Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/35

 

2025            01             02                                           2025/ДШМ/35

 

““УЗЗАГ” ОНӨААТҮГ

““НЗХГ” УТҮГт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар  даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

яллагдагч “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Я.Мягмардоржийн өмгөөлөгч Ц.Дагвадорж,

яллагдагч “НЗХГ” УТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Б.Ширэндэв, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар

нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/2783 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 48 дугаар эсэргүүцлээр “УБЗЗАГ ОНӨААТҮГ”, НЗХГ УТҮГ” нарт холбогдох 2203 0045 00201 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хуулийн этгээдийн бүртгэл

1. “УБЗЗАГ” ОНТААТҮГ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 14 дугаартай тогтоолоор үүсгэн байгуулсан, ..... гэрчилгээ, .... регистрийн дугаартай, ... будаг тэмдэг, тэмдэглэгээ хийх, асфальт бетон бүтээц хайрга, дайрганы үйлдвэрлэл, гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт ашиглалтыг хариуцах, хяналт тавих үйл ажиллагааны чиглэлтэй, .... дүүргийн ... дүгээр хороо, ... өргөн чөлөөнд байрлах бүртгэлтэй хаягтай,

2. “НЗХГ” УТҮГ нь 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газар бүртгүүлж гэрчилгээ олгогдсон, .... гэрчилгээ, .... регистрийн дугаартай, .... үйл ажиллагааны чиглэлтэй, ... дүүргийн ... дүгээр хороо, ...ын гудамж, ... ордонд байрлах бүртгэлтэй хаягтай,

Холбогдсон хэргийн талаар:

““НЗХГ” УТҮГ нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/248 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн засаг даргын захирамжид заасны дагуу хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалт ажлыг “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-т үүрэг болгосон захирамжийн 2-т заасны дагуу хяналт тавиж ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсоноос 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд дээрх замд жолооч Ц.Э нь “Suzuki Carry” маркийн **-** ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б-ийг /эрэгтэй, 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,

“УБЗЗАГ” орон нутгийн өмчит ААТҮГ-ыг Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23.1-д заасан “Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна.”, 4.1.12-д заасан “зам хариуцагч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг”, 23.3 дахь хэсгийн 23.3.1-т заасан “Зам хариуцагч байгууллага нь дараах үүрэгтэй: авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Нэгдүгээр бүлгийн 1.2.53-д “явган хүний гарц” гэж явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.19.а. 5.19.6 тэмдэг ба 1.13.а, 1.13.6 тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвасыг. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.19.а ба 5.19.6 тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцны тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсоноос 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд дээрх замд жолооч Ц.Э нь “Suzuki Carry” маркийн **-** ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б-ийг /эрэгтэй, 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: “УБЗЗАГ” орон нутгийн өмчит ААТҮГ, “НЗХГ” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Тухайн хэрэгт хохирогч /насанд хүрээгүй/ тогтоогдсон байх бөгөөд түүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоох талаар хуульд заасан ажиллагааг бүрэн явуулж чадсан байна.

Харин уг хохирогчид учирсан хохирол, хор уршигт хэн хэн, хэрхэн буруутай байж болох талаарх ажиллагааг дутуу явуулсан байгаа нь шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжийг үүсгэхгүй байна.

Энэ талаарх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж тухайн гэмт хэрэгт хэн буруутай болох, гэмт хэргийн улмаас гэм хор учирсан эсэх, учирсан бол хэн гэм хорыг хариуцах эсэх талаар хуулийн дээрх хэм хэмжээнд нийцсэн дүгнэлт хийж холбогдох ажиллагааг явуулсны дараагаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлэх нь зүйтэй.

Зам тээврийн осол хэрэг болсон талаар прокурор дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн байгаа нь хуульд нийцсэн байх бөгөөд харин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 466 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 557 дугаартай магадлалын “яллагдагчаар татагдвал зохих этгээд, иргэний хариуцагч нарыг зөв тогтоох” тухай үндэслэлд заасан ажиллагааг хийгээгүй байна.

Өөрөөр тайлбарлавал, тухайн хохирогчид хохирол учруулсан тээврийн хэрэгслийн жолоочийг тогтоож түүний гэм буруугийн асуудлыг уг хэргийн хамт шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго юм.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хийлгүүлэхээр хэргийг тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Агар эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл ослын бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар “зам тээврийн осол гарах болсон шалтгаан, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” эсэх нотолбол зохих байдлыг тал бүрээс бүрэн шалгаж, шинжээч нараас тусгай мэдлэгийн хүрээнд өөр өөрийн мэргэжлийн чиглэлээр дүгнэлтүүдийг гаргасан гаргасан дүгнэлтүүд эргэлзээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан. мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж. хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Тус хэрэг өмнө нь давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Жолооч Ч.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй ба шүүх гэмт хэрэг гарахад хуулийн этгээдийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хуулийн этгээд болох “УБЗЗАГ” орон нутгийн өмчит ААТҮГ нь “Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23.1, 4.1.12, 23.3 дахь хэсгийн 23.3.1, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.53-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ““НЗХГ” УТҮГ нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/248 дугаартай "Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн засаг даргын захирамжинд заасны дагуу хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалт ажлыг “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-т үүрэг болгосон захирамжийн 2-т заасны дагуу хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын түнелээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсноос 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд дээрх замд жолооч Ц.Э нь “Suzuki Carry маркийн **-** ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б-ийг /эрэгтэй 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж дүгнэж байна.

Осол хэрэг болсон цаг хугацаа буюу 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дараа замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт 5.23, 5.24 тэмдэг буюу "хороолол”, “хорооллын төгсгөл” тэмдгийн нөхөж тавьсан ба осол болсон өдөр дээрх тэмдгүүдэд тавигдаагүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон. Замын мэдээлэл тэмдэг нь замын нөхцөл байдал, хөдөлгөөний горимын онцлог, суурин газар бодон бусад объектын байршлыг мэдээлэх ба осол болсон цаг хугацаанд дээрх тэмдэг байгаагүй жолоочид замын нөхцөл байдлыг мэдээлэл, замын нөхцөл байдалд үнэлэлт өгөх бололцоогүй байсан ба жолооч Ч.Эийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 “ дахь хэсэгт “дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” д/ хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.”, 2 дахь хэсэгт “....яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, ...хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхийг тус тус хориглоно.” гэж заасан.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлд “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд ...асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана”, 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруутай .холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн » хүрээнд явагдана.” гэж тус тус заасныг зөрчиж прокуророос шүүхэд шилжүүлээгүй хүний талаар урьдчилан дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/2783 дугаартай шүүгчийн захирамжийг xүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Миний бие осол гарсан газрыг үзлэгийг дутуу хийсэн үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийлгэх хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Нэгдүгээрт, ослын газар үзлэг хийхдээ зам орчныг үзэх, хоёрдугаарт, тээврийг хэрэгслийг, гуравдугаарт, жолооч, дөрөвдүгээрт, тухайн зам ямар зам бэ гэдгийг тогтоох ёстой. Гэтэл тухайн замын суурин газрын доторх зам гэдэг хүснэгтийн зөвлөдөг юмны доогуур зурчихсан. Тэмдэглэлийг үндэслэн удаа дараагийн техникийн шинжээчийн дүгнэлтээр суурин газрын доторх замд 60 километр цагийн хурдтай байх ёстой гэж үзсэн. Тухайн зам нь суурин газрын доторх зам биш. Замын эхлэх цэг, төгсөх цэг дээр “хороолол доторх зам”, “нэг чигийн урсгалтай зам” гэсэн тэмдэг байдаг. Тэр замаар явж байсан жолооч явган хүний гарц дээр хүүхэд мөргөж, хүнд гэмтэл учруулсан. Тэгэхээр зам тээврийн ослын хэрэг мөн. Гэхдээ хороолол доторх замд 20 километр цагийн хурдтай явах ёстой. Шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар 31 километр цагийн хурдтай явсан нь тогтоогдсон тул хороолол доторх замд хурд хэтрүүлж хүүхэд мөргөж, хүнд гэмтэл учруулсан. Явган хүний гарцын тэмдэглэгээ бүдгэрсэн, тэмдэг тавигдаагүй гэж ярьдаг. Тухайн газар явган хүн гардаг дөрвөлжин модон зүйл тавьчихсан, хэн ч явган хүний гарц гэж харахаар зам юм. Явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ бүдгэрснээс өөр зүйл байхгүй. Тиймээс хэргийн газрын үзлэг дутуу хийсэн, замыг зөв тогтоож чадаагүй, суурин газрын зам биш, хороолол доторх зам гэдгийг тогтоох ёстой. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй буюу гэмт хэрэг хэзээ, хаана гарсан, хэн үйлдсэн гэдгийг тогтоож чадаагүй. Хоёрдугаарт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан зам тээврийн осол гэсэн тодорхойлолтыг захирамжид дурдаж, зам тээврийн осол мөн гэдгийг тогтоосон гэж ойлгож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч “НЗХГ” УТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Б.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч “НЗХГ” УТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Б.Ширэндэвийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зам тээврийн осол биш гэж тайлбарлаж байна. Зам тээврийн осол гараагүй байхад “НЗХГ” УТҮГ, “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-ыг холбогдуулах нь үндэслэлгүй. Энэ хэрэгт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Эхний шинжээчийн дүгнэлтэд “зам тээврийн осол биш” гэж, 4 дэх удаагийн шинжээчийн дүгнэлтэд “зам тээврийн осол гарсны улмаас хохирол учирсан” гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарсан шалтгааныг тогтоохгүй байгаа. Прокурорын зүгээс зам тээврийн осол гэж Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан заалтыг авч үзээгүй. Энэ талаар 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 466 дугаар шүүгчийн захирамжид тодорхой заасан. Өмгөөлөгчийн зүгээс прокурор үүнийг зөвшөөрөхгүй байгаа шалтгааныг ойлгохгүй байна. Тиймээс шүүгчийн захирамжуудыг биелүүлснээр энэ асуудлыг шударгаар хууль ёсны дагуу шийдвэрлэнэ гэж үзэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хэлнэ. Тэгэхээр жолоочийг замын хөдөлгөөний оролцогч биш болгоод байгаа юм. Жолооч Ц.Э нь Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Ц.Э 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “би туслах замаар хойноосоо урагшаа чиглэлд явж байсан. Түцний 2 талд зогсож байсан микро автобусны араас эрэгтэй хүүхэд явган хүний гарцаар гэнэт хуртай гүйж орж ирэхээр нь тоормосоо гишгээд автомашины баруун урд хэсгийг мөргөөд мөргүүлсэн хүүхэд зам дээр унасан” гэж мэдүүлдэг. Дараа нь “би Баянцээлийн хавьд явган хүний гарц байдаг гэдгийг мэднэ. Уг осол болсон газар гарцын тэмдэг, тэмдэглэгээ байсныг анх анзаарч хараагүй. Учир нь, би айж сандраад тэр үед би хараагүй” гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан шаардлагыг хангах ёстой. Иймд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцээний үр дүнд талуудын гэм бурууг тогтоох учраас шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч “УБЗЗАГ ОНӨААТҮГ”, НЗХГ УТҮГ” нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс “…нотолбол зохих байдал нотлогдоогүй, хохирогчид учирсан хохирол, хор уршигт хэн хэн, хэрхэн буруутай байж болох талаарх ажиллагааг хийгээгүй, яллагдагчаар татвал зохих этгээдийг татаагүй. ...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна энэхүү зөрчлийг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Тухайн хэрэг учрал болох үед жолооч Ц.Э нь “Suzuki Carry” маркийн **-** ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б-ийг /эрэгтэй, 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Э буруутай эсэхийг тогтоох ажиллагааг хийгээгүй байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй явуулах шаардлагатай гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татвал зохих этгээд, иргэний хариуцагч нарыг зөв тогтоож энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журамд нийцнэ.

Мөн уг хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 466 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 557 дугаартай магадлалаар “яллагдагчаар татвал зохих этгээд, иргэний хариуцагч нарыг зөв тогтоох” тухай үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байхад мөрдөгч, прокурор дээрх ажиллагааг хийлгүйгээр удаа дараа яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж байгаа талаар цаашид анхаарвал зохино.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/2783 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/2783 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 48 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.АЛДАР

      ШҮҮГЧ                                                                  Т.ӨСӨХБАЯР

      ШҮҮГЧ                                                                  Д.МӨНХӨӨ