Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.А даргалж, шүүгч Б.М, Б.Д нарын бүрэлдэхүүнтэй,

 

Улсын яллагч: П.Г,

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,

Иргэдийн төлөөлөгч: нн,

            Хохирогч: Б.Б, түүний өмгөөлөгч С.П,

            Шүүгдэгч: Т.У, түүний өмгөөлөгч Б.Ц, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.У холбогдох эрүүгийн 1709009600030 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Т.У

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Т.У нь 2017 оны 08 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Алтдын гол” ХХК-ийн “Лазер” баарны үүдэнд иргэн .... “заамдлаа” гэх шалтгааны улмаас цээж хэсэг рүү нь хоёр гараараа санаатайгаар түлхэж газар унагаж түүний эрүүл мэндэд гавлын орой суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, цус харвалт, тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн тархмал хаван, тархи тарагдал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун тохойнд зулгаралт бүхий хүнд хохирол учруулж, улмаар талийгаач .... нь уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлэгт нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.У мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн байгаа. Миний ах ямар нэгэн архаг суурь өвчин байхгүй цоо эрүүл хүн байсан. Миний ах хүнийг түрүүлээд цохих хүн биш буйр суурьтай хүн байсан. Шүүгдэгч хавтаст хэрэгт байгаа бичлэгээс худлаа яриад байна. Талийгаачийн ар гэрээс би төлөөлж оролцож байна. Би маш их гомдолтой байна. Шүүгдэгч хохиролд 4 сая төгрөг төлсөн гэж яриад байна. Бид нар оршуулгын зардлын 3/1 хувийг нэхэмжилсэн. Баримт цуглуулсан хүрээнд гэж ойлгож болно. Миний ахын амийг мөнгөөр үнэлэх боломжгүй маш их гомдолтой байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч /хх-ийн 34-36/, хохирогч /хх-ийн 28-29/, гэрч Ц.А /хх-ийн 48-49/, гэрч Г.Т /хх-ийн 43-44/, гэрч С.Э /хх-ийн 76/, гэрч Ш.Г /хх-ийн 41-42/, гэрч Ш.Бн /хх-ийн 39-40/, гэрч Г.Г /хх-ийн 37-38/, гэрч Г.Б /хх-ийн 50-51/, гэрч Г.З/хх-ийн 79/, гэрч Р. хх-ийн 52-53/, гэрч С. /хх-ийн 54-55/, гэрч М.Ба /хх-ийн 56-57/, гэрч Б.А /хх-ийн 47/, гэрч Г.О /хх-ийн 58-59/, гэрч Д.Ө /хх-ийн 240/, гэрч Р.М /хх-ийн 71/, гэрч Р.М /хх-ийн 72/, гэрч Р.М /хх-ийн 73/, гэрч Р.Эг /хх-ийн 74/, гэрч яллагдагч Т.У /хх-ийн 4-6/ нарын өгсөн мэдүүлэгүүд, талийгаач эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11360 дугаартай дүгнэлт /хх-ийн 92-93/, талийгаач нас барсан шалтгаан нөхцлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1795 дугаартай дүгнэлт /хх-ийн 96-98/, “Алтдын гол” ХХК-ийн “Лазер” караокены хяналтын камерийн бичлэг /хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан/, шүүгдэгч Т.У урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн130/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Т.У 2017 оны 08 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Алтдын гол” ХХК-ны “Лазер” баарны үүдэнд иргэн “заамдлаа” гэх шалтгааны улмаас цээж хэсэг рүү нь хоёр гараараа санаатайгаар түлхэж газар унаган хүнд хохирол учруулж, улмаар талийгаач ... нь уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлэгт нас барсан талаарх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан тодорхойлж ирүүлжээ.

 

Гэвч гэм буруугийн талаар тодорхойлохдоо хохирогчийн зүгээс шүүгдэгчид халдсан болон шүүгдэгчийн эсэргүүцсэн үйл ажиллагаануудыг учруулсан хор уршигтай хэрхэн холбогдож байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг бүрэн тогтоолгүй хэргийг буруу зүйлчилж ирүүлсэн гэж үзэхээр байна.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзэхэд шүүгдэгч Т.Ууганбаярыг хүнд гэмтэл санаатай учруулсаны улмаас хүний амь нас хохирсон гэж үзэхэд учир дутагдалтай байх бөгөөд харин тухайн цаг хугацаанд Т.У хэт болгоомжгүй үйлдлийн улмаас амь хохирогч ... нь нас барсан нөхцөл байдал тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр амь хохирогчийг түлхэж унагасан шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулах боловч харин хохирогчийн заамдсан барьцыг тавиулах зорилгоор түлхэн унагаахдаа хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос яллах талын нотлох баримт болгон яллах дүгнэлтэд дурьдсан нэр бүхий гэрч нарын мэдүүлгийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн боловч эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч Т.У “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаны улмаас хохирогч нас барсан” гэх нөхцөл байдлыг бүрэн тодорхойлж чадахгүй байна. Тухайлбал хэрэг учрал болсоныг шууд харсан цорын ганц гэрч болох Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “...тэр биерхүү залуу / Т.У хандан “хоёулаа халзагная” гэхэд нь Т.У “тэгье” гээд хоорондоо мөрлөөд караокены баруун урд хэсэг рүү ...очоод өөд өөдөөс хараад зогсож байсан. Намайг хойноос нь харж байхад нэг нэгнийгээ заамдалцаж байгаад Ууганбаяр тэр залууг цээж хэсэг рүү түлхээд нөгөө залуу нь хойшоо саваад унасан...” гэснээс үзэхэд шүүгдэгч Т.У хувьд өөрөөсөө зайлуулах гэж түлхэсний улмаас хохирогч толгойгоороо хойш савж унан хүнд хохирол учирсан нь “санаатай” үйлдэл байсан гэж дүгнэх боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр .... зэрэг гэрчийн мэдүүлэгүүд хэрэг учрал болохоос өмнөх болон дараах үйл баримтыг гэрчлэх бөгөөд энэ нь прокуророос шүүгдэгч Т.У “санаатай хүнд хохирол учруулсан” гэдгийг шууд нотолж чадахгүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцлийг тодорхойлон заажээ.

Аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь эхлээд оюун ухаандаа төсөөлсний үр дүнд үйл ажиллагааны илрэл болж улмаар өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой зорилго, сэдэлттэй байдаг.

Шүүгдэгч Т.У зүгээс харилцан заамдалцсан хүнийг өөрөөсөө холдуулах, зайлуулах зорилготой байсан түүний үйлдлийг бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийж, уг хор уршгийг хүсэж үйлдсэн хэмээн дүгнэх боломжгүй бөгөөд харин тэрээр талийгаач .. түлхсэн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн гэх ойлголтод хамаарч байна.

 

Иймээс анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг баримтлан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийн талаар гарсан дээрх эргэлзээтэй байдлыг шүүгдэгчид ашигтайгаар буюу Т.У хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Т.У нь 2017 оны 08 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Алтдын гол” ХХК-ны “Лазер” баарны үүдэнд иргэн ... “заамдлаа” гэх шалтгааны улмаас цээж хэсэг рүү нь хоёр гараараа түлхэж унагасны улмаас болгоомжгүй хүний амь насыг хохироосон болох нь:

 

Хохирогч Р.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай төрсөн эгч Нина над руу залгаад дүү б гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар хэл дуулгасан. Хаана ямар гэмтэл авсан гэвэл тархины гүнд маш хүнд гэмтэл авчихсан байна гэж ярьж байсан. Тэр өдрөөс хойш талийгаач дүү маань гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн үед нас барсан талаар төрсөн дүү Эрдэнэтунгалаг утасдаж хэлсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас хойш Батжаргал, Эрдэнэтунгалаг, Нина, Батбаяр гэх төрсөн эгч, дүү нар нь ээлжлэн сахиж байсан. Талийгаач дүү маань ухаантай, ухаангүй бага зэргийн мэдрэлийн сааталд орчихсон байсан гэж би сахиж байсан хүмүүсээс нь сонссон. Яг юунаас болж гэмтэл авсан талаар надад мэдэх зүйл алга. Миний төрсөн дүү .. нь Архангай аймгийн Тариат суманд 1977 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ... нарын 10 дахь хүүхэд нь болж төрсөн. Бага насаа Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт өсөж хүмүүжиж 4 дүгээр анги хүртлээ сургуульд суралцсан, их дээд сургуульд суралцаагүй, цэргийн алба хаагаагүй. Гэр бүл нь гэвэл 1999 онд ... гэх эмэгтэйтэй танилцаж гэр бүл болцгоож дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Согтууруулах ундаа нэг их хэрэглээд байдаггүй, сардаа 1, 2 удаа уудаг байсан гэж хэлмээр байна. Тамхийг 2016 оноос эхлэн татдаг болсон байсан. Талийгаач нь Сүхбаатар дүүрэгт байх том эгчийндээ амьдарч байсан бөгөөд хаана, ямар хүмүүстэй нөхөрлөж байсан талаар огт мэдэхгүй. Талийгаач дүүг маань үхэлд хүргэсэн хүнийг олж хуулийн дагуу хариуцлага тооцож өгөхийг ах дүү нарынхаа өмнөөс хэлмээр байна. ... өөрөө хотод суурин байдаг ба би Архангай аймгийн Тариат сумын Ерөнхий боловсролын сургуульд тогоочоор ажилладаг учраас Цагдаагийн байгууллагаас дуудсан хугацаанд ирж чадахгүй учир ... хэрэгт хохирогчоор тогтоох хүсэлт гаргаж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/,

Гэрч Р..мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг ажил дээрээ очоод удаагүй байхад Гэмтлийн эмнэлэгээс ярьж байна гээд “та .. юу вэ” гэхээр нь “төрсөн эгч нь байна” гэхэд нөгөө хүн “Гэмтлийн эмнэлэг дээр хурдан ир” гэсэн. Тэгээд би ажил амжихгүй болохоор нь охин ... эмнэлэг рүү явуулсан. Тэрнээс өмнө хүргэн Өлзийбаярыг түрүүлээд гэмтлийн эмнэлэг рүү явуулсан байсан. Тэгтэл манай хүргэн эмч “яаралтай зураг авахуулахгүй бол болохгүй, зүүн чихнээс нь их цус гарсан, эмнэлэгт хэвтүүлэхгүй бол болохгүй” гэж хэлсэн байсан. Тэгээд манай охин .., хүргэн ... нар байсан болохоор эмнэлэгт хэвтүүлчих байх гэж бодоод ажил дээрээ байж байгаад орой гэртээ ирэхэд талийгаачийг орон дээр хэвтүүлсэн байсан. Намайг ороход талийгаач ёолоод “тархи задарлаа” гээд байсан. Тэгээд маргааш өдөр нь хувийн машинаар авч яваад гэмтлийн эмнэлэг дээр очиход урьд өдөр үзсэн эмч нь хүлээж аваад үзээд шууд хэвтүүлсэн. Тэгээд эмч нар эмчилгээ хийгээд бид нарт “гаднаас хурсан цус ширгээж тархины эд эсийг сэргээдэг эм, тариа авч өгөөрэй” гэхэд нь авч өгсөн. Эмнэлэгт хэвтэж байхад 2 удаа томографийн зураг авахуулсан. Тэгээд сэхээний тасагт ороод 2 хоног болоод нас барсан. Бид нарыг сахиж байхад бүрэн юмаа мэдэж ухаан ороогүй, ухаангүй байхдаа “харъя, явъя, Дамба орьё, ажил болохоо байлаа” гээд олон удаа ярьж байсан. Бид нарт хаана, хэнтэй зодолдсон талаар хэлээгүй. Эмчлэгч эмч нар их хүнд байна, сэргэхэд хэцүү, тархины гэмтэл нь хүнд гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Гэрч С.Ц. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хөдөөнөөс ирээд шууд гэмтлийн эмнэлэг дээр очоод гуйж байгаад ороод “ээж нь ирсэн шүү” гэхэд талийгаач толгой дохих шиг болсон. Намайг “хэзээ ирсэн юм” гэхээр нь шуудангаар ирлээ гэхэд талийгаач “эмнэлэгээс гаръя Дамба явъя, ажилдаа явмаар байна” гээд байсан. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

Гэрч М.Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Улаанбаатар хотод ирээд Нина эгчийнд ирэхэд талийгаач “толгой өвдөөд байна” гээд хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг рүү авч явж хэвтүүлсэн. Тэгээд эмнэлэгт тархины хурсан цусыг шимэх эмчилгээ хийж байсан. Эмнэлэгт хэвтэж байхад талийгаачийн охин Энхмааг ирэхэд таньж байсан. Маргааш нь Энхмаа ирсэн гэж хэлэхэд “тийм үү” гээд байсан. “Машинд мөргүүлсэн юм уу, хүнд зодуулсан юм уу” гэхэд толгой сэгсрээд байсан. Баттөрийн эмчлэгч эмч нар нь “нилээн удаан хугацаагаар эмчлэгдэнэ” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

Гэрч Д.Ө. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би гэмтлийн эмнэлэг дээр яваад очсон чинь Төрөө ахыг сандалтай нь гавлаад суулгаж байхаар нь би хамгаалагчтай уулзахад өчигдөр ухаангүй 6 буудлаас ирсэн. Тэгээд эмч үзсэн чинь “хэвтүүлэхээр юм байна, толгойд нь цус хурсан, яаралтай хэвтэх шаардлагатай” гэж хэлэхээр нь Төрөө ахыг хэвтүүлэх гэсэн чинь сандал дээрээ дээшээ хараад нүдээ аничихаад дуугарахгүй суугаад байсан. Тэгээд би гэмтлийн эмнэлгийн цагдаатай орж уулзахад “өчигдөр үүрээр ухаангүй ирсэн. Бас айхтар өндөр гэмтэлтэй, яаралтай хэвтүүлэх шаардлагатай, явуулж болохгүй” гэж тэр цагдаад нэг эмчийн зүгээс бас хэлсэн байсан. Тэгээд би гараад Төрөө ахтай уулзахад юм дуугарахгүй байсан. Тэгсээр байж байгаад би гавыг нь тайлуулсан чинь “бие засъя” гэхээр нь би бие засуулчихаад машинд оруулаад арынхаа суудал дээр хэвтүүлсэн чинь Төрөө ах дээшээ харчихаад “толгой задарлаа” гээд орилоод эхлэхээр нь би дундуур нь юм асуусан чинь яаж гэмтэл авснаа хэлж мэдэхгүй байсан. Тэгээд би дүүг нь дуудаж ирүүлээд эмнэлэгт хэвт гэхэд Төрөө ах хэвтэхгүй гээд байсан. Тэгээд дүү ... дуудаж ирүүлээд эмнэлгийн зүгээс “толгойн зураг авахуул” гэхээр нь бид нар зураг авахуулах гэхэд машинаас буухгүй байсан. Энэ үед энгийн хувцастай цагдаа нар ирээд “байцаалт авна” гэж ирээд авч чадалгүй явсан. Тэгээд буцаад гэмтлийн эмнэлгийн цагдаа дээр очиж дагуулж ирээд цагдаатай цуг орж толгойн томографийн зургийг нь авахуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 240/

Гэрч Х.Н. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний нөхөр төлөв даруу зантай, их нямбай, хүнд тусархуу, жоохон огцом ууртай бусад талаар манай нөхөрт муу зан чанар байхгүй. Өглөө цагдаагаас яриад танай нөхер машин мөргөөд зугтаасан байна гэхээр нь болсон асуудлын талаар бага сага мэдээлэл авсан. 2017 оны 08 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө манай нөхөр Ууганбаяр 02 цагийн үед над руу залгаад намайг хаана байна гэхээр нь Салхитад хамаатангийн ах Баярсайханы гэрт байна гэхэд хаана байдгийн гэхээр нь хаягийг нь зааж өгөхөд очлоо гээд такси бариад ирсэн байсан. Би Т.У г ирэхэд нам унтчихсан байсан. Өглөө сэрэхэд том өрөөний цонхны доор унтаж байсан ба өөрийг нь харахад зүгээр байсан. Ямар нэгэн зодолдсон шинж тэмдэг илрээгүй. Өглөө нөхөртэйгээ уулзахад архи уусан үнэр үнэртээгүй. Манай нөхөр сүүлийн 2 хоног архи уусан ба түүний ажлаа залгуулдаг Портер маркийн авто машин эвдрээд бага зэрэг бухимдаад, бас надтай маргалдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

Гэрч Ц.А. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... “Лазер” бааранд ороход үүдний хаалганаас зүүн тал руугаа эхний ширээн дээр Т.У болон эхнэрийнх нь найзууд болох Оюука, Анхаа гэж дууддаг бүтэн нэрийг нь мэдэхгүй хоёр хүүхэнтэй сууж байсан. Т.У надад хандан “юу уух уу” гэхээр нь 0.5 граммын “Боргио” пиво хоёрыг авсан. Тэгээд би Ууганбаярыг “яагаад уухгүй байгаа юм” гэхэд “уухгүй байгаа” гэж байсан. Тэгээд дуулаад, бүжиглэж байгаад Анхаа намайг “бүжиглэе” гэхээр нь “үгүй” гэхэд цаашаа өөр хүнтэй бүжиглэх гээд явсан. Тэгээд Анхаа тэр залууд хандан Анхаагийн нөхөр нь “манай найз” гэж хэлээд авчирсан байсан. Тэгээд би гадаа үүдэнд тамхи татаж байхад биерхүү өндөр, сорочикон цамцтай залуу гарч ирээд надад хандан “тамхилаач” гэхээр нь тамхи өгсөн. Тэгээд надтай хамт тамхи татаж байхдаа “чамтай хамт байсан хар куртиктай залууг дуудаад гаргаад ир, найзтай чинь халзагнаадхья, чамтай бол юм ярихгүй” гэсэн. Тэхээр нь би “яах юм бэ согтуу байж хоёрын хооронд яах юм” гэхэд дахиад “найзыгаа дуудчих, чамтай юм ярихгүй” гээд байсан. Тэгээд байж байтал дотроос Ууганбаяр гарч ирсэн ба тэр биерхүү залуу Т.У хандан “хоёулаа халзагная” гэхэд нь Т.У “тэгье” гээд хоорондоо мөрлөөд караокены баруун урд хэсэг рүү буюу ертөнцийн зүгээр хойд хэсэгт байрлах төмөр хашааны хажууд очоод өөд өөдөөсөө харж зогсож байсан. Намайг хойноос нь харж байхад нэг нэгнийгээ заамдалцаж байгаад Ууганбаяр тэр залууг цээж рүү нь түлхээд нөгөө залуу нь хойшоо саваад унасан. Тэгээд нөгөө залууг орхиод Ууганбаяр миний зогсож байсан газар ирсэн ба би Ууганбаярт “согтуу хүнийг яах гэсэн юм бэ” гэхэд Т.У “намайг боох гэхээр нь түлхээд унагаачихлаа” гэсэн. Тэгээд бид хоёр караоке руу орсон. Тэгээд ширээн дээр суугаад үлдэгдэл пивоо уугаад “бүжиглэмээр байна” гэхэд Ууганбаяр караокены зүүн талд байрлах “доошоо ордог бааранд ороод бүжиглэ” гэсэн. Тэгээд тийшээ орсон ба Оюука, Анхаа хоёр тэндээ үлдсэн. Тэгээд У Т.У бааранд надтай цуг ороод надад нэг пиво авч өгөөд гарсан. Тэгээд 10-15 минутын дараа Т.У буцаж орж ирээд “эхнэр утсаар яриад байна, би явлаа” гэхээр нь “тэг тэг, би жоохон бүжиглэж байгаад явлаа” гээд салсан. Миний харснаар Т.У тэр залуутай хоорондоо заамдалцаж байгаад У Т.У тэр залуугийн цээжин хэсэг рүү хоёр гараараа түлхсэн чинь тэр залуу хойшоо саваад унасан. Т.У тэр залууг цохиж, хавирч унагаасан асуудал байхгүй, зүгээр л түлхээд унагаасан. Толгой дагз хэсгээр цемент цохисон байж магадгүй. Тэр залууг унасны дараа Т.У ямар нэгэн үйлдэл хийгээгүй, орхиод л ирсэн. Караокед муудалцсан асуудал болоогүй, гадаа л тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

Гэрч Г.Тө.. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гадаа байж байхад караокены урд хэсэгт машины цаана нэг залуу газар хэвтэж байхаар нь буудал руу ороод эзэн Ганболдод нь хандан “буудлын урд хүн уначихсан байна” гэж хэлсэн. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Гэрч С.Эр. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ажлаа хийгээд байж байтал 30 гаран насны нэг хүн орж ирээд “танай гадаа согтуу хүн тасраад унтчихаж, хөлдөөд үхчихэж магадгүй, хараач” гэсэн. Тэгээд би караокены гадаа гараад харсан чинь машины зогсоолын тэнд өндөрдүү биетэй эрэгтэй хүн зүүн гараа дэрлээд хэвтэж байсан. Тэхээр нь би босгох гээд очтол тэр хүний хамар, чихнээс нь цус гараад гарыг нь дагаад урсаж байсан. Тэгээд би захиралд хэлээд буудал руугаа орсон. ...Караокед ямар нэгэн маргаан болоогүй, хүмүүс бужигнаад л байсан, гадаа зодоон болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 76/,

Гэрч Ш.Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгтэл гаднаас нэг хүн орж ирээд гадаа “баруун урд хэсэгт нэг хүн хэвтэж байна” гэхээр нь би гараад очиход цагаан цоохор цамцтай, 40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд ойртож очоод ажиглахад хамраас цус гараад урссан байдалтай байсан. Тэгээд чимээгүй байгаад байхаар нь би буцаж ороод хамгаалагч Баясааг дуудаж “наад хүнээ харж байгаарай” гэж захиж үлдээгээд түргэн дуудаад ажлаа хийж байтал хэсэг хугацааны дараа хамгаалагч ороод ирэхээр нь “яасан” гэхэд түргэнд өгөөд явуулсан гэсэн. Тэгээд өнөөдөр цагдаа ирээд камер шүүж үзэхэд манай караокед хэдэн цагт орж ирснийг мэдэхгүй байна. Камерны үүдний хэсгийг шүүж үзэхэд нэг ягаан подволктой, цэнхэрдүү бэлтгэлийн өмдтэй 45-50 орчим насны хүнтэй маргалдан гарч эвлэрээд буцаж орж бие биенээ тэврээд юм ярьж байгаад 01 цаг 01 минутад гарч ирээд 01 цаг 05 минутанд нэг хар савхин куртиктай, цайвар өмдтэй саравчтай малгайтай залуу дагуулж араас нь яваад хохирогчийн хэвтэж байсан зүг рүү явсан байна. Тэгээд удалгүй буцаж ирээд караокед ороод урд зүг рүү засмал зам руу яваад өгч байна. Тэгээд 01 цаг 26 минутанд би гарч ирж байгаа бичлэг байна. ...Нөгөө хар савхин куртиктай залууг харвал танина, манайхаар үе үе үйлчлүүлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

Гэрч Ш.Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр хүний хажууд Ганболд зогсож байсан ба “энэ хүнийг түргэн иртэл хажууд нь байж бай, түргэн дуудчихсан байгаа” гэж хэлсэн. Тэр хүнийт ажиглахад хамраас цус гарсан, толгой нь караоке руу харсан ертөнцийн зүгээр зүүн тийшээ харчихсан хэвтэж байсан. Миний санаж байгаагаар аль нэг чихнээс нь цус гарч байсан. Тэгээд хурхираад унтаад байсан бөгөөд түргэн ирж үзээд эмнэлгийн машинд хамт өргөж өгөөд явуулсан. ...Тухайн өдөр баар, караокед хүмүүс хоорондоо муудалцсан, зодолдсон асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39, 40/,

Гэрч Г.Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..... бид хоёр цаашаа яваад 5 буудлын орчим “Лазер” караоке, буудлын урд Баттөр бид хоёр буусан ба очих замдаа ... “караокед ороод ахиад нэг юм уучихья” гэхээр нь “тэгье” гэсэн. Тэгээд бид хоёр “Лазер” караокед ороод хүний нэг нэг 0.5 граммын шар айраг аваад уугаад, талбай дээр бүжиглээд гучаад минутын дараа би ...хандан “ах нь явлаа, маргааш ажилтай” гээд ...ийг үлдээгээд гэртээ харьж амарсан. ......рийг хэнд зодуулсныг мэдэхгүй. Бид нар хоорондоо маргалдсан асуудал байхгүй, надаас хойш яг юу болсныг үнэхээр мэдэхгүй байна. Согтолт нь гайгүй байсан болохоор яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Гэрч Г.Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... “Номин”-гийн хажууд намайг буулгаад Ганбаатар ах, талийгаач хоёр цаашаа харихаар явсан. Тэгээд маргааш өглөө нь дарга утасдаад “өчигдөр та нар яасан” гэхээр нь “хэдэн төгрөг нийлүүлээд гарсан” гэж хэлсэн. Бид нар караокед байхдаа ямар нэгэн байдлаар хүмүүстэй, хоорондоо маргалдсан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

          Гэрч Г.Зо. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар караокед байхдаа ямар нэгэн хүмүүстэй маргалдсан зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79/,

Гэрч Б.А. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Архи их уусан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Ууганаа Түмбэ гэх залуутай орж ирсэн. Ууганааг бааранд болон гадаа хүнтэй муудалцсан болохыг мэдэхгүй байна. Ууганаа архи уухгүй байгаа гэж хэлж байсан, харахад эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

 

          Гэрч Г.О. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хамт ажилладаг Нарангаравын нөхөр Ууганбаяр, Түмбэ хоёр орж ирээд У Т.У бид хоёрт нэг нэг пиво авч өгөөд ярилцаж байгаад гараад явсан. Тэгээд нилээн удаж байгаад хамт явж байсан Түмбэ гэх залуу орж ирээд “доор бүжиглэж байгаад орж ирлээ” гэж байсан. Бид нартай хамт байхдаа Ууганбаяр хүнтэй маргалдаагүй. Анхбаярыг ширээн дээрээ сууж баихад нь нэг залуу ирээд бүжигэнд урьж бүжиглэж байгаад нөгөө залуугийн ширээн дээр очиж суусан байхад Ууганбаяр Анхбаярыг дагуулж ирээд хамт суулгаад Т.У гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

Гэрч Б.Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 5 буудлаас хойшоо явах зам дагуу “ухаангүй согтуу хүн хэвтэж байна” гэсэн дуудлага ирж улмаар надад шилжүүлсэн. Дуудлагын дагуу 5 буудлаас хойшоо өгсөх замд явж ба...йтал “Лазер” баарны хамгаалагч даллаж дуудсан. Тэгээд яваад очиход ... нь “Лазер” баарны гадаа ухаангүй хэвтэж байсан. “Лазер” баарны гадаа очиход 02 цаг болж байсан. Талийгаач нь баруун мөрөө дарсан байдалтай, ертөнцийн зүгээр толгой нь хойшоо харсан байдалтай байсан. Үзлэгээр хүүхэн хараа 2 талдаа жигд гэрлийн урвалтай, орчиндоо харьцаагүй, асуусан асуултанд хариулахгүй, хамраас болон чихнээс цус гарсан байдалтай хэвтэж байсан. Чихнээс цус гарсан байдлыг үнэлж үзээд суурь яс гэмтсэн байх магадлалтай гэж үзэн Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү осолдогчийг шууд зөөвөрлөсөн. Р.Баттөр тухайн үед ухаангүй ярих чадамжгүй байсан. Тухайн үед амин үзүүлэлтүүд нь харьцангуй тогтворой байсан тул шууд эмнэлэгт хүргэх арга хэмжээ авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/,

Шинжээч М.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гавлын дагз яснаас хоёр талын чамархайн яс, суурь ясны зүүн чулуулаг яс руу орсон нум хэлбэрийн хугарал нь арагшаа савж унах үед үүсдэг сонгомол гэмтэл. Бусад гэмтлүүд нь дагз хэсгээр савж унах үед үүсдэг хүнд гэмтэл юм. Дээрх гэмтлийг авсан дуруйд идэвхтэй үйл хөдөлгөөн хийж ч болно, хийхгүй ч байж болно. Амь насыг аврах боломж багатай байсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

Гэрч Э.Л. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг дуудлаганд 23 цаг 23 минутанд очиход өвчтөн орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд гэрт ороод хамт байсан хүмүүсээс юу болсон талаар асуухад “өчигдөр ухаангүй гудамжнаас гэмтлийн эмнэлэгт очоод өглөө тархины зураг авахуулсан. Гэмтлийн эмч хэвтэх шаардлагатай гэхэд нь өвчтөн эмнэлэгт хэвтэхгүй гэж хэлээд зугатааж гэртээ ирсэн” гэж хэлсэн. Тэгээд “хэвтэх шаардлагатай бол яагаад гэртээ хүрээд ирсэн юм бэ, толгой өвдөөд байгаа бол одоо аваад явна” гэхэд өвчтөн өөрөө “явахгүй” гэсэн ар гэрийнхэн “өөрсдөө аваад явна” гэхэд өвчтөн “өөрөө орон дээрээ хэвтээд явахгүй” гээд байсан. Тэгээд ар гэрийнхэнд нь “явахгүй гээд байгаа хүнийг хүчээр авч явалттай нь биш гэмтлийн эмнэлэгт яаралтай очиж үзүүлээрэй” гэж хэлээд дараагийн дуудлагандаа явсан. Биеийн байдал бол гайгүй байсан, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, нүүр царай нь зовиурласан, артерын даралт хэвийн, зүрхний цохилт, захын цусны хүчилтөрөгч хэвийн байсан. Тэгээд би өвчин намдаах тариа деклоденк тариа хийж өгсөн. Намайг юу болсон талаар асуухад “толгой өвдөж байна” гэж хэлж байсан, өөр юм яриагүй. Өвчтөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахгүй гэсэн тохиолдолд эмнэлгийн үйлчилгээнээс татгалзах тухай хуудас бичиж өгдөг бөгөөд надад тухайн үед уг хуудас байгаагүй, ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгөөд явсан ба албадаад аваад явна гэсэн ойлголт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 232-233/,

Гэрч М.. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 20 минутанд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 32-1-1 тоотод “толгой өвдөөд байна” гэсэн утгатай дуудлага ирсэн бөгөөд уг дуудлагын дагуу очиход гэрт өвчтөн маань газар гудсан дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь би яасан талаар асуухад юу гэж байсныг санахгүй байна. Тэнд байсан хүмүүс нь надад “гэмтэл авсан, хоёр хоног эмнэлэгт хэвтэж байгаад гараад ирсэн, өвчтөн өөрөө эмнэлэг явахгүй гэж гүрийгээд байгаа” талаар надад хэлсэн. Тэгээд би цуг эмнэлэг явах талаар хэлэхэд явахгүй гээд байсан. Тэгээд би сүүлдээ ар гэрийнхэнтэй нь яриад бараг хүчээр өөрсдийнх нь машинд суулгаад эмнэлэг рүү явуулсан. ...Би тэгээд эмнэлэгт хэвтсэн үгүйг нь мэдэхгүй байна. Өвчтөнг үзэхэд амин үзүүлэлт нь хэвийн байсан тархиндаа гэмтэл авсан байна, яаралтай эмнэлэг явах талаар өөрт нь болон ар гэрийнхэнд хэлсэн. Өвчтөн эмнэлгийн тусламж авахаас татгалзсан тохиолдолд манай байгууллагын зүгээс өвчтнөөс татгалзаж байна гэсэн хуудас дээр өөрөөр нь болон ар гэрийнхэнээр нь гарын үсэг зуруулж авдаг юм.Тухайн үедээ би татгалзсан хуудас аваагүй. Гэхдээ би тухайн үед өөрөө харж байгаад гэрийнх нь машинд суулгаж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 235/,

Гэрч Ш.С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өвчтөнийг үзэхэд биеийн байдал хүндэвтэр, ухаантай орчиндоо харьцаатай, асуусан асуултанд зөв буруу хариулж байсан. Өвчтөний зүүн чихний сувгаас цус гарч хатсан, баруун гохойд зулгаралт шархтай, зүүн шуунд хуучин мэс заслын шархтай өөр ил харагдах гэмтэлгүй байсан. Өвчтөнд шаардлагатай эмийн эмчилгээг төлөвлөж эмчилгээ болон шаардлагатай шинжилгээнүүдийг төлөвлөсөн. Тухайн үед эмнэлгийн томографийн аппарат эвдэрсэн ажиллахгүй байсан учраас шаардлагатай шинжилгээг гадагш гаргаж хийлгэж байсан. Тэгээд өвчтөн ... “эмнэлэгт хэвтэхгүй, эрүүл байна, намайг гарга” гэж уурлаж байсан. Ар гэрийхнээс нь дүү ... ирсэн ба уг хүнд болон өвчтөнд тархины гэмтэл бүрэн оношлогдоогүй, нарийн зураг авахуулах шаардлагатай байгааг олон удаа хэлж ойлгуулсан боловч эсэргүүцсээр эмнэлгээс гарсан. Гарах үед нь өвчтөн ... болон дүү ... нарт комьпютер томографийн шинжилгээг заавал хийлгэхийг сайн ойлгуулж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 19 цаг 30 минутын үед өвчтөнийг ар гэрийн хэдэн улс буцааж авчирсан. Ирэх үедээ өвчтөний биеийн байдал гарах үеийнхээс илүү хүндэрсэн байсан. Комьпютер томографийн шинжилгээгээр зүүн талын суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт гэмтлүүд оношлогдсон байсан. Уг гэмтлийн үед мэс заслын эмчилгээ хийх заалт байхгүй бөгөөд тасгийн эмч нарыы зөвөлгөөний шийдвэрийн дагуу эмийн эмчилгээ хийгдэж байсан боловч үр дүн өгөлгүй 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 16 цаг 05 минутанд өвтөний зүрх судас бүрэн зогсож нас барсан. Өвтөний биеийн байдал 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ирснээсээ хойш 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртлэх хугацаанд сайжирч байсан боловч 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс муудаж эхэлсэн. Анх өвчтөн ирэхдээ ганцаараа ирсэн бөгөөд хүлээж авах үед эмнэлэгт хэвтэхгүй, гарна, явна гэж уурлаж уцаарлаж гарахыг завдаж байсан тул хүлээн авах тасагт байх цагдаагаас тусламж хүссэн. Үүний дагуу сандалтай гавалсан байхыг харсан. Эмнэлгийн байгууллага нь өвчтөн сэтгэцийн ямар нэгэн эмгэг байхгүй тохиолдолд хүчээр тэр хүнийг хэвтүүлж, эмчилгээ хийнэ гэсэн заалт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/,

 

Яллагдагч Т.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд намайг тэр залуу заамдаад авахаар нь би цээж рүү нь хоёр гараараа түлхсэн чинь хойшоо унасан. Яаж унасныг хараагүй ба би уг залууг орхиод караоке руу буцаж Амартүвшинтэй орсон .Караоке дотор таньдаг ах хүүтэй тааралдаад хамт буцаж караокеноос гараад тамхи татаад нөгөө залуугийн зүг харахад уг залуу зүүн тапаараа хажуу тийшээ харчихсан толгой нь ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харчихсан нэг гараа нугалаад дэрлэчихсэн хэвтэж байсан. Тэгээд караоке луу орсон ба би ширээн дээрээ суугаад “би явлаа” гээд Амартүвшинд хэлэхэд, Амартүвшин “би жоохон бүжиглэж байгаад явна” гэхээр нь орхиод ганцаараа гарч яваад такси бариад гэртээ харьсан. Намайг уг залуу эхэлж заамдахаар нь би хоёр гараараа цээж рүү нь түлхэхэд хойшоо газарт унасан. Уг залууг цохиж зодсон асуудал байхгүй нэг удаа л түлхсэн, би яаж унасан болохыг нь хараагүй. "...Би маш их харамсаж байна, боломжоороо төлнө, хүн нас барсанд харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-йн 4-6/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр талийгаач ... эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 11360 дугаартай дүгнэлт: “..... биед гавлын орой суурь ясны далд хугарал, тархины эдийн няцрал, цус харвалт, тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн тархмал хаван, тархи дарагдал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 92-93/,

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын  29-ний өдөр талийгаач ... нас барсан шалтгаан нөхцлийг тогтоосон 1795 дугаартай дүгнэлт: “…Тайлийгаач ... цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр: Гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз яснаас хоёр талын чамархайн яс, суурь ясны зүүн чулуулаг яс руу орсон нум хэлбэрийн хугарал. Тархины няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины дарагдал хаван, уушигны хаван, дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн хямрал, цус дүүрэлт, элэгний өөхөн хувирал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Талийгаач ... нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судас, амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач ... нь 2 дугаар бүлгийн цустай байжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 96-98/, “Алтдын гол” ХХК-ийн “Лазер” караокены хяналтын камерийн 00:45:14 секунд дэх бичлэг /хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.У гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Иймд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Т.У хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн “шүүгдэгч Т.У гэм буруутай” гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгч Ш..н санал үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчийн нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэв.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.У хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч .. нь баримтаар нийт 3.005.800 нэхэмжилсэнээс мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч талаас нийт 4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Т.У бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэвэл зохино.

 

Харин шүүгдэгч Т.У гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Т.У нь урьд 25 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг  CD-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

        Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Т.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Т.У хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У урьд цагдан хоригдсон 25 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг  CD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Т.У нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.У урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.У авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       М.

 

                        ШҮҮГЧИД                                                                 Б.М

 

                                                                                                            Б.Д