амьдарч байгаа газраа өөрийн эзэмшилд болгохоор газрын албанд өргөдөл өгсөн боловч газар өгөх боломжгүй гэх хариуг өгсөөр ирсэн. 2004 онд Г ХХК мал эмнэлэг байгуулж хувийн 30 м2 талбайтай боловч стандартад нийцэхгүй гэж торгууль шийдвэрийг удаа дараалан авч хохирол амсаж ирсэн.
Г ХХК мал эмнэлэгт газар авахаар 2011, 2012, 2013, 2017, 2019 онуудад Газрын албанд газар хүссэн өргөдөл, Нийслэлийн Мал эмнэлгийн албан тоот, Мэргэжлийн хяналтын газрын албан тоот зэрэг газрын зөвшөөрөл авах дэмжлэгтэйгээр газар хүссэн боловч газрын асуудлыг шийдээгүй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад газар шинээр олгохыг зогсоосон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх хариуг өгсөөр ирсэнд маш их гомдолтой байдаг. Б******* ХХК нь 2012 онд 150 га газрын өгсөн байдаг. Газрын асуудлыг 5 жил хөөцөлдөөд авч чадаагүй байхад Б******* ХХК нь 150 га газар авч өдийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй амины орон сууц барих газар нь усны газартай давхцалтай буюу намагтай газар дээр хэрхэн үйл ажиллагаа явуулах нь ойлгомжгүй байна. Одоо манайхын тойрч сувиллын газар хэд хэдэн байшин баригдсан байгаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газрын хүсэлт өгсний дагуу 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/05/2346 дугаар албан бичгээр тухайн хүсэлт өгсөн газар нь бусдын эзэмшлийн газартай давхцалтай байх тул газар эзэмших эрх олгох боломжгүй байна гэхээр нь Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж 59 хуудас нотлох баримт өгсний дагуу 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаар дүгнэлтээр бидний гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Иймд тус дүгнэлтийн дагуу 9 иргэн болох бидний газрын асуудлыг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
5.1. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ....Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасны дагуу захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж маргаад байгаа. Эрхээ хэтрүүлнэ гэдэг нь өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаас шийдвэр гаргана гэсэн үг биш. Эрхээ хэтрүүлж өөрийнхөө чиг үүрэгт хамаарах гэж байгаа асуудлыг авч шийдвэрлэхдээ өөрт олгогдсон эрхийг хэтрүүлсэн бол эрх зүйн зөрчилтэй эрх зүйн маргаан буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар шийдвэрлэгдэн. Чиг үүрэгт үл хамаарах гэдэг нь энэ газрын эрхийн маргаан таслах зөвлөл хуулиар олгогдоогүй, огт газартай хамааралгүй чиг үүргийн хувьд өөр байгууллагад харьяалагддаг асуудлыг авч шийдвэрлэсэн байхыг өөрийн чиг үүргийг үл хамаарах асуудлаар буюу бусад байгууллагын шийддэг чиг үүрэг бүхий маргааныг авч шийдвэрлэснийг хэлнэ.
Газрын тухай хуулийн 601 дугаар зүйлийн 601.1.1, 601.1.3-д заасан чиг үүргий дагуу маргаан таслах зөвлөлд иргэний гомдлыг шийдвэрлэсэн. Гаргах хууль зүйн төслүүдийг заагаад өгсөн. 05 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хариугаа авсан. 05 дугаар сарын 15-ны өдөр шуудангаар авсан үйл баримт байгаа. Улмаар иргэн гомдлоо гаргасан. Энэ гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэг нь 601.3 дахь хэсэгт заасан байгаа. Дараагийн дугаарт Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 6.1-д заасныг зөрчсөн гэж байгаа. Тэгэхээр ямар ч байсан журмынх нь дагуу ажиллаад шийдвэр гаргасан байна. Тэрхүү журмаа зөрчсөн юм байна. Тэгэхээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Хэрэв процесс хуулийн 106.3.1-д заасны дагуу маргаан бүхий захиргааны акт хууль зүйн алдаатай гарсан, хүчингүй болгуулъя гэж байвал энэ үндэслэлээр бид нар ярьж, мэтгэлцэж болно. Яг гомдлын хүрээнд байсан юм уу, үгүй юм уу?
Дараагийн дугаарт зөвлөмж гаргах ёстой байсан гэж байна. Ажиллах журамд заасны дагуу энэ байгууллага ямар тохиолдолд зөвлөмж гаргадаг вэ гэвэл гэмт хэрэг гарсан үед гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах албан шаардлагыг прокурор бичиж байгууллагуудад хүргүүлдэг шиг зөвлөмж гэдэг нь Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 5.4.7-д зааснаар маргаан үүссэн шалтгаан, түүний нөхцөлийг арилгуулах, газрын хууль тогтоомж зөрчигдөхөөс цаашид урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж бэлтгэж захиргааны ажилтнууд дотооддоо чиглэсэн үйл ажиллагаа явуулахтай холбоотой эрх зүйн акт гаргадаг. Гомдлын хүрээнд иргэнээс ирүүлсэн гомдлын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэж, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлөөс энэ журмын 7.2 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлт хэлбэртэй л эрх зүйн акт гарна. 7.1.2-т заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгоно. Энэ хүрээндээ шийдвэр гаргасан. Тэгэхээр өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргачихсан асуудал байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Маргаан таслах зөвлөлийн чиг үүрэгт хамаарахгүй гэж нэг ч тайлбар хэлж мэтгэлцсэнгүй. Бид нар энэ хүрээнд хууль зүйн мэтгэлцээн хийх ёстой байсан.
Хоёрдугаарт, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг шаардсан гэсэн тухайд, дүгнэлтийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албыг хооронд нь хуулийн хамаарахгүй шийдвэр гаргахыг маргаан таслах зөвлөлд даалгасан гэж хэлж байна. Яагаад гэвэл бусдын эзэмшиж байгаа газрыг өөр хүнд өгөх шийдвэр гаргасан гэж энэ дүгнэлтийг буруу тайлбарлаж байна. Дүгнэлтийн 2 дахь хэсгээс үзэхэд гомдол гаргагч Ж.Б, Ч.О нарын газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хууль, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг даалгаж байгаа юм. Хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэнэ гэдэг нь эдгээр хүмүүсийн хүсэлт Газрын тухай хуульд болон холбогдох хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаад хангах болон хангахгүй талаар аль нэгийг л гарга гэсэн. Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу өөрийнхөө чиг үүргийн хүрээнд, хуулийн хүрээнд шийдвэрлэ гэсэн хариу өгсөн болохоос биш нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг энэ хүмүүст шууд олго гэсэн агуулга дүгнэлтийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад байхгүй. Тэгэхэд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл үүнд хамаарахгүй. Үндэслэх хэсэгт юу тогтоогдож байна вэ гэвэл маргаан таслах зөвлөл ажиллах хүрээнд ийм, ийм үйл баримт тогтоогдлоо гэж байгаа юм. Тогтоох хэсгийн агуулга бол эдгээр хүмүүсийн өргөдлийг хуульд заасан журмынх нь дагуу нийцүүлж шийд гэж байгаа. Тэрнээс биш гаргах шийдвэрийн хэлбэрийг огт заагаагүй. Шийдвэрийн хэлбэрийг заагаад даалгаж шийдсэн бол ямарваа нэгэн тодорхой шийдвэр гарга гэж даалгасан үйл баримт болно. Гэтэл өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн шийд гэсэн л асуудал. Тэгэхээр хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга болоод Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан үйл баримт байхгүй. Үндэслэх хэсэгт энэ хүн нь ямар ч байсан 2011 оноос хойш Ганган Буга компанийн хувьцаа эзэмшигч мөн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Үр хүүхдүүдтэйгээ нийлэн хүсэлтээ гаргаад байсан үйл баримт байна гэсэн болохоос биш түүрийг үндэслэл болгож тогтоох хэсэгт дурдаагүй. Харин тогтоох хэсгийн агуулга гарах болсон шалтгаан нь энэ компанид 2012 онд дуудлага худалдаа хийлгүйгээр давуу эрх олгож 150 га газар өгсөн. Газар авчхаад тус компани газар эзэмшигчий нийтлэг үүргийг огт хэрэгжүүлэлгүй яваад байгаа. Газрын төлбөрөө төлөхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ч гэрээ байгуулагдаагүй учраас бид нар хараад суугаад байна. Тэр хооронд манай газар дээр хүмүүс байшин бариад байгаа, бид нар хараад л байгаа гэж тайлбарлалаа. Ийм үндэслэлээр газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэсэн ойлголт байхгүй. Газрын төлбөрийг төлөлгүй гэдэг үндэслэлээр гэрээг байгуулах, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа. Энэ маргаан нь захиргааны хэргийн шүүхэд нэгэнт тогтчихсон. Газрын гэрээгээ байгуулах нь газар эзэмшигчийн үүрэг учраас газрын төлбөрийг төлөхгүй байх шалтгаан болохгүй гэдэг жишиг шүүхэд тогтсон. Тогтоох хэсгийн агуулга буюу захиргааны актыг хүчингүй болгох болсон гол үндэслэл нь: Нэгдүгээрт, 2012 оноос хойш газраа нэг ч удаа бодитойгоор эзэмшиж, ашиглаагүй. Хоёрдугаарт, газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй. Энэ нь 2021 оноос хойш 405 сая төгрөг хуримтлагдсан. 405 сая болоод хуримтлагдаад байгаа шалтгаан нь И-газар луу ороод эдний нэгж талбараар харахад газрын мэдээллийн нэгдсэн санд орсон байгаа. Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газрын мэдээллийн нэгдсэн санд орсон өдрөөс эхлэн газрын төлбөр тооцогдоно гэж заасан. Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн мэргэжилтнүүд энэ газрын мэдээллийн нэгдсэн санд орсон байршил, бүс болон бүхий юмаар нь газрын төлбөрийг нь тогтоогоод татварын хэлтэс рүү явуулж байгаад газрын төлбөр тогтоогдож байгаа. Энэ нь гэрээнээс үл хамаараад газрын төлбөр гэдэг нь И-такс-аар татварын нэхэмжлэх болоод үүсэж явж байгаа. Түүнийг маргаан таслах зөвлөл шалгахад төлбөрийн мэргэжилтэн тайлбар бичиж оруулсан. 2021-2025 оны газрын төлбөрийн үлдэгдэл 405 сая төгрөг төлөгдөөгүй байна. Дуудлага худалдааны актын дагуу 13 тэрбум 200 сая төгрөг төлөгдөөгүй. Шүүхийн шийдвэр биелэгдэх, гэрээ байгуулагдахтай огт хамааралгүйгээр тусдаа Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа эрх зүйн харилцаа. Тухайн газар мөн үү, биш үү гэж байхад 20 оны 9 иргэний гараар бичсэн өргөдлийн агуулгыг аваад үзэхэд бид нар энэ газраа авъя гэж 2011, 2013, 2015, 2017, 2019 онуудад хандаад байхад шийдэхгүй мөртөө энэ байгууллагад олгосон гэдэг нь өргөдлийн агуулгаас нь дэлгэрэнгүй харагдаж байгаа. Тухайн үедээ бэхжүүлсэн координатаар гаргаж өгөөгүй ч гэсэн 2024 онд гаргасан өргөдлийг шийдээгүй байна гэдэг асуудал гаргаж ирж байгаа. Газраа авъя гэдэг хүсэлтийг 2024 онд гаргаж байгаа нь өмнөх хүсэлтүүдэд дурдсан газар нь мөн гэдгийг өргөдлийнхөө агуулгаар гаргаж байгаа юм. Энэ өргөдөлд хариу өгөхдөө өмнө нь төлөвлөгөөнд ороогүй, аж ахуйн нэгжид олгох боломжгүй, иргэдэд олгох төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж ирсэн мөртөө 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн газрын албанд хандахад бусдын эзэмшил газартай давхцалтай байна гэдэг хариу өгсөн. Тэгэхээр давхцалыг арилгаж өгөөч гэдэг агуулгаар хүсэлтээ гаргасан. Дараагийн дугаарт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг тайлбарлахдаа 47.1.3-д заасны дагуу эрх хэмжээгээ хэтрүүлсэн, хуульд заасны дагуу гомдлын хүрээнд шийдэх ёстой байсан гэдэг үндэслэлээр тайлбарлаж байгаа. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлийг Газрын тухай хуульд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд өгсөн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч зөвлөлийн ажиллах журам болон бүрэлдэхүүнийг нь тогтоож өгсөн. Үүний хүрээнд ажиллаад дүгнэлт хэлбэртэй эрх зүйн актаа гаргасан. Энэ нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй. Хууль тогтоогч яагаад илт хууль бус захиргааны актад хөөн хэлэлцэх хугацаа тавихгүйгээр хэдийд ч шүүхэд нэхэмжлэл гаргаж хүчингүй болгуулах эрхийг иргэн, хуулийн этгээдэд олгоод байгаа вэ гэвэл захиргааны илэрхий хууль бус алдаанаас л иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалах гэж байгаа болохоос биш иймэрхүү үйл баримтын зөрчилтэй, тухайн үед өөрсдийнх нь зүгээс нотлох нэг ч ажиллагаа хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байгаагаар бид нар геологийн дүгнэлт хийгээд, үерийн сан, мөн хамгаалах зэрэг зөндөө ажил хийчихсэн. Их мөнгө гаргачихсан гэдэг нэг ч баримт хэрэгт байхгүй. Хоёрхон нүүр тайлбар л бичиж өгсөн. Газрын үзлэгт ч оролцоогүй. Зөрчил болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч байгууллага эрх нь хөндөгдөж байгаа этгээдийг оролцох эрхээр нь хангасан. Удаа дараа албан мэдэгдлүүд хүргүүлсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нь тайлбар авсан. Хуралдаанд оролцуулсан. Үзлэгийг нь хийсэн, сансрын зургаар баталгаажуулсан. Энэ кэйс дээр маргаан таслах зөвлөлийн хувьд журамд заасан бүхий л нотолж, зохих ажиллагааг хийсэн. Харин нэхэмжлэгч өнөөдөр шүүх хуралдаан дээр гаргаж байгаа, яриад байгаа зүйлүүдийг шүүхэд гаргаж өгөөгүй шигээ маргаан таслах зөвлөлд ч гаргаж өгсөнгүй. 150 га газарт 1 хүн 1 м.кв дээр зогсоход 1,5 сая хүн орж зогсож багтах хэмжээ юм. Ийм том газрыг авсан. Энэ газрын талд нь Түргэний голоор зусдаг айлуудын бүхэл бүтэн малчин өрхүүдийн зусдаг гол, голын эрэг, ширэг байгаа газрыг нэхэмжлэгч аж ахуйн нэгжид өгсөн. Эрхээ шүүхээр хамгаалуулна гээд зогсоод байгаа. Үүнийг шүүх анхаарч үзээсэй. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн хүрээнд авч үзвэл захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар шийдвэр гаргасан. Ямар нэгэн байдлаар Хан-Уул дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд хууль бус үйлдэл эс үйлдэхүй хийхийг даалгасан шийдвэр гаргаагүй. Энэ байгууллагад дүгнэлт гаргах эрх зүйн эрх нь байгаа учраас эрхий хүрээнд дүгнэлтээ гаргасан. Хуульд заасан 30 хоногийнхоо хугацаанд нэхэмжлэлээ гаргачихсан байсан бол бид нар дүгнэлтийн үйл баримттай, үнэн зөв гарсан, бодитой эсхүл бодитой биш гэдэг асуудлаар мэтгэлцэх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэг: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд:
1.1. Нэхэмжлэгч Бат-Үрс Интернэйшнл ХХК-аас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаартай дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.2. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч гомдлын хүрээнээс хальсан шийдвэр гаргасан, дүгнэлтээр зөвхөн анх газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгасан шийдвэр хүчинтэй байхад Ж.Б, Ч.О нарт тухайн газраас эзэмшүүлэхийг даалгаж, хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан, маргаан шийдвэрлэх явцад зөрчил илэрсэн тохиолдолд зөвлөмж гаргах байтал дүгнэлт гаргасан, шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн асуудлаар дахин дүгнэлт хийж эрх хэмжээгээ хэтрүүлсэн зэргээр тухайн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болно гэж,
Хариуцагчаас ...гуравдагч этгээд нар 2011-2025 он хүртэл хүсэлт гаргаж байсан, тухайн газар дээрээ олон жил амьдарсан болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг 2019-2025 он хүртэл төлөөгүй, анх газрыг авахдаа дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар аваагүй болох нь тогтоогдсон тул нийслэлийн Засаг дарга хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн, гомдол гаргагч нарын газар эзэмших хүсэлтийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг зохих этгээдэд даалгасан зэрэг нь илт хууль бус захиргааны актад тооцогдох үндэслэлгүй гэж,
Гуравдагч этгээд нараас ...бид тус газар үе дамжин өвөлжиж, хаваржиж, зусаж амьдарч байгаа, өөрсдийн байгуулсан Г ХХК-аар мал эмнэлгийн газар авахаар 2011, 2012, 2013, 2017, 2019 онуудад өргөдөл гаргасан боловч газрын асуудлыг шийдээгүй атлаа нэхэмжлэгч компанид 2012 онд 150 га газар эзэмшүүлсэн байна, 2025 онд үр хүүхдүүдийн хамтаар эзэмшиж буй газраа авах хүсэлтээ дахин гаргахад тухайн газар нь бусдын эзэмшлийн газартай давхцалтай, газар олгох боломжгүй гэсэн хариу өгсөн тул маргаан таслах зөвлөлд хандсан, дүгнэлтээр гуравдагч этгээд нарт хүсэлт гаргасан газрыг шууд олго гэж шийдээгүй хэмээн тус тус тайлбарлан маргасан.
1.3. Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт нь Б******* ХХК-д 150 га газрыг эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/344 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгохоор дүгнэсэн, гомдол гаргагч Ж.Б Ч.О нарын газар эзэмших хүсэлтийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн, энэ нь нэхэмжлэгч Б******* ХХК-д чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/344 дүгээр захирамжаар Б******* ХХК-д 150 га газрыг орон сууцны хотхоны зориулалтаар эзэмшүүлж, 2018 оны А/1159 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.
2.2. Харин мал эмнэлэг үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Г ХХК-аас ...мал эмнэлгийн цогцолбор төвийн стандартын шаардлага хангасан зориулалтын байр барих газар олгох хүсэлтийг 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 9, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 09, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10, 11, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай албан бичгээр тус тус Хан-Уул дүүргийн Газрын албанд гаргаж байжээ.
2.3. Гуравдагч этгээд Ж.Б, Ч.О нарын тухайд үр хүүхдийн хамт гэх байдлаар ...өөрийн амьдарч байгаа зуслангийн газраа эзэмших өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын -ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан бөгөөд тус албанаас 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01-05/2346 тоот албан бичгээр ...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил газартай давхцалтай байх тул газар эзэмших эрх олгох боломжгүй талаар хариуг хүргүүлжээ.
2.4. Ийнхүү гуравдагч этгээд нараас ...Б******* ХХК-д их хэмжээгээр эзэмшүүлсэн газраас бидэнд оногдох хэсгийг эзэмшүүлэх шийдвэр, дүгнэлт гаргаж өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан байна.
2.5. Хариуцагчаас гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр гуравдагч этгээд Ж.Бы эзэмшиж буй газарт хэмжилт хийж, 12580 м.кв талбай бүхий газрыг хашаалсан, гомдол гаргагч болон түүний 3 хүүхдийн гэр бүлийн нийт 4 өрх айл амьдарч байгаа бодит нөхцөл байдлыг тогтоожээ.
2.6. Харин гуравдагч этгээд нарын 9 иргэний нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг баталгаажуулсан акт, газрын байршлын кадастрын зургаар баталгаажуулж эзэмших хүсэлт гаргасан газрын нийт хэмжээ 6297 м.кв байхаас гадна газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2/438 дугаар албан бичгээр ...гуравдагч этгээд нарын нэр дээр үйлдсэн кадастрын зургийн эргэлтийн цэгийн солбицлын утга Б******* ХХК-ийн нэгж талбарын 1781101261 дугаар бүхий газартай бүтэн давхцалтай болох нь тогтоогдсон байна.
Гурав. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаар дүгнэлтийн ...1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан гомдол гаргагч Ж.Б Ч.О нарын гомдлыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх олгох тухай А/344 дүгээр захирамжийн Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор дүгнэж, 2 дахь заалтаар гомдол гаргагч Ж.Б Ч.О нарын газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хууль, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгаж шийдвэрлэжээ.
3.2. Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.1-д Маргаан таслах зөвлөл нь хууль тогтоомжид нийцүүлэн дүгнэлт гаргана, 603.3-д Нийслэлийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба энэ хуулийн 602.1-д заасан дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргаж болно, 603.8-д Маргаан таслах зөвлөл нь маргаан үүссэн шалтгаан, түүний нөхцөлийг арилгуулах, газрын хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргаж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны бүх шатны байгууллагад хүргүүлж болно гэж, Засгийн газрын 2024 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам-ын 6 дугаар зүйлийн 6.1-д Маргаан таслах зөвлөл нь энэ журмын 1.1-д заасан гомдол, хүсэлтийг газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гаргасан гомдол, хүсэлтийн хүрээнд хянан шийдвэрлэнэ, 7 дугаар зүйлийн 7.1-д Маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд тухайн захиргааны акттай холбогдуулан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гээд 7.1.1-д захиргааны актыг өөрчлөх, 7.1.2-т захиргааны актыг хүчингүй болгох, 7.1.3-д захиргааны актыг хэвээр үлдээх, 7.2-т Маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт хэлбэртэй байх бөгөөд зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна гэж тус тус заажээ.
3.3. Дээрх хууль болон журмын зохицуулалтуудаас үзэхэд, Маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт хэлбэртэй байх бөгөөд эрх бүхий этгээд тухайн дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх зэргээр холбогдох шийдвэрийг гаргах, зөвлөл маргаан үүссэн шалтгаан, түүний нөхцөлийг арилгуулах, газрын хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мөн зөвлөмж гаргах эрхтэй байхаар хуульчилсан байх тул маргаан бүхий дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актад хамааруулах үндэслэлгүй байна.
3.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл болгосон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус байх үндэслэлийн 47.1.3-д заасныг захиргааны байгууллага өөрт олгогдсон эрх хэмжээний асуудлаар шийдвэр гаргаагүй байх, 47.1.5-д заасныг тухайн захиргааны акт хаяглагдсан этгээд нь захиргааны актыг биелүүлснээр хууль зүйн хариуцлага хүлээхүйц, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг эсхүл захиргааны зөрчилд тооцогдож болохоор үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан байх, 47.1.6-д заасныг захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа хуулийн үндэслэл (заалт) огт хэрэглээгүй буюу хуульд үндэслээгүй, эсхүл хэрэглэсэн хуулийн зохицуулалт нь тухайн харилцаанд огт хамааралгүй байхыг тус тус ойлгоно. Энэ тохиолдолд хариуцагч нь Газрын тухай хуулийн дээрх заалтууд, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу иргэдээс гаргасан гомдлыг хянан хэлэлцээд ийнхүү дүгнэлт гаргасныг илт хууль бус гэж үзэхгүй.
3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, ..., 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд иргэн, хуулийн этгээд нь хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах замаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хуульчилсан байна.
3.6. Тодруулбал, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага болон захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад тавигдах урьдчилсан нөхцөл нь өөр өөр бөгөөд нэгэн зэрэг хэрэглэгдэхгүй. Захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд эрх ашиг нь хөндөгдсөн этгээд хэдийд ч захиргааны байгууллага, улмаар шүүхэд хандаж болдог бол хүчингүй болгуулах шаардлагын хувьд гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг захиргааны актыг мэдэгдсэнээс хойш тооцдогоороо ялгаатай байдаг.
3.7. Энэхүү хэргийн тухайд, хэдийгээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор тодорхойлсон байх боловч нэхэмжлэгчийн маргаан бүхий дүгнэлттэй холбогдуулан тайлбарлаж буй үндэслэлүүд нь уг дүгнэлтийг хууль бус захиргааны актад тооцох үндэслэлд хамаарахаар, өөрөөр хэлбэл илт хууль бус акт биш харин хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байна.
3.8. Нэхэмжлэгч тус дүгнэлтийг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03-/7328 дугаартай албан бичгээр хүлээн аваад 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд хандсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .1-д заасан хугацааг хэтрүүлээгүй байх тул захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын урьдач нөхцөлийг хангасан гэж үзнэ.
3.9. Иймд дээрх маргаан бүхий дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг хууль бус захиргааны актыг хүчингүй болгох байдлаар дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3.10. Газрын тухай хуулийн 602 дугаар зүйлийн 602.2-т Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Засгийн газар батална. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд хурлын ирц, зөвлөлийн гишүүдийн эрх, үүрэг, маргаанд оролцогчдын эрх, үүрэг, тайлбар, нотлох баримтыг хянах, дүгнэлт гаргах, шийдвэрлэх, зөвлөлийн шийдвэрийг мэдээлэх зэрэг асуудлыг тусгасан байна гэж заасан. Харин Засгийн газрын 2024 оны 90 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтаар хариуцагч байгууллага болох Маргаан таслах зөвлөлийн хяналтын цар хүрээг иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдол, хүсэлтийн хүрээгээр тогтоож, маргааныг хянан шийдвэрлэх талаар нарийвчлан зохицуулжээ.
3.11. Гуравдагч этгээд нараас ...Б******* ХХК-д их хэмжээгээр эзэмшүүлсэн газраас бидэнд оногдох хэсгийг эзэмшүүлэх шийдвэр, дүгнэлт гаргуулах агуулгаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Гэтэл маргаан бүхий дүгнэлтээр хариуцагч гомдлын хүрээнээс хальж Б******* ХХК-д анх 150 га талбайд эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэсэн эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг гаргасан нь буруу болжээ.
3.12. Учир нь Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.3-д зааснаар Нийслэлийн Засаг дарга тухайн дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох болон өөрчлөх зэргээр холбогдох шийдвэрийг гаргах хууль зүйн үндэслэл болдог тул энэ тохиолдолд тус дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
3.13. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, гуравдагч этгээд нар нь маргаан бүхий газарт 1976 оноос хойш буюу Б******* сангийн аж ахуй үүсгэн байгуулагдсанаас хойш хойч үеэрээ оршин сууж байгаа, өмнө нь газар эзэмших талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан гэх боловч 2011, 2013, 2017, 2019 онуудад Г хуулийн этгээдээр мал эмнэлгийн зориулалтаар газар эзэмших хүсэлтийг, харин иргэдийн хувиар зөвхөн 2025 онд зуслангийн газраа эзэмших хүсэлтийг гаргасан байна.
3.. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны А/770 захирамжаар гуравдагч этгээд Ч.Оаас гаргасан эзэмшиж буй газрын эрхийг баталгаажуулах хүсэлтийг үндэслэн тус дүүргийн дүгээр хороо, Х хаягт байрлах, нэгж талбарын 1781117459 дугаар бүхий 696 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, эрхийн 0000296972 дугаартай гэрчилгээ олгожээ.
3.15. Гуравдагч этгээдээс дээрх газар нь хүсэлт гаргасан маргаан бүхий газарт хамаарахгүй, тусдаа газар хэмээн тайлбарлаж байх боловч маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлын үндэслэлээ олон жил ажиллаж, амьдарч байгаа газраа эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргаж байсан гэх агуулгаар тайлбарласан байхаас гадна дээрх газрыг эзэмших хүсэлтээ мөн ...1976 оноос эхлэн Б******* Сангийн аж ахуйд малын эмчээр ажиллаж, амьдарч байна, одоо энэ амьдарч байгаа газрын гэрчилгээг гаргаж өгнө үү гэх агуулгаар гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3.16. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага тавьсан. Энэ нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр тодорхой нэгж талбар бүхий газар эзэмшиж буй этгээдийн эрхийг хамгаалахаас гадна түрүүлж хүсэлтээ гаргасан этгээдийн эрхэд хамгаалалт үүсгэнэ. Гэтэл хариуцагч нь 2012 онд хэдийн үүссэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг үгүйсгэж, 2011 онд Г ХХК-аар гаргасан хүсэлтийг гуравдагч этгээд нарын нэр бүхий 9 иргэнээр 2025 онд гаргасан хүсэлттэй нэгтгэн үзэж, нэг этгээдээс удаа дараа хүсэлт гаргаж байсан гэх байдлаар маргааны үйл баримтад өнгөц дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.
3.17. Зүй нь маргаан таслах зөвлөл гомдол, хүсэлт шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хуулийн этгээдийг газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй төдийгүй анх эзэмшүүлсэн шийдвэр нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй зэрэг зөрчлийг илрүүлсэн тохиолдолд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.5.4-д зааснаар маргаан үүссэн шалтгаан, нөхцөлийг арилгуулах талаар зөвлөмж гаргаж, холбогдох этгээдэд хүргүүлэх учиртай.
3.18. Харин тус зөвлөмжийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон шийдвэрээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгох, эсхүл мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шийдвэрлэх нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны эрх хэмжээнд хамаарна.
3.19. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий дүгнэлтэд дурдсан үндэслэлүүд нь маргааны үйл баримт, шалтгаан нөхцөл, эрх зүйн үр дагавар зэргээрээ ялгаатай тул холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тохирох шийдвэрийг гаргах нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахаас бус маргаан таслах зөвлөлөөс эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгогдсон эзэмших эрхийг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
3.20. Түүнчлэн хариуцагч шийдвэр гаргахдаа гомдлын үндэслэл, маргааны үйл баримтад дүгнэлт өгөөгүй буюу Г ХХК-ийн 2011 оноос хойш эзэмших хүсэлт гаргаж байсан газар нь нэхэмжлэгч компанийн газарт хамаарч байгаа эсэх, Г ХХК-ийн хүсэлтэд дурдсан газар нь гуравдагч этгээд нарын хүсэлт гаргасан газар мөн эсэх талаар тодорхой дүгнээгүй, учир шалтгааныг тогтоогоогүй атлаа гомдлын хүрээнээс хальж зөвлөмж гаргах асуудлаар дүгнэлт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцээгүй байна.
3.21. Нэхэмжлэгчийн ...төлбөртэй холбоотой асуудлыг шүүхийн шийдвэрээр эцэслэн дүгнэгдсэн байхад энэ үйл баримтын талаар дахин дүгнэлт хийж, эрх хэмжээгээ хэтрүүлсэн, анх газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхгүй гэх үндэслэлүүд нь дээр дурдсанчлан Нийслэлийн Засаг даргын шийдвэрлэх асуудалд хамаарах тул шүүх эдгээр үндэслэлүүдийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.
3.22. Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус болох гэсэнд хамаарахгүй, харин холбогдох хуулийн зохицуулалтад нийцээгүй, хууль бус захиргааны акт байх бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.1, 603.2, 603.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаруулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 зүйлийн 107.5-д заасныг баримтлан шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт хуулийн үйлчлэлгүй болж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэхийг мэдэгдсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА
[1] 1-р хавтаст хэргийн 57 дугаар тал
[2] 1-р хавтаст хэргийн 107-111 дүгээр тал
[3] 1-р хавтаст хэргийн 1 дүгээр тал
[4] 1-р хавтаст хэргийн 59-89, 93-96 дугаар тал
[5] 1-р хавтаст хэргийн 90-92, 2-р хавтаст хэргийн 42 дугаар тал
[6] 1-р хавтаст хэргийн 133-134 дүгээр тал
[7] 1-р хавтаст хэргийн 131-132 дугаар тал